Хэнтий аймгийн Бор-Өндөр сум дахь сум дундын шүүхийн Шийтгэх тогтоол

2019 оны 12 сарын 06 өдөр

Дугаар 74

 

 

                                      МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Хэнтий аймгийн Бор-Өндөр сум дахь Сум дундын шүүхийн эрүүгийн хэргийн шүүх хуралдааныг шүүгч Р.Батбаяр даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны “А” танхимд хийсэн хуралдаанд:

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга О.Алтанзул

Улсын яллагч Н.Амаржаргал

Шүүгдэгч нарын өмгөөлөгч С.Нарангэрэл

Шүүгдэгч Э.О Б.Д Ч.Д Х.Г  Б.Б Ч.Ж нарыг оролцуулан

            Хэнтий аймгийн Бор-Өндөр сум дахь сум дундын прокурорын газрын хяналтын прокуророос Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.12 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Э.О, Ч.Д, Б.Д, Х.Г, Б.Б, Ч.Ж нарт холбогдох эрүүгийн 1940001440078 дугаартай хэргийг 2019 оны 11 дүгээр сарын 15-ны өдөр хүлээн авч, хянан хэлэлцэв.

Шүүгдэгч нарын биеийн байцаалт:

Монгол Улсын иргэн, 1995 оны 02 дугаар сарын 23-ны өдөр Хэнтий аймгийн Өндөрхаан суманд төрсөн, 24 настай, эрэгтэй, бүрэн бус дунд боловсролтой, мэргэжилгүй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл 9, эцэг, эх, эгч, дүү нарын хамт, Хэнтий аймаг дахь Сум дундын 2 дугаар шүүхийн 2012 оны 02 дугаар сарын 08-ны өдрийн 02 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.2-т зааснаар 4 сарын хугацаагаар баривчлах ялаар шийтгүүлж байсан, Э.О,

Монгол Улсын иргэн, 1994 оны 02 дугаар сарын 12-ны өдөр Хэнтий аймгийн Өндөрхаан суманд төрсөн, 25 настай, эрэгтэй, дээд боловсролтой, Уул уурхайн цахилгаан тоног төхөөрөмжийн инженер мэргэжилтэй, Хэнтий аймгийн Хэрлэн сумын Хот тохижилтод цахилгааны инженер ажилтай, ам бүл 3, эхнэр, хүүхдийн хамт, ял шийтгэлгүй Ч.Д

Монгол Улсын иргэн, 2000 оны 06 дугаар сарын 14-ний өдөр Хэнтий аймгийн Өндөрхаан суманд төрсөн, 19 настай, эрэгтэй, бүрэн бус дунд боловсролтой, мэргэжилгүй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл 6, эцэг, эх, ах, дүү нарын хамт, ял шийтгэлгүй Б.Д

Монгол Улсын иргэн, 1994 оны 01 дүгээр сарын 11-ний өдөр Хэнтий аймгийн Өндөрхаан суманд төрсөн, 25 настай, эрэгтэй, боловсрол, мэргэжилгүй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл 5, эцэг, эх, эгч, дүү нарын хамт, ял шийтгэлгүй Х.Г

Монгол Улсын иргэн, 1994 оны 11 дүгээр сарын 06-ны өдөр Хэнтий аймгийн Баянмөнх суманд төрсөн, 24 настай, эрэгтэй, бүрэн бус дунд боловсролтой, мэргэжилгүй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл 1, Хэнтий аймаг дахь Сум дундын 2 дугаар шүүхийн 2012 оны 02 дугаар сарын 08-ны өдрийн 02 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.2-т зааснаар 4 сарын хугацаагаар баривчлах ялаар шийтгүүлж байсан, Б.Б

Монгол Улсын иргэн, 1995 оны 10 дугаар сарын 15-ны өдөр Хэнтий аймгийн Өндөрхаан суманд төрсөн, 24 настай, эрэгтэй, бага боловсролтой, мэргэжилгүй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл 4, эцэг, эх, дүү нарын хамт, ял шийтгэлгүй Ч.Ж

Холбогдсон хэргийн талаар /яллах дүгнэлтэд дурдсанаар/

Э.О Х.Г Ч.Д Б.Д нар нь санаатай нэгдэж бүлэглэн, улсын дугааргүй мотоцикл, .......улсын дугаартай Тоёота марк-2 тээврийн хэрэгслүүдийг ашиглан 2019 оны 08 дугаар сарын 05-наас 06-ны хооронд Хэнтий аймгийн Баянмөнх сумын 3 дугаар баг Эрээний энгэр гэх газраас иргэн С.О 3 тооны адууг хулгайлж 2.700.000 төгрөгийн хохирол учруулж, мал хулгайлах гэмт хэргийг

Э.О Ч.Ж, Ч.Д С.Б нар нь санаатай нэгдэж бүлэглэн, улсын дугааргүй мотоцикл, .......улсын дугаартай Тоёота марк-2 маркийн тээврийн хэрэгслүүдийг ашиглан 2019 оны 07 дугаар сарын 31-нээс 2019 оны 08 дугаар сарын 01-ний хооронд Баянмөнх сумын Эрээний энгэр гэх газраас иргэн С.О 1 тооны адууг хулгайлж 1.100.000 төгрөгийн хохирол учруулсан гэмт хэргүүдэд холбогджээ.

Т О Д О Р Х О Й Л О Х нь:

Нэг. Гэм буруугийн талаар:

Шүүх хэргийн бодит байдлыг тогтоох зарчмын дагуу Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 1.7 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар талуудын мэтгэлцээний үндсэн дээр шүүгдэгч Э.О Б.Б Ч.Д Ч.Ж нар нь бүлэглэн, Хайрхан маркийн улсын дугааргүй мотоцикль,    83-59 улсын дугаартай Тоёота марк-2 маркийн автомашиныг тус тус ашиглан 2019 оны 07 дугаар сарын 31-ний өдөр Хэнтий аймгийн Баянмөнх сумын 3 дугаар багийн нутаг “Эрээний энгэр” гэх газраас С.О өмчлөлийн халтар зүсмийн 1 тооны морийг хулгайлж 1.100.000 төгрөгийн хохирол,

Шүүгдэгч Э.О Ч.Д Б.Д Х.Г нар нь бүлэглэн Даюун маркийн улсын дугааргүй мотоцикль, 83-59 улсын дугаартай Тоёота марк-2 маркийн автомашиныг тус тус ашиглан 2019 оны 08 дугаар сарын 05-ны өдөр Хэнтий аймгийн Баянмөнх сумын “Эрээний энгэр” гэх газраас С.О өмчлөлийн зээрд халзан морь, халзан байдас, хүрэн халзан байдас нийт 3 тооны адуу хулгайлж бусдад 2.700.000 төгрөгийн хохирол учруулсан үйл баримт буюу хэргийн нөхцөл байдал тогтоогдлоо. Энэхүү үйл баримт нь шүүх хуралдаанаар шинжлэн судлагдсан дараах нотлох баримтуудаар хангалттай нотлогдон тогтоогдож байна. Үүнд:  

Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч нар нь “Мэдүүлэг өгөхгүй, гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа хүлээн зөвшөөрч байна” гэв.

Шүүгдэгч Э.О мөрдөн шалгах ажиллагаанд 2019 оны 08 дугаар сарын 23-ны өдөр яллагдагчаар өгсөн “...2019 оны 07 дугаар сарын 31-ний өдөр С.О адуунаас 1 тооны адуу авч мөнгөтэй болох зорилготой гэрээсээ Б ахын улсын дугааргүй ногоон өнгийн Хайрхан маркийн мотоциклийг унаад гэрээсээ гарахдаа Хэнтий аймгийн Хэрлэн суманд ажиллаж амьдардаг найз Д  руу утсаар ярьж найз нь Хэнтий аймгийн Хэрлэн сум руу 1 тооны адуу нядалж явах гэсэн юм, чи машинтайгаа ирээд явчихаач гэж гуйсан. Д  зөвшөөрөхөөр нь бид Баянмөнх сумын 3 дугаар багийн нутаг Эрээний энгэр гэх газар уулзахаар болсон ...Баянмөнх сумын төвд Б  гэрийн ойролцоо явж байтал Б тааралдсан. Тэгэхээр нь Б хандаж хоёулаа хамт хөдөө Эрээний энгэр лүү явчихаад ирье гэхэд Б зөвшөөрч хамт явсан. Ингээд бид хоёр сумаас шууд гарч Эрээний энгэр чигт буюу О  адуу бэлчдэг газар луу явсан. Б бид хоёрыг Эрээний энгэр гэх газар очиход уг газрын ертөнцийн зүгээр урд талд нь байдаг айлын хаваржааны ойролцоо О  ширээтэй гал тамгатай хул алаг азаргатай 10 гаруй тооны адуу бэлчиж байсан. Б бид хоёр тэр адууг дундаас халтар зүсмийн бүдүүн морийг тасалж авах зорилгоор мотоциклоороо хөөсөн боловч ижил сүргээсээ салахгүй байсан. Нэг адуугаа авахыг тулд бүх адууг хороо руу тууж оруулж хашсан. Ингээд би Б аймгийн төвөөс манай найз машинтайгаа ирж байгаа хоёулаа өмнөөс нь тосож авъя гээд бид хоёр аймгийн чигт явж байгаад удаагүй өөдөөс Д  нь өөрийн эзэмшлийн .......улсын дугаартай Тоёота марк-2 маркийн машинтай гараад ирсэн. Тухайн үед Д  нь өөрийн төрсөн дүү Ж  хамт ирсэн байсан. ...ингээд би гэрээс гарахдаа анх авсан байсан олсоор бугуйл хийж хашаан дотор орж байгаад адуун дундаас халтар зүсмийн бүдүүн морийг бугуйлдаж барьж авсан. Харин Д  машин дотроо унтаж Ж , Б хоёр хашааны аман дээр зогсож байсан. Ингээд барьсан халтар зүсмийн адууг Ж  нь хаваржааны хойноос нэг том чулуу авчирч байгаад цохон тус газар нь цохиж газар унагасан. Тэгэхээр нь би Б Ж  бид гурав нийлээд цусалж адууны махаа 5 хэсэг болгож гэдэс дотрыг нь ажилласан газраа үлдээж махаа Д ын машины арын багажинд ачихдаа Д ыг сэрээгээд явсан. ...Д  махны ченжтэй холбогдож уг 1 тооны адууны махыг кг нь 6700 тооцож нийт 1.400.000 төгрөгөөр өгсөн...” гэх мэдүүлэг /1-р хх-н 180-181 хуу/

Шүүгдэгч Э.О мөрдөн шалгах ажиллагаанд 2019 оны 08 дугаар 23-ны өдөр яллагдагчаар өгсөн “...Д  зөвшөөрч бид хоёр наймаа хийхээр тохиролцсон. Ингээд бид хоёр 2019 оны 08 дугаар сарын 05-ны өдөр Хэнтий аймгийн Чингис хотоос гарч Баянмөнх суман дээр өдөр 15 цагийн орчим ирсэн. Ингээд би адуундаа мотоцикльтой явахаар болж найз Г руу залгаж найз нь Эрээний энгэр лүү явж мал хийж ирэх гэсэн юм мотоциклоо өгөөч гэж гуйхад Г мотоциклоо өгч явуулахгүй харин хамт явж болох юм гэхээр нь би өөрөө Д ын машинтай явж байсан болохоор Г хойноос хүрээд ирээрэй гэж хэлсэн. Ингээд Д  бид хоёрыг сумаас холдоогүй байхад Г нь өөрийн эзэмшлийн улсын дугааргүй ногоон өнгийн Даюун маркийн мотоциклтойгоо хойноо Д сундлаад гүйцээд ирсэн. ...намайг Эрээний энгэрт очиход О  хул азаргатай 20 гаруй 30-аад тооны адуу хорооны хажууд бэлчиж байсан. Надад гурван адууны хэрэгцээ байсан. Би 3 адууг тасалж барих боломжгүй тул адууны дэргэд ойролцоо байсан хороо руу бүх адууг тууж оруулж хашиж орхиод нөгөө гурав луугаа буцаж явсан. ...өглөө гэгээ орох үед сэрцгээгээд хашсан адуунаас эхлээд зээрд халзан зүсмийн 1 тооны бүдүүн морийг тэр дор нь боож газар унагаад, дараа нь халзан зүсмийн 1 тооны байдсыг мөн барьж боож унагаагаад сүүлд нь мөн л хүрэн халзан зүсмийн 1 тооны байдсыг барьж боож унагаасан. Би эдгээр 3 адууг барихдаа өмнө нь адуу барихад ашиглаж байсан олсоороо бугуйл хийж барьж авсан юм. Ингээд 2 адууг нь хоёр хоёроороо хувааж ажиллаад, үлдсэн нэгийг нь дөрвүүлээ нийлж ажилласан. Ингээд бид ажилласан адууныхаа махыг Д ын машины багаж болон арын суудал дээр махаа арьс, шир, толгойтой нь хувааж ачаад гэдэс дотрыг нь үлдээсэн. Ингээд би Д ын хамтаар Чингис хот руу явж, харин Г Д  хоёр буцаж Баянмөнх сумын төв рүү явсан...” гэх мэдүүлэг /1-р хх-н 125-126 хуу/

Шүүгдэгч Ч.Д ын мөрдөн шалгах ажиллагаанд 2019 оны 08 дугаар сарын 23-ны өдөр яллагдагчаар өгсөн “...бид хоёр голын урд замаар баруун зүгт Баянмөнх сум руу явж байхад Эрээний энгэр гэх газрын ойролцоо О тай тааралдсан. О  тухайн үед улсын дугааргүй ногоон өнгийн мотоцикльтой ардаа нэг танихгүй эрэгтэй хүн суулгачихсан явж байсан. О  нь за хамт хаваржаа руу очъё гээд Эрээний энгэр гэх гэх газрын урд байх хаваржаа руу дагуулж очиход уг хаваржаан дээр 20-иод тооны адуу хашсан байсан. ...О  нь тухайн үед нэг тооны адуу ажиллана гэж ярьж байсан боловч зүсэлж заагаагүй. Би машин барьж явсан болохоор ядраад унтаад өгсөн. Ингээд унтаж байхад О  намайг сэрээгээд хөдлье адуугаа ажиллаад дуусчихлаа гэсэн. Намайг сэрэхэд машины арын багажинд аччихсан байсан. Чингис хотод очоод би Ж ыг гэртээ буулгаж үлдээгээд махны ченж Мөнгөн гэдэг эгчтэй холбогдоод 1 кг 6500 төгрөгөөр бодож нийт 1.450.000 төгрөгтэй болсон...” гэх мэдүүлэг /1-р хх-н 186 хуу/

Шүүгдэгч Ч.Д ын мөрдөн шалгах ажиллагаанд мөн өдөр яллагдагчаар өгсөн “О  бид хоёр Баянмөнх сум руу 2019 оны 08 дугаар сарын 05-ны өдөр гарсан ...О  нь Г гэдэг залуутай утсаар ярьж мотоциклийг нь гуйгаад байх шиг байсан. Ингээд Баянмөнх суманд ирээд Г гэх залуутай уулзаж дугуйг нь авах болоход Г нь хамт явахаар болсон байсан. Ингээд О  бид хоёр О ын адуу байгаа гэх газар луу явж байхад Г нь улсын дугааргүй, ногоон өнгийн Даюун маркийн мотоцикльтой хойноо нэг танихгүй залуу суулгачихсан ирсэн. ...Эрээний энгэр гэх газар байх өмнө ирж адууны мах ачиж байсан хашаан дээр ирсэн. Ингээд орой болж харанхуй байсан учир хэдэн тооны адуу байгааг мэдээгүй. О  нь тухайн үед өглөө гэгээ орохоор ажиллая гэхээр нь бид 4 машиндаа орж амарцгаасан. Тэгээд өглөө гэгээ ороход нь босоход уг хашаанд 20 гаруй тооны адуу хашсан байсан. Ингээд О  нь уг адуун дундаас халзан зүсмийн 3 тооны адууг ээлж ээлжээр бугуйлдаж бариад газар боож унагасан. Ингээд үлдсэн адуунуудаа хашаанаас хөөж гаргаад явуулсан. Тэгээд О  бид хоёр нийлж 1 тооны адууг, Г Д  хоёр нийлж 1 тооны адууг янзалж дуусаад үлдсэн 1 тооны адууг дөрвүүлээ нийлж ажиллаад мах, арьс, шир, толгойг нь машины багаж болон арын суудал дээр хувааж ачаад, гэдэс дотрыг нь ажилласан газраа үлдээгээд Хэнтий аймгийн Чингис хот руу О  бид хоёр махаа зарж борлуулахаар явсан. Харин Д , Г хоёр Баянмөнх сум руу гэрлүүгээ явсан. Чингис хотод орж ирээд би шууд Мөнгөн гэх ченж дээр ирээд махаа 1 кг-ийг нь 5500 төгрөгөөр бодоод жинлэж өгчихөөд мөнгөө аваагүй байтал цагдаа нар ирээд хулгайн мах байна гээд О  бид хоёрыг цагдаа руу авч явсан...” гэх мэдүүлэг /1-р хх-н 131-132 хуу/

Шүүгдэгч Б.Б  мөрдөн шалгах ажиллагаанд яллагдагчаар өгсөн “...О  нь хашсан адуу руу орж урд өдөр нь барина гэж байсан халтар зүсмийн адуугаа барьчихсан байсан. Адууг барьсны дараа Ж  нь чулуугаар цохиж унагана гээд гартаа чулуу барьчихсан байсан. ...Ингээд бид гурав хамт уг унагасан адууг хийж 5 хэсэг болгоод махаа арьс, шир толгойтой нь хамт машиндаа ачаад гэдэс дотрыг нь үлдээгээд Д ыг сэрээгээд Хэнтий аймгийн төв рүү явсан. Аймгийн төв ороод Д , О  нь нэг эмэгтэй ченжтэй уулзаж махаа зарж борлуулахаар болсон. Би тухайн үед машинаас буугаагүй юм...” гэх мэдүүлэг /1-р хх-191-192 хуу/

Шүүгдэгч Ч.Ж ын мөрдөн шалгах ажиллагаанд яллагдагчаар өгсөн  “...Эрээний энгэр гэх газрын урд хэсэгт байх айлын хороон дээр 20-оод тооны адуу хашсан байсан. Ингээд О  нь уг адуун дундаас халтар зүсмийн 1 тооны адууг барьж боож унагаах гэсэн боловч унагааж чадаагүй юм. Тэгсэн О  ах нь барьж байя чи хөдөөний хүүхэд байна чулуугаар цохиж унагаахыг боддоо гэхээр нь би тэр хавьд байсан гаранд багтах хэмжээний чулуугаар адууны цохонд нь цохиход уг адуу газар унасан. Ингээд Б О  бид гурав хамт адуу ажилласан. Ингээд адуу ажиллаж дуусаад мах болон толгой шийрийг нь машинд ачаад гэдэс дотрыг нь ажилласан газраа үлдээгээд бид дөрөв Хэнтий аймгийн Чингис хот руу ирсэн...” нэх мэдүүлэг /1-р хх-н 197-198 хуу/

Шүүгдэгч Б.Д ын мөрдөн шалгах ажиллагаанд яллагдагчаар өгсөн “...өглөө гэгээ ороход босоод О  ах хашсан адуун дундаас эхлээд зээрд халзан зүсмийн бүдүүн адууг барьж олсоор бугуйл хийж бугуйлдаж барьж аваад газар дээр нь боож унагаад, дараа нь хүрэн халзан зүсмийн 1 тооны байдас барьж мөн л боож унагаад дараа нь мөн ижил зүсмийн байдсыг барьж унагаад үлдсэн адууг хашаанаас хашаанаас тууж гаргасан. Ингээд би Г ахын хамтаар 1 адууг нь, нэг адууг нь О  ах Д  гэх ахтай ажилласан. Харин үлдсэн адууг нь бид 4 нийлээд ажиллаж мах, арьс, шир, толгойг нь машины арын багаж болон суудал дээр хувааж ачаад гэдэс дотрыг нь ажилласан газраа үлдээсэн. Д , О  хоёр Хэнтий аймгийн Чингис хот руу махаа зарж борлуулах гэж явсан...” гэх мэдүүлэг /1-р хх-н 137-138 хуу/

Шүүгдэгч Х.Г мөрдөн шалгах ажиллагаанд яллагдагчаар өгсөн “...би Д ын хамт нэг адууг нь, нэг адууг нь О , Д  хоёр ажилласан. Үлдсэн адууг нь бид дөрөв нийлж ажиллаж мах, арьс, толгойг нь машины арын багаж болон арын суудал дээр хувааж ачаад гэдэс дотрыг нь ажилласан газраа үлдээсэн. Ингээд Д , О  хоёр Хэнтий аймгийн Чингис хот руу махаа борлуулах гэж явсан, Д  бид хоёр Баянмөнх сумын төв рүү явсан...” гэх мэдүүлэг /1-р хх-н 143-144 хуу/

Хохирогч С.О мөрдөн шалгах ажиллагаанд 2019 оны 08 дугаар сарын 14-ний өдөр өгсөн “Би 2019 оны 07 дугаар сарын 29-ний өдөр Баянмөнх сумын 3 дугаар баг Өвөстийн булаг гэх газар очиж Хул алаг азаргатай адуугаа бүртгэж үзэхэд манай адуу бүрэн байсан юм. Түүнээс хойш 2019 оны 07 дугаар сарын 30, 31-ний өдрүүдэд манай Дулаан багийн өдөрлөг болж байсан учраас би адуугаа таталгүй байж байгаад 2019 оны 08 дугаар сарын 01-ний өдөр Хул алаг азаргатай адуугаа татах гэж очоод бүртгэж үзэхэд Халтар зүсмийн 3 хөлтэй ширээтэй галтай тамгатай 1 тооны бүдүүн морь алга болсон байсан. Би алдагдсан Халтар зүсмийн бүдүүн морио хайж Данжаан нуруу, Баяндайн ар тал гэх газруудаар явсан боловч олоогүй” гэх мэдүүлэг /1-р хх-н 157-158 хуу/

  Хохирогч С.О мөрдөн шалгах ажиллагаанд 2019 оны 08 дугаар сарын 09-ний өдөр өгсөн “Манайх Хэнтий аймгийн Баянмөнх сумын 3 дугаар багийн нутаг Баяндай гэх газар нутагладаг. Би 2019 оны 08 дугаар сарын 06-ны өдөр Баянмөнх сумын 3 дугаар багийн нутаг Хөх нүдэн гэх газар байсан Хул азаргатай адуугаа татах гэж очоод адуугаа бүртгэж үзэхэд зээрд халзан морь, халзан байдас, мөн хүрэн халзан байдас гээд нийт 3 тооны адуу адуу алга байсан. Дээрх 3 адуу нь бүгд ижилхэн 3 хөлтэй ширээтэй гал тамгатай адуунууд байсан. Би алдагдсан 3 адуугаа хайгаад Данжаан нуруу, Баяндайн ар талаар хайж явсан боловч олоогүй” гэх мэдүүлэг /1-р хх-н 80-81 хуу/

           Хохирогч С.О мөрдөн шалгах ажиллагаанд 2019 оны 08 дугаар сарын 27-ны өдөр өгсөн “...О  нь бусадтай нийлж манай адуунаас 4 тооны адуу хулгайлж зарж борлуулсан байсан. Би эдгээр 4 адууны хохирол мөнгө болох 3.800.000 төгрөгөөс 1.900.000 төгрөгийг олж авсан. О , Д , Г Д  нар нь үлдэгдэл хохирол болох 1.900.000 төгрөгийг 2019 оны 10 дугаар сард бүрэн төлж барагдуулна гэж надад бичгээр баталгаа гаргаж өгсөн...” гэх мэдүүлэг /1-р хх-н 82-83 хуу/

          Хөрөнгийн үнэлгээний Фэйр Валуэшн ХХК-иас 2019 оны 08 дугаар сарын 12-ны өдрийн 199 дугаартай 3 тооны адууг 2.700.000 төгрөгөөр, тус ХХК-ийн 2019 оны 08 дугаар сарын 14-ний өдрийн 201 дугаартай 1 тооны адууг 1.100.000 төгрөгөөр тус тус үнэлсэн шинжээчийн дүгнэлт /1-р хх-н 97-98, 170 хуу/

           Хэнтий аймаг “Өндөрхаан” тохижилтын газрын 2019 оны 09 дүгээр сарын 20-ны өдрийн 254 дугаартай “шүүгдэгч Ч.Д  нь тус байгууллагад цахилгааны инженерээр ажилладаг нь үнэн болно” гэсэн тодорхойлолт /2-р хх-н 37 хуу/

             Хохирогч С.О прокурорын хяналтын шатанд гаргасан “...4 адууны үнэ 3.800.000 төгрөгөөс 2.800.000 төгрөгийг авсан. Үлдсэн 1.000.000 төгрөгийг Гүрээ, Д , О , нар 11 сарын 1-ний дотор төлнө гэсэн тул хүлээн зөвшөөрч байна” гэх хүсэлт /2-р хх-н 81 хуу/

              Шүүгдэгч Ч.Д аас 700.000 төгрөг, шүүгдэгч Э.О аас 100.000 төгрөг, шүүгдэгч Б.Б 50.000 төгрөгийг тус тус хохирогч С.О 5939085472 дугаартай дансанд төлсөн талаарх баримт зэрэг бичгийн нотлох баримт болно.  

Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан дээрх нотлох баримтууд нь гэмт хэрэг гарах болсон шалтгаан нөхцөл, шүүгдэгч нар нь гэмт хэргийг бүлэглэн, санаатай нэгдэж, тээврийн хэрэгсэл ашиглаж үйлдсэн байдал, учирсан хохирлын хэмжээ, шүүгдэгч нар нь гэм буруугаа хүлээн зөвөөрч байгаа байдал зэрэг үйл баримтыг агуулж байх тул энэ хэрэгт хамааралтай, ач холбогдолтой үнэн зөв гэж үзэж шийдвэрийн үндэслэл болголоо.

   Улсын яллагчаас шүүгдэгч Э.О Ч.Д Б.Д Х.Г Ч.Ж , Б.Б нарыг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийг журамлан мөн хуулийн тусгай ангийн 17.12 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт гэм буруутайд тооцуулахаар

  Шүүгдэгч нарын өмгөөлөгчийн зүгээс шүүгдэгч нар нь гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа хүлээн зөвшөөрч байгаа, үлдэгдэл хохирол 150.000 төгрөгийг шүүгдэгч Ч.Ж , Х.Г нараас гаргуулахаар тохиролцсон гэх дүгнэлтийг тус тус гаргаж мэтгэлцэв.

  Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.12 дугаар зүйлд заасан “Мал хулгайлах” гэмт хэрэг нь бусдын эзэмшил, өмчлөлд байгаа таван хошуу малыг ашиг олох шунахайн сэдэлт, зорилгоор нууцаар буюу өмчлөгч болон бусад хүмүүст мэдэгдэхгүйгээр далд аргаар авч буй идэвхитэй үйлдэл бөгөөд шүүгдэгч нарын дээрх үйлдэл нь мал хулгайлах гэмт хэргийг шинжийг бүрэн хангасан, төгссөн гэмт хэрэг байна гэж дүгнэлээ.

Дээрхээс нэгтгэн дүгнэвэл шүүгдэгч нар нь бүлэглэн, тээврийн хэрэгсэл ашиглан бусдын олон тооны малыг хулгайлах гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцож, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.12 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй байна.

  Хохирогч С.О хулгайд алдагдсан 4 тооны адууг нас, хүйсээр нь ялгавал зээрд халзан морь 1, хүрэн халзан байдас 2, халтар зүсмийн морь 1 нийт 4 тооны адуу байсан нь хэрэгт авагдсан нотох баримтуудаар нотлогдсон ба малыг нас, хүйсээр нь ялгаж тус бүрийн үнэлгээг гаргасан Фэйр Валуэшн ХХК-ийн шинжээчийн дүгнэлтийг үндэслэн тооцоход 3.800.000 төгрөгөөр үнэлэгдэж байх тул энэ гэмт хэргийн улмаас 3.800.000 төгрөгийн хохирол учирсан гэж дүгнэв.

  Хохирогчид учруулсан хохирлоос шүүгдэгч нар нь нийт 3.650.000 төгрөгийг төлж барагдуулсан ба үлдэгдэл 150.000 төгрөгийг шүүгдэгч Э.О Ч.Д  нараас хувь тэнцүүлэн гаргуулж хохирогчид олгуулах нь зүйтэй гэж үзлээ. Учир нь дээрх шүүгдэгч нар нь гэмт хэрэг үйлдэж олсон зүйлийн үнэ болох адууны мах борлуулсан мөнгийг хувааж авдаг болох нь хэрэгт авагдсан нотлох баримтаар тогтоогдож байна.

Дээрх гэмт хэрэг үйлдэгдэх шалтгаан нөхцөл нь шүүгдэгч нарын хууль, эрх зүйн мэдлэг тааруу байдал, амар хялбар аргаар мөнгө олох гэсэн хүсэл эрмэлзэлтэй холбоотой байна.

 Хоёр. Эрүүгийн хариуцлагын талаар:

           Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан бичгийн нотлох баримтаар шүүгдэгч нар нь бүлэглэн гэмт хэрэг үйлдсэнийг эрүүгийн хариуцлагыг хүндрүүлэх нөхцөл байдалд тооцож, эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй болно.

           Улсын яллагч эрүүгийн хариуцлагын талаарх дүгнэлтдээ: “шүүгдэгч Э.О Ч.Д  нарт тус бүр 500 цаг, шүүгдэгч Ч.Ж , Х.Г Б.Б Б.Д  нарт тус бүр 300 цаг нийтэд тустай ажил хийлгэх ял оногдуулах, шүүгдэгч нарын гэмт хэрэг үйлдэхдээ ашигласан Даюун маркийн мотоциклийг хурааж улсын орлого болгож, .......улсын дугаартай Тоёота марк-2 маркийн автомашин, улсын дугааргүй Хайрхан маркийн мотоциклийн үнийг шүүгдэгч нараас гаргуулах, эд мөрийн баримтаар хураагдсан хутга 2 ширхэг, төмөр сүх 1 ширхэг, 2 метрийн урттай, 5 метрийн урттай 2 ширхэг олс зэргийг устгуулах саналтай байна” гэв.

          Шүүгдэгч нарын өмгөөлөгч С.Н нь “Шүүгдэгч нарт эрүүгийн хариуцлага оногдуулахдаа хохирол төлсөн байдал, гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн байдал зэргийг харгалзан үзнэ үү. Улсын яллагчийн саналыг дэмжиж байна” гэх саналыг гаргав.

          Шүүгдэгч нарт эрүүгийн хариуцлага оногдуулахдаа гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирлын шинж чанар, гэмт хэрэг үйлдсэн хүний хувийн байдал, эрүүгийн хариуцлагыг хүндрүүлэх, хөнгөрүүлэх байдал зэргийг харгалзан үзлээ. Тухайлбал шүүгдэгч нар нь гэм буруугаа хүлээн зөвшөөрч үйлдсэн гэмт хэргээ үнэн зөвөөр мэдүүлсэн, учруулсан хохирлоо өөрийн боломжит хэмжээгээр барагдуулсан, барагдуулах хүсэл эрмэлзэлтэй байгаа, гэмт хэрэг үйлдэхэд оролцсон оролцоо, гүйцэтгэсэн үүрэг зэргийг харгалзан тэдэнд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.12 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан нийтэд тустай ажил хийлгэх ялыг ялгамжтай оногдуулахаар шийдвэрлэв. 

          Шүүгдэгч нар нь гэмт хэрэг үйлдэхдээ Тоёота Марк-2 маркийн .......улсын дугаартай автомашин, улсын дугааргүй, Даюун болон Хайрхан маркийн мотоциклуудыг ашиглажээ. Дээрх тээврийн хэрэгслүүдээс Даюун маркийн мотоцикл нь шүүгдэгч Х.Г өмчлөлд байгаа болох нь тогтоогдсон тул дээрх мотоциклийг хурааж улсын орлого  болгох нь зүйтэй гэж үзлээ. Харин Тоёота Марк-2 маркийн автомашин нь үүргийн гүйцэтгэлийг хангуулахаар эд хөрөнгө өмчлөлд шилжүүлэх гэрээний дагуу /фидуци/ Заг капитал ХХК-ийн өмчлөлд, Хайрхан маркийн мотоцикл нь иргэний нэхэмжлэгч Б.Б өмчлөлд байгаа тул дээрх тээврийн хэрэгслүүдийн үнийг тухайн гэмт хэрэг үйлдэхэд оролцсон шүүгдэгч нараас хувь тэнцүүлэн гаргуулж улсын орлогод оруулах нь зүйтэй гэж дүгнэв.

          Хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан буюу шүүгдэгч нарын гэмт хэрэг үйлдэхдээ ашигласан 2 ширхэг хутга, 1 ширхэг төмөр иштэй сүх, 2 болон 5 метрийн урттай олс зэргийг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц устгахаар шийдвэрлэв.

          Шүүгдэгч нар нь цагдан хоригдсон хоноггүй, тэдний иргэний баримт бичиг шүүхэд шилжиж ирээгүй болохыг тогтоолд тус тус дурдлаа.

 

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн хуулийн 36.2 дугаар зүйлийн 4, 36.7, 36.8, 36.10, 36.13 дугаар зүйлүүдийг тус тус удирдлага болгон

                     Т О Г Т О О Х нь:

 

1. Шүүгдэгч Э.О, Ч.Д, Б.Д, Х.Г Б.Б Ч.Ж  нарыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.12 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан бусдын малыг хулгайлах гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тус тус тооцсугай.

2. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.12 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Э.О, Ч.Д, Б.Д, Х.Г Б.Б Ч.Ж  нарыг тус бүр 300 цаг нийтэд тустай ажил хийлгэх ялаар тус тус шийтгэсүгэй.

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Э.О Б.Д Х.Г Б.Б нарт оногдуулсан нийтэд тустай ажил хийлгэх ялыг Хэнтий аймгийн Баянмөнх сумын тамгын газарт, шүүгдэгч Ч.Д т оногдуулсан нийтэд тустай ажил хийлгэх ялыг Хэнтий аймгийн Хэрлэн сумын тамгын газарт, шүүгдэгч Ч.Ж т оногдуулсан нийтэд тустай ажил хийлгэх ялыг Хэнтий аймгийн Галшар сумын тамгын газарт тус тус өдөрт 4 цагаас дээшгүй хугацаагаар  нийтийн ашиг сонирхолд тустай ажлыг цалин хөлс олгохгүйгээр хийлгэж эдлүүлсүгэй.

4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.4 дүгээр зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч нарт оногдуулсан нийтэд тустай ажил хийлгэх ялыг биелүүлээгүй бол нийтэд тустай ажил хийлгэх ялын 8 цагийн ажлыг 1 хоногоор тооцож хорих ялаар солих болохыг сануулсугай.

5. Хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн шүүгдэгч нарын гэмт хэрэг үйлдэхдээ ашигласан цагаан өнгийн хуванцар иштэй ажлын хэсгийн урт нь 12 см, нийт 23 см урттай хутга 1 ширхэг, бор модон иштэй ажлын хэсгийн урт нь 13 см, нийт 26.5 см урттай хутга 1 ширхэг, 45 см урттай төмөр иштэй сүх 1 ширхэг, 2 метр болон 5 метрийн урттай тус бүр 2 ширхэг олс зэргийг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн  7.5 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц устгасугай.

6. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.5 дугаар зүйлийн 1, 3, 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч нарын гэмт хэрэг үйлдэхдээ ашигласан БНХАУ-д үйлдвэрлэсэн улсын дугааргүй Даюун маркийн ногоон өнгийн мотоциклийг хурааж улсын орлого болгосугай.

7. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.1 дүгээр зүйлийн 8.8 дахь хэсэгт зааснаар хэрэгт битүүмжлэгдсэн 86-59 ХЭҮ улсын дугаартай “Тоёота Марк-2” маркийн автомашин, БНХАУ-д үйлдвэрлэсэн Хайрхан маркийн ногоон өнгийн мотоциклийг битүүмжилсэн тогтоолыг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц хүчингүй болгож, Хайрхан маркийн мотоциклийг иргэний нэхэмжлэгч Б.Батбаатарт,  86-59 ХЭҮ улсын дугаартай “Тоёота Марк-2” маркийн автомашиныг шүүгдэгч Ч.Д  нарт буцаан олгосугай.

8. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.5 дугаар зүйлийн 1, 3, 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч нарын гэмт хэрэг үйлдэхдээ ашигласан Тоёота Марк-2 маркийн тээврийн хэрэгслийн үнэ болох 2.500.000 төгрөгийг шүүгдэгч тус бүрээс 416.667 төгрөгийг, гэмт хэрэг үйлдэхдээ ашигласан Хайрхан маркийн мотоциклийн үнэ 280.000 төгрөгийг шүүгдэгч Э.О Ч.Д Б.Б Ч.Ж нараас тус бүр 70.000 төгрөгийг гаргуулж улсын орлого болгосугай.

9. Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 1, 510 дугаар зүйлийн 510.1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Э.О Ч.Д  нараас тус бүр 75.000 төгрөгийг гаргуулан Хэнтий аймгийн Баянмөнх сумын 3 дугаар багт оршин суух хохирогч С.Отгонжаргалд олгосугай.

10. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.10 дугаар зүйлийн 4, 38.1 дүгээр зүйлийн 1, 38.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоол уншиж сонсгосноор хүчинтэй болох бөгөөд хэргийн оролцогч шийтгэх тогтоолыг гардаж авснаас хойш, эсхүл энэ хуулийн 11.9 дүгээр зүйлд заасны дагуу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Хэнтий аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд шүүгдэгч, түүний хууль ёсны төлөөлөгч, хохирогч түүний хууль ёсны төлөөлөгч, тэдгээрийн өмгөөлөгч давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэй болохыг дурдсугай.

11. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 37.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар шүүхийн шийтгэх тогтоолд давж заалдах гомдол гаргах, улсын яллагч эсэргүүцэл бичвэл тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, тогтоолыг биелүүлэх хүртэл шүүгдэгч нарт авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.  

 

ДАРГАЛАГЧ                                           Р.БАТБАЯР