| Шүүх | Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Сүхээгийн Оюунчимэг |
| Хэргийн индекс | 185/2020/0172/Э |
| Дугаар | 169 |
| Огноо | 2020-02-19 |
| Зүйл хэсэг | 11.6.1., |
| Улсын яллагч | Л.М |
Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол
2020 оны 02 сарын 19 өдөр
Дугаар 169
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Сүхбаатар дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч С.Оюунчимэг даргалж,
Нарийн бичгийн дарга Г.Энхжин,
Улсын яллагч Л.Мажигсүрэн,
Шүүгдэгч Б.Г нарыг оролцуулан тус шүүхийн танхимд нээлттэй хийсэн хуралдаанаар:
Сүхбаатар дүүргийн прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж, хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлүүлэхээр ирүүлсэн Торгон овогт Б-н Гт холбогдох эрүүгийн 2009004580217 дугаартай хэргийг шүүн хэлэлцэв.
Шүүгдэгч: Монгол Улсын иргэн, 1990 оны 05 дугаар сарын 28-ны өдөр Хэнтий аймгийн Хэрлэн суманд төрсөн, 30 настай, эрэгтэй, дээд боловсролтой, кино зураглаач мэргэжилтэй, “Өглөгч мод” ХХК-ний “Dualzet” про агентлагт ерөнхий зураглаач ажилтай, ам бүл 4, эхнэр, 2 хүүхдийн хамт Сүхбаатар дүүргийн 9 дүгээр хороо, Алтайн 10 дугаар гудамжны 02 тоотод оршин суух, ял шийтгэлгүй, бие эрүүл, ухаан бүрэн, / РД: СЭ 90052870 / Торгон овогт Б-н Г нь:
- 2020 оны 01 дүгээр сарын 16-ны өдөр Сүхбаатар дүүргийн 9 дүгээр хорооны нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулдаг хоёрдогч түүхий эд худалдан авах цэг дээр С.Мөнх-Орчлонгоос аавынхаа худалдан авсан моторыг буцааж өгөхөөр харилцан маргалдах явцдаа түүний нүүрэн тус газарт нь гараараа цохих, хөлөөрөө өшиглөх зэргээр зодсоны улмаас эрүүл мэндэд нь хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ.
ТОДОРХОЙЛОХ нь:
Шүүхийн хэлэлцүүлгээр хэрэгт цугларсан дараах нотлох баримтуудыг шинжлэн судлав. Үүнд:
Хохирогч С.Мөнх-Орчлон мөрдөн шалгалтын явцад мэдүүлэхдээ: ... 7799 дэлгүүрийн ард түүхий эд авдаг цэгт би ажилладаг юм. 2020 оны 01 дүгээр сарын 16-ны өдөр нэг хүн ирээд 2 ширхэг цахилгаан мотор 40.000 төгрөгөөр зарсан. Тэгээд 18-ны өдөр тэр хүн эргэж ирээд 1 моторыг нь ажиллахгүй байна гээд үлдээгээд явсан байсан. Би ажил дээрээ ирээд үлдээгээд явсан мотор нь миний зарсан мотор биш байхлаар нь нөгөө хүн рүү залгаад “Миний өгч явуулсан мотор биш байна. Та уулзаарай” гэж хэлсэн. Тэгсэн чинь өдөр 14 цагийн үед нөгөө ах 3 хүний хамт ирэхээр нь би “Энэ биш байна. Би зэс мотор өгч явуулсан. Та задлаад үз” гээд үзүүлсэн чинь хөнгөн цагаан байсан. Тэгээд биш байгаа биз дээ гээд яриад зогсож байтал гэнэт хажуу талаас хүүхэд нь миний зүүн талаас нүүр рүү гараараа цохиход би унасан чинь миний баруун нүд орчимд өшиглөнөөс баруун хөмсөг задарсан гэжээ. / хх 3-4 /
Гэрч С.Саранчимэг мөрдөн шалгалтын явцад мэдүүлэхдээ: ...Тухайн өдөр ах над руу залгаад гараад ир гэхээр нь очсон чинь мотор авсан ах манай ахтай мөн биш гээд маргаад зогсож байсан. Тэгээд би “Уг нь манай зарсан мотор биш байна. Гэхдээ яах вэ манайх биш байсан ч доторх нь зэс байвал таны мөнгийг буцаагаад өгье” гэж хэлсэн чинь хүү нь ирээд аавыгаа дуугай бай гэсэн. Тэгээд би хүүд нь наадахаа задалчих гэсэн чинь түлхүүр байхгүй болохоор нь Мөнх-Орчлон ах 7799 гээд хажуугийн засварын газар руу орсон. Тэр хооронд хүү нь надад бахь байна уу гэхээр нь би гэр рүүгээ ороод бахь аваад ирсэн чинь хүү нь моторыг задалсан байсан. Тэр үед ах түлхүүр аваад ирсэн байсан, түлхүүрээрээ хуссан чинь хуулрахгүй байхаар нь контейнерын үүдэнд байсан цаасны хутгыг ах аваад бариад зогсож байсан. Тэгээд моторыг хусах гээд зогсож байтал хүү нь миний хажууд зогсож байснаа гэнэт гүйж очоод ахын нүүр рүү нь гараараа 2 удаа цохиод авсан чинь ах газар унасан. Унасан байхад хүү нь нүүр рүү нь өшиглөсөн. Бид нар тэр хоёрыг ямар нэгэн байдлаар зодож цохиогүй гэжээ. / хх 10-11 /
Гэрч Б.Болдбаатар мөрдөн шалгалтын явцад мэдүүлэхдээ: ...Би 2 мотор 40000 төгрөгөөр худалдаж авсан. Авахдаа эвдрэлтэй бол буцааж өгнө гэж хэлээд авсан. Гэртээ очоод задлаад үзсэн чинь нэг нь шатсан байхаар нь буцааж өгөх гээд очсон. Тэгээд маргаад байж байтал аав холдоорой гэхээр нь харсан чинь тэр залуу нь цаасны хутга гартаа барьсан байсан. Тэр үед нь хүү түүнийг түлхсэн чинь газарт унасан. Цаасны хутга гаргахаар нь манай хүү түлхсэн. Би бол моторыг нь сольсон юм байхгүй, тэр залуу л өөрөө сольсон гээд худлаа яриад байгаа юм. Би бол биед нь халдаагүй гэжээ. / хх 8 /
Гэрч Баярцэрэн мөрдөн шалгалтын явцад мэдүүлэхдээ: ...Би олимпиадад оролцох гээд багш Болдбаатараар онгоц хийхийг заалгаад байж байтал нэг хүн багш руу залгаад мотор сольсон байна гэсэн. Тэгээд багш бид 2 нэг моторыг аваад биш байна гээд хараагаад байсан. Тэгээд дүү нь гээд нэг эмэгтэй ирээд сая авчирсан чинь мөн байна. Үлдээсэн чинь биш байна гэсэн. Тэгээд учраа болохгүй байж байтал тэр ах багшийг луйварчин гээд хараагаад байсан, багш хүүгээ дуудсан. Удалгүй хүү нь ирээд дүүтэй нь юм яриад зогсож байтал нөгөө ах хажуугийн засварын газраас хамт гарч ирээд багшийг хүүгээрээ зодуулах гэж байна уу гээд орилж хашгираад байсан. Тэгээд хүү дээр нь очоод чи яах юм, та нарыг амьд явуулахгүй шүү гээд хүүгийнх нь өмнө очоод савлаад байсан чинь хүү нь тэр ахыг түлхсэн чинь тэр ах газар унасан. Тэгээд босоод ирэхдээ тэр ахын хөмсөг нь сэтэрсэн байсан. Болдбаатар багш тэр хүний биед хүрээгүй. Тэр ах өөрөө л дайраад байсан. Тэр эрэгтэйг хүү нь түлхэхдээ цаасны хутгатай гарыг нь бариад дал руу нь түлхсэн, Болдбаатар багшийн хүү нь архи уугаагүй эрүүл байсан гэжээ. / хх 9 /
Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн шинжээчийн 1803 дугаар дүгнэлтэнд:
1. С.Мөнх-Орчлонгийн биед тархины доргилт, баруун нүдний ухархайн дотор хана, хамар ясны хугарал, хамрын таславчийн мурийлт, зовхи, хөмсөг,, хамрын зөөлөн эдийн няцрал, цус хуралт, баруун хөмсөгт шарх, зулгаралт, баруун нүдний салстад цус харвалт, хамарт зулгаралт гэмтэл тогтоогдлоо.
2. Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн олон удаагийн үйлчлэлээр, хэрэг болсон цаг хугацаанд үүсгэгдсэн байх боломжтой шинэ гэмтэл байна.
3. Гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-т зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн хэсэгт хамаарна.
4. Цаашид энгийн хөдөлмөрийн тогтонги алдалтанд нөлөөлөхгүй гэжээ. / хх 13- 14 /
Шүүгдэгч Б.Гийг 2020 оны 02 дугаар сарын 12-ны өдөр яллагдагчаар байцаасан тэмдэглэл / хх 30-31 /
Шүүгдэгчийг урьд шийтгэгдсэн эсэхийг шалгасан хуудас / хх 19 / зэрэг болно.
Шүүгдэгч Б.Г шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ: Би гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа хүлээн зөвшөөрч байна. Хохирогчид 250.000 төгрөг төлсөн гэв.
Шүүгдэгч Б.Г нь 2020 оны 01 дүгээр сарын 16-ны өдөр Сүхбаатар дүүргийн 9 дүгээр хорооны нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулдаг хоёрдогч түүхий эд худалдан авах цэг дээр С.Мөнх-Орчлонгоос аавынхаа худалдан авсан моторыг буцааж өгөхөөр харилцан маргалдах явцдаа түүний нүүрэн тус газарт нь гараараа цохих, хөлөөрөө өшиглөх зэргээр зодсоны улмаас эрүүл мэндэд нь хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн болох нь шүүх хуралдаанд хэлэлцэгдсэн дараах нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдлоо. Үүнд: ...2 ширхэг цахилгаан мотор 40.000 төгрөгөөр зарсан. Тэгээд 18-ны өдөр тэр хүн эргэж ирээд 1 моторыг нь ажиллахгүй байна гээд үлдээгээд явсан байсан. Тэгээд биш байгаа биз дээ гээд яриад зогсож байтал гэнэт хажуу талаас хүүхэд нь миний зүүн талаас нүүр рүү гараараа цохиход би унасан чинь миний баруун нүд орчимд өшиглөсөн гэж мөрдөн шалгалтын явцад мэдүүлсэн хохирогч хохирогч С.Мөнх-Орчлонгийн мэдүүлэг / хх 3-4 /, ...Ах түлхүүрээрээ хуссан чинь хуулрахгүй байхаар нь контейнерын үүдэнд байсан цаасны хутгыг ах аваад бариад зогсож байсан. Хүү нь миний хажууд зогсож байснаа гэнэт гүйж очоод ахын нүүр рүү нь гараараа 2 удаа цохиод авсан чинь ах газар унасан. Нүүр рүү нь өшиглөсөн гэж мөрдөн шалгалтын явцад мэдүүлсэн гэрч С.Саранчимэгийн мэдүүлэг / хх 10-11 /, ...Нэг мотор нь шатсан байхаар нь буцааж өгөх гээд очсон. Тэр үед хүү түүнийг түлхсэн чинь газарт унасан гэж мөрдөн шалгалтын явцад мэдүүлсэн гэрч Б.Болдбаатарын мэдүүлэг / хх 8 /, ...Багшийг хүүгээрээ зодуулах гэж байна уу гээд орилж хашгираад байсан чинь хүү нь тэр ахыг түлхсэн чинь тэр ах газар унасан. Тэр ахын хөмсөг нь сэтэрсэн байсан гэж мөрдөн шалгалтынг явцад мэдүүлсэн гэрч Баярцэрэнгийн мэдүүлэг / хх 9 /, ...С.Мөнх-Орчлонгийн биед тархины доргилт, баруун нүдний ухархайн дотор хана, хамар ясны хугарал, хамрын таславчийн мурийлт, зовхи, хөмсөг, хамрын зөөлөн эдийн няцрал, цус хуралт, баруун хөмсөгт шарх, зулгаралт, баруун нүдний салстад цус харвалт, хамарт зулгаралт гэмтэл тогтоогдлоо. Гэмтлийн хөнгөн хэсэгт хамаарна гэсэн Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн шинжээчийн 1803 дугаар дүгнэлт / хх 13- 14 / зэрэг болно.
Шүүхээс шүүгдэгч Б.Гийг хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцох үндэслэлтэй байна.
Шүүгдэгчид ял шийтгэл оногдуулахдаа хөнгөн гэмт хэрэг үйлдсэнг хөнгөрүүлэх нөхцөл байдалд тооцож, түүний үйлдэлд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.6 дугаар зүйлд заасан ял хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй болно.
Шүүгдэгч Б.Гартьдхуяг нь хөнгөн гэмт хэрэг үйлдсэн хохирлыг төлж хохирогчтой эвлэрсэн, өөрийн гэм буруу болон ялыг хүлээн зөвшөөрсөн тул түүний хувийн байдлыг харгалзан, прокурорын санал болгосон 500.000 төгрөгөөр торгох ялаар шийтгэв.
Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 160 дугаар зүйлийн 160.1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Б.Г нь торгох ялыг шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болсноос хойш 90 хоногийн дотор биелүүлэх үүрэгтэй болохыг дурдах нь зүйтэй байна.
Хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн зүйлгүй, хохирогч С.Мөнх-Орчлон нь гомдол саналгүй, нэхэмжлэх зүйлгүй / хх 40 / гэсэн тул шүүгдэгч Б.Г нь төлөх төлбөргүй, цагдан хоригдоогүйг дурьдав.
Шүүхээс шүүгдэгч Б.Гийг өмгөөлүүлэх эрхээр нь хангасан боловч өмгөөлөгч аваагүй, шүүх хуралдаанд өөрөө өөрийгөө өмгөөлж оролцох хүсэлтээ бичгээр гаргаж өгсөн, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 5.3 дугаар зүйлийн 1-д заасан заавал өмгөөлөгчтэй оролцох хуулийн заалтад хамаарахгүй тул түүний хүсэлтийг хүлээн авч өмгөөлөгч оролцуулалгүй шийдвэрлэсэн болно.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 1, 2, 3, 4, 5, 36.6, 36.7, 36.8, 36.10, 37.1 дүгээр зүйлүүдийг удирдлага болгон ТОГТООХ нь:
1. Шүүгдэгч Торгон овогт Б-н Гийг хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.
2. Шүүгдэгч Б-н Гийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 500 / таван зуу / нэгж буюу 500.000 төгрөгөөр торгох ялаар шийтгэсүгэй.
3. Хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн зүйлгүй, Б.Г нь цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй болохыг дурьдсугай.
4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар Б.Г нь шүүхээс тогтоосон торгох ялыг биелүүлээгүй бол шүүх биелүүлээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож, хорих ялаар сольж болохыг түүнд мэдэгдсүгэй.
5. Б.Гт авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.
6. Шийтгэх тогтоол танилцуулан сонсгосноор хуулийн хүчинтэй болох бөгөөд шүүгдэгч, хохирогч, яллагч нар эс зөвшөөрвөл тогтоолыг гардаж авснаас хойш Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд 14 хоногт давж заалдах гомдол гаргах, улсын яллагч эсэргүүцэл бичих эрхтэйг дурьдсугай.
7. Давж заалдах шатны шүүхэд гомдол гаргасан, эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүж, тогтоол биелүүлэх хүртэл шүүгдэгч Б.Гт авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.
ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ С.ОЮУНЧИМЭГ