| Шүүх | Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Сүхээгийн Оюунчимэг |
| Хэргийн индекс | 185/2020/0173/Э |
| Дугаар | 170 |
| Огноо | 2020-02-19 |
| Зүйл хэсэг | 11.6.1., |
| Улсын яллагч | П.Э |
Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол
2020 оны 02 сарын 19 өдөр
Дугаар 170
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Сүхбаатар дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч С.Оюунчимэг даргалж,
Нарийн бичгийн дарга Ц.Чулуунчимэг,
Улсын яллагч П.Эрдэнэбаатар,
Шүүгдэгч Б-н Х нарыг оролцуулан тус шүүхийн танхимд нээлттэй хийсэн хуралдаанаар:
Сүхбаатар дүүргийн прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж, хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлүүлэхээр ирүүлсэн Балхажин овогт Б-н Хд холбогдох эрүүгийн 1909028640113 дугаартай хэргийг шүүн хэлэлцэв.
Шүүгдэгч: Монгол Улсын иргэн, 1999 оны 08 дугаар сарын 02-ны өдөр Улаанбаатар хотод төрсөн, 21 настай, эрэгтэй, буриад, бүрэн дунд боловсролтой, мэргэжилгүй, хувиараа хөдөлмөр эрхэлдэг, ам бүл 6, эцэг, эх, дүү нарын хамт Дорнод аймгийн, Баян-Уул сум 6 дугаар баг, Өвөр эрээнд оршин суух, ял шийтгэлгүй, бие эрүүл, ухаан бүрэн, / РД: ЖВ 99080213 / Балхажин овогт Б-н Х нь:
- 2019 оны 07 дугаар сарын 27-28-нд шилжих шөнө 01-02 цагийн орчим Сүхбаатар дүүргийн 11 дүгээр хороо, Хангай хотхоны 507 дугаар байранд байрлах Хаан банкны АТМ орчимд шээгээд зогсож байхад нь хохирогч Ц.Хүслэн нь наанаа шээж болохгүй гэж шаардлага тавьсаны улмаас Ц.Хүслэнгийн нүүр, зүүн хавирган тус газар нь гараараа цохиж духны зүүн хэсгийн зөөлөн эдийн няцрал, баруун, зүүн нүдний доод зовхинд цус хуралт, зүүн нүдний алимны саластад цус хуралт, зүүн 7-р хавирганы хугарал бүхий хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ.
ТОДОРХОЙЛОХ нь:
Шүүхийн хэлэлцүүлгээр хэрэгт цугларсан дараах нотлох баримтуудыг шинжлэн судлав. Үүнд:
Өсвөр насны хохирогч Ц.Хүслэн мөрдөн шалгалтын явцад мэдүүлэхдээ: ...2019 оны 07 дугаар сарын 28-ны шөнө 02 цагийн үед Сүхбаатар дүүргийн 11 дүгээр хороо, Хангай хотхоны 508 дугаар байрны 37 тоот гэртээ пиццаны захиалга хүргэж өгчихөөд буцаад байр руугаа алхаад явж байхад Хангай хотхонд байрлах Хаан банкны АТМ-ын тэнд Х нь шээгээд зогсож байхаар нь “ Наанаа шээж болохгүй “ гэж шаардлага тавьсан чинь Х нь над дээр гүйж ирээд “ Муу бацаан минь. Чамаар заалгах юм уу” гэж хэлээд миний хоолойноос боогоод авсан чинь Энхбилэг “ Яаж байна аа “ гэж хэлтэл Цаанаас нь нэг залуу ирээд Энхбилэгийг гараараа цохиод цаашаа болгосон. Харин Х нь миний нүүрэн тус газарт болон хавирга руу гараараа цохиод зодсон. Энхбилэг бид 2 арай гэж тэр хоёроос зугтаж гүйгээд гэртээ ороод аавдаа хэлсэн. Намайг зодсон залуу байхаар нь цагдаад бариад өгсөн гэжээ. / хх 23-25 /
Гэрч Г.Цэрэнбат мөрдөн шалгалтын явцад мэдүүлэхдээ: ...2019 оны 07 дугаар сарын 27-28-нд шилжих шөнө 01 цагийн орчим гэртээ байж байхад манай хүү Ц.Хүслэн “ Зодуулчихлаа “ гээд нүүр ам нь хавдсан, хамраас нь цус гарчихсан байдалтай орж ирсэн. Ц.Хүслэн нь намайг зодсон залуу тэр байна гэж заасан чинь гуталгүй хөл нүцгэн явж байхаар нь бариад автал амнаас нь архи үнэртэж байсан гэжээ. / хх 31-32 /
Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн шинжээчийн 9284 дүгээр дүгнэлтэнд:
1. Ц.Хүслэнгийн биед духны зүүн хэсгийн зөөлөн эдийн няцрал, баруун, зүүн нүдний доод зовхинд цус хуралт, зүүн нүдний алимны саластад цус хуралт, зүүн 7- р хавирганы хугарал гэмтэл тогтоогдлоо.
2. Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн үйлчлэлээр үүсгэгдэнэ.
3. Дээрх гэмтэл нь гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна.
4. Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадварт нөлөөлөхгүй гэжээ. / хх 34 /
Яллагдагч Б-н Х мөрдөн шалгалтын явцад мэдүүлэхдээ: ... 2019 оны 07 дугаар сарын 27-28-нд шилжих шөнө найз Батчимэгийн гэрт очих гээд ах Жаргалсайханы хамт явж байгаад Хангай хотхоны 507 дугаар байрны АТМ орчимд шээгээд зогсож байсан чинь араас үл таних эрэгтэй хүн “ Наанаа шээж болохгүй “ гэж хэлэхээр нь нөгөө залуу дээр очоод чамд хамаагүй гэж хэлээд Ц.Хүслэнг шууд нүүрэн тус газарт гараараа цохиод нүүрээ дараад доошоо болохоор нь хавирга руу нь нэг удаа гараараа цохьсон. Би архи уусан байсан. Ц.Хүслэнгийн биед гэмтэл учруулснаа хүлээн зөвшөөрч байна гэжээ. / хх 6-9 /
Шүүгдэгч Б-н Хыг 2020 оны 01 дүгээр сарын 22-ны өдөр яллагдагчаар байцаасан тэмдэглэл / хх 6-9 /
Шүүгдэгчийг урьд шийтгэгдсэн эсэхийг шалгасан хуудас / хх 25 / зэрэг болно.
Шүүгдэгч Б-н Х шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ: Би гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа хүлээн зөвшөөрч байна. Хохирогчид 900.000 төгрөг төлсөн гэв.
Шүүгдэгч Б-н Х нь 2019 оны 07 дугаар сарын 27-28-нд шилжих шөнө 01-02 цагийн орчим Сүхбаатар дүүргийн 11 дүгээр хороо, Хангай хотхоны 507 дугаар байранд байрлах Хаан банкны АТМ орчимд шээгээд зогсож байхад нь шаардлага тавьсан Ц.Хүслэнг зодож, нүүр, зүүн хавирган тус газар нь гараараа цохиж духны зүүн хэсгийн зөөлөн эдийн няцрал, баруун, зүүн нүдний доод зовхинд цус хуралт, зүүн нүдний алимны саластад цус хуралт, зүүн 7-р хавирганы хугарал бүхий хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн болох нь шүүх хуралдаанд хэлэлцэгдсэн дараах нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдлоо. Үүнд: ...Хангай хотхонд байрлах “Хаан” банкны АТМ-ын тэнд Х нь шээгээд зогсож байхаар нь наанаа шээж болохгүй гэж шаардлага тавьсан чинь “ Муу бацаан минь чамаар заалгах юм уу гэж хэлээд нүүр, хавирга хэсэг рүү гараараа цохьсон гэж мөрдөн шалгалтын явцад мэдүүлсэн өсвөр насны хохирогч Ц.Хүслэнгийн мэдүүлэг / хх 23-25 /, ... хүү Ц.Хүслэн зодуулчихлаа гээд нүүр ам нь хавдсан. Хамраас нь цус гарчихсан байдалтай орж ирэхээр зодсон гэх хөл нүцгэн залууг бариад автал амнаас нь архи үнэртэж байсан гэж мөрдөн шалгалтын явцад мэдүүлсэн гэрч Г.Цэрэнбатын мэдүүлэг / хх 31-32 /, ... Ц.Хүслэнгийн биед духны зүүн хэсгийн зөөлөн эдийн няцрал, баруун, зүүн нүдний доод зовхинд цус хуралт, зүүн нүдний алимны саластад цус хуралт, зүүн 7- р хавирганы хугарал гэмтэл тогтоогдлоо. Гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна гэсэн Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн шинжээчийн 9284 дүгээр дүгнэлт / хх 34 /, ... Ц.Хүслэнг шууд нүүрэн тус газарт гараараа цохиод нүүрээ дараад доошоо болохоор нь хавирга руу нь нэг удаа гараараа цохьсон. Би архи уусан байсан. Ц.Хүслэнгийн биед гэмтэл учруулснаа хүлээн зөвшөөрч байна гэж мөрдөн шалгалтын явцад мэдүүлсэн яллагдагч Б-н Хын мэдүүлэг / хх 6-9 / зэрэг болно.
Шүүхээс шүүгдэгч Б-н Хыг хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцох үндэслэлтэй байна.
Шүүгдэгчид ял шийтгэл оногдуулахдаа хөнгөн гэмт хэрэг үйлдсэн, эмчилгээний зардлыг нөхөн төлсөн зэргийгг хөнгөрүүлэх нөхцөл байдалд тооцож, түүний үйлдэлд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.6 дугаар зүйлд заасан ял хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй болно.
Шүүгдэгч Б-н Х нь хөнгөн гэмт хэрэг үйлдсэн бөгөөд хохирлыг төлж хохирогчтой эвлэрсэн, өөрийн гэм буруу болон ялыг хүлээн зөвшөөрсөн тул түүний хувийн байдлыг харгалзан, прокурорын санал болгосон 450.000 төгрөгөөр торгох ялаар шийтгэв.
Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 160 дугаар зүйлийн 160.1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Б-н Х нь торгох ялыг шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болсноос хойш 90 хоногийн дотор биелүүлэх үүрэгтэй болохыг дурдах нь зүйтэй байна.
Хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн зүйлгүй, хохирогч Ц.Хүслэн нь гомдол саналгүй, нэхэмжлэх зүйлгүй / хх 73 / гэсэн тул шүүгдэгч Б-н Х нь төлөх төлбөргүй, цагдан хоригдоогүйг дурьдав.
Шүүхээс шүүгдэгч Б-н Хыг өмгөөлүүлэх эрхээр нь хангасан боловч өмгөөлөгч аваагүй, шүүх хуралдаанд өөрөө өөрийгөө өмгөөлж оролцох хүсэлтээ бичгээр гаргаж өгсөн, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 5.3 дугаар зүйлийн 1-д заасан заавал өмгөөлөгчтэй оролцох хуулийн заалтад хамаарахгүй тул түүний хүсэлтийг хүлээн авч өмгөөлөгч оролцуулалгүй шийдвэрлэсэн болно.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 1, 2, 3, 4, 5, 36.6, 36.7, 36.8, 36.10, 37.1 дүгээр зүйлүүдийг удирдлага болгон
ТОГТООХ нь:
1. Шүүгдэгч Балхажин овогт Б-н Хыг хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.
2. Шүүгдэгч Б-н Хыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 450 / дөрвөн зуун тавь / нэгж буюу 450.000 төгрөгөөр торгох ялаар шийтгэсүгэй.
3. Хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн зүйлгүй, Б. Х нь цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй болохыг дурьдсугай.
4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар Б. Х нь шүүхээс тогтоосон торгох ялыг биелүүлээгүй бол шүүх биелүүлээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож, хорих ялаар сольж болохыг түүнд мэдэгдсүгэй.
5. Б. Хд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.
6. Шийтгэх тогтоол танилцуулан сонсгосноор хуулийн хүчинтэй болох бөгөөд шүүгдэгч, хохирогч, хууль ёсны төлөөлөгч, яллагч нар эс зөвшөөрвөл тогтоолыг гардаж авснаас хойш Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд 14 хоногт давж заалдах гомдол гаргах, улсын яллагч эсэргүүцэл бичих эрхтэйг дурьдсугай.
7. Давж заалдах шатны шүүхэд гомдол гаргасан, эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүж, тогтоол биелүүлэх хүртэл шүүгдэгч Б. Хд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.
ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ С.ОЮУНЧИМЭГ