Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2016 оны 11 сарын 14 өдөр

Дугаар 1868

 

 

 

 

 

 

 

 

 

Б.Болдбаатарын нэхэмжлэлтэй иргэний

хэргийн тухай

                              

Нийслэлийн иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүх хуралдааныг Ерөнхий шүүгч Ж.Оюунтунгалаг даргалж, шүүгч А.Отгонцэцэг, Д.Цогтсайхан нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн давж заалдах шатны иргэний хэргийн шүүх хуралдаанаар

Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2016 оны 09 дүгээр сарын 16-ны өдрийн 181/ШШ2016/00716 дугаар шийдвэртэй,

Нэхэмжлэгч Б.Болдбаатарын нэхэмжлэлтэй

Хариуцагч “Дипломат байгууллагын үйлчилгээг эрхлэх газар” ТӨҮГ-т холбогдох

Дипломат байгууллагын үйлчилгээг эрхлэх газрын захирлын “Ажилтнуудыг ажлаас чөлөөлөх, ажилд томилох тухай” А/36 дугаар тушаалын Б.Болдбаатарт холбогдох хэсгийг хүчингүй болгуулах, “Дипломат байгууллагын үйлчилгээг эрхлэх газар” ТӨҮГ-ын Санхүүгийн хэлтсийн даргын албан тушаалд эгүүлэн тогтоолгох, ажилгүй байсан хугацааны цалинтай тэнцэх олговор гаргуулах, нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын дэвтэрт нөхөн бичилт хийлгүүлэх тухай иргэний хэргийг

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Н.Буянжаргалын гомдлыг үндэслэн, шүүгч Д.Цогтсайханы илтгэснээр хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд:

Нэхэмжлэгч: Б.Болдбаатар

Нэхэмжлэгчийн өмгөөлөгч: С.Нэргүй

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга: Р.Янжинлхам нар оролцов.

Нэхэмжлэгч шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Б.Болдбаатар миний бие 2015 оны 01 дүгээр сарын 14-ний өдөр Дипломат байгууллагуудын үйлчилгээг эрхлэх газрын даргын Б/05 тоот тушаалаар тус байгууллагын Санхүү, аж ахуйн албаны даргаар томилогдон ажиллаж байгаад 2015 оны 07 дугаар сард бүтцийн өөрчлөлтөөр ерөнхий нягтлан бодогчоор томилогдсон. Хөдөлмөрийн гэрээний үндсэн дээр ажилладаг төрийн үйлчилгээний албан хаагч болно. 2015 оны 08 дугаар сарын 19-ний өдөр Дипломат байгууллагын үйлчилгээг эрхлэх газрын захирлын Б.Болдбаатарыг албан тушаал бууруулах сахилгын шийтгэл ногдуулах, ажлаас чөлөөлөх, ажилд томилох тухай гэсэн Б/129 тоот тушаал гарч надад албан тушаал бууруурлах сахилгын шийтгэл ногдуулан Ерөнхий нягтлан бодогчийн албан тушаалаас чөлөөлж, нягтлан бодогчийн албан тушаалд томилсоныг иргэн миний хөдөлмөрлөх эрхийг зөрчсөн, хууль зүйн үндэслэлгүй гэж үзэж байгаа тул шүүхэд хандан нэхэмжлэл гаргасан... Шүүхийн шийдвэрийг 2016 оны 05 дугаар сарын 04-ний өдөр биелүүлж намайг ерөнхий нягтлан бодогчийн албан тушаалд эргүүлэн томилсон. Гэтэл 2016 оны 05 дугаар сарын 19-ний өдөр Дипломат байгууллагын үйлчилгээг эрхлэх газрын захирлын А/36 тоот Ажилтнуудыг ажлаас чөлөөлж, ажилд томилох тухай тушаал гарч намайг ажлаас халж хөдөлмөрийн гэрээг дуусгавар болгосон. Энэхүү тушаалын миний бие иргэн миний хөдөлмөрлөх эрхийг ноцтой зөрчсөн хууль бус тушаал гэж гэж үзэж байгаа тул Хөдөлмөрийн тухай хуулийн 128 дугаар зйлийн 128.1.2, 69 дүгээр зүйлийн 69.1-т заасныг үндэслэн шүүхэд хандаж дараах шаардлагыг гаргаж байна. Үүнд Дипломат байгууллагын үйлчилгээг эрхлэх газрын захирлын Ажилтнуудыг ажлаас чөлөөлж, ажилд томилох тухай А/36 тоот тушаалын Б.Болдбаатар надтай холбоотой хэсгийг хүчингүй болгож, ажилгүй байсан үеийн бүх хугацааны цалин хөлсийг гаргуулах, нийгмийн даатгалын болон эрүүл мэндийн даатгалын дэвтэрт нөхөн төлүүлж, бичилт хийлгэхийг даалгаж, Дипломат байгууллагын үйлчилгээг эрхлэх газар ТӨҮГ-ын Санхүүгийн хэлтсийн даргаар эгүүлэн томилж өгнө үү гэжээ. 

Нэхэмжлэгчийн өмгөөлөгч С.Нэргүй шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Санхүүгийн хэлтсийн дарга гэдэг бол ерөнхий нягтлан бодогчийн үйл ажиллагаа юм. Санхүүгийн албаны дарга гэдэг албан тушаалтай байж байгаад ерөнхий нягтлан болгон өөрчилж байсан. Дараа нь хэлтэс болгон өөрчилсөн. Хэлтсийн дарга Болдбаатарын буюу өрөнхий нягтлан бодогчийн ажлыг хийж байгаа. Төрийн албын тухай хуулийн 27 дугаар зүйлийн 27.2.3-д байгууллага дотоод бүтэц өөрчлөгдөх юм бол албан тушаалыг хэвээр хадгалахыг тодорхой зааж өгсөн байдаг. Одоо санхүүгийн хэлтсийн дарга гэдэг бол ерөнхий нягтлан гэдэг албан тушаалтай яг адил чиг үүрэгтэй. Зөвхөн нэр нь л өөрчлөгдсөн. Үйл ажиллагаа нь хэвээр байгаа тул дээд шүүхийн тогтоолыг үндэслээд урьд эрхэлж байсан ажилд эгүүлэн томилж өгнө үү. Одоогийн санхүүгийн даргын албан тушаал нь дүйцэх ажлын байр гэж үзэж байна. Энэ хүн төрийн үйлчилгээний албан тушаалтан юм гэжээ. 

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Н.Буянжаргал шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан хариу тайлбартаа: Дипломат байгууллагын үйлчилгээ эрхлэх газар ТӨҮГ нь Засгийн газрын 2012 оны 9 дүгээр сарын 22-ны 46 дугаар топгоолоор Улсын төсөвт үйлдвэрийн газар байсан бөгөөд нийт 175 ажилтан, албан хаагчидтай байсан. 2014 онд Улсын их хурлаас хэмнэлтийн горимд шилжихээр шийдвэрлэсэн. Үүний дагуу Засгийн газрын агентлаг, төрийн байгууллагын бүтэц, зохион байгуулалтын талаар авах зарим арга хэмжээний тухай Засгийн газрын 2015 оны 12 дугаар сарын 21-ний 501 дүгээр тогтоолын 7 дахь залтаар Дипломат байгууллагын үйлчилгээ эрхлэх газар ТӨҮГ-г аж ахуйн тооцоотой төрийн өмчит үйлдвэрийн газар болгон зохион байгуулсан ба Засгийн газрын 2016 оны 01 дүгээр сарын 11-ний 28 дугаар тогтоолоор тус газрын дүрмийг баталсан. Дүрмийн 1.4-т зааснаар байгууллагын үйл ажиллагааг гэрээний үндсэн дээр санхүүжүүлж байхаар зохицуулсан. Эдгээр тогтоол гарсан даруйд ажил олгогчийн зүгээс тус газар нь аж ахуйн тооцоотой буюу өөрөө өөрийгөө санхүүжүүлдэг болж байгаа, үүнтэй холбоотойгоор бүтэц өөрчлөгдөх болон орон тоо хасагдах тухай нийт ажилчдад Хөдөлмөрийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.5-д заасны дагуу мэдэгдсэн. Хөдөлмөрийн тухай хуулийн энэхүү заалтын зорилго нь ажлаас халагдаж буй ажилтанд дараагийн ажлын байраа олж бэлдэхэд зориулсан хугацааг ажил олгогч гаргаж өгөх агуулга бүхий хамгаалалт бөгөөд ажил олгогч энэ үүргээ биелүүлж ажилтнуудад урьдчилан мэдэгдсэн. Төрийн болон орон нутгийн өмчийн тухай хуулийн 9 дүгээр зүйлийн 5 дах заалтад зааснаар Дипломат байгууллагын үйлчилгээ эрхлэх газар ТӨҮГ-ыг өөрчлөх, дүрмийг батлах эрх нь Засгийн газарт хадгалагдах ба бүтэц өөрчлөгдөж, орон тоо хасагдах талаар мэдэгдэл өгснөөс хойш Дипломат байгууллагын үйлчилгээ эрхлэх газар ТӨҮГ-ын зохион байгуулалтын бүтцийг эцэслэн батлахгүй байсаар 2016 оны 05 дугаар сарын 17-ны өдөр Сангийн сайдын 189 дүгээр тушаалаар бүтэц батлагдсан. Тушаал батлагдсан даруйд хэрэгжих ёстой бөгөөд цаашид нэхэмжлэгчийн хуучин ажиллаж байсан ажлын байр байхгүй болсон. Иймд Дипломат байгууллагын үйлчилгээ эрхлэх газар ТӨҮГ -ын даргын 2016 оны 05 дугаар сарын 19 -ний А/36 дугаар тушаалаар ажилтнуудын ажлаас чөлөөлсөн нь хөдөлмөрийн хууль тогтоомжийг зөрчөөгүй. Барилгын засвар, үйлчилгээ зэрэг Дипломат байгууллагын үйлчилгээ эрхлэх газар ТӨҮГ-ын хуучин хэрэгжүүлж байсан чиг үүргийг байгууллагын үндсэн бүтцээс хасч, харин шаардлагатай тохиолдолд гэрээгээр гаднаас үйлчилгээ авч байхаар тус газрын дүрэмд заасан тул бид хуучин ажиллаж байсан хүмүүсээ эн тэргүүнд ажил, орлоготой байлгах үүднээс цаашид гэрээгээр ажиллах боломжтой эсэхийг асуухад бүгд татгалзсан. Нэгэнт хуучин ажилчид маань гэрээгээр хамтран ажиллахгүй тул бид барилгын ажилчдыг ажилд авах тухай зар сонинд нийтлүүлсэн. Гэхдээ эдгээр ажилчид нь байгууллагын орон тооны үндсэн ажилчин биш харин тодорхой хугацаагаар ажил гүйцэтгэх гэрээгээр үйлчилгээ үзүүлж байгаа юм. Иймд нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэж өгнө үү гэжээ.

Шүүх: Хөдөлмөрийн тухай хуулийн 36 дугаар зүйлийн 36.2, 128 128.1.2-д зааснаар Дипломат байгууллагын үйлчилгээг эрхлэх газрын захирлын “Ажилтнуудыг ажлаас чөлөөлөх, ажилд томилох тухай” А/36 дугаар тушаалын Б.Болдбаатарт холбогдох хэсгийг хүчингүй болгож, нэхэмжлэгч Б.Болдбаатарыг ерөнхий нягтлан бодогчтой адил чанарын өөр ажил, албан тушаалд эгүүлэн тогтоохыг хариуцагч Дипломат байгууллагын үйлчилгээг эрхлэх газар ТӨҮГ-т даалгаж, Хөдөлмөрийн тухай хуулийн 69 дүгээр зүйлийн 69.1 дэх хэсэгт зааснаар ажилгүй байсан хугацааны цалинтай тэнцэх олговорт 3 870 000 төгрөгийг хариуцагч “Дипломат байгууллагын үйлчилгээг эрхлэх газар” ТӨҮГ-аас гаргуулж нэхэмжлэгч Б.Болдбаатарт олгож, Хөдөлмөрийн тухай хуулийн 46 дугаар зүйлийн 46.1 дэх хэсэг заасныг баримтлан нэхэмжлэгч Б.Болдбаатарын нийгмийн болон эрүүл мэндийн даатгалыг нөхөн төлүүлж, дэвтэрт бичилт хийхийг хариуцагч “Дипломат байгууллагын үйлчилгээг эрхлэх газар” ТӨҮГ-т даалгаж, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн  41 дүгээр зүйлийн 41.1.5-д зааснаар улсын тэмдэгтийн хураамжаас чөлөөлөгдсөн болохыг дурдаж, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60.1 дэх хэсэгт зааснаар хариуцагч “Дипломат байгууллагын үйлчилгээг эрхлэх газар” ТӨҮГ-аас 76 870 төгрөгийг нөхөн гаргуулж, улсын орлогод оруулж шийдвэрлэжээ.

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Н.Буянжаргал давж заалдах гомдолдоо: “...Анхан шатны шүүх шийдвэр гаргахдаа хэрэгт авагдсан нотлох баримтыг тал бүрээс нь бодитой, хэрэгт хамааралтай байдлаар үнэлсэнгүй. Б.Болдбаатар нь тус газрын даргын 2016 оны 05 сарын 19-ны өдрийн А/36 тоот тушаалаар ажлаас чөлөөлөгдсөн бөгөөд уг тушаал гаргах болсон үндэслэл нь тус байгууллагыг аж ахуйн тооцоот үйлдвэрийн газар болгон өөрчлөх, үүнтэй холбоотой бүтцийн өөрчлөлт хийх тухай асуудал 2015 онд яригдсан бөгөөд Гадаад хэргийн сайдын 2015 оны А/97 дугаар тушаалын 1 дүгээр зүйлийн 4 дэх заалтаар “Газрын орон тоог хасах, цөөрүүлэх, ажилтнуудтай байгуулсан хөдөлмөрийн гэрээ цуцлах асуудлыг зохион байгуулах“ ажлыг Дипломат байгууллагын үйлчилгээг эрхлэх газрын захирал О.Заяамандахад даалгасан бөгөөд уг тушаалыг 2015 оны 12 дугаар сарын 01-ний өдрөөр дагаж мөрдөхөөр тушаалд заажээ. Уг тушаалын дагуу нийт ажилтанд мэдэгдэх хуудас 2015 оны 12 дугаар сарын 03-нд гардуулсан бөгөөд нэхэмжлэгч Б.Болдбаатар нь уг өдөр ажилдаа ирээгүй. Б. Болдбаатарыг өмнө нь сахилгын зөрчил гаргасан үндэслэлээр Ерөнхий нягтлан бодогчоос тооцооны нягтлан бодогч болгон албан тушаал бууруулсан ба үүнтэй холбоотой шүүхэд нэхэмжлэл гаргасан. Нэхэмжлэл гаргасны дараа Б. Болдбаатар ажилдаа огт ирээгүй тул мэдэгдэх хуудас гардуулах нөхцөл бололцоо үүсээгүй юм. Шүүхэд нэхэмжлэл гаргах нь Б. Болдбаатарын эрх боловч энэ хугацаанд тооцооны нягтлан бодогчийн ажлыг орхиж явах эрх түүнд байхгүй. Энэ нь хөдөлмөрийн сахилгын зөрчилд тооцогдох бөгөөд хариуцагч байгууллагын захирлын Б/155 дугаар тушаалаар сахилгын шийтгэл ногдуулж байсан. Түүнчлэн бүтцийн өөрчлөлт орох талаар байгууллагын удирдах ажилтнуудын шуурхай зөвлөгөөн дээр байнга яригдаж байсан тул Б.Болдбаатар энэ талаар мэдэж байсан. Б.Болдбаатар өөрөө ажлаа хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр тасалж явсны улмаас Хөдөлмөрийн хуулийн 40 дүгээр зүйлийн 40.5-д зааснаар мэдэгдэж, баталгаажуулаагүй нь байгууллагыг буруутгах үндэслэл болохгүй. Бүтцийг өөрчлөх тухай шийдвэр Сангийн сайдын 2016 оны 05 сарын 17-нд 189 дүгээр тушаалаар эцэслэн батлагдсан боловч 5 сарын өмнө мэдэгдэх хуудас гардуулж байсан нь нэхэмжлэгчийн эрхийг зөрчөөгүй.

2015 оны 09 сарын 04-ний Б/155 тушаалаар Б.Болдбаатарт ажил тасалсан шалтгаанаар сахилгын шийтгэл ногдуулсан ба уг тушаалд Б.Болдбаатар гомдол гаргаж байгаагүй, энэ тушаалтай холбоотой шүүхийн шийдвэр байхгүй. Анхан шатны шүүх уг тушаалын үндэслэлийн талаар шүүх эцэслэн шийдвэрлэсэн мэтээр шийдвэртээ тусгасан нь алдаатай болжээ. Б/155 дугаар тушаалд Б.Болдбаатар гомдол гаргаагүй нь түүний ажил тасалсан зөрчилд ажил олгогчоос ногдуулсан сахилгын шийтгэлийг зөвшөөрч байна гэж үзэж байна. Нөгөө талаар Б.Болдбаатар ажлаа тасалсан талаараа шүүх хуралд мэдүүлдэг. Урт хугацаагаар ажил тасалсан Б.Болдбаатарыг Дипломат байгууллагын үйлчилгээг эрхлэх газрын санхүүгийн хэлтсийн даргын хариуцлагатай албан тушаалд томилох боломжгүй юм. Иймд шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож, Б.Болдбаатарын нахэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү” гэжээ.

 

ХЯНАВАЛ:

 

Анхан шатны шүүх хэрэгт авагдсан нотлох баримтыг хуульд заасан журмын дагуу үнэлсэн, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны хуулиар тогтоосон журмыг зөрчөөгүй байх тул шүүхийн шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх шаардагыг хангасан байна.

 

Нэхэмжлэгч Б.Болдбаатар нь хариуцагч “Дипломат байгууллагын үйлчилгээг эрхлэх газар” ТӨҮГ-т холбогдуулан Дипломат байгууллагын үйлчилгээг эрхлэх газрын захирлын “Ажилтнуудыг ажлаас чөлөөлөх, ажилд томилох” тухай А/36 дугаар тушаалын Б.Болдбаатарт холбогдох хэсгийг хүчингүй болгуулах, “Дипломат байгууллагын үйлчилгээг эрхлэх газар” ТӨҮГ-ын Санхүүгийн хэлтсийн даргын албан тушаалд эгүүлэн тогтоолгох, ажилгүй байсан хугацааны хөлстэй тэнцэх хэмжээний нөхөн олговор гаргуулах, нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын шимтгэлийг нөхөн төлүүлж, дэвтэрт бичилт хийлгэхийг хариуцагчид даалгах тухай нэхэмжлэл гаргасныг хариуцагч эс зөвшөөрч “Б.Болдбаатар сахилгын шийтгэл гаргасан, уг орон тоо цомхотгогдсон тул нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хүлээн зөвшөөрөхгүй” гэж маргажээ.

 

Нэхэмжлэгч Б.Болдбаатар нь хариуцагч Дипломат байгууллагын үйлчилгээг эрхлэх газрын Санхүү, аж ахуйн албаны даргаар 2015 оны 01 дүгээр сарын 14-ний өдрөөс хөдөлмөрийн гэрээ байгуулан ажиллаж байгаад тус байгууллагын захирлын 2016 оны 05 дугаар сарын 19-ний өдрийн А/36 дугаар тушаалаар түүнийг сахилгын шийтгэл гаргасан, уг орон тоо цомхотгогдсон гэж үзэж Хөдөлмөрийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.1, 42 дугаар зүйлийн 42.1, 24 дүгээр зүйлийн 24.1, Төрийн болон орон нутгийн өмчийн тухай хуулийн 18 дугаар зүйлийн 5 дахь заалт, Монгол Улсын Засгийн газрын 2015 оны 12 дугаар сарын 21-ний өдрийн 501 дүгээр тогтоол, 2016 оны 01 дүгээр сарын 11-ний өдрийн 28 дугаар тогтоол, Сангийн сайдын 2016 оны 05 дугаар сарын 17-ны өдрийн 189 дүгээр тушаал, Дипломат байгууллагын үйлчилгээг эрхлэх газар төрийн өмчит үйлдвэрийн газрын дүрмийн 7.3, 7.5.4, 7.7 дахь заалт Гадаад хэргийн яманы 2016 оны 03 дугаар сарын 22-ны өдрийн 02/1584 тоот албан бичгийг тус тус үндэслэн үүрэгт ажлаас чөлөөлөгдсөн болох нь зохигчдын тайлбар, хэрэгт авагдсан бичгийн нотлох баримтуудаар тогтоогдож байна. /хх 2-3, 28, 29, 63-65, 102-104/

 

Хэрэгт Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2015 оны 11 дүгээр сарын 10-ны өдрийн 7607 дугаар шийдвэр, Нийслэлийн иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2016 оны 01 дүгээр сарын 08-ны өдрийн 73 дугаар магадлал, Улсын дээд шүүхийн 2016 оны 03 дүгээр сарын 22-ны өдрийн 277 дугаар тогтоолоор нэхэмжлэгч Б.Болдбаатарыг Дипломат байгууллагын үйлчилгээг эрхлэх газар УТҮГ-ын ерөнхий нягтлан бодогчийн ажилд эгүүлэн тогтоож шийдвэрлэсэн ба 2016 оны 05 дугаар сарын 04-ний өдөр “Дипломат байгууллагын үйлчилгээг эрхлэх газар” ТӨҮГ-ын захирлын Б/30 тоот тушаалаар урьд эрхэлж байсан ажилд нь эгүүлэн томилсон болох нь баримтаар тогтоогдож байна. /хх 82-97/

 

Хөдөлмөрийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.5 дахь хэсэгт “Ажил олгогч энэ хуулийн 40.1.1, 40.1.2-т заасан үндэслэлээр хөдөлмөрийн гэрээг цуцлах тухайгаа ажилтанд нэг сарын өмнө мэдэгдэх бөгөөд аж ахуйн нэгж, байгууллага, түүний салбар, нэгж татан буугдсаны улмаас ажилтнуудыг бөөнөөр халах тохиолдолд ажилтны төлөөлөгчдөд 45 хоногийн өмнө мэдэгдэж, энэ хуульд заасны дагуу хэлэлцээ хийнэ” гэж зааснаар ажил олгогч нь 2015 оны 12 дугаар сарын 04-ний өдрийн нийт ажилчдын хурал дээр мэдэгдсэн гэх боловч түүнийгээ баримтаар нотолж чадаагүй байна.

 

Мөн хариуцагч нэхэмжлэлийн шаардлагын татгалзлын үндэслэлээ нэхэмжлэгчийн 2015 оны 08 дугаар сарын 19-ний өдрийн Б/129 дүгээр албан тушаал бууруулах, 2015 оны 09 дүгээр сарын 04-ний өдрийн Б/155 дугаар тушаалаар сахилгын сануулах шийтгэл ногдуулсан гэж тайлбарлаж байгаа боловч уг маргааныг гурван шатны шүүхээр эцэслэн шийдвэрлэгдсэн байна.

 

Хөдөлмөрийн тухай хуулийн 36 дугаар зүйлийн 36.2 дахь хэсэгт “Ажилтны урьд эрхэлж байсан ажлын байр, албан тушаал нь цомхотгогдсон бол ажил олгогч ажилтантай тохиролцсоны үндсэн дээр адил чанарын өөр ажил, албан тушаалд ажиллуулах үүрэгтэй” гэж заажээ.

 

Сангийн сайдын 2016 оны 05 дугаар сарын 17-ны өдрийн 189 дүгээр тушаалаар ерөнхий нягтлан бодогчийн албан тушаал нь цомхотгогдсон болох нь баримтаар тогтоогдсон, нэхэмжлэгчийг санхүүгийн албаны даргын албан тушаалд томилох боломжгүй гэж үзэж, түүнийг ерөнхий нягтлан бодогчтой адил чанарын өөр ажил, албан тушаалд эгүүлэн тогтоохыг хариуцагчид даалгаж шийдвэрлэсэн шүүхийн шийдвэр үндэслэлтэй байна.

 

Шүүх ажил олгогч нь ажилтныг хууль зөрчиж ажлаас халсан гэж дүгнэж, нэхэмжлэгчийг ерөнхий нягтлан бодогчтой адил чанарын өөр ажил, албан тушаалд эгүүлэн тогтоохыг хариуцагчид даалгаж, түүний урьд авч байсан дундаж цалин хөлстэй тэнцэх олговрыг Хөдөлмөр нийгмийн хамгааллын сайдын 2005 оны 55 дугаар тушаалаар батлагдсан "Ажилтны дундаж цалин хөлс тодорхойлох журам"-ын дагуу тооцож хариуцагч “Дипломат байгууллагын үйлчилгээг эрхлэх газар” ТӨҮГ-аас 3 870 000 төгрөг гаргуулан нэхэмжлэгч Б.Болдбаатарт олгож, нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын шимтгэлийг нөхөн төлж, дэвтэрт нь нөхөн бичилт хийлгэхийг хариуцагчид даалгаж шийдвэрлэсэн нь Хөдөлмөрийн тухай хуулийн 69 дүгээр зүйлийн 69.1, 46 дугаар зүйлийн 46.1, 46.2 дахь хэсэгт заасантай нийцсэн байна.

 

Иймд анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээж, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гаргасан давж заалдах гомдлыг хангах боломжгүй гэж давж заалдах шатны шүүх бүрэлдэхүүн дүгнэв.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.1-т заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2016 оны 09 дүгээр сарын 16-ны өдрийн 181/ШШ2016/00716 дугаар шийдвэрийг хэвээр үлдээж, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Н.Буянжаргалын гаргасан давж заалдах гомдлыг хангахгүй орхисугай.  

            2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 162 дугаар зүйлийн 162.4 дэх хэсэгт зааснаар давж заалдах шатны шүүхэд гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид хариуцагч “Дипломат байгууллагын үйлчилгээг эрхлэх газар” ТӨҮГ-ын төлсөн 76 870 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.

            3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7 дахь хэсэгт зааснаар магадлалыг танилцуулан сонсгож, 7 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүх хуралдааны оролцогч талууд шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд магадлалыг гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг дурдсугай.

 

 

 

ЕРӨНХИЙ ШҮҮГЧ                              Ж.ОЮУНТУНГАЛАГ

  

                                      ШҮҮГЧИД                               А.ОТГОНЦЭЦЭГ

                      

                                                                                                Д.ЦОГТСАЙХАН