Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2017 оны 09 сарын 19 өдөр

Дугаар 679

 

Б.Ө-т холбогдох эрүүгийн

хэргийн тухай

Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч С.Соёмбо-Эрдэнэ даргалж, шүүгч Д.Мягмаржав, Д.Оюунчулуун нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанд;

прокурор Б.Мөнх-Од,

ялтан Б.Ө-ын өмгөөлөгч Д.Б,

нарийн бичгийн дарга Ч.Хатанбаатар нарыг оролцуулан,

Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Б.Дуламсүрэн даргалж, шүүгч Б.Мөнх-Эрдэнэ, Х.Идэр нарын бүрэлдэхүүнтэй хийсэн шүүх хуралдааны 2017 оны 7 дугаар сарын 19-ний өдрийн 257 дугаар шийтгэх тогтоолыг эс зөвшөөрч ялтан Б.Өын өмгөөлөгч Д.Б-н гаргасан давж заалдах гомдлоор Б.Өт холбогдох 201625022554 дугаартай эрүүгийн хэргийг 2017 оны 8 дугаар сарын 28-ны өдөр хүлээн авч, шүүгч Д.Оюунчулууны илтгэснээр хянан хэлэлцэв.

С овогт Б-н Ө, 1993 оны 9 дүгээр сарын 9-ний өдөр Улаанбаатар хотод төрсөн, 24 настай, эрэгтэй, дээд боловсролтой, олон улсын харилцааны мэргэжилтэй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл 4, эх, эгч, эхнэрийн хамт Хан-Уул дүүргийн 1 дүгээр хороо, 120 мянгат 5 дугаар байрны 25 тоотод оршин суух, ял шийтгэлгүй, /РД: _____/,

Б.Ө нь давтан үйлдлээр,

- Сүхбаатар дүүргийн 6 дугаар хороо, 11 дүгээр хороолол, Их сургуулийн гудамж, 40-16 тоот Амгалангийн өмчлөлийн байранд амьдрахаар иргэн Урангоогоос түрээслэн авч улмаар гэрчилгээн дэх нэрийг нь засч өөрийн нэрээр болгон хуурамчаар үйлдээд 2016 оны 5 дугаар сарын 1-ний өдөр Б.Д-д өөрийн өмчлөлийнх гэж итгүүлж улмаар түүнийг 1 жилийн хугацаатай хүүнд нь уг байранд байлгахаар тохирч 12.000.000 төгрөгийг нь залилан авсан,

- Баянзүрх дүүргийн 18 дугаар хороо 13 дугаар хороолол, ХД-ийн 75 дугаар байрны 22 тоот иргэн Ц.Б-н өмчлөлийн байранд амьдрахаар түрээслэн авч улмаар иргэн Цэрэнчимэгт 2016 оны 4 дүгээр сарын 24-ний өдөр өөрийн өмчлөлийнх гэж итгүүлэн үзүүлж түүнийг 1 жилийн хугацаатай хүүнд нь уг байранд байлгахаар тохирч 9.000.000 төгрөгийг нь залилан авч бага бус хэмжээний хохирол учруулсан,

- Иргэн Б.М-ы өмчлөлийн Сүхбаатар дүүргийн 1 дүгээр хороо Үйлдвэрчин хотхоны 60 дугаар байрны 245 тоот байранд амьдрахаар түрээслэн авч улмаар уг байрыг 2016 оны 3 дугаар сарын 15-ны өдөр Л.Б-т өөрийн өмчлөлийнх гэж итгүүлэн, түүнийг 1 жилийн хугацаатай хүүнд нь уг байранд байлгахаар тохирч 15.000.000 төгрөгийг залилан авсан,

- 2016 оны 1 дүгээр сард Баянзүрх дүүргийн 3 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах 18 дугаар байрны 10 тоотын 2 өрөө байрыг эзэмшигч Г.Г-с түрээслэн амьдрахаар авч улмаар гэрчилгээг нь хуурамчаар өөрийн нэрээр болгон үйлдээд иргэн Б.-д өөрийн өмчлөлийнх гэж хуурамч гэрчилгээ үзүүлэн итгүүлж, түүнийг 1 жилийн хугацаатай хүүнд нь уг байранд байлгахаар тохирч 13.000.000 төгрөгийг нь залилан авсан,

- 2016 оны 10 дугаар сарын 12-ны өдөр иргэн А-н өмчлөлийн Баянзүрх дүүргийн 6 дугаар хороо 63А байрны 18 тоотод байрыг 1 жилийн хугацаатай амьдрахаар түрээслэн авч улмаар гэрчилгээг нь хуурамчаар өөрийн нэрээр болгон үйлдээд иргэн Ц.Ц-д өөрийн байр гэж үзүүлэн итгүүлж улмаар байрандаа 1 жилийн хугацаатай хүүнд нь байлгахаар тохирч барьцаа 10.000.000 төгрөгийг нь залилан авч хохирол учруулсан,

- Иргэн Н.Н-н өмчлөлийн Чингэлтэй дүүргийн 6 дугаар хороо 58-108 тоот байрыг 1 жилийн хугацаатай амьдрахаар түрээслэн авч улмаар гэрчилгээг нь хуурамчаар өөрийн нэрээр болгон үйлдээд 2016 оны 7 дугаар сарын 22-ны өдөр иргэн Ө.Б-д өөрийн байр гэж итгүүлэн үзүүлж түүнийг хүүнд нь 1 жилийн хугацаатай уг байранд байлгахаар тохирч 10.000.000 төгрөгийг нь залилан авч хохирол учруулсан,

- Иргэн Ц-н өмчлөлийн Баянзүрх дүүргийн 25 дугаар хороо 95/1-49 тоот 58-108 тоот байрыг түрээслэн амьдрахаар авч улмаар уг байрны гэрчилгээг нь хуурамчаар өөрийн нэрээр болгон үйлдээд 2016 оны 9 дүгээр сарын 24-ний өдөр иргэн Т.Б-д өөрийн өмчлөлийн байр гэж үзүүлж итгүүлэн түүнийг хүүнд нь 1 жилийн хугацаатай уг байранд байлгахаар тохирч 8.000.000 төгрөгийг нь залилан авч хохирол учруулсан,

- Иргэн Д.М-н өмчлөлийн Баянзүрх дүүргийн 26 дугаар хороо 418 дугаар байрны 185 тоот байрыг 1 жилийн хугацаагаар түрээслэн амьдрахаар авч улмаар уг байрны гэрчилгээг хуурамчаар өөрийн нэрээр үйлдэн, 2016 оны 11 дүгээр сарын 1-ний өдөр иргэн Д.Н-д өөрийн байр гэж итгүүлэн түүнийг 1 жилийн хугацаагаар хүүнд нь байлгахаар тохирч 13.000.000 төгрөгийг нь залилан авч хохирол учруулсан,

- Иргэн О-н өмчлөлийн Баянзүрх дүүргийн 4 дүгээр хороо 15 дугаар хороолол Американ дэнж 44 дүгээр байрны 6 дугаар орцны 41 тоот байрыг 1 жилийн хугацаагаар амьдрахаар түрээслэн авч улмаар уг байрны гэрчилгээг хуурамчаар өөрийн нэрээр болгон үйлдэж 2016 оны 12 дугаар сарын 5-ны өдөр иргэн Б.З-д өөрийн байр гэж итгүүлэн түүнийг 1 жилийн хугацаагаар хүүнд нь байлгахаар тохирч 12.000.000 төгрөгийг залилан авч хохирол учруулсан,

- Иргэн Б.Б-н өмчлөлийн Баянзүрх дүүргийн 25 дугаар хороо 13 дугаар хороолол 94 дүгээр байрны 54 тоот байранд амьдрахаар түрээслэн авч улмаар уг байрны гэрчилгээг  хуурамчаар өөрийн нэрээр үйлдээд 2016 оны 1 дүгээр сарын 21-ний өдөр иргэн Л.А-д өөрийн байр гэж үзүүлж итгүүлэн түүнийг 1 жилийн хугацаагаар хүүнд нь байлгахаар тохирч 10.000.000 төгрөгийг нь залилан авч хохирол учруулсан,

- Иргэн И-н өмчлөлийн Баянзүрх дүүргийн 25 дугаар хороо 13 дугаар хорооолол 96 дугаар байрны 81 тоотод амьдрахаар түрээслэн авч улмаар уг байрны гэрчилгээг хуурамчаар өөрийн нэрээр болгон үйлдээд 2016 оны 8 дугаар сарын 19-ний өдөр иргэн Б.Б-т өөрийн байр гэж үзүүлэн итгүүлж, түүнийг 1 жилийн хугацаагаар хүүнд нь байлгахаар тохирч Сүхбаатар дүүргийн нутаг дэвсгэр Баянзүрх захын орчим 12.000.000 төгрөгийг нь залилан авч хохирол учруулсан,

- Иргэн Э.Н-н өмчлөлийн Баянзүрх дүүргийн 5 дугаар хороо 91 дүгээр байрны 16 тоотод амьдрахаар түрээслэн авч улмаар уг байрны гэрчилгээг хуурамчаар өөрийн нэрээр болгон үйлдээд 2016 оны 12 дугаар сарын 5-ны өдөр иргэн Г.Э-т өөрийн байр гэж үзүүлэн итгүүлж түүнийг 1 жилийн хугацаагаар хүүнд нь байлгахаар тохирч 9.000.000 төгрөгийг нь тус тус залилан авч 12 удаагийн давтан үйлдлээр дээрх нэр бүхий 12 иргэнд нийт 133.000.000 төгрөгийн буюу онц их хэмжээний хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ.

Сүхбаатар дүүргийн прокурорын газраас: Б.Өын үйлдлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 148 дугаар зүйлийн 148.4 дэх хэсэгт зааснаар зүйлчлэн яллах дүгнэлт үйлдэж, хэргийг шүүхэд шилжүүлжээ.

Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх: Прокуророос Б.Өт холбогдуулан 2002 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 148 дугаар зүйлийн 148.4 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн хэргийн зүйлчлэлийг Шинэчлэн найруулсан 2015 оны Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан мөн Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 3.1 дэх хэсэг болгон нийцүүлэн өөрчилж, Б.Өыг хуурч, зохиомол байдлыг зориудаар бий болгож, бодит байдлыг нуух замаар бусдыг төөрөгдөлд оруулан эзэмшигч, өмчлөгчийн эд хөрөнгийг шилжүүлэн авч залилсан гэмт хэргийг байнга үйлдэж амьдралын эх үүсвэр болгон үйлдсэний улмаас их хэмжээний хохирол учруулсан гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцож, Шинэчлэн найруулсан 2015 оны Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1.4 дэх хэсгийг журамлан мөн Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 3.1 дэх хэсэгт зааснаар Б.Өыг 3 жил 4 сарын хугацаагаар хорих ялаар шийтгэж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар Б.Өын эдлэх ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлэх, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар Б.Өын цагдан хоригдсон 208 хоногийг түүний хорих ял эдэлсэн хугацаанд оруулан тооцох, Энэ хэрэгт битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, Б.Ө нь бусдад төлөх төлбөргүй болохыг дурдаж, түүний эдлэх ялыг 2017 оны 7 дугаар сарын 19-ний өдрөөс эхлэн тоолохоор шийдвэрлэжээ.

Ялтан Б.Өын өмгөөлөгч Б.Б гаргасан давж заалдах гомдол болон тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “... Б.Ө болон өмгөөлөгчийн зүгээс анхан шатны шүүхээс зүйлчилсэн зүйл ангийг хүлээн зөвшөөрөхгүй байгаа тул дараах үндэслэлээр гомдол гаргаж байна. Мөрдөн байцаалтын шатанд гэмт хэрэг гарсан шалтгаан нөхцлийг тогтоогоогүй, Б.Өын гэмт хэрэг үйлдэж олсон мөнгийг юунд, яаж зарцуулсан талаар тогтоогоогүй байхад шүүх амьдралын эх үүсвэр болгосон гэж дүгнэсэн нь үндэслэлгүй. Б.Ө нь спортын автомашинаар шарвалт /дрифт/ хийдэг спорт сонирохдог ба анх таньдаг хамаатны ахаасаа спорт машин худалдан авч, шарвалт хийж байгаад машины үзүүлэлтүүд нь таалагдахгүй болохоор нь хямд зараад танил ахаасаа зээлээр урьдчилгаа мөнгийг нь өгөөд арай үнэтэй машин худалдан авсан байдаг. Улмаар шарвалтын спортоор хичээллэж байх хугацаанд дээрх машин нь эвдэрсэн тул хямд зарсан. Дээрх байдлуудаас өр үүссэн ба үүнийг дарахын тулд залилангийн гэмт хэрэг үйлдсэн гэдгээ шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлдэг. Өөрөөр хэлбэл амьдралын эх үүсвэр болгож, өдөр тутмын хэрэгцээгээ хангахын тулд гэмт хэрэг үйлдээгүй. Өөрийн хобби дээр үндэслэж үүссэн өрийг дарахын тулд гэмт хэрэг үйлдсэн.

Б.Өын ар гэр амьдралын боломжтой, дэлгүүр ажиллуулдаг байсан. Тийм ч учраас учруулсан хохирлоо мөрдөн байцаалтын шатанд бүрэн төлж барагдуулсан. Б.Ө нь анх удаа гэмт хэрэг үйлдсэн, гэм буруугаа хүлээж, гэмшиж байгаа, гэмт хэргийн улмаас учирсан хохирлыг бүрэн барагдуулсан. Иймд анхан шатны шүүхээс зүйлчилсэн зүйл ангийг Шинэчилэн найруулсан 2015 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 2.2 дахь хэсэгт зааснаар зүйлчилж хорих ялыг хөнгөрүүлж өгнө үү...” гэв.

Прокурор Б.Мөнх-Од тус шүүх хуралдаанд гаргасан дүгнэлтдээ: “...Ялтан Б.Ө нь эрхэлсэн тодорхой ажилгүй, амьдралын эх үүсвэргүй. Түүний 12 удаагийн үйлдлийг байнгын шинжтэй гэж үзэж байна. Энэ авсан мөнгөөрөө ахуйн хэрэгцээндээ унаа тэрэг авч, хэрэгцээндээ зарцуулж байгаа нь амьдралын эх үүсвэрээ болгож байгаа үйлдэл тул прокуророос яллах дүгнэлтээ амьдралын эх үүсвэрээ болгосон гэдгээр үйлдэж шүүхэд шилжүүлсэн. Прокуророос анхан шатны шүүхийн шийдвэрийг үндэслэлтэй гэж үзэж байна. Иймээс ялтан Б.Өын өмгөөлөгч Д.Б-н гаргасан давж заалдах гомдлыг хэрэгсэхгүй болгож, шийтгэх тогтоолыг хэвээр үлдээж өгнө үү...” гэв.

ХЯНАВАЛ:

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.1 дүгээр зүйлийн 1, 3 дахь хэсэгт зааснаар давж заалдах шатны шүүх гомдлыг хянан шийдвэрлэхдээ гомдолд заасан асуудлаар хязгаарлахгүйгээр хэргийг бүхэлд нь хянаж үзлээ.

Б.Ө нь 2016 оны 1 дүгээр сараас 2016 оны 12 дугаар сарын 5-ны өдрийг хүртэлх хугацаанд нийт 12 удаагийн давтан үйлдлээр, дээрхи нэр бүхий 12 иргэнд 133.000.000 төгрөгийн буюу их хэмжээний хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн болох нь дор дурдсан нотлох баримтуудаар нотлогдож байна. Үүнд:   

 

1. Сүхбаатар дүүргийн 6 дугаар хороо, 11 дүгээр хороолол, Их сургуулийн гудамж, 40-16 тоот Амгалангийн өмчлөлийн байранд амьдрахаар иргэн У-с түрээслэн авч улмаар гэрчилгээн дэх нэрийг нь засч өөрийн нэрээр болгон хуурамчаар үйлдээд 2016 оны 5 дугаар сарын 1-ний өдөр Б.Д-д өөрийн өмчлөлийнх гэж итгүүлж улмаар түүнийг 1 жилийн хугацаатай хүүнд нь уг байранд байлгахаар тохирч 12.000.000 төгрөгийг нь залилан авсан нь:

Хохирогч Б.Д-н “... 2016 оны 5 дугаар сард “Үнэгүй.мн” зарын сайт дээр “хүүгүй мөнгө зээлж, байрандаа үнэгүй суулгана” гэсэн утгатай зарын дагуу Ө-р гэх залуутай холбогдож уулзахад Сүхбаатар дүүргийн 6 дугаар хороо 11 дүгээр хороолол Их сургуулийн гудамж 40-16 тоот байрыг надад үзүүлсэн. Надад хэлэхдээ “энэ байрыг манай ээж авч өгсөн, лизингээр авсан учир ордер нь банкинд байгаа. Надад ордерынх нь хуулбар байгаа” гээд өөрийнхөө нэр дээрх ордерын хуулбарыг харуулсан. Уг байр нь хотын төвд, боломжийн талбайтай байр байсан учраас надад шууд таалагдаад би Өт 12.000.000 төгрөг зээлүүлсэн. Тэгээд би уг байранд 1 жил 6 сарын хугацаатай амьдрахаар Өтай гэрээ хийсэн. Уг байранд манай охин Э-н амьдарч байсан ба 2016 оны 9 дүгээр сарын дундуур над руу залгаад “аав аа, энэ байрны жинхэнэ эзэн нь гээд нэг эмэгтэй ирчихсэн байна, та хүрээд ирээч” гэж хэлсэн. Намайг очиход Урангоо гэж хүн ирсэн байсан. Уулзахад “би энэ байрны эзэн нь байгаа юм. Би энэ байрыг Өт түрээслүүлсэн юм. Гэтэл Ө энэ байрны бичиг баримтыг хуурамчаар үйлдээд та нарт түрээслүүлчихсэн байна. Та бид 2 Өт залилуулсан байна” гэсэн. Тэгээд Ө тус байранд хүрч ирэхэд У цагдаа дуудаж, Ө-г баривчлуулсан. Би 2016 оны 5 дугаар сарын 13-ны өдөр 7.000.000 төгрөг, 2016 оны 5 дугаар сарын 17-ны өдөр 5.000.000 төгрөг шилжүүлсэн...” /1хх-25-26/,

Гэрч Ц.У-н “... Би Ө гэх хүнд өөрийн Сүхбаатар дүүргийн 6 дугаар хороо 40-16 тоот байраа 2016 оны 5 дугаар сарын 1-ний өдрөөс 1 жилийн хугацаатай түрээслүүлсэн. Ө нь түрээсийн гэрээнд заасны дагуу сар бүрийн 30-ны өдөр түрээсийн мөнгө болох 550.000 төгрөгийг шилжүүлдэг байсан. Тэгээд 2016 оны 8 дугаар сарын 1-ний өдөр Ө-тай утсаар холбогдож гэрээнд заасны дагуу 2016 оны 9 дүгээр сар гэхэд байраа суллаарай, бид нар өөрсдөө байрандаа орно гэж мэдэгдэх үед Б.Ө нь “...бид уг байрны мөнгийг 3 сараар нь өгөх боломжтой болсон. Энэ байртай ойрхон шинэ ажилд орсон учраас байрнаасаа гарах хэцүү байна...” гэж хэлсэн. Би тэр үед бид нар өөрсдөө орно, боломжгүй гэдгээ хэлээд түрээсийн гэрээнд заасан сүүлийн хугацааны 1 сарын түрээсийн мөнгө болох 550.000 төгрөгийг аваад чимээгүй орхисон. Тэгээд 8 дугаар сард 7 хоног бүрийн 5 дахь өдөр Ө луу залгахаар “...Хөвсгөлд байна, бид хоёр байрандаа байхгүй байгаа, ажилтай байна...” гэх шалтгаанаар удаа дараа хойшлуулж байсан. Тэгж байтал 2016 оны 9 дүгээр сарын 10-ны үед танихгүй дугаараас “... тогны мөнгөө төлөөч, тог таслаад хаячихлаа...” гэж залгасан. Тэгэхээр нь “... юун тогны мөнгө вэ, хаанаас, хэн гэж хүн залгаж байгаа юм бэ...” гэж асуухад “... Ө-н эхнэр У  биш юм уу, танай нөхөр чинь Сүхбаатар дүүргийн 6 дугаар хороо 40-16 тоот байрыг түрээслүүлэхдээ тогны мөнгөө та нар төлж байхаар тохирсон биз дээ...” гэсэн. Тэгээд байран дээрээ очиж уулзахад Д гэх хүн охиндоо түрээслэж өгсөн байсан...” /1хх-27/,

Гэрч Г.Э-ы “... “Үнэгүй.мн” сайтаас Ө-н “... мөнгө зээлж, хүүнд нь байрандаа үнэгүй суулгана...” гэсэн зарыг хараад аавдаа хэлэхэд аав, ээж байрыг очиж үзэхэд Ө  нь “... бид нарт 10.000.000 төгрөг өгчих, тэгээд 1 жилийн хугацаатай хүүнд нь үнэгүй суулгана гэж хэлсэн. Тэгэж байснаа нэмээд 12.000.000 төгрөг өгөх юм бол 1 жил 6 сар үнэгүй суулгана гэж хэлсэн. Бид нарыг тавилга, цахилгаан бараагаа ашиглуулах тул байрны мөнгө, СӨХ-ийн мөнгөө төлөөрэй. Харин би кабелийн мөнгөө төлнө гэж хэлсэн. Бид нар өөрсдөө Зайсан руу нүүж байгаа гэж хэлсэн. Би тухайн үед байр хайж байсан тул тэр байрыг сонирхож орохоор болсон. Маргааш нь манай  аав Өтай уулзаж нотариат ороод мөнгө зээлүүлэх болон байр түрээслэх гэрээ хийсэн. Эхний өдөр 7.000.000 төгрөг, дараагийн өдөр нь 5.000.000 төгрөг шилжүүлсэн. Нийт 12.000.000 төгрөг шилжүүлээд 2 хоногийн дараа тус байранд нүүж орсон. Тэгсэн 2016 оны 9 дүгээр сарын 15-ны өдөр манай түрээсийн байрны тогийг тасалчихсан тул Б.Өын 95050014 дугаарын утас руу залгасан чинь холбогдох боломжгүй байсан. Тэгэхээр нь юнивишны гэрээн дээр нэр нь байдаг Урангоо гэх хүнийг Өын эхнэр гэж бодоод залгахад У нь “ ямар учиртай хүн бэ, манай байранд ямар хүн байгаа юм бэ, би очиж уулзъя” гээд манай түрээсийн байранд ирээд өөрөө байрны эзэн нь гэдгээ хэлсэн...” /1хх-28-29/,

Б.Өын сэжигтнээр өгсөн “... Би Сүхбаатар дүүргийн 6 дугаар хороо, 11 дүгээр хороолол, Их сургуулийн гудамж, 40-16 тоот байрыг У-с 2016 оны 5 дугаар сарын 1-ний өдрөөс 2017 оны 5 дугаар сарын 1-ний өдрийг хүртэл 1 жилийн хугацаатай, 1 сарын 550.000 төгрөгөөр түрээслэхээр гэрээ байгуулсан. Тэгтэл надад зайлшгүй мөнгөний хэрэг гараад тухайн байрыг давхар түрээслэх санаа төрөөд, байрны гэрчилгээний нэрийг сольж иргэн Б.Д-д 2016 оны 5 дугаар сарын 20-ны өдрөөс 2017 оны 5 дугаар сарын 20-ны өдрийг хүртэл 1 сарын 600.000 төгрөгөөр түрээслэхээр давхар гэрээ байгуулж, нотариатаар 12.000.000 төгрөгийн зээлийн гэрээ байгуулж, 12.000.000 төгрөгийг нь аваад, хүүнд нь дээрх байранд суулгахаар болсон...” /1хх-35-36/ гэх мэдүүлгүүд, Улсын бүртгэлийн гэрчилгээний хуулбар /1хх-12, 16/, Орон сууц хөлслөх гэрээ /1хх-13/, Орон сууц түрээслэх, түрээслүүлэх гэрээ /1хх-14-15/, Хаан банкны орлогын мэдүүлгүүд /1хх-16/, Зээлийн гэрээ /1хх-18, Иргэд хоорондын хэлцэл /1хх-20/ зэрэг нотлох баримтуудаар,

2. Баянзүрх дүүргийн 18 дугаар хороо 13 дугаар хороолол, ХД-ийн 75 дугаар байрны 22 тоот иргэн Ц.Б-н өмчлөлийн байранд амьдрахаар түрээслэн авч улмаар иргэн Ц-т 2016 оны 4 дүгээр сарын 24-ний өдөр өөрийн өмчлөлийнх гэж итгүүлэн, байрыг үзүүлж түүнийг 1 жилийн хугацаатай хүүнд нь уг байранд байлгахаар тохирч 9.000.000 төгрөгийг нь залилан авч бага бус хэмжээний хохирол учруулсан нь:

Хохирогч Ц.Ц-н “... 2016 оны 4 дүгээр сард Үнэгүй.мн сайтад мөнгө зээлдүүлж, хүүнд нь байранд сууна гэсэн зар тавьсан ба удалгүй над руу 95951416 дугаараас 1 эмэгтэй залгаж, миний байрыг ирээд үз гэсэн. Тэгээд би Баянзүрх дүүргийн 18 дугаар хороо, 75б байрны 22 тоотод очиж үзэхэд өөрийгөө Жавзан гэж 30 орчим насны, жирэмсэн эмэгтэй байраа үзүүлээд байрны хөлсийг бид төлнө, 1 жилээр байр хөлслөнө, 1 жил дуусангуут мөнгийг чинь өгнө гэсэн. Надад уг байрны хөлсийг тэд нар төлнө гэсэн нь таалагдсан учир 9.000.000 төгрөг зээлүүлж байранд нь суухаар болсон. 2016 оны 4 дүгээр сарын 24-ний өдөр Хан-Уул дүүргийн нотариат дээр очиход тэр эмэгтэй нөхөр Өын хамт байсан. Би нотариатын хажууд 9.000.000 төгрөг бэлнээр өгсөн. 2016 оны 10 дугаар сард миний түрээслэсэн байрны тогийг тасалсан. Тэгэхээр нь Ө, Ж нарын утас руу залгахад утсаа авахгүй байсан. Уг байрны юнивишний төлбөрийн би төлдөг байсан ба дүүгийнх нь гэх 9920-тай дугаар луу залгаад, танай ах чинь байрны төлбөрөө төлөхгүй байна гэхэд “ ямар ах, наад байр чинь миний байр, Ө, Ж гэх хүмүүст түрээслэсэн” гэсэн...” /2хх-60-61/,

Гэрч Г.Г-н “... Баянзүрх дүүргийн 18 дугаар хороо, 13 дугаар хороолол ХД-75Б байрны 22 тоот байр нь манай нөхөр Ц.Б-н өмчлөлийн байр юм. 2016 оны 3 дугаар сард “Зөв эргэлт” ХХК-иас хүүхэн, залуу 2 байрыг чинь түрээслье гэж байна, байранд чинь орууллаа гэхээр нь очиход Ө, Ж гэх хүмүүс байсан. Тэд сарын 600.000 төгрөгийг сар бүр төлөхөөр тохиролцсон ба орон сууц хөлслөх гэрээг 1 жилийн хугацаатай байгуулсан. Уг гэрээг би Сүхбаатар овогтой Жтай байгуулсан. Тэгтэл 2016 оны 10 дугаар сард над руу нэг хүн залгаж, байранд чинь байгаа хүн байна гэхээр нь Ө уу гэхэд үгүй гэсэн. Тэгээд бид 2 ярилцахад Ө, Ж нар манай байрыг гуравдагч этгээдэд давхар түрээслэн мөнгө авсан байсан. Тэгээд Ж руу залгаж асуухад “харин тэгсэн  юм аа, уучлаарай” гэсэн. Тэр хүний яриагаар 9.000.000 төгрөг зээлүүлж, мөнгөнийхөө хүүнд манай байранд сууж байгаа гэсэн...” /2хх-64/,

Гэрч Д.А-н “... Б.Ө, Ц.Ц гэх хүмүүсийг танихгүй. 2016 оны 4 дүгээр сарын 25-ны өдөр уг хүмүүс орж ирээд зээлийн гэрээ байгуулъя гэсэн. Би хүүтэй мөнгө зээлж байгаа юм уу гэхэд эмэгтэй нь “хүүгүй, хүүнд нь байранд нь сууж байгаа юм” гэж хэлсэн. Би зээлийн гэрээ байгуулж байгаа хүмүүсээс мөнгө төгрөгөө өгч, авсан уу гэж асуудаг учир тэр хоёр хүнээс мөн тэгж асуухад тэд нар мөнгөө өгч, авсан гэсэн учир зээлийн гэрээн дээр нь мөнгө авсан талаар нь бичүүлсэн. Мөнгө өгсөн этгээдэд нь мөнгө өгсөн талаар бичсэн зээлийн гэрээг өгдөг. Мөнгө өгч авалцаагүй байвал хоёр талд зээл авч байгаа хүний данс руу хийж, баримтаа авч үлдээрэй гэж тайлбарлан хэлдэг...” /2хх-65/,

Б.Өын сэжигтнээр өгсөн “... 2016 оны 3 дугаар сарын 19-ний өдөр Зөв эргэлт зуучлалын компаниас Баянзүрх дүүргийн 18 дугаар хороо, 13 дугаар хороолол 75Б байрны 22 тоот, 2 өрөө байрын сарын 600.000 төгрөгөөр түрээслэх болсон. Тэр үед эхнэр Жтай хамт амьдрах санаа, зорилготой байр түрээслэсэн. Би Ө  гэх хүнд 4.000.000 төгрөгийн өртэй байсан ба өдөр, шөнөгүй мөнгөө нэхэж залгаад байхаар нь арга ядаад түрээслэсэн байраа давхар өөр хүнд түрээслэхээр болсон. Ц нь 9.000.000 төгрөгийг 1 жилийн хугацаатай надад зээлүүлж, би хүүнд нь уг байранд суулгахаар болсон...” /2хх-67-68/ гэх мэдүүлгүүд, Зээлийн гэрээ /2хх-52/, Үл хөдлөх эд хөрөнгийн улсын бүртгэлийн гэрчилгээний хуулбар /2хх-53/, Түрээсийн гэрээ /2хх-54-55/, Хугацаа тогтоож баталгаа гаргах тухай /2хх-56/ зэрэг нотлох баримтуудаар,

3. Иргэн Б.М өмчлөлийн Сүхбаатар дүүргийн 1 дүгээр хороо Үйлдвэрчин хотхоны 60 дугаар байрны 245 тоот байранд амьдрахаар түрээслэн авч улмаар уг байрыг 2016 оны 3 дугаар сарын 15-ны өдөр Л.Б өөрийн өмчлөлийнх гэж итгүүлэн, түүнийг 1 жилийн хугацаатай хүүнд нь уг байранд байлгахаар тохирч 15.000.000 төгрөгийг залилан авсан нь:

Хохирогч Л.Б “... Би 2016 оны 3 дугаар сарын 10-ны үед “Үнэгүй.мн” сайт дээрээс мөнгө зээлж, байрандаа суулгана гэсэн зарыг хараад, зарын дагуу залгахад Сүхбаатар дүүргийн 1 дүгээр хороо, Үйлдвэрчин хотхоны 60-245 тоотод ирээд уулз гэж эхнэр Ж нь хэлсэн. Тэгээд очиж уулзаад байрыг нь харахад их боломжийн, цэвэрхэн, бүрэн тавилгатай байр байсан. Тэгээд Өт 15.000.000 төгрөг зээлээд оронд нь 3,5 хувийн хүүнд 1 жилийн хугацаатай уг байранд суухаар болсон. Тэгээд байрны ордерыг үзье гэсэн чинь Ө “... байрны ордер 8 хувийн зээлтэй, банкны барьцаанд байгаа, канондсан хувь нь байгаа...” гээд өөрийн гэрлэлтийн баталгаа болон иргэний үнэмлэхний хуулбар зэргээр гэрээ хийнэ гэж хэлээд уг байрны дулаан, цахилгаан, СӨХ-ны зардал зэргийг өөрсдөө төлнө. Харин та нар юнивишний төлбөрөө өөрсдөө төлөөрэй гэж хэлсэн. Маргааш нь нотариат орж баталгаажуулах гэтэл хуулбар баримт бичгийг баталгаажуулах боломжгүй, харин бэлэн мөнгө авсан, өгсөн гэрээг баталгаажуулж болно гэсэн. Тэгээд гэрээ хийх үед би Ө, эхнэр Ж нараас 15.000.000 төгрөгөөр яах гэж байгаа юм бэ, хугацаандаа төлж чадна биз дээ гэж асуухад бид нар 120-д дэлгүүр ажиллуулдаг бөгөөд дахин нэг дэлгүүр нэмж ажиллуулах гэсэн юм гэж хариулсан. 2017 оны 1 дүгээр сарын 5-ны өдөр 1 залуу “:.. энэ байр миний байр байгаа юм, та нар 1 сарын байрны мөнгөө төлөөчээ...” гэж ирэхээр нь бид нар Өтай 1 жилийн гэрээ байгуулаад, мөнгө зээлээд сууж байгаа гэсэн чинь Ө манай байрыг түрээслэсэн гэж хэлсэн. Тэгж Өыг хуурамч бичиг баримт бүрдүүлж давхар түрээслэсэн талаар мэдсэн...” /1хх-113-114/,

Гэрч Б.Э “... Манай эхнэр М нь Сүхбаатар дүүргийн 1 дүгээр хороо, Үйлдвэрчин хотхон, 60 дугаар байр, 245 тоот байрыг 2016 оны 3 дугаар сарын 1-ний өдрөөс эхлэн Ө гэх хүнд түрээслүүлсэн бөгөөд гэрээ байгуулна гэсэн боловч Ө нь барьцаа байхгүй, иргэний үнэмлэхний лавлагаатай тул нотариат түрээсийн гэрээг батлахгүй гэсэн. Тэгээд түрээсийн гэрээ байгуулаагүй байхад Ө нь сар бүрийн эхний өдөр болгон түрээсийн мөнгө 550.000 төгрөгийг өгөөд явдаг байсан учир итгээд түрээсийн гэрээ байгуулаагүй орхисон. 2016 оны 3 дугаар сараас 2016 оны 12 дугаар сарын 9, 10-ныг хүргэсэн. Тэгээд 2017 оны 1 дүгээр сарын 15-ны өдөр би Сүхбаатар дүүргийн 1 дүгээр хороо Үйлдвэрчин хотхон, 60 дугаар байр, 245 тоотод очоод “... байрны эзэн нь байна, та нар яагаад түрээсийн мөнгөө төлөхгүй байгаа юм бэ...” гэсэн чинь бид нар 15.000.000 төгрөг зээлүүлсэн бөгөөд түрээсээ төлдөггүй, зээлсэн мөнгөний хүүнд амьдардаг гэж хэлсэн. Тэгээд Өыг өөр хүнд дам түрээслээд 15.000.000 төгрөг авсан гэдгийг мэдсэн...” /1хх-115/,

Б.Өын сэжигтнээр өгсөн “... Би 2016 оны 3 дугаар сарын 1-ний өдөр М-н Сүхбаатар дүүргийн 1 дүгээр хороо, 60-245 тоот байрыг сар бүрийн 550.000 төгрөгөөр түрээслэсэн бөгөөд 2016 оны 3 дугаар сарын 18-ны өдөр иргэн Б-с 15.000.000 төгрөгийг 1 жилийн хугацаатай зээлж аваад хүүнд нь тухайн байранд суулгахаар тухайн байрны эзэмшигч М-н байрны гэрчилгээг өөрийн нэрээр хуурамчаар үйлдээд мөнгө зээлэх, зээлүүлэх гэрээ байгуулсан...” /1хх-128/ гэх мэдүүлгүүд, Түрээсийн гэрээ /1хх-107-110/, Үл хөдлөх хөрөнгийн улсын бүртгэлийн гэрчилгээ /1хх-106/, Зээлийн гэрээ /1хх-105/ зэрэг нотлох баримтуудаар,

4. 2016 оны 1 дүгээр сард Баянзүрх дүүргийн 3 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах 18 дугаар байрны 10 тоотын 2 өрөө байрыг эзэмшигч Г.Г-с түрээслэн амьдрахаар авч улмаар гэрчилгээг нь хуурамчаар өөрийн нэрээр болгон үйлдээд иргэн Б.Бат-Аюушид өөрийн өмчлөлийнх гэж хуурамч гэрчилгээ үзүүлэн итгүүлж, түүнийг 1 жилийн хугацаатай хүүнд нь уг байранд байлгахаар тохирч 13.000.000 төгрөгийг нь залилан авсан нь:

Хохирогч Р.Б-н “... 2016 оны 2 дугаар сарын 20-ны үед шуурхай зар сонингоос мөнгө зээлж, хүүнд нь байрандаа суулгана гэсэн зарын дагуу Өтай очиж уулзсан. Тэгэхэд Ө нь манай байр банкны барьцаанд байгаа, зээлийн гэрээ хийхээр бол банкнаас хуулбарыг нь аваад хийчихэж болно гэж хэлсэн. Ингээд би итгээд Өтай 15 дугаар хороололд байрлах нотариат орж зээлийн гэрээ хийсэн. Нотариат дээр Ө нь байрны гэрчилгээний хуулбар гаргаж ирээд зээлийн гэрээ байгуулсан. Би Өт 12.000.000 төгрөг сарын 5 хувийн хүүтэй зээлүүлсэн ба 12.000.000 төгрөгөө өгөөд 2 жилийн хугацаатай байранд нь суухаар тохиролцсон. Тэгээд 2016 оны 3 дугаар сарын 4-ний өдрөөс эхлэн амьдарсан. Гэтэл 2016 оны 12 дугаар сарын 30-ны өдөр Г гэж залуу орж ирээд “энэ миний байр байгаа юм, би байраа Ө гэх залууд түрээслүүлсэн” гэж хэлсэн. Мөн 1.000.000 төгрөг өгөөч гээд гуйгаад байхаар нь би эхнэрийнх нь Хас банкны данс руу шилжүүлсэн. Нийт 13.000.000 төгрөгийг надаас зээлсэн...” /1хх-179-180/,

Гэрч Б.Г-н “... Би өөрийн эзэмшлийн Баянзүрх дүүргийн 3 дугаар хороо 18-10 тоот 56.65 мкв байрыг түрээслүүлэхээр зар тавьсан. Үүний дагуу Ө нь эхнэр Жтай хамт ирж уулзсан. Би уг байрыг сарын 600.000 төгрөгөөр 1 жилийн хугацаатай түрээслүүлэхээр болоод гэрээ хийсэн. Ингээд 2016 оны 1 дүгээр сарын 23-ны өдрөөс өнөөдрийг хүртэл түрээслэж байсан. Энэ хугацаанд 2 сард 1 удаа, 2 сарын байрны мөнгийг бөөнөөр нь манай эхнэрийн Хас банкны данс руу шилжүүлдэг байсан бөгөөд мөнгөө асуудалгүй өгдөг байсан болохоор 1 ч удаа байраа эргэж байгаагүй. Гэтэл 2016 оны 12 дугаар сарын 23-ны өдөр түрээсийн мөнгөө өгөх ёстой байтал өгөхгүй, утас нь холбогдохгүй байхаар нь гайхаад байрандаа очиход Бат-Аюуш гэж хүн хаалга онгойлгосон. Өыг асуухад Ө нь түүнд өөрийгөө байрны эзэн гэж ойлгуулаад 12.000.000 төгрөгийг 5 хувийн хүүтэй зээлээд, хүүнд нь байранд суулгасан байсан. Б нь 2016 оны 2 дугаар сараас түрээслэсэн байсан...” /1хх-181-182/,

Б.Өын сэжигтнээр өгсөн “... интернет зараас харж байгаад диплом гаргаж өгнө гэсэн зарын дагуу танихгүй хүнтэй мессенжерээр харьцаж байгаад Баянзүрх дүүргийн 3 дугаар хороо, 18 дугаар байрны 10 тоотын гэрчилгээг хийлгэсэн. Би тэр хүн рүү эхлээд загвараар зургийг нь явуулаад, тэр хүн хийж дуусаад над руу дугаараа нууцалж залгаад 25 дугаар эмийн сангийн ойролцоо уулзаад 500.000 төгрөг өгч хуурамч гэрчилгээ гаргуулж авсан...” /1хх-185-186/ гэх мэдүүлгүүд, Орон сууц түрээслэх гэрээ /1хх-165-166/, Зээлийн гэрээ /1хх-167/, Үл хөдлөх хөрөнгийн улсын бүртгэлийн гэрчилгээ /1хх-169-170/, Түрээсийн гэрээ /1хх-171-177/, Төлбөр барагдуулах хэлцэл /1хх-197/, Мөнгө шилжүүлсэн банкны хуулга /1хх-198/ зэрэг нотлох баримтуудаар,

5. 2016 оны 10 дугаар сарын 12-ны өдөр иргэн А-н өмчлөлийн Баянзүрх дүүргийн 6 дугаар хороо 63А байрны 18 тоот байрыг 1 жилийн хугацаатай амьдрахаар түрээслэн авч улмаар гэрчилгээг нь хуурамчаар өөрийн нэрээр болгон үйлдээд иргэн Ц.Ц-д өөрийн байр гэж үзүүлэн итгүүлж улмаар байрандаа 1 жилийн хугацаатай хүүнд нь байлгахаар тохирч барьцаа 10.000.000 төгрөгийг нь залилан авч хохирол учруулсан нь:

Хохирогч Ц.Ц-н “... 2016 оны 10 дугаар сарын 12-ны өдөр Үнэгүй.мн сайтаас байр түрээслэнэ гэсэн зарын дагуу 99195148 дугаарын утсаар Ж гэх эмэгтэйтэй холбогдож, Баянзүрх дүүргийн 5 дугаар хороо, Кино үйлдвэрийн автобусны буудлын хойд талд Ж-н нөхөр Б.Өтай уулзаж, байранд нь суугаад 10.000.000 төгрөгийг 4 хувийн хүүтэй, 1 жилийн хугацаатай түрээслэхээр болоод нотариатаар зээлийн гэрээ байгуулж, 10.000.000 төгрөгийг бэлнээр Өт өгсөн. Тэгээд түрээсийн байрандаа амьдарч байхад СӨХ-оос өртэй, уулз гээд 2016 оны 11 дүгээр сарын 20-ны өдөр уулзаад уг байрыг Өын байр биш гэдгийг мэдээд Өыг дуудаж уулзахад “... энэ миний байр бишээ, таны мөнгийг  удахгүй өгнө...” гээд өөрийн гараараа 2 удаа баталгаа бичиж өгсөн. Ө нь 2016 оны 11 дүгээр сарын 28-ны 500.000 төгрөг, 2016 оны 12 дугаар сарын 5-ны өдөр 2.000.000 төгрөг тус тус надад өгсөн. Үүнээс хойш гар утас нь холбогдохгүй, өөрөө ч ирж уулзахгүй алга болсон. Сүүлд Сүхбаатар дүүргийн Цагдаагийн 1 дүгээр хэлтсээс цагдан хоригдсон байсан. 2017 оны 1 дүгээр сарын 8-ны өдөр сар бүрийн төлөх 600.000 төгрөг төлөгдөөгүй үндэслэлээр байрны эзэн А гэх залуу намайг байрнаас хөөж гаргасан юм. Би үл хөдлөх эд хөрөнгийн өмчлөх эрхийн Улсын бүртгэлийн гэрчилгээ А-н нэр дээр байсан ба Өын надад өгсөн хуурамч гэрчилгээний хувьтай харьцуулж харахад нэрнээс бусад нь адилхан байсан. Би нийт 2.500.000 төгрөгийг Өаас авсан. Найз Д-с 1.000.000 төгрөг аваад Өт 10 хувийн хүүтэй давхар зээлүүлсэн. Нийт 8.500.000 төгрөгийн авлагатай...” /1хх-206-207/ гэх мэдүүлэг, Зээлийн гэрээ /1хх-208/, Үл хөдлөх эд хөрөнгийн улсын бүртгэлийн гэрчилгээний хуулбар /1хх-209/, Түрээсийн гэрээ /1хх-210-213/, зээлийн гэрээ /1хх-214/, Баталгаа гаргах нь /1хх-215-216/ зэрэг нотлох баримтуудаар,

6. Иргэн Н.Н-н өмчлөлийн Чингэлтэй дүүргийн 6 дугаар хороо 58-108 тоот байрыг 1 жилийн хугацаатай амьдрахаар түрээслэн авч улмаар гэрчилгээг нь хуурамчаар өөрийн нэрээр болгон үйлдээд 2016 оны 7 дугаар сарын 22-ны өдөр иргэн Ө.Б-д өөрийн байр гэж итгүүлэн үзүүлж түүнийг хүүнд нь 1 жилийн хугацаатай уг байранд байлгахаар тохирч 10.000.000 төгрөгийг нь залилан авч хохирол учруулсан нь:

Хохирогч Ө.Б-н “... Би 2016 оны 7 дугаар сард интернет зараас “Мөнгө зээлээд хүүнд нь байрандаа түр суулгана” гэсний дагуу Өтай уулзаад нотариат орж 10.000.000 төгрөгийн зээлийн гэрээ байгуулан хүү тооцолгүйгээр, хүүний оронд Чингэлтэй дүүргийн 6 дугаар хороо, 58 дугаар байрны 108 тоот байранд эхнэрийн хамт 1 жилийн хугацаатай суухаар тохиролцсон. Тэр үед Б.Ө нь тухайн байрны хараар хуулбарласан гэрчилгээг надад өгөхөд тухайн гэрчилгээ нь Өын нэр дээр байсан. Тэгээд би тухайн байранд эхнэрийн хамт 2016 оны 7 дугаар сарын 22-ны өдрөөс 2016 оны 12 дугаар сарын 19-ний өдрийг хүртэл байсан ба тухайн өдөр Ж-, Н  гэж хүмүүс тус байранд ирээд “...түрээсийн мөнгөө авах гэж ирлээ...” гэсэн. Тэгээд эхнэр бид 2 Өт мөнгө зээлээд хүүнд нь байранд амьдарч байгаа, энэ байр Өын байр гэдэг талаар хэлсэн. Тэгтэл Ж, Н нар түрээсийн гэрээ гаргаж ирээд үзүүлэхэд Өын эхнэр Ж гэх эмэгтэй 2016 оны 7 дугаар сарын 10-ны өдрөөс 2017 оны 7 дугаар сарын 10-ны өдрийг хүртэл 1 сарын 630.000 төгрөгөөр түрээсийн гэрээ байгуулсан байсан...” /1хх-235-236/,

Гэрч Н.Н-н “... Чингэлтэй дүүргийн 6 дугаар хороо, 58-108 тоот өөрийн байрыг 2016 оны 7 дугаар сарын 10-ны өдөр Ж гэдэг хүнд сарын 630.000 төгрөгийн хөлстэй, 1 жилийн хугацаатай түрээслүүлсэн юм. Энэ хугацаанд надтай гэрээ байгуулсан Ж нь дансаар 2016 оны 12 дугаар сарын хүртэл хугацаанд түрээсийн төлбөрөө шилжүүлдэг байснаа үлдсэн нэг сарын төлбөрийг төлөхгүй, 10 гаран хоног болоод удаагаад байхаар нь 2016 оны 12 дугаар сарын сүүлээр байрандаа очоод шалгатал Жас өөр хүн манай байранд амьдарч байсан. Тэгээд ямар учиртай болохыг асуухад Ө.Б гэх хүн “... Ж-н нөхөр гэх хүнтэй зээлийн гэрээ байгуулж мөнгө зээлээд, хүүнд нь энэ байранд амьдарч байгаа, энэ байрыг Ө нь миний байр гэж хэлээд надтай гэрээ байгуулсан...” гэж байсан...” /1хх-237/ гэх мэдүүлгүүд, Орон сууц түрээслэх гэрээ /1хх-240-241/, Үл хөдлөх эд хөрөнгийн улсын бүртгэлийн гэрчилгээний хуулбар /1хх-242, 250/, Орон сууц түрээслэх, түрээслүүлэх гэрээ /1хх-243-245, 2хх-3-4/, Зээлийн гэрээ /2хх-2/, зэрэг нотлох баримтуудаар,

7. Иргэн Ц-н өмчлөлийн Баянзүрх дүүргийн 25 дугаар хороо 95/1-49 тоот 58-108 тоот байрыг түрээслэн амьдрахаар авч улмаар уг байрны гэрчилгээг нь хуурамчаар өөрийн нэрээр болгон үйлдээд 2016 оны 9 дүгээр сарын 24-ний өдөр иргэн Т.Б-д өөрийн өмчлөлийн байр гэж үзүүлж итгүүлэн түүнийг хүүнд нь 1 жилийн хугацаатай уг байранд байлгахаар тохирч 8.000.000 төгрөгийг нь залилан авч хохирол учруулсан нь:

Хохирогч Б.Б-н “... Би Өт 8.000.000 төгрөг зээлээд хүүнд нь Баянзүрх дүүргийн 25 дугаар хороо, 95/1-49 тоотод жилийн хугацаагаар суухаар тохиролцож, зээлийн гэрээ байгуулж, гэрээ хийсэн боловч Ө нь хүний нэр дээр байсан байрны бичиг баримтын хуулбарыг хуурамчаар үйлдэж, надад үзүүлэн мөнгө зээлсэн нь 2017 оны 1 дүгээр сарын 31-ний өдөр тодорхой болсон. Өөрөөр хэлбэл, байрны жинхэнэ эзэн нь 2017 оны 2 дугаар сарын 1-ний өдөр гэрээний хугацаа дууслаа гэж Өтай ярих гэж байгаад надтай ярьсан. Ингээд би хүнд залилуулснаа мэдсэн...” /2хх-31/,

Б.Өын сэжигтнээр өгсөн “... Би 2016 оны 9 дүгээр сарын үед Үнэгүй.мн сайтад мөнгө зээлж, байранд суулгана гэсэн зар байршуулсны дагуу 96070749 дугаараас Б гэгч эрэгтэй над руу залгаад бид Баянзүрх дүүргийн 25 дугаар хороо Натур худалдааны төвийн 95/1 дүгээр байрны гадна уулзаад уг байрны 49 тоотыг орж үзүүлсэн. Тухайн үед тус байранд би өөрөө амьдрах зорилгоор Ц гэдэг хүнээс сарын 500.000 төгрөгөөр түрээслэхээр 2 сарын төлбөрийг нь урьдчилан хийсэн байсан. Тэгээд Б-д үзүүлсэн чинь уг байр таалагдаад эхнэр, хүүхдүүдтэйгээ оръё гэхээр нь Б 2016 оны 9 дүгээр сарын 24-ний өдөр 13 дугаар хорооллын дунд зам дагуу байдаг Улаанбаатар банкны 1 давхарын нотариатаар орж түрээслэх болон зээлийн гэрээ байгуулж, 8.000.000 төгрөгийг зээлсэн. Тэгээд маргаашнаас нь Б байрандаа орсон...” /2хх-33-34/ гэх мэдүүлгүүд, Үл хөдлөх эд хөрөнгийн улсын бүртгэлийн гэрчилгээний хуулбар /3хх-86/ зэрэг нотлох баримтуудаар,

8. Иргэн Д.М-н өмчлөлийн Баянзүрх дүүргийн 26 дугаар хороо 418 дугаар байрны 185 тоот байрыг 1 жилийн хугацаагаар түрээслэн амьдрахаар авч улмаар уг байрны гэрчилгээг хуурамчаар өөрийн нэрээр үйлдэн, 2016 оны 11 дүгээр сарын 1-ний өдөр иргэн Д.Н-д өөрийн байр гэж итгүүлэн түүнийг 1 жилийн хугацаагаар хүүнд нь байлгахаар тохирч 13.000.000 төгрөгийг нь залилан авч хохирол учруулсан нь:

Хохирогч Д.Н-н “... 2016 оны 10 дугаар сарын 31-ний өдөр Үнэгүй.мн сайтаас мөнгө зээлээд хүүнд нь байранд суулгана гэсэн зар хараад залгахад нэг эрэгтэй Баянмонгол хорооллын 418-185 тоот 2 өрөө байрыг, 700 тоот зогсоолын хамт ашиглуулах ба байрыг 12.000.000 төгрөг зээлээд, гараашийг 1.000.000 төгрөг нэмж өгөөд ашиглаж болно гэхээр нь очиж үзсэн. Би Ө, Ж нарт 13.000.000 төгрөг зээлүүлээд, хүүнд нь 1 жилийн хугацаатай суухаар тохиролцсон. Тухайн үед гэрчилгээ нь байгаа биз дээ гэхэд 8 хувийн зээлэнд хамрагдаад гэрчилгээ нь банкинд байгаа, одоо хуулбар нь байна гээд өөрийн нэр дээрх гэрчилгээний хуулбарыг харуулсан. Тэгээд урьдчилгаа мөнгө 500.000 төгрөгийг шилжүүлээд, 2016 оны 11 дүгээр сарын 1-ний өдөр 10.000.000 төгрөгийг Өын Голомт банкны данс руу шилжүүлсэн. Маргааш нь 2.500.000 төгрөгийг Ж-н данс руу тус тус шилжүүлсэн. 2017 оны 1 дүгээр сарын 17-ны өдөр гэртээ байж байхад хүн хаалга тогшоод орж ирснээ юун хүмүүс вэ гэж асуухаар нь бид залилуулсан талаараа мэдэж цагдаад өргөдөл гаргасан...”- /2хх-118-119/,

Гэрч Ш.Б-н “... 2016 оны 10 дугаар сарын 31-ний өдөр Үнэгүй.мн сайтаас мөнгө зээлж үнэгүй байрандаа суулгана гэсэн зар хараад дугаар луу нь залгахад Ө гэх хүн авсан. Тэгээд би нөхөртэйгөө Баянмонгол хорооллын 418 дугаар байрны 185 тоотод очоод үзэхэд байр таалагдаж, байранд нь орох талаар ярихад бэлэн 12.000.000 төгрөгийг зээлвэл байрны хүүнд сууж болно, нэмээд 1.000.000 төгрөг өгвөл гараашийг нь ашиглаж болно гэсэн. Тэгээд зөвшөөрөөд урьдчилгаа 500.000 төгрөгийг Ж гэх хүний данс руу шилжүүлсэн. 2016 оны 11 дүгээр сарын 1-ний өдөр гэрээ байгуулсныхаа дараа би өөрийн данснаасаа 10.000.000 төгрөгийг Өын данс руу шилжүүлсэн. Маргааш өдөр нь Ж-н данс руу 2.500.000 төгрөг шилжүүлсэн...” /2хх-211-212/,

Гэрч Д.М-н “... миний эзэмшлийн Баянзүрх дүүргийн 26 дугаар хороолол Баянмонгол хороолол 418-185 тоот 67.8 мкв талбайтай, 2 өрөө байрыг болон уг байрны доод талын 700 дугаартай зогсоол байдаг. Би уг зогсоол, байрыг хүнд түрээслэхээр зар тавьсны дагуу Ө, Ж гэх хүмүүс ирж үзээд таалагдаж байна, түрээслье гэсэн. Тэгэхээр нь гол нь өөр хүмүүст түрээслэж болохгүй шүү гэхэд за гэсэн. Байр, зогсоолыг сарын 600.000 төгрөгөөр тохирч, сар сард нь төлбөрөө авахаар болсон. Би шууд өдрөө түлхүүрээ өгсөн бөгөөд байранд орсноос хойш гэрээгээ байгуулж амжихгүй яваад байсан. Тэр үед Ө хэд хэдэн удаа залгаж гэрээгээ байгуулъя гээд байхаар нь 2016 оны 11 дүгээр сарын 1-ний өдөр уулзаж, орон сууц хөлслөх гэрээ байгуулсан. Тус гэрээг байгуулах үед би байрны болон зогсоолын гэрчилгээг канондаж өгсөн. Гэрээ байгуулаад урьдчилгаа буюу барьцаа мөнгө 600.000 төгрөг, нэг сарын түрээсийн хөлс 600.000 төгрөг гэхэд байгаа нь гээд 1.000.000 төгрөг өгсөн. Түүнээс хойш өдийг хүртэл 1 ч төгрөг өгөөгүй яваад байхаар нь Өтай уулзахаар очиход өөр хүмүүс байсан ба ямар учиртайг асуухад Ж, Ө нарт мөнгө зээлээд энэ байранд суусан талаараа хэлж бид цагдаагийн байгууллагад хандсан...” /2хх-123-124/,

Б.Өын сэжигтнээр өгсөн “... 2016 оны 10 дугаар сарын сүүлээр Баянзүрх дүүргийн 26 дугаар хороолол Баянмонгол хороолол 418-185 тоот 2 өрөө  байрыг түрээслүүлнэ гэсэн зарын дагуу очиж үзээд түрээслэхээр тохиролцож, түлхүүрийг нь хүлээж авсан. Уг түрээслэсэн байраа өөр хүнд түрээслэж мөнгө олох зорилгоор интернетэд мөнгө зээлж, хүүнд нь байранд суулгана гэсэн зар тавихад Н гэх хүн холбогдсон. Н уг байрыг түрээслэхээр болж гэрээ хийн 2016 оны 11 дүгээр сарын 1-ний өдөр би 13.000.000 төгрөг авсан. Би байрны эзэнтэй 1 жил түрээслэхээр тохиролцож, 1.500.000 төгрөг өгсөн санагдаж байна...” /2хх-138-139/ гэх мэдүүлгүүд, Зээлийн гэрээ /2хх-114/, Үл хөдлөх эд хөрөнгийн улсын бүртгэлийн гэрчилгээний хуулбар /2хх-115-116, 127/, Хаан банкны дансны хуулга /2хх-122/, Орон сууц хөлслөх гэрээ /2хх-129/ зэрэг нотлох баримтуудаар,

9. Иргэн О-н өмчлөлийн Баянзүрх дүүргийн 4 дүгээр хороо 15 дугаар хороолол Американ дэнж 44 дүгээр байрны 6 дугаар орцны 41 тоот байрыг 1 жилийн хугацаагаар амьдрахаар түрээслэн авч улмаар уг байрны гэрчилгээг хуурамчаар өөрийн нэрээр болгон үйлдэж 2016 оны 12 дугаар сарын 5-ны өдөр иргэн Б.З-д өөрийн байр гэж итгүүлэн түүнийг 1 жилийн хугацаагаар хүүнд нь байлгахаар тохирч 12.000.000 төгрөгийг залилан авч хохирол учруулсан нь:

Хохирогч Б.З-н “... 2016 оны 12 дугаар сард Баянзүрх дүүргийн 4 дүгээр хороо, 15 дугаар хороолол 44-6-41 тоот 2 өрөө байрыг зарын дагуу очиж үзээд түрээслэхээр болж 15.000.000 төгрөг бэлнээр өгөөд байранд нь үнэгүй суухаар болоод нотариатаар орж гэрээ байгуулсан. Нотариатч байрны гэрчилгээ байгаа эсэхийг асуухад Ө нь 8 хувийн зээлэнд байгаа гээд Голомт банктай байгуулсан гэрээ үзүүлсэн. Бид мөнгө зээлж, орон сууж үнэгүйгээр хөлслөх гэрээ байгуулаад би нотариатын дэргэд 12.000.000 төгрөг тоолж өгсөн...” /2хх-188-189/,

Б.Өын сэжигтнээр өгсөн “... Би 2016 оны 11 дүгээр сарын 28-ны өдөр Баянзүрх дүүргийн 4 дүгээр хороо, 15 дугаар хороолол 44-6-41 тоот 2 өрөө байрыг сарын 650.000 төгрөгөөр түрээслэж хагас сарын 325.000 төгрөгийн барьцаа өгч уг байрыг түрээслэсэн. Би урьд нь хүмүүст 10.000.000 гаран төгрөгийн өртэй байсан бөгөөд уг түрээслэсэн байраа З гэх хүнд миний байр байгаа юм гэж хэлээд 12.000.000 төгрөг зээлж, 1 жил хагас хугацаатай, хүүнд нь үнэгүй суулгахаар тохирч нотариатаар гэрчлүүлэн гэрээ байгуулсан. З-с авсан мөнгөө урьд нь өртэй байсан хүмүүсдээ өгсөн...” /2хх-200/ гэх мэдүүлгүүд, Мөнгө зээлж, орон сууц үнэгүйгээр хөлслөх гэрээ /2хх-190-191/, Үл хөдлөх эд хөрөнгийн улсын бүртгэлийн гэрчилгээ /2хх-192/ зэрэг нотлох баримтуудаар,

10. Иргэн Б.Б-н өмчлөлийн Баянзүрх дүүргийн 25 дугаар хороо 13 дугаар хороолол 94 дүгээр байрны 54 тоот байранд амьдрахаар түрээслэн авч улмаар уг байрны гэрчилгээг  хуурамчаар өөрийн нэрээр үйлдээд 2016 оны 1 дүгээр сарын 21-ний өдөр иргэн Л.А-д өөрийн байр гэж үзүүлж итгүүлэн түүнийг 1 жилийн хугацаагаар хүүнд нь байлгахаар тохирч 10.000.000 төгрөгийг нь залилан авч хохирол учруулсан нь:

Хохирогч Л.А-н “... 2016 оны 1 дүгээр сарын дундуур түрээсийн байр хайж байгаад мөнгө зээлж, хүүнд нь суулгана гэсэн зарын дагуу 88688683 гэсэн дугаар луу залгахад Баянзүрх дүүргийн 25 дугаар хороо, Сэлбэ хотхоны 94 дүгээр байрны 54 тоотод 2 өрөө байрыг мөнгө зээлж, хүүнд нь суулгана гэхээр нь очиж үзсэн. Тэгээд уг байранд орохоор болоод нотариат орж гэрээ байгуулсан. Ингээд амьдарч байтал 2016 оны 12 дугаар сарын 8-ны орой дараагийн амьдрах хүн байгаа юм, байраа үзье гэж хэлээд хүн ирэхэд нь мэдсэн...” /2хх-238-239/,

Гэрч Б.Б-н “... Би өөрөө Дорнод аймагт амьдардаг. Миний Баянзүрх дүүргийн 25 дугаар хороо 13 дугаар хороолол Манлайбаатар Дамдинсүрэнгийн гудамж 94-54 тоот байрыг миний дүү Батгэрэл нь 2016 оны 1 дүгээр сарын 15-ны өдөр 2 хүнд түрээслүүлсэн гэж хэлж байсан...” /2хх-240/,

Гэрч Г.Б-н “... Баянзүрх дүүргийн 25 дугаар хороо 13 дугаар хороолол Манлайбаатар Дамдинсүрэнгийн гудамж 94-54 тоот ахынхаа байрыг 2016 оны 1 дүгээр сард түрээслэхээр зар тавихад Ө гэх залуу залгаад уг байрыг үзээд шууд түрээслэхээр болж 2016 оны 1 дүгээр сарын 15-ны өдөр 1 жилийн хугацаатай сарын 600.000 төгрөгөөр , сар бүр мөнгөө төлж байхаар тохиролцсон. Тэгээд сар бүр 600.000 төгрөгийг манай ахын данс руу хийж байсан бөгөөд хамгийн сүүлд 2016 оны 12 дугаар сард төлбөрөө хийсэн. Тэгэхээр нь очиж шалгахад Адъяасүрэн гэх эмэгтэй гэр бүлийнхээ хамтаар амьдарч байсан...” /2хх-241/,

Б.Өын сэжигтнээр өгсөн “... Би А-н нөхөр М гэх хүнд Баянзүрх дүүргийн 25 дугаар хороо, 94-54 тоот, 2 өрөө байранд 1 жилийн хугацаатай суулгаж, 10.000.000 төгрөг зээлж нотариатаар орж гэрээ байгуулсан. Би М-д түрээслүүлсэн байраа 2016 оны 1 дүгээр сард Б гэх хүнээс сарын 600.000 төгрөгөөр түрээслэж байсан...” /2хх-249/ гэх мэдүүлгүүд, Бэлэн мөнгө хүлээлцсэн тэмдэглэл /3хх-89/ зэрэг нотлох баримтуудаар,

11. Иргэн И-н өмчлөлийн Баянзүрх дүүргийн 25 дугаар хороо 13 дугаар хорооолол 96 дугаар байрны 81 тоотод амьдрахаар түрээслэн авч улмаар уг байрны гэрчилгээг хуурамчаар өөрийн нэрээр болгон үйлдээд 2016 оны 8 дугаар сарын 19-ний өдөр иргэн Б.Б-т өөрийн байр гэж үзүүлэн итгүүлж, түүнийг 1 жилийн хугацаагаар хүүнд нь байлгахаар тохирч Сүхбаатар дүүргийн нутаг дэвсгэр Баянзүрх захын орчим 12.000.000 төгрөгийг нь залилан авч хохирол учруулсан нь:

Хохирогч Б.Б-н “... Баянзүрх дүүргийн 25 дугаар хороо, 13 дугаар хороолол 96 дугаар байрны 81 тоот 2 өрөө байрыг 12.000.000 төгрөг зээлж, хүүнд нь суулгана гэсэн зарын дагуу очиж уулзаад түрээслэхээр болсон. 2016 оны 8 дугаар сарын 19-ний өдөр гэрээг байгуулж, нотариатын гаднах Худалдаа хөгжлийн банкнаас мөнгөө авч өгсөн. Анх Ө надтай уулзахдаа “энэ байр миний байр, зах зээлийн ханш нь 100.000.000 төгрөг, би 40.000.000 төгрөгийг нь төлчихсөн. Одоо үлдсэн мөнгөнд нь банкинд барьцаанд байгаа гэсэн. Мөн байрны гэрчилгээг канондсан хуулбараа надад өгсөн. Ингээд уг байранд амьдарч байгаад 2016 оны 12 дугаар сард И гэх залуу манайд ирээд Өт залилуулснаа мэдсэн...” /3хх-15-16/,

Гэрч М.И-н “... Ө нь 2016 оны 8 дугаар сарын 13-ны өдөр байр түрээслэнэ гэсэн зарын дагуу надтай ирж уулзсан. Тэгээд Баянзүрх дүүргийн 25 дугаар хороо 13 дугаар хороолол 96-81 тоот хоёр өрөө байрыг нэг жилийн хугацаатай сарын 600.000 төгрөгөөр түрээслэж төлбөрийг сар сард нь төлөхөөр гэрээ хийж түлхүүр авсан....” /3хх-1-2/ гэх мэдүүлгүүд, Зээлийн гэрээ /3хх-6/ зэрэг нотлох баримтуудаар,

12. Иргэн Э.Н-н өмчлөлийн Баянзүрх дүүргийн 5 дугаар хороо 91 дүгээр байрны 16 тоотод амьдрахаар түрээслэн авч улмаар уг байрны гэрчилгээг хуурамчаар өөрийн нэрээр болгон үйлдээд 2016 оны 12 дугаар сарын 5-ны өдөр иргэн Г.Э-т өөрийн байр гэж үзүүлэн итгүүлж түүнийг 1 жилийн хугацаагаар хүүнд нь байлгахаар тохирч 9.000.000 төгрөгийг нь залилан авч хохирол учруулсан нь:

Хохирогч Г.Э-н “... Би 2016 оны 8 дугаар сарын 5-ны өдөр байр хөлслөхөөр зар харж байгаад бэлэн мөнгө зээлж хүүнд нь үнэгүй байрандаа суулгана гэсэн зарын дагуу 95050014 гэсэн дугаарын утсаар залгаад надад 9.000.000 төгрөг байна, хэдэн төгрөг зээлээд, хэдэн мкв байранд суулгах вэ гэхэд 10.000.000-12.000.000 төгрөг зээлээд суулгана гэхээр нь миний мөнгө хүрэхгүй юм байна гээд утсаа салгасан. Гэтэл маргааш нь уг дугаараас Ө гэх залуу залгаад та ирээд байраа үзээдэх таны мөнгө болно гэхээр нь Баянзүрх дүүргийн 25 дугаар хороо 91-16 тоотод очиж үзээд уг байранд орохоор болж маргааш нь мөнгө зээлж, байранд нь 1 жилийн хугацаатай үнэгүй суух гэрээ байгуулсан. Ингээд уг байранд амьдарч байхад 2016 оны 12 дугаар сарын 5-ны өдөр Наранцогт гэх залуу ирээд би энэ байрны эзэн нь байна, Ө сүүлийн 2 сар түрээсээ төлсөнгүй гээд ирсэн ба би учир байдлыг мэдээд цагдаагийн байгууллагад хандсан...” /2хх-185/,

Б.Өын сэжигтнээр өгсөн “... 2016 оны 8 дугаар сарын эхээр Үнэгүй.мн сайтан дээр байр түрээслэнэ гэсэн зар тавьсны дагуу У-н ээж Э гэх хүн надтай холбогдож, Баянзүрх дүүргийн 25 дугаар хороо, Натур худалдааны төвийн урд байрлах 91 дүгээр байрны 10 тоотыг түрээслэхээр тохирч 9.000.000 төгрөгийг нь зээлж, байрандаа хүүнд нь 1 жилийн хугацаатай үнэгүй суулгахаар болсон...” /2хх-200/ гэх мэдүүлгүүд, Үл хөдлөх эд  хөрөнгийн улсын бүртгэлийн гэрчилгээний хуулбар /2хх-202/, Зээлийн гэрээ /2хх-203/, Төлбөрийн баримт /2хх-204/ зэрэг хавтаст хэрэгт авагдаж, шүүх хуралдаанаар хянан хэлэлцэгдсэн бусад нотлох баримтуудаар нотлогдон тогтоогджээ.

Ялтан Б.Өт холбогдох хэрэгт Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих байдлыг хангалттай шалгаж тодруулсан ба мөрдөн байцаалт болон шүүхийн шатанд Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчөөгүй байна.

Харин анхан шатны шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.3 дахь  хэсэгт зааснаар “Хуулийн зүйл, хэсэг, заалтыг буруу тайлбарлаж хэрэглэсэн” байх тул давж заалдах шатны шүүхээс зөвтгөн шийтгэх тогтоолд өөрчлөлт оруулах нь зүйтэй байна.

Анхан шатны шүүх Б.Өыг хуурч, зохиомол байдлыг зориудаар бий болгож, бодит байдлыг нуух замаар бусдыг төөрөгдөлд оруулан эзэмшигч, өмчлөгчийн эд хөрөнгийг шилжүүлэн авч залилсан гэмт хэргийг байнга үйлдэж амьдралын эх үүсвэр болгон үйлдсэний улмаас их хэмжээний хохирол учруулсан гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцож, Шинэчлэн найруулсан 2015 оны Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1.4 дэх хэсгийг журамлан мөн Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 3.1 дэх хэсэгт зааснаар Б.Өыг 3 жил 4 сарын хугацаагаар хорих ялаар шийтгэж шийдвэрлэжээ.

Шинэчилэн найруулсан 2015 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлд заасан байнга үйлдэж амьдралын эх үүсвэрээ болгосон гэдэг хүндрүүлэх шинж нь 2017 оны 7 дугаар сарын 1-ний өдрөөс хойш гэмт хэрэг үйлдсэн нөхцөлд хамаарах тул Б.Өын үйлдлийг байнга үйлдэж, амьдралын эх үүсвэрээ болгосон гэж гэмт хэрэг үйлдэх үед нь хуульд байгаагүй, хүндрүүлэх шинжээр зүйлчилж, эрх зүйн байдлыг нь дордуулан шийдвэрлэсэн нь буруу болжээ. Иймд ялтанд аль илүү ашигтай байдлаар шийдвэрлэх зарчмыг баримтлан шийдвэрлэх нь зүйтэй байна.

Мөн Б.Өыг тухайн гэмт хэргийн улмаас учруулсан хохирлоо бүрэн нөхөн төлсөн, гэм буруугаа ойлгож дүгнэлт хийсэн байдал зэргийг харгалзан түүнд 2 жилийн хугацаагаар хорих ял оногдуулахаар шийдвэрлэлээ.

Иймд Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 7 дугаар сарын 19-ний өдрийн 257 дугаар шийтгэх тогтоолд өөрчлөлт оруулж, ялтан Б.Өын өмгөөлөгч Б.Б-н гаргасан давж заалдах гомдлыг хүлээж авах нь зүйтэй гэж давж заалдах шатны шүүхийн шүүх бүрэлдэхүүн дүгнэв.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.4, 1.5 дахь заалтад заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 7 дугаар сарын 19-ний өдрийн 257 дугаар шийтгэх тогтоолын тогтоох хэсгийн:

 - 1 дэх заалтад “Прокуророос Б.Өт холбогдуулан 2002 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 148 дугаар зүйлийн 148.4 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн хэргийн зүйлчлэлийг Шинэчилэн найруулсан 2015 оны Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан мөн Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 3.1 дэх хэсэг болгон нийцүүлэн өөрчилсүгэй” гэснийг “Прокуророос Б.Өт холбогдуулан 2002 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 148 дугаар зүйлийн 148.4 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн хэргийн зүйлчлэлийг Шинэчилэн найруулсан 2015 оны Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан мөн Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.2 дахь заалт болгон нийцүүлэн өөрчилсүгэй.” гэж,

 - 2 дахь заалтад “Б.Өыг хуурч, зохиомол байдлыг зориудаар бий болгож, бодит байдлыг нуух замаар бусдыг төөрөгдөлд оруулан эзэмшигч, өмчлөгчийн эд хөрөнгийг шилжүүлэн авч залилсан гэмт хэргийг байнга үйлдэж амьдралын эх үүсвэр болгон үйлдсэний улмаас их хэмжээний хохирол учруулсан гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцсугай” гэснийг, “Б.Өыг хуурч, зохиомол байдлыг зориудаар бий болгож, бодит байдлыг нуух замаар бусдыг төөрөгдөлд оруулан эзэмшигч, өмчлөгчийн эд хөрөнгийг шилжүүлэн авч залилсан гэмт хэргийг үйлдсний улмаас их хэмжээний хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай” гэж,

- 3 дахь заалтад “Шинэчилэн найруулсан 2015 оны Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1.4 дэх хэсгийг журамлан мөн Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 3.1 дэх хэсэгт зааснаар Б.Өыг 3 жил 4 сарын хугацаагаар хорих ялаар шийтгэсүгэй” гэснийг, “Шинэчилэн найруулсан 2015 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.2 дахь заалтад зааснаар Б.Өыг 2 жилийн хугацаагаар хорих ялаар шийтгэсүгэй” гэж тус тус өөрчилж, шийтгэх тогтоолын бусад заалтыг хэвээр үлдээсүгэй.

2. Гомдол, эсэргүүцэл гаргах эрх бүхий этгээд нь давж заалдах шатны шүүх хэргийг хянан шийдвэрлэхдээ Эрүүгийн хуулийг буруу хэрэглэсэн, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, эсхүл нөлөөлж болохуйц нөхцөл байдал тогтоогдсон гэж үзвэл давж заалдах шатны шүүхийн шийдвэрийг гардуулсан, эсхүл хүргүүлснээс хойш 30 хоногийн дотор хяналтын журмаар Улсын Дээд шүүхэд гомдол гаргаж, эсэргүүцэл бичиж болохыг мэдэгдсүгэй. 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                     С.СОЁМБО-ЭРДЭНЭ

ШҮҮГЧИД                                                       Д.МЯГМАРЖАВ

                                                                        Д.ОЮУНЧУЛУУН