Шүүх | Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүх |
---|---|
Шүүгч | Намжилын Долгорсүрэн |
Хэргийн индекс | 128/2019/0837/З |
Дугаар | 221/МА2021/0160 |
Огноо | 2021-03-26 |
Маргааны төрөл | Нийгмийн даатгал, |
Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал
2021 оны 03 сарын 26 өдөр
Дугаар 221/МА2021/0160
2021 оны 03 сарын 26 өдөр | Дугаар 221/МА2021/0160 | Улаанбаатар хот |
“Э.А.Б” ХХК-ийн нэхэмжлэлтэй
захиргааны хэргийн тухай
Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Д.Баатархүү даргалж, шүүгч Б.Тунгалагсайхан, шүүгч Н.Долгорсүрэн нарын бүрэлдэхүүнтэй, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга А.Гантогтох, нэхэмжлэгчийн өмгөөлөгч М.Э, Д.Д, хариуцагч И.Н, Х.С.Э, Т.Д, Б.О, А.У нарыг оролцуулан, Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 12 дугаар сарын 14-ний өдрийн 772 дугаар шийдвэртэй захиргааны хэргийг нэхэмжлэгчийн давж заалдах гомдлоор, “Э.А.Б” ХХК-ийн нэхэмжлэлтэй, Эрүүл мэндийн даатгалын ерөнхий газрын улсын байцаагч И.Э, Х.С.Э, Т.Д, Б.О, А.У нарт холбогдох захиргааны хэргийг шүүгч Н.Долгорсүрэнгийн илтгэснээр хянан хэлэлцээд
ТОДОРХОЙЛОХ нь:
Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 12 дугаар сарын 14-ний өдрийн 772 дугаар шийдвэрээр: “…Эрүүл мэндийн даатгалын тухай хуулийн 17 дугаар зүйлийн 17.3.4 дэх хэсэгт заасныг баримтлан Эрүүл мэндийн даатгалын ерөнхий газрын улсын байцаагч И.Э, Х.С.Э, Т.Д, Б.О, А.У нарын 2019 оны 08 дугаар сарын 15-ны өдрийн ТҮЧГ/А-0004/02 дугаартай захиргааны актыг дахин шинэ акт гарах хүртэл дөрвөн сарын хугацаагаар түдгэлзүүлж” шийдвэрлэжээ.
Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Д.Н, өмгөөлөгч Д.Т, М.Э нар давж заалдах гомдолдоо: ““Э.А.Б” ХХК-ийн нэхэмжлэлтэй, Эрүүл мэндийн даатгалын ерөнхий газрын улсын ахлах байцаагч И.Э, Х.С.Э, улсын байцаагч Т.Д, Б.О, А.У нарт холбогдох захиргааны хэргийн нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч, өмгөөлөгч нарын зүгээс уг захиргааны хэргийг хянан хэлэлцээд гаргасан Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 12 дугаар сарын 14-ний өдрийн 772 дугаар шийдвэрийг бүхэлд нь эс зөвшөөрч, Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.3 дахь хэсгийг үндэслэн анхан шатны шүүхийн шийдвэрт өөрчлөлт оруулахыг хүсч дараах үндэслэлээр давж заалдах гомдлыг гаргаж байна. Үүнд:
1. Анхан шатны шүүх Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 34 дүгээр зүйлийн 34.1, 34.2 дахь заалтуудыг тус тус зөрчсөн тухайд.
Анхан шатны шүүх маргаан бүхий захиргааны акт болох улсын байцаагч нарын 2019 оны 08 дугаар сарын 15-ны өдрийн ТҮЧГ/А-0004/02 дугаартай захиргааны актыг дахин шинэ акт гарах хүртэл 4 сарын хугацаагаар түдгэлзүүлж шийдвэрлэсэн бөгөөд ийнхүү шийдвэрлэхдээ дараах нотлох баримтуудыг үндэслэжээ.
- Гэрч С.А-гийн “Мастер миксийг уусмал руугаа хийж байна гэдэг нь хагас болчихно гэсэн үг” гэх мэдүүлгийг,
- Гэрч Г.С-гийн “Мастер миксийг гараар хольж байгааг бүрэн гэж үзэх үү, хагас гэж үзэх үү” гэх хариуцагчийн асуултад “Хагас гэж үзнэ” гэх мэдүүлгийг,
- Хариуцагч нарын өмгөөлөгчийн “Нэхэмжлэгчийн ашиглаж байгаа тоног төхөөрөмж бүрэн, хагас автомат эсэх нь эргэлзээтэй. Нэхэмжлэгч компанийн лаборатори бүрэн автомат тоног төхөөрөмжөөр санхүүжилтээ авсан” гэх тайлбар.
Гэтэл В, С вирусийн шинжилгээ хийх тоног төхөөрөмжүүд болох Оросын Холбооны улсын “Д.Т” компанийн үйлдвэрлэсэн Дт-Лайт 4s1/ DtLite 4s1/ төхөөрөмж, Тайвань улсын Zinexts компанийн үйлдвэрлэсэн Магпурикс 12A /Magpurix 12А/ төхөөрөмжүүдийг “Э.А.Б" ХХК-д нийлүүлсэн, эдгээр тоног төхөөрөмжийг Монгол Улсад импортлон оруулж ирэх тусгай зөвшөөрөлтэй “И.Э.М” ХХК-ийн гүйцэтгэх захирал Д.Г 2020 оны 09 дүгээр сарын 22-ны өдрийн шүүх хуралд гэрчээр оролцож мэдүүлэг өгсөн ба нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн “Э.А.Б” ХХК-ийн ашиглаж байгаа тоног төхөөрөмж нь бүрэн автомат буюу гар ажиллагаагүй төхөөрөмж үү?” гэсэн асуултад “Бүрэн автомат гэж үзэж байгаа”, мөн хариуцагч Т.Д-ын “Ажиллагаа ижилхэн үү?” гэсэн асуултад
“Ижилхэн, бүрэн автомат гэсэн бичиг байгаа” гэх тайлбарыг тус тус өгсөн нь мөн өдрийн 2881 дүгээр "Шүүх хуралдааны тэмдэглэл”-д тодорхой бичигдсэн.
Түүнчлэн дээрх тоног төхөөрөмжүүдэд Итали улсын Сакас Биотехноложис /Saсace Biotechnologies/ компанийн урвалжийг ашигладаг бөгөөд тус компаниас 2018 оны 06 дугаар сарын 14-ний өдөр “Magpurix систем, Дт-Лайт илрүүлэгч болон Сакас RT PCR цомгуудын хамт турших үед Сакас Хепатит вирусийн ачааллын сорил автоматаар ажилладаг болохыг үүгээр мэдэгдэж байна” гэх тодорхойлолт ирүүлсэн нь мөн 1 дүгээр хавтаст хэргийн 244 дэх талд авагдсан.
Ийнхүү нэхэмжлэгч компанийн ашигладаг тоног төхөөрөмжүүд нь бүрэн автомат болохыг нотлох бичгийн баримт, гэрчийн мэдүүлэг хэрэгт авагдсан атал шүүх зөвхөн гэрч С.А, гэрч Г.С нарын мэдүүлгийг үнэн зөв мэтээр үнэлж, нэхэмжлэгчийг бүрэн автомат тоног төхөөрөмжөөр шинжилгээ хийсэн эсэх нь эргэлзээтэй гэж дүгнэсэн нь Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 34 дүгээр зүйлийн 34.1, 34.2-т заасныг зөрчсөн гэж үзэх үндэслэлтэй.
2. Хэргийг шийдвэрлэхэд зайлшгүй шаардлагатай нөхцөл байдлыг тодруулах шаардлага үүсээгүй бөгөөд шүүхийн шинжлэн судлах боломжоос хэтэрсэн нөхцөл байдал тогтоогдоогүй тухайд.
Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.3.11 дэх заалт нь гагцхүү хэргийг шийдвэрлэхэд зайлшгүй шаардлагатай нөхцөл байдлыг тодруулах шаардлага үүссэн, уг нөхцөл байдал нь шүүхийн шинжлэн судлах боломжоос хэтэрсэн үед хэрэглэгдэх учиртай.
Гэтэл 1 дүгээрт, Эрүүл мэндийн даатгалын ерөнхий газар нь “Э.А.Б” ХХК-иас В, С вирусийн идэвхжил тодорхойлох шинжилгээнд ашиглах тоног төхөөрөмжүүдийн танилцуулга, бусад бичиг баримтуудыг хүлээн авч сонгон шалгаруулсны үндсэн дээр тус компанитай 2018 оны 09 дүгээр сарын 14-ний өдөр 06/23 дугаар “Оношилгоо, шинжилгээний тусламж, үйлчилгээ үзүүлэх, худалдан авах гэрээ”-г байгуулсан байдаг. Ийм ч учраас гэрээний 2.1-д “Эрүүл мэндийн даатгалын байгууллага нь Монгол Улсын нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулж байгаа эрх бүхий байгууллагаас олгосон хүчин төгөлдөр тусгай зөвшөөрөлтэй, магадлан итгэмжлэгдсэн, сонгон шалгаруулалтад тэнцсэн эрүүл мэндийн байгууллагатай гэрээ байгуулна”, 3.2-т “Эрүүл мэндийн даатгалын байгууллага нь эрүүл мэндийн даатгалын сангаас 2018 онд нэг даатгуулагчийн нэг удаагийн В вирусийн идэвхжил тоолох шинжилгээний зардлыг 120.000 /нэг зуун хорин мянга/ төгрөгөөр, С вирусийн идэвхжил тоолох шинжилгээний зардлыг 120.000 /нэг зуун хорин мянга/ төгрөгөөр тус тус тооцож гүйцэтгэлээр олгоно” гэж тус тус заасан байдаг нь Эрүүл мэндийн даатгалын ерөнхий газар нь нэхэмжлэгч компанийн тоног төхөөрөмжүүдийг бүрэн автомат болохыг мэдэж, сонгон шалгаруулсан болохыг
2 дугаарт, хариуцагч Эрүүл мэндийн даатгалын ерөнхий газрын улсын байцаагч нар нь ТҮЧГ/А-0004/02 дугаар актад “Э.А.Б” ХХК-ийг 4384 иргэнд В, С вирусийн идэвхжил тодорхойлох шинжилгээг хийхдээ хагас автомат төхөөрөмж ашигласан гэх ямар ч үндэслэлийг заагаагүй, ийм зөрчил илрүүлээгүй, энэ нь мөн 2019 оны 07 дугаар сарын 05-ны өдрийн “Элэгний В, С вирусийн идэвхжил тодорхойлох шинжилгээний тусламж, үйлчилгээ үзүүлж буй эрүүл мэндийн байгууллагуудад хийсэн шалгалтын тайлан”-гаар тогтоогдоно.
3 дугаарт, улсын байцаагч нар нь нэхэмжлэгчээр төлүүлэх төлбөрийн хэмжээг тогтоохдоо 4384 иргэнд хийсэн В, С вирусийн оношилгоог бүхэлд нь буруу гэж үзэж, энэхүү үндэслэлээ хөдөлшгүй баримтаар, гарцаагүй байдлаар нотолж, бодитоор тогтоогоогүй атлаа 1 даатгуулагчид ногдох төлбөр болох 120.000 төгрөгийг 4384 иргэний тоогоор шууд үржүүлж тооцсон.
4 дүгээрт, Эрүүл мэндийн даатгалын ерөнхий газрын улсын байцаагч нар нь нэхэмжлэгч компанийн эрх, хууль ёсны ашиг сонирхолд сөрөг нөлөөлөл бүхий захиргааны актыг гаргахын өмнө Захиргааны ерөнхий хуулийн 24 дүгээр зүйлийн 24.1, 24.2-т заасан бодит нөхцөл байдлыг тогтооход ач холбогдол бүхий шаардлагатай ажиллагаа хийх, нотлох баримтыг цуглуулах, үнэлэх болон мөн хуулийн 25 дугаар зүйлд заасан шаардлагатай нотлох баримтуудыг цуглуулах ажиллагааг огт явуулалгүйгээр захиргааны акт гаргасан болно.
Тухайлбал, Эрүүл мэндийн даатгалын ерөнхий газраас Эрүүл мэндийн яаманд хандсан 2019 оны 07 дугаар сарын 18-ны өдрийн А-1/1077 дугаар “Чиглэл хүсэх тухай” албан бичгийн хариу ирээгүй байхад маргаан бүхий захиргааны актыг гаргасан бөгөөд улмаар захиргааны акт гаргасны дараа буюу 2019 оны 09 дүгээр сарын 30-ны өдрөөс хойш захиргааны актыг гаргах бодит нөхцөл байдлыг тогтоох ажиллагааг хийсэн байдаг.
Эрүүл мэндийн даатгалын ерөнхий газрын чиглэл хүссэн дээрх хүсэлтийн дагуу Эрүүл мэндийн яамны зүгээс Лабораторийн мэргэжлийн салбар зөвлөл болон Халдварт өвчин судлалын үндэсний төвөөс тайлбар хүссэний хариуд Лабораторийн мэргэжлийн салбар зөвлөлийн 2019 оны 10 дугаар сарын 10-ны өдрийн 09/19 дүгээр “Тайлбар хүргүүлэх нь” гэх албан бичгийг ирүүлсэн ба албан тоотын хавсралтад “Оросын Холбоны улсын “Д.Т” компанийн Дт-Прайм, Дт-Лайт тоног төхөөрөмжийг уг технологийн зааварт заагдсан, шаардлагад нийцсэн оношлууртай хослуулан хэрэглэхэд Эрүүл мэндийн сайдын 2018 оны А/288 дугаар тушаалаар баталсан “Хепатитын В, С вирусийн халдварын илрүүлэг, оношилгоо, эмчилгээний заавар”-ын дагуу оношлогоо, эмчилгээний хяналтын ашиглах боломжтой” гэсэн дүгнэлтийг ирүүлсэн.
Харин Халдварт өвчин судлалын үндэсний төвийн 2010 оны 10 дугаар сарын 08-ны өдрийн 10/884 дугаар “Тайлбар хүргүүлэх тухай” албан бичигт “Оросын Холбоны улсын “Д.Т” компанийн Дт-Прайм, Дт-Лайт полимеразын гинжин урвал олшруулах, илрүүлэх төхөөрөмж нь XCB, XBB-ийн нуклейн хүчил тоолох, ХВС-ийн хэв шинж, удам зүй, сүрьеэ зэрэг 70 гаруй төрлийн шинжилгээ хийх хүчин чадалтай гээд Италийн Sacace biotechnologies оношлуурын мэдрэг чанарын үзүүлэлт 1000 мкл ийлдэснээс ялгавал HCV-13 IU/ml; HBV-7 IU/ml байгаа тул цаашид уг оношлуурыг үйл ажиллагаандаа ашиглаж байх” талаар дүгнэлт хүргүүлсэн.
Дээрх мэргэжлийн байгууллагуудаас ирүүлсэн дүгнэлтээр “Э.А.Б” ХХК-ийн В, С вирусийн идэвхжил тодорхойлох шинжилгээнд ашигладаг тоног төхөөрөмжүүд нь Монгол Улсын болон олон улсын стандарт, шаардлагад бүрэн нийцсэн, манай улс шиг эдийн засгийн хязгаарлагдмал нөөцтэй улс орнуудад ашиглахад тохиромжтой болохыг тогтоосоор атал анхан шатны шүүх эдгээр баримтуудыг огт үнэлэлгүй Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.3.11-д заасныг баримтлан захиргааны актыг түдгэлзүүлж шийдвэрлэсэн нь мөн хуулийн 106.2-т зааснаар шүүхийн шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх шаардлагыг хангахгүй байна.
Захиргааны ерөнхий хуулийн 40 дүгээр зүйлийн 40.2.3-д зааснаар захиргааны акт бодит нөхцөлд тохирсон, үндэслэл бүхий байх зарчимд нийцээгүй болох нь тогтоогдсоор байхад анхан шатны шүүх маргааны агуулга, үйл баримтад хамааралгүй, захиргааны актын үндэслэлд огт байхгүй, нотолгооны ач холбогдолгүй зүйлийг цаашид тодруулах, уг нэмж тодруулах зүйлийн цар хүрээ шүүхийн шинжлэн судлах боломжоос хэтэрсэн гэж дүгнэлт үндэслэлгүй шийдвэр гаргасанд гомдолтой байна.
Иймд дээрх үндэслэлээр нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагыг хангаж, Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 12 дугаар сарын 14-ний өдрийн 772 дугаар шийдвэрт өөрчлөлт оруулж өгнө үү” гэжээ.
ХЯНАВАЛ:
Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 118 дугаар зүйлийн 118.3-д зааснаар гомдлын хүрээнд хянаад, дараах үндэслэлээр шүүхийн шийдвэрт өөрчлөлт оруулж, нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж шийдвэрлэлээ.
Анхан шатны шүүх хэргийн үйл баримтад холбогдох нотлох баримтыг цуглуулсан боловч хэргийн бодит нөхцөл байдалд үндэслэл бүхий, бүрэн дүүрэн дүгнэлт хийлгүй маргаан бүхий захиргааны актыг дахин шинэ акт гарах хүртэл дөрвөн сарын хугацаагаар түдгэлзүүлж шийдвэрлэсэн нь Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.3.11-д заасантай нийцээгүй, шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх хуулийн шаардлагыг хангаагүй байна.
Эрүүл мэндийн даатгалын ерөнхий газрын даргын 2019 оны 06 дугаар сарын 07-ны өдрийн “Ажлын хэсэг байгуулах тухай” А/90, 2019 оны 07 дугаар сарын 30-ны өдрийн “Ажлын хэсэг байгуулах тухай” 107 дугаар тушаалуудаар “Элэг бүтэн Монгол” үндэсний хөтөлбөрийн хүрээнд элэгний хепатит вирусийн идэвхжил тодорхойлох шинжилгээ хийх даатгалын гэрээ бүхий эрүүл мэндийн байгууллагуудын үйл ажиллагаанд хяналт шалгалт хийх, цаашид авах арга хэмжээний санал боловсруулах ажлын хэсгийг байгуулж, уг ажлын хэсэгт Эрүүл мэндийн даатгалын ерөнхий газрын улсын байцаагч И.Э, Х.С.Э, Т.Д, Б.О, А.У нар багтжээ.
Маргаан бүхий 2019 оны 08 дугаар сарын 15-ны өдрийн “Даатгалын сангийн хохирлыг нөхөн төлүүлэх тухай” ТҮЧГ/А-0004/02 дугаартай актаар нэхэмжлэгч “Э.А.Б” ХХК нь 2018 оны 09 дүгээр сараас 2019 оны 06 дугаар сар хүртэл хугацаанд 4384 хүний элэгний В, С вирусийн идэвхжил тодорхойлох шинжилгээг хийхдээ лабораторийн мэргэжлийн эмчийн хяналтгүй, шинжилгээний мэдрэг чанар хангалтгүй тоног төхөөрөмж, технологиор үйлдвэрлэгчийн зааврыг зөрчиж шинжилгээг хийсэн, шинжилгээний чанарын хяналтыг стандартын дагуу тогтмол хийж, баримтжуулаагүй, В, С вирусийн нуклейн хүчил ялгах болон полимеразын гинжин урвал хийсэн тоног төхөөрөмж дээрх цахим бүртгэл байхгүй, шалгалтын явцад хяналтын дээжид хийсэн шинжилгээ алдаатай гарсан, эдгээрээс үүдэн даатгуулагчийн эрүүл мэнд, нийтийн ашиг сонирхолд ноцтой хохирол учруулах үр дагавар үүсгэж байна гэж үзээд эрүүл мэндийн даатгалын сангаас авсан 526.080.000.0 төгрөгийн зардлыг нэхэмжлэгчээр нөхөн төлүүлэхээр шийдвэрлэсэн байна.
1. Нэхэмжлэгч “Э.А.Б” ХХК нь В, С вирусийн шинжилгээ хийх тоног төхөөрөмжүүдийг Монгол Улсад импортлон оруулж ирэх тусгай зөвшөөрөлтэй “И.Э.М” ХХК-иас Оросын Холбоны улсын “Д.Т” компанийн үйлдвэрлэсэн Дт-Лайт 4s1/ DtLite 4s1/ төхөөрөмж, Тайвань улсын Zinexts компанийн үйлдвэрлэсэн Магпурикс 12A /Magpurix 12А/ төхөөрөмжүүдийг, оношлуур, урвалжийн хамт худалдан авсан, тухайн тоног төхөөрөмжүүдтэй холбоотой шинжилгээ, сорьц, эрүүл мэндийн даатгал, тоног төхөөрөмж зэрэг аливаа асуудалд арга зүйн зөвлөмж авч ажиллаж байсан үйл баримттай холбогдуулж талууд маргаагүй.
Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 06 дугаар сарын 03-ны өдрийн 385 дугаар шийдвэрт “... “И” лабораторт ашиглаж байсан “Д.Т” компанийн “Дт-Прайм”, “Дт-Лайт” Полемеразын гинжин урвал олшруулах, илрүүлэх тоног төхөөрөмж, оношлуур урвалж нь олон улсын стандартад нийцсэн, урвалж, оношлуурын үнэ хямд, эдийн засгийн хязгаарлагдмал нөөцтэй улс орнуудад ашиглахад тохиромжтой тоног төхөөрөмж технологи байх тул “мэдрэг чанар хангалтгүй тоног төхөөрөмж, урвалж оношлуураар шинжилгээ” хийсэн гэж үзэх, энэ утгаар хохирол учирсан гэх үндэслэл болохгүй” гэж дүгнэснийг Улсын Дээд шүүхийн 2020 оны 10 дугаар сарын 26-ны өдрийн 396 дугаар тогтоолоор хууль зүйн үндэслэлтэй гэж үзжээ.
Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 34 дүгээр зүйлийн 34.4-т “Хуулийн хүчин төгөлдөр шүүхийн шийдвэрээр нэгэнт тогтоогдсон болон нийтэд илэрхий үйл баримт хэрэг хянан шийдвэрлэхэд холбогдолтой байвал түүнийг дахин нотлохгүй” гэж заасан бөгөөд нэгэнт дээрх шүүхийн шийдвэрээр “Дт-Прайм”, “Дт-Лайт” Полемеразын гинжин урвал олшруулах, илрүүлэх тоног төхөөрөмж, оношлуур урвалж нь олон улсын стандартад нийцсэн болохыг тогтоосон байна.
Анхан шатны шүүхээс хариуцагч нарын өмгөөлөгчөөс гаргасан “... нэхэмжлэгчийн ашиглаж байгаа тоног төхөөрөмж бүрэн, хагас автомат эсэх нь эргэлзээтэй нь гэрчийн мэдүүлгүүдээр нотлогдсон. Нэхэмжлэгч компанийн лаборатори нь бүрэн автомат тоног төхөөрөмжөөр санхүүжилтээ авсан. Шүүхээс тогтоох боломжгүй нөхцөл байдал үүсэж байна. Иймд өмгөөлөгчийн хувьд улсын байцаагч нарын хуульд заасан үүргээ гүйцэтгэх боломжоор хангаж, дахин акт гаргах шийдвэр гаргаж өгнө үү.” гэх, мөн 2020 оны 12 дугаар сарын 14-ний өдрийн шүүх хуралдаанд энэ талаар мэдүүлснийг үндэслээд “...нэхэмжлэгч анх 2018 онд “Элэг бүтэн Монгол” үндэсний хөтөлбөрийн хүрээнд Эрүүл мэндийн даатгалын ерөнхий газраас зарласан сонгон шалгаруулалтад оролцохдоо “Хепатитын В, С вирусийн ачаалал тоолох” шинжилгээг бүрэн автомат тоног төхөөрөмжөөр хийнэ гэж гэрээ байгуулан санхүүжилт авсан байх бөгөөд хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад “Э.А.Б” ХХК-ийн “А.Т” лабораторид ашиглаж байсан Magpriux 12A гэх тоног төхөөрөмж нь бүрэн, хагас автомат тоног төхөөрөмж аль нь болох нь эргэлзээтэй нөхцөл байдал үүссэн” гэж үзээд уг асуудлыг дахин тодруулах боломж олгон хариуцагч нараас дахин шинэ гаргах хүртэл маргаан бүхий захиргааны актыг дөрвөн сарын хугацаагаар түдгэлзүүлж шийдвэрлэсэн нь үндэслэлгүй болжээ.
Учир нь Захиргааны ерөнхий хуулийн 24 дүгээр зүйлийн 24.1-д зааснаар захиргааны байгууллага захиргааны шийдвэр гаргах ажиллагаанд хамаарах бодит нөхцөл байдлыг тогтоох, 24.2-т зааснаар 24.1-д заасан бодит нөхцөл байдлыг тогтооход ач холбогдол бүхий шаардлагатай ажиллагаа хийх, нотлох баримтыг цуглуулах, үнэлэх, 24.4-т зааснаар захиргааны шийдвэр гаргах ажиллагаанд хамааралтай тохиолдол бүрийн үндэслэлийг захиргааны байгууллага нарийвчлан шинжлэн судлах үүрэгтэй бөгөөд оролцогчийн хувьд ач холбогдол бүхий нөхцөл байдлыг тогтоох үүргийг захиргааны байгууллага хүлээхээр, Эрүүл мэндийн даатгалын тухай хуулийн 12 дугаар зүйлийн 12.1.2-т зааснаар эмнэлгийн мэргэжилтэн, эрүүл мэндийн тусламж, үйлчилгээ үзүүлэгч байгууллагын буруутай үйл ажиллагааны улмаас оношилгоо, эмчилгээний хүндрэл гарсан нь тогтоогдсон тохиолдолд тухайн эрүүл мэндийн тусламж, үйлчилгээ үзүүлэгч байгууллага нь эрүүл мэндийн тусламж, үйлчилгээний зардлыг даатгуулагчид нөхөн төлүүлэхээр тус тус хуульчилсан байхад хариуцагч нар нэхэмжлэгч компанийн ашиглаж байгаа тоног төхөөрөмж бүрэн, хагас автомат эсэхийг тогтоолгүйгээр нийт 4384 даатгуулагчийн шинжилгээний хариуг буруу гаргаж зөрчил гаргасан гэж үзээд бүрэн тоног төхөөрөмжийн шинжилгээний 120.000 төгрөгөөр шууд үржүүлэн тооцож нийт 526.080.000.00 нэхэмжилсэн байна.
Хариуцагчаас “...“Оросын Холбооны улсын Дт-Лайт 4s1, Дити прайм тоног төхөөрөмж нь копс/мл гэдгээр хариугаа гаргадаг, Эрүүл мэндийн яамнаас гаргаж өгсөн албан бичиг дээр IU/ml буюу Олон улсын нэгжээр зааж өгсөн. Заавар дээрх олон улсын нэгжээр явбал Оросын Холбооны улсын тоног төхөөрөмж тэнцэхгүй болоод Эрүүл мэндийн яамнаас чиглэл хүссэн, түүнээс өөрсдийн гаргасан шийдвэртээ эргэлзсэндээ чиглэл хүссэн юм биш” гэх тайлбарыг хийсэн.
Гэвч Эрүүл мэндийн даатгалын ерөнхий газрын 2019 оны 07 дугаар сарын 18-ны өдрийн А-1/1077 дугаар албан бичигт “...Эрүүл мэндийн даатгалын ерөнхий газрын даргын 2019 оны А/90 дүгээр тушаалаар батлагдсан ажлын хэсэг Эрүүл мэндийн даатгалын гэрээ бүхий хепатитын В, С вирусийн идэвхжил тодорхойлох шинжилгээний тусламж, үйлчилгээ үзүүлж буй 28 лабораторид хяналт шалгалтыг хийлээ. Шалгалтад хамрагдсан лабораториудаас ...А.Т ... зэрэг 9 лабораторийн хепатитын В, С вирусийн ачаалал тодорхойлох шинжилгээнд ашиглаж байгаа Оросын Холбооны улсын “Д.Т” компанийн “Дт-Прайм”, “Дт-Лайт”, тоног төхөөрөмж, “ОТ-Гепатоген-С” количественный”, “Гепатоген-Б количественный” оношлуур урвалжийн мэдрэг чанар болон бусад техникийн үзүүлэлт Эрүүл мэндийн сайдын 2018 оны А/288 дугаар тушаалаар баталсан “Хепатитын В, С вирусийн халдварын илрүүлэг, оношилгоо, эмчилгээний заавар”-тай тохирохгүй байна, ... ажлын хэсгийн шалгалтын явцад хийгдсэн гадаад чанарын хяналтын дээжний хариу алдаатай гарсан нь хепатитын В, С вирусийн идэвхжил тодорхойлох шинжилгээ хийлгэсэн иргэдийн хариу үнэн, зөв эсэхэд эргэлзэхэд хүрч байна. Иймд дээрх оношилгоо, шинжилгээний тоног төхөөрөмж, технологи нь халдварын илрүүлэг, оношилгоо, эмчилгээний заавар, стандарт, чанарын шаардлагад нийцэж буй эсэхэд талаар заавар, чиглэл ирүүлэхийг хүсье. Үүнээс хамаарч лабораториудын эрүүл мэндийн даатгалын гэрээг үргэлжлүүлэх эсэхийг шийдвэрлэнэ” гэжээ.
Уг албан бичгийн хариуг ирүүлээгүй байхад буюу маргаан бүхий “Даатгалын сангийн хохирлыг нөхөн төлүүлэх тухай” ТҮЧГ/А-0004/02 дугаартай актыг 2019 оны 08 дугаар сарын 15-ны өдөр гаргасны дараагаар 2019 оны 09 дүгээр сарын 23-ны өдрийн А-1/1261 дүгээр албан бичгээр дахин чиглэл хүссэн бөгөөд Эрүүл мэндийн яамны 2019 оны 10 дугаар сарын 17-ны өдрийн 8/4756 дугаар албан бичгээр “... Оросын Холбооны улсын “Д.Т” компанийн Дт-Прайм, ба Дт-Лайт Полимеразын гинжин урвал олшруулах, илрүүлэх төхөөрөмж нь Олон улсын чанарын удирдлагын тогтолцооны ISO 9001 болон 9001:2000 стандартад тулгуурлан боловсруулагдсан, эмнэлгийн төхөөрөмжид зориулсан тусгай шаардлага бүхий олон улсын стандарт ISO134852-г хангасан гэрчилгээтэй, чанарын тохирлын CE-IVD тэмдэгтэй, XCB, XBB-ийн нуклейн хүчил тоолох болон XCB-ийн хэв шинж, бэлгийн замаар дамжих халдварын 13 үүсгэгч, хүний папилома вирусийн 2, 4, 15, 21 дүгээр хэв шинж, удам зүй, сүрьеэ зэрэг 70 гаруй төрлийн шинжилгээ хийх хүчин чадалтай, нээлттэй системтэй төхөөрөмж байна” гэх хариуг ирүүлснээс үзвэл хариуцагчаас нэхэмжлэгч нь шинжилгээний мэдрэг чанар хангалтгүй тоног төхөөрөмж ашигласан эсэх, технологиор үйлдвэрлэгчийн зааврыг зөрчиж шинжилгээг хийсэн эсэх, шалгалтын явцад хяналтын дээжид хийсэн шинжилгээ алдаатай гарсан эсэхийг бүрэн тогтоож, нотлолгүйгээр шийтгэл ногдуулсан нь захиргааны акт бодит нөхцөл байдалд тохирсон, шийдвэр нь үндэслэл бүхий байх зарчимд нийцээгүй гэж үзэхээр байна.
2. Хэдийгээр Эрүүл мэндийн хөгжлийн төвийн 2020 оны 02 дугаар сарын 20-ны өдрийн 219 дүгээр албан бичигт “...нэхэмжлэгч “Э.А.Б” ХХК-ийн захирал Н.Б нь Анагаахын шинжлэх ухааны үндэсний их сургуулийн 2014 оны А/144 дүгээр тушаалаар дотор судлалын үндсэн мэргэжил эзэмшсэн талаарх мэдээлэл эмнэлгийн мэргэжилтний мэдээний санд бүртгэлтэй, лаборант Э.Н нь мэргэжлийн үйл ажиллагаа эрхлэх зөвшөөрөл болон үндсэн болон төрөлжсөн мэргэжлээр сурч төгссөн талаар мэдээлэл эмнэлгийн мэргэжилтний мэдээний санд бүртгэгдээгүй” гэсэн, мөн лабораторийн их эмч гэх Д.Ц “... “Э.А.Б” ХХК-д ажиллаж байгаагүй, н.Н надад хүсэлт тавьж, манай хүмүүсийг сургаад өг гэж хэлсэн. Түүнээс биш сар бүр цалин авдаг байнгын ажилтан байгаагүй, зөвлөх үйлчилгээ үзүүлснийхээ хариуд мөнгө авсан” гэж мэдүүлсэн, лаборант Э.Н нь “А” эмнэлгийн лабораторид ажилладаг ба 2019 оны 02 дугаар сараас үндсэн ажлын зэрэгцээ давхар ажилладаг зэргээс үзвэл тус компани нь лабораторийн их эмч байхгүй, мэргэжлийн хүний нөөц хангалтгүй гэж үзэж болохоор байна.
Гэвч хариуцагч нэхэмжлэгч “Э.А.Б” ХХК-ийн 2018 оны 06 дугаар сарын 13-ны өдрийн 18/028 дугаар “... “Э.А.Б” ХХК нь “Элэг бүтэн Монгол” үндэсний хөтөлбөрийн хүрээнд “Хепатит В, С вирусийн ачаалал тоолох” сонгон шалгаруулалтад оролцож байгаатай холбогдуулан Эрүүл мэндийн ерөнхий газраас явуулсан шалгалтаар хүний нөөц байхгүй, зөвлөх мэргэжилтэнгүй, стандарт бус байршилтай, оношлуурын нөөцгүй гэсэн зөрчлүүд илэрснийг дараах байдлаар засварлав. Үүнд: лабораторийн их эмч Д.Ц нь амралтын хугацаа дуусч ажилдаа эргэн орсон...” гэх албан бичиг, мөн холбогдох хууль тогтоомж, дүрэм, журмыг үндэслэн даатгуулагчийг урьдчилан сэргийлэх эрт илрүүлэх үзлэг, оношилгоо, шинжилгээнд хамруулах, В, С вирусийн идэвхжил тодорхойлох шинжилгээ хийх гэрээг нэхэмжлэгчтэй байгуулсан атлаа одоо хүний нөөц хангалтгүй гэх үндэслэлээр буруутгаж байгаа нь ойлгомжгүй.
Товчхондоо, Эрүүл мэндийн даатгалын ерөнхий газар 2018 оны 10 дугаар сарын 10-ны өдөр 08/116 дугаар “Хувийн хэвшлийн эрүүл мэндийн байгууллагаас даатгуулагчийг урьдчилан сэргийлэх, эрт илрүүлэх үзлэг, оношилгоо, шинжилгээнд хамруулах тусламж, үйлчилгээ худалдан авах гэрээ”-г, 2019 оны 01 дүгээр сарын 02-ны өдөр 06/04 дугаартай “Хувийн хэвшлийн эрүүл мэндийн байгууллагаас эрүүл мэндийн тусламж үйлчилгээг худалдан авах гэрээ”-г, 2018 оны 09 дүгээр сарын 14-ний өдөр “Оношилгоо, шинжилгээний тусламж, үйлчилгээ үзүүлэх, худалдан авах гэрээ”-г тус тус байгуулахдаа Эрүүл мэндийн даатгалын тухай хуулийн 10 дугаар зүйлийн 10.1-д “Эрүүл мэндийн даатгалын байгууллага нь энэ хуулийн 16.1.4-т заасны дагуу сонгон шалгаруулалтад тэнцсэн эрүүл мэндийн тусламж, үйлчилгээ үзүүлэгч байгууллага болон эмийн сантай даатгалын гэрээ /цаашид “гэрээ” гэх/-г байгуулах бөгөөд гэрээний хэрэгжилтийг хянаж, дүгнэнэ” гэж заасны дагуу тус компанийг “Хепатит В, С вирусийн ачаалал тоолох” сонгон шалгаруулалтад тэнцсэн буюу уг үйлчилгээг үзүүлэхэд тавигдах шаардлагуудыг хангасан гэж үзэн дээрх гэрээг байгуулжээ гэж үзэхээр байна.
Өөрөөр хэлбэл, хариуцагчаас “...нэхэмжлэгч нь сонгон шалгаруулалтад удаа дараа тэнцээгүй байснаа албан бичиг явуулаад тэнцсэн” гэж тайлбарлах боловч тухайн цаг хугацаанд сонгон шалгаруулалтад тавигдсан шаардлагыг хангаагүй бол нэхэмжлэгчтэй гэрээ байгуулахгүй байх бүрэн эрхтэй байсан, тодруулбал, лабораторийн мэргэжлийн эмч нь тухайн компанийн үндсэн ажилтан бус, хүний нөөц хангалттай эсэх талаарх зөрчлийг бодит байдалд арилгасан эсэхийг нягтлах бүрэн боломжтой байсан ба нэхэмжлэгч “Э.А.Б” ХХК нь 2018 оны 09 дүгээр сараас 2019 оны 06 дугаар сар хүртэл 4384 хүний элэгний В, С вирусийн идэвхжил тодорхойлох шинжилгээг лабораторийн мэргэжлийн эмчийн хяналтгүй хийсэн, шинжилгээний чанарын хяналтыг стандартын дагуу тогтмол хийж, баримтжуулаагүй, шалгалтын явцад хяналтын дээжид хийсэн шинжилгээ алдаатай гарсан зэрэг нөхцөл байдлууд нь тухайн шинжилгээний хариу болгоныг буруу, эсхүл буруу гарсан байх магадлалтай гэж үзэх боломжгүй бөгөөд үүгээр 4384 даатгуулагчийн эрүүл мэнд, нийтийн ашиг сонирхолд ноцтой хохирол учруулах үр дагавар үүссэн гэж үзэх хууль зүйн үндэслэлгүй юм.
Мөн “В, С вирусийн нуклейн хүчил ялгах болон полимеразын гинжин урвал хийсэн тоног төхөөрөмж дээрх цахим бүртгэл байхгүй” гэх маргаан бүхий актын үндэслэлийн тухайд, нэхэмжлэгчээс В, С вирусийн 4 хавтас бүхий Молекул биологийн шинжилгээний цахим бүртгэлийг шүүхэд нотлох баримтаар ирүүлсэн, харин хариуцагч нараас уг баримтыг зөвхөн эксел программ дээр гаргасан тайлан гэж үгүйсгэх боловч цахим бүртгэл нь чухам ямар баримт бичиг байх ёстой талаар, мөн дээрх үндэслэл тайлбараа дэмжсэн аливаа тайлбар, баримт гаргаж өгөөгүй байна.
Төрийн хяналт шалгалтын тухай хуулийн 5 дугаар зүйлийн 5.16-д “Хяналт шалгалтын дүнгийн тухай танилцуулга, бусад баримт бичгийг зохих журмын дагуу үйлдэж, хяналт шалгалт хийсэн албан тушаалтан гарын үсэг зурна.”, “Эрүүл мэндийн даатгалын байцаагчийн дүрэм”-ийн 1.7-д “Эрүүл мэндийн даатгалын хяналт шалгалтыг 2 ба түүнээс дээш эрүүл мэндийн даатгалын байцаагч, эрх бүхий албан тушаалтны бүрэлдэхүүнтэйгээр гүйцэтгэнэ” гэж үүрэгжүүлсэн, 2.4.12-т “Эрүүл мэндийн даатгалын улсын байцаагч өөрийн шалгаагүй баримтыг баталгаажуулах, улсын байцаагчийн акт, албан шаардлагад гарын үсэг зурж, тамга тэмдэг дарах”-ыг хориглохоор заасан.
Хариуцагч нараас “...2019 оны 06 дугаар сарын 07-ны өдрийн А/90 дүгээр тушаалаар байгуулагдсан ажлын хэсгийн хянан шалгалтаар улсын байцаагч И.Э тухайн багийг ахалж, Х.С.Э, Б.О, А.У нар нь бусад лабораторид анхны шалгалтыг хийж, зөрчил илрүүлснийг 2019 оны 07 дугаар сарын 30-ны өдрийн 107 дугаар тушаалаар байгуулагдсан ажлын хэсгийн шалгалтаар 5 улсын байцаагч очиж зөрчлийг дахин шалгах, тодруулах ажиллагаа явуулсан, ...шалгалтыг зөвхөн тухайн газар дээр хийдэггүй, бичиг баримтыг нь шалгаад, бодит байдал дээр бас шалгадаг” гэж мэдүүлсэн бөгөөд 2019 оны 07 дугаар сарын 05-ны өдрийн шалгалтын тайланд зөрчил илэрсэн мэтээр дүгнэж, хариуцагч нар гарын үсэг зурсан нь дээрх хуулийн заалтыг зөрчжээ гэж үзэхээр байна.
Эрүүл мэндийн даатгалын тухай хуулийн 17 дугаар зүйлийн 17.3.4-д зааснаар эрүүл мэндийн даатгалын улсын байцаагч гэрээ хийсэн байгууллага нь холбогдох стандарт, удирдамжийг зөрчиж даатгуулагчийн эрүүл мэндэд хохирол учруулсан зөрчил гаргасан болох нь хөдлөшгүй баримтаар тогтоогдсон тохиолдолд хууль тогтоомжид заасан хариуцлага хүлээлгэх эрхтэй бөгөөд уг маргааны хувьд хэрэгт авагдсан баримтуудаар нэхэмжлэгч “Э.А.Б” ХХК нь 2018 оны 09 дүгээр сараас 2019 оны 06 дугаар сар хүртэл хугацаанд 4384 хүний элэгний В, С вирусийн идэвхжил тодорхойлох шинжилгээг хийхдээ буруу, алдаатай гаргаснаас үүдэн даатгуулагчийн эрүүл мэнд, нийтийн ашиг сонирхолд ноцтой хохирол учруулах үр дагавар бий болсон нөхцөл байдал тогтоогдохгүй байх тул маргаан бүхий актыг хүчингүй болгож, нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж шийдвэрлэх нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн үзлээ.
Харин “Э.А.Б” ХХК-ийн шинжилгээг лабораторийн мэргэжлийн эмчийн хяналтгүй хийсэн, хүний нөөц хангалтгүй, шинжилгээний чанарын хяналтыг стандартын дагуу тогтмол хийж, баримтжуулаагүй, шалгалтын явцад хяналтын дээжид хийсэн шинжилгээ алдаатай гарсан зэргийг шүүх зөвтгөөгүй, харин эдгээр нь маргаан бүхий актыг шууд хүчингүй болгох үндэслэл болохгүй гэж үзсэн бөгөөд эрх бүхий байгууллагаас дээрх зөрчилтэй холбоотойгоор холбогдох хууль, журмын дагуу зохих хариуцлага хүлээлгэхийг энэхүү шийдвэрээр хязгаарлахгүй болохыг тэмдэглэх нь зүйтэй.
Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 120 дугаар зүйлийн 120.3 дахь хэсгийг удирдлага болгон
ТОГТООХ нь:
1. Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 12 дугаар сарын 14-ний өдрийн 772 дугаар шийдвэрийн Тогтоох хэсгийн 1 дэх заалтыг “Захиргааны ерөнхий хуулийн 24 дүгээр зүйлийн 24.1, 24.2, Эрүүл мэндийн даатгалын тухай хуулийн 17 дугаар зүйлийн 17.3.3 дахь хэсэгт заасныг баримтлан нэхэмжлэгч “Э.А.Б” ХХК-ийн нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж, Эрүүл мэндийн даатгалын ерөнхий газрын улсын байцаагч И.Э, Х.С.Э, Т.Д, Б.О, А.У нарын 2019 оны 08 дугаар сарын 15-ны өдрийн ТҮЧГ/А-0004/02 дугаартай “Даатгалын сангийн хохирлыг нөхөн төлүүлэх тухай” актыг хүчингүй болгосугай” гэж, 2 дахь заалтыг “Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2, Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 48 дугаар зүйлийн 48.1 дэх заалтыг тус тус баримтлан нэхэмжлэгчээс нэхэмжлэл гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 70.200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч нараас 70.200 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгчид олгосугай” гэж тус тус өөрчилж, 3 дахь заалтыг хасч, нэхэмжлэгчийн давж заалдах журмаар гаргасан гомдлыг хангасугай.
2. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 48 дугаар зүйлийн 48.3, 51 дүгээр зүйлийн 51.1-д заасныг тус тус баримтлан нэхэмжлэгчээс давж заалдах гомдол гаргахдаа төлсөн 70200 /далан мянга хоёр зуун/ төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.
Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.5 дахь хэсэгт зааснаар давж заалдах шатны шүүх хуулийг зөрүүтэй хэрэглэсэн, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны ноцтой зөрчил гаргасан, хуулийг Улсын дээд шүүхийн албан ёсны тайлбараас өөрөөр тайлбарлаж хэрэглэсэн гэж хэргийн оролцогчид, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч үзвэл магадлалыг гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Улсын дээд шүүхийн захиргааны хэргийн танхимд гомдол гаргах эрхтэй.
ШҮҮГЧ Д.БААТАРХҮҮ
ШҮҮГЧ Б.ТУНГАЛАГСАЙХАН
ШҮҮГЧ Н.ДОЛГОРСҮРЭН