Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2017 оны 12 сарын 05 өдөр

Дугаар 899

 

Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн шүүгч А.Сарангэрэл даргалж, 2017 оны 12 дүгээр сарын 05-ны өдөр тус шүүхийн шүүх хуралдааны 2 дугаар танхимд хийсэн шүүх хуралдаанаар Г.З гийн нэхэмжлэлтэй, Газар зохион байгуулалт, геодези, зураг зүйн газрын даргад холбогдох захиргааны хэргийг хянан хэлэлцэж энэхүү шүүхийн шийдвэрийг гаргав.  

Шүүх хуралдаанд нэхэмжлэгч Г.З, нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч П.З, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч О.Д, Г.М, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Г.З  нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ нь:

Нэхэмжлэлийн шаардлагын агуулга: Г овогтой З  нь 2015 оны 10 дугаар сарын 29-ний өдөр төрийн жинхэнэ албан хаагчийн шалгалт өгч 77 оноо авч тэнцэн нэгээр шалгарсан. 2016 оны 01 дүгээр сарын 05-ны өдөр ирж ажилдаа ор гэсэн. 2015 оны 12 дугаар сарын 31-ний өдрийн Б/110 дугаар тушаалаар 6 сарын туршилтын хугацаатай 2016 оны 01 дүгээр сарын 05-ны өдрөөс эхлэн ажилд томилогдон 2016 оны 01 дүгээр сарын 15-ны өдөр хүртэл ажиллаад жирэмсний амралтаа авсан. 

2017 оны 01 дүгээр сарын 02-ны өдөр ажилдаа эргэн орох өргөдлөө өгч, 2017 оны 01 дүгээр сарын 16-ны өдрийн Б/02 дугаар тушаалаар туршилтын журмаар 6 сарын хугацаатай томилох тушаал гаран ажиллаж эхэлсэн бөгөөд 2017 оны 02 дугаар сарын 21-ний өдөр хэлтсийн дарга Х.С тай үр дүнгийн гэрээ байгуулсан. 2017 оны 06 дугаар сарын 13-ны өдөр үр дүнгийн гэрээг хэлтсийн дарга Х.С үнэлж 91,2 буюу А /маш сайн/ гэсэн үнэлгээ өгсөн.

Гэтэл 2017 оны 07 дугаар сарын 17-ны өдөр Захиргаа, удирдлага хамтын ажиллагааны газрын дарга Р.Г дуудаж уулзан үр дүнгийн гэрээний үнэлгээг бууруулсан Э буюу /дутагдалтай/ үнэлгээ авсан тул туршилтын хугацааг 07 дугаар сарын 20-ны өдрөөр дуусгавар болгох гэж байгааг мэдэгдсэн. Миний бие үр дүнгийн гэрээний илтгэх хуудастай танилцаагүй байсан тул танилцах хүсэлт тавьж, танилцахад анх дүгнэснээс үнэлгээг бууруулан 70 буюу С /хангалттай/ гэсэн үнэлгээтэй байсан. 

Үр дүнгийн гэрээний үнэлгээ бууруулсантай холбоотой хурал хийхэд би Дорнод, Хэнтий аймгуудад сургалт хийхээр томилолтоор явсан байсан тул хуралд оролцож, үр дүнгийн гэрээний илтгэх хуудастай танилцаж амжаагүй байсан. Үр дүнгийн гэрээний үнэлгээтэй санал нийлэхгүй байгаа талаар газрын даргад 07 дугаар сарын 20-ны өдөр хэлэхэд Захиргаа удирдлага хамтын ажиллагааны газрын даргатай уулз гэсэн. Хэлтсийн дарга ажлаа хүлээлгэж өг гэхэд захиргаа удирдлагын хэлтсийн даргатай уулзсаны дараа хүлээлгэж өгье гэсэн. Захиргаа, удирдлага хамтын ажиллагааны газрын дарга 20-ны өдөр ирээгүй тул 21-ний өдөр уулзаж, санаа бодлоо, санал нийлэхгүй байгаа зүйлүүдээ хэлсэн. Үр дүнгийн гэрээний илтгэх хуудсыг дахин харъя гэсэн. Хэлтсийн дарга ажлаа өгөх чинь юу болсон гэж асуухад Захиргаа удирдлагын газрын дарга үр дүнгийн гэрээний биелэлтийн илтгэх хуудсыг эргэн харъя гэсэн гэж хэлсэн. Удалгүй хэлтсийн дарга эргэн харъя гэсэн боловч тушаал шийдвэрт өөрчлөлт гарахгүй юм байна ажлаа хүлээлгэж өг гээд ширээ сандал эд хогшил, ажлын файлыг хүлээлгэж өгсөн.

Мөн энэ хугацаанд буюу 07 дугаар сарын 20-ны өдөр газрын даргатай уулзахдаа хүний нөөцийн мэргэжилтнээс үр дүнгийн гэрээний илтгэх хуудсаа авъя гэтэл даргад байгаа дараа ав гэсэн газрын даргаас асуухад надад байхгүй захиргаа удирдлага хамтын ажиллагааны газрын даргад байгаа юм байлгүй гэсэн тэр өдөр захиргааны дарга ирээгүй бөгөөд маргааш буюу 21-ний өдөр захиргааны даргыг өглөө ирэхэд нь уулзахад миний илтгэх хуудсыг байхгүй гэж байсан. 2017 оны 07 дугаар сарын 24-ний өдөр ирээд илтгэх хуудас авахад анх намайг 17-ны өдөр танилцахад дараагийн шатны дарга үнэлгээг зөвшөөрөөгүй гэдэг үндэслэл дээр "гэрээний биелэлт хангалтгүй" гэж бичсэн байсан гэтэл 2017 оны 07 дугаар сарын 24-ний өдөр авахад нэмээд "мэргэжил ур чадвар нь тухайн ажлын байрны тодорхойлолтоор заасан чиг үүргээ биелүүлэхэд хангалтгүй” гэсэн өгүүлбэр нэмж бичсэн байсан. Тиймээс би 24-ний өдөр газрын даргад нэгэнт батлагдаад гарын үсгүүдээ зурчихсан байсан илтгэх хуудас дээр өгүүлбэр нэмж бичсэн байсан тухай болон үр дүнгийн биелэлтийн оноо бууруулсантай санал нийлэхгүй байгаа талаар өргөдөл бичиж өгсөн.

Мөн Төрийн албаны зөвлөлд өргөдөл бичсэн. 'Төрийн албаны зөвлөлөөс туршилтын хугацаагаар ажиллаж байсан тул манайхаар маргаан шийдвэрлэгдэхгүй тул шүүхэд хандана уу гэсэн хариу 2017 оны 08 дугаар сарын 01-ний өдөр ирсэн. 2017 оны 08 дугаар сарын 07-ны өдөр ажил дээр очиж 07 дугаар сарын 24-ний өгсөн өргөдлийн хариу гарсан эсэхийг асуухад сарын хугацаанд шийдвэрлэгдэнэ хугацаа нь болоогүй гэсэн.

Газар зохион байгуулалт, геодези, зураг зүйн газрын даргын 2017 оны 07 дугаар сарын 19-ний өдрийн Б/107 дугаар тушаалд дурдсан Төрийн албаны зөвлөлийн 2003 оны 02 дугаар тогтоолоор баталсан Төрийн жинхэнэ албан тушаалд туршилтын хугацаа хэрэглэх болзол, журмын 7 дахь заалт, тус газрын Хөдөлмөрийн дотоод журмын 3.5 дахь заалтуудын дагуу үр дүнгийн гэрээг хангалтгүй биелүүлсэн, мэргэжил, ур чадварын хувьд тухайн албан тушаалд тэнцэхгүй гэж үзэх үндэслэл бүрдээгүй, үр дүнгийн гэрээг дүгнэсэн илтгэх хуудсанд “С” буюу хангалттай гэж дүгнэгдсэн.

Мөн Хөдөлмөрийн тухай хуулийн 100 дугаар зүйлийн 100.1-д “Ажил олгогч нь жирэмсэн эмэгтэй, гурав хүртэлх насны хүүхэдтэй эхийг аж ахуйн нэгж, байгууллага татан буугдсан болон энэ хуулийн 40.1.4. 40.1.5-д зааснаас бусад тохиолдолд ажлаас халахыг хориглоно” гэсэн заалтыг мөн зөрчсөн. Эдгээрээс харахад үндэслэлгүйгээр ажлаас халсан нь нэгэнт тодорхой байгаа тул “Газар зохион байгуулалт, геодези, зураг зүйн газрын даргын 2017 оны 07 дугаар сарын 19-ний өдрийн Б/107 дүгээр тушаалыг хүчингүй болгож, урьд эрхэлж байсан ажилд эгүүлэн тогтоолгох, ажилгүй байсан хугацааны цалинг гаргуулах, эрүүл мэндийн даатгал болон нийгмийн даатгалын шимтгэлийг нөхөн төлүүлэхийг даалгаж” өгнө үү гэжээ. 

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч шүүхэд гаргасан тайлбарын агуулга:

Г.З  нь 2015 оны 12 дугаар сарын 31-ний өдрийн Б/110 дугаар тушаалаар 2015 оны 01 дүгээр сарын 05-ны өдрөөс Инженер хайгуул, мониторингийн хэлтэст Геоэкологийн асуудал хариуцсан мэргэжилтнээр туршилтын журмаар томилогдсон ба 11 хоногийн дараа 2016 оны 01 дүгээр сарын 16-ны өдрөөс жирэмсний амралтаа авсан.

Улмаар Г.З гийн өөрийнх нь гаргасан хүсэлтийн дагуу 2016 оны 04 дүгээр сарын 20-ны өдрийн Б/27 дугаар тушаалаар 2017 оны 01 дүгээр сарын 02-ны өдрийг хүртэл хүүхэд асрах чөлөө олгосон.

Чөлөөний хугацаа дуусгавар болоход ажилдаа эргэн орох хүсэлт гаргасны дагуу  2017 оны 1 дүгээр сарын 16-ны өдөр Б/02 дугаар тушаалаар ажилд нь эргүүлэн туршилтын журмаар томилсон болно.

Тус газар нь Төрийн албаны тухай хуулийн 18 дугаар зүйлийн 18.1 дэх хэсэгт “Төрийн жинхэнэ албан тушаалд анх орсон албан хаагчид туршилтын хугацааг 1 жил хүртэл хугацаагаар тогтоож болно” гэж, Төрийн албаны зөвлөлийн 2003 оны 02 дугаар тогтоолоор батлагдсан “Төрийн жинхэнэ албан тушаалд туршилтын хугацаа хэрэглэх болзол журам”-ын 2-т “Төрийн алба мэргэшсэн, тогтвортой байх зарчмыг баримтлах үүднээс төрийн албаны мэргэшлийн шалгалтад тэнцсэн, төрийн жинхэнэ албан тушаалд анх орсон иргэнийг 1 жил хүртэл хугацаагаар туршилтын журмаар томилон ажиллуулна.” гэж, мөн журмын 4-т “Туршилтын хугацаанд тухайн төрийн албан хаагчтай төрийн албаны зөвлөлөөс баталсан зааврын дагуу үр дүнгийн гэрээ байгуулж, туршилтын хугацааны эцэст зохих журмын дагуу дүгнэнэ.” гэж тус тус заасны дагуу төрийн жинхэнэ албан тушаалд шинээр томилогдож байгаа албан хаагчийг 6 сар хүртэл хугацаагаар туршилтын журмаар томилон ажиллуулдаг болно. 

Г.З  нь туршилтын журмаар томилогдон ажиллах хугацаандаа Үр дүнгийн гэрээгээр хүлээсэн үүргээ хангалттай биелүүлээгүй мөн цаашид төрийн жинхэнэ албанд үр бүтээлтэй ажиллах чадвартайгаа нотлон харуулаагүй тул Төрийн албаны зөвлөлийн 2003 оны 02 дугаар тогтоолоор батлагдсан “Төрийн жинхэнэ албан тушаалд туршилтын хугацаа хэрэглэх болзол журам”-ын 7-д “Туршилтын хугацаанд үр дүнгийн гэрээгээр хүлээсэн үүргээ хангалтгүй биелүүлж, цаашид төрийн жинхэнэ албанд үр бүтээлтэй ажиллах чадваргүйгээ харуулсан төрийн албан хаагчийг төрийн холбогдох байгууллагын эрх бүхий албан тушаалтны шийдвэрээр тухайн албан тушаалаас нь чөлөөлж болно” гэж заасныг баримтлан тус газрын даргын 2017 оны 07 дугаар сарын 19-ний өдрийн Б/107 дугаар тушаалаар тухайн албан тушаалаас нь чөлөөлсөн болно.

Г.З  нь 2017 оны 02 дугаар сарын 21-ний өдөр байгуулсан Үр дүнгийн гэрээнийхээ биелэлтийг хагас жилийн байдлаар 2017 оны 06 дугаар сарын 13-ны өдөр илтгэх хуудсаар тайлагнасан байна.

Тус газрын Захиргаа, удирдлага, хамтын ажиллагааны газраас Төрийн албаны зөвлөлийн 2012 оны 134 дүгээр тогтоолын 3 дугаар хавсралтаар батлагдсан “Төрийн жинхэнэ албан хаагчийн үйл ажиллагааны үр дүн, мэргэшлийн түвшинг үнэлж дүгнэх журам”-ын 5.2-т Байгууллагын хяналт-шинжилгээ, үнэлгээ хариуцсан нэгж (албан хаагч) төрийн жинхэнэ албан хаагчийн гэрээний биелэлтийн явц байдалд хагас жил тутам хяналт-шинжилгээ хийнэ” гэж, тус газрын “Хөдөлмөрийн дотоод журам”-ын 6.2.2-т “Захиргаа, удирдлага, хамтын ажиллагаа, Санхүү, эдийн засгийн асуудал хариуцсан нэгжүүд төсвийн шууд захирагчаас нэгжийн дарга нартай байгуулсан үр дүнгийн гэрээний биелэлтэд улирал бүр хяналт, шинжилгээ хийж үр дүнг Даргын дэргэдэх зөвлөлийн хуралд танилцуулна” гэж заасныг тус тус баримтлан " мэргэжилтний үр дүнгийн гэрээний биелэлтийг хэлтсийн хагас жилийн үйл ажиллагааны төлөвлөгөөний биелэлттэй уялдуулан хяналт-шинжилгээ, үнэлгээг тогтмол хийдэг бөгөөд 2017 оны хагас жилийн хяналт-шинжилгээ, үнэлгээгээр Инженер хайгуул мониторингийн хэлтсийн төлөвлөгөөний биелэлт мэргэжилтнүүдийн үр дүнгийн гэрээний биелэлтийн үнэлгээтэй уялдахгүй байсан бөгөөд улмаар Г.З гийн үр дүнгийн гэрээний биелэлтийг үнэлсэн дараагийн шатны менежерийн үнэлгээ /70.0/ нэгжийн менежерийн үнэлгээ /91.22/-нээс хэт ялгаатай байсан зөрчил илэрсэн юм.

Г.З гийн үр дүнгийн гэрээний биелэлтээр хангалтгүй үнэлгээ авсан ажлуудаас дурдвал:

Үр дүнгийн гэрээний 1-ийн “б” заалт “Тусгай ажил, үйлчилгээ” /тус бүр 40 онооны  үнэлгээтэй/-ий 2.2.1.1-д “Газрыг зохистой ашиглаж, хамгаалах, нөхөн сэргээх тогтолцоог бүрдүүлж, газрын төлөв байдал, чанарын хянан баталгааны үндэсний мониторингийн сүлжээ байгуулах үндэсний хөтөлбөр” боловсруулах, мэргэжлийн зөвлөл болон Газрын даргын дэргэдэх зөвлөлийн хурлаар хэлэлцүүлэн БХБЯ-нд хүргүүлэх ажлыг зохион байгуулах ажлыг 2017 оны 1-3 дугаар сард гүйцэтгэхээр төлөвлөсөн байна. Гэвч уг ажил хугацаандаа, бүрэн хийгдээгүй нь түүний илтгэх хуудаснаас тодорхой харагдаж байна.

Мөн Үр дүнгийн гэрээний 1-ийн “б” заалт “Тусгай ажил, үйлчилгээ” /тус бүр 40 онооны үнэлгээтэй/-ий 2.2.1.3-т “Газрын төлөв байдал, чанарын хянан баталгааны мониторингийн улсын нэгдсэн мэдээллийн сан, ажиллуулах, хөтлөх журам” боловсруулах, мэргэжлийн зөвлөл болон Газрын даргын дэргэдэх зөвлөлийн хурлаар хэлэлцүүлэн БХБЯ-нд хүргүүлэх ажлыг зохион байгуулах” ажлыг 1-4 сард гүйцэтгэхээр төлөвлөсөн байна. Гэвч мөн уг ажил хугацаандаа бүрэн хийгдээгүй нь түүний илтгэх хуудаснаас тодорхой харагдаж байна.

Мөн үр дүнгийн гэрээний 1-ийн “а” заалт “Нийт ажил, үйлчилгээ” /тус бүр 30 онооны үнэлгээтэй/-ий 2.2.7.1, 2.2.8.1 гэх мэт 3-12 сар, 5-7 сард гүйцэтгэхээр буюу 3 сар, 5 сараас эхлэн тодорхой ажлууд хийгдээд явж байх ёстой үргэлжилсэн хугацаагаар төлөвлөгдсөн ажлуудын биелэлтийг ‘Гүйцэтгэлийн хугацаа болоогүй" гэж тайлагнасан нь уг ажлуудыг хугацаанд нь эхлээгүй, цаашид хугацаандаа үр дүн нь гарах, бүрэн биелэх боломжгүй нөхцөл байдлыг бий болгож байгаа юм.

Иймд нэгжийн менежерийн үнэлгээтэй холбогдсон зөрчлийг хянан хэлэлцэх үүргийг Газрын даргаас өгсний дагуу Инженер хайгуул мониторингийн хэлтсийн дарга Х.С , Захиргаа, удирдлага хамтын ажиллагааны газрын дарга Р.Г , Хяналт-шинжилгээ, үнэлгээний асуудал хариуцсан ахлах мэргэжилтэн Га.М , Хуулийн асуудал хариуцсан ахлах мэргэжилтэн Го.М , Хүний нөөцийн асуудал хариуцсан ахлах мэргэжилтэн Б.О нар хянан хэлэлцсэн бөгөөд хэлэлцэх явцад нэгжийн менежер дараагийн шатны менежерийн үнэлгээг хүлээн зөвшөөрч, Үр дүнгийн гэрээний үүргээ хангалттай биелүүлээгүй албан хаагчид хариуцлага тооцох, туршилтын журмаар ажиллаж байгаа албан хаагчийг ажлаас чөлөөлөх талаар санал гаргасан болно.

Тус газрын “Хөдөлмөрийн дотоод журам”-ын 6.2.3-т “Төсвийн шууд захирагчаас нэгжийн дарга нартай байгуулсан үр дүнгийн гэрээг Төсвийн шууд захирагч, нэгжийн даргаас албан хаагчтай байгуулсан үр дүнгийн болон хөдөлмөрийн гэрээг нэгжийн дарга нар тус тус дүгнэж, дарга эцсийн үнэлгээ өгч баталгаажуулна” гэж, Төрийн албаны зөвлөлийн 2012 оны 134 дүгээр тогтоолын 3 дугаар хавсралтаар батлагдсан “Төрийн жинхэнэ албан хаагчийн үйл ажиллагааны үр дүн, мэргэшлийн түвшинг үнэлж дүгнэх журам”-ын хавсралт “Үр дүнгийн гэрээний биелэлтийг дүгнэх аргачлал”-ын 6.2- т “Хэрэв дараагийн шатны дарга менежерийн өгсөн үнэлгээг зөвшөөрөхгүй байвал ... зөвшөөрөхгүй байгаа үндэслэл, өөрийн үнэлгээг бичнэ. Энэхүү үнэлгээ нь гэрээний биелэлтийн эцсийн үнэлгээ болно” гэж заасан байдаг ба эдгээр заалтуудын дагуу Г.З  нь 2017 оны Үр дүнгийн гэрээний биелэлтийн үнэлгээгээр 70.0 /С/ үнэлгээ авсан болно.

70.0 /С/ үнэлгээ нь туршилтын журмаар ажиллаж байгаа албан хаагчийн хувьд маш хангалтгүй үнэлгээ бөгөөд тухайн ажилд идэвхи, санаачилгатай өөрийгөө бүрэн дайчилж ажиллаагүй, түүний ур чадвар тухайн ажлын байранд хангалтгүй байгааг тодорхой харуулж байгаа юм. Тодруулбал, Г.З  нь төрийн жинхэнэ албан хаагчийн тангараг өргөөгүй, туршилтын журмаар ажиллаж байсан болно.

Төрийн албаны зөвлөлийн 2003 оны 02 дугаар тогтоолоор батлагдсан “Төрийн жинхэнэ албан тушаалд туршилтын хугацаа хэрэглэх болзол журам”-д зааснаар туршилтын хугацаа хэрэглэх нь Төрийн жинхэнэ албыг мэдлэг, боловсрол, мэргэшлийн бэлтгэл, ур чадвар, туршлагатай албан хаагчаар бүрдүүлэх зорилготой билээ.

Нэгжийн менежер буюу Инженер хайгуул, мониторингийн хэлтсийн даргын бичгээр гаргасан санал болон Г.З гийн 2017 оны Үр дүнгийн гэрээний биелэлтийн үнэлгээг үндэслэн Төрийн албаны тухай хууль тогтоомжийн дагуу Газрын даргын 2017 оны 07 дугаар сарын 19-ний өдрийн Б/107 дугаар тушаалаар Г.З г албан тушаалаас нь чөлөөлсөн болно.

Иймд иргэн Г.З гийн гаргасан нэхэмжлэлийн шаардлага нь үндэслэлгүй байх тул нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү.

ҮНДЭСЛЭХ нь:

Нэхэмжлэлийн шаардлагын талаар: 

Нэхэмжлэгч Г.З  нь “Газар зохион байгуулалт, геодези, зураг зүйн газрын даргын 2017 оны 07 дугаар сарын 19-ний өдрийн Б/107 дугаар тушаалыг хүчингүй болгож, урьд эрхэлж байсан ажилд эгүүлэн тогтоолгох, ажилгүй байсан хугацааны цалинг гаргуулах, эрүүл мэндийн даатгал болон нийгмийн даатгалын шимтгэлийг нөхөн төлүүлэхийг даалгах” нэхэмжлэлийн шаардлагыг Газар зохион байгуулалт, геодези, зураг зүйн газрын даргад холбогдуулан гаргаж уг нэхэмжлэлээр захиргааны хэрэг үүсгэжээ /хх 35-39/. 

Хэрэгт цугларсан болон шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримтыг үнэлж дүгнэхэд дараах бодит нөхцөл байдал /үйл баримт /тогтоогдож байна:

Нэхэмжлэгч Г.З г Газрын харилцаа, геодези, зураг зүйн газрын төрийн жинхэнэ албан тушаалын сул орон тоог нөхөх төрийн жинхэнэ албаны мэргэшлийн шалгалтад тэнцсэн, дэс түшмэлийн төрийн жинхэнэ албан тушаалд анх орох иргэний нөөцөд бүртгэгсэн, хамгийн өндөр оноо авсан учир өрсөлдсөн албан тушаалд нь томилуулах албан бичгийг Төрийн албаны зөвлөлийн 2015 оны 11 дүгээр сарын 03-ны өдрийн 190 дүгээр тогтоолоор хариуцагч байгууллагад хүргүүлжээ /хх 110-112/.

 Газрын харилцаа, геодези, зураг зүйн газрын даргын 2015 оны 12 дугаар сарын 31-ний өдрийн Б/110 дугаар тушаал /хх 11, 55/-аар тус газрын Инженер хайгуул, мониторингийн хэлтсийн Геоэкологийн асуудал хариуцсан мэргэжилтнээр нэхэмжлэгч Г.З г туршилтын журмаар 6 сарын хугацаагаар 2016 оны 01 дүгээр сарын 05-ны өдрөөс эхлэн ажилд томилжээ.

Газрын харилцаа, геодези, зураг зүйн газрын даргын 2016 оны 04 дүгээр сарын 20-ны өдрийн Б/27 дугаар тушаал /хх 51/-аар нэхэмжлэгч Г.З д 2017 оны 01 дүгээр сарын 02-ны өдрийг хүртэл хүүхэд асрах чөлөө олгожээ.

Газар зохион байгуулалт, геодези, зураг зүйн газрын даргын 2017 оны 01 дүгээр сарын 16-ны өдрийн Б/02 дугаар тушаал /хх 9, 52/-аар нэхэмжлэгчийг хүүхэд асрах чөлөөний хугацаагаа дуусган ажилдаа эргэн орох хүсэлтийг нь үндэслэн Инженер хайгуул, мониторингийн хэлтсийн Геоэкологийн асуудал хариуцсан мэргэжилтнээр туршилтын журмаар 6 сарын хугацаагаар томилсон байна. 

Нэхэмжлэгчийн 2017 оны хагас жилийн үр дүнгийн гэрээний биелэлтийг шууд харьяалах Инженер хайгуул, мониторингийн хэлтсийн дарга Х.С аас 2017 оны 06 дугаар сарын 13-ны өдөр үнэлгээ өгч 91,22 буюу А үнэлгээг тавьж, уг хэлтсийн даргын үнэлгээг газрын дарга Ц.Г 2017 оны 06 дугаар сарын 28-ны өдөр бууруулан 70.0 буюу С үнэлгээг нэхэмжлэгчид тавьсан гэдэг нь илтгэх хуудас /хх 34, 77/, үр дүнгийн гэрээний үнэлгээний талаар хийсэн хурлын тэмдэглэл /хх 79/ зэргээр тогтоогдож байна. 

Нэхэмжлэгчийн харьяалах хэлтсийн дарга Х.С аас 2017 оны 06 дугаар сарын 28-ны өдөр “...мэргэжилтэн Г.З   нь туршилтын хугацаанд өөрийгөө бүрэн дайчилж, идэвхи санаачлагатай, үр бүтээлтэй ажиллаагүй мэргэжил, ур чадварын хувьд ажлын байрны шаардлагад тэнцэхгүй байгаа тул үүрэгт ажлаас нь чөлөөлөх саналыг үүгээр хүргүүлж байна.” гэсэн бичгийг Захиргаа удирдлага, хамтын ажиллагааны газарт хүргүүлжээ /хх 81/. 

Захиргаа удирдлага, хамтын ажиллагааны газраас 2017 оны 07 дугаар сарын 17-ны өдөр нэхэмжлэгчид ажлаас чөлөөлөх шийдвэрийн талаар танилцуулжээ /хх 82/.

Газар зохион байгуулалт, геодези, зураг зүйн газрын даргын 2017 оны 07 дугаар сарын 19-ний өдрийн Б/107 дугаар тушаал /хх 8, 78/-аар Г.З г 2017 оны 07 дугаар сарын 20-ны өдрөөс эхлэн үүрэгт ажлаас нь чөлөөлсөн байна.  

Нэхэмжлэгч Төрийн албаны зөвлөлөөс 2017 оны 08 дугаар сарын 01-ний өдөр ирүүлсэн “Өргөдлийн хариу”-г хүлээн авч, тус шүүхэд 2017 оны 08 дугаар сарын 18-ны өдөр нэхэмжлэл гаргажээ. 

Маргаан бүхий актын хууль зүйн үндэслэл, түүнийг талуудын тайлбар, нотлох баримтаар тогтоогдсон хэргийн бодит нөхцөл байдалтай холбон дүгнэсэн талаар:

Маргаан бүхий акт дараах хууль зүйн үндэслэлийг баримталжээ: Үүнд:

-Засгийн газрын агентлагийн эрх зүйн байдлын тухай хуулийн 8 дугаар зүйлийн 8.4-д “Агентлагийн дарга энэ хууль болон холбогдох бусад хуулиар олгосон бүрэн эрхэд хамаарах асуудлаар тушаал гаргана.”;

-Төрийн албаны тухай хуулийн 18 дугаар зүйлийн 18.1-д “Төрийн жинхэнэ албан тушаалд анх орсон албан хаагчид туршилтын хугацааг 1 жил хүртэл хугацаагаар тогтоож болно”, мөн хуулийн 18 дугаар зүйлийн 18.2-т “Төрийн жинхэнэ албан тушаалд туршилтын хугацаа хэрэглэх болзол, журмыг төрийн албаны төв байгууллага тогтооно.”;

-Төрийн албаны зөвлөлийн 2003 оны 02 дугаар тогтоолоор батлагдсан “Төрийн жинхэнэ албан тушаалд туршилтын хугацаа хэрэглэх болзол журам”-ын хавсралтын 7 дугаар зүйл /хх 84/-д “Туршилтын хугацаанд үр дүнгийн гэрээгээр хүлээсэн үүргээ хангалтгүй биелүүлж, цаашид төрийн жинхэнэ албанд үр бүтээлтэй ажиллах чадваргүйгээ харуулсан төрийн албан хаагчийг төрийн холбогдох байгууллагын эрх бүхий албан тушаалтны шийдвэрээр тухайн албан тушаалаас нь чөлөөлж болно.”;

-Газар зохион байгуулалт, геодези, зураг зүйн газрын Хөдөлмөрийн дотоод журмын 3.5 дугаар зүйл /хх 86/-д “Шууд харьяалах нэгжийн дарга нь албан тушаалд туршилтын журмаар томилогдсон албан хаагчаар тухайн ажлын байрны тодорхойлолтод заасан ажлуудыг биечлэн гүйцэтгүүлж, мэргэжил, арга зүйн удирдлагаар ханган хамтран ажиллах ба мэргэшил, ур чадвар нь тухайн ажлын байрны тодорхойлолтод заасан үүргээ биелүүлэхэд хангалттай гэж үзвэл туршилтын хугацаа дуусмагц, эсвэл хугацаанаас өмнө үндэслэл, нотолгоо бүхий дараах саналын аль нэгийг байгууллагын удирдлагад бичгээр гаргана. Үүнд:-албан тушаалд жинхлэн томилуулах, -туршилтын хугацааг сунгах, -мэргэшил, ур чадварын хувьд тухайн албан тушаалд тэнцэхгүй гэж үзэн үүрэгт ажлаас чөлөөлөх.” гэж заасныг тус тус баримталжээ. 

Маргаан бүхий актын үндэслэл, хариуцагчийн тайлбараас үзэхэд туршилтын хугацаагаар ажиллаж байсан нэхэмжлэгч Г.З г “хангалтгүй” ажилласан гэж хариуцагчаас үзэн үргэлжлүүлэн ажиллуулахгүйгээр эрхэлж байсан албан тушаалаас нь чөлөөлжээ. 

Харин нэхэмжлэгчээс туршилтын хугацаанд “хангалттай” ажилласан гэж дүгнэгдсэн байхад “хангалтгүй” ажилласан гэж үзэж байгаа нь үндэслэлгүй гэж маргажээ. 

Энэхүү маргаан нь төрийн жинхэнэ албан тушаалд анх орсон албан хаагчид туршилтын хугацааг хэрэглэх, туршилтын хугацаанд ажлыг нь дүгнэж, цаашид ажиллуулах эсэх асуудалтай холбоотой харилцаа байна.  

Иймээс хариуцагч захиргааны байгууллагаас төрийн жинхэнэ албан тушаалд анх орсон нэхэмжлэгч Г.З гийн туршилтын хугацааг тооцох, түүний ажлыг туршилтын хугацаанд дүгнэж, цаашид үргэлжлүүлэн ажиллуулах эсэх асуудлыг шийдвэрлэхдээ энэ харилцааг илүү нарийвчилсан зохицуулсан Төрийн албаны тухай хууль, уг хуулиар эрх олгосон дүрэм, журмыг баримтлах бөгөөд хариуцагчийн шийдвэр нь Захиргааны ерөнхий хуульд заасан шаардлагад нийцэж байж хууль зүйн үндэслэлтэй байх шаардлагыг хангана.

Төрийн албаны тухай хуулийн 18 дугаар зүйлийн 18.2-т “Төрийн жинхэнэ албан тушаалд туршилтын хугацаа хэрэглэх болзол, журмыг төрийн албаны төв байгууллага тогтооно” гэж заажээ. Төрийн албаны зөвлөлийн 2003 оны 02 дугаар тогтоолын “Төрийн жинхэнэ албан тушаалд туршилтын хугацаа хэрэглэх болзол журам”-ын хавсралтын 4-д “Туршилтын хугацаанд тухайн төрийн албан хаагчтай Төрийн албаны зөвлөлөөс баталсан зааврын дагуу үр дүнгийн гэрээ байгуулж, туршилтын хугацааны эцэст зохих журмын дагуу дүгнэнэ.”, мөн журмын 6-д “Туршилтын хугацаанд үр дүнгийн гэрээгээр хүлээсэн үүргээ хангалттай сайн биелүүлж, цаашид төрийн жинхэнэ албанд үр бүтээлтэй ажиллаж чадахаа нотлон харуулсан төрийн албан хаагчийг төрийн холбогдох байгууллагын эрх бүхий албан тушаалтны шийдвэрээр төрийн албан хаагчийн тангараг өргүүлж, төрийн жинхэнэ албан хаагч болгоно.”, уг журмын 7-д “Туршилтын хугацаанд үр дүнгийн гэрээгээр хүлээсэн үүргээ хангалтгүй биелүүлж, цаашид төрийн жинхэнэ албанд үр бүтээлтэй ажиллах чадваргүйгээ харуулсан төрийн албан хаагчийг төрийн холбогдох байгууллагын эрх бүхий албан тушаалтны шийдвэрээр тухайн албан тушаалаас нь чөлөөлж болно.” гэжээ. Эдгээр заалтын дагуу хариуцагч захиргаанаас Төрийн албаны зөвлөлөөс баталсан үр дүнгийн гэрээ байгуулах зааврын дагуу нэхэмжлэгч Г.З тай үр дүнгийн гэрээ байгуулж, туршилтын хугацааны эцэст зохих журмын дагуу дүгнэж, энэхүү үр дүнгийн гэрээг дүгнэсэн үндэслэл нь түүнийг уг албан тушаалд үргэлжлүүлэн ажиллуулах, эсхүл албан тушаалаас нь чөлөөлөх эсэхийг шийдвэрлэх хууль зүйн бодит үндэслэл болох юм.  

Иймд маргаан бүхий акт гарах үед хүчин төгөлдөр мөрдөгдөж байсан Төрийн албаны зөвлөлийн 2012 оны 134 дүгээр тогтоолын 3 дугаар хавсралтаар баталсан “Төрийн жинхэнэ албан хаагчийн үйл ажиллагааны үр дүн, мэргэшлийн түвшинг үнэлж дүгнэх журам”-ыг хариуцагчаас баримтлан туршилтын хугацаагаар ажиллаж байсан нэхэмжлэгчтэй үр дүнгийн гэрээ байгуулж, уг журамд заасан журмын дагуу түүний үр дүнгийн гэрээг үнэлсэн үнэлгээ нь нэхэмжлэгч Г.З г албан тушаалд ажиллуулах, эсхүл чөлөөлөх хууль зүйн үндэслэл болохоор байна. 

Учир нь туршилтын хугацаагаар ажиллаж байгаа албан хаагчийн үр дүнгийн гэрээг дүгнэх, үнэлэлт өгөх хуулиар эрх олгосон нарийвчилсан бусад журам, мөн хариуцагч байгууллагын дотоод журам байхгүй байна.

Төрийн албаны зөвлөлийн 2012 оны 134 дүгээр тогтоолын 3 дугаар хавсралтаар баталсан “Төрийн жинхэнэ албан хаагчийн үйл ажиллагааны үр дүн, мэргэшлийн түвшинг үнэлж дүгнэх журам”-ын 6.4-д “Менежер нь гэрээний биелэлтэд дор дурдсан үнэлгээний аль нэгийг өгнө: 6.4.3-д “С” буюу “Хангалттай”, 6.4.5-д ”0-60” буюу “Хангалтгүй”” гэж, мөн журмын 7.1-д “Менежер нь гэрээний биелэлтийг дүгнэж өгсөн үнэлгээг үндэслэн Төрийн албаны тухай хууль, ...тус тус баримтлан эрх хэмжээнийхээ хүрээнд дор дурдсан арга хэмжээг авч хэрэгжүүлэх талаар эрх бүхий этгээдэд саналаа тавьж болно: “С” буюу “Хангалттай”-цалинг нэмэгдүүлэхгүйгээр одоогийн хэмжээнд нь хэвээр үлдээх, -зохих шатны сургалтад хамруулах.”,  “F” буюу “Хангалтгүй” сахилгын шийтгэл ногдуулах; -төрийн албанаас халах” гэж заажээ. 

Бодит нөхцөл байдлаас үзэхэд хариуцагч байгууллагаас нэхэмжлэгч Г.З тай үр дүнгийн гэрээ байгуулж, улмаар шууд харьяалах хэлтсийн даргын хагас жилийн үр дүнгийн үнэлгээгээр нэхэмжлэгч 91,22 буюу “А” үнэлгээ авч, хэлтсийн даргын дээд шатны газрын даргын үнэлгээгээр 70.0, “С” буюу “Хангалттай” үнэлгээгээр дүгнэгдсэн гэдэг нь тогтоогдсон. 

Тодруулбал, туршилтын хугацаагаар ажиллаж байсан нэхэмжлэгч үр дүнгийн гэрээгээ дүгнүүлж “Хангалттай” буюу “С” үнэлгээ авсан байтал хариуцагчаас дээр дурдсан журмын заалтыг бодит нөхцөл байдалтай тохируулан зөв хэрэглээгүй харин “Хангалтгүй” буюу “F” үнэлгээ авсан албан хаагчид хэрэглэх журмын заалтыг баримтлан нэхэмжлэгчийг албан тушаалаас нь чөлөөлсөн шийдвэр гаргасан нь уг шийдвэр туршилтын хугацаагаар ажиллаж байгаа албан хаагчийн үр дүнгийн гэрээг дүгнэх нарийвчилсан хэм хэмжээг зөрчсөн, хууль зүйн үндэслэлгүй, бодит нөхцөл байдалд тохироогүй хууль бус гэж үзэхээр байна. 

Түүнчлэн маргаан бүхий захиргааны акт нь Захиргааны ерөнхий хуулийн 4 дүгээр зүйлийн 4.2.5-д “...бодит нөхцөлд тохирсон, шийдвэр нь үндэслэл бүхий байх”, захиргааны үйл ажиллагаанд баримтлах тусгай зарчим, Төрийн албаны тухай хуулийн 4 дүгээр зүйлийн 4.1-д заасан “... хууль дээдлэх нь төрийн албаны үндсэн зарчим мөн.” гэсэн заалттай нийцэхгүй байна. 

Дүгнэхэд, маргаан бүхий захиргааны акт нь хууль бус бөгөөд уг хууль бус актын улмаас нэхэмжлэгч Г.З гийн төрийн албан хаагчийн тангараг өргөж, төрийн жинхэнэ албан хаагч болох эрх, хууль ёсны ашиг сонирхол зөрчигдсөн болох нь тогтоогдож байх тул нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь ханган шийдвэрлэв. 

Түүнчлэн хариуцагч талаас “С” үнэлгээ нь туршилтын журмаар ажиллаж байгаа албан хаагчийн хувьд маш хангалтгүй үнэлгээ” гэж тайлбарлаж байгаа нь маргаантай холбоотой харилцааг нарийвчлан зохицуулсан дээр дурдсан журмын заалтаар үгүйсгэгдэж байгаа бөгөөд туршилтаар ажиллаж байгаа албан хаагчийн үр дүнгийн гэрээгээр “С” үнэлгээ авсан тохиолдолд хангалтгүй гэж үзнэ гэсэн хууль эрх зүйн акт, энэ тайлбарыг нотлох эрх зүйн хэм хэмжээ байхгүй байгааг дурдах нь зүйтэй байна.

Дээрхээс гадна нэхэмжлэгчийн зүгээс “хариуцагчийг Хөдөлмөрийн тухай хуулийн 100 дугаар зүйлийн 100.1-д “Ажил олгогч нь жирэмсэн эмэгтэй, гурав хүртэлх насны хүүхэдтэй эхийг аж ахуйн нэгж, байгууллага татан буугдсан болон энэ хуулийн 40.1.4. 40.1.5-д зааснаас бусад тохиолдолд ажлаас халахыг хориглоно” гэсэн заалтыг зөрчиж намайг үндэслэлгүйгээр ажлаас халсан” гэж маргасан. 

Нэхэмжлэгч талын шаардлагаа үндэслэж байгаа энэхүү тайлбар нь маргааны үйл баримт, маргаан бүхий захиргааны актын хууль зүйн үндэслэлтэй хамааралгүй байгааг дурдах нь зүйтэй.  

Мөн хариуцагч Газар зохион байгуулалт, геодези, зураг зүйн газрын 2017 оны 11 дүгээр сарын 06-ны өдрийн 1/2052 тоот албан бичиг /хх 117/-ээс үзэхэд маргаан бүхий албан тушаалд албан тушаалтан томилогдоогүй байгааг дурдах нь зүйтэй. 

Нэхэмжлэгчийг урьд эрхэлж байсан ажилд нь эгүүлэн тогтоохоор шийдвэрлэж байгаа учир Төрийн албаны тухай хуулийн 11 дүгээр зүйлийн 11.6, Хөдөлмөрийн тухай хуулийн 69 дүгээр зүйлийн 69.1-т заасны дагуу нэхэмжлэгчийн ажилгүй байсан бүх хугацаа буюу ажлын 97 өдрийн хугацаанд нь урьд авч байсан дундаж цалинтай хөлстэй тэнцэх хэмжээний 2,459,823 төгрөгийн олговрыг тооцон олгож, нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын шимтгэлийг нөхөн төлөхийг хариуцагчид даалгаж шийдвэрлэв.

Тооцооллын задаргаа:

Нийгмийн хамгаалал, хөдөлмөрийн сайдын 2005 оны 5 дугаар сарын 05-ны өдрийн 55 дугаар тушаалаар баталсан Дундаж цалин хөлс тодорхойлох журмын 5, 7 дахь хэсгийн а /ажил, албан тушаал нь хэвээр хадгалагдах үеийн хохирлыг төлүүлэхтэй холбогдуулан дундаж цалин хөлсийг тодорхойлохдоо тухайн ажилтны сүүлийн 3 сарын дундаж цалин хөлсөөр тодорхойлно/-д заасны дагуу хариуцагчаас 2017 оны 07 дугаар сарын 21-ний өдрөөс 2017 оны 12 дугаар сарын 05-ны өдөр хүртэлх буюу ажилгүй байсан ажлын 97 өдрийн цалин хөлстэй тэнцэх олговор:

-547,759 төгрөг /Сүүлийн 3 сарын 1 сарын дундаж цалин/ : 21,6 /ажлын өдрийн дундаж тоо/=25,359 төгрөг /1 өдрийн дундаж цалин/, 

25,359 х 97 = 2,459,823 төгрөг /1 өдрийн дундаж цалин/ х /ажилгүй байсан нийт ажлын/ өдөр = нөхөн олговор. 

Түүнчлэн тухайн олговрыг Газар зохион байгуулалт, геодези, зураг зүйн газрын төсвөөс гаргуулах нь зүйтэй гэж үзэв. 

Захиргааны ерөнхий хуулийн 103 дугаар зүйлийн 103.1, 103.2-т заасны дагуу нэхэмжлэгчид ажилгүй байсан хугацааны цалинг гаргуулсантай холбоотойгоор Газар зохион байгуулалт, геодези, зураг зүйн газрын төсөвт учирсан хохирлыг захиргааны байгууллага Иргэний хуулийн 498 дугаар зүйлийн 498.5-д заасны дагуу гэм буруутай албан тушаалтнаар буцааж төлүүлэхээр нэхэмжлэх, мөн Газар зохион байгуулалт, геодези, зураг зүйн газрын дээд шатны байгууллагын дотоод аудитын нэгж төсөвт учирсан хохирлыг гэм буруутай албан тушаалтнаар төлүүлэх үүрэгтэй болохыг дурдах нь зүйтэй. 

 

                Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.1, 106.3.1, 106.3.7, 106.3.12-т заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:

 

1.Төрийн албаны тухай хуулийн 4 дүгээр зүйлийн 4.1, 18 дугаар зүйлийн 18.2, Захиргааны ерөнхий хуулийн 4 дүгээр зүйлийн 4.2.5-д заасныг баримтлан нэхэмжлэгч Г.З гаас Газар зохион байгуулалт, геодези, зураг зүйн газрын даргад холбогдуулан гаргасан “Газар зохион байгуулалт, геодези, зураг зүйн газрын даргын 2017 оны 07 дугаар сарын 19-ний өдрийн Б/107 дугаар тушаалыг хүчингүй болгож, урьд эрхэлж байсан ажилд эгүүлэн тогтоолгох, ажилгүй байсан хугацааны цалинг гаргуулах, эрүүл мэндийн даатгал болон нийгмийн даатгалын шимтгэлийг нөхөн төлүүлэхийг даалгах” гэсэн нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж, Газар зохион байгуулалт, геодези, зураг зүйн газрын даргын 2017 оны 07 дугаар сарын 19-ний өдрийн Б/107 дугаар тушаалыг хүчингүй болгож, нэхэмжлэгч Г.З г урьд эрхэлж байсан “Газар зохион байгуулалт, геодези, зураг зүйн газрын Инженер хайгуул, мониторингийн хэлтсийн Геоэкологийн асуудал хариуцсан мэргэжилтэн”-ий албан тушаалд эгүүлэн тогтоосугай. 

2.Төрийн албаны тухай хуулийн 11 дүгээр зүйлийн 11.6, Хөдөлмөрийн тухай хуулийн 69 дүгээр зүйлийн 69.1-д заасныг баримтлан 2017 оны 07 дугаар сарын 21-ний өдрөөс 2017 оны 12 дугаар сарын 05-ны өдөр хүртэлх буюу ажилгүй байсан хугацааны 2,459,823 төгрөгийн цалин хөлсийг нэхэмжлэгч Г.З д олгож, түүний нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын шимтгэлийг нөхөн төлөхийг Газар зохион байгуулалт, геодези, зураг зүйн газрын даргад даалгасугай.

3.Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 51 дүгээр зүйлийн 51.1, 47 дугаар зүйлийн 47.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2-т заасны дагуу улсын тэмдэгтийн хураамжид нэхэмжлэгчээс төлсөн 70.200 (далан мянга хоёр зуун)  төгрөгийг улсын төсвийн орлогод хэвээр үлдээж, хариуцагчаас гаргуулж нэхэмжлэгчид олгосугай. 

4.Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 108 дугаар зүйлийн 108.2-т заасны дагуу шүүхийн энэ шийдвэр танилцуулан сонсгосноор хүчинтэй болох бөгөөд мөн хуулийн 114 дүгээр зүйлийн 114.1-д заасны дагуу хэргийн оролцогчид тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч нь энэхүү шүүхийн шийдвэрийг гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэйг мэдэгдсүгэй. 

 

 

 

ШҮҮГЧ                          А.САРАНГЭРЭЛ