Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2020 оны 01 сарын 17 өдөр

Дугаар 50

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Сүхбаатар дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч С.Оюунчимэг даргалж,

Нарийн бичгийн дарга Г.Энхжин,                                             

Улсын яллагч Н.Уранбайгаль,

Шүүгдэгч Я.Б,

Хохирогч Т.Б нарыг оролцуулан тус шүүхийн танхимд нээлттэй хийсэн хуралдаанаар:

 

Тээврийн прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Баатад овогт Я-н Бт холбогдох эрүүгийн 1903011350512 дугаартай хэргийг шүүн хэлэлцэв.

 

Шүүгдэгч: Монгол Улсын иргэн, 1985 оны 06 дугаар сарын 22-ны өдөр Хэнтий аймагт төрсөн, 35 настай, дээд боловсролтой, газар зохион байгуулагч мэргэжилтэй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл 2, эхнэрийн хамт *** тоотод оршин суух, ял шийтгэлгүй, бие эрүүл, ухаан бүрэн, / *** овогт Я-н Б нь:

 

- 2019 оны 09 дүгээр сарын 25-ны өдрийн 16 цаг 00 минутын орчимд Сүхбаатар дүүргийн ** дугаар хорооны нутаг дэвсгэрт, Арслантай гүүрний баруун замд “***” ХХК-ний эзэмшлийн “Тоёота Приус” маркийн ***улсын дугаартай тээврийн хэрэгсэл жолоодон явахдаа Автотээврийн хэрэгслийн хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний акт болох Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн 16.1-д заасан “Явган хүний эохицуулдаггүй гарц руу ойртон ирсэн жолооч хурдаа хасаж, уг гарцаар гарч байгаа болон гарахаар завдаж байгаа явган зорчигчид зогсож зам тавьж өгнө” гэсэн заалтыг зөрчсөний улмаас явган зорчигч 21 настай, эмэгтэй Т.Б-г мөргөж, эрүүл мэндэд нь хүндэвтэр хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ.

ТОДОРХОЙЛОХ нь:

 

 Шүүхийн хэлэлцүүлгээр хэрэгт цугларсан дараах нотлох баримтуудыг шинжлэн судлав. Үүнд:

            Хэргийн газарт үзлэг хийсэн тэмдэглэл / хх 2-4 /

            Зам тээврийн осол, хэргийн үзлэгээр тогтоосон байдал, осол хэрэг гарсан газар дээр хийсэн хэмжилтийн бүдүүвч зураглал, үзлэгийн явцад бэхжүүлж авсан гэрэл зургийн үзүүлэлт / хх 4-8 /

 

            Хохирогч Т.Б мөрдөн шалгалтын явцад мэдүүлэхдээ: ...2019 оны 09 дүгээр сарын 25-ны өдөр хичээлээ тараад Сүхбаатар дүүргийн 2 дугаар хороо, Арслантай гүүрний баруун талд төв замын хойд талын явган хүний замаар ертөнцийн зүгээр баруунаас зүүн тийш чиглэлтэй алхаж яваад туслах замаар зам хөндлөн явган хүний гарцны тэмдэглэгээтэй хэсгээр ертөнцийн зүгээр зүүнээс баруун тийш чиглэлтэй явж байгаад гарцаар гараад дуусахын даваан дээр миний баруун гар талаас нэг машин орж ирээд мөргөсөн. Тэгээд би ухаан алдсан юм шиг байна лээ. Мөргүүлснээс хойш юу болсныг санахгүй байгаа. Нэг мэдсэн чинь түргэн тусламж ирээд намайг аваад явсан. Баруун талын хөлний шагайн үений хэсэгт болон савхан ясны хугаралтай гээд хадуулсан, баруун шуу, сарвуу, шагайд зулгаралттай байсан. Би өөрийн эмчилгээндээ мөнгө зарцуулж байгаа. Жолооч манай ахын данс руу эмчилгээнд хэрэглээрэй гээд 1 сая төгрөг шилжүүлсэн байгаа. Гомдолтой байна гэжээ.  / хх 12-15 /

           

            Шүүхийн шижилгээний үндэсний хүрээлэнгийн шинжээчийн 1277 дугаар дүгнэлтэнд:   

            1. Т.Б-н биед баруун шилбэний тахилзуур яс, гадна дотно хавчаар далд хугарал, баруун шуу, сарвуу, шагайд зулгаралт гэмтлүүд тогтоогдлоо.

            2. Дээрх гэмтлүүд нь мохоо зүйлийн олон удаагийн үйлчлэлээр хэрэг болсон гэх хугацаанд үүсгэдсэн байх боломжтой шинэ гэмтэл.

            3. Гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.3.1-д зааснаар эрүүл мэндийг удаан хугацаагаар сарниулах тул гэмтлийн хүндэвтэр зэрэгт хамаарна.

            4. Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадвар алдалтанд нөлөөлөхгүй гэжээ. / хх 31-32 /

 

            Тээврийн цагдаагийн албаны Мөрдөн шалгах хэлтсийн ахлах мөрдөгч, цагдаагийн хошууч Ч.Болдбаатарын гаргасан мөрдөгчийн магадлагаа:

            1. “Тоёота Пруис 30” маркийн *** улсын дугаартай тээврийн хэрэгслийн жолооч Я.Б нь Монгол улсын Замын хөдөлгөөний дүрмийн 16.1-д заасан “Явган хүний зохицуулдаггүй гарц руу ойртон ирсэн жолооч хурдаа хасаж, уг гарцаар гарч байгаа болон гарахаар завдаж байгаа явган зорчигчид зогсож зам тавьж өгнө” гэсэн заалтыг зөрчсөн байх үндэслэлтэй байна.

            2. Явган зорчигч Т.Б нь Монгол улсын Замын хөдөлгөөний дүрмийн заалт зөрчсөн гэх үндэслэлгүй байна гэжээ. / хх 35 /

 

            Яллагдагч Я.Б мөрдөн шалгалтын явцад мэдүүлэхдээ: ...Өөрийн гэм буруутай үйлдлээ ухамсарлан ойлгож байна. 2019 оны 09 дүгээр сарын 25-ны өдрийн 16 цаг 00 минутын үед би *** улсын дугаартай Тоёота Приус маркийн автомашин жолоодоод хувиараа таксинд явж байгаад Улаанхуарангаас нэг хүн суулгаад Өргөө амаржих газар хүргэж өгөх санаатай явж байгаад Сүхбаатар дүүргийн нутаг Энхтайвны өргөн чөлөө Арслантай гүүр гараад зүүнээс баруун тийш чиглэлтэй 1 дүгээр эгнээгээр явж байгаад туслах замаар баруун гар тийш эргэхдээ туслах замыг хөндлөн гарцаар гарч явсан явган зорчигчийг харалгүй мөргөчихсөн гэжээ. / хх 45-46 /

 

Шүүгдэгч Я.Быг  2019 оны 11 дүгээр сарын 14-ний өдөр яллагдагчаар мэдүүлэг авсан тэмдэглэл / хх 45-46 /

 

Шүүгдэгч урьд ял шийтгүүлсэн эсэхийг шалгасан тэмдэглэл / хх 54 / зэрэг болно.

 

Шүүгдэгч Я.Б шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ: Гэм буруугаа хүлээн зөвшөөрч байна. Эмчилгээний зардалд 1.000.000 төгрөг төлсөн.

 

Хохирогч Т.Б шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ: 2019 оны 09 дүгээр сарын 25-ны өдөр хичээлээ тараад Багшийн дээдээс 13-р хороолол орохоор явган хүний гарцаар гарч яваад машинд мөргүүлсэн. Тэгээд хэсэг ухаан балартсан. Осолд орсноос хойш хагалгаанд орж, хөл дээрээ гишгиж чадахгүй, өвдөлт зовиур ихтэй, хүний асрамжинд орсон. Тухайн үед би 1 сартай жирэмсэн байсан бөгөөд өвдөлт намдаах эм өндөр тунтай ууж байсан учир урагт яаж нөлөөлөхийг мэдэхгүй. Мөн би өөрөө хүнээр асруулж байсан учир хүүхэд гарахаар бас хүнээр асруулах болно гээд манайхан ярилцаад урагаа авахуулсан. Жилийн дараа хагалгаанд орж хадаасаа авахуулна. Би маш их гомдолтой байна.

Шүүгдэгч нь эмчилгээний зардалд 1.000.000 төгрөг өгсөн. Өөрөө санаачлагаараа утасдаж биеийн байдлыг асуудаггүй. Ах маань ярьж эмчилгээ хийлгэх хэрэгтэй байна гэхээр эмчилгээний зардлыг өгдөг байсан. Сургалтын төлбөр нэхэхэд 600.000 төгрөг өгсөн. Би сургуулиа төгсөх байсан бөгөөд 2019 оны 01 сарын 20-ныг хүртлэх хугацааны сургалтын төлбөр 1.232.000 төгрөг, оюутны байрны төлбөр 430.000 төгрөг тус тус төлсөн байсан. Одоо хичээлдээ суухын тулд дараагийн семестрийн сургалтын төлбөр 900.000 төгрөгийг 2020 оны 01 сарын 06-ны дотор төлөх ёстой бөгөөд мөнгөний боломжгүйгээс төлж чадаагүй байна.

Иймд өмнөх семестрийн сургалтын төлбөр 1.232.000 төгрөг, дотуур байрны төлбөр 430.000 төгрөг, 2-р семестрийн сургалтын төлбөр 900.000 төгрөг, эмчилгээний зардал 1.553.642 төгрөг тус тус нэхэмжилж байна гэв.

 

            Шүүгдэгч Я.Б нь 2019 оны 09 дүгээр сарын 25-ны өдрийн 16 цаг 00 минутын орчимд Сүхбаатар дүүргийн 6 дугаар хорооны нутаг дэвсгэрт, Арслантай гүүрний баруун замд “Юу Би Дрийм” ХХК-ний эзэмшлийн “Тоёота Приус” маркийн 39-73 УББ улсын дугаартай тээврийн хэрэгсэл жолоодон явахдаа Автотээврийн хэрэгслийн хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний акт болох Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн 16.1-д заасан “Явган хүний эохицуулдаггүй гарц руу ойртон ирсэн жолооч хурдаа хасаж, уг гарцаар гарч байгаа болон гарахаар завдаж байгаа явган зорчигчид зогсож зам тавьж өгнө” гэсэн заалтыг зөрчсөний улмаас явган зорчигч 21 настай, эмэгтэй Т.Бямбасүрэнг мөргөж, эрүүл мэндэд нь хүндэвтэр хохирол учруулсан гэмт хэрэг  үйлдсэн болох нь хэрэгт авагдсан дараахь нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдлоо. 

           

            Шүүхээс шүүгдэгч Я.Быг хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль тогтоомж, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний актыг зөрчсөний улмаас хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол  учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцох үндэслэлтэй байна.

 

            Шүүгдэгчид ял шийтгэл оногдуулахдаа анх удаа хөнгөн гэмт хэрэг үйлдсэн, эмчилгээний зардлыг нөхөн төлсөн зэргийг хөнгөрүүлэх нөхцөл байдалд тооцож, түүний үйлдэлд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.6 дугаар зүйлд заасан ял хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй болно.

 

            Шүүгдэгч Я.Б нь хөнгөн гэмт хэрэг үйлдсэн бөгөөд гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн тул түүний гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учруулсан хохирол зэргийг харгалзан прокурорын хуульд заасан 300 цаг нийтэд тустай ажил хийлгэх ялын санал гаргасныг шүүх хүлээн авах нь зүйтэй гэж үзлээ.

           

            Хохирогч Т.Б нь өмнөх семестрийн сургалтын төлбөр 1.232.000 төгрөг, дотуур байрны төлбөр 430.000 төгрөг, 2-р семестрийн сургалтын төлбөр 900.000 төгрөг, эмчилгээний зардал 1.553.642 төгрөг нийт 4.115.642 төгрөг нэхэмжилсэн болно. Эдгээрээс хэрэгт авагдсан баримтаар нотлогдсон эмчилгээний зардал 1.600.000 төгрөгийг шүүгдэгч нөхөн төлсөн гэж үзэх үндэслэлтэй байна. 2-р семестрийн сургалтын төлбөр 900.000 төгрөгийг 2019 оны 12 дугаар сарын 23-ны өдөр төлөхийг шаардсан Монгол улсын боловсролын их сургуулийн нэхэмжлэл, тус сургуулийн багшийн сургуульд суралцдаг нь үнэн гэсэн тодорхойлолт зэргийг үндэслэн шүүгдэгч Я.Баас 900.000 төгрөг гаргуулан хохирогч Т.Б-д олгож, өмнөх семестрийн сургалтын болон дотуур байрны төлбөрт хэдэн төгрөг төлсөн, хэдэн төгрөгийг буцаан олгох нь тодорхойгүй тул цаашдын эмчилгээний зардал болон бусад хохирлоо баримтаа бүрдүүлсэн үедээ иргэний журмаар жич нэхэмжлэх нь эрхтэйг дурьдаж, энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн зүйлгүй, Я.Б нь цагдан хоригдсон хоноггүйг дурьдаж шийдвэрлэв.

 

Шүүхээс шүүгдэгч Я.Быг өмгөөлүүлэх эрхээр нь хангасан боловч өмгөөлөгч аваагүй, шүүх хуралдаанд өөрөө өөрийгөө өмгөөлж, оролцох хүсэлтээ бичгээр гаргаж өгсөн, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 5.3 дугаар зүйлийн 1-д заасан заавал өмгөөлөгчтэй оролцох хуулийн заалтанд хамаарахгүй тул түүний хүсэлтийг хүлээн авч өмгөөлөгч оролцуулалгүй шийдвэрлэсэн болно.

 

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн  36.2, 36,3, 36.6, 36.7, 36.8, 36.10, 37.1 дүгээр  зүйлүүдийг удирдлага болгон ТОГТООХ нь:

                                                                                                                   

1. Шүүгдэгч Баатад овогт Я-н Быг хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний актыг зөрчсөний улмаас хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол учруулсан гэмт хэрэг  үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

 

2. Шүүгдэгч Я-н Быг  Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 1-д зааснаар 300 / гурван зуу / цаг нийтэд тустай ажил хийлгэх  ялаар шийтгэсүгэй.

 

3. Хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн зүйлгүй, Я.Б нь цагдан хоригдсон хоноггүй болохыг дурьдсугай.

 

4. Иргэний хуулийн 497 дугар зүйлийн 497.1,  510 дугаар зүйлийн 510.1-д зааснаар Я.Баас 900.000 төгрөг гаргуулан хохирогч Т.Я-д олгож, нэхэмжлэлээс 1.553.642 төгрөгийг хэрэгсэхгүй болгож, цаашдын эмчилгээний зардал болон бусад хохирлоо баримтаа бүрдүүлсэн үедээ иргэний журмаар жич нэхэмжлэх эрхтэй болохыг дурьдсугай.

 

5. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.4 дүгээр зүйлийн 4-д зааснаар Я.Б нь нийтэд тустай ажил хийлгэх ялыг биелүүлээгүй бол нийтэд тустай ажил хийлгэх ялын найман цагийн ажлыг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг дурьдсугай.

 

6. Я.Бд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

7. Шийтгэх тогтоол нь танилцуулан сонсгосноор хуулийн хүчинтэй болох бөгөөд шүүгдэгч, хохирогч, яллагч нар эс зөвшөөрвөл тогтоолыг гардуулснаас хойш Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд 14 хоногт давж заалдах гомдол гаргах, улсын яллагч эсэргүүцэл бичих эрхтэйг дурьдсугай.

 

8. Давж заалдах шатны шүүхэд гомдол гаргасан эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол биелүүлэх хүртэл Я.Бт авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

 

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                            С.ОЮУНЧИМЭГ