Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2020 оны 01 сарын 24 өдөр

Дугаар 73

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Сүхбаатар дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч С.Оюунчимэг даргалж,

Нарийн бичгийн дарга П.Тулга,                                    

Улсын яллагч Б.Мөнгөншагай,

Шүүгдэгч Б.Б, түүний өмгөөлөгч Б.Эрдэмболор нарыг оролцуулан тус шүүхийн танхимд нээлттэй хийсэн хуралдаанаар:

 

Сүхбаатар дүүргийн прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Баян овогт Б-н Бд холбогдох эрүүгийн 1909021111248 дугаартай хэргийг шүүн хэлэлцэв.

 

Шүүгдэгч: Монгол Улсын иргэн, 1992 оны 11 дүгээр сарын 10-ны өдөр Төв аймагт төрсөн, 27 настай, эмэгтэй, боловсролгүй, мэргэжилгүй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл 2, нөхрийн хамт **** тоотод оршин суух, ял шийтгэлгүй, бие эрүүл, ухаан бүрэн, **** овогт Б-н Б нь:

- 2019 оны 05 дугаар сарын 24-ний өдөр Сүхбаатар дүүргийн 1 дүгээр хорооны нутаг дэвсгэрт байрлах “***” гэх зочид буудалд иргэн Ч.О-тай  буудаллаж, Ч.О-г усанд орох үеэр түүний эзэмшлийн Самсунг А7 загварын гар утас 1 ширхэг, Ай Фоне 6 загварын гар утас 1 ширхэг, Хаан банкны виза карт зэрэг эд хөрөнгийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авч, Хаан банкны виза картнаас 160,000 төгрөгийг уншуулан авч, нийт 769 000 /Долоон зуун жаран есөн мянга/ төгрөгийн хохирол учруулсан  гэмт хэрэгт холбогджээ.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

 Шүүхийн хэлэлцүүлгээр хэрэгт цугларсан дараах нотлох баримтуудыг шинжлэн судлав. Үүнд:

Хохирогч Ч.О гэрчээр мөрдөн шалгалтын явцад мэдүүлэхдээ: ...*** гэх нэртэй зочид буудалд Бгийн хамт орсон. Тэгээд усанд орчихоод гараад ирье гээд хэлчихээд усанд ороход гараад ирсэн чинь Б явчихсан байсан. Тэр үед Б миний Самсунг А-7 маркийн гар утас, Ай Фоне 6 маркийн гар утас, Хаан банкны виза картыг аваад явчихсан байсан. Тэгээд Б миний Хаан банкны картны дугаар мэддэг болохоор банк руу очоод дансаа хаалгахдаа дансны үлдэгдлээ шалгахад 160,000 төгрөг миний картнаас авсан байсан гэжээ. . / хх 29-30, 32 /

 

Яллагдагч Б.Б мөрдөн шалгалтын явцад мэдүүлэхдээ: ...Би О гэх хүнтэй Драгон дээр танилцсан. Тэгээд тэр хүн намайг буудал оръё гэхээр нь би буудал руу цуг яваад нэг буудал руу орсон. Буудал ороод тэр эрэгтэй усанд орохоор нь би буудлаас гараад явсан. Би буудлаас гарахдаа тэр хүний Самсунг А7 маркийн гар утас Ай фоне 6 маркийн гар утас болон Хаан банкны виза картыг нь аваад гарсан гэжээ. / хх 35-36 /

 

Хөрөнгийн үнэлгээний “ Дамно “ ХХК-ний  2019 оны 09 дүгээр сарын 27-ны өдрийн №СБ1-19-979 дугаартай үнэлгээний тайлан / хх 29-30, 32 / зэрэг болно.

 

Шүүгдэгч Б.Бг 2019 оны 11 дүгээр сарын 05-ны өдөр яллагдагчаар мэдүүлэг авсан тэмдэглэл / хх 35-36 /

 

Шүүгдэгч урьд ял шийтгүүлсэн эсэхийг шалгасан тэмдэглэл / хх 39 / зэрэг болно.

 

Шүүгдэгч  Б.Б шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ: Би гэм буруугаа хүлээн зөвшөөрч байна. Дахин гэмт хэрэг үйлдэхгүй гэв.

Шүүхээс шүүгдэгч Б.Бг бусдын хөрөнгийг хүч хэрэлэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авч, 769.000 төгрөгний хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцох үндэслэлтэй байна.

Шүүгдэгч Б.Бд ял шийтгэл оногдуулахдаа анх удаа хөнгөн гэмт хэрэг үйлдсэнг хөнгөрүүлэх нөхцөл байдалд тооцож, түүний үйлдэлд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.6-д заасан ял хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй болно.

Шүүгдэгч Б.Б нь гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн тул түүний үйлдсэн хэргийн нийгмийн хор аюул, учруулсан хохирол, хувийн байдал зэргийг харгалзан түүнд хуульд заасан 6 сарын хорих ялыг оногдуулж, Б.Б нь 27-28 долоон хоногтой сартай жирэмсэн болох нь өрхийн эмнэлгийн жирэмсний хяналтын бүртгэлийн хуулбараар нотлогдож байх тул түүнд хорих ял оногдуулсан шийтгэх тогтоол биелүүлэхийг тодорхой хугацаагаар хойшлуулах нь зүйтэй гэж үзлээ.

Хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн зүйлгүй, шүүгдэгч Б.Б нь цагдан хоригдсон хоноггүй, хохирогч Ч.Олонбаяр нь гомдол санал, нэхэмжлэх зүйлгүй гэсэн  / хх 32 / тул төлөх төлбөргүй болохыг дурьдав.

 

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2, 36,3, 36.6, 36.7, 36.8, 36.10, 37.1 дүгээр зүйлүүдийг удирдлага болгон

ТОГТООХ нь:

 

1. Шүүгдэгч Баян овогт Б-н Бг бусдын хөрөнгийг хүч хэрэглэхгүйгээр нууцаар хууль бусаар авсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

 

2. Шүүгдэгч Б-н Бг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 6 / зургаа / сарын хугацаагаар хорих ялаар шийтгэсүгэй.

 

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 4-д зааснаар Б.Бгийн эдлэх ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлсүгэй.

 

4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.6 дугаар зүйлийн 1-д зааснаар Б.Бд 6 сарын хорих ял оногдуулсан шийтгэх тогтоол биелүүлэхийг 1 жилийн хугацаагаар хойшлуулсугай.

 

5. Хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн зүйлгүй, Б.Б нь цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй болохыг дурьдсугай.

 

6. Б.Бд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

7. Шийтгэх тогтоол нь танилцуулан сонсгосноор хуулийн хүчинтэй болох бөгөөд шүүгдэгч, хохирогч, өмгөөлөгч, яллагч нар эс зөвшөөөрвөл тогтоолыг гардуулснаас хойш 14 хоногт Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, улсын яллагч эсэргүүцэл бичих эрхтэйг дурьдсугай.

 

8. Давж заалдах шатны шүүхэд гомдол гаргасан, эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол биелүүлэх хүртэл шүүгдэгч Б.Бд авсан хувийн баталгаа гарга таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэжлүүлсүгэй.

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                  С.ОЮУНЧИМЭГ