Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2020 оны 01 сарын 31 өдөр

Дугаар 96

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Сүхбаатар дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч С.Оюунчимэг даргалж,

Нарийн бичгийн дарга П.Тулга,                                    

Улсын яллагч Г.Цогтгэрэл,

Шүүгдэгч С.Т, түүний өмгөөлөгч Г.Халиунаа нарыг оролцуулан тус шүүхийн танхимд нээлттэй хийсэн хуралдаанаар:

 

Сүхбаатар дүүргийн прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Тайж овогт С-н Тид холбогдох эрүүгийн 1909031291520 дугаартай хэргийг шүүн хэлэлцэв.

 

Шүүгдэгч: Монгол Улсын иргэн, 1995 оны 07 дугаар сарын 29-ний өдөр Улаанбаатар хотод төрсөн, 25 настай, эрэгтэй, дээд боловсролтой, Олон улсын эрх зүйч мэргэжилтэй, ам бүл 4, эхнэр, хүүхдүүдийн хамт **** тоотод оршин суух, ял шийтгэлгүй, бие эрүүл, ухаан бүрэн / РД: ******/ Тайж овогт С-н Т нь:

 

- 2019 оны 08 дугаар сарын 22-ны шөнийн 02 цагийн орчимд Сүхбаатар дүүргийн 3 дугаар хорооны нутаг 44 дүгээр байрны 2 дугаар орцонд хохирогч С.Б-н **** X маркийн гар утас 1 ширхэг, саарал өнгийн майк бүүк, лентайн холбогч, цэнэглэгч 2 ширхэг, нүдний шил гэртэй 1 ширхэг, хар өнгийн түрийвч 1 ширхэг, жижиг бор цүнх 1 ширхэг, хар өнгийн шорт 1 ширхэг, тэмдэглэлийн дэвтэр 1 ширхэг, адлтер нэртэй цүнх 1 ширхэг, цагаан өнгийн чихэвч 1 ширхэг, чихэвчний хошуу 1 ширхэг, хар өнгийн флаш 1 ширхэг зэрэг эд зүйлийг илээр, хүч хэрэглэхгүйгээр, хууль бусаар дээрэмдэн авсан гэмт хэрэгт холбогджээ.

ТОДОРХОЙЛОХ нь:

Шүүхийн хэлэлцүүлгээр хэрэгт цугларсан дараах нотлох баримтуудыг шинжлэн судлав. Үүнд:

Хохирогч С.Б мөрдөн шалгалтын явцад мэдүүлэхдээ: ...Шөнө 02 цаг өнгөрч байхад өөрийн найз Л-тай Сүхбаатар дүүргийн нутаг дэвсгэрт байрлах Хүүхдийн 100-гийн Хаан банкны урд талаас такси бариад **** байрны гадаа хүргүүлээд манай найз цаашаа явсан. Би гадаа сууж байгаад 15-20 орчим минутын дараа гэртээ орох гээд орцны хаалга онгойлгоод орох гэтэл үл таних эрэгтэй хүн араас хамт дагаж ороод миний цүнхтэй эд зүйлийг аваад явсан байсан. Миний алдсан эд зүйлийг цагдаагийн байгууллага бүгдийг нь бүрэн бүтэн олоод өгсөн гэжээ. / хх 15-16 /

Гэрч С.Б мөрдөн шалгалтын явцад мэдүүлэхдээ: ... Би 2019 оны 08 дугаар сарын 21-22-нд шилжих шөнө 02 цаг өнгөрч байхад Сүхбаатар дүүргийн нутаг дэвсгэрт байрлах Хүүхдийн 100-н Хаан банкны үүднээс такси бариад **** байрны гадаа буугаад манай найз Лхагвадулам такситайгаа гэр рүүгээ явсан. Тэгээд би гадаа сууж байгаад 15 орчим минутын дараа орц руугаа орох гээд байж байтал үл таних нэг залуу ирээд хаалга онгойлгож барьж өгсөн. Тэгээд миний урд явж байсан залуу дээшээ явж байгаад буцаж ирээд миний цүнхтэй нөүтбүүк, гар утас, түрүүвч, зэргийг булааж аваад зугтаасан гэжээ. / хх 18 /

 

Гэрч Д.Л мөрдөн шалгалтын явцад мэдүүлэхдээ: ...Бид хоёр тухайн байрны камерыг шүүж үзэхэд манай найзын араас үл таних эрэгтэй хүн дагаж ороод цүнхтэй эд зүйлийг нь аваад гарч байсан гэжээ. / хх 22-23 /

 

Эд зүйл хураан авсан мөрдөгчийн тэмдэглэл / хх 8 /

 

Эд зүйл хүлээлгэж өгсөн мөрдөгчийн тэмдэглэл / хх 9 /

 

Сидинд үзлэг хийсэн тэмдэглэл / хх 13 /

 

            Хөрөнгийн үнэлгээний тайлан / хх 2, 57 /

 

Шүүгдэгч Ө.Тийг 2019 оны 12 дугаар сарын 21-ний өдөр яллагдагчаар байцаасан тэмдэглэл / хх 35-36 /

 

Шүүгдэгч урьд шийтгэгдсэн эсэхийг шалгасан хуудас / хх 46 / зэрэг болно.

 

Шүүгдэгч Ө.Т шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ: 2019 оны 08 сарын 21-ний шөнийн 00 цагийн үед найзтайгаа таксинд явж байгаад хоёр эмэгтэйг суулгасан. Нэг нь нилээн муудсан байхаар нь оруулаад өгчихье гэтэл орцондоо ороод тасраад уначихаар нь юмыг нь аваад явсан. Гэм буруугаа хүлээн зөвшөөрч байна. Эд зүйлүүдийг нь буцааж өгсөн гэв.

 

 Шүүгдэгч Ө.Т нь 2019 оны 08 дугаар сарын 22-ны шөнийн 02 цагийн орчимд *** байрны 2 дугаар орцонд хохирогч С.Болорын Ай фоне X маркийн гар утас 1 ширхэг, саарал өнгийн майк бүүк, лентайн холбогч, цэнэглэгч 2 ширхэг, нүдний шил гэртэй 1 ширхэг, хар өнгийн түрийвч 1 ширхэг, жижиг бор цүнх 1 ширхэг, хар өнгийн шорт 1 ширхэг, тэмдэглэлийн дэвтэр 1 ширхэг, адлтер нэртэй цүнх 1 ширхэг, цагаан өнгийн чихэвч 1 ширхэг, чихэвчний хошуу 1 ширхэг, хар өнгийн флаш 1 ширхэг зэрэг эд зүйлийг илээр, хүч хэрэглэхгүйгээр, хууль бусаар дээрэмдэн авсан гэмт хэрэг үйлдсэн болох нь шүүх хуралдаанд хэлэлцэгдсэн дараах нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдлоо. Үүнд: ...Гэртээ орох гээд орцны хаалга онгойлгоод орох гэтэл үл таних эрэгтэй хүн араас хамт дагаж ороод миний цүнхтэй эд зүйлийг аваад явсан байсан гэж мөрдөн шалгалтын явцад мэдүүлсэн хохирогч С.Б-н мэдүүлэг / хх 15-16 /

...миний урд явж байсан залуу дээшээ явж байгаад буцаж ирээд миний цүнхтэй нөүтбүүк, гар утас, түрүүвч, зэргийг булааж аваад зугтаасан гэж мөрдөн шалгалтын явцад мэдүүлсэн гэрч С.Б-н мэдүүлэг / хх 18 /, ... манай найзын араас үл таних эрэгтэй хүн дагаж ороод цүнхтэй эд зүйлийг нь аваад гарч байсан гэж мөрдөн шалгалтын явцад мэдүүлсэн гэрч Д.Л-н мэдүүлэг / хх 22-23 /, ...Эд зүйл хураан авсан мөрдөгчийн тэмдэглэл / хх 8 /, ...Эд зүйл хүлээлгэж өгсөн мөрдөгчийн тэмдэглэл / хх 9 /, ...Сидинд үзлэг хийсэн тэмдэглэл / хх 13 /, ...Хөрөнгийн үнэлгээний тайлан / хх 2, 57 / зэрэг болно.

 

Шүүхээс шүүгдэгч Ө.Тэ-г бусдын эд хөрөнгийг илээр, хүч хэрэглэхгүйгээр, хууль бусаар авсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцох үндэслэлтэй байна.  

 

Шүүгдэгчид ял шийтгэл оногдуулахад Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5, 6.6 дугаар зүйлд заасан ял хөнгөрүүлэх болон хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй болно. 

           

Шүүгдэгч Ө.Т нь хөнгөн гэмт хэрэг үйлдсэн бөгөөд гэм буруугаа хүлээн зөвшөөрч, гэмт хэргийн улмаас хохирогчид учруулсан хохирлоо нөхөн төлсөн тул түүний гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, хувийн байдлыг харгалзан түүнд хуульд заасан хорих ялыг оногдуулахгүйгээр тэнсэж, тодорхой үүрэг хүлээлгэх шаардлагагүй гэж үзлээ.

 

Хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн 1 ширхэг сидиг хэрэгт хавсаргаж, хохирогч  С.Болор нь нэхэмжлэх зүйлгүй, гомдол саналгүй гэсэн тул Ө.Тийг төлөх төлбөргүй, цагдан хоригдоогүй болохыг дурьдав.

 

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2, 36,3, 36.6, 36.7, 36.8, 36.10, 37.1 дүгээр  зүйлүүдийг удирдлага болгон ТОГТООХ нь:

 

1. Шүүгдэгч Тайж овогт С-н Тийг бусдын эд хөрөнгийг илээр, хүч хэрэглэхгүйгээр, хууль бусаар авсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

 

2. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийг журамлан тусгай ангийн 17.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар С-н Тид хорих ял оногдуулахгүйгээр 1 жилийн хугацаагаар тэнссүгэй.  

 

3. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 21.5 дугаар зүйлийн 6-д зааснаар хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн 1 ширхэг сидиг хэрэгт хавсаргаж, Ө.Т нь төлөх төлбөргүй, цагдан хоригдоогүйг дурьдсугай. 

4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн 5-д зааснаар Ө.Т нь тэнсэнгийн хугацаанд санаатай гэмт хэрэг үйлдвэл ял оногдуулахыг дурьдсугай.

 

5. Ө.Тид авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг үргэжлүүлсүгэй.

 

6. Шийтгэх тогтоол нь танилцуулан сонсгосноор хуулийн хүчинтэй болох бөгөөд шүүгдэгч, хохирогч, яллагч нар эс зөвшөөрвөл тогтоолыг гардуулснаас хойш 14 хоногт Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, улсын яллагч эсэргүүцэл бичих эрхтэйг дурьдсугай.

 

7. Давж заалдах шатны шүүхэд гомдол гаргасан эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол биелүүлэх хүртэл шүүгдэгч Ө.Тид авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэжлүүлсүгэй.

 

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                            С.ОЮУНЧИМЭГ