| Шүүх | Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Сүхээгийн Оюунчимэг |
| Хэргийн индекс | 185/2020/0114/Э |
| Дугаар | 106 |
| Огноо | 2020-02-03 |
| Зүйл хэсэг | 27.10.1., |
| Улсын яллагч | Б.Д |
Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол
2020 оны 02 сарын 03 өдөр
Дугаар 106
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Сүхбаатар дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч С.Оюунчимэг даргалж,
Нарийн бичгийн дарга П.Тулга,
Улсын яллагч Б.Дэлгэрмаа,
Шүүгдэгч М.Б,
Хохирогч Х.Эрдэнэсанаа нарыг оролцуулан тус шүүхийн танхимд нээлттэй хийсэн хуралдаанаар:
Тээврийн прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Боржигин овогт М-н Бд холбогдох эрүүгийн 1903013450564 дугаартай хэргийг шүүн хэлэлцэв.
Шүүгдэгч: Монгол Улсын иргэн, 1974 оны 01 дүгээр сарын 13-ны өдөр Архангай аймагт төрсөн, 46 настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, жолооч мэргэжилтэй, Зорчигч тээврийн нэгтгэл 3 дугаар бааз-д жолооч ажилтай, ам бүл 2, охины хамт Баянзүрх дүүргийн 24 дүгээр хороо, Овоот 5 дугаар гудамж, 9 тоотод оршин суух, ял шийтгэлгүй, бие эрүүл, ухаан бүрэн / РД: АЕ74011371 / Боржигин овогт М-н Б нь:
- 2019 оны 11 дүгээр сарын 23-ны 12 цаг 30 минутын Сүхбаатар дүүргийн 4 дүгээр хорооны нутаг, “Их дэлгүүр”-ийн урд талд байрлах “Air Market” билетийн кассын баруун талын замд “Тоёота Королла” маркийн 65-74 УНБ улсын дугаартай тээврийн хэрэгслийг жолоодож явахдаа Хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний акт болох Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн 16.1-т заасан “Явган хүний зохицуулдаггүй гарц руу ойртон ирсэн жолооч хурдаа хасаж, уг гарцаар гарч байгаа болон гарахаар завдаж байгаа явган зорчигчид зогсож зам тавьж өгнө.” гэсэн заалтыг зөрчсөний улмаас явган зорчигч Х.Эрдэнэсанааг мөргөж, эрүүл мэндэд нь хүндэвтэр хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ.
ТОДОРХОЙЛОХ нь:
Шүүхийн хэлэлцүүлгээр хэрэгт цугларсан дараах нотлох баримтуудыг шинжлэн судлав. Үүнд:
Зам тээврийн ослын газар үзлэг хийсэн тэмдэглэл, хэргийн үзлэгээр тогтоосон байдал, осол хэрэг гарсан газар дээр хийсэн хэмжилтийн бүдүүвч зураглал, үзлэгийн явцад бэхжүүлж авсан гэрэл зургийн үзүүлэлт / хх 3-9 /
Хохирогч Х.Эрдэнэсанаа мөрдөн шалгалтын явцад мэдүүлэхдээ: ...Явган хүний гарцаар зүүнээс баруун тийш чиглэлтэй зам хөндлөн гарч явтал 1-р эгнээнд машин зогссон байсан ба уг машины урдуур гараад цааш явж байтал нэг машин ирж байсан ба тэр машиныг зогсох байх гэж бодтол тэр машин зогсолгүй орж ирээд намайг мөргөсөн гэжээ. / хх 11-13 /
Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн шинжээчийн 14177 дугаар дүгнэлтэнд:
1. Хүүжийгийн Эрдэнэсанаагийн биед зүүн шилбэний тахилзуур ясны толгой хэсгийн зөрүүгүй хугарал, зүүн өвдөгний жийргэвч мөгөөрсний шахагдсан хугарал, зүүн өвдөгний үений урд болон арын чагтан холбоосны хэсэгчилсэн урагдал, зүүн өвдөгний дотор, гадна холбоосны хэсэгчилсэн урагдал, зүүн өвдгөнд цус хуралт, зөөлөн эдийн няцрал, баруун өвдгөнд зулгарал, тархи доргилт гэмтэл тогтоогдлоо.
2. Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн 1 удаагийн үйлчлэлээр үүсгэгдэх бөгөөд тухайн осол гарсан гэх цаг хугацаанд үүссэн байх боломжтой.
3. Дээрх гэмтэл нь эрүүл мэндийг удаан хугацаагаар сарниулах тул гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.3.1-д зааснаар гэмтлийн хүндэвтэр зэрэгт хамаарна.
4. Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадварын тогтонги алдалдтанд нөлөөлөхгүй гэжээ. / хх 34 /
Мөрдөгчийн 353 дугаартай магадлагаанд:
1. Т.Королла маркийн 65-74 УНБ улсын дугаартай тээврийн хэрэгслийн жолооч М.Б нь Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн 16.1. “Явган хүний зохицуулдаггүй гарц руу ойртон ирсэн жолооч хурдаа хасаж, уг гарцаар гарч байгаа болон гарахаар завдаж байгаа явган зорчигчид зогсож зам тавьж өгнө.” гэсэн заалтыг зөрчсөн байх үндэслэлтэй байна...” гэжээ. / хх 35-36 /
Шүүгдэгч М.Быг 2019 оны 12 дугаар сарын 23-ны өдөр яллагдагчаар мэдүүлэг авсан тэмдэглэл / хх 53-54 /
Шүүгдэгч урьд ял шийтгүүлсэн эсэхийг шалгасан тэмдэглэл / хх 55 / зэрэг болно.
Шүүгдэгч М.Б шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ: Би гэм буруугаа хүлээн зөвшөөрч байна. Хохирогчийн эмчилгээний зардалд 2.200.000 төгрөг төлсөн. Цаашдын эмчилгээний зардлыг нөхөн төлнө гэв.
Хохирогч Х.Эрдэнэсанаа шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ: 2019 оны 11 дүгээр сарын 23-ны өдөр явган хүний гарцаар гарч яваад машинд мөргүүлсэн. Мөргүүлснээс болоод хоёр яс хугарсан. Одоо хөлөө хөдөлгөж чаддаг болоод хагалгаанд орно гэсэн. Физик эмчилгээ хийлгэж, бариачид бариулсан зэрэгт 2.200.000 төгрөг авсан. Хагалгаа хийлгэх зардлаа нэхэмжилнэ. Эрүүл мэндээрээ хохирч ажилгүй удсан. Гомдолтой байна. Торгуулийн ялыг багасгаж өгнө үү гэв.
Шүүгдэгч М.Б нь 2019 оны 11 дүгээр сарын 23-ны 12 цаг 30 минутын Сүхбаатар дүүргийн 4 дүгээр хорооны нутаг, “Их дэлгүүр”-ийн урд талд байрлах “Air Market” билетийн кассын баруун талын замд “Тоёота Королла” маркийн 65-74 УНБ улсын дугаартай тээврийн хэрэгслийг жолоодож явахдаа Хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний акт болох Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн 16.1-т заасан “Явган хүний зохицуулдаггүй гарц руу ойртон ирсэн жолооч хурдаа хасаж, уг гарцаар гарч байгаа болон гарахаар завдаж байгаа явган зорчигчид зогсож зам тавьж өгнө.” гэсэн заалтыг зөрчсөний улмаас явган зорчигч Х.Эрдэнэсанааг мөргөж, эрүүл мэндэд нь хүндэвтэр хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн болох нь хэрэгт авагдсан дараахь нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдлоо. Үүнд: ...Зам тээврийн ослын газар үзлэг хийсэн тэмдэглэл, хэргийн үзлэгээр тогтоосон байдал, осол хэрэг гарсан газар дээр хийсэн хэмжилтийн бүдүүвч зураглал, үзлэгийн явцад бэхжүүлж авсан гэрэл зургийн үзүүлэлт / хх 3-9 /, ...Явган хүний гарцаар зам хөндлөн гарч явтал 1-р эгнээнд машин зогссон байсан ба уг машины урдуур гараад цааш явж байтал нэг машин ирж байсан ба тэр машиныг зогсох байх гэж бодтол тэр машин зогсолгүй орж ирээд намайг мөргөсөн гэж мөрдөн шалгалтын явцад мэдүүлсэн хохирогч Х.Эрдэнэсанаагийн мэдүүлэг / хх 11-13 /, ...Хүүжийгийн Эрдэнэсанаагийн биед зүүн шилбэний тахилзуур ясны толгой хэсгийн зөрүүгүй хугарал, зүүн өвдөгний жийргэвч мөгөөрсний шахагдсан хугарал, зүүн өвдөгний үений урд болон арын чагтан холбоосны хэсэгчилсэн урагдал, зүүн өвдөгний дотор, гадна холбоосны хэсэгчилсэн урагдал, зүүн өвдгөнд цус хуралт, зөөлөн эдийн няцрал, баруун өвдгөнд зулгарал, тархи доргилт гэмтэл тогтоогдлоо. Гэмтлийн хүндэвтэр зэрэгт хамаарна гэсэн Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн шинжээчийн 14177 дугаар дүгнэлт / хх 34 /, ...Т.Королла маркийн 65-74 УНБ улсын дугаартай тээврийн хэрэгслийн жолооч М.Б нь Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн 16.1. “Явган хүний зохицуулдаггүй гарц руу ойртон ирсэн жолооч хурдаа хасаж, уг гарцаар гарч байгаа болон гарахаар завдаж байгаа явган зорчигчид зогсож зам тавьж өгнө.” гэсэн заалтыг зөрчсөн байх үндэслэлтэй байна...” гэсэн Мөрдөгчийн 353 дугаартай магадлагаа / хх 35-36 / зэрэг болно.
Шүүхээс шүүгдэгч М.Быг хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль тогтоомж, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний актыг зөрчсөний улмаас хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцох үндэслэлтэй байна.
Шүүгдэгчид ял шийтгэл оногдуулахдаа анх удаа хөнгөн гэмт хэрэг үйлдсэн, эмчилгээний зардлыг нөхөн төлсөн зэргийг хөнгөрүүлэх нөхцөл байдалд тооцож, түүний үйлдэлд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.6 дугаар зүйлд заасан ял хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй болно.
Шүүгдэгч М.Б нь хөнгөн гэмт хэрэг үйлдсэн бөгөөд гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн тул түүний гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учруулсан хохирол зэргийг харгалзан хуульд заасан 500.000 төгрөгөөр торгох ялаар шийтгэв.
Хохирогч Т.Эрдэнэсанаа нь цаашид гарах эмчилгээний зардлаа баримтаа бүрдүүлсэн үедээ иргэний журмаар жич нэхэмжлэх нь эрхтэйг дурьдаж, энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн зүйлгүй, М.Б нь цагдан хоригдсон хоноггүй, төлөх төлбөргүйг дурьдаж шийдвэрлэв.
Шүүхээс шүүгдэгч М.Быг өмгөөлүүлэх эрхээр нь хангасан боловч өмгөөлөгч аваагүй, шүүх хуралдаанд өөрөө өөрийгөө өмгөөлж, оролцох хүсэлтээ бичгээр гаргаж өгсөн, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 5.3 дугаар зүйлийн 1-д заасан заавал өмгөөлөгчтэй оролцох хуулийн заалтанд хамаарахгүй тул түүний хүсэлтийг хүлээн авч өмгөөлөгч оролцуулалгүй шийдвэрлэсэн болно.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2, 36,3, 36.6, 36.7, 36.8, 36.10, 37.1 дүгээр зүйлүүдийг удирдлага болгон ТОГТООХ нь:
1. Шүүгдэгч Боржигин овогт М-н Быг хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний актыг зөрчсөний улмаас хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.
2. Шүүгдэгч М-н Быг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 1-д зааснаар 500 / таван зуу / нэгж буюу 500.000 төгрөгөөр торгох ялаар шийтгэсүгэй.
3. Хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн зүйлгүй, М.Б нь цагдан хоригдсон хоноггүй төлөх төлбөргүйг болохыг дурьдаж, хохирогч Т.Эрдэнэсанаа нь цаашдын эмчилгээний зардлаа баримтаа бүрдүүлсэн үедээ иргэний журмаар жич нэхэмжлэх эрхтэй болохыг дурьдсугай.
4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар М.Б нь шүүхээс тогтоосон торгох ялыг биелүүлээгүй бол шүүх биелүүлээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож, хорих ялаар сольж болохыг түүнд мэдэгдсүгэй.
5. М.Бд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.
7. Шийтгэх тогтоол нь танилцуулан сонсгосноор хуулийн хүчинтэй болох бөгөөд шүүгдэгч, хохирогч, яллагч нар эс зөвшөөрвөл тогтоолыг гардуулснаас хойш Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд 14 хоногт давж заалдах гомдол гаргах, улсын яллагч эсэргүүцэл бичих эрхтэйг дурьдсугай.
8. Давж заалдах шатны шүүхэд гомдол гаргасан эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол биелүүлэх хүртэл М.Бд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.
ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ С.ОЮУНЧИМЭГ