Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2017 оны 06 сарын 09 өдөр

Дугаар 456

 

Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Д.Халиуна даргалж, тус шүүхийн хуралдааны 2 дугаар танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар,

Нэхэмжлэгч: “М” ХХК-ийн нэхэмжлэлтэй,

Хариуцагч: Ашигт малтмал, газрын тосны газрын Кадастрын хэлтэст холбогдох,

Нэхэмжлэлийн шаардлага: “Ашигт малтмалын хайгуулын ******* тоот тусгай зөвшөөрлийн хүчин төгөлдөр байх хугацааг 2015 оны 08 дугаар сарын 04-ний өдрөөр дуусгавар болсныг бүртгэсэн Ашигт малтмал, газрын тосны газрын Кадастрын хэлтсийн бүртгэлийг хууль бус болохыг тогтоон хүчингүй болгуулах, ******* тоот тусгай зөвшөөрлийн хугацаа сунгуулах өргөдлийг хүлээн авахгүй байгаа нь хууль бус болохыг тогтоон, хугацаа сунгуулах өргөдлийг хүлээн авч хуулийн дагуу шийдвэрлэхийг болон хугацаандаа төлсөн 7 дахь жилийн ээлжит төлбөрийг хавсралтанд бүртгэхийг Ашигт малтмал, газрын тосны газрын Кадастрын хэлтэст даалгах” тухай шаардлага бүхий хэргийг хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгчийн өмгөөлөгч Т.Э, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Э.Б, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга  Ч.М нар оролцов.

 ТОДОРХОЙЛОХ нь:

Нэхэмжлэгч “М” ХХК нь шүүхэд бичгээр гаргасан нэхэмжлэлдээ: Манай компани нь Ашигт малтмалын тухай хуулийн 22 дугаар зүйлд заасны дагуу 2016 оны 03 дугаар сарын 29-ний өдөр ашигт малтмалын хайгуулын ******* дугаартай тусгай зөвшөөрлийн хугацаа сунгуулах өргөдлөө өгөхөөр Ашигт малтмал, газрын тосны газрын Кадастрын хэлтэст хандахад танай тусгай зөвшөөрөл хүчингүй болсон байна, тусгай зөвшөөрлийн хугацаа сунгуулах өргөдлийг хүлээж авахгүй гэсэн хариу хэлсэн. 

Бид манай тусгай зөвшөөрлийн хугацаа 2016 оны 4 дүгээр сарын 29-нд дуусах ёстой яагаад 2015 оны 08 дугаар сарын 04-ний өдрөөр дуусгавар болов гэж асуухад Кадастрын хэлтсийн компьютерийн мэргэжилтэн Э.А “энэ нь манай алдаа байна бид засаж өгнө” гэж явуулсаар УИХ-ын сонгууль болж үүний дараа “бүтцийн өөрчлөлт хийгдэж байна албан бичиг хүлээж авахгүй” гэсээр 2016 оны 11 сар хүргэсэн. Энэ хугацаанд АМГТГазар болон тус газрын Кадастрын хэлтсээс ******* тоот хайгуулын тусгай зөвшөөрлийн хүчингүй болсон талаар болон системийн алдаа байсан талаар албан ёсоор бидэнд мэдэгдсэн зүйл байхгүй юм. 

Ингээд манай компаний зүгээс 2016 оны 11 дүгээр сарын 18-ны өдөр Ашигт малтмал, газрын тосны газарт хандан “******* тоот хайгуулын тусгай зөвшөөрлийн 1-р хавсралт дээр 6 дахь жилийн төлбөрийг төлөв. 2015 оны 4-р сарын 24-ний өдрөөс 2016 оны 4-р сарын 29-ний өдрийг хүртэл сунгав гэж тэмдэглэсэн байгаа бөгөөд бид хуулийн хугацаандаа буюу 2016 оны 4-р сарын 29-ний өдөр ээлжит жилийн төлбөрөө төлсөн байтал манай компанид албан ёсоор мэдэгдэлгүй ямар шалтгаанаар цуцалсныг хянаж үзэн тусгай зөвшөөрлийг сунгаж өгнө үү” гэж албан бичгээр хүсэлт гаргасан. 

Ашигт малтмал, газрын тосны газрын дарга Б.Б 2017 оны 01 дүгээр сарын 26-ны өдрийн 1654 тоот албан бичгээр “******* тоот тусгай зөвшөөрлийг анх 2008 оны 04 дүгээр сарын 29-ний өдөр “М” ХХК-д олгосон байна. Нийслэлийн захиргааны хэргийн шүүхийн 2012 оны 3 дугаар сарын 7-ны өдрийн 73 дугаар шийдвэр, Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн 2012 оны 5 дугаар сарын 11-ний өдрийн 115 дугаар магадлал зэргийг үндэслэн Ашигт матлмалын газрын Геологи, уул уурхайн хэлтсийн даргын 2012 оны 7 дугаар сарын 23-ны өдрийн 486 дугаар шийдвэрээр ******* тоот тусгай зөвшөөрлийн хугацаа 2015 оны 7 дугаар сарын 23-ны өдөр хүртэл хугацаагаар сунгахыг даалгасан байна. Ашигт малтмал газрын Геологи, уул уурхайн хэлтсийн даргын 2012 оны 10 дугаар сарын 19-ний өдрийн 737 дугаар шийдвэрээр ******* тоот тусгай зөвшөөрлийн хугацааг 2015 оны 7 дугаар сарын 23-ны өдөр хүртэл хугацаагаар сунгасан байна, Ашигт малтмалын тухай хуулийн 22 дугаар зүйлийн 22.1 дэх хэсэгт зааснаар ******* тоот тусгай зөвшөөрлийн сунгах өргөдлийг гаргаагүй байх тул мөн хуулийн 53 дугаар зүйлийн 53.1.1 дэх хэсэгт зааснаар тусгай зөвшөөрлийн хүчин төгөлдөр байх хугацааг 2015 оны 8 дугаар сарын 4-ний өдрөөр дуусгавар болсныг бүртгэсэн байна. Иймд танай хүсэлтийг хүлээн авч шийдвэрлэх боломжгүй байна” гэсэн хариу өгсөн.

 Энэ хариуг авснаар манай компанийн эзэмшдэг ашигт малтмалын хайгуулын ******* тоот тусгай зөвшөөрөл хүчингүй болсныг мэдэж Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.4-т заасны дагуу шүүхэд нэхэмжлэл гаргасан болно.

Энэ тусгай зөвшөөрлийг анх 2008 оны 4 дүгээр  сарын 29-ний өдөр олгосон ба 2011 оны 5 дугаар сарын 17-ны өдөр Геологи уул уурхай, Кадастрын хэлтсийн даргын шийдвэрээр дуусгавар болгосныг Нийслэлийн захиргааны хэргийн шүүхийн 2012 оны 3 дугаар сарын 07-ны өдрийн 73 дугаар шийдвэр, Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн 2012 оны 5 дугаар сарын 11-ний өдрийн 115 дугаар магадлал зэргийг үндэслэн Ашигт малтмалын газрын Геологи, уул уурхайн хэлтсийн даргын 2012 оны 7 дугаар сарын 23-ны өдрийн 486 дугаар шийдвэрээр сэргээснийг Ашигт малтмалын хайгуулын ******* дугаартай тусгай зөвшөөрлийн гэрчилгээний 1 дүгээр хавсралтанд 005-СЕ хөдөлгөөн болгон тэмдэглэсэн байдаг.

Тусгай зөвшөөрлийн хавсралтанд түүнд орсон өөрчлөлт хөдөлгөөн бүрийг дугаарын дагуу тэмдэглэдэг ба 006-ЕЕ дугаарт “Бүртгэв: Тусгай зөвшөөрлийн хугацаа 2015 оны 07 дугаар сарын 23 хүртэл сунгав. ГУУКХ-ийн даргын 2012.10.19-ний 737 тоот шийдвэр”, 

007-FE  дугаарт “Бүртгэв: Тусгай зөвшөөрлийн 4 дэх жилийн төлбөрийг төлөв. Хугацаа 2012.04.29-2013.04.29 хүртэл”, 

008FE дугаарт “Бүртгэв: Тусгай зөвшөөрлийн 5 дахь жилийн төлбөрийг төлөв. Хугацаа 2014.04.29-2015.04.29 хүртэл”, 

009FE дугаарт “Бүртгэв: Тусгай зөвшөөрлийн 6 дахь жилийн төлбөрийг төлөв. Хугацаа 2015.04.29-2016.04.29 хүртэл” гэж тэмдэглэсэн.

Гэтэл манай компанийн ******* тоот тусгай зөвшөөрлийг 2015 оны 8 дугаар сарын 04-ний өдрөөр дуусгавар болсныг бүртгэсэн нь Ашигт малтмалын хуулийн 53 дугаар зүйлийн 53.1.1-д “тусгай зөвшөөрлийн хүчин төгөлдөр байх хугацаа дууссан бол тусгай зөвшөөрөл дуусгавар болно” гэж заасныг зөрчиж уг зөвшөөрлийг хүчинтэй байх хугацаанд дуусгавар болгосон байна. 

Бидний зүгээс 2016 онд хайгуулын ажилд 33500000 /гучин гурван сая таван зуун мянган/ төгрөг зарцуулсан ба 2017 онд хийх хайгуулын ажлын төлөвлөгөө гарган хайгуулын ажлаа үргэлжлүүлэх зорилготой байтал тусгай зөвшөөрлийг хүчингүй болгосон нь манай компаний эрх ашгийг хөндөж их хэмжээний хохирол учрах нөхцлийг бий болгож байна. 

Иймд ашигт малтмалын хайгуулын ******* тоот тусгай зөвшөөрлийн хүчин төгөлдөр байх хугацааг 2015 оны 8 дугаар сарын 04-ний өдрөөр дуусгавар болсныг бүртгэсэн Ашигт малтмал, газрын тосны газрын Кадастрын хэлтсийн бүртгэлийг хууль бус болохыг тогтоон хүчингүй болгох, ******* тоот тусгай зөвшөөрлийн хугацаа сунгуулах өргөдлийг хүлээн авахгүй байгаа нь хууль бус болохыг тогтоон хугацаа сунгуулах өргөдлийг хүлээн авч хуулийн дагуу шийдвэрлэхийг Ашигт малтмал, газрын тосны газрын Кадастрын хэлтсийн даргад даалгах, хугацаандаа төлсөн 7 дахь жилийн ээлжит төлбөрийг хавсралтанд бүртгэхийг Ашигт малтмал, газрын тосны газрын Кадастрын хэлтсийн даргад тус тус даалгаж шийдвэрлэж өгнө үү гэжээ. 

Нэхэмжлэгчийн төлөөлөгч шүүх хуралдаанд гаргасан нэмэлт тайлбартаа: “Ашигт малтмалын хайгуулын 13613 тоот тусгай зөвшөөрлийн хүчин төгөлдөр байх хугацааг 2015 оны 08 дугаар сарын 04-ний өдөр дуусгавар болсныг бүртгэсэн Ашигт малтмал, газрын тосны газрын Кадастрын хэлтсийн бүртгэлийг хууль бус болохыг тогтоож, хүчингүй болгох, 13613 тоот тусгай зөвшөөрлийн хугацаа сунгуулах өргөдлийг хүлээн авахгүй байгааг хууль бус болохыг тогтоон хугацаа сунгуулах өргөдлийг хүлээн авч хуулийн дагуу шийдвэрлэхийг Ашигт малтмал, газрын тосны газрын Кадастрын хэлтсийн даргад даалгах. Мөн хугацаандаа төлсөн 7 дахь жилийн ээлжит төлбөрийг хавсралтад бүртгэхийг Ашигт малтмал, газрын тосны газрын Кадастрын хэлтсийн даргад тус тус даалгуулах” нэхэмжлэлийн шаардлагаа дэмжиж байна. Тусгай зөвшөөрлийн хугацаа сэргээлгэхийг даалгах тухай шаардлагаа багасгасан гэв.

Ашигт малтмал, газрын тосны газрын дарга Б 2017 оны 1 дүгээр сарын 26-ны өдрийн 54 тоот албан бичгээр “танай асуудлыг шийдвэрлэх боломжгүй байна” гэдэг хариуг “М” ХХК-д өгсөн. Энэ хариуг авсны дараагаар хуулийн хугацаанд тус шүүхэд хандаад байна. Буруу бичилт хийгдсэн. Буруу тооцох болсон нь манай зүгээс болоогүй. Хавтаст хэрэгт нотлох баримтаар авагдсан байгаа хавсралтад дугаарлалтын дэс дараалал алдагдаагүй. Тусгай зөвшөөрлийн гэрчилгээний хавсралтын хамгийн сүүлийн 9 дэх хөдөлгөөнд “бүртгэв. Тусгай зөвшөөрлийн  6 дахь жилийн төлбөрийг бүртгэв. Хугацаа 2015 оны 4 дүгээр сарын 29-ний өдрөөс 2016 оны 4 дүгээр сарын 29 хүртэл хүчинтэй”  гэж бичсэн. Гэтэл энэ хугацаандаа өргөдлөө сунгуулах гээд төлбөрөө төлөөд очиход танайхыг 2015 оны 8 дугаар сарын 04-нд цуцалсан байна гэдэг тайлбарыг хэлдэг. Манай зүгээс Ашигт малтмал, газрын тосны газрын албан ёсны бичиж өгсөн, сунгаж өгсөн хугацааг албан ёсны хугацаа гэж үзэж байгаа. Бид хугацаандаа материалаа бүрдүүлээд өргөдлөө гаргасан. Бүртгэж аваагүй. Хууль зөрчиж тусгай зөвшөөрлийг дуусгавар болгосон байна гэж үзэж байна.” гэв.

Нэхэмжлэгчийн өмгөөлөгч өмгөөлөлдөө: “Төлбөр төлсөн баримт хүчинтэй байна. Урьдчилж төлнө гэсэн байгаа. Урьдчилж төлсөн юм чинь 2016 оны 4 сарын 29-ний өдөр хүртэл хүчинтэй байна гэсэн байна. Нотлох баримтаар ирсэн тусгай зөвшөөрлийн үйл ажиллагааны журмын 202 гэж тэмдэглэсэн хуудсан дээр байна. 12.1-т дуусгавар болсонд тооцох, тусгай зөвшөөрлийн хүчин төгөлдөр байх хугацаа дуусаж байгаа өдөр тусгай зөвшөөрлийн хүчин төгөлдөр хугацааг дуусгавар болгох хяналтын хуудас нээж харьяалах газарт хянуулснаар шийдвэр мэдэгдлийн төслийг дотоод хяналтын хуудсын хамт Эрх зүй хуулийн тасагт шилжүүлнэ. Тэгэхлээр шийдвэр гарна. Мөн мэдэгдэх хуудас бичнэ. Нэгэнт бичиж байгаа зүйлийг мэдэгдэх ёстой юм байна гэж дотоод журмаар зохицуулагдсан. Энэ үүргээ биелүүлж мэдэгдээгүй.

Алдаа гараагүй бол 2015 онд сунгуулах ёстой байсан. Сунгах өргөдлөө өгөөд 6 биш 7 дахь жилийн төлбөрийг төлөх ёстой байсан. Одоо бол 7 дахь жил биш 8 дахь жил болох ёстой байсан. Энэ алдаанаас болоод 4, 5, 6 дахь гээд одоо 7 дахь жилийг бүртгэж авахгүй байгаа. Хэрэв алдаа гараагүй бол 8 дахь жил гээд явж байх ёстой байсан. Дунд нь шүүхийн маргаантай байсан 1 жил 6 сарын асуудал байгаад байгаа. Тэрийг тооцохдоо алдаатай тооцсон.

Анх тусгай зөвшөөрөл авахад мэдэгдэл аваад түүний дагуу жил бүр урьдчилж төлбөр төлнө гэж байгаа. Анх 2008 оны 4 дүгээр сарын 29-нд олгогдсон байна. Тэгэхлээр жил болгон 4 дүгээр сарын 29-ний өдрөөс хуульд зааснаар төлөх ёстой. “М” ХХК нь хавсралтад бичсэний дагуу 4 дүгээр сарын 19-нд сунгалтын төлбөрийг төлсөн. Тэгэхлээр 4 дүгээр сарын 29 хүртэл яг энэ тэмдэглэсний дагуу тусгай зөвшөөрөл хүчинтэй  байна гэж ойлгогдож байна.” гэв. 

Хариуцагч, түүний итгэмжлэгдсэн төлөөлөгч хариу тайлбартаа: “М” ХХК-иас ашигт малтмалын хайгуулын ХV-13616 тоот тусгай зөвшөөрлийг дуусгавар болгож бүртгэсэн бүртгэлийг хүчингүй болгуулах, 7 дахь жилийн төлбөрийг хавсралтанд бүртгэх, сунгах өргөдлийг хүлээн авч хуулийн дагуу шийдвэрлэхийг Ашигт малтмал, газрын тосны газрын Кадастрын хэлтэст даалгаж өгөх тухай нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь эс зөвшөөрч дараах тайлбарыг гаргаж байна.

Хэнтий аймгийн Ө, Х сумдын нутагт орших Б нэртэй 1126.59 гектар талбайд ******* дугаартай ашигт малтмалын хайгуулын тусгай зөвшөөрлийг анх 2008 оны 4 дүгээр сарын 29-ний өдөр “М” ХХК-д олгосон байна.

Ашигт малтмалын тухай хуулийн 22 дугаар зүйлд “Хайгуулын тусгай зөвшөөрлийн хугацаа дуусахаас 1 сарын өмнө түүнийг эзэмшигч нь хугацаа сунгуулах тухай өргөдпийг төрийн захиргааны байгууллагад гаргана” гэж заасны дагуу “М” ХХК нь гурван жил болоод л нэг сунгалт хийлгэх ёстой.  ******* тоот тусгай зөвшөөрлийн хугацаа сунгуулах өргөдлийг гаргаагүйн улмаас 2011 оны 5 дугаар сарын 16-ны өдрөөр дуусгавар болсон байна.

Кадастрын хэлтсийн даргын 2012 оны 7 дугаар сарын 486 дугаар шийдвэрээр “М” ХХК-ийн ашигт малтмалын хайгуулын ******* тоот тусгай зөвшөөрлийн эрхийг Нийслэлийн захиргааны хэргийн шүүхийн 2012 оны 3 дугаар сарын 7-ны өдрийн 73 дугаар шийдвэр, Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүх хуралдааны 2012 оны 5 дугаар сарын 11-ний өдрийн 115 дугаар магадлалыг тус тус үндэслэн сэргээж, тусгай зөвшөөрлийн хүчинтэй байх хугацааг 2015 оны 7 дугаар сарын 23-ны өдрөөр тооцож бүртгэсэн байна.

“М” ХХК нь ашигт малтмалын хайгуулын ХV-13616 тоот тусгай зөвшөөрлийн хугацаа сунгуулах өргөдлийг Ашигт малтмалын тухай хуулийн 22 дугаар зүйлийн 22.1 дэх хэсэгт заасны дагуу 2015 оны 06 дугаар сарын 23-ны өдрөөс өмнө гаргаж шийдвэрлүүлэх үүрэгтэй байна.

Ашигт малтмалын хайгуулын тусгай зөвшөөрлийн хугацаа сунгуулах өргөдлийг ирүүлэхдээ Ашигт малтмалын тухай хуулийн 22.1.1 “хайгуулын тусгай зөвшөөрлийн хуулбар”, 22.1.2 “үйлчилгээний хөлс, тусгай зөвшөөрлийн төлбөрийг жил бүр төлсөн баримт, үүнчлэн хайгуулын ажлын зардлын доод хэмжээнээс багагүй хэмжээний ажил гүйцэтгэсэн тухай баримт”, 22.1.3 “байгаль орчныг хамгаалах төлөвлөгөө”, 22.1.4 “хайгуулын тухайн үе шатны ажлыг гүйцэтгэсэн тухай тайлан, түүнийг хүлээлгэн өгсөн баримт” зэргийг тус тус хавсаргахыг шаардсан байна.

“М” ХХК нь ашигт малтмалын хайгуулын тусгай зөвшөөрлийн хугацаа сунгуулах өргөдлийг хуулийн хугацаанд төрийн захиргааны байгууллага буюу Кадастрын хэлтэст ирүүлээгүй тул Ашигт малтмалын тухай хуулийн 53 дугаар зүйлийн 53.1.1 дэх хэсэгт зааснаар дуусгавар болсныг Ашигт малтмалын газрын Кадастрын бүртгэлийн системд 2015 оны 8 дугаар сарын 4-ний өдөр дуусгавар болгож бүртгэсэн байна.

Нэгэнт хайгуулын тусгай зөвшөөрлийн хүчин төгөлдөр хугацаа нь Ашигт малтмалын тухай хуулийн 53 дугаар зүйлийн 53.1.1 дэх хэсэгт зааснаар дуусгавар болсон тул тусгай зөвшөөрөл эзэмшигчид мэдэгдэл хүргүүлэх тухай хуулиар зохицуулаагүй болно.

Ашигт малтмалын тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1 дэх хэсэгт зааснаар Хайгуулын болон ашиглалтын тусгай зөвшөөрлийг Монгол Улсын хууль тогтоомжийн дагуу байгуулагдан үйл ажиллагаа явуулж байгаа, Монгол Улсад татвар төлөгч хуулийн этгээдэд олгоно” гэж зааснаар тусгай зөвшөөрлийг эзэмшиж байгаа хуулийн этгээд Ашигт малтмалын хуульд заасан үүргийг биелүүлж ажиллах үүрэгтэй бөгөөд төрийн байгууллагын буруутай ажиллагааны улмаас сунгах өргөдлөө гаргаагүйгээс тусгай зөвшөөрөл нь дуусгавар болсон, тусгай зөвшөөрлийн сунгасан шийдвэр гаргахыг Кадастрын хэлтэст даалгах тухай нэхэмжлэл гаргах нь үндэслэлгүй байна.

Тусгай зөвшөөрлийн хугацаа, ээлжит жилийн төлбөр төлөх хугацаа хоёр зөрүүтэй, өөр ойлголт. Өөр өөр бичилт хийгдэж байгаа. Төлбөрийг олгосон огнооноосоо хойш жил бүр нэг удаа урьдчилж төлнө. Тусгай зөвшөөрлийн хугацааг 2012 онд сэргээж, хугацааг 2012 оны 7 дугаар сарын 23-ны өдрөөс 2015 оны 7 дугаар сарын 23-ны өдөр хүртэл сунгав гээд гэрчилгээнд нь хүчинтэй хугацааг тодорхой бичсэн байгаа. Тусгай зөвшөөрлийн эрхийг хадгалахдаа тусгай зөвшөөрлийн төлбөрийг төлнө, төлбөр төлөх нь тусгай зөвшөөрлийг хадгалах нэг нөхцөл. Сунгуулах өргөдлөө цаг тухайд нь гаргаж сунгуулна. Жил бүр төлөх төлбөр тусгай зөвшөөрлийн эрхийнхээ хүчинтэй байдлыг хадгалж байгаагийн нэг хэлбэр. 

Мөн “М” ХХК нь өөрийн эзэмшилд байсан ашигт малтмалын хайгуулын ХV-13616 тоот тусгай зөвшөөрлийн хугацаа 2015 оны 8 дугаар сарын 4-ний өдөр дуусгавар болж бүртгэгдсэн байхад 2016 оны 11 дүгээр сард төрийн захиргааны байгууллагад энэ талаар гомдол гаргасан нь Захиргааны ерөнхий хуулийн 94 дүгээр зүйлийн 94.1-д заасан гомдол гаргах хугацааг хэтрүүлсэн байгааг дурьдах нь зүйтэй.

Иймд нэхэмжлэгчийн гаргасан ашигт малтмалын хайгуулын ХV-13616 тоот тусгай зөвшөөрлийг дуусгавар болгож бүртгэсэн бүртгэлийг хүчингүй болгуулах, 7 дахь жилийн төлбөрийг хавсралтанд бүртгэх, хугацаа сунгуулах өргөдлийг хүлээн авч хуулийн дагуу шийдвэрлэхийг Ашигт малтмал, газрын тосны газрын Кадастрын хэлтэст даалгах тухай нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэж өгнө үү.” гэв. 

Гэрч Э.А мэдүүлэгтээ: “Би 2006 оноос 2013 он хүртэл Кадастрын хэлтсийн  бүртгэлийн сан хариуцсан мэргэжилтнээр, 2013 оноос 2016 оны 9 дүгээр сар хүртэл Төрийн захиргаа удирдлагын хэлтэст Мэдээлэл технологийн инженерээр ажиллаж байсан. 2016 оны 9 дүгээр сараас хойш одоог хүртэл Кадастрын хэлтсийн бүртгэлийн сан хариуцсан мэргэжилтэн буюу хуучин хийж байсан ажлаа хийж байгаа. Тусгай зөвшөөрлийн хугацаа сунгуулах асуудлаар хандаж байсан.  2016 оны 3 дугаар сард биш, 2016 оны 9 сард намайг томилогдох үед орж ирсэн асуудал. Бүртгэлтэй холбоотой маргаад сэргээх шийдвэр гарсан тохиолдолд тухайн сэргээх шийдвэр дээр тусгай зөвшөөрлийн хүчинтэй байх хугацаа төлбөр төлөх огноо зэргийг би өөрөө программ дээр бичиж өгдөг. Анх хэд дэх жилийн төлбөр төлөх гэж байгаа вэ гэдгээс эхлүүлээд тэрнээс хойших төлбөрүүд нь өөрөө автоматаар бодогдоод явдаг. Жилийн төлбөрийн тухайд хэрвээ алдаа гарсан тохиолдолд  мэргэжилтэн программд залруулдаг, цаашдаа хугацаа нь прошраммаас автоматаар тооцогдоод явдаг. Мөн сэргээсэн шийдвэрээр бичилт хийдэг. Тусгай зөвшөөрлийн хүчин төгөлдөр байх, дуусах хугацаанд нь хяналт тавьдаг. Шүүхийн шийдвэрээр сэргээсэн тохиолдолд сэргээсэн огнооноос нь хойш хүчин төгөлдөр байх хугацааг тооцож тусгай зөвшөөрлийн “шийдвэр” гэсэн хэсэг дээр нь тавьж өгдөг. 

Би тусгай зөвшөөрлийн хавсралтын 005С гээд шүүхийн шийдвэрээр сэргээсэн гэдэг тэмдэглэлийг хийдэг, үүнээс хойших бүртгэл тэмдэглэгээг  хариуцсан мэргэжилтнүүд нь чиглэл чиглэлээр өөрсдөө бүртгэдэг. 2015 оны 7 дугаар сарын 29-ний өдрөөс 2016 оны 4 дүгээр сарын 19 хүртэл 6 дахь жилийн төлбөр төлж байгаа. 4 дэх жилийн төлбөр нь 2012 оны 4 дүгээр сарын 29-ний өдрөөс 2013 оны 4 дүгээр сарын 29. 5 дахь жилийн төлбөр нь 2013 оны 4 дүгээр сарын 29-ний өдрөөс 2014 оны 4 дүгээр сарын 29 гээд яг дараалуулж явах ёстой байсан, нэг жилээр үсэрсэн байна. Эндээс төлбөрийн огноо нь алдагдаж эхэлсэн. Үүнээс үүдээд хугацаа нь 2016 он руу үсэр ч байгаа. Энэ нь манай системийн алдаа. Гэхдээ энэ нь тусгай зөвшөөрлийн хүчинтэй хугацаа биш, төлбөр төлсөн жилийн хугацаа. Тусгай зөвшөөрөл нь хүчинтэй байсан бол төлсөн төлбөрийг нь бид залруулаад бүртгэх, буцаагаад олгох боломжтой. 

Гэвч энэ тохиолдолд тусгай зөвшөөрлийн хугацаа нь дуусгавар болсон учраас бид нар сэргээх үндэслэлгүй. Төлбөр төлсөн жилийг л буруу бүртгэсэн. Төлбөрийг нь 4 дэх, 5 дахь жил гэдгийг, өөрөөр хэлбэл 5 дахь жилийн төлбөрөөс нэг жил үсэрчхэж байгаа. Жилийн төлбөр төлсөн хугацааны тухайд системийн алдаа гэв. Алдаа гараагүй бол 2015 онд сунгуулах ёстой байсан. Сунгах өргөдлөө өгөөд 6 биш 7 дахь жилийн төлбөрийг төлөх ёстой байсан. Дунд нь шүүхийн маргаантай байсан 1 жил 6 сарыг алдаатай тооцсон. Тусгай зөвшөөрлийн хүчинтэй хугацааг шүүхийн шийдвэрээр сэргээсэн огнооноос нь эхэлж тооцсон.” гэв.

ҮНДЭСЛЭХ нь:

Нэхэмжлэгч “М” ХХК нь “Ашигт малтмалын хайгуулын ******* тоот тусгай зөвшөөрлийн хүчин төгөлдөр байх хугацааг 2015 оны 08 дугаар сарын 04-ний өдрөөр дуусгавар болсныг бүртгэсэн Ашигт малтмал, газрын тосны газрын Кадастрын хэлтсийн бүртгэлийг хууль бус болохыг тогтоон хүчингүй болгуулах, ******* тоот тусгай зөвшөөрлийн хугацаа сунгуулах өргөдлийг хүлээн авахгүй байгаа нь хууль бус болохыг тогтоон хугацаа сунгуулах өргөдлийг хүлээн авч хуулийн дагуу шийдвэрлэхийг болон хугацаандаа төлсөн 7 дахь жилийн ээлжит төлбөрийг хавсралтанд бүртгэхийг Ашигт малтмал, газрын тосны газрын Кадастрын хэлтэст даалгуулах”-аар нэхэмжлэл гаргажээ. 

Хуульд заасан журмаар хэрэгт авагдаж шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримтуудаар тогтоогдсон үйл баримтуудыг дүгнэн дараах үндэслэлээр нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэлээ. 

Х аймгийн М, Ө, Х сумдын заагт орших Б нэртэй 1159.30 гектар талбайд ашигт малтмалын хайгуулын ХV-******* тоот тусгай зөвшөөрлийг 3 жилийн хугацаатайгаар “М” ХХК-д 2008 оны 04 дүгээр сарын 29-ний өдөр олгосон  нь 2011 оны 4 дүгээр сарын 29-ний өдөр дуусч, 5 дугаар сарын 16-ны өдрөөр тусгай зөвшөөрлийн хугацаа дуусгавар болсон ба шүүхийн шийдвэрээр тусгай зөвшөөрлийг сэргээхээр шийдвэрлэснийг үндэслэн Ашигт малтмалын газрын Геологи, уул уурхайн кадастрын хэлтсийн даргын 2012 оны 7 дугаар сарын 23-ны өдрийн 486 дугаар шийдвэрээр “М” ХХК-ийн ашигт малтмалын хайгуулын ХV-13616 тоот тусгай зөвшөөрлийг сэргээж, мөн газрын даргын 2012 оны 10 дугаар сарын 19-ний өдрийн 737 дугаар шийдвэрээр тусгай зөвшөөрлийн хүчинтэй байх хугацааг сэргээсэн өдрөөс тооцон 2015 оны 7 дугаар сарын 23-ны өдөр хүртэл сунгажээ.

Ашигт малтмалын тухай хуулийн 19 дүгээр зүйлийн 19.8, 21 дүгээр зүйлийн 21.1.5-д зааснаар ашигт малтмалын хайгуулын тусгай зөвшөөрлийг 3 жилийн хугацаагаар олгож, хугацааг 3 жилээр 2 удаа сунгуулах боломжтой бөгөөд мөн хуулийн 22 дугаар зүйлийн 22.1-д “Хайгуулын тусгай зөвшөөрлийн хугацаа дуусахаас 1 сарын өмнө түүнийг эзэмшигч нь хугацаа сунгуулах тухай өргөдлийг төрийн захиргааны байгууллагад гаргана” гэж заасны дагуу “М” ХХК нь ХV-13616 тоот тусгай зөвшөөрлийн хугацаа сунгуулах өргөдлийг 2015 оны 6 дугаар сарын 23-ны дотор гаргаагүйн улмаас 2015 оны 8 дугаар сарын 4-ний өдөр тусгай зөвшөөрөл дуусгавар болсон байна.

Тодруулбал, анх 2008 оны 04 дүгээр сарын 29-ний өдөр олгогдсон ашигт малтмалын хайгуулын тусгай зөвшөөрөл 2011 онд дуусгавар болж шүүхийн шийдвэрээр сэргээгдэхдээ тусгай зөвшөөрлийн хугацаа нь сэргээсэн өдрөөс буюу 2012 оны 7 дугаар сарын 23-ны өдрөөс тооцогдож, 2015 оны 7 дугаар сарын 23-ны өдрийг хүртэл 3 жилээр эхний удаа сунгагдаж, энэ талаар тусгай зөвшөөрлийн 1 дүгээр хавсралтын хөдөлгөөний 005-CE, 006-EE кодтой тэмдэглэсэн байна. 

Ийнхүү дуусгавар болсон тусгай зөвшөөрлийг шүүхийн шийдвэрээр сэргээхдээ сэргээсэн өдрөөс хугацааг тооцож 2012 оны 7 дугаар сарын 23-ны өдрөөс 2015 оны 7 дугаар сарын 23-ны өдрийг хүртэл сунгаснаар тусгай зөвшөөрлийн хугацаа нь анх тусгай зөвшөөрлийг олгосон өдрөөс тооцсон тусгай зөвшөөрлийн ээлжит жилийн төлбөр төлж байсан “4 дүгээр сарын 29” өдрөөс зөрсөн, түүнчлэн тусгай зөвшөөрлийн хавсралтад тусгай зөвшөөрлийн ээлжит жилийн төлбөр төлөлтийн мэдээллийг алдаатай, тухайлбал 8 дахь бичилтэд 2013 оны 4 дүгээр сарын 01-ний өдөр төлсөн 5 дахь жилийн төлбөр төлөлтийг “2013.04.29-2014.04.29” гэж бичихийг “2014.04.29-2015.04.29” гэж, 9 дэх бичилтэд 2014 оны 4 дүгээр сарын 29-ний өдөр төлсөн 6 дахь жилийн төлбөр төлөлтийг “2014.04.29-2015.04.29” гэж бичихийг “2015.04.29-2016.04.29” гэж 1 жилээр алгасуулж тусгаснаас үүдэн нэхэмжлэгч тусгай зөвшөөрлийн хавсралтад тэмдэглэсэн ээлжит жилийн төлбөрийн алдаатай тэмдэглэгдсэн хугацааг тусгай зөвшөөрлийн хугацаатай адилтгаж ойлгож, тусгай зөвшөөрлийн 1 дүгээр хавсралтын 009-FE дугаарт тэмдэглэгдсэн “009FE дугаарт “Бүртгэв: Тусгай зөвшөөрлийн 6 дахь жилийн төлбөрийг төлөв. Хугацаа 2015.04.29-2016.04.29 хүртэл” гэсэн тусгай зөвшөөрлийн төлбөрийн хугацааг тусгай зөвшөөрлийн хүчинтэй байх хугацаа, 2016 оны 04 дүгээр сарын 29-ний өдрөөр тусгай зөвшөөрлийн хугацаа дуусгавар болох ёстой гэж маргажээ.

Тусгай зөвшөөрөл, тусгай зөвшөөрлийн хүчинтэй хугацааг тэмдэглэсэн хавсралтын хамт нэхэмжлэгч буюу тусгай зөвшөөрөл эзэмшигчид өөрт нь хадгалагддаг тул 2016 оны 04 дүгээр сарын 29-ний өдрөөр тусгай зөвшөөрлийн хугацаа дуусгавар болох ёстой гэх нэхэмжлэгчийн тайлбар үндэслэлгүй байна. 

Учир нь Ашигт малтмалын тухай хуулийн 4 дүгээр зүйлийн 4.1.20-д зааснаар ”тусгай зөвшөөрлийн төлбөр” гэж тусгай зөвшөөрлийг хүчин төгөлдөр байлгах зорилгоор эзэмшигчээс нь энэ хуульд заасны дагуу төлөх төлбөрийг ойлгох ба мөн хуулийн 32 дугаар зүйлийн 32.1-д “Тусгай зөвшөөрөл эзэмшигч нь тусгай зөвшөөрлийн төлбөрийг энэ хуулийн дагуу жил бүр төлнө.”, 31 дүгээр зүйлийн 31.1-д “тусгай зөвшөөрөл эзэмшигч нь энэ хуулийн 32, 33 дугаар зүйлд заасан нөхцөл шаардлагыг хангаж ажиллах үүрэгтэй” гэж зааснаар тусгай зөвшөөрлийн төлбөр төлөх нь тусгай зөвшөөрөл эзэмших эрхийг хадгалах нэг нөхцөл болохоос уг төлбөрийг төлснөөр тусгай зөвшөөрлийн хугацаа сунгагдана гэж, төлбөр төлсөн хугацаанд тусгай зөвшөөрөл хүчинтэй байна гэж ойлгохгүй. 

Тэгээд ч тусгай зөвшөөрлийн хугацаа сунгуулахдаа Ашигт малтмалын тухай хуулийн 22 дугаар зүйлийн 22.1-д заасны дагуу тусгай зөвшөөрлийн хугацаа дуусахаас 1 сарын өмнө буюу 2015 оны 06 дугаар сарын 23-ны өдрөөс өмнө, хуульд заасан шаардлагыг хангаж тухайлбал, мөн хуулийн 22.1.1 “хайгуулын тусгай зөвшөөрлийн хуулбар”, 22.1.2 “үйлчилгээний хөлс, тусгай зөвшөөрлийн төлбөрийг жил бүр төлсөн баримт, үүнчлэн хайгуулын ажлын зардлын доод хэмжээнээс багагүй хэмжээний ажил гүйцэтгэсэн тухай баримт”, 22.1.3 “байгаль орчныг хамгаалах төлөвлөгөө”, 22.1.4 “хайгуулын тухайн үе шатны ажлыг гүйцэтгэсэн тухай тайлан, түүнийг хүлээлгэн өгсөн баримт” зэргийг тус тус хавсарган гарган шийдвэрлүүлэх үүрэгтэй, өөрөөр хэлбэл тусгай зөвшөөрлийн ээлжит жилийн төлбөр төлөх нь тусгай зөвшөөрлийн хугацаа сунгуулах нэг бүрдэл болохоос дангаараа хугацааг хүчинтэйд тооцох үндэслэл биш. 

“М” ХХК нь ашигт малтмалын хайгуулын тусгай зөвшөөрлийн хугацаа сунгуулах өргөдлийг хуулийн хугацаанд төрийн захиргааны байгууллага буюу Кадастрын хэлтэст ирүүлээгүй тул Ашигт малтмалын тухай хуулийн 53 дугаар зүйлийн 53.1.1 дэх хэсэгт зааснаар тусгай зөвшөөрлийн хугацаа 2015 оны 8 дугаар сарын 4-ний өдөр дуусгавар болсныг Ашигт малтмалын газрын Кадастрын бүртгэлийн системд бүртгэснийг буруутгах үндэслэлгүй, тусгай зөвшөөрлийн хугацаа дуусах талаар болон тусгай зөвшөөрөл дуусгавар болсон талаар тусгай зөвшөөрөл эзэмшигчид мэдэгдэх үүрэг хариуцагчид хуулиар хүлээлгээгүй байна.

Нэхэмжлэгч “М” ХХК 2016 оны 3 дугаар сарын 29-ний өдөр хайгуулын тусгай зөвшөөрлийн хугацаа сунгуулахыг хүссэн өргөдлийг гаргасан байх боловч нэгэнт 2015 оны 7 дугаар сарын 23-ны өдөр тусгай зөвшөөрлийн хугацаа дуусч, 8 дугаар сарын 04-ний өдрөөр дуусгавар болсон нь бүртгэгдсэн хойно ийнхүү хугацаа сунгуулах өргөдлийг хүлээн авч шийдвэрлэх боломжгүй, өргөдлийг хүлээн аваагүй хариуцагч байгууллагын буруутай, хууль бус  үйл ажиллагаа байхгүй тул хугацаа сунгуулах өргөдлийг хүлээн авч шийдвэрлэхийг даалгах үндэслэлгүй.

“М” ХХК-ийн 2014 оны 4 дүгээр сарын 29-ний өдөр төлсөн “2014.04.29-2015.04.29” хугацаанд хамаарах 6 дахь жилийн төлбөрийг тусгай зөвшөөрлийн гэрчилгээний хавсралтад бичихдээ “2015.04.29-2016.04.29” гэж алдаатай бичсэнээс бус энэ хугацааны буюу 2015-2016 оны ээлжит жилийн төлбөрийг 2015 онд төлөөгүй, энэ талаар баримт байхгүй.

Түүнчлэн тусгай зөвшөөрлийн хүчинтэй байх хугацаа дуусч Ашигт малтмалын тухай хуулийн 53 дугаар зүйлийн 53.1.1-д зааснаар дуусгавар болсон хойно 2016 оны 4 дүгээр сарын 29-ний өдөр төлсөн тусгай зөвшөөрлийн жилийн төлбөрийг нэгэнт дуусгавар болсон тусгай зөвшөөрлийн гэрчилгээний хавсралтад бүртгэх боломжгүй, харин илүү төлсөн төлбөрийг нэхэмжлэгч хүсэлт гарган хариуцагчаас буцаан гаргуулах боломжтой. 

Иймд “ашигт малтмалын хайгуулын ******* тоот тусгай зөвшөөрлийн хүчин төгөлдөр байх хугацааг 2015 оны 08 дугаар сарын 04-ний өдрөөр дуусгавар болсныг бүртгэсэн Ашигт малтмал, газрын тосны газрын Кадастрын хэлтсийн бүртгэлийг хууль бус болохыг тогтоон хүчингүй болгуулах, ******* тоот тусгай зөвшөөрлийн хугацаа сунгуулах өргөдлийг хүлээн авахгүй байгаа нь хууль бус болохыг тогтоон, хугацаа сунгуулах өргөдлийг хүлээн авч хуулийн дагуу шийдвэрлэхийг болон хугацаандаа төлсөн 7 дахь жилийн ээлжит төлбөрийг хавсралтанд бүртгэхийг Ашигт малтмал, газрын тосны газрын Кадастрын хэлтэст даалгах” нэхэмжлэлийг бүхэлд нь хангах үндэслэлгүй байна. 

 

             Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.1, 106.3.14-т заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:

 

1. Ашигт малтмалын тухай хуулийн 22 дугаар зүйлийн 22.1,  31 дүгээр зүйлийн 31.1, 32 дугаар зүйлийн 32.1, 34 дүгээр зүйлийн 34.2, 53 дугаар зүйлийн 53.1.1 дэх хэсэгт заасныг баримтлан “М” ХХК-иас Ашигт малтмал, газрын тосны газрын Кадастрын хэлтэст холбогдуулан гаргасан “Ашигт малтмалын хайгуулын ******* тоот тусгай зөвшөөрлийн хүчин төгөлдөр байх хугацааг 2015 оны 08 дугаар сарын 04-ний өдрөөр дуусгавар болсныг бүртгэсэн Ашигт малтмал, газрын тосны газрын Кадастрын хэлтсийн бүртгэлийг хууль бус болохыг тогтоон хүчингүй болгуулах, ******* тоот тусгай зөвшөөрлийн хугацаа сунгуулах өргөдлийг хүлээн авахгүй байгаа нь хууль бус болохыг тогтоон, хугацаа сунгуулах өргөдлийг хүлээн авч хуулийн дагуу шийдвэрлэхийг болон хугацаандаа төлсөн 7 дахь жилийн ээлжит төлбөрийг хавсралтанд бүртгэхийг Ашигт малтмал, газрын тосны газрын Кадастрын хэлтэст даалгах” шаардлага бүхий нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгосугай. 

2. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 48 дугаар зүйлийн 48.1-д заасны дагуу улсын тэмдэгтийн хураамжид нэхэмжлэгчээс төлсөн 70.200 (далан мянга хоёр зуу)  төгрөгийг төсвийн орлогод хэвээр үлдээсүгэй. 

3. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 114 дүгээр зүйлийн 114.1-д зааснаар нэхэмжлэгч, хариуцагч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч шүүхийн шийдвэрийг эс зөвшөөрвөл гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэйг дурьдсугай.

 

 

 

ШҮҮГЧ                               Д.ХАЛИУНА