| Шүүх | Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Дашнямын Цогтсайхан |
| Хэргийн индекс | 183/2016/0658/и |
| Дугаар | 1869 |
| Огноо | 2016-11-14 |
| Маргааны төрөл | Бусад хуулиар, |
Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал
2016 оны 11 сарын 14 өдөр
Дугаар 1869
“*******” ХХК-ийн нэхэмжлэлтэй иргэний
хэргийн тухай
Нийслэлийн иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүх хуралдааныг Ерөнхий шүүгч Ж.Оюунтунгалаг даргалж, шүүгч А.Отгонцэцэг, Д.Цогтсайхан нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн давж заалдах шатны иргэний хэргийн шүүх хуралдаанаар
Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2016 оны 09 дүгээр сарын 15-ны өдрийн 183/ШШ2016/00658 дугаар шийдвэртэй,
Нэхэмжлэгч “*******” ХХК-ийн нэхэмжлэлтэй
Хариуцагч “*******” ХХК-д холбогдох
Гэрээний үүрэгт 61 707 000 төгрөг гаргуулах тухай иргэний хэргийг
Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ц.*******ын гомдлыг үндэслэн, шүүгч Д.Цогтсайханы илтгэснээр хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд:
Нэхэмжлэгчийн өмгөөлөгч: Н.*******
Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч: Ц.*******
Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга: Ө.Ган-Өнөр нар оролцов.
Нэхэмжлэгч “*******” ХХК шүүхэд болон шүүх хуралдаанд тайлбартаа: Гэрээний дагуу “*******” ХХК нь хууль тогтоомжийн дагуу чанарын түвшинд нийцсэн тухайн цаг хугацаанд нь үүргээ хангалттай биелүүлж, гэрээний дагуу нийлүүлэх ёстой бетон зуурмагийг хангалттай нийлүүлсэн. Бетон зуурмагийг гэрээний дагуу нийлүүлснээс хойш урьдчилгаа 24 270 000 төгрөгийг өгсөн. Түүнээс хойш хариуцагч “*******” ХХК-иас янз бүрийн шалтаг, шалтгаан хэлж, өнөөдрийг хүртэл гэрээний үүргээ биелүүлээгүй. “*******” ХХК-иас авсан бетон зуурмагийг өөр компанид худалдсан боловч мөнгийг нь авч чадаагүй гэх гэрээний хуулбарыг хавтаст хэрэгт хавсаргасан байна. Тухайн үед хоёр тал гэрээ байгуулаад бетон зуурмагийг нийлүүлж байхад чанаргүй бетон зуурмаг нийлүүлсэн гэх зүйл яригдаагүй. Бетон зуурмагийн чанарын тухайн марканд хүрсэн эсэхийг 28 хоног дээр нь барилга корпорациар баталгаажуулан өөрийн архивт хадгалан, тухайн худалдан авагч талд өгсөн. Дээрх баримтын нэг хувийг “*******” ХХК-д өгсөн, эх хувирааа манай компанийн архивт хадгалагдаж байгаа. Мөн захирал *******ээс 2013 оны 12 дугаар сард 02-ны өдөр 15/150 тоот бичгээр Ж.*******ийг 3 жилийн хугацаатайгаар “*******” ХХК-ийн гүйцэтгэх захирлаар томилж, компанийн бүх эрх мэдлийг шилжүүлсэн. Иймд үндсэн зээл 41 138 000 төгрөг, алданги 20 569 000 төгрөг, нийт 61 707 000 төгрөгийг хариуцагч “*******” ХХК-иас гаргуулж өгнө үү гэжээ.
Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ц.******* шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “*******” ХХК нь “*******” ХХК-тай 2015 оны 09 дүгээр сарын 09-ний өдөр 15/12 тоот бетон зуурмаг худалдах, худалдан авах, тээвэрлэх гэрээг байгуулсан. Энэхүү гэрээнд нэхэмжлэгч “*******” ХХК-ийг төлөөлөх эрхгүй этгээд төлөөлөн гарын үсэг зурж гэрээг байгуулсан. 2013 оны 12 дугаар сарын 20-ны өдрийн 13/150 итгэмжлэлд Ж.******* нь “*******” ХХК-ийг төлөөлөн гэрээ хэлэлцээр хийх, компанийн дансан дахь мөнгиийг захиран зарцуулах, бусад тооцооны баримтууд дээр гарын үсэг зурах бүрэн эрхийг олгосноос харахад Ж.******* нь “*******” ХХК-ийг төлөөлж шүүхэд нэхэмжлэл гаргах эрхийг олгоогүй. Аж ахуй нэгжийг төлөөлнө гэдэг нь иргэнийг төлөөлнө гэдгээс өөр ойлголт юм. “*******” ХХК-д 41 138 000 төгрөгийн үнэтэй чанарын баталгаа хангасан бетон зуурмаг нийлүүлсэн гэдгийг нотолсон баримт байхгүй байна. 2015 оны 09 дүгээр сарын 09-ний өдөр 15/12 тоот бетон зуурмаг худалдах, худалдан авах тээвэрлэх гэрээг “*******” ХХК-иас төлөөлөх эрхгүй этгээд байгуулсан учир хэлцэл хүчин төгөлдөр эсэх асуудал яригдана. Иймд нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хүлээн зөвшөөрөхгүй байна. Иргэний хуулийн 62 дугаар зүйлийн 62.3 дахь хэсэгт заасныг удирдлага болгон итгэмжлэл олгосон боловч мөн хуулийн 64 дүгээр зүйлд зааснаар бичгээр гаргах итгэмжлэлийн шаардлагыг хангаагүй. Энэхүү итгэмжлэл хуулийн хүчин төгөлдөр байх чадамжаа алдсан учраас 2015 оны 09 дүгээр сарын 09-ний өдрийн 15/12 тоот бетон зуурмаг худалдах, худалдан авах, тээвэрлэх гэрээнд гарын үсэг зурсан Ж.******* нь төлөөлөх эрхгүй этгээд юм. Төлөөлөх эрхгүй этгээдийн хийсэн хэлцэл хүчингүй болдог. “*******” ХХК нь “*******” ХХК-иас бетон зуурмаг авсан. Гэхдээ 41 138 000 төгрөгийн бетон зуурмагийг “*******” ХХК-д нийлүүлсэн талаарх нотлох баримт хэргийн материалд байдаггүй...Мөн уг хэрэг маргаанд нэхэмжлэгч “*******” ХХК-ийг төлөөлж Ж.*******э захирал шүүгчийн захирамжийн дагуу хэргийн оролцогчоор оролцож байгаа боловч Ж.*******т олгосон итгэмжлэл хэргийн материалд байхгүй байна гэжээ.
Шүүх: Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1, 232 дугаар зүйлийн 232.4 дэх хэсэгт зааснаар “*******” ХХК-иас 61 707 000 төгрөг гаргуулж “*******” ХХК-д олгож, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1-д зааснаар “*******” ХХК-иас 466 485 төгрөг гаргуулж “*******” ХХК-д олгож, нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 466 485 төгрөгийг улсын төсөвт хэвээр үлдээж шийдвэрлэжээ.
Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ц.******* давж заалдах гомдолдоо: “...Анхан шатны шүүх нэхэмжлэл гаргах эрхгүй этгээдийн гаргасан нэхэмжлэлийг үндэслэж хэргийг шийдвэрлэсэн. Учир нь хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад нэхэмжлэгчийг сольсон гэж үзвэл хэрэгт авагдсанаар нэхэмжлэл гаргасан этгээд бус нэхэмжлэл гаргах эрхгүй этгээдтэй гэрээ байгуулсан өмгөөлөгчийн хүсэлтийг үндэслэн нэхэмжлэгчийг сольсон нь үндэслэлгүй юм. Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн зүгээс нэхэмжлэгчийг төлөөлж 2015 оны 09 дүгээр сарын 09-ний өдрийн 15/12 тоот гэрээ байгуулах эрхгүй этгээд гэрээг байгуулсан талаар гаргасан үндэслэл бүхий тайлбарыг хууль зүйн хувьд дүгнэлгүй “хэрэгт цугларсан баримтаас үзэхэд” гэж үндэслэх хэсэгт гэрээг хүчин төгөлдөр гэж дүгнэн шийдвэрлэсэн нь үндэслэлтэй эсэх, мөн шийдвэрийн үндэслэх хэсэгт чанарын шаардлага хангасан бетон зуурмаг нийлүүлсэн гэж үзнэ хэргийг шийдвэрлэж байгаа нь хэрэгт бетон зуурмаг нийлүүлсэн тухай анхан шатны баримт авагдаагүй байхад талуудын хооронд гарсан гүйлгээг анхан шатны баримт тус бүрээр тооцоо нийлсэн гэж дүгнэж байгаа нь 2015 оны 12 дугаар сарын 31-ний тооцоо нийлсэн актыг үндэслэл болгон шийдвэрлэсэн нь хуульд нийцэхгүй юм. Нэхэмжлэгч нь өөрийн нийлүүлсэн бетон зуурмагийн дагалдах бичиг баримтыг нотлох баримтаар гаргаж өгөөгүй байхад хэргийг эцэслэн шийдвэрлэсэнд гомдолтой байна. Иймд шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож, хэргийг дахин хэлэлцүүлэхээр буцааж өгнө үү” гэжээ.
ХЯНАВАЛ:
Шүүхийн шийдвэрт өөрчлөлт оруулах нь зүйтэй гэж үзлээ.
Нэхэмжлэгч “*******” ХХК нь хариуцагч “*******” ХХК-д холбогдуулан гэрээний үүргийн үлдэгдэл төлбөр 41 138 000 төгрөг, алданги 20 569 000 төгрөг, нийт 61 707 000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэл гаргасныг хариуцагч эс зөвшөөрч “...нэхэмжлэгч компанийг төлөөлөх эрхгүй этгээд болох Ж.******* нь гэрээг байгуулж, нэхэмжлэл гаргасан” маргажээ.
Зохигчид 2015 оны 09 дүгээр сарын 09-ний өдөр 15/12 дугаартай “Бетон зуурмаг худалдах, худалдан авах болон тээвэрлэх гэрээ”-г байгуулсан, гэрээний дагуу нэхэмжлэгч нь 2015 оны 09 дүгээр сарын 10-ны өдрөөс 09 дүгээр сарын 16-ны хооронд 65 408 000 төгрөгийн үнэ бүхий бетон зуурмагийг хариуцагчид хүлээлгэн өгсөн, хариуцагч нь төлбөрөөс 24 270 000 төгрөгийг төлж 41 138 000 төгрөгийн үлдэгдэлтэй байгаа болох нь хэрэгт авагдсан гэрээ, тооцоо нийлсэн акт, зохигчдын тайлбараар тогтоогдсон байна. /хх 6-8, 67-69/
Шүүх хэрэгт авагдсан Ж.*******ийг 2013 оны 12 дугаар сарын 20-ны өдрөөс гүйцэтгэх захирлаар томилсон “*******” ХХК-ийн захирлын 2013 оны 12 дугаар сарын 20-ны өдрийн 13/20 дугаартай тушаал, Ж.*******т 2013 оны 12 дугаар сарын 20-ны өдөр олгосон 13/150, 2016 оны 09 дүгээр сарын 05-ны өдөр олгосон 16/95 дугаартай итгэмжлэл, хуулийн этгээдийн улсын бүртгэлийн лавлагаа, “*******” ХХК-ийн улсын бүртгэлийн гэрчилгээний нэмэлт өөрчлөлтийн бүртгэл /хх 5, 44, 51, 61, 65/, нэхэмжлэгчийн төлөөлөгч Ж.*******ийн шүүх хуралдаанд гаргасан “...би эрүүл мэндийн шалтгааны улмаас “*******” ХХК-ийг удирдах боломжгүй болсон учир өөрийн төрсөн эгч Ж.*******ийг 2013 оны 12 дугаар сарын 20-ны өдөр гүйцэтгэх захирлаар томилсон боловч хуулийн этгээдийн бүртгэлийн газарт хугацаанд нь бүртгүүлж чадаагүй” /хх 68/ гэх тайлбар, хариуцагчийн төлөөлөгч Б.Билгүүн шүүх хуралдаанд гаргасан “...нэхэмжлэлийн шаардлагаас үндсэн төлбөр 41 000 000 төрөгийг төлөхийг хүлээн зөвшөөрнө” /хх 68/ гэх тайлбар зэрэг нотлох баримтаар гэрээнд гарын үсэг зурсан Ж.*******ийг “*******” ХХК-ийг төлөөлөн гэрээ байгуулах эрхтэй гэж үзсэн нь зөв. Иймд гэрээг хүчин төгөлдөр бус хэлцэл гэж үзэх үндэслэл тогтоогдоогүй гэж дүгнэж, гэрээний үүргийн дагуу хариуцагчаас бетон зуурмагийн үнэ 41 138 000 төгрөгийг гаргуулж шийдвэрлэсэн нь үндэслэлтэй болжээ.
Талуудын хоорондын гэрээгээр хоног тутамд гүйцэтгээгүй үүргийн үнийн дүнгийн 0.5 хувьтай тэнцэх алдангийг тооцохоор тохиролцсон нь Иргэний хуулийн 232 дугаар зүйлийн 232.6 дахь хэсэгт нийцсэн байх боловч зохигчдын хооронд үндсэн үүргийн талаар тооцоо нийлсэн өдрөөс шүүхэд хандан шаардлага гаргасан 2015 оны 12 дугаар сарын 31-ний өдрийг хүртэлх алдангийн хэмжээ хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад нэхэмжлэгчийн зүгээс шаардлагаа нэмэгдүүлсэнтэй холбоотойгоор нэмэгдсэн байх бөгөөд хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад үүргийн хэмжээний талаар талууд шүүхэд мэтгэлцэж байсан нөхцөл байдлыг харгалзан гэрээнд заасны дагуу тооцогдох 103 хоногийн алданги 21 186 070 төгрөг /41 138 000 х 0.5% = 205 690 төгрөг х 103 хоног/-ийг Иргэний хуулийн 232 дугаар зүйлийн 232.8 дахь хэсэгт заасан эрх хэмжээний хүрээнд 50 хувиар багасган 10 593 035 төгрөг гаргуулах нь зүйтэй гэж үзэв.
Анхан шатны шүүхэд нэхэмжлэгчийг төлөөлөн оролцох этгээд солигдсоныг нэхэмжлэгч солигдсон гэж үзэж шүүгч захирамж гаргасан нь буруу байх боловч талуудын хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд эдлэх эрхэд нөлөөлөөгүй тул уг эрхийн актыг давж заалдах шатны шүүхээс хянах, шийдвэрийг хүчингүй болгох шаардлагагүй гэж үзсэн болно.
Дээрх үндэслэлээр хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гаргасан давж заалдах гомдлын зарим хэсгийг ханган, шүүхийн шийдвэрт өөрчлөлт оруулах нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн дүгнэв.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.2-д заасныг удирдлага болгон ТОГТООХ НЬ:
1. Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2016 оны 09 дүгээр сарын 15-ны өдрийн 183/ШШ2016/00658 дугаар шийдвэрийн 1 дэх заалтын “...232.4...” гэснийг “...232.8...” гэж, “...61 707 000 төгрөг...” гэснийг “...51 731 035 төгрөг...” гэж өөрчилж,
тогтоох хэсгийн 2 дахь заалтын “...466 485 төгрөг...” гэснийг “...416 605 төгрөг...” гэж тус тус өөрчлөн шийдвэрийн бусад заалтыг хэвээр үлдээж, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гаргасан давж заалдах гомдлын зарим хэсгийг хангасугай.
2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 59 дүгээр зүйлийн 59.3 дахь хэсэгт зааснаар шүүгчийн захирамжаар хариуцагч “*******” ХХК-ийн давж заалдах гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 466 485 төгрөгийг буцаан олгосугай.
3.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7 дахь хэсэгт зааснаар магадлалыг танилцуулан сонсгож, 7 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүх хуралдааны оролцогч талууд шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд магадлалыг гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг дурдсугай.
ЕРӨНХИЙ ШҮҮГЧ Ж.ОЮУНТУНГАЛАГ
ШҮҮГЧИД А.ОТГОНЦЭЦЭГ
Д.ЦОГТСАЙХАН