Улсын дээд шүүхийн Шүүх хуралдааны тогтоол

2018 оны 04 сарын 20 өдөр

Дугаар 001/ХТ2018/00659

 

Ц.М-ийн нэхэмжлэлтэй

иргэний хэргийн тухай

Монгол Улсын Дээд шүүхийн Танхимын тэргүүн Х.Сонинбаяр даргалж, шүүгч Г.Алтанчимэг, П.Золзаяа, Б.Ундрах, Д.Цолмон нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн хяналтын шатны иргэний хэргийн шүүх хуралдаанаар

Булган аймаг дахь сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 11 дүгээр сарын 09-ний өдрийн 489 дугаар шийдвэртэй,

Булган аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2018 оны 01 дүгээр сарын 03-ны өдрийн 01 дугаар магадлалтай,

Ц.М-ийн нэхэмжлэлтэй,

Х Б- ХХК-ийн Булган салбарт холбогдох,

Ажилд эгүүлэн тогтоолгож, ажилгүй байсан хугацааны цалинтай тэнцэх хэмжээний нөхөн олговор гаргуулах тухай иргэний хэргийг,

Нэхэмжлэгч Ц.М-ийн гаргасан гомдлыг үндэслэн

Шүүгч Г.Алтанчимэгийн илтгэснээр хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Н.Ариунтуул, хариуцагчийн өмгөөлөгч Н.Баасанжав, нарийн бичгийн дарга Ш.Мөнхжаргал нар оролцов.

Нэхэмжлэгч Ц.М-ийн шүүхэд гаргасан нэхэмжлэлд: ...Х Б-ны Булган салбарын Сайхан сумын тооцооны төвд 2008 оны 8 дугаар сараас теллерээр, 2013 оны 3 дугаар сараас ахлах теллерээр, нийт 9 жил ажилласан. Салбарын захирлын 2017 оны 8 дугаар сарын 28-ны өдрийн 179 дугаар тушаалаар намайг үүрэгт ажлаас чөлөөлсөн. Ажлаас чөлөөлсөн шалтгаан нь 2017 оны 8 дугаар сард дотоод хяналт шалгалт ирж камер шалгах явцад 1 өдөр гаргасан зөрчил илэрсэн. Энэ зөрчлөөс болж ажлаас халах арга хэмжээ авсан. 2017 оны 7 дугаар сарын 21-ний өдөр теллер чөлөө авсан, цалин болон лизенгийн зээл ихтэй ачаалал их байснаас кассын орлого, зарлага зөрснийг тухайн үед нь зохих журмын дагуу бүртгэж дараа нь 1-2 хоногийн дотор алдааг олж зассан. Өөрийн нөхрийн данснаас 600.000 төгрөг гаргаж харилцагчид өгөх ёстой байсан. Өөрөөр хэлбэл би хүнд 600.000 төгрөг өгөх ёстой байсан өглөгөө касснаас авч өгчихөөд орой нь буцаагаад касст хийхдээ илүү хийсэн байсан. Мөн гүйлгээний дараалал зөрчин эхлээд мөнгийг нь өгчихөөд дараа нь картыг нь уншуулсан. Харилцагч маань баримтаа өгөлгүй авч явснаас касс зөрсөн. Теллер байхгүй би өөрөө теллерийн ажлыг хийж байсан тул илүүдэл бүртгээд кассаа хаасан. 2017 оны 7 дугаар сарын 21-ний өдөр баасан гариг байсан тул 7 дугаар сарын 24-ний өдөр теллерийг ажилдаа ирэхээр нь камер шүүж үзэхэд би касснаас авсан мөнгөө буцаагаад хийхдээ илүү хийсэн нь харагдсан. Энэ үйлдэл нь тухайн нөхцөлд байгууллагын дүрэм журамд нийцэхгүй боловч ноцтой хор хохирол учруулаагүй, анх удаа зөрчил гаргасан зэргийг харгалзан намайг ажлаас халахгүйгээр сахилгын өөр арга хэмжээ авах боломж байсан. Намайг ажлаас чөлөөлөхдөө ямар нэгэн хурлаар хэлэлцэж, миний хүсэлтийг сонсоогүй, өөрөөр минь болсон үйл явдлын талаар бичүүлээд түүнийхээ дагуу тушаал гаргасан. Зөрчлийн шинж байдлыг харгалзан өөр арга хэмжээ авах боломж байхад хэрэглэлгүй шууд ажлаас чөлөөлснийг зөвшөөрөхгүй байна.

Иймд Х Б-ны Булган салбарын Сайхан сумын тооцооны төвийн ахлах теллерийн ажилд эгүүлэн тогтоолгож, ажилгүй байсан хугацааны цалин хөлстэй тэнцэх хэмжээний нөхөн олговор гаргуулж өгнө үү гэжээ.

Хариуцагч Х Б-ны Булган салбарын шүүхэд гаргасан тайлбарт: Ц.М- нь банкны дотоодод мөрдөгдөж байгаа, ажилтны ажил үүргээ гүйцэтгэхдээ дагаж мөрдөх ёстой дүрэм, журам, холбогдох эрх зүйн хэм хэмжээг зөрчиж Хөдөлмөрийн гэрээнд заасан ноцтой зөрчлийг гаргасан. Түүний гаргасан зөрчил нь Х Б-ны дотоод аудитын шалгалтаар илэрсэн бөгөөд гаргасан зөрчил нь тогтоогдсон. Ц.М- нь ажил үүргээ гүйцэтгэж байхдаа өөрийн хариуцсан касс дахь бэлэн мөнгөнөөс 600.000 төгрөг авч ашигласан, өглөгөө барагдуулсан, касс дутаасан, хувийн мөнгийг касст нийлүүлснээс касст зөрүү үүсгэсэн, хяналт тавих үүргээ зөрчсөн үйлдэл хийсэн. Энэхүү үйлдлээрээ Х Б-ны кассын үйл ажиллагааны технологи журмын 03.02, 03.06, ёс зүйн дүрмийн 5.2.1, 5.2.4, 5.3.1.1, 5.4.3, 5.4.4, 5.5.2, Банк программ технологи журмын Нийтлэг үндэслэл 1.8, 08-03-01, ажлын байрны тодорхойлолтын 2.1, 2.18, ажилтантай байгуулсан Хөдөлмөрийн гэрээний 3.2.5, 3.2.9, 3.2.12-д заасныг тус тус зөрчиж 5.7.3, 5.7.14-д заасан ноцтой зөрлийг гаргасан. Х Б- Ц.М-тэй байгуулсан Хөдөлмөрийн гэрээг цуцлахдаа Хөдөлмөрийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.4, 131 дүгээр зүйлийн 131.1.3, Х Б-ны Хөдөлмөрийн дотоод журмын 9.2.3, Ажилтантай байгуулсан хөдөлмөрийн гэрээний 5.7-д заасныг үндэслэсэн. Хуулийн энэхүү заалтыг үндэслэсэн тохиолдолд ажилтантай байгуулсан Хөдөлмөрийн гэрээнд заасан ноцтой зөрчил гаргасан байхыг шаарддаг. Ц.М- нь хөдөлмөрийн гэрээнд заасан ноцтой зөрчлийг дээрх үйлдлээрээ гаргасан бөгөөд энэ нь тогтоогдсон тул Х Б-ны Булган салбарын захирлын 2017 оны 8 дугаар сарын 28-ны өдрийн 179 дугаартай тушаал Хөдөлмөрийн тухай хуульд нийцсэн. Иймд нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрөхгүй гэжээ.

Булган аймаг дахь сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 11 дүгээр сарын 09-ний өдрийн 489 дүгээр шийдвэрээр Хөдөлмөрийн тухай хуулийн 69 дүгээр зүйлийн 69.1, 128 дугаар зүйлийн 128.1.2-т заасныг баримтлан Х Б-ны Булган салбарт холбогдох ажилд эгүүлэн тогтоолгож, ажилгүй байсан хугацааны цалин хөлстэй тэнцэх хэмжээний нөхөн олговор гаргуулах тухай нэхэмжлэгч Ц.М-ийн нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.5-д зааснаар нэхэмжлэгч нь улсын тэмдэгтийн хураамжаас чөлөөлөгдсөн болохыг дурдаж шийдвэрлэжээ.

Булган аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2018 оны 01 дүгээр сарын 03-ны өдрийн 01 дугаар магадлалаар Булган аймаг дахь Сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 11 дүгээр сарын 09-ний өдрийн 489 дүгээр шийдвэрийг хэвээр үлдээж, нэхэмжлэгчийн давж заалдсан гомдлыг хангахгүй орхиж, нэхэмжлэгч давж заалдах гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамж төлөөгүй болохыг дурьдаж шийдвэрлэсэн байна.

Нэхэмжлэгч Ц.М- хяналтын журмаар гаргасан гомдолдоо: Анхан болон давж заалдах шатны шүүх нь ажлаас халсан дээрх тушаал нь хуульд нийцсэн байна гэснийг зөвшөөрөхгүй. Учир нь шүүх хэрэгт авагдсан нотлох баримтанд үнэлэлт дүгнэлт өгөхдөө нэг талыг баримталж шийдвэрлэсэн байх бөгөөд хөдөлмөрийн гэрээг шууд цуцлах хөдөлмөрийн гэрээнд тухайлан заасан ноцтой зөрчлийг гаргасан гэж үзсэн нь үйдэслэлгүй. Хөдөлмөрийн гэрээнд тухайлан зэасан зөрчилд 100 шахам төрлийн агуулгыг зөрчсөн талаар тусгасан байдаг ба үүний алийг нь зөрчсөн байгаа талаар 2 шатны шүүх нь үнэлэлт дүгнэлт өгсөнгүй. Мөн банкны ажилтан банкны ажлын бүх үйлдлийг ноцтой зөрчилд тооцохоор заасан нь хөдөлмөрийн тухай хуультай нийцээгүй гэж үзэж байна. Улсын дээд шүүхийн 33-р тогтоолд хөдөлмөрийн тухай хуулийн 40.1.4-ийн ноцтой зөрчил гэдгийг “ажил олгогчид эд хөрөнгийн хохирол учруулах, бизнесийн ба ажил хэргийн нэр хүндийг гутаах зэргээр..." байхыг тайлбарласан байдаг. Үүнээс үзэхэд тус банкны ахлах теллер миний гаргасан алдааны улмаас Х Б-инд ноцтой хохирол учруулаагүй, байгууллагын нэр хүнд, эрх ашиг сонирхолд нь нөлөөлөхүйц сөрөг үр дагаварыг бий болгоогүй байхад ажлаас шууд халсан нь хууль зүйн үндэслэлгүй гэж үзэж байна. Х Б-"-ны дотоод аудитын шалгалтаар 2017.8.21-ний өдрөөс 2017.8.23-ны өдрүүдэд шалгалт ирээд илрүүлсэн мэтээр хариуцагч талаас хэлдэг. Гэтэл 2017.7.25-ны өдөр зөрчлийг тооллогоор илрүүлснийг нотлох баримт болох теллер эдийн засагчтай зардлыг хянасан кассын илүүдэл дутагдлыг шалгах актыг хэрэгт хавсаргасан ба үүнийг 2 шатны шүүх нь үнэлэлт дүгнэлт өгөөгүй 2017.08.23-ны өдрийн дотоод аудитын тайланг баримталж нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгосон нь хуулийг буруу тайлбарлаж хэрэглэсэн гэж үзэж байна. Тухайн үед манай банкны алтан визатай үйлчлүүлэгч орж ирэхэд дараалал үйлчлэх журмынхаа дагуу үйлчилсэн. Тэр үйлчлүүлэгчид би хувиасаа 600.000 төгрөгийг өгөх өглөгтэй байсан ба нөхрийн визанаас тэр мөнгийг өгөх байсныг ажлын ачааллаас болоод касснаас 600.000 төгрөгийг өгчихөөд заалны үйлчлүүлэгчийг дуусангуут буцаагаад мөнийг хийсэн. Гүйлгээгээ зогсоочихоод хажуу талын аптек ороход надад өглөгтэй хүн 40.000 төгрөг өгснийг ажил дээрээ орж ирээд тэр мөнгийг нь ширээн дээр тавиад үйлчлүүлэгч орж ирэхээр тэр мөнгийг ширээн дээр тавьснаа мартаад кассны мөнгөтэй нийлүүлсэн тул илүүдэл 40.000 төгрөг гарсныг бүртгэлд оруулсан. Тэгээд 2017.07.25-ны өдөр илүүдэл гаргасныг зохих журмын дагуу бүртгээд залруулаад акт үйлдэж тооцооны төвийн эрхлэгчид мэдэгдсэн. Үүнд 2 шатны шүүх үнэлэлт дүгнэлт өгөөгүйд гомдолтой байна. Хөдөлмөрийн тухай хуудийн 131.2-д зааснаар зөрчлийг илрүүлснээс хойш нэг срын дотор сахилгын шийтгэл оногдуулна гэснээс үзэхэд салбарын захирлын 2017.08.28-ны өдрийн 179 тоот тушаал нэг сарын дотор гараагүй байгаа нь уг тушаалыг хүчингүй болгох үндэслэлтэй юм. Гаргасан алдаанд тохирсон сахилгын шийтгэл оногдуулахад татгалзах зүйлгүй багөөд тус банкинд 2008 оноос хойш үр бүтээлтэй ажилласан хөдөлмөрийг минь харгалзан үзэж ажлаас халахгүйгээр өөр арга хэмжээ авах боломжтой байсан.

Иймд гомдлыг хянан үзэж Булган аймгийн сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 11 дүгээр сарын 09-ний өдрийн 489 дугаартай шийдвэр, Булган аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2018 оны 01 дүгээр сарын 03-ны өдрийн 01 дугаар магадлалыг хүчингүйд тооцож, ажилд эгүүлэн тогтоож өгнө үү гэжээ.

ХЯНАВАЛ:

Ц.М- Х Б- ХХК-ийн Булган салбарт холбогдуулж урьд эрхэлж байсан  ажилд эгүүлэн тогтоолгож, ажилгүй байсан хугацааны цалин хөлстэй тэнцэх олговор гаргуулах нэхэмжлэл гаргасныг, хариуцагч эс зөвшөөрчээ.

Ц.М- тус банкны Булган салбарын Сайхан сумын тооцооны төвд ахлах теллерээр ажиллаж байгаад салбарын захирлын 2017 оны 8 дугаар сарын 28-ны өдрийн 179 тоот тушаалаар ажлаас халагдсан байна.

Ажил олгогч, ажилтанг Хөдөлмөрийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.4-т заасан буюу хөдөлмөрийн харилцааг шууд зогсоохоор хөдөлмөрийн гэрээнд тухайлан заасан ноцтой зөрчил гаргасан гэсэн үндэслэлээр ажлаас халжээ.

Нэхэмжлэгч хөдөлмөрийн гэрээнд заасан ноцтой зөрчлийг гаргасан нь тогтоогдсон гэж үзсэн хоёр шатны шүүхийн дүгнэлт нотлох баримтыг үнэлэх хуульд заасан журмыг зөрчөөгүй байна.

Нэхэмжлэгч Ц.М- нь 2017 оны 7 дугаар сарын 21-ний өдөр харилцагч Д.Хандсүрэнгийн 29.000 төгрөгийн гүйлгээ хийлгэсэн баримтад гарын үсэг зуруулаагүй мөнгийг өгч явуулсан, мөн өдөр өөрийн хариуцаж байсан кассаас 600.000 төгрөг авч хувийн өглөгтэй хүндээ өгсөн, мөнгийг буцааж хийхдээ илүү хийж, кассыг зөрүүлсэн үйл баримт тогтоогдсон ба энэ нь хөдөлмөрийн гэрээний 5.7.3, 5.7.14-т заасан “...ажил олгогчоос хүлээлгэсэн итгэл, хангамж, эрхэлсэн ажлын давуу тал, ажлын байр, албан тушаалын эрх мэдэл, ажлын байрны тодорхойлолтоор олгосон эрхийг хувийн ашиг сонирхолд ашиглах, ...аливаа үйлдэл, эс үйлдэхүй гаргасан”, “кассыг зөрүүтэй хонуулах, хувийн мөнгийг касст нийлүүлэх, кассаас мөнгө авч ашиглах, хэрэглэх”-ийг хориглосон  ноцтой зөрчилд хамаарч байна.

Д.Мөнхцэцэгийн 2017 оны 7 дугаар сарын 21-ний өдөр гаргасан дээрх ноцтой зөрчлийг Х Б- ХХК-ийн дотоод аудитын газраас 2017 оны 8 дугаар сарын 01-нээс 10-ны хооронд хийсэн шалгалтаар тогтоосны дараа ажил олгогч мөн оны 8 дугаар сарын 28-ны өдөр тушаал гаргаж ажлаас халсан нь Хөдөлмөрийн тухай хуулийн 131 дүгээр зүйлийн 131.2-т заасан “сахилгын зөрчил гаргаснаас хойш зургаан сар, илрүүлснээс хойш нэг сарын дотор сахилгын шийтгэл ногдуулна” гэснийг зөрчөөгүй байна.

Иймд Ц.М-ийг ажлаас халсан Булган салбарын Сайхан сумын тооцооны төвийн захирлын 179 тоот тушаал хууль зөрчөөгүй гэж үзсэн хоёр шатны шүүхийн дүгнэлт үндэслэлтэй, шүүх хэрэглэвэл зохих хуулийг зөв тайлбарлан хэрэглэсэн гэж үзэв.

Дурдсан үндэслэлээр нэхэмжлэгчийн гаргасан гомдлыг хангахгүй орхих нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн дүгнэв.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 176 дугаар зүйлийн 176.2.1-д заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Булган аймаг дахь сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 11 дүгээр сарын 09-ний өдрийн 489 дугаар шийдвэр, Булган аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2018 оны 01 дүгээр сарын 03-ны өдрийн 01 дугаар магадлалыг тус тус хэвээр үлдээж, нэхэмжлэгч Д.Мөнхцэцэгийн гаргасан гомдлыг хангахгүй орхисугай.

2. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.5-т зааснаар нэхэмжлэгч хяналтын шатны шүүхэд гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамж төлөхөөс чөлөөлөгддөг болохыг дурдсугай.

 

                            ТАНХИМЫН ТЭРГҮҮН                                 Х.СОНИНБАЯР

                           ШҮҮГЧ                                                            Г.АЛТАНЧИМЭГ