| Шүүх | Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Сүхээгийн Оюунчимэг |
| Хэргийн индекс | 185/2020/0143/Э |
| Дугаар | 141 |
| Огноо | 2020-02-12 |
| Зүйл хэсэг | 11.4.1., |
| Улсын яллагч | Ж.Э |
Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол
2020 оны 02 сарын 12 өдөр
Дугаар 141
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Сүхбаатар дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч С.Оюунчимэг даргалж,
Нарийн бичгийн дарга П.Тулга,
Улсын яллагч Ж.Энх-Амгалан,
Шүүгдэгч Б.Ш,
Хохирогч М.Намхайжамц нарыг оролцуулан тус шүүхийн танхимд нээлттэй хийсэн хуралдаанаар:
Сүхбаатар дүүргийн прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Халзан овогт Б-н Шт холбогдох эрүүгийн 200900088037 дугаартай хэргийг шүүн хэлэлцэв.
Шүүгдэгч: Монгол Улсын иргэн, Улаанбаатар хотод 1993 оны 07 дугаар сарын 13-ны өдөр төрсөн, 27 настай, эрэгтэй, дээд боловсролтой, кабелын инженер мэргэжилтэй, Мэдээлэл холбооны сүлжээ ТӨК-д инженер ажилтай, ам бүл-4, эхнэр, хүүхдүүдийн хамт Баянгол дүүргийн 2 дугаар хороо, 2 дугаар хороолол, Энхтайваны өргөн чөлөө гудамж 44 дүгээр байр 12 тоотод оршин суух, ял шийтгэлгүй, бие эрүүл, ухаан бүрэн, / РД: СЩ 93071318 / Халзан овогт Б-н Ш нь:
- 2019 оны 12 дугаар сарын 27-ны өдөр Сүхбаатар дүүргийн 8 дугаар хороо, Ардын эрхийн автобусны буудлын орчимд М.Намхайжамцыг нүүр рүү нуламлаа гэсэн шалтгаангүйгээр зодож, эрүүл мэндэд нь “Түүшин сэртэнгийн хугарал, нэг шүдний булгарал, нэг шүдний хөдөлгөөн оролт, доод уруулд язарсан шарх, цус хуралт, хүзүүнд цус хуралт, дух, зүүн чихэнд зулгаралт” бүхий хүндэвтэр хохирол санаатай учруулсан гэмт хэрэгт холбогджээ.
ТОДОРХОЙЛОХ нь:
Шүүхийн хэлэлцүүлгээр хэрэгт цугларсан дараах нотлох баримтуудыг шинжлэн судлав. Үүнд:
Хохирогч М.Намхайжамц мөрдөн шалгалтын явцад мэдүүлэхдээ: ...Би 2019 оны 12 дугаар сарын 27-ны өдөр 02 цаг өнгөрч байх үед би байгууллагынхаа шинэ жилд оролцсон. Ардын эрхийн орчимд караокед ороод байж байгаад ажлынхаа инженер Наст, Ш нарын хамт гадаа тамхи татаж байтал Ш ямар ч шалтгаангүйгээр миний ам руу гараараа 2-3 удаа цохиж, зүүн хавирга, баруун тохой руу өшиглөж, зүүн шанаа руу гараараа 2 удаа цохьсон гэжээ. / хх 3-4 /
Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн шинжээчийн 821 дүгээр дүгнэлтэнд:
1. М.Намхайжамцын биед түүшин сэртэнгийн хугарал, нэг шүдний булгарал, нэг шүдний хөдөлгөөн оролт, доод уруулд язарсан шарх, цус хуралт, хүзүүнд цус хуралт, дух, зүүн чихэнд зулгаралт гэмтэл тогтоогдлоо.
2. Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн хэд хэдэн удаагийн үйчлэлээр хэрэг болсон гэх цаг хугацаанд үүссэн байх боломжтой.
3. Гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.3.1-т зааснаар эрүүл мэндийг удаан хугацаагаар сарниулах тул гэмтлийн хүндэвтэр зэрэгт хамаарна.
4. Нэг шүдний булгарал гэмтэл нь цаашид ерөнхий хөдөлмөрийн чадварын тогтонги 5% алдагдуулна гэжээ. / хх 8-9 /
Шүүгдэгч Б.Шийг 2020 оны 01 дүгээр сарын 06-ны өдөр яллагдагчаар мэдүүлэг авсан тэмдэглэл / хх 17-18 /
Шүүгдэгч урьд ял шийтгүүлсэн эсэхийг шалгасан тэмдэглэл / хх 24 / зэрэг болно.
Шүүгдэгч Б.Ш шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ: Би гэм буруугаа хүлээн зөвшөөрч байна. Хохирогчийн эмчилгээний зардалд 2.500.000 төгрөг төлсөн гэв.
Хохирогч М.Намхайжамц шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ: Би Б.Шийн нүүр рүү нулимснаас болж зодуулсан. 2.500.000 төгрөг авсан. Надад нэхэмжлэх зүйл, гомдол санал байхгүй гэв.
Шүүгдэгч Б.Ш нь 2019 оны 12 дугаар сарын 27-ны өдөр Сүхбаатар дүүргийн 8 дугаар хороо Ардын эрхийн автобусны буудлын орчимд М.Намхайжамцыг нүүр рүү нуламлаа гэсэн шалтгаангүйгээр зодож, эрүүл мэндэд нь “Түүшин сэртэнгийн хугарал, нэг шүдний булгарал, нэг шүдний хөдөлгөөн оролт, доод уруулд язарсан шарх, цус хуралт, хүзүүнд цус хуралт, дух, зүүн чихэнд зулгаралт” бүхий хүндэвтэр хохирол санаатай учруулсан гэмт хэрэг үйлдсэн болох нь хэрэгт авагдсан дараахь нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдлоо. Үүнд: ...Ш миний ам руу гараараа 2-3 удаа цохиж, зүүн хавирга, баруун тохой руу өшиглөж, зүүн шанаа руу гараараа 2 удаа цохьсон гэж мөрдөн шалгалтын явцад мэдүүлсэн хохирогч М.Намхайжамцын мэдүүлэг / хх 3-4 /, ... М.Намхайжамцын биед түүшин сэртэнгийн хугарал, нэг шүдний булгарал, нэг шүдний хөдөлгөөн оролт, доод уруулд язарсан шарх, цус хуралт, хүзүүнд цус хуралт, дух, зүүн чихэнд зулгаралт гэмтэл тогтоогдлоо. Гэмтлийн хүндэвтэр зэрэгт хамаарна гэсэн Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн шинжээчийн 821 дүгээр дүгнэлт / хх 8-9 / зэрэг болно.
Шүүхээс шүүгдэгч Б.Шийг хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол санаатай учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцох үндэслэлтэй байна.
Шүүгдэгчид ял шийтгэл оногдуулахдаа анх удаа хөнгөн гэмт хэрэг үйлдсэн, хохирогчийн зүй бус үйлдэл гэмт хэрэг гарахад нөлөөлсөн, эмчилгээний зардлыг нөхөн төлсөн зэргийг хөнгөрүүлэх нөхцөл байдалд тооцож, түүний үйлдэлд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.6 дугаар зүйлд заасан ял хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй болно.
Шүүгдэгч Б.Ш нь хөнгөн гэмт хэрэг үйлдсэн бөгөөд гэм буруугаа хүлээн зөвшөөрч, эмчилгээний зардлыг нөхөн төлсөн тул түүний гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учруулсан хохирол зэргийг харгалзан хуульд заасан 600.000 төгрөгөөр торгох ялаар шийтгэв.
Хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн зүйлгүй, шүүгдэгч Б.Ш нь бусдад төлөх төлбөргүй, цагдан хоригдсон хоноггүй болохыг дурьдах нь зүйтэй байна.
Шүүхээс шүүгдэгч Б.Шийг өмгөөлүүлэх эрхээр нь хангасан боловч өмгөөлөгч аваагүй, шүүх хуралдаанд өөрөө өөрийгөө өмгөөлж, оролцох хүсэлтээ бичгээр гаргаж өгсөн, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 5.3 дугаар зүйлийн 1-д заасан заавал өмгөөлөгчтэй оролцох хуулийн заалтанд хамаарахгүй тул түүний хүсэлтийг хүлээн авч өмгөөлөгч оролцуулалгүй шийдвэрлэсэн болно.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2, 36,3, 36.6, 36.7, 36.8, 36.10, 37.1 дүгээр зүйлүүдийг удирдлага болгон
ТОГТООХ нь:
1. Шүүгдэгч Халзан овогт Б-н Шийг хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол санаатай учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.
2. Шүүгдэгч Б-н Шийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 1-д зааснаар 600 / зургаан зуу / нэгж буюу 600.000 төгрөгөөр торгох ялаар шийтгэсүгэй.
3. Хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн зүйлгүй, Б.Ш нь цагдан хоригдсон хоноггүй, төлөх төлбөргүйг болохыг дурьдсугай.
4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар Б.Ш нь шүүхээс тогтоосон торгох ялыг биелүүлээгүй бол шүүх биелүүлээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож, хорих ялаар сольж болохыг түүнд мэдэгдсүгэй.
5. Б.Шт авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.
6. Шийтгэх тогтоол нь танилцуулан сонсгосноор хуулийн хүчинтэй болох бөгөөд шүүгдэгч, хохирогч, яллагч нар эс зөвшөөрвөл тогтоолыг гардуулснаас хойш Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд 14 хоногт давж заалдах гомдол гаргах, улсын яллагч эсэргүүцэл бичих эрхтэйг дурьдсугай.
7. Давж заалдах шатны шүүхэд гомдол гаргасан эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол биелүүлэх хүртэл Б.Шт авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.
ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ С.ОЮУНЧИМЭГ