Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2020 оны 02 сарын 14 өдөр

Дугаар 153

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Сүхбаатар дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч С.Оюунчимэг даргалж, шүүгч Д.Мөнх-Эрдэнэ, Б.Дарьсүрэн нарын бүрэлдхүүнтэй,

Нарийн бичгийн дарга П.Тулга,                                     

Улсын яллагч Д.Мөнхтогоо, 

Шүүгдэгч Г.Ж, түүний өмгөөлөгч С.Энх-Эрдэнэ,

Хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Д.Оюунцэцэг, түүний өмгөөлөгч Г.Цэен-Ойдов,

Иргэдийн төлөөлөгч Ж.Төгсбаяр нарыг оролцуулан тус шүүхийн танхимд нээлттэй хийсэн хуралдаанаар:

Сүхбаатар дүүргийн прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 10.1 дүгээр зүйлийн 1, 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Боржигин овогт Г-н Жд холбогдох эрүүгийн 1809037200772 дугаартай хэргийг шүүн хэлэлцэв.

 

Шүүгдэгч: Монгол улсын иргэн, 1959 оны 01 дүгээр сарын 01-ний өдөр Хэнтий аймагт төрсөн, 61 настай, эрэгтэй, бага боловсролтой, мэргэжилгүй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл 1, Баянзүрх дүүргийн 27 дугаар хороо, Дунд дарь эхийн 2 гудамжны 1485 тоотод оршин суух бүртгэлтэй, Сонгинохайрхан дүүргийн 24 дүгээр хороо, Зээлийн 1-2 гудамжны 35 тоотод түр оршин суух,  

        Хэнтий аймаг дахь Сум дундын 1 дүгээр шүүхийн 2006 оны 10 дугаар сарын 12-ны өдрийн 194 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 181 дүгээр зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар 2 жил 2 сарын хорих ялаар шийтгэгдсэн, бие эрүүл, ухаан бүрэн, / РД:СЖ 59010172 / Боржигин овогт Г-н Ж нь:

 

- 2018 оны 08 дугаар сарын 22-ноос 23-нд шилжих шөнө Сүхбаатар дүүргийн 19 дүгээр хорооны нутаг дэвсгэр Бага баян уулын энгэрт Ч.Баттөмөртэй маргалдаж, улмаар түүний толгойн тус газар модоор цохиж алсан,

- 2018 оны 04 дүгээр сарын 20-ны өдөр согтууруулах ундаа хэрэглэсэн үедээ Сонгинохайрхан дүүргийн 9 дүгээр хороо, Малчины 1 дүгээр гудамжны 50 тоотод иргэн Н.Шинэжилтэй “байрны түрээсийн мөнгө нэхлээ” гэж маргалдан улмаар хүзүүн тус газар нь хутгалж, эрүүл мэндэд нь хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэгт тус тус холбогджээ.

                                                                                            ТОДОРХОЙЛОХ нь:

Шүүхийн хэлэлцүүлэгт дараахь нотлох баримтуудыг шинжлэн судлав. Үүнд:

Хэргийн газарт болон цогцосны гадна биед үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд /хх 7-22 /,

 

Хохирогч Д.Оюунцэцэг мөрдөн шалгалтын явцад мэдүүлэхдээ: ... Талийгаач 2018 оны 8 дугаар сарын 22-ны өглөө гэрээсээ гарахдаа Уугий, Омбого хоёр хоолныхоо материалыг аваад уул руу явсан байгаа. Би араас нь явлаа гэсэн.  ...2017 оноос архи их уудаг болсон.   ...Оршуулгын зардалд 15.000.000 төгрөг орсон. Би тухайн үед тэтгэврийн зээл 2.700.000 төгрөг авч байсан. Зардлын зарим баримтууд нь байхгүй. Би 15.000.000 төгрөгөө нэхэмжилнэ. Би маш их гомдолтой байна.  Хуулийн дагуу үнэн зөвөөр шийдвэрлэж өгнө үү гэжээ. / 1 дүгээр хавтас 30 /

 

Гэрч Б.Тогосоо мөрдөн шалгалтын явцад мэдүүлэхдээ: ...Баттөмөр нь “ 3 шил архи нуучихсан байгаа. Хайж олъё “ гэж хэлээд бөөнөөрөө доошоогоо явж хайгаад Хишигсүрэн 2 шил архийг нь олж авсан. Тэгээд бид нар замдаа 1 жижиг савтай архийг хувааж уугаад отог руу явсан. Отог руу очиход харанхуй болчихсон байсан ба бид 5 том савтай архиа хувааж ууцгаагаад сууж байтал Бямбаа өвгөн нь “ Миний мөнгө хаана байна. Намайг та нар зодсон “ гэж хэлээд хэрүүл үүсгэсэн ба Баттөмөр, Бямбаа өвгөн хоёр хоорондоо барьцалдаж авсан. Бямбаа өвгөн нь Баттөмөрийг доороо оруулаад цүнхнээсээ шар иштэй урт хутга гаргаад Баттөмөрийн дээрээс босоод Бат-Эрдэнэ рүү хутга бариад дайрсан. Бат-Эрдэнэ нь цаашаагаа зугтаасан. Тэгээд Бямбаа өвгөн дахин Баттөмөртэй маргалдаад Баттөмөр рүү дайраад байхаар нь Хишигсүрэн бид хоёр болиулсан.  Бямбаа өвгөн дахин Баттөмөр рүү дайраад газраас мод авч,  толгойн ар дагз хэсэг рүү 2-3 удаа цохьсон. Талийгаачийн эрүү хэсэг нь шалбарсан, нилээн согтолттой байсан. Маргааш өглөө нь 05 цагийн үед Бямбаа өвгөн өөрийнхөө гутал, хувцсыг сольчихсон, цүнхээ бэлдчихсэн сууж байсан. Тэгээд Хишигсүрэн бид хоёр босоод Баттөмөрийг сэрээх гэтэл сэрэхгүй, амьсгалахгүй, бие нь хүйтэн нас барчихсан байсан гэжээ. / 1 дүгээр хавтас 36 /

 

Гэрч Б.Бат-Эрдэнэ мөрдөн шалгалтын явцад мэдүүлэхдээ: ... Тэгээд бид нар архиа ууцгаасан. Бямбаа согтуу “ Миний 30.000 төгрөг алга болсон “ гээд Баттөмөр бид хоёрыг хот руу явсан болохоор хардсан байх уурлаад дайраад байхад нь Баттөмөр Бямбаа ахын урдаас “ Та одоо болил доо. Битгий явган хэрүүл хийгээд бай. Боль “ гээд зогсож байсан. ...Бямбаа том хутга гаргаж ирээд намайг “ Ална. Сэмжээр чинь нүүрийг нь бүтээнэ “ гээд дайрахаар нь айгаад торлог руу орж зугтаад араас ирэх байх гээд уулын таг руу орж, ганцаараа хоносон.  2018 оны 08 дугаар сарын 23-ны өглөө хот руу орж ирээд 17-ын автобусны буудал дээр Мөөгий, Хишигээ хоёртой таарсан гэжээ. / 1 дүгээр хавтас 42 /

 

Гэрч Н.Хишигсүрэн мөрдөн шалгалтын явцад мэдүүлэхдээ: ...Бид хэд архиа хувааж уугаад байж байтал Бямба хөгшин Омбогыг ална гээд байсан чинь Омбого айгаад зугтаасан. Мөөгий бид хоёр хоол хийж байхад Бямба хөгшин талийгаачтай маргалдаад байсан ба талийгаачийн толгой хэсэгт цохьсон.  ... Өглөө Мөөгий очиж харсан чинь Баттөмөр нас барсан байсан. Бямба хөгшинд нас барсан байна гэж хэлсэн чинь Бямба хөгшин “ Хөвдөнд булаад явна “ гэсэн. Тэгэхлээр нь Мөөгий бид хоёр цагдаад хэлнэ гээд явсан гэжээ.  / 1 дүгээр хавтас 47-48 /

Гэрч Ж.Баттогтох мөрдөн шалгалтын явцад мэдүүлэхдээ: ...Бид нартай хадам эцэг Г.Ж нээх холбоотой байдаггүй. Ихэвчлэн тэнүүчлэн явдаг ба гэртээ ирэхээр агсам тавьж, бүгдийг нь зодно, ална гэж айлгаж сүрдүүлдэг. Бид нартай таардаггүй байсан юм. ...Архи согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ ширүүн, хурц араншинтай болчихдог гэжээ. / 1 дүгээр хавтас 58 /

 

Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн шинжээчийн 2018 оны 09 дүгээр сарын 14-ний өдрийн 1885 дугаартай дүгнэлтэнд: "...Талийгаачийн цогцост хийсэн шүүх эмнэлгийн задлан шинжилгээгээр тархины баруун тал бөмбөлгийн хатуу хальсан доорх цусан хураа, тархи дарагдал, тархины баруун чамархай, суурь, духны аалзан хальсан доорх цус харвалт, баруун 2,7-р хавирганы хугарал, баруун чамархайн хуйханд шарх, дух , баруун чамархайн булчин, дагзны хуйханд цус хуралт, баруун зүүн хацар, хамрын үзүүр, эрүү, цээж, зүүн шуунд зулгаралт, зүүн чихний дэлбэн, хамрын үзүүр, доод эрүү, хүзүү, баруун, зүүн мөр, цээжинд цус хуралт бүхий гэмтэл тогтоогдлоо. Талийгаач нь дээрх гавал тархины битүү гэмтлийн улмаас төвийн гаралтай амьсгал, зүрх судасны хурц дутагдалд орж нас баржээ. Талийгаачид үхэлд хүргэх архаг хууч өвчин тогтоогдсонгүй. Талийгаачийн цусанд 2,1 промилли спиртийн зүйл илэрсэн байна. Энэ нь согтолтын дунд зэргийн үзүүлэлт болно гэжээ.  / 1 дүгээр хавтас 70 /

 

Шүүхийн шинжилгээний үндэсний хүрэлэнгийн шинжээчийн 2018 оны 11 дүгээр сарын 23-ын өдрийн дүгнэлтэнд: "... Шинжилгээнд ирүүлсэн улаан өнгийн футбольк, бараан саарал өнгийн өмд дээр илэрсэн цус нь ДНХ-ийн тогтоцоороо Баттөмөрийн гэж бэхжүүлэн хатаасан цусны ДНХ-ийн тогтоцтой тохирч байна гэжээ. /1 дүгээр хавтас 228  /

 

Шинжээч Б.Долгормаа мөрдөн шалгалтын явцад мэдүүлэхдээ: ... Талийгаачид учирсан гавал тархины гэмтлүүд нь шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.3.1-т зааснаар гэмтлийн хүнд зэрэгт хамаарна. Баруун чамархайн хуйханд шарх гэмтэл нь модоор цохих үед дээрх гэмтэл нь үүснэ гэжээ.  / 1 дүгээр хавтас 235 /

 

Шүүх сэтгэц эмгэг судлалын 868 дугаартай дүгнэлт Г.Ж нь
сэтгэцийн ямар нэгэн өвчтэй гэх баримт мэдээлэл үгүй байна. Г.Ж нь одоо
сэтгэцийн ямар нэгэн өвчингүй байна. Г.Ж нь хэрэг хариуцах чадвартай
байсан байна гэжээ. / 1 дүгээр хавтас 83 /

 

Яллагдагч Г.Ж мөрдөн шалгалтын явцад мэдүүлэхдээ: ...Тэгээд нөгөө олсон ногоон өнгийн савтай архиа задлаад ууж байгаад талийгаачтай би маргалдаж байсан. Нэг мэдсэн чинь гараараа цохиод өшиглөж байсан. ...Би зэвсгийн чанартай зүйл хэрэглэснээ санахгүй байна. Би зарим үйлдлээ мэдэхгүй байгаа...Mаргааш өглөө нь 05:00 цагийн үед би сэрэхэд талийгаачийн дээгүүр хөнжил нөмөрчихсөн, хамар нь цус болчихсон байсан. Хишигээ, өрөөсөн нүдтэй залуу хоёрт талийгаачийг амьсгаа байхгүй байна гэхэд өрөөсөн нүдтэй залуу талийгаачийн хамарт нь хуруугаа хүргэж үзээд амьсгаа байхгүй байна гэж хэлэхээр нь би “Би зодсон нь үнэн юм чинь ерөөсөө явъя" гэж бодоод түрүүлээд ганцаараа явсан гэжээ. / 1 дүгээр хавтас 102-103, 113 /

 

Хохирогч Н.Шинэжил мөрдөн шалгалтын явцад мэдүүлэхдээ: ... 2018 оны 04 дүгээр сарын 20-ны өдөр Төв аймгийн гэртээ ирсэн чинь Ж ах архи уучихсан манай гэрт эхнэр Алтанцэцэгтэй хамт байхаар нь би уурлаж “ Гэр оронд архи уулаа “ гэж хэлсэн. Мөн эхнэр Алтанцэцэгтэйгээ хардсан. Тэгсэн чинь Ж “ Чи байрны түрээсийн мөнгө нэхэж дарамталлаа “ гэж надад уурлаад агсам тавих гээд байхаарнь би хөөгөөд гэр рүү нь оруулчихсан юм. Тэгээд шөнө унтаж байсан чинь шөнө дундын үед Ж гэрийн хаалга цохиж, би онгойлгосон чинь гэрт орж ирээд “ Чи давраад байна уу “ гээд орон дээр дарж аваад миний хүзүү рүү бор иштэй хутгаар хатгасан. Тэгээд миний хүзүүнээс цус гарсан. ... Ж намайг байрны түрээсийн мөнгө нэхлээ гэж намайг хутгаар хүзүү рүү хатгасан гэжээ.  / 1 дүгээр хавтас 142-145 /

 

Гэрч Ц.Алтанцэцэг мөрдөн шалгалтын явцад мэдүүлэхдээ: ...2018 оны 04 дүгээр сарын 23-ны өдөр 21 цагийн орчимд түрээслэдэг нийтийн байранд 2 хүүхдийн хамт байж байхад 5 номерын түрээслэгч Ж нь согтуу орж ирэээд “ 1 шил архи байна уух уу “ гэхээр нь би тэгье гэхэд Ж  0.75 л Хараа архи,  ундаа зэргийг авч орж ирсэн. Тэгээд архинаас 1 хундага татаад байж байтал манай нөхөр Шинэжил “Манай гэрт архи битгий уу. Гэртээ орж уу” гэхэд Ж “ Энд чинь уухад яадаг юм” гээд манай нөхөртэй маргалдсан. Тэгээд намайг гараад цагдаа дууд гээд нөхөр хэлэхээр нь гэрээсээ гараад нөхрийн дүү Бат-Эрдэнийн гэрт очоод “ Цагдаа дууд. Ахыг чинь хүн зодоод байна “ гэж хэлээд буцаад гэртээ ирэхэд Ж манай нөхрийн дээр нь гараад орон дээр хоолойг нь боож байхаар нь би “ Яаж байгаа юм. Боль “ гэхэд Ж “ Нөхрийг чинь ална “ гээд айлгаад байсан гэжээ. / 1 дүгээр хавтас 146-148 /

 

Гэрч Н.Бат-Эрдэнэ мөрдөн шалгалтын явцад мэдүүлэхдээ: ...Ах Шинэжил жаахан халамцуу хүзүүнийхээ урд хэсэгт 2 хатгуулж цус гоожуулсан байдалтай орж ирсэн. Тэгээд ах Шинэжил “ Би хүнд хутгалуулчихлаа “ гэхээр нь хэнд гэж асуухад ах “ Хажуу айлын эрэгтэйд хутгалуулсан “ гэхээр би шууд цагдаад дуудлага өгсөн гэжээ. / 1 дүгээр хавтас 150 /

 

Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн шинжээчийн 2018 оны 05 дугаар сарын 03-ны өдрийн дүгнэлтэнд: ... Шинэжилийн биед хүзүүний урд хэсэгт шарх тогтоогдлоо. Дээрх гэмтэл нь ир үзүүртэй зүйлийн үйлчлэлээр үүсгэгдэнэ. Шүүх эмнэлэгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэг болно гэжээ.  / 1 дүгээр хавтас 153 /

 

Шүүгдэгч урьд шийтгэгдсэн эсэхийг шалгасан хуудас / хх 193 / зэрэг болно.

 

Шүүгдэгч Г.Ж шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ: Би эдгээр хүмүүсээс талийгаачийг таньдаг бусдыг нь таньдаггүй байсан. Талийгаач намайг тэд нарт Бямбаа гэж танилцуулсан. Миний гар утас, мөнгө алга болсноос болоод талийгаачтай маргалдсан. Тэгээд талийгаач намайг цохихоор нь би түүнийг гараараа 2 удаа цохьсон. Унасан байхад 1-2 удаа өшиглөсөн. Би түүнийг модоор цохиогүй. Миний цохьсноос болж талийгаач нас барсныг хүлээн зөвшөөрч байна.

 Хохирогч Н.Шинэжилийг хутгалснаа хүлээн зөвшөөрч байна. Хохирогч Д.Оюунцэцэгт оршуулгын зардалд 2.500.000 төгрөг, Н.Шинэжилд эмчилгээний зардалд 400.000 төгрөг төлсөн. Гэм буруугаа хүлээн зөвшөөрч байна. Баримтаар нотлогдсон хохирлыг нөхөн төлнө гэв.

 

 Хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Д.Оюунцэцэг шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ: Талийгаач нь миний 2 дахь хүү юм. Хүү маань гэрлэхээр төлөвлөсөн байсан бөгөөд хүүхэд нь төрсөн байгаа. Хүүг маань алсанд маш их гомдолтой байна. Шүүгдэгчийн ах, дүү нараас 2.500.000 төгрөг авсан байгаа. Одоо 15.116.000 төгрөг шүүгдэгчээс нэхэмжилж байна. Энэ нь сэтгэл санаа болон бусад хохиролд 15.000.000 төгрөг,  замын зардалд 115.000 төгрөг болно. Дээрх мөнгийг хүүгийнхээ хүүхдэд өгнө.

 

Манай нөхөр бид 2 банкнаас тэтгэврийн зээл тус бүр 3 жилийн хугацаатай авсан. Оршуулгын зардалд 1.500.000 төгрөг, шүүх эмнэлгийн төлбөр 70.000 төгрөг төлсөн болон 2 удаагийн зээл авсан баримтаа нотлох баримтаар өгсөн. Би хүүгийнхээ оршуулганд хүнээс мөнгө зээлээгүй. Эхний тэтгэврийн зээлийг 8 дугаар сард авсан. Сүүлийн зээлээ 8 дугаар сарын 20-ны өдөр авсан. Тухайн үед хүүгээ хүнд алуулчихсан болохоор сандраад баримтуудаа авна гэж мэдээгүй гэв.

 

Шүүгдэгч Г.Ж нь  2018 оны 08 дугаар сарын 22-ноос 23-нд шилжих шөнө Сүхбаатар дүүргийн 19 дүгээр хорооны нутаг дэвсгэр Бага баян уулын энгэрт согтуурсан үедээ мөнгөнөөс болж Ч.Баттөмөртэй маргалдаж, улмаар түүний толгойн тус газар модоор цохиж алсан,

- 2018 оны 04 дүгээр сарын 20-ны өдөр согтууруулах ундаа хэрэглэсэн үедээ Сонгинохайрхан дүүргийн 9 дүгээр хороо, Малчины 1 дүгээр гудамжны 50 тоотод иргэн Н.Шинэжилтэй “байрны түрээсийн мөнгө нэхлээ” гэж маргалдан улмаар хүзүүн тус газар нь хутгалан эрүүл мэндэд нь хөнгөн хохирол учруулсан гэмт хэргийг тус тус үйлдсэн болох нь хэрэгт авагдсан дараах баримтуудаар нотлогдон тогтоогдлоо. Үүнд:

Хэргийн газарт болон цогцосны гадна биед үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд /хх 7-22 /, ...Би маш их гомдолтой байна.  Хуулийн дагуу үнэн зөвөөр шийдвэрлэж өгнө үү гэж мөрдөн шалгалтын явцад мэдүүлсэн хохирогч Д.Оюунцэцэгийн мэдүүлэг /1 дүгээр хавтас 30 /,  ... Бид 5 том савтай архиа хувааж ууцгаагаад сууж байтал Бямбаа өвгөн нь “ Миний мөнгө хаана байна. Намайг та нар зодсон “ гэж хэлээд хэрүүл үүсгээд Баттөмөр, Бямбаа өвгөн хоёр  барьцалдаж авсан. Бямбаа өвгөн дахин Баттөмөртэй маргалдаад газраас мод авч,  толгойн ар дагз хэсэг рүү 2-3 удаа цохьсон гэж мөрдөн шалгалтын явцад мэдүүлсэн гэрч Б.Тогосоогийн мэдүүлэг / 1 дүгээр хавтас 36 /,   ... Бямбаа согтуу “ Миний 30.000 төгрөг алга болсон “ гээд Баттөмөр бид хоёрыг хот руу явсан болохоор хардсан байх уурлаад  хутга гаргаж ирээд дайрахаар нь би айгаад торлог руу орж, уулын таг руу орж, ганцаараа хоносон гэж мөрдөн шалгалтын явцад мэдүүлсэн гэрч Б.Бат-Эрдэнийн мэдүүлэг  / 1 дүгээр хавтас 42 /,  ... Бямба хөгшин Омбогыг ална гээд байсан чинь Омбого айгаад зугтаасан. Мөөгий бид хоёр хоол хийж байхад Бямба хөгшин талийгаачтай маргалдаад байсан ба талийгаачийн толгой хэсэгт цохьсон гэж  мөрдөн шалгалтын явцад мэдүүлсэн гэрч Н.Хишигсүрэнгийн мэдүүлэг / 1 дүгээр хавтас 47-48 /, ...Талийгаачийн цогцост хийсэн шүүх эмнэлгийн задлан шинжилгээгээр талийгаач нь дээрх гавал тархины битүү гэмтлийн улмаас төвийн гаралтай амьсгал зүрх судасны хурц дутагдалд орж нас баржээ гэсэн Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн шинжээчийн 2018 оны 09 дүгээр сарын 14-ний өдрийн 1885 дугаартай дүгнэлт / 1 дүгээр хавтас 70 /,  ... Шинжилгээнд ирүүлсэн улаан өнгийн футбольк, бараан саарал өнгийн өмд дээр илэрсэн цус нь ДНХ-ийн тогтоцоороо Баттөмөрийн гэж бэхжүүлэн хатаасан цусны ДНХ-ийн тогтоцтой тохирч байна гэсэн Шүүхийн шинжилгээний үндэсний хүрэлэнгийн шинжээчийн 2018 оны 11 дүгээр сарын 23-ын өдрийн дүгнэлт / 1 дүгээр хавтас 228  /,  ... Талийгаачид учирсан гавал тархины гэмтлүүд нь шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.3.1-т зааснаар гэмтлийн хүнд зэрэгт хамаарна. Баруун чамархайн хуйханд шарх гэмтэл нь модоор цохих үед дээрх гэмтэл нь үүснэ гэж мөрдөн шалгалтын явцад мэдүүлэхдээ шинжээч Б.Долгормаагийн мэдүүлэг / 1 дүгээр хавтас 235 /, ... Г.Ж нь сэтгэцийн ямар нэгэн өвчтэй гэх баримт мэдээлэл үгүй байна. Г.Ж нь одоо сэтгэцийн ямар нэгэн өвчингүй байна. Г.Ж нь хэрэг хариуцах чадвартай байсан байна гэсэн Шүүх сэтгэц эмгэг судлалын 868 дугаартай дүгнэлт / 1 дүгээр хавтас 83 /,  ... Ногоон өнгийн савтай архиа задлаад ууж байгаад талийгаачтай би маргалдаж байсан. Нэг мэдсэн чинь гараараа цохиод өшиглөж байсан. ...Би зэвсгийн чанартай зүйл хэрэглэснээ санахгүй байна. Би зарим үйлдлээ мэдэхгүй байгаа гэж мөрдөн шалгалтын явцад мэдүүлсэн яллагдагч Г.Жгийн мэдүүлэг / 1 дүгээр хавтас 102-103, 113 /,

 …Г.Ж “ Чи давраад байна уу “ гээд орон дээр дарж аваад миний хүзүү рүү бор иштэй хутгаар хатгасан. Тэгээд миний хүзүүнээс цус гарсан гэж мөрдөн шалгалтын явцад мэдүүлсэн хохирогч Н.Шинэжилийн мэдүүлэг / 1 дүгээр хавтас /,  ...Г.Ж согтуу орж ирээд 1шил архи, ундаатай гаргаад ууж байтал манай нөхөр орж ирээд “ манайд архи уулаа “ гээд маргалдтал нөхрийн хоолойг нь боож, ална гэсэн гэж мөрдөн шалгалтын явцад мэдүүлсэн гэрч Ц.Алтанцэцэгийн мэдүүлэг / 1 дүгээр хавтас 147 /, ...Ах Шинэжил жаахан халамцуу хүзүүнийхээ урд хэсэгт 2 хатгуулж, цус гоожуулсан байдалтай орж ирсэн мөрдөн шалгалтын явцад мэдүүлсэн гэрч Н.Бат-Эрдэний мэдүүлэг / 1 дүгээр хавтас 150 /,  ... Шинэжилийн биед хүзүүний урд хэсэгт шарх тогтоогдсон нь гэмтлийн хөнгөн зэрэг болно гэсэн Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн шинжээчийн 2018 оны 05 дугаар сарын 03-ны өдрийн дүгнэлт /1 дүгээр хавтас 153 / зэрэг болно.

 

Шүүхээс шүүгдэгч Г.Жг хүнийг алсан, хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тус тус тооцох үндэслэлтэй байна.

 

Шүүгдэгчид ял шийтгэл оногдуулахдаа хохирогчийн эмчилгээний зардал болон оршуулгын зардлаас зарим хэсгийг нөхөн төлсөнг хөнгөрүүлэх нөхцөл байдалд тооцож, түүний үйлдэлд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.6-д заасан ял хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй болно.

 

Шүүгдэгч Г.Ж нь гэм буруугаа хүлээн зөвшөөрч байгаа боловч  талийгаачийг модоор цохьсон болохоо хүлээн мэдүүлээгүй, түүний гэм буруут үйлдлийн улмаас хүний амь нас хохирсон, шүүгдэгч нь өндөр настай, оршуулгын зардлын зарим хэсгийг нөхөн төлсөн тул түүний гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учруулсан хохирол, хувийн байдал зэргийг харгалзан хуульд заасан 10 жилийн хорих ялыг хаалттай хорих байгууллагад эдлүүлж, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн 23 см урттай, ажлын хэсэг нь 12.5 см урттай, 4.5 см өргөнтэй, бариул хэсэг нь 11.5 см урттай 2ш заазуур, хадаасаар холбосон мод 2 ш,  саарал өнгийн цамц, цэнхэр өнгийн малгай, улаан өнгийн футболк 1ш, хөх өнгийн дотоож 1ш, бараан өнгийн оймс 1 хос, цайвар хөх өнгийн өмд 1 хос, шар өнгийн хагас түрийтэй гутал 1 хосыг тогтоол хүчин төгөлдөр болмогц устгаж, Жгийн цагдан хоригдсон 506 хоногийг эдлэх ялд оруулан тооцож шийдвэрлэв.

 

Хохирогч Д.Оюунцэцэг нь шүүхийн хэлэлцүүлэгт 15.116.000 төгрөг шүүгдэгчээс нэхэмжилсэн болно. Эдгээрээс  15.000.000 төгрөг нь сэтгэл санаа болон бусад хохирол,115.000 төгрөг нь замын зардал гэж мэдүүлсэн болно.

 

Хэрэг авагдсан баримтаар 2018 оны 08 дугаар сарын 25-ны өдрийн Суварга буян ХХК, Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэн зэрэгт / 1 дүгээр хавтас 210, 211 / нийт 1.570.000 төгрөг төлсөн болох нь нотлогдож байна. Мөн хохирогчийн хууль ёсны төлөөлөгч нь талийгаачийн ажил явдлыг банкнаас зээл авч гүйцэлдүүлсэн гэх ба 2018 оны 09 дүгээр сарын 24-ний өдөр 593.100 төгрөгийг / 1 дүгээр хавтас 243-245 /, 2018 оны 11 дүгээр сарын 12-нд 1.068.600 төгрөгийг  Д.Намсрай гэгч Хаан банкнаас зээлээр авсан / 1 дүгээр хавтас 246-248 /  баримт тус тус хэрэгт авагджээ. Гэвч шүүх буяны ажил явдлын жишгийг харгалзан эдгээрийг нотлох баримтаар үнэлэн, хохирогчийн Хэнтий аймгаас ирсэн зардал 116.000 төгрөгийг нэмж, нийт 3.347.700 төгрөгнөөс шүүгдэгчийн төлсөн 2.500.000 төгрөгийг хасаж, үлдэх 856.700 төгрөгийг шүүгдэгчээс гаргуулан хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Д.Оюунцэцэгт олгож, эдгээрийг нийт нэхэмжлэлээс хасаж, үлдэх 11.768.300 төгрөгний хэдэн төгрөг нь сэтгэл санааны хохирол, бусад хохирол нь юуны хохирол болох нь нотлогдохгүй байх тул баримтаа бүрдүүлсэн үедээ иргэний журмаар жич нэхэмжлэх нь зүйтэй гэж үзлээ.

 

Шүүгдэгчийн цагдан хоригдсон  506 хоногийг эдлэх ялд оруулан тооцож, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн  23 см урттай, ажлын хэсэг нь 12.5 см урттай, 4.5 см өргөнтэй, бариул хэсэг нь 11.5 см урттай 2ш заазуур, хадаасаар холбосон мод 2 ш,  саарал өнгийн цамц, цэнхэр өнгийн малгай, улаан өнгийн футболк 1ш, хөх өнгийн дотоож 1ш, бараан өнгийн оймс 1 хос, цайвар хөх өнгийн өмд 1 хос, шар өнгийн хагас түрийтэй гутал 1 хосыг тогтол хүчин төгөлдөр болмогц устгаж, хохирогч Н.Шинэжилийн хохирол төлөгдсөн болохыг дурьдах нь зүйтэй байна.

 

Шүүгдэгч Жгийн үйлдсэн Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1-д заасан гэмт хэрэг нь хөнгөн гэмт хэрэг бөгөөд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.10 дугаар зүйлийн 1.1-д заасан хугацаа өнгөрсөн байх тул хэргийг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй гэж үзлээ.

Шүүгдэгч Г.Ж нь хохирогчийн толгойд модоор цохиогүй гэж мэдүүлж байгаа боловч яллагдагчаар мэдүүлэг өгөхдөө ...зэвсгийн чанартай зүйл хэрэглэсэн эсэхээ санахгүй байна гэж мэдүүлсэн болно. Мөн шинжээч Д.Долгормаагийн мэдүүлэгт ...баруун чамархайн хуйханд үүсэх шарх гэмтэл нь модоор цохих үед үүснэ гэж мэдүүлснийг / 1 дүгээр хавтас 235 / гэрч нарын мэдүүлэг давхар нотолж байна.

 

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.19 дүгээр зүйлийн 1.2, 36.2, 36.6, 36.7, 36.8, 36.10, 37.1 дүгээр зүйлүүдийг удирдлага болгон

 

ТОГТООХ нь:

                                                                        

1. Шүүгдэгч Боржигин овогт Г-н Жг хүнийг алсан, хүний биед хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тус тус тооцсугай.

 

2. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.10 дугаар зүйлийн 1.1-д заасныг баримтлан Г.Жд Эрүүгийн хуулийн тусгай ангин 11.6 дугаар зүйлийн 1-д зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн хэргийг хэрэгсэхгүй болгосугай.

 

3. Шүүгдэгч Г-н Жг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 10.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 10 / арав / жилийн хугацаагаар хорих ялаар шийтгэсүгэй.

 

4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 4-д зааснаар Г.Жгийн  эдлэх ялыг хаалттай хорих байгууллагад эдлүүлсүгэй.

 

5. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.10 дугаар зүйлийн 1-д зааснаар Г.Жгийн цагдан хоригдсон 506 хоногийг эдлэх ялд оруулан тооцсугай. 

 

6. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 21.5 дугаар зүйлийн 6-д зааснаар хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн 23 см урттай, ажлын хэсэг нь 12.5 см урттай, 4.5 см өргөнтэй, бариул хэсэг нь 11.5 см урттай 2ш заазуур, хадаасаар холбосон мод 2ш,  сарал өнгийн цамц, цэнхэр өнгийн малгай, улаан өнгийн футболк 1ш, хөх өнгийн дотоож 1ш, бараан өнгийн оймс 1 хос, цайвар хөх өнгийн өмд 1 хос, шар өнгийн хагас түрийтэй гутал 1 хосыг тогтоол хүчин төгөлдөр болмогц устгасугай.

 

7. Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 508 дугаар зүйлийн 508.1-д зааснаар Г.Жгаас 856.700  төгрөгийг гаргуулан хохирогч Д.Оюунцэцэгт  олгож, бусад хохирлоо баримтаа бүрдүүлсэн үедээ иргэний журмаар жич нэхэмжлэх эрхтэй болохыг дурьдсугай.

 

8. Г.Жд авсан цагдан хорих таслан  сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлж, эдлэх ялыг энэ өдрөөс эхлэн тоолсугай.

 

9. Шийтгэх тогтоол нь танилцуулан сонсгосноор хуулийн хүчинтэй болох бөгөөд шүүгдэгч, хохирогчийн хууль ёсны төлөөлөгч, өмгөөлөгч, яллагч нар эс зөвшөөөрвөл тогтоолыг гардуулснаас хойш Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд 14 хоногт давж заалдах гомдол гаргах, улсын яллагч эсэргүүцэл бичих эрхтэйг дурьдсугай.

 

8. Давж заалдах шатны шүүхэд гомдол гаргасан, эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол биелүүлэх хүртэл шүүгдэгч Г.Жд авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэжлүүлсүгэй.

 

 

 

               

                      ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                     С.ОЮУНЧИМЭГ

 

                                      ШҮҮГЧИД                                       Б.МӨНХ-ЭРДЭНЭ

 

                                                                        Б.ДАРЬСҮРЭН