| Шүүх | Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Баярсайханы Ундраа |
| Хэргийн индекс | 101/2016/07064/И |
| Дугаар | 101/ШШ2016/05339 |
| Огноо | 2016-07-28 |
| Маргааны төрөл | Бусад зээл, |
Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шүүгчийн захирамж
2016 оны 07 сарын 28 өдөр
Дугаар 101/ШШ2016/05339
| 2016 оны 07 сарын 28 өдөр | Дугаар 101/ШШ2016/05339 | Улаанбаатар хот |
Нэхэмжлэгч нэхэмжлэлээсээ татгалзсаныг баталж,
хэргийг хэрэгсэхгүй болгох тухай
Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Б.Ундраа би,
Нэхэмжлэгч: Улаанбаатар хот, Чингэлтэй дүүрэг, 1 дүгээр хороо, Бага тойруу 3/9-д байрлах, Жи мобайл ХХК /хуулийн этгээдийн регистрийн дугаар 5055873/-ийн нэхэмжлэлтэй,
Хариуцагч: Улаанбаатар хот, Баянзүрх дүүрэг, 9 дүгээр хороонд байрлах, Баянзүрх дүүргийн 9 дүгээр хорооны Засаг даргад холбогдох,
519,000 төгрөг гаргуулах тухай иргэний хэргийг хянаад
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэхэмжлэгч Жи Мобайл ХХК нь шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: “Баянзүрх дүүргийн 9 дүгээр хороо нь Жи мобайл ХХК-тай 2014 оны 12 дугаар сарын 02-ны өдөр ХАГ0455/14 тоот зээлээр худалдах, худалдан авах гэрээ байгуулж U2S маркийн нэг бүрийн үнэ 260,000 төгрөгний үнэтэй 17 ширхэг гар утсыг 3,640,000 төгрөгөөр худалдан авсан. Одоо 346,000 төгрөгийн үлдэгдэл төлбөртэй.
Иймд Баянзүрх дүүргийн 9 дүгээр хорооноос 2014 оны 12 дугаар сарын 02-ны өдөр байгуулсан ХАГ0455/14 тоот зээлээр худалдах, худалдан авах гэрээний үүргийн биелэлт 346,000 төгрөг, гэрээний 3.3-т заасны дагуу алданги 173,000 төгрөг, нийт 519,000 төгрөгийг гаргуулан өгч, компанийг хохиролгүй болгож өгнө үү” гэжээ.
Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Отгонтуяа шүүхэд бичгээр гаргасан хүсэлтдээ: “Жи мобайл” ХХК нь Баянзүрх дүүргийн 9 дүгээр хорооноос гэрээний үүргийн биелэлт 346,000 төгрөг, алданги 173,000 төгрөг, нийт 519,000 төгрөгийг нэхэмжилсэн нэхэмжлэлийг шүүхэд гаргасан ба үүнээс хариуцагч байгууллага нь 346,000 төгрөгийн төлбөрийг төлж барагдуулсан байна. Иймд Жи мобайл ХХК нь алданги 173,000 төгрөг болон шүүхэд гаргасан нэхэмжлэлийн шаардлагаасаа бүхэлд нь татгалзаж байна.
Өөр нэхэмжлэх зүйлгүй, ямар нэгэн санал хүсэлт байхгүй тул хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлэж өгнө үү” гэжээ.
ҮНДЭСЛЭХ нь:
Нэхэмжлэгч Жи мобайл ХХК нь хариуцагч Баянзүрх дүүргийн 9 дүгээр хороонд холбогдуулан 519,000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийг шүүхэд гаргажээ.
Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Отгонтуяа нь нэхэмжлэлийн шаардлагаасаа бүхэлд нь татгалзсан болох нь нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Отгонтуяагийн шүүхэд гаргасан тайлбараар тогтоогдож байна.
Иймд Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.1-д заасны дагуу нэхэмжлэгч нэхэмжлэлээсээ татгалзсаныг баталж, хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлэх нь зүйтэй гэж үзлээ.
Нэхэмжлэл гаргахад улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 16,220 төгрөгийг Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 59 дүгээр зүйлийн 59.5-д заасныг баримтлан улсын төсвийн орлогод хэвээр үлдээж шийдвэрлэсэн болохыг дурдаж байна.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.2, 75 дугаар зүйлүүдэд заасныг удирдлага болгон
ЗАХИРАМЖЛАХ нь:
1. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.2-т заасныг баримтлан, хариуцагч Баянзүрх дүүргийн 9 дүгээр хорооны Засаг даргад холбогдох 519,000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлагаасаа нэхэмжлэгч “Жи мобайл” ХХК татгалзсаныг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.
2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 59 дүгээр зүйлийн 59.5-д зааснаар нэхэмжлэгч Жи мобайл ХХК-иас улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 16,220 төгрөгийг улсын төсвийн орлогод хэвээр үлдээсүгэй.
3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.4-т зааснаар хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэсэн тул зохигчид давж заалдах хяналтын журмаар хянан шийдвэрлүүлэхээр гомдол гаргах энэ асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүй болохыг дурдсугай.
ШҮҮГЧ Б.УНДРАА