| Шүүх | Увс аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Баянгийн Мөнхзаяа |
| Хэргийн индекс | 177/2020/0030/э |
| Дугаар | 37 |
| Огноо | 2020-02-14 |
| Зүйл хэсэг | 11.6.2., |
| Улсын яллагч | Х.Энхтуул |
Увс аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол
2020 оны 02 сарын 14 өдөр
Дугаар 37
Увс аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Б.Мөнхзаяа даргалан, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Г.Алтанлхам, улсын яллагч Увс аймгийн прокурорын газрын хяналтын прокурор Х.Энхтуул, хохирогч Ч.Д, шүүгдэгчийн өмгөөлөгч М.Мөнхөө, шүүгдэгч Б.Д нарыг оролцуулан тус шүүхийн хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар Увс аймгийн прокурорын газрын хяналтын прокурор Х.Энхтуулаас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан гэмт хэрэгт яллах дүгнэлт үйлдэж, хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлүүлэхээр ирүүлсэн Ч овогт Б-ын Д-т холбогдох 2035000050032 дугаартай эрүүгийн хэргийг 2020 оны 02 дугаар сарын 13-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.
Шүүгдэгчийн биеийн байцаалт:
Монгол Улсын иргэн Ч ургийн овогт Б-ын Д, 1965 оны 4 дүгээр сарын 28-ны өдөр Увс аймгийн Давст суманд төрсөн, 54 настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, мэргэжилгүй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл 5, эхнэр, гурван хүүхдийн хамт Увс аймгийн Улаангом сумын 7 дугаар багийн .... тоотод оршин суудаг, урьд Увс аймаг дахь сум дундын шүүхийн 2013 оны 01 дүгээр сарын 02-ны өдөр 01 дүгээр шийтгэх тогтоолоор 2002 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 175 дугаар зүйлийн 175.2 дахь хэсэгт зааснаар 2 жил 1 хоногийн хугацаагаар хорих ял шийтгүүлж, уг хорих ялыг 1 жилийн хугацаагаар тэнссэн, регистрийн дугаар:..............,
Холбогдсон хэргийн талаар: /Яллах дүгнэлтэд дурдсанаар/
Шүүгдэгч Б.Д нь Увс аймгийн Улаангом сумын 7 дугаар багийн нутагт 2019 оны 12 дугаар сарын 30-ны орой гэр бүлийн хамаарал бүхий хүн болох эхнэр Ч.Д-г зодож эрүүл мэндэд нь хөнгөн хохирол учруулсан гэх гэмт хэрэгт холбогджээ.
ТОДОРХОЙЛОХ нь:
Гэм буруугийн талаар: Шүүх хуралдаанаар 2035000050032 дугаартай эрүүгийн хэрэгт авагдсан бичгийн болон эд мөрийн баримтуудыг тал бүрээс нь бүрэн бодитойгоор шинжлэн судлав. Үүнд:
1. Хохирогч Ч.Д-гийн “...Уг нь надтай хэвийн ярилцаж байсан юм. Тэгж байснаа гэнэт над руу дөхөж ирээд намайг тэврээд үнсээд маяглаад байхаар нь би дургүйцээд уурлаж, “ямар ядаргаатай юм бэ, ажил хийж яваад ирж байхад чинь” гэж хэлсэн чинь уурлаж эхлээд намайг хэл амаар доромжилж, “янхан яатуу, хэнтэйгээ унтчихсан юм” гэж хэлж байснаа аяга аваад хаалга руу шидсэн. Дараа нь костролтой хүйтэн цай авч намайг баруун талын орон дээр сууж байхад над руу шидсэн. Уг цайтай сав миний урд газарт унаж намайг цохиогүй. Нөхөр савтай цай шидээд зүүн талын орон дээр очоод суусан. ...намайг орон дээр сууж байтал над руу ирээд гарынхаа ар талаар миний нүүр лүү цохихоор нь би орон дээрээс буугаад доош өвдгөөрөө суутал үргэлжлүүлэн гарын ар хэсгээрээ цохиж байснаа хөлөөрөө миний хавирга, гэдэсний хэсэг болон хөлийн хэсэг рүү өшиглөсөн. ...Тэгснээ гэнэт гарын ар хэсгээр миний нүүр лүү саваад цохихоор нь би хойш саваад орон дээр унасан. Намайг хойш нь унасан даруйд нөхөр миний дээр гарч суугаад өнөө орой чамайг гүйцээн гэж хэлээд миний хоолойг боож, хүзүүг гараараа базгасан, хөлийн өвдгөөрөө миний хоолойг дарсан. ...Тэгтэл нөхөр орны толгойд байсан манай хүүхдийн хүзүүвчийг аваад оосор уяаг нь сугалж авах гэсэн чинь оосор гарч ирэхгүй болохоор нь тэр чигт нь аваад оосроор нь миний хоолойг боосон. ...хайчийг аваад над руу ирээд намайг баруун орны урд газарт дарж унагаж байснаа авсан хайчны үзүүрийг миний хоолойд тулгаж чамайг энүүгээр гүйцээж ална гээд айлган сүрдүүлж байгаад хайчаа цааш нь шидчихээд миний дээрээс босоод явсан...” гэх мэдүүлэг /хх-ийн 35-37 дугаар хуудас/,
2. Гэрч Ж.Н-н “...2018 оны 10 дугаар сараас эхэлж Ч.Д охинтойгоо цуг манайд ирж хонох болсон ба үүнээс хойш хэд хэдэн удаа манайд хоносон. Ингэж ирж хоносон үедээ Ч.Д бидэнд Д-ээ ахтан архи уучихсан байхаар ирлээ гэсэн зүйл хэлдэг. Бид нар ч Ч.Д-гээс нарийн зүйл тодруулж асууж байгаагүй Б.Дыг архи уусан үедээ гэрийнхэндээ агсам согтуу тавиад байдаг байх гэж би дотроо боддог. ...Би Ч.Д-г нөхрөөрөө зодуулсан байхыг анх удаа л харж байна...” гэх мэдүүлэг /хх-ийн 41 дүгээр хуудас/,
3. Гэрч Ч.Д-ын “...Манай гэр гашууны голын урд байдаг тул манайхаар ирээд байдаггүй юм. 2019 оны 01 дүгээр сард л нэг удаа манайд ирж хоносон ба Д архи уучихсан агсам тавиад байхаар нь ирлээ гэж хэлж байсан. Тухайн үед охиноо дагуулж ирсэн ба бие хаа нь хэвийн байсан...” гэх мэдүүлэг /хх-ийн 42 дугаар хуудас/,
4. Гэрч Ч.Э-ийн “...Ч.Д, Б.Д нар нь хоорондоо хэрүүл маргаантай байгаад байдаг юм шиг надад санагддаг. Учир нь Д хааяа архи уучихдаг ба ингэж уусан үедээ гэрийнхэндээ агсам согтуу тавиад байдаг. Д манайд 2 удаа ирж хонож байсан ба ягаад ирж хонох болсныг асуухаар надаас нуугаад юу ч хэлдэггүй юм. Би Д-ыг архи уудаг гэдгийг нь мэдэх тул Д-г манайд ирж хоносон үед Д-ыг гэртээ согтуу ирж гэж дотроо боддог юм. ...Д архи уусан үедээ галзуу юм шиг болчихдог юм байна лээ. Д архи уусан үедээ агсам согтуу тавьж орилж, хашхирч эхнэртэйгээ хэрэлдэж, маргалдаад байдаг...” гэх мэдүүлэг /хх-ийн 43 дугаар хуудас/,
5. Насанд хүрээгүй гэрч Д.Э-ы “...Аав маань архи уусан үедээ надтай бол юм яриад байдаггүй, ер нь надтай сайн харилцаатай байдаг. Харин ээж рүү загнаж зандраад хэл амаар доромжлоод байдаг, зарим үед гэрийн эд хогшил болох халуун сав, аяга, халуун тогоо, ус буцалгагч аваад хөндий газар луу эсвэл гэрээс гаргаж шидэж хагалж агсам тавьдаг. Мөн аав ингэж агсам согтуу тавьсан үедээ орилж хашхираад, гэрээс гарч ороод байдаг, унтаж амардаггүй. ...ээжийг агсам тавьсан үедээ цохихыг оролддог байсан боловч би дундуур нь ороод ээжээ хамгаалаад цохиулж байгаагүй...” гэх мэдүүлэг /хх-ийн 44-45 дугаар хуудас/,
6. Гэрч О.Э-ын “...би Цагаан овоо дэлгүүр ороод худалдаа хийх гэж байтал Д, Д хоёр миний араас орж ирсэн. Пиво авч байсан. Тэр үед Д-гийн нүүр, ам цус болж зодуулсан байдалтай байсан ба Дыг харсан чинь гар нь цус болсон байсан. Тэр үед би дуудлага дуудах гэсэн чинь утасгүй байсан тул гэр лүүгээ буцаж гялс ороод дуудлага дуудаад буцаж гараад очтол урдаас нөгөө 2 хүрээд ирсэн. Тэхээр нь би тэр хоёрыг цагдаа иртэл саатуулж байтал удалгүй цагдаа ирсэн...” гэх мэдүүлэг /хх-ийн 46-48 дугаар хуудас/,
7. Хүний биед хийсэн шүүх эмнэлгийн шинжээчийн “...Үзүүлэгч Ч.Д-гийн биед гэмтэл учирсан байна. Дээд, доод уруул, уруулын салст, буйланд цус хуралт, зөөлөн эдийн няцрал, хамрын нуруу, эрүү, баруун хацар, цээж, баруун бугалга, зүүн сарвууны ард, баруун, зүүн гуянд цус хуралт, баруун, зүүн хацар, дээд, доод уруул, эрүүнд зулгаралт, хүзүүнд цус хуралт, зулгаралт, бүсэлхийн зүүн ар хэсэгт зөөлөн эдийн няцрал, үүдэн дээд баруун 3 дугаар шүдний эмтрэл гэмтэл учирсан байна. Дээрх гэмтлүүд мохоо зүйлийн үйлчлэлээр үүсгэгдэнэ. Дээрх гэмтлүүд нь тогтоолд заасан болсон хэргийн хугацаанд үүссэн байх боломжтой. Шинээр үүссэн гэмтлүүд байна. Дээд, доод уруул, уруулын салст, буйланд цус хуралт, зөөлөн эдийн няцрал, хамрын нуруу, эрүү, баруун хацар, цээж, баруун бугалга, зүүн сарвууны ард, баруун, зүүн гуянд цус хуралт, баруун, зүүн хацар, дээд, доод уруул, эрүүнд зулгаралт, хүзүүнд цус хуралт, зулгаралт, бүсэлхийн зүүн ар хэсэгт зөөлөн эдийн няцрал, үүдэн дээд баруун 3 дугаар шүдний эмтрэл гэмтлүүд нь нийлээд алганы дүрмээр биеийн нийт гадаргуугийн 1-1.5 орчим талбайг хамарч байх тул Гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарах гэмтэл болно...” гэх 68 дугаартай дүгнэлт /хх-ийн 9 дүгээр хуудас/,
8. Шүүх сэтгэц эмгэг судлалын “...Б.Д нь сэтгэцийн хувьд эрүүл, сэтгэл, мэдрэлийн өвчин байхгүй, болсон явдлыг зөв тусгаж, үнэн зөв мэдүүлэг өгч чадна, хэрэг, хариуцах чадвартай, архинд донтох эмгэгтэй, архины хараат байдлын 2 дугаар үе шатандаа байна” гэх дүгнэлт /хх-ийн 58-61 дүгээр хуудас/,
9. Шүүгдэгч Б.Д-ын яллагдагчаар өгсөн “...Маргалдаж байхдаа эхлээд галын хажууд кострол савтай цай өшиглөж асгаад хажууд нь байсан аягатай цайг авч эхнэр лүү шидсэн боловч эхнэрийг онож цохилгүй, наана нь газарт унасан. Тэгчхээд авдар дотор байсан ууттай шинэ жилийн баярын бэлэгнээс шилтэй шампанскийг авч задалсан чинь оргилж ихэнх нь асгарсан. Шилэнд үлдсэн бага зэргийн шампанск уучхаад шилийг нь хаалга руу шидсэн. Улмаар эхнэртээ уурлаж биед нь халдаж зодсон. Ингэж эхнэрийнхээ биед халдаж зодож байх явцдаа эхнэрийг дарж унагаасан, орон дээр байсан хүүхдийн хүзүүвчийг авч оосроор эхнэрийн хоолойг боосон, авдрын урд байсан хайч авч эхнэрийн хоолойд тулгаж айлгаж, ална гэж сүрдүүлсэн...” /хх-ийн 75-77 дугаар хуудас/ гэх мэдүүлэг зэрэг бичгийн нотлох баримтууд болно.
Дээр дурдсан нотлох баримтуудыг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн байх бөгөөд эдгээр нь хоорондоо агуулгын зөрөөгүй, энэ хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, хэргийг эцэслэн шийдвэрлэхэд хангалттай байх тул шүүхийн шийдвэрийн үндэслэл болгон үнэлэв.
Мөн Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих байдлуудыг хангалттай шалгаж тогтоосон, мөрдөн шалгах ажиллагааны явцад оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрхийг хассан, хязгаарласан, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан шаардлагыг зөрчсөн гэх ноцтой зөрчил тогтоогдоогүй байх тул хэргийг эцэслэн шийдвэрлэх боломжтой гэж дүгнэв.
Хэрэгт цугларсан дээрх нотлох баримтуудаар шүүгдэгч Б.Д нь Увс аймгийн Улаангом 7 дугаар багийн нутагт байрлах өөрийн гэрт 2019 оны 12 дугаар сарын 30-ны орой согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ гэр бүлийн хамаарал бүхий харилцаатай хүн болох өөрийн эхнэр Ч.Дг хэл амаар доромжилж, улмаар нүүр хэсэгт цохиж, дарж унагаагаад хоолойг нь боож, мөн хоолойнд нь хайчийн үзүүр тулгаж чамайг ална гэж айлган сүрдүүлж хохирогчийн биед хөнгөн зэргийн гэмтэл учруулсан үйл баримт хөдөлбөргүй тогтоогдож байна.
Шүүгдэгч Б.Д-ын хохирогч Ч.Д-г зодож эрүүл мэндэд нь хөнгөн хохирол учруулсан үйлдэл нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлд заасан хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулах гэмт хэргийн шинжийг хангаж байна.
Шүүгдэгч Б.Д, хохирогч Ч.Д нар нь эхнэр нөхөр тул Гэр бүлийн хүчирхийлэлтэй тэмцэх тухай хуулийн 3 дугаар зүйлийн 3.1.1 дэх хэсэгт зааснаар уг хуулийн үйлчлэлд хамаарч байна. Гэр бүлийн хүчирхийлэлтэй тэмцэх тухай хуулийн 5 дугаар зүйлийн 5.1.1 дэх хэсэгт “гэр бүлийн хүчирхийлэл гэж ...энэ хуулийн үйлчлэлд хамаарах хүний сэтгэл санаанд дарамт учруулах, эдийн засаг, бэлгийн эрх чөлөө, бие махбодод халдсан үйлдэл, эс үйлдэхүйг” ойлгоно гэж хуульчилсан байна.
Иймд шүүгдэгч Б.Д нь хохирогч Ч.Д-д удаа дараа сэтгэл санааны дарамт учруулж гэр бүлийн хүчирхийлэл үйлдэж байсан болох нь хохирогч, гэрч нарын мэдүүлгээр тогтоогдож байх тул Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар гэр бүлийн хүчирхийлэл үйлдэж хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцох үндэслэлтэй байна.
Шүүгдэгчийн гэмт хэрэг үйлдсэн нь нотлогдсон, гэм буруугаа сайн дураараа хүлээн зөвшөөрсөн, прокурорын сонсгосон ял, хүлээлгэх эрүүгийн хариуцлагыг хүлээн зөвшөөрсөн, гэмт хэргийн улмаас учруулсан хохирол, хор уршгийг нөхөн төлсөн, гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа хүлээн зөвшөөрсний улмаас үүсэх хууль зүйн үр дагаврыг ойлгосон зэрэг Эрүүгийн хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 4 дэх хэсэгт заасан нөхцөл байдлуудыг хянаад хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэв.
Гэмт хэргийн улмаас хохирогчийн эрүүл мэндэд хөнгөн хохирол учирсан байна. Шүүгдэгч Б.Д-аас гэмт хэргийн улмаас учруулсан хохирол, хор уршгийг нэхэмжлээгүй болох нь хохирогч Ч.Д-гийн “...Би гэмт хэргийн улмаас биедээ гэмтэл авч хохирсон. Нөхөр бид хоёр сайн дураараа эвлэрсэн. Иймд нөхрөөсөө нэхэмжлэх хохирол гомдол байхгүй. Хийсэн хэргийг өөрт нь сайн ойлгуулж, хурдан шийдүүлмээр байна...” /хх-ийн 40 дугаар хуудас/ гэх мэдүүлгээр тогтоогдож байна. Иймд шүүгдэгчээс гаргуулах хохиролгүй болохыг дурдах нь зүйтэй.
Эрүүгийн хариуцлагын талаар: Шүүгдэгч Б.Д нь Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.2 дугаар зүйлд заасан эрүүгийн хариуцлага хүлээлгэх насанд хүрсэн, мөн хуулийн 6.3 дугаар зүйлд заасан хэрэг хариуцах чадвартай тул эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй байна.
Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5, 6.6 дугаар зүйлд заасан эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх болон хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй болно.
Шүүгдэгчийн хувийн байдал тогтоосон гэрч Д.Ж /хх-ийн 50-51 дүгээр хуудас/-ийн мэдүүлэг, эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас /хх-ийн 85 дугаар хуудас/, Увс аймгийн Хөдөлмөр, халамжийн үйлчилгээний газрын тодорхойлолт /хх-ийн 84 дүгээр хуудас/, Шүүх сэтгэц эмгэг судлалын дүгнэлт /хх-ийн 58-61 дүгээр хуудас/ зэрэг хэрэгт авагдсан нотлох баримтуудаар шүүгдэгч Б.Д нь урьд Увс аймаг дахь сум дундын шүүхийн 2013 оны 01 дүгээр сарын 02-ны өдөр 01 дүгээр шийтгэх тогтоолоор 2002 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 175 дугаар зүйлийн 175.2 дахь хэсэгт зааснаар 2 жил 1 хоногийн хугацаагаар хорих ял шийтгүүлж, уг хорих ялыг 1 жилийн хугацаагаар тэнссэн, амьжиргааны баталгаажих түвшингөөс доогуур орлоготой, архинд донтох эмгэгтэй болох нь тогтоогдож байна.
Шүүгдэгч Б.Д нь эрхэлсэн тодорхой ажилгүй, орлогогүй, амьжиргааны түвшингийн оноо 409-ээс доош байх тул прокурорын гаргасан “Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар 600 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 600’000 төгрөгөөр торгох ял оногдуулах” гэх саналыг хүлээн авах боломжгүй гэж дүгнэв.
Иймд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.1 дүгээр зүйлд заасан гэмт хэрэг үйлдсэн хүнийг цээрлүүлэх, нийгэмшүүлэх эрүүгийн хариуцлагын зорилгод нийцүүлэн Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Б.Д-т нийтэд тустай ажил хийлгэх ял оногдуулах үндэслэлтэй гэж дүгнэв.
Шүүгдэгч Б.Д нь энэ хэрэгт цагдан хоригдоогүй, хэрэгт битүүмжилсэн эд хөрөнгөгүй, шүүгдэгчээс гаргуулах хохирол, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардал байхгүй болохыг тус тус дурдаж, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан хайч 1 ширхэг, олс 1 ширхгийг шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болмогц тус тус устгаж, шүүгдэгчид өмнө авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болтол хэвээр хэрэглэхээр шийдвэрлэв.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4, 17.5 дугаар зүйл, 36.2 дугаар зүйлийн 1, 2, 4 дэх хэсэг, 36.6, 36.7, 36.8, 36.10 дугаар зүйлд тус тус заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:
1. Шүүгдэгч Ч овогт Б-ын Д-ыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан гэр бүлийн хүчирхийлэл үйлдэж хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.
2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Б.Д-ыг 540 /таван зуун дөч/ цаг нийтэд тустай ажил хийлгэх ялаар шийтгэсүгэй.
3. Ялтан Б.Д нь Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.4 дүгээр зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар нийтэд тустай ажил хийлгэх ялыг биелүүлээгүй бол биелүүлээгүй нийтэд тустай ажил хийлгэх ялын 8 /найм/ цагийг 1 /нэг/ хоногоор тооцож хорих ялаар солихыг дурдсугай.
4. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 1.8 дахь хэсэгт зааснаар хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан 1 ширхэг хайч, 1 ширхэг олсыг шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болмогц устгасугай.
5. Ялтан Б.Д нь энэ хэрэгт цагдан хоригдоогүй, хэрэгт битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, шүүгдэгчээс гаргуулах хохирол, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг тус тус дурдсугай.
6. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 14.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар ялтан Б.Д-т өмнө авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болтол хэвээр хэрэглэсүгэй.
7. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.1, 38.2 дугаар зүйлд зааснаар шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч шийтгэх тогтоолыг эс зөвшөөрвөл гардан авсан эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Увс аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг тайлбарласугай.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Б.МӨНХЗАЯА