Увс аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2020 оны 02 сарын 14 өдөр

Дугаар 36

 

 

Увс аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Б.Мөнхзаяа даргалан, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Г.Алтанлхам, улсын яллагч Увс аймгийн прокурорын газрын хяналтын прокурор Х.Энхтуул, шүүгдэгч Э.Н, шүүгдэгчийн өмгөөлөгч Б.Цагцалмаа нарыг оролцуулан тус шүүхийн хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар Увс аймгийн прокурорын газрын хяналтын прокурор Х.Энхтуулаас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Ш овогт Э-ийн Нт холбогдох 1935004980015 дугаартай эрүүгийн хэргийг 2020 оны 01 дүгээр сарын 27-ны өдөр хүлээн авч, хянан хэлэлцэв.

Шүүгдэгчийн биеийн байцаалт:

Монгол Улсын иргэн Ш ургийн овогт Э-ийн Н, 1995 оны 9 дүгээр сарын 21-ний өдөр Увс аймгийн Тариалан суманд төрсөн, 24 настай, эмэгтэй, бага боловсролтой, мэргэжилгүй, мал аж ахуй эрхэлдэг, ам бүл 4, нөхөр, хоёр хүүхдийн хамт Увс аймгийн Наранбулаг сумын 2 дугаар багт оршин суудаг, урьд ял шийтгүүлж байгаагүй, регистрийн дугаар: .....

Холбогдсон хэргийн талаар: /Яллах дүгнэлтэд дурдсанаар/

Шүүгдэгч Э.Н нь 2019 оны 12 дугаар сарын 16-ны өдөр Увс аймгийн Наранбулаг сумын эрүүл мэндийн төвийн 03 тоот өрөөнөөс хохирогч Н.Э-ын хүрэн цоохор өнгийн хатгамал даалинтай шүрэн толгойтой, халтар манан хөөргийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар хулгайлж 6’020’000 /зургаан сая хорин мянга/ төгрөгийн хохирол учруулсан гэх гэмт хэрэгт холбогджээ.

ТОДОРХОЙЛОХ нь:

Гэм буруугийн талаар: Шүүх хуралдаанаар 1935004980015 дугаартай эрүүгийн хэрэгт авагдсан бичгийн баримтуудыг тал бүрээс нь бүрэн бодитойгоор шинжлэн судлав. Үүнд:

1. Хохирогч Н.Э-ын “...2019 оны 12 дугаар сарын 16-ны өдрийн 18-19 цагийн хооронд эмч нарын өрөө болон гарч  бие засаж бусад өрөөнд орж гараад явж байгаад хамрын тамхи татах гээд дэрэн доороосоо хөөргөө хайгаад олдохгүй болохоор өөрийнхөө орыг тэр чигт хөдөлгөж хайгаад гарч ирэхгүй болохоор нь өрөөн дотроо болон хажуу хүнийхээ ор зэргийг нэгжээд олдохгүй болохоор нь сувилагч Норов гэх хүнд орон дээрээсээ хөөрөг алдсан талаараа хэлсэн...” /хх-ийн 17-19 дүгээр хуудас/,

2. Гэрч  Ө.Э-ийн “...Н.Э гэх хүн манай өрөөнд хөөргөө асууж орж ирж байсан  тэр өрөөнөөсөө хөөргөө алдсан гэж байсан ба эмнэлэг дотор нэлээн хайсан. Намайг хэвтэж байхад Н.Э гэх хүн надтай мэнд ус болоод нэг удаа хөөрөглөж, тамхи нэрж байсан...” гэх мэдүүлэг /хх-ийн 22 дугаар хуудас/,

3. Гэрч Э.А-ын “...Миний аав Ээтогтох 19 цаг өнгөрч байхад над руу утсаар залгаад би эмнэлэг дээр дэрэн доороосоо халтар манан хөөргөө хулгайд алдчихлаа. Эмнэлэг дотроос хайгаад олдохгүй байна гэж хэлсэн...” гэх мэдүүлэг /хх-ийн 23-24 дүгээр хуудас/,

4. Гэрч З.Н-ын “...18 цагийн үед тариагаа хийж дуусгаад өрөөндөө байж байтал 19 цагийн үед №3 тасагт хэвтэж эмчлүүлж байсан Н.Э гэх хүн өрөөнөөс даалинтай халтар манан хөөрөг алдагдсан гэж орж ирсэн. Би тухайн хүнийг дагуулж өрөөнд болон эмнэлгийн бусад өрөө, коридор зэргээр хайгаад олоогүй ба тэр өдөр хэвтэж байсан Б, Ц, Э, Н хүмүүст бид нараас өөр хүн байхгүй авсан хүн нь гаргаж өгөөрэй гэж хэлсэн...” гэх мэдүүлэг /хх-ийн 25-26 дугаар хуудас/,

5. Увс Финанс-Аудит ХХК-ий эд зүйл үнэлсэн тухай шинжээчийн 2019 оны 12 дугаар сарын 18-ны өдрийн “...хуучны үе дамжсан шүрэн толгойтой, мөнгөн нуухтай, дунд гарын шар халтар манан хөөргөний зах зээлийн үнэ цэний баримжаа 6’000’000 төгрөг, хөөргөний уут 20’000 төгрөг болохыг тодорхойлов” гэх 454 дугаартай дүгнэлт /хх-ийн 35 дугаар хуудас,

6. Шүүгдэгч Э.Н-ийн шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн “...Би Наранбулаг сумын эмнэлэгт хэвтээд эмчлүүлж байхдаа хохирогч Э-ын хөөргийг сонирхоод авсан. Миний авсан хөөргийг цагдаа надаас хурааж авсан. Би хохирогчоос уучлалт гуйж эвлэрсэн. Хулгай хийсэн үйлдэлдээ гэмшиж байна” гэх мэдүүлэг зэрэг болно.

Дээр дурдсан нотлох баримтуудыг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн байх бөгөөд эдгээр нь хоорондоо агуулгын зөрөөгүй, энэ хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, хэргийг эцэслэн шийдвэрлэхэд хангалттай байх тул шүүхийн шийдвэрийн үндэслэл болгон үнэлэв.

Мөн Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих байдлуудыг хангалттай шалгаж тогтоосон, мөрдөн шалгах ажиллагааны явцад оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрхийг хассан, хязгаарласан, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан шаардлагыг зөрчсөн гэх ноцтой зөрчил тогтоогдоогүй байх тул хэргийг эцэслэн шийдвэрлэх боломжтой гэж дүгнэв.

Шүүгдэгч Э.Н нь Увс аймгийн Наранбулаг сумын Эрүүл мэндийн төвд хэвтэн эмчлүүлж байхдаа 2019 оны 12 дугаар сарын 16-ны өдөр хохирогч Н.Э-ын дэрэн доороос хатгамал ширмэл даалин, шүрэн толгойтой халтар манан хөөргийг авсан үйлдэл нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан бусдын эд хөрөнгийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авсан гэх шинжийг хангаж байна. Иймд шүүгдэгч Э.Н-ийг хулгайлах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцох үндэслэлтэй байна.

Шүүгдэгч Э.Н нь амар хялбар аргаар мөнгө олох зорилгоор шунахай сэдэлттэй, шууд санаатайгаар гэмт үйлдэлдээ хандсан байх ба өөрийн үйлдлийн хууль бус шинжтэй болохыг ухамсарлаж түүнийг хүсч үйлдэж хохирол, хор уршигт зориуд хүргэсэн байх тул Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.3 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар гэм буруугийн санаатай хэлбэрээр гэмт хэрэг үйлдсэн гэж үзнэ.

Шүүгдэгч Э.Н нь гэм буруугаа хүлээн зөвшөөрч гэм буруугийн талаар маргаагүй болно.

Энэ гэмт хэргийн улмаас хохирогч Н.Э-д 6’020’000 /зургаан сая хорин мянга/ төгрөгийн буюу Эрүүгийн хуулийн ерөнхий 2.5 дугаар зүйлийн 4 дэх хэсгийн 4.3-т зааснаар бага хэмжээний хохирол учирсан байна. Шүүгдэгч Э.Н нь гэмт хэргийн улмаас учирсан хохирол, хор уршгийг нөхөн төлсөн болох нь “...Би алдсан хөөргөө хүлээн авлаа. Миний улаан шүрэн толгойтой, мөнгөн нуух, ясан халбага мөнгөн хаж, их бие нь шар халтар манан хөөрөгт ямар  нэгэн эвдрэл гэмтэл үүсээгүй яг байдгаараа байна. Хөөргөөс дутсан эд анги байхгүй бүгд бүрэн байна. ...Миний хөөргийг авсан гэх Э.Н гэх хүнээс нэхэмжлэх зүйл, хохирол байхгүй. Тэр хүнд гомдол санал байхгүй...” гэх хохирогч Н.Э-ын мэдүүлэг /хх-ийн 21 дүгээр хуудас/-ээр тогтоогдож байна. Гэмт хэргийн улмаас учирсан хохирол, хор уршиг арилсан байх тул шийтгэх тогтоолоор шүүгдэгчээс гаргуулах хохиролгүй болохыг дурдах нь зүйтэй.

Эрүүгийн хариуцлагын талаар: Шүүгдэгч Э.Н нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан хулгайлах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцогдсон, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.2 дугаар зүйлд заасан эрүүгийн хариуцлага хүлээлгэх насанд хүрсэн, мөн хуулийн ерөнхий ангийн 6.3 дугаар зүйлд заасан хэрэг хариуцах чадвартай тул түүнд эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй байна.

Шүүгдэгч Э.Н нь Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.2-д заасан “учруулсан хохирлыг төлсөн” гэх эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх нөхцөл байдал тогтоогдсон, мөн хуулийн ерөнхий ангийн 6.6 дугаар зүйлд заасан эрүүгийн хариуцлагыг хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй болно.

Шүүгдэгчийн хувийн байдал тогтоосон гэрч Э.С /хх-ийн 31 дүгээр хуудас/-ийн мэдүүлэг, гэрч Э.Г /хх-ийн 32 дугаар хуудас/-ын мэдүүлэг, эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас /хх-ийн 59 дүгээр хуудас/, Увс аймгийн Хөдөлмөр, халамжийн үйлчилгээний газрын тодорхойлолт /хх-ийн 61 дүгээр хуудас/, Увс аймгийн Наранбулаг сумын Алдар багийн Засаг даргын тодорхойлолт /хх-ийн 63 дугаар хуудас/, шүүгдэгчийн өмгөөлөгчийн шүүхийн хэлэлцүүлэгт гаргаж өгсөн С.А, Э.Н нарын гэрлэлтийн гэрчилгээ, А.С, А-ын Б нарын төрсний гэрчилгээний хуулбар зэрэг хэрэгт авагдсан нотлох баримтуудаар шүүгдэгч Э.Н анх удаа гэмт хэрэг үйлдсэн, 0-3 насны 2 хүүхэдтэй болох нь тогтоогдож байна.

Шүүхийн хэлэлцүүлэгт улсын яллагч “Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 260 цагийн нийтэд тустай ажил хийлгэх ял оногдуулах”, шүүгдэгчийн өмгөөлөгч “шүүгдэгч Э.Н-т 6 сарын хорих ял оногдуулж өгнө үү. Тухайн ялыг биечлэн эдлүүлэхгүйгээр Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоол биелүүлэхийг 6 сарын хугацаагаар хойшлуулж өгнө үү” гэх саналыг тус тус гаргасан байна.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 1.7 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт шүүх хэргийн бодит байдлыг талуудын мэтгэлцээний үндсэн дээр тогтоон гэж хуульчилсан тул шүүх улсын яллагч, өмгөөлөгчийн гаргасан саналын хүрээнд эрүүгийн хариуцлага оногдуулна.

Шүүгдэгчийн гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, гэмт хэргийн шинж, хохирол хор уршгийн хэмжээ нь хорих ял оногдуулах хэмжээний биш, улсын яллагчаас хорих ял оногдуулах санал гаргаагүй тул өмгөөлөгчийн саналыг хүлээн авах үндэслэлгүй байна.

Харин улсын яллагчийн гаргасан нийтэд тустай ажил хийлгэх ялын санал нь Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.1 дүгээр зүйлд заасан гэмт хэрэг үйлдсэн хүнийг цээрлүүлэх, гэмт хэргээс урьдчилан сэргийлэх, нийгэмшүүлэх эрүүгийн хариуцлагын зорилгод нийцсэн байх тул Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Э.Нт нийтэд тустай ажил хийлгэх ял оногдуулах үндэслэлтэй гэж дүгнэв.

Шүүгдэгч Э.Н нь энэ хэрэгт цагдан хоригдоогүй, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан болон битүүмжилсэн хөрөнгөгүй, шүүгдэгчээс гаргуулах хохирол, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй  болохыг тус тус дурдаж, түүнд өмнө авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болтол хэвээр хэрэглэхээр тогтов.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2 дугаар зүйлийн 1-4 дэх хэсэг, 36.6, 36.7, 36.8, 36.10 дугаар зүйлд тус тус заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Шүүгдэгч Ш овогт Э-ийн Н-ийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан бусдын эд хөрөнгө хулгайлах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Э.Н-ийг 240 /хоёр зуун дөч/ цаг нийтэд тустай ажил хийлгэх ялаар шийтгэсүгэй.

3. Ялтан Э.Н нь Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.4 дүгээр зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар нийтэд тустай ажил хийлгэх ялыг биелүүлээгүй бол биелүүлээгүй нийтэд тустай ажил хийлгэх ялын 8 /найм/ цагийг 1 /нэг/ хоногоор тооцож хорих ялаар солихыг дурдсугай.

4. Ялтан Э.Н нь энэ хэрэгт цагдан хоригдоогүй, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан эд зүйлгүй, битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, шийтгэх тогтоолоор ялтнаас гаргуулах хохирол, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг тус тус дурдсугай.

5. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 14.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар ялтан Э.Н-т өмнө авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болтол хэвээр хэрэглэсүгэй.

6. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.1, 38.2 дугаар зүйлд зааснаар шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч шийтгэх тогтоолыг эс зөвшөөрвөл гардан авснаас хойш, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Увс аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг тайлбарласугай.

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                     Б.МӨНХЗАЯА