| Шүүх | Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Баярсайханы Ундраа |
| Хэргийн индекс | 101/2016/08167/И |
| Дугаар | 101/ШШ2016/06202 |
| Огноо | 2016-10-13 |
| Маргааны төрөл | Бусад зээл, |
Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр
2016 оны 10 сарын 13 өдөр
Дугаар 101/ШШ2016/06202
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Б.Ундраа даргалж, тус шүүхийн танхимд хийсэн шүүх хуралдаанаар
Нэхэмжлэгч: Сүхбаатар дүүрэг, 1 дүгээр хороо, Чингисийн өргөн чөлөө 9, Скайтел плазад байрлах “Скайтел” ХХК /хуулийн этгээдийн регистрийн дугаар: 2576376/-ийн нэхэмжлэлтэй,
Хариуцагч: Баянзүрх дүүрэг, 6 дугаар хороо, 13 дугаар хороолол, к2 байр, 16 тоотод оршин суух, Сэргэлэн гүн овогт Сэр-Одын Ганчимэг /регистрийн дугаар: СТ73092605/-т холбогдох
Түрээсийн төлбөр 1,435,000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлтэй иргэний хэргийг хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд: нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчид Г.Хонгорзул, Г.Эрдэнэсувд, хариуцагч С.Ганчимэг, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Ундрах нар оролцов.
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэхэмжлэгч “Скайтел” ХХК шүүхэд гаргасан нэхэмжлэл болон итгэмжлэгдсэн төлөөлөгчид шүүх хуралдаанд гаргасан тайлбарт: “Скайтел” ХХК нь хариуцагч С.Ганчимэгтэй Скайтел-Теди үйлчилгээний төвийн 2 давхарт байрлах №18-7 тоот лангууг түрээслэхээр харилцан тохиролцож 2014 оны 10 дугаар сарын 24-ний өдөр 017 тоот бүхий “Гар утасны худалдаа эрхлэх лангуу ашиглах түрээсийн гэрээ”-г байгуулсан.
Талуудын хооронд байгуулагдсан гэрээ нь 2014 оны 10 дугаар сарын 24-ний өдрөөс эхлэн 2015 оны 10 дугаар сарын 24-ний өдөр хүртэл буюу 1 жилийн хугацаатай байгуулагдсан гэрээ бөгөөд түрээсийн төлбөрийг гэрээний 1.4-т заасны дагуу 410,000 төгрөг байхаар тохирсон.
Манай байгууллага нь түрээслэгч нартаа хөнгөлөлт үзүүлэх үүднээс 2015 оны 01-12 дугаар саруудын түрээсийн төлбөрийг 50 хувиар хөнгөлж 205,000 төгрөг болгон бууруулсан.
Гэтэл хариуцагч нь талуудын хооронд байгуулагдсан гэрээний 6 дугаар зүйлийн 6.4.4 дэх хэсэг болох “Түрээслэгч нь түрээсийн төлбөрийг гэрээнд заасан хугацаанд төлнө“ гэсэн заалтыг зөрчин 2015 оны 7-12 дугаар саруудын түрээсийн төлбөр буюу нийт 6 сарын түрээсийн төлбөр төлөөгүй.
Талуудын хооронд байгуулагдсан гэрээний 10.3-т “Түрээслэгч ямар нэгэн шалтгаан заахгүйгээр гэрээг дангаар цуцлах эрхтэй ба гэхдээ цуцлах тухай саналаа нэг сарын өмнө түрээслүүлэгч талд бичгээр мэдэгдэх үүрэг хүлээнэ” гэж заасан байтал түрээслэгч С.Ганчимэгээс нэг ч удаа гэрээ цуцлах агуулга бүхий мэдэгдлийг бичгээр ирүүлж байгаагүй.
Өдийг хүртэл хугацаанд С.Ганчимэг нь гэрээгээ цуцлах тухай саналаа бичгээр мэдэгдээгүй, мөн өөрийн буруугаас түрээсийн талбайгаа ашиглаж чадаагүй нь Иргэний хуулийн 318 дугаар зүйлийн 318.5 дахь зүйлийг үндэслэн 292 дугаар зүйлийн 292.4-т заасан “хөлслөн авагч өөрийн буруугаар эд хөрөнгийг ашиглаж чадаагүй бол хөлс төлөхөөс чөлөөлөгдөхгүй” гэсний дагуу хөлс төлөх үүргээс чөлөөлөгдөх үндэслэл болохгүй юм.
Бидний зүгээс “Үйл ажиллагаа явуулж, түрээсийн төлбөрөө төлөх” тухай мэдэгдлүүдийг оршин суугаа хаягаар нь явуулж байсан боловч хариу өгөөгүй. Мөн байгууллагын зүгээс түрээсийн төлбөрт маш олон удаа хөнгөлөлт үзүүлж, түрээслэгч нарт өөрсдийн зүгээс идэвхижүүлэлтийн ажиллагааг явуулж байсан боловч түрээсийн төлбөрийг төлөх талаар ямар нэгэн идэвхи санаачилга гаргаагүй болно.
Цаашид манай байгууллага түрээсийн талбайгаа хариуцагчаас өөр этгээдэд түрээслүүлж хохирлоо барагдуулах нь зүйн хэрэг учир ийнхүү талуудын хооронд байгуулагдсан гэрээний 4.8 дах заалт “Гэрээний талууд мэдэгдлийг түрээслэгч тал хүлээн аваагүй тохиолдолд түрээслэгч тал гэрээг дангаар цуцлах эрхтэй”, 6.1-д “түрээслэгч талаас энэхүү гэрээг чанд биелүүлэхийг шаардах эрхтэй бөгөөд биелүүлээгүй тохиолдолд гэрээнд заагдсаны дагуу хариуцлага тооцох, гэрээг цуцлах, үүссэн хохирлыг арилгуулах” гэж заасны дагуу гэрээгээ цуцлан, хохирлоо арилгуулах үндэслэлтэй билээ.
Иргэний хуулийн 326 дугаар зүйлийн 326.2-т заасны дагуу хариуцагч С.Ганчимэгээс түрээсийн төлбөр нийт 1,435,000 төгрөгийг гаргуулж өгнө үү гэв.
Хариуцагч С.Ганчимэг шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: 1,435,000 төгрөгийг нэхэмжлэгчид төлөхөөс татгалзаж байна. Би, Скайтел-Теди үйлчилгээний төвийн 2 дугаар давхарт байрлах 18-7 тоот, Гар утасны худалдаа эрхлэх лангуу ашиглах түрээсийн гэрээг “Скайтел” ХХК-тай байгуулсан бөгөөд энэхүү гэрээний 4.5-т “Түрээслэгч тал түрээсийн төлбөрийг хугацаандаа төлөөгүй тохиолдолд нэг удаа 100,000 төгрөгийн торгуулийг Түрээслэгч талд үл маргах журмаар төлөх бөгөөд давтан түрээсийн төлбөрөө төлөөгүй тохиолдолд түрээслүүлэгч талаас дангаар цуцална” гэж заасны дагуу 2015 оны 3 дугаар сарын түрээсийн төлбөрийг хугацаа хэтрүүлэн төлсөн учир торгууль болох 100,000 төгрөгийг “Скайтел” ХХК-ийн Худалдаа хөгжлийн банк дахь 499127337 тоот дансанд 2015 оны 3 дугаар сарын 12-ны өдөр үл маргах байдлаар тушаасан, мөн 2015 оны 7 дугаар сарын түрээсийн төлбөрийг төлөөгүй нь дээрх 4.5 дахь давтан түрээсийн төлбөр төлөөгүй тохиолдолд түрээслүүлэгч талаас дангаар цуцлана гэсний дагуу 2015 оны 7 дугаар сараар гэрээ цуцлагдсан гэж үзэж байна.
“Скайтел” ХХК нь гэрээнд албан ёсоор тусгаагүй ч Мобикомын Теди худалдааны төвтэй Скайтел-Теди худалдааны төвийг 2 давхраар чөлөөтэй дамжих байдлаар холбоно гэж түрээслэгч намайг илт төөрөгдөлд оруулж энэхүү гэрээг хийх байдалд хүргэсэн ба олон сарын түрээсийн төлбөр төлүүлж хохироосон. Энэ тухай зохин байгуулагчаас лавлахад удахгүй холбоно, манай шүүхэд хандсан ялахад ойрхон байгаа гэж худлаа мэдээлэл өгч хугацааг сунжруулан намайг тодорхой хэмжээний алдагдал хүлээхэд хүргэсэн.
Нэхэмжлэлд хавсаргасан харилцагчийн авлагын дэлгэрэнгүй гүйлгээ гэдэгт С.Ганчимэг миний 2015 оны 3 дугаар сарын 12-нд төлсөн торгуулийн баримтын талаар дурьдаагүй байгаа нь намайг болоод шүүхийг төөрөгдөлд оруулах гэсэн шинжтэй гэж үзэж байна.
С.Ганчимэг би 2014 оны 10 дугаар сараас 2015 оны 6 дугаар сарын дуустал нийт 9 сарын түрээсийн төлбөр төлөхөөс гадна худалдан авч ажиллуулан тодорхой хэмжээний цалингийн зардлаар хохирсон зэрэг нь “Скайтел” ХХК-иас худалдааны төвийн үйл ажиллагааг хэвийн болгож худалдан авагчдыг татах талаар хангалттай ажил хийгээгүйтэй холбоотой гэж үзэж байгаа зэрэг нь татгалзах шалтгаан болж байна.
Нэхэмжлэлийн шаардлагаас 2015 оны 7 дугаар сарын түрээсийн төлбөр 205,000 төгрөгийг төлөхийг зөвшөөрнө, үлдэх хэсгийг зөвшөөрөхгүй гэв.
Шүүх хуралдаанаар нэхэмжлэгчийн нэхэмжлэл, зохигчийн тайлбар, хэрэгт авагдсан бичгийн нотлох баримтуудыг шинжлэн судлаад
ҮНДЭСЛЭХ нь:
Нэхэмжлэгч “Скайтел” ХХК нь хариуцагч С.Ганчимэгт холбогдуулан холбогдуулан, Түрээсийн гэрээний үүрэгт 1,435,000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэл гаргасан бөгөөд хариуцагч нь нэхэмжлэлийн шаардлагыг эс зөвшөөрч маргаж байна.
Түрээслүүлэгч “Скайтел” ХХК болон түрээслэгч С.Ганчимэг нар нь “Скайтел” ХХК-ийн Скайтел-ТЕДИ үйлчилгээний төвийн 2 давхарт байрлах №18-7 тоот лангууг 1 жилийн хугацаатай, сард 410,000 төгрөгийн төлбөртэй түрээслүүлэхээр тохиролцож, 2014 оны 10 дугаар сарын 24-ний өдрийн Гар утасны худалдаа эрхлэх лангуу ашиглах түрээсийн гэрээг байгуулжээ.
Талуудын байгуулсан түрээсийн гэрээний 10 дугаар зүйлд гэрээг цуцлах талаар зохицуулсан байх бөгөөд гэрээг цуцлахаар тухайлан заасан тохиолдол гараагүй, улмаар гэрээний 3.2-т заасны дагуу гэрээний үйлчлэх хугацаа 12 сараар сунгагдсан байх тул нэхэмжлэгч нь түрээсийн гэрээний дагуу 2015 оны 7 дугаар сараас 12 дугаар сар хүртэл хугацаанд түрээсийн төлбөр гаргуулахаар шаардах эрхтэй байна.
Түрээслэгч С.Ганчимэг нь түрээсийн гэрээний хугацаанд лангуунд өдөр бүр тогтвортой үйл ажиллагаа явуулж байгаагүй нь зохигчдын тайлбараар тогтоогдож байх боловч түрээслэгч нь гэрээний 10.3-т заасны дагуу гэрээг цуцлах саналаа бичгээр гаргаагүй тул гэрээний хугацаанд төлөх түрээсийн төлбөрийг хариуцан төлөх үүрэгтэй.
Хариуцагч С.Ганчимэг нь түрээсийн төлбөрийг хугацаандаа төлөөгүйгээс Түрээсийн гэрээний 4.5-д заасны дагуу торгууль 100,000 төгрөгийг 2015 оны 3 дугаар сарын 12-ны өдөр “Скайтел” ХХК-д төлсөн болох нь хэрэгт авагдсан орлогын ордероор тогтоогдож байна. Гэвч түрээсийн гэрээг түрээслүүлэгч талаас дангаар цуцалсанд тооцох үндэслэлгүй байна. Өөрөөр хэлбэл, талуудын хооронд байгуулагдсан түрээсийн гэрээний 4.5 дахь заалт нь түрээслэгч түрээсийн төлбөрийг хугацаандаа төлөөгүйгээс торгууль төлөхийг зохицуулсан боловч түрээслэгч түрээсийн төлбөрөө давтан төлөөгүй тохиолдолд түрээслүүлэгч тал гэрээг дангаар цуцлах эрхийг зохицуулснаас бус гэрээг дангаар цуцалсанд тооцох заалт гэж үзэхээргүй байна.
Мөн түүнчлэн лангууг ажиллуулж, худалдаа үйлчилгээ явуулахад хүндрэлтэй байсан буюу үүнд нэхэмжлэгч “Скайтел” ХХК буруутай байсан гэж үзэх нөхцөл байдал нотлогдож тогтоогдоогүй тул хариуцагч нь түрээсийн төлбөр төлөх үүргээс чөлөөлөгдөхгүй.
“Скайтел” үйлчилгээний төвийн 2 дугаар давхрын утасны засвар, худалдаа үйлчилгээний төвийн түрээслэгчдэд 2015 оны 7-12 дугаар сар хүртлэх хугацаанд түрээсийн төлбөрийг 50 хувиар хөнгөлж, ирц 50 хувьд хүрээгүй түрээслэгчид хөнгөлөлт үзүүлэхгүй байх тухай “Скайтел” ХХК-ийн гүйцэтгэх захирлын 2015 оны 8 дугаар сарын 11-ний өдрийн А-657, мөн оны 9 дүгээр сарын 09-ний өдрийн А-708, 2016 оны 02 дугаар сарын 02-ны өдрийн А-99 дүгээр тушаалууд гарсан байх бөгөөд түрээслэгч С.Ганчимэг нь 2015 оны 7 дугаар сараас мөн оны 12 дугаар сарыг дуустал хугацаанд нийт 1,435,000 төгрөгийн төлбөрийн үлдэгдэлтэй болох нь хэрэгт авагдсан харилцагчийн авлагын дэлгэрэнгүй мэдээллээр тогтоогдож байна.
Иймд хариуцагч С.Ганчимэгээс 1,435,000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэгч “Скайтел” ХХК-ийн нэхэмжлэлийг бүхэлд нь хангаж шийдвэрлэв.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.1, 115.2.1 дэх хэсэг, 116, 118 дугаар зүйлүүдийг удирдлага болгон
ТОГТООХ нь:
1. Иргэний хуулийн 318 дугаар зүйлийн 318.1-д заасныг баримтлан, хариуцагч С.Ганчимэгээс 1,435,000 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгч “Скайтел” ХХК-д олгосугай.
2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 57.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-д тус тус зааснаар нэхэмжлэгч “Скайтел” ХХК-ийн шүүхэд нэхэмжлэл гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 37,910 төгрөгийг улсын төсвийн орлогод хэвээр үлдээж, хариуцагч С.Ганчимэгээс улсын тэмдэгтийн хураамжид 37,910 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгч “Скайтел” ХХК-д олгосугай.
3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 120 дугаар зүйлийн 120.2 дахь хэсгүүдэд зааснаар энэ шийдвэр нь танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд зохигч, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч нь шийдвэрийг эс зөвшөөрвөл түүнийг гардан авсан эсхүл хүргүүлсэн өдрөөс хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Б.УНДРАА