| Шүүх | Увс аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Баянгийн Мөнхзаяа |
| Хэргийн индекс | 177/2020/0056/э |
| Дугаар | 38 |
| Огноо | 2020-02-17 |
| Зүйл хэсэг | 17.1.2.1., |
| Улсын яллагч | Х.Энхтуул |
Увс аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол
2020 оны 02 сарын 17 өдөр
Дугаар 38
Увс аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Б.Мөнхзаяа даргалж, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Г.Алтанлхам, улсын яллагч Увс аймгийн прокурорын газрын хяналтын прокурор Х.Энхтуул, шүүгдэгчийн өмгөөлөгч Б.Ц, шүүгдэгч Д.Д нарыг оролцуулан тус шүүхийн хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар Увс аймгийн прокурорын газрын хяналтын прокурор Я.Динагаас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1-д заасан гэмт хэрэгт яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн А ургийн овогт Д-гийн Д-д холбогдох 1935000670035 дугаартай эрүүгийн хэргийг 2020 оны 01 дүгээр сарын 20-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.
Шүүгдэгчийн биеийн байцаалт:
Монгол улсын иргэн, А ургийн овогт Д-гийн Д, 1982 оны 01 дүгээр сарын 13-ны өдөр Увс аймгийн Тэс суманд төрсөн, 38 настай, эрэгтэй, бүрэн бус дунд боловсролтой, мэргэжилгүй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл 2, хүүхдийн хамт Увс аймгийн Тэс сумын 1 дүгээр багт оршин суух, урьд ял шийтгүүлж байгаагүй, регистрийн дугаар:..........
Холбогдсон хэргийн талаар: /яллах дүгнэлтэд бичигдсэнээр/ Шүүгдэгч Д.Д нь 2019 оны 02 дугаар сарын 09-өөс 10-нд шилжих шөнө тус аймгийн Улаангом сумын 7 дугаар баг, 009 тоот хашаанд байх гэрт нэвтэрч хохирогч Ж.Эгийн цүнхэнд байсан 200’000 /хоёр зуун мянга/ төгрөгийг хулгайлсан гэх гэмт хэрэгт холбогджээ.
ТОДОРХОЙЛОХ нь:
Гэм буруугийн талаар: Шүүх хуралдаанаар 1935000670035 дугаартай эрүүгийн хэрэгт авагдсан эд мөрийн болон бичгийн баримтуудыг тал бүрээс нь бүрэн бодитойгоор шинжлэн судлав. Үүнд:
1. Хохирогч Ж.Э-гийн “...Бид нар гэрт орох гээд гэрийнхээ үүдэнд очсон чинь гэрийн хаалганд зүүсэн хятад шар өнгийн цоож байхгүй байсан, хаалга хаалттай байхаар нь онгойлгоод орсон чинь гэрийн зүүн дээд талд таваг зассан ширээн дээр Алтан навчис тамхи 1 хайрцаг, нокиа утасны бүдүүн оролтой хар өнгийн цэнэглэгч 1 ширхэг, улаан шонхор тамхины хоосон хайрцаг 1 ширхгийг үлдээсэн байсан ба ширээн дээрх Увс нуур нэртэй архинаас жижиг мөнгөн аягаар архи уусан байдалтай байсан. Гэрийн баруун талын орон дээр байсан миний хар өнгийн гар цүнх нь дотор байсан шар цэцэгний зурагтай хар өнгийн түрийвчийг цүнхний аман дээр ил гаргаад онгорхой орхисон байхаар нь түрийвч дотор байсан мөнгөө тоолж үзэхэд 200’000 төгрөг дутсан. Миний түрийвчинд 850 гаруй мянган төгрөг байсан юм. Миний түрийвчинд байсан мөнгөнүүдийн ихэнх нь AZ гэсэн бичигтэй байгаа. Би түрийвчтэй мөнгийг тоолж үзээд 200’000 төгрөг дутахаар нь цагдаагийн байгууллагад утсаар дуудлага өгсөн юм. Манай гэрийн хаалганд зүүсэн байсан шар өнгийн хятад цоожийг гэрийн баруун хаяанд хаясан байлаа...” /хх-ийн 18-19 дүгээр хуудас/
“...Бид нар тэр шөнө гэрээсээ гарахдаа манай гэрийг хүү Э өөрийн гэрээ цоожилдог хятад шар өнгийн цоожоор цоожилсон бөгөөд түлхүүрийг надад авч ирж өгсөн. Би өөрийнхөө халаасандаа хийж авч явсан. Манай гэрийг цоожилдог хятад цоож нь ганц л түлхүүртэй бөгөөд тэр түлхүүрийг би өөрөөсөө салгадаггүй юм. ...Би байнга хэрэглэдэг хар өнгийн даавуун материалаар хийсэн ганцхан цүнхтэй бөгөөд тухайн шөнө өөрийнхөө цүнхний цахилгааныг нь татаж хаагаад авч явах гэж байгаад гэрийнхээ зүүн талын орон дээр орхиод мартаад гэрээсээ гараад явчихсан байна лээ. ...Би 2019 оны 02 дугаар сарын 12-ны өдөр 13:00 цагийн үед өөрийн дүү Ж.Б-гийн хамт гэртээ байж байтал манайд Д.Д нь согтуу орж ирээд надад “би таны цүнхнээс мөнгийг тань авсан, та цагдаад намайг хохиролгүй болгосон, гомдолгүй гэж хэлж өргөдлөө буцааж авч өгөөч ээ, би таны мөнгийг биеэрээ төлнө” гэж хэлсэн...” гэх мэдүүлэг /хх-ийн 20-21 дүгээр хуудас/,
2. Гэрч Ж.Б-гийн “...Би 2019 оны 02 дугаар сарын 12-ны өдөр 12:00-13:00 цагийн хооронд байх /цагийн сайн санахгүй байна/ өөрийн эгч Ж.Эгийн гэрт очоод байж байтал манайд Э эгчийн нөхөр талийгаач Б-ийн ахын хүү гэгч Д.Д нь согтуу орж ирээд Э эгчид “би таны цүнхнээс мөнгийг тань авсан, та цагдаад намайг хохиролгүй болгосон гомдолгүй гэж хэлж өргөдлөө буцааж авч өгөөч, би таны мөнгийг биеэрээ төлнө” гэж хэлсэн...” гэх мэдүүлэг /хх-ийн 25-26 дугаар хуудас/,
3. Насанд хүрээгүй гэрч Б.Э-ийн “...2019 оны 2 дугаар сарын 09-ээс 10-нд шилжих шөнө 01 цаг 30 минутын үед Б ахаар гэртээ хүргүүлж ирсэн. Бид нар гэр лүү ороход манай гэрийн цоожийг эвдээд манай гэр лүү хулгай орсон байсан бөгөөд гэрийн цоожийг манай жижиг задгай нүүрсний амбаарт байсан төмөр алхаар цохиж онгойлгосон байдалтай гэрийн хаяанд байсан. Тэгээд гэрт ороход манай гэрийн зүүн талд байсан орон дээрх ээжийн цүнх онгорхой, түрийвчийг нь онгорхой орхисон байсан. Манай ээж түрийвчтэй мөнгөө гаргаж тоолж үзээд 200’000 төгрөг хулгайлагдсан байна гэж хэлээд цагдаа дуудсан юм. Мөн тухайн гэмт хэрэг үйлдсэн хүн нь манай гэрийн ширээн дээр байсан Увс нуур гэх нэртэй архинаас архины жижиг мөнгөн аягаар хийж уусан байдалтай мөн ширээн дээр өөрийнхөө Алтан навчис гэх нэртэй задлаагүй бүтэн тамхи, мөн улаан шонхор гэх нэртэй тамхины хайрцаг 1 ширхэг, нокиа гар утасны бүдүүн цэнэглэгч зэргийг үлдээгээд явсан байсан юм...” гэх мэдүүлэг /хх-ийн 29-30 дугаар хуудас/,
4. Шүүгдэгч Д.Д-ын яллагдагчаар өгсөн “...2019 оны 2 дугаар сарын 09-ний орой 20:00 цагийн үед Улаангом суманд ирсэн юм. Би Улаангом суманд ирэхдээ Тэс сумаас золголт хийхэд бэлгэнд ирсэн Улаанбаатар гэх нэртэй 0.5 литрийн 1 шил архийг өвөртөлж явсан ба Улаангом сумын 7-р багийн нутагт байх өөрийн бэргэн эгч Ж.Э-гийн гэрт очиж золголт хийхээр тэдний гэр лүү явж байгаад замаараа Улаангом политехник коллежийн нарийн гудамж ороод өвөртөө авч явсан 1 шил архийг ганцаараа ууж дуусгачхаад цаашаа явсан юм. Тэгээд би дахиж архи уумаар санагдаад байхаар нь өөрийн эгч Н-ийн гэр лүү харьж эгчээс мөнгө авна гэж бодоод Улаангом политехник коллежийн урдаас галын дөрвөн замаар доошоо алхаад Улаангом сумын 9-р багт байх Цас тогтох хүнсний дэлгүүрийн хажууд явж байгаад эгчийнхээ гэрт согтуу орох юм бол загнуулах байх гэж бодоод буцаад Улаангом сумын 7-р баг Улаангом политехник коллежийн дээд талд байх Э эгчийнх рүү орж золгож тэднийхээс архи ууя гэж бодоод буцаж алхаад 22:00-22:30 цагийн хооронд байх /цагийг нь сайн санахгүй байна/ Э эгчийн гэрт очсон юм. Намайг тэдний хашааны гадна ирээд хашааны хаалгыг нь татахад онгорхой байсан. Хашаа руу ороод хашаан дотор байх гэрийн үүдэн дээр нь ирэхэд тэдний гэр цоожтой, гэрийн хаалгыг шар өнгийн цоожоор цоожилсон байсан юм. Тухайн үед согтуу байсан учраас Э эгчийн хашааны зүүн буланд байх нүүрсний амбаар луу очиход хаалга нь онгорхой байсан бөгөөд дотогш ороход нүүрсэн дээр нь хар өнгийн бариултай төмөр алх байсан. Би тэр алхыг аваад Э эгчийн гэрийн хаалганы цоожийг цохиж онгойлгоод цоож болон алхыг нь гэрийнх нь зүүн талын хаяа руу шидсэн юм. Тэгээд би дотогшоо ороход тэдний гэрийн баруун дээд буланд цагаан сарын таваг зассан байсан бөгөөд би уг ширээн дээр очиход ширээн дээр Увс нуур гэх нэртэй задалсан архи байсан бөгөөд хажууд нь жижиг мөнгөн аяга байсан. Тэгээд би архинаас жижиг мөнгөн аягаар 2 удаа архи дүүргэж уусан юм. Тэгчхээд би ширээн дээр өөрийн халаасанд явсан задлаагүй Алтан навчис гэх нэртэй 1 хайрцаг тамхи болон нокиа гар утасны цэнэглэгч, мөн дууссан байсан Улаан шонхор гэх нэртэй тамхины хоосон хайрцгийг ширээн дээр гаргаж тавьсан юм. Би гэрийн зүүн талд байх саарал өнгийн бүтээлэгтэй, диван орон дээр очиход Э эгчийн хар өнгийн даавуун цүнх байсан. Тэгэхээр нь би Э эгчийн цүнхэнд нь мөнгө байвал нэг шил архины мөнгө авъя гэж бодоод цүнхний цахилгааныг нь онгойлгоход цүнхэн дотор нь хар өнгийн түрийвч байхаар нь уг түрийвчийг онгойлгоход дотор талдаа олон жижиг тасалгаа байсан бөгөөд түрийвчний нэг хэсэгт нь бүхэл мөнгө болох 10’000, 20’000-ын мөнгөн дэвсгэртүүд байхаар нь би 20’000 төгрөгийн мөнгөн дэвсгэртээс нь 10 ширхгийг буюу 200’000 төгрөгийг авсан юм. Тэгчхээд би Э эгчийг хүрээд ирэх байх гэж бодоод тэдний гэрээс шууд гараад явчихсан юм...” /хх-ийн 83-85 дугаар хуудас/ гэх мэдүүлэг зэрэг болно.
Дээр дурдсан нотлох баримтуудыг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн байх бөгөөд эдгээр нь хоорондоо агуулгын зөрөөгүй, энэ хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, хэргийг эцэслэн шийдвэрлэхэд хангалттай байх тул шүүхийн шийдвэрийн үндэслэл болгон үнэлэв.
Мөн Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих байдлуудыг хангалттай шалгаж тогтоосон, мөрдөн шалгах ажиллагааны явцад оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрхийг хассан, хязгаарласан, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан журмыг зөрчсөн гэх ноцтой зөрчил тогтоогдоогүй байх тул хэргийг эцэслэн шийдвэрлэх боломжтой гэж дүгнэв.
Шүүгдэгч Д.Д нь 2019 оны 02 дугаар сарын 09-өөс 10-нд шилжих шөнө тус аймгийн Улаангом сумын 7 дугаар багийн 009 тоот хашаанд байрлах хохирогч Ж.Э-гийн гэрийн цоожийг эвдлэн нэвтрэн орж улмаар хохирогч Ж.Э-гийн цүнхнээс 200’000 /хоёр зуун мянга/ төгрөгийг нууц, далд аргаар шунахайн сэдэлтээр, хүч хэрэглэхгүйгээр авсан үйл баримт хөдөлбөргүй тогтоогдож байна.
Шүүгдэгч Д.Д-ын 200’000 төгрөгийг авсан үйлдэл нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан “бусдын эд хөрөнгийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авсан” гэх буюу хулгайлах гэмт хэргийн үндсэн шинжийг, хулгайлах гэмт хэрэг үйлдэхдээ хохирогч Ж.Эгийн гэрийн цоожийг эвдлэн орж байгаа нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1-д заасан “хүн байнга амьдрах зориулалттай орон байранд нэвтэрч” гэх гэмт хэргийн хүндрүүлэх шинжийг тус тус хангаж байна.
Өөрөөр хэлбэл хүний орон байрны халдашгүй байдал болон хуулиар хамгаалагдсан эд хөрөнгийн хувьд эзэмшигч, өмчлөгчийн зөвшөөрлөөр нэвтрэхээс бусад тохиолдолд түлхүүр тааруулах, багаж хэрэгсэл ашиглах буюу ашиглахгүйгээр цонх, хаалга, түгжээг эвдэх, цуургыг сугалах байдлаар орсон бол хууль бус нэвтрэлт гэж үзэж, хохирлын хэмжээг үл харгалзан энэхүү шинжээр хүндрүүлэн зүйлчлэн.
Гэмт хэргийн улмаас учирсан 200’000 төгрөгийн хохирол нь Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.5 дугаар зүйлийн 4 дэх хэсгийн 4.3-т заасан бага хэмжээний хохиролд хамаарах боловч Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн хуульчилсан тайлбарт “энэ зүйлийн 1 дэх хэсэгт заасан үйлдлийн улмаас бага хэмжээний хохирол учруулсан бол гэмт хэрэг үйлдсэн тооцохгүй. Энэ зүйлийн 2, 3 дахь хэсэгт энэ тайлбар хамаарахгүй” гэх тул шүүгдэгч Д.Д-ыг хүн байнга амьдрах зориулалттай орон байранд нэвтэрч хулгайлах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцох үндэслэлтэй байна.
Шүүгдэгч Д.Д нь амар хялбар аргаар мөнгө олох зорилгоор шунахай сэдэлттэй, өөрийн үйлдлийн хууль бус шинжтэй болохыг ухамсарлаж түүнийг хүсч үйлдсэн, хохирол, хор уршигт зориуд хүргэсэн байх тул Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.3 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар гэм буруугийн санаатай хэлбэрээр гэмт хэрэг үйлдсэн гэж үзнэ.
Шүүгдэгч Д.Д нь гэмт хэргийн улмаас учирсан хохирол, хор уршгийг нөхөн төлсөн болох нь “Иргэн Д овогтой Даас хураан авсан ...67’000 төгрөгийг ...хохирогч Ж.Эд өгч гарын үсэг зуруулав” гэх Эд зүйлд үзлэг хийж, хүлээлгэж өгсөн тэмдэглэл /хх-ийн 44 дүгээр хуудас/, “...Д.Д нь 2019 оны 3 дугаар сарын 05-ны өдөр надад учирсан хохирлын үлдэгдэл болох 133’000 төгрөгийг өгч учирсан хохирлыг барагдуулсан юм. Надад одоо ямар нэгэн санал хүсэлт байхгүй. Одоо би Д.Дд ямар нэгэн гомдол тэмцэл нэхэмжлэх зүйл байхгүй...” гэх хохирогч Ж.Эгийн мэдүүлэг /хх-ийн 22 дугаар хуудас/-ээр тогтоогдож байна. Гэмт хэргийн улмаас учирсан хохирол, хор уршиг арилсан байх тул шүүгдэгчээс гаргуулах хохирол, төлбөргүй гэж дүгнэв.
Эрүүгийн хариуцлагын талаар: Шүүгдэгч Д.Д нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1-д хэсэгт заасан хүн байнга амьдрах зориулалттай орон байранд нэвтэрч хулгайлах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцогдсон, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.2 дугаар зүйлд заасан эрүүгийн хариуцлага хүлээлгэх насанд хүрсэн, мөн хуулийн ерөнхий ангийн 6.3 дугаар зүйлд заасан хэрэг хариуцах чадвартай тул түүнд эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй байна.
Шүүгдэгч Д.Д нь Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.2-д заасан “учруулсан хохирлыг төлсөн” гэх эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх нөхцөл байдал тогтоогдсон, мөн хуулийн ерөнхий ангийн 6.6 дугаар зүйлд заасан эрүүгийн хариуцлагыг хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй болно.
Шүүгдэгчийн хувийн байдал тогтоосон гэрч Д.Н /хх-ийн 31-32 дугаар хуудас/-ийн мэдүүлэг, гэрч Д.Б /хх-ийн 33-34 дүгээр хуудас/-ийн мэдүүлэг, эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас /хх-ийн 101 дүгээр хуудас/ зэрэг хэрэгт авагдсан нотлох баримтуудаар шүүгдэгч Д.Д нь анх удаа гэмт хэрэг үйлдсэн болох нь тогтоогдож байна.
Шүүгдэгч Д.Д нь анх удаа гэмт хэрэг үйлдсэн, учруулсан хохирлыг нөхөн төлсөн, гэм буруугаа сайн дураараа хүлээн зөвшөөрсөн байх тул гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, гэмт хэргийн шинж, хохирол хор уршгийн хэмжээг харгалзан Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.3-т заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1-д зааснаар шүүгдэгч Д.Д-д 1 жилийн хугацаагаар хорих ял оногдуулах үндэслэлтэй гэж дүгнэв.
Увс аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 01 дүгээр сарын 29-ний өдрийн 2020/ШЗ/74 дугаартай захирамжаар шүүгдэгч Д.Д-ыг эрэн сурвалжилж Увс аймгийн цагдаагийн газрын эрүүгийн мөрдөгч, цагдаагийн ахлах дэслэгч Р.Ч Улаанбаатар хот руу явсан болон Улаанбаатар хотоос буцаж ирсэн болох нь Увс аймгийн Цагдаагийн газраас шүүхэд гаргаж өгсөн нотлох баримтаар тогтоогдож байх тул Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 11.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.3-д хэсэгт зааснаар шүүгдэгч Д.Даас шүүгдэгчийг эрэн сурвалжлахад гарсан зардалд 140’000 төгрөгийг гаргуулж Увс аймаг дахь Цагдаагийн газарт олгох үндэслэлтэй байна. Харин 60 литр А92 бензиний үнийг гаргуулах боломжгүй гэж дүгнэв. Учир нь 60 литр А92 бензин хэдэн төгрөгийн үнэтэй болохыг тогтоосон баримтгүй, нэхэмжилсэн үнийн дүн тодорхой биш байна.
Улсын яллагчаас гаргасан “Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгчээс гэмт хэрэг үйлдэж олсон ашиг 200’000 төгрөгийг гаргуулж улсын төсөвт шилжүүлэх санал”-ыг хүлээн авах үндэслэлгүй байна. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар гэмт хэрэг үйлдэж олсон орлогыг бусдад учруулсан хохирлыг нөхөн төлүүлэх зорилгоор албадан гаргуулахаар хуульчилсан байна. Шүүгдэгчийн 2019 оны 02 дугаар сарын 09-өөс 10-нд шилжих шөнө хулгайлсан 200’000 төгрөгөөс шүүгдэгчид үлдсэн 67’000 төгрөгийг хураан авч хохирогчид өгсөн, 133’000 төгрөгийг 2019 оны 3 дугаар сарын 05-ны өдөр хохирогчид төлсөн гэх үйл баримт тогтоогдсон.
Хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн төмөр алх 1 ширхгийг хохирогч Ж.Эд буцаан олгож, алтан навчис тамхи 1 хайрцаг, гар утасны бүдүүн оролттой цэнэглэгч 1 ширхэг, богино түрийтэй шар өнгийн хос гутал 1 ширхгийг тус тус шүүгдэгч Д.Дд буцаан олгож, улаан шонхор тамхины хайрцаг 1 ширхэг, цоож 1 ширхгийг шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болмогц устгах нь зүйтэй байна.
Шүүгдэгч Д.Д нь энэ хэрэгт цагдан хоригдсон 6 хоногийг эдлэх ялд нь оруулан тооцож, хэрэгт битүүмжилсэн эд хөрөнгөгүй, шүүгдэгчээс гаргуулах хохиролгүй болохыг тус тус дурдаж, түүнд өмнө авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болтол хэвээр хэрэглэхээр шийдвэрлэв.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2 дугаар зүйлийн 1-4 дэх хэсэг, 36.6, 36.7, 36.8, 36.10 дугаар зүйлд тус тус заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:
1. Шүүгдэгч А овогт Д-гийн Д-ыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1-д заасан хүн байнга амьдрах зориулалттай орон байранд нэвтэрч хулгайлах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.
2. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.3-т заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1-д зааснаар шүүгдэгч А овогт Д-гийн Д-д 1 /нэг/ жилийн хугацаагаар хорих ял шийтгэсүгэй.
3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт заасныг баримтлан шүүгдэгч Д.Д-д оногдуулсан 1 жилийн хугацаагаар хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлэхээр тогтоосугай.
4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Д.Д-ын энэ хэрэгт цагдан хоригдсон 6 /зургаа/ хоногийг эдлэх ялд нь оруулан тооцсугай.
5. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.8-д зааснаар хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн төмөр алх 1 ширхгийг хохирогч Ж.Э-д буцаан олгож, алтан навчис тамхи 1 хайрцаг, гар утасны бүдүүн оролттой цэнэглэгч 1 ширхэг, богино түрийтэй шар өнгийн хос гутал 1 ширхгийг тус тус шүүгдэгч Д.Д-д буцаан олгож, улаан шонхор тамхины хайрцаг 1 ширхэг, цоож 1 ширхгийг шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болмогц устгасугай.
6. Энэ хэрэгт битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, шүүгдэгчээс гаргуулах хохиролгүй болохыг тус тус дурдсугай.
7. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 11.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.3-т зааснаар шүүгдэгч Д.Д-аас шүүгдэгчийг эрэн сурвалжлахад гарсан зардалд 140’000 төгрөгийг гаргуулж Увс аймаг дахь цагдаагийн газарт олгосугай.
8. Шүүгдэгч Д.Дд өмнө авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болтол үргэлжлүүлсүгэй.
9. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.1, 38.2 дугаар зүйлд зааснаар шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч шийтгэх тогтоолыг эс зөвшөөрвөл гардан авсан эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Увс аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг тайлбарласугай.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Б.МӨНХЗАЯА