| Шүүх | Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Дашнямын Цогтсайхан |
| Хэргийн индекс | 182/2016/0570/и |
| Дугаар | 1870 |
| Огноо | 2016-11-14 |
| Маргааны төрөл | Бусад хуулиар, |
Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал
2016 оны 11 сарын 14 өдөр
Дугаар 1870
“Силверхорс” ХХК-ийн нэхэмжлэлтэй иргэний
хэргийн тухай
Нийслэлийн иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүх хуралдааныг Ерөнхий шүүгч Ж.Оюунтунгалаг даргалж, шүүгч А.Отгонцэцэг, Д.Цогтсайхан нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн давж заалдах шатны иргэний хэргийн шүүх хуралдаанаар
Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2016 оны 09 дүгээр сарын 19-ний өдрийн 182/ШШ2016/00570 дугаар шийдвэртэй,
Нэхэмжлэгч “Силверхорс” ХХК-ийн нэхэмжлэлтэй
Хариуцагч “Сандэй” ХХК-д холбогдох
Гэрээний үүрэгт 222 124 410 төгрөг гаргуулах тухай иргэний хэргийг
Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Д.Эрдэнэбаярын гомдлыг үндэслэн, шүүгч Д.Цогтсайханы илтгэснээр хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд:
Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч: А.Буянжаргал
Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч: Д.Эрдэнэбаяр
Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга: Ө.Ган-Өнөр нар оролцов.
Нэхэмжлэгч “Силверхорс” ХХК шүүхэд гаргасан нэхэмжлэл болон түүний итгэмжлэгдсэн төлөөлөгч А.Буянжаргал шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: 2008 оны 07 дугаар сарын 23-ны өдрийн “Худалдаа үйлчилгээний барилгын захиалагчтай хийх хөрөнгө оруулалтын гэрээ”-ний 3.2-т заасныг үндэслэн хугацаа хэтэрсэн нийт 1428 хоног /2010 оны 03 дугаар сараас 2014 оны 04 дүгээр сарын 03-ны өдрийг дуустал/-ийн алданги болох 111 198.36 ам.доллар /гэрээний нийт үнийн дүнгийн 20 хувиас 0.1 хувьтай тэнцэх хэмжээний алданги нь хоногт 77.87 ам.доллар болж байна /буюу гэрээ байгуулсан өдрийн Монголбанкны албан ёсны ханш 1 156.24 төгрөг байсан тул /111 198.36 ам.доллар х 1 156.24/ нийт 128 571 991 төгрөг, 2014 оны 10 дугаар сарын 08-ны өдөр барилгын талбайд хэмжилт хийх эрх бүхий байгууллагын №ЗГ19-136/13 тоот тусгай зөвшөөрөл бүхий “Инжкон” ХХК-иар хэмжилт хийлгэхэд гэрээнд зааснаас талбайн хэмжээ 35.89 м.кв-аар дутсан тул уг дутуу талбайн үнэ болох /1 м.кв 1890 ам.доллар нийт 67 832.1 ам.доллар/ 78 430 187 төгрөг, нийт 207 002 178 төгрөг гаргуулах юм. “Силверхорс” ХХК-ийн захирал И.Батбаяр нь анх 2008 оны 07 дугаар сарын 23-ны өдөр “Сандэй” ХХК-тай Худалдаа үйлчилгээний барилгын захиалагчтай хийх хөрөнгө оруулалтын гэрээ байгуулж, тус компанийн барьж буй худалдаа үйлчилгээний зориулалттай “Peace tower” цамхагийн 1-р давхрын 206 м.кв бүхий оффисын талбайг м.кв-ыг нь 1 890 ам.доллар буюу 2 184 840 төгрөг /1 ам.долларыг 1 156 төгрөгөөр тооцсон/-өөр худалдан авахаар тохиролцож гэрээ байгуулж байсан. Манай компанийн зүгээс хөрөнгө оруулалт буюу төлбөр тооцоог гэрээнд заасны дагуу цаг тухайд бүрэн төлж, төлбөр тооцоог гэрээнд заасан хугацаанд төлж дуусгасан боловч, захиалагч талын барилгын ажлын явц удааширч гэрээний 3 дугаар зүйлийн 3.1 дэх заалтын дагуу 2009 оны 4-р улиралд багтаан ашиглалтанд оруулж чадаагүй 2014 оны 04 дүгээр сарын 04-ний өдөр хүлээлгэж өгсөн юм.
Мөн захиалагч нь гэрээ дүгнэсэн акт болон үл хөдлөх эд хөрөнгийн гэрчилгээнд заасны дагуу 289.14 м.кв талбайг хүлээлгэн өгөх ёстой байтал эрх бүхий компаниар мэргэжлийн хэмжилтийг стандартын дагуу хийлгэхэд 253.25 м.кв байсан нь даруй 35.89 м.кв-аар талбайн хэмжээ дутсан. Анх гэрээ байгуулахдаа “Силвер Хорс” ХХК-ийн нэрээр биш захирал /Батбаяр өөрийнхөө нэрээр гэрээ байгуулж, урьдчилгаагаа төлж байсан. Барилга хүлээж авсан өдрөө гэрээгээ дүгнэхдээ компанийн нэр дээр болгосон. Гэхдээ урьд нь хийгдэж байсан төлбөр тооцоонууд бүгд анхны гэрээний дагуу хийгдэж, үүргээ гүйцэтгэж, тус гэрээг барилга ашиглалтанд орох хүртэл буюу 2014 оны 04 дүгээр сарын 04-н хүртэл мөрдөж байсан бөгөөд гэрээг дүгнэж, талбай хүлээлцэх өдөр иргэний нэр дээр байгуулсан гэрээг компани болгон сольсон юм.
Гүйцэтгэгч нь 2 жил гаруйн дараа ашиглалтанд өгч бидэнд ихээхэн хэмжээний хүндрэл учруулсанаас гадна талбайн хэмжээ дутуу байсан нь доголдолтой эд хөрөнгө шилжүүлж захиалагчийг хохироосон тул Иргэний хуулийн 222 дугаар зүйлийн 222.7 дахь заалт, 2008 оны 07 дугаарр сарын 23-ны өдрийн “Худалдаа үйлчилгээний барилгын захиалагчтай хийх хөрөнгө оруулалтын гэрээ”-ний 3.2-т заасны дагуу гэрээгээр тохиролцсон алданги болох 128 571 991.76 төгрөг, дутуу талбайн хэмжээ 35.89 м.кв тул уг талбайн үнэ болох /1 м.кв-1 890 ам.доллар нийт 67 832.1 ам.доллар/ 78 430 187 төгрөг, Нийт 207 002 178 төгрөгийг хариуцагч “Сандэй” ХХК-иас гаргуулж өгнө үү. Уг хэргийг хянан шийдвэрлэх явцад шүүгчийн захирамжаар томилогдсон Барилгын яамны харъяа байгууллага болох Барилгын хөгжлийн төвийн ажилтнууд шинжээчийн дүгнэлт гаргасан билээ. Нэхэмжлэгч нь шүүхэд нэхэмжлэл гаргахдаа өмнөх хийлгэсэн хэмжилтээ үндэслэн 209.51 м.кв гэж тооцон нэхэмжилсэн байдаг. Гэтэл тус дүгнэлтийн дагуу маргаж буй объектын нийт цэвэр талбай 202.59 м.кв гэсэн байх тул энэхүү дүгнэлтийг үндэслэн нэхэмжлэлийн 2 дахь шаардлага болох дутуу талбайн хэмжээг нийт 247.07 м.кв-аас 202.59 м.кв-ыг хасч 45.11 м.кв болгон өөрчилж, /209.51-202.59=6.92 м.кв зөрүү/ зөрүү үнэ болох /6.92 м.кв x 2 185 293.6 төг-өөр тооцоход/ нийт 15 122 231.7 төгрөг болж байх тул энэ хэмжээгээр нэхэмжлэлийн шаардлагаа өөрчлөн нэмэгдүүлж байна. Иймд нийт нэхэмжлэлийн үнийн дүн нь 222 124 410 төгрөгийг гаргуулж өгнө үү гэжээ.
Хариуцагч “Сандэй” ХХК шүүхэд гаргасан хариу тайлбартаа: “Сандэй” ХХК нь “Силверхорс” ХХК-д 2008 оны 07 дугаар сарын 23-ны өдрийн “Худалдаа үйлчилгээний барилгын захиалагчтай хийх хөрөнгө оруулалтын гэрээ”-ний дагуу /нийтийн эзэмшлийн талбайн хамт/ 247.07 м.кв талбайг барьж өгөхөөр тохирсон. Сандэй ХХК нь гэрээний дагуу нийтийн эзэмшлийн талбайн хамт 247.07 м.кв талбайг өмчлөгчид хүлээлгэн өгсөн. Уг талбайг хууль бусаар албадан борлуулаагүй бөгөөд хуулийн дагуу хоёр тал харилцан тохиролцож үнийн уян хатан нөхцөлтэй гэрээ байгуулсан. Тухайн үед талбайг хүлээн авахдаа хөрөнгө оруулагч тал нийтийн эзэмшлийн хамт гэж мэдэж байсан. Мөн “Peace tower” төв нь 2013 оны 12 дугаар сараас эхлэн ашиглалтанд орсон бөгөөд нэхэмжлэгч нь өөрөө эд хөрөнгө хүлээж авах үүргээ хугацаандаа биелүүлээгүй болно. Иймд нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрөхгүй байгаа тул нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.
Шүүх: Иргэний хуулийн 232 дугаар зүйлийн 232.6, 243 дугаар зүйлийн 243.1, 254 дүгээр зүйлийн 254.1 дэх хэсэгт заасныг баримтлан хариуцагч “Сандэй” ХХК-иас 222 124 410 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгч “Силверхорс” ХХК-д олгож, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1-д зааснаар улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн нэхэмжлэгч “Силверхорс” ХХК-ийн 1 268 582 төгрөгийг төсвийн орлогод хэвээр үлдээж, хариуцагч “Сандэй” ХХК-иас улсын тэмдэгтийн хураамжид 1 268 582 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч “Силверхорс” ХХК-д олгож шийдвэрлэжээ.
Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Д.Эрдэнэбаяр давж заалдах гомдолдоо: “...Нэхэмжлэгч 2008 оны 07 дугаар сарын 23-ны өдрийн “Худалдаа үйлчилгээний барилгын захиалагчтай хөрөнгө оруулалтын гэрээ”-ний 3.2-т заасныг үндэслэн хугацаа хэтэрсэн нийт 1428 хоног /2010 оны 03 дугаар сараас 2014 оны 04 дүгээр сарын 03-ны дуустал/-ийн алданги болох 111 198.36 ам.доллар /гэрээний нийт үнийн дүнгийн 20%-аас 0.1 хувьтай тэнцэх хэмжээний алданги хоногт 77.87 ам доллар болж байна/ буюу гэрээ байгуулсан өдрийн Монгол Банкны албан ёсны ханш 1 156.24 төгрөг байсан тул /111 198.36 ам.доллар х 1 156.24/ нийт 128 571 991.76 төгрөг нэхэмжилсэн байдаг. Гэтэл “... 2008 оны 07 дугаар сарын 23-ны өдрийн Худалдаа үйлчилгээний барилгын захиалагчтай хөрөнгө оруулалтын гэрээ”-ний 3.2-т заасныг үндэслэн хугацаа хэтэрсэн хоног тутамд гэрэний нийт үнийн дүнгийн 20 хувиас тооцон 0.1 хувьтай тэнцэх алданга Хөрөнгө оруулагчид төлнө...” гэж заасныг 2014 оны 04 дүгээр сарын 04-ний өдрийн шинэчилсэн гэрээгээр хассан ба энэ гэрээг И.Батбаяр “Сандэй ”ХХК-ийн хооронд харилцан тохиролцож “Силверхорс” ХХК болон “Сандэй” ХХК тамга дарж баталгаажуулсан хүчин төгөлдөр гэрээ байдаг. Үүнийг анхан шатны шүүх харгалзаж үзээгүй. Иргэний хуулийн 232 дугаар зүйл, 232.3 дахь хэсэгт “...хуульд өөрөөр заагаагүй бол анзын гэрээг бичгээр хийнэ...” .232.7 дахь хэсэгт “...Үүрэг гүйцэтгэгч үүргээ хугацаанд нь биелүүлээгүй тохиолдолд анз төлөхөөр гэрээнд заагаагүй бол үүрэг гүйцэтгүүлэгч анз шаардах эрхгүй бөгөөд учирсан хохирлоо арилгуулахыг шаардах эрхтэй...” гэж хуульчилсанг зөрчсөн. Мөн дээрх шинэчлэн байгуулсан 2014 оны 04 дүгээр сарын 04-ний өдрийн гэрээний харилцан тохиролцсон тохиролцооны нэг нь 2009 оны 02 дугаар сарын 11-ний өдрийн Худалдах, худалдан авах №09/02 тоот гэрээгэээр “Силверхорс” ХХК нь өөрийн охин компани болох New Kiwi Mongolia ХХК-аас Peace Tower нэг давхарт байрлах 206 м.кв үйлчилгээний байрны төлбөрт тооцож арматур төмөр өгөхөөр гэрээ байгуулсан байдаг... Маргаан бүхий талбайд 2014.10.08-ны өдөр “ИНЖКОН” ХХК-аар хэмжилт хийлгэсэн байдаг. Гэхдээ Орон сууцны доторх сууцны талбайг тооцох MNS6058:2009 стандартын дагуу дүгнэлт гаргасан байдаг бөгөөд энэ нь огт үндэслэлгүй байдаг. /хх-29-36 /
...Баянзүрх Сүхбаатар Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгчийн 2015 оны 11 дүгээр сарын 19-ний өдрийн №37601 тоот захирамжаар Барилга, хот байгуулалтын яамны харъяа, Барилгын хөгжлийн төвийн шинжээч томилж хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг түдгэлзүүлсэн байдаг. /хх 121-123/ Уг захирамжийн үндэслэх хэсэг Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 47 дугаар зүйлийн 47.1 дэх хэсэг, Шүүхийн шинжилгээний тухай хуулийн 17 дугаар зүйлд заасныг тус тус удирдлага болгосон байдаг. Мөн захирамжлах хэсгийн 3-д “...шинжээч нь дүгнэлт гаргахын өмнө Эрүүгийн хуулийн 254, 255 дугаар зүйлүүдтэй урьдчилан танилцахыг шинжээчид мэдэгдсүгэй...” гэжээ. Гэтэл Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 47 дугаар зүйлийн 47.2-т Шинжээч дүгнэлт хийж дүгнэлт гаргахдаа Шүүх шинжилгээний тухай хуульд зааасан журмыг баримтална гэж хуульчилж өгсөн атал 2016 оны 06 дугаар зүйлийн 20-ны өдрийн Барилгын хөгжлийн төвийн Шинжээчийн дүгнэлт Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 47 дугаар зүйлийн 47.2, Шүүхийн шинжилгээний тухай хуулийг зөрчиж хийгдсэн байна.
2016 оны 06 дугаар сарын 20-ны өдрийн Шинжээчийн дүгнэлтийн Дүгнэлт хэсгийн хариулт 2-т “...үйлчилгээний барилгын талбайн хэмжилтийг “BOSCH” лазер хэмжилтийн багаж болон туузан метрийн тусламжтай 2 удаа хэмжиж дунджаар авсан болно...” /хх 128-131/ гэтэл “BOSCH” лазер хэмжилтийн багаж болон туузан метрийн гомдлын 2.Б, 2В дэх хэсэгт заасан хууль болон стандартын шаардлага хангасан, баталгаажуулалтын гэрчилгээтэй багаж хэрэгсэл мөн эсэх талаар баримт хавтаст хэрэгт авагдаагүй байдаг.
Мөн 2016 оны 06 дугаар сарын 20-ны өдрийн Шинжээчийн дүгнэлтйн Дүгнэлт хэсгийн хариулт 2-т “...Дэд бүтцийн сайдын 2003 оны 252 дугаар тушаалаар батлагдсан “ Олон нийтийн иргэний барилгын ашигтай талбай, барилгын эзэлхүүн , барилгажих талбайн, барилгын давхрын тооцох 4 дүгээр хавсралтыг...” дурьдсан атлаа 4 дүгээр хавсралтын 2 дахь хэсэгт “...Барилгын ашигтай талбай нь тухайн барилгын өрөө тасалгаа, танхим, тагт, хөлийн өрөөний нийлбэр байна, мөн 4 дүгээр хавсралтын 3 дахь хэсэгт “...барилгын тооцоот талбайн хэмжээ хонгил, тамбур, хүзүүвч, шатны хонгил, цахилгаан шатны нүх, дотор задгай шат, инженерийн тоног төхөөрөмжийн өрөөнөөс бусад өрөө тасалгааны талбайн нийлбэр байна..” гэж заасныг тус тус оруулж хэмжээгүй байдаг.
Хэмжилт хийдэг компани болон хувь хүмүүс нь Аж ахуйн үйл ажиллагааны тусгай зөвшөөрлийн тухай, Хэмжлийн нэгдмэл байдлыг хангах тухай, Шүүх шинжилгээний тухай хуулиудын дагуу хэмжилт хийж дүгнэлт гаргах ёстой . Үүнийг анхан шатны шүүх харгалзан үзээгүй, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 38 дугаар зүйлийн 38.5 дахь хэсэг “...нотлох баримтыг гаргах, цуглуулах талаар хуульд заасан журмыг зөрчсөн бол тэдгээр нь нотлох чадвараа алдах бөгөөд шүүхийн шийдвэрийн үндэслэл болохгүй...” гэж заасан. Иймд шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож, хэргийг дахин шийдвэрлүүлэхээр буцааж өгнө үү” гэжээ.
ХЯНАВАЛ:
Анхан шатны шүүх маргааны үйл баримтыг бүрэн гүйцэд тогтоогдоогүй байхад нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлийг тодруулалгүйгээр хэргийг хянан шийдвэрлэсэн, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журмыг зөрчсөн байх тул шүүхийн шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх шаардлагыг хангаагүй байна.
Нэхэмжлэгч “Силверхорс” ХХК нь хариуцагч “Сандэй” ХХК-д холбогдуулан гэрээний үүргийг хугацаа хэтрүүлэн гүйцэтгэсний алданги 128 571 991 төгрөг, талбайн зөрүүд илүү төлсөн 78 430 187 төгрөг, нийт 207 002 178 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэл гаргаж, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад нэхэмжлэлийн шаардлагаа нэмэгдүүлж гэрээний үүргийг хугацаа хэтрүүлэн гүйцэтгэсний алданги 128 571 991 төгрөг, талбайн зөрүүд илүү төлсөн 93 552 418 төгрөг, нийт 222 124 410 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэл гаргасныг хариуцагч бүхэлд нь эс зөвшөөрч маргажээ.
Хэрэгт “Нью Киви Монголиа” ХХК, “Сандэй” ХХК-ийн хооронд 2008 оны 07 дугаар сарын 23-ны өдөр байгуулсан “Худалдаа үйлчилгээний барилгын захиалагчтай хийх хөрөнгө оруулалтын гэрээ”, “Силверхорс” ХХК, “Сандэй” ХХК-ийн хооронд 2014 оны 04 дүгээр сарын 04-ний өдөр байгуулсан 08/07/23 дугаартай “Худалдаа үйлчилгээний барилгын захиалагчтай хийх хөрөнгө оруулалтын гэрээ”, зохигчдын мөн өдөр гэрээ дүгнэсэн акт тус тус авагдсан байна. /хх 8-16/
Дээрх гэрээнүүд нь хоёр өөр хуулийн этгээдийн хооронд байгуулагдсан байх бөгөөд шүүх нэхэмжлэгчээс нэхэмжлэлийн шаардлагаа аль гэрээний дагуу гаргаж байгааг тодруулаагүйгээс зохигчдын гэрээний үүрэг гүйцэтгэсэн болон үүргийг зөрчсөн хугацаа, үүргийг хугацаа хэтрүүлэн гүйцэтгэснээс алданги тооцох үндэслэл зэрэг хэргийг шийдвэрлэхэд ач холбогдолтой нөхцөл байдлууд тогтоогдоогүй, түүнчлэн нэхэмжлэгчийн шаардах эрхээ шилжүүлсэн гэх үйл баримтад дүгнэлт өгөх боломжгүй байхад хэргийг хянан шийдвэрлэсэн нь учир дутагдалтай болжээ.
Нөгөөтэйгүүр, шүүх маргааны зүйл болох Peace Tower оффисийн барилгын 1 дүгээр давхарын 104 тоот өрөөний талбайд хэмжилт хийлгэхээр Барилга, хот байгуулалтын яамны харьяа Барилгын хөгжлийн төвийг шинжээчээр томилохдоо шинжээчийн ашиг сонирхлын зөрчилтэй эсэхийг тодруулж, эрх, үүргийг танилцуулж баримтжуулаагүйгээс гадна шүүхээс шинжээчээр томилогдсон тус төв нь өөр шинжээчийг томилон дүгнэлт гаргуулсан нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 47 дугаар зүйлийн 47.1, 47.2 дахь хэсэг, Шүүхийн шинжилгээний тухай хуулийн 9 дүгээр зүйлийн 9.1, 9.2, 17.6 дахь заалтад нийцээгүй, нотлох баримтыг гаргах, цуглуулах талаар хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны хуулиар тогтоосон журмыг ноцтой зөрчсөн гэж үзнэ.
Иймд хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гаргасан давж заалдах гомдлыг ханган, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 168 дугаар зүйлийн 168.1.7-д заасан үндэслэлээр шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож, хэргийг дахин хэлэлцүүлэхээр буцаах нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн дүгнэв.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.5, 168 дугаар зүйлийн 168.1.7-д заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ НЬ:
1. Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2016 оны 09 дүгээр сарын 19-ний өдрийн 182/ШШ2016/00570 дугаар шийдвэрийг хүчингүй болгож, хэргийг дахин шийдвэрлүүлэхээр мөн шүүхэд буцаасугай.
2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 59 дүгээр зүйлийн 59.3 дахь хэсэгт зааснаар шүүгчийн захирамжаар хариуцагч “Сандэй” ХХК-ийн давж заалдах гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 1 268 582 төгрөгийг буцаан олгосугай.
3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7 дахь хэсэгт зааснаар магадлалыг танилцуулан сонсгож, 7 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж, магадлалыг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд магадлалыг гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг дурдсугай.
ЕРӨНХИЙ ШҮҮГЧ Ж.ОЮУНТУНГАЛАГ
ШҮҮГЧ А.ОТГОНЦЭЦЭГ
Д.ЦОГТСАЙХАН