| Шүүх | Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Баасанжавын Зориг |
| Хэргийн индекс | 188/2017/0310/Э |
| Дугаар | 694 |
| Огноо | 2017-09-26 |
| Зүйл хэсэг | 091.1., |
| Улсын яллагч | А.Намдаг |
Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал
2017 оны 09 сарын 26 өдөр
Дугаар 694
Б.О-т холбогдох эрүүгийн
хэргийн тухай
Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч Ш.Бат-Эрдэнэ даргалж, шүүгч Ж.Эрдэнэчимэг, Б.Зориг нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанд:
прокурор А.Намдаг,
хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Ц.М, түүний өмгөөлөгч М.Энхжаргал,
шүүгдэгч Б.О, түүний өмгөөлөгч Т.Отгонсүрэн, Ж.Ганболд,
нарийн бичгийн дарга Ч.Хатанбаатар нарыг оролцуулан,
Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Л.Оюун даргалж, шүүгч Ц.Мөнх-Эрдэнэ, Ц.Дайрийжав нарын бүрэлдэхүүнтэй хийсэн шүүх хуралдааны 2017 оны 7 дугаар сарын 25-ны өдрийн 312 дугаар шийтгэх тогтоолыг эс зөвшөөрч шүүгдэгч Б.О-н өмгөөлөгч Т.Отгонсүрэн, Ж.Ганболд нарын хамтран, хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Ц.М-н гаргасан давж заалдах гомдлуудаар Б.О-т холбогдох эрүүгийн 201626023148 дугаартай хэргийг 2017 оны 9 дүгээр сарын 11-ний өдөр хүлээн авч, шүүгч Б.Зоригийн илтгэснээр хянан хэлэлцэв.
Л овогт Б.О, 19 оны 4 дүгээр сарын 1-ний өдөр .......хотод төрсөн, .. настай, эмэгтэй, бүрэн бус дунд боловсролтой, оёдолчин мэргэжилтэй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл 4, охин, хүргэн, зээ нарын хамт .................... тоотод оршин суух,
2014 онд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 99 дүгээр зүйлийн 99.2 дахь хэсэгт зааснаар 3 сарын хугацаагаар баривчлах ялаар шийтгүүлж, уг ялыг биечлэн эдэлсэн, /РД:/;
Б.О нь иргэн Ц.С-г онц харгис хэрцгий аргаар, хохирогчийг биеэ хамгаалж чадахгүй байгааг мэдсээр байж санаатай алсан гэмт хэрэгт холбогджээ.
Баянгол дүүргийн прокурорын газраас: Б.О-н үйлдлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 91 дүгээр зүйлийн 91.2.12, 91.2.15 дахь хэсэгт зааснаар зүйлчлэн яллах дүгнэлт үйлдэж, хэргийг шүүхэд шилжүүлжээ.
Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх: Прокуророос Б.О-т 2002 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 91 дүгээр зүйлийн 91.2.12-т зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн хэргийг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.19 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.1-д зааснаар цагаатгаж, 2015 оны Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.9 дүгээр зүйлийн 1-д зааснаар Баянгол дүүргийн прокурорын газраас Б.О-т 2002 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 91 дүгээр зүйлийн 91.2.15-д зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн гэмт хэргийг 2015 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 10.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.7 болгон өөрчилж, Б.О-г хохирогчийг биеэ хамгаалж чадахгүй болохыг мэдсээр байж хүнийг санаатай алсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, 2015 оны Шинэчлэн найруулсан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 10.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.7 дахь заалтад зааснаар Б.О-г 12 жил хорих ялаар шийтгэж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар түүнд оногдуулсан 12 жилийн хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар Б.О-н цагдан хоригдсон 216 хоногийг ял эдлэх хугацаанд оруулан тооцож, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 21.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.2, 1.4 дэх заалтад зааснаар хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан Сиди бичлэгийг уг хэргийг хадгалах хугацаа дуустал хэрэгт хадгалж, бэлтгэлийн өмд, оймс, дотуур өмд, дотоож, футболка, хөхөвч, даавуун өмд, гудасны гадар, хутга, гар утасны шатсан эд анги зэргийг устгаж, Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 508 дугаар зүйлийн 508.1 дэх хэсэгт зааснаар Б.О-с гэм хорын хохиролд 9.359.000 төгрөг гаргуулж, хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Ц.М-т олгож, өмгөөлөгчийн зардалд нэхэмжилсэн 3.000.000 төгрөгийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэжээ.
Шүүгдэгч Б.О-н өмгөөлөгч Ж.Ганболд, Т.Отгонсүрэн нар хамтран гаргасан давж заалдах гомдол болон тус шүүх хуралдаанд өмгөөлөгч Ж.Ганболд гаргасан тайлбартаа: “…Шүүгдэгч Б.О нь талийгаач С-н цээжний зүүн хөндий рүү хутгалж, амь насыг нь хохироосон болох нь хэрэгт авагдсан нотлох баримтуудаар хангалттай нотлогдохгүй байна.
Нэг: Мөрдөн байцаалтын шатанд гэрч О.Х-с мэдүүлэг авахдаа Үндсэн хуулийн 16 дугаар зүйл, Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 147 дугаар зүйлийн 147.4 дэх хэсэгт заасан эрх үүргийг танилцуулж тайлбарлалгүй байцаалт авсан, мөрдөн байцаалтад авагдсан О.Х-н байцаалт нь үнэн зөв эсэх, хуульд заасан журмын дагуу авагдсан эсэх нь эргэлзээтэй, харин шүүхийн шатанд гэрчээр үнэн зөв мэдүүлэг өгсөн гэж үзэж байна.
Гэрч О.Х-н шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн: "... 00 гарч гэртээ ороход аавын цээжнээс цус гарсан байдалтай, сандал дээр сууж байсан, талийгаачийн цус гарч байгаа газар нь хутга байгаагүй, ээж түргэн цагдаа дуудаач аав чинь өөрийгөө хутгаллаа хэнийг ч хамаагүй дуудаач гэж орилоод байхаар нь би сандраад гар утсаараа залгасан… тэгтэл аав газар хэвтсэн, зүүн гарт нь хутга байсан, …намайг анх нойлоос гэртээ ороход аавын цээжинд цустай байсан болохоор би айгаад хутгыг анзаараагүй байх... би цагдаад дуудлага өгөхдөө ээж аавын мөөмөн дээр хутгалчихлаа гэж хэлснээ санахгүй байна..." гэсэн мэдүүлэгт дүгнэлт хийхэд
1. Гэрч О.Х-н "...Нойлоос гарч гэртээ ороход аавын цээжнээс цус гарсан байдалтай, сандал дээр сууж байсан, талийгаачийн цус гарч байгаа газар нь хутга байгаагүй..." гэж мэдүүлсэн мэдүүлгээ үгүйсгэж "намайг анх нойлоос гэртээ ороход аавын цээжинд цустай байсан болохоор би айгаад хутгыг анзаараагүй байх..." гэсэн мэдүүлэг өгсөн нь талийгаач С-н цээжинд хутга байсан эсэхийг нотолж чадахгүй байна.
2. Хавтаст хэргийн 198 дугаар хуудсанд авагдсан "Мэдээлэл шуурхай удирдлагын төвөөс хуулбарлаж авсан сиди бичлэгт үзлэг хийсэн тэмдэглэлд: "...О.Х-с ээж нөгөө, ээж аавыг хутгалаад, зүрхэн дээр нь хутгалсан гэж хэлэхэд цагдаагаас хаана нь аль талд нь юм гэхэд мээмэн дээр нь зүүн талынх, цус нь гоожоод байна гэхэд..." гэжээ. Энэ тэмдэглэлийг талаар гэрч О.Х шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэг өгөхдөө: "...би айсандаа ийм зүйл хэлсэн байна. Би их айсан юу болж байгааг ойлгохгүй байсан, би ээжийгээ аавыг хутгалаагүй гэж бодож байна" гэсэн мэдүүлгээр сидиний бичлэг үгүйсгэгдэж байна. Гэрч О.Х-д шүүхийн хэлэлцүүлэгт хууль, сануулж авсан мэдүүлгийг бодит үнэнд тулгуурлаж авсан мэдүүлэг гэж үзэх үндэслэлтэй бөгөөд хүн сандрахдаа юу ч хэлсэн байхыг үгүйсгэхгүй юм.
3. Гэрч О.Х-н “би хажуу айл руу ороод гарч ирэхэд 1 минут болсон” гэсэн мэдүүлэг нь шүүгдэгч Б.О-н гэмт хэргийн ул мөрийг баллаж талийгаачийг хутгалсан гэх хутгыг арчаад талийгаачийн гарт бариулах цаг хугацаа болоогүйг харуулж байна. Гэмт хэрэг үйлдсэн этгээд нь сэтгэл санаа цочирдсон байдаг бөгөөд шүүгдэгч Отгонбаяр нь Х-г дуудаад улмаар түргэн цагдаа дуудуулж, эмнэлгийн тусламж үзүүлэхийг оролдсон зэргээс үзэхэд талийгаачийг хутгалах санаа зорилго харагдахгүй байна.
Хоёр: Гэрч Н.Э нь шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ "...Х орж ирээд уйлаад утсаа өгөөч түргэн дуудах гэсэн юм аав үхэх гээд байна гэж хэлэхээр нь би түүнд гар утсаа өгчихөөд өмдөө өмсөөд араас нь гэрт нь орсон… талийгаачийн наана Б.О суусан талийгаачийг өөрийгөө ингэчихлээ, цус нь тогтохгүй байна одоо яах вэ гээд уйлаад байсан би гэрийн үүднээс холдоогүй тэр хавьд байсан... намайг ороход талийгаач газар хэвтсэн ташаан дээрээ гартаа хутга барьсан байсан...” гэжээ.
Дээрх мэдүүлгээр Б.О нь талийгаач С-г хутгалаагүй болохыг нотолсон. Өөрөөр хэлбэл гэрч Н.Э нь гэрч О.Х-н араас шууд гэрт орж, хэргийн бодит байдлыг шууд газар дээр нь харсан. Б.О нь гэмт хэргийн ул мөрийг баллаж, талийгаачийг хутгалсан гэх хутгыг арчаад талийгаачийн гарт бариулах цаг хугацаа болоогүйг гэрчилж байна.
Гурав: Шинжээч эмч Ц.Ганболдын мэдүүлгийн талаар. "...Хүн өөрийнхөө цээжний зүүн хэсэгт зүүн гараараа хутгалах бэрхшээлтэй, би шинжилгээ хийх явцдаа... туршилт хийсэн цогцсон дээр үүссэн шарх нь 10 см урттай багажаар үүсгэгдсэн байсан учраас түүнээс урт хэмжээний багажаар туршилт хийхэд зүүн гараараа нэлээн төвөгтэй байдлаас өөрийгөө хутгалахаар байсан ба амь насаа егүүтгэх хэмжээний гэмтэл өөртөө учруулах нь хэцүү түүний сурсан дадсан хөдөлгөөн биш байна гэж үзсэн. Мөн “Баруун гараараа уг үйлдлийг хийсэн ч тухайн үед 3,3 проммил буюу хүнд зэргийн согтолттой байсан тул сурсан дадсан хөдөлгөөнөөр богино хугацаанд өөрийн амь насыг хохироох үйлдлийг өөртөө учруулах боломж багатай... Би шинжээчийн дүгнэлтдээ гэмтлийг баруунаас зүүн, урдаас хойш, доороос дээш чиглэлтэй гэж бичсэн байна. Харин шарх дээрээс доош чиглэлтэй байхад доороос дээш гэж дүгнэлтэд буруу бичсэн байна...” гэжээ.
Шинжээч эмч Ц.Ганболдын мэдүүлэгт дүгнэлт хийхэд: Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 23.5 дугаар зүйлд мөрдөн шалгах туршилт хийх журмыг зохицуулсан. Гэтэл шинжээч эмч Ц.Ганболдын туршилтыг ямар шинжлэх ухааны аргаар хийснээ үндэслэлтэй тайлбарлаж чадаагүй, өөрөөр хэлбэл амьд хүний хүчний үйлчлэлийг үхсэн хүн дээр хэрхэн туршиж болох... гэх мэт.
Мөн уг туршилтыг 10 см урттай багажаар хийгээгүй нь харагдаж байгаа тул хэргийн бодит байдалд нийцсэн туршилт хийсэн гэхэд эргэлзээтэй, шинжээчийн дүгнэлтээ өөрчлөн тайлбарлаж байгаа нь шинжлэх аргаар гаргасан дүгнэлт гэхэд эргэлзээтэй байна.
Дөрөв. Гэрч Д.А-н мэдүүлгийн талаар
Гэрч Д.А мөрдөн байцаалтад мэдүүлэхдээ: "...тэр хүний эхнэр гээд байгаа эмэгтэйгээс юу болсон талаар асуухад манай нөхөр бөө, утсаа шүүрч аваад гал руу хийсэн, манай нөхөр сандал дээр сууж байгаад өөрийгөө хутгалсан гэсэн..." гэжээ.
Гэрч Д.А-н мэдүүлэгт дүгнэлт хийхэд шүүгдэгч Б.О нь бусдыг хутгалчихлаа гэж хэлээгүй байх тул Б.О-н гэм буруугүй болохыг нотолж байгаа баримт юм. Харин шүүх гэрч Д.А-н мэдүүлгийн үнэлж байгаа нь ойлгомжгүй байна.
Түүнчлэн Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 10.2 зүйлийн 2 дах хэсэгт заасан "Энэ хуулийн 3.1 дүгээр зүйлийн 4 дэх хэсэгт заасан асуудлыг хянан шийдвэрлэсэн шүүгч анхан шатны, давж заалдах, хяналтын журмаар хэргийг хянан шийдвэрлэхэд оролцож болохгүй", мөн хуулийн 3.1 зүйлийн 4 дэх хэсэгт заасныг тус тус зөрчиж, шүүгдэгч Б.О-г цагдан хорьсон шүүгч Мөнх-Эрдэнэ нь шүүх бүрэлдэхүүнд орж хэргийг шийдвэрлэж, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг зөрчсөн. Иймд Б.О-н үйлдлийн улмаас С амь нас хохирсон болох нь хэрэгт авагдсан баримтуудаар хангалттай тогтоогдохгүй байх тул Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 1.15 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар хэргийг хэрэгсэхгүй болгож өгнө үү...” гэв.
Хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Ц.М давж заалдах гомдол болон тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “...Дүүгийн маань амь насыг санаатайгаар хохироосон Б.О-т анхан шатны шүүхээс 12 жилийн хорих ялыг жирийн дэглэмтэй хорих ангид элүүлэхээр шийдвэрлэсэн. Гэвч эрдэнэт хүний амь насыг хохироосондоо гэмшиж харуусах сэтгэлгүй, хуулийн байгууллагын өмнө гэм буруугаа хүлээж уучлалт гуйхгүй байгаад нь маш их гомдолтой байгаа төдийгүй Б.О-т оногдуулсан ял хөнгөдсөн гэж үзэж байна. Б.О нь өмнө нь ял эдэлж байсан бөгөөд үүндээ гэмшээгүй болох нь харагдаж байна. Өмгөөлөгч нар яагаад нотлох баримтгүй гээд байгааг ойлгохгүй байна. Хутга бол энэ хэргийн хамгийн том нотлох баримт. Миний дүү амин газраа хутга зоолгоод хэвтэж байсан. Ийм хүн хутгаа сугалж аваад арчаад суух боломжгүй. Иймд Б.О-т шүүхээс оногдуулсан хорих ялыг нь онцгой буюу чанга дэглэмтэй хорих ангид эдлүүлж өгнө үү...” гэв.
Хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Ц.М-н өмгөөлөгч М.Энхжаргал тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “...Анхан шатны шүүхийн шийтгэх тогтоол нь хэргийн бодит байдалтай нийцсэн тул хэвээр үлдээж өгнө үү...” гэв.
Прокурор А.Намдаг тус шүүх хуралдаанд гаргасан дүгнэлтдээ: “...Анхан шатны шүүхээс хэргийн бодит байдалд үндэслэл бүхий дүгнэлт хийж, Б.О-т ял шийтгэл оногдуулсан гэж үзэж байна. Шүүх хуралдаанд прокурорын зүгээс шүүгч Ц.Мөнх-Эрдэнийг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 3.1 дүгээр зүйлийн 4, 10.2 дугаар зүйлийн 2-т зааснаар татгалзан гаргах хүсэлт гаргасныг хэрэгсэхгүй болгож, шүүхийн тогтоол гаргасан. Энэ тогтоолд давж заалдах гомдол гаргах эрхгүй гээд шүүх хуралдааныг үргэлжлүүлсэн. Иймд анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолыг хэвээр үлдээх саналтай байна...” гэв.
ХЯНАВАЛ:
Давж заалдах шатны шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.1 дүгээр зүйлийн 1, 3 дахь хэсэгт зааснаар давж заалдах гомдолд заасан асуудлаар хязгаарлахгүйгээр хэргийн бүх ажиллагаа, шийдвэрийг бүхэлд нь хянаж үзлээ.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 3.1 дүгээр зүйлийн 4 дэх хэсэгт “Хэрэг бүртгэлт, мөрдөн байцаалтын явцад энэ хуулиар харьяалуулсан асуудлыг шүүх хянан шийдвэрлэнэ”, 10.2 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт “Энэ хуулийн 3.1 дүгээр зүйлийн 4 дэх хэсэгт заасан асуудлыг хянан шийдвэрлэсэн шүүгч анхан шатны, давж заалдах, хяналтын журмаар хэргийг хянан шийдвэрлэхэд оролцож болохгүй” гэж тус тус заажээ.
Хэрэгт авагдсан баримтаас үзэхэд Б.О-т холбогдох хэргийн мөрдөн байцаалтын ажиллагааны явцад шүүгч Ц.Мөнх-Эрдэнэ нь Б.О-г сэжигтнээр /хх 1-н 98/ цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээ авч, улмаар 2017 оны 3 дугаар сарын 20-ны өдөр яллагдагчаар /хх 1-н 177/ цагдан хорьж мөрдөх хугацааг сунгасан байна.
Гэтэл шүүгч Ц.Мөнх-Эрдэнэ нь тус хэргийг анхан шатны журмаар хянан хэлэлцэх шүүх хуралдаанд оролцож, хэргийг шийдвэрлэсэн нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.8 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.3 дахь заалтад заасан “энэ хуулийн 10.1, 10.2 дугаар зүйлд заасан эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд оролцож болохгүй шүүгч хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд оролцсон” бол Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн гэж үзэх үндэслэл болов.
Иймд шийтгэх тогтоолыг хүчингүй болгож, хэргийг дахин хянан хэлэлцүүлэхээр анхан шатны шүүхэд буцаах нь зүйтэй гэж давж заалдах шатны шүүх дүгнэлээ.
Шүүгдэгч Б.О-н өмгөөлөгч Ж.Ганболд, Т.Отгонсүрэн нарын хамтран гаргасан давж заалдах гомдлоос “...шүүгдэгч Б.О-г цагдан хорьсон шүүгч Ц.Мөнх-Эрдэнэ нь шүүх бүрэлдэхүүнд орж хэргийг шийдвэрлэж, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг зөрчсөн...” гэсэн хэсгийг хүлээн авч, бусад гомдлын үндэслэл болон давж заалдах гомдлуудыг тус тус хэлэлцээгүй орхисныг дурдах нь зүйтэй.