Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2017 оны 12 сарын 11 өдөр

Дугаар 910

 

Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч С.Төмөрбат даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны гуравдугаар танхимд нээлттэй хийж, “Ж” ХХК-ийн нэхэмжлэлтэй “№****** ашиглалтын тусгай зөвшөөрлийн талбайгаас хасагдсан талбайг буцаан сэргээж, тусгай зөвшөөрөлд тэмдэглэл хийхийг Ашигт малтмал, газрын тосны газрын Кадастрын хэлтэст даалгах” шаардлага бүхий Ашигт малтмал, газрын тосны газрын Кадастрын хэлтэст холбогдох захиргааны хэргийг хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч П.Ц, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Г.Э, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Тэмүүлэн нар оролцов. 

ТОДОРХОЙЛОХ нь:

Нэхэмжлэгч нь шүүхэд гаргасан нэхэмжлэл болон итгэмжлэгдсэн төлөөлөгч нь шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:

 “Ж” ХХК нь алтны шороон ордын №****** тоот ашиглалтын тусгай зөвшөөрлийг 2006 оны 9 сарын 12-ны өдөр “М” ХХК-иас шилжүүлэн авсан.

Харин “Гол мөрний урсац бүрэлдэх эх, усны сан бүхий газрын хамгаалалтын бүс, ойн сан бүхий газарт ашигт малтмал хайх, ашиглахыг хориглох тухай хууль”-ийн хамгаалалтын бүстэй уг ордын талбай давхцалтай гэсэн үндэслэлээр манай компанийг энэхүү ордод бүхэлд нь үйл ажиллагаа явуулахыг 2009 онд түдгэлзүүлж, улмаар 2011 оны “Хилийн заагийг хэсэгчлэн тогтоох тухай” 174-р тогтоолоор манай талбай хамгаалалтын бүсэд орж, 2012 оны 5 сарын 2-ны өдөр тухайн үеийн нэрээр Ашигт малтмалын газрын Геологи, уул уурхайн кадастрын хэлтсийн даргын 295 тоот шийдвэрээр тусгай зөвшөөрөл цуцлагдсан.

Геологи, уул уурхайн Кадастрын хэлтэс ийнхүү манай тусгай зөвшөөрлийг дээр дурдсанчлан “Гол мөрний урсац бүрэлдэх эх, усны сан бүхий хамгаалалтын бүс, ойн сан бүхий газарт ашигт малтмал хайх, ашиглахыг хориглох тухай хууль” болон энэхүү хууль хэрэгжих, үйлчлэх хүрээ хязгаар, хилийн заагуудыг тодорхойлсон Засгийн газрын 2011 оны 174-р тогтоолд тус тус үндэслэн цуцалсан.

Гэвч 2009 онд батлагдсан “Гол мөрний урсац бүрэлдэх эх, усны сан бүхий хамгаалалтын бүс, ойн сан бүхий газарт ашигт малтмал хайх, ашиглахыг хориглох тухай хуулийг дагаж мөрдөх журмын тухай хууль”-ийн 1-р зүйл нь Гол, мөрний урсац бүрэлдэх эх, усны сан бүхий газрын хамгаалалтын бүс, ойн сан бүхий газарт ашигт малтмал хайх, ашиглахыг хориглох тухай хуулийг дагаж мөрдөхөөс өмнө мөн хуулийн 4.3-т заасан хилийн заагийн дотор олгогдсон тусгай зөвшөөрөл эзэмшигч нь үйл ажиллагаагаа үргэлжлүүлэхийг хүсвэл 2015 оны 02 дугаар сарын 18-ны өдөр баталсан Гол, мөрний урсац бүрэлдэх эх, усны сан бүхий газрын хамгаалалтын бүс, ойн сан бүхий газарт ашигт малтмал хайх, ашиглахыг хориглох тухай хуулийг дагаж мөрдөх журмын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хууль хүчин төгөлдөр болсон өдрөөс хойш гурван сарын дотор геологи, уул уурхайн асуудал эрхэлсэн төрийн захиргааны байгууллагад өргөдөл гаргана. гэж 2015 оны 2-р сарын 18-ны өдөр өөрчлөгдсөн нь өмнө нь тухайн хориглогдсон талбайд тусгай зөвшөөрөл эзэмшигч энэхүү заалтын дагуу тухайн талбайдаа дахин үйл ажиллагаагаа явуулах боломжийг, тусгай зөвшөөрлөө буцаан авах эрхийг тус тус нээж өгсөн явдал юм.

Бид хуулийн энэхүү заалтын дагуу 3 сарын дотор Ашигт малтмалын газарт хандаж, ямар нэгэн хариу өгөөгүй тул түүнээс хойш ч олон удаа энэхүү цуцлагдсан тусгай зөвшөөрлөө сэргээлгэхийг хүссэн ч ямар нэгэн үр дүнд хүрэлгүй өнөөдрийг хүрсэн.

Мөн манай компанийн тусгай зөвшөөрлийн талбайгаас хасалт хийхдээ ямар нэгэн нөхөн олговор олгоогүй бөгөөд “Гол мөрний урсац бүрэлдэх эх, усны сан бүхий хамгаалалтын бүс, ойн сан бүхий газарт ашигт малтмал хайх, ашиглахыг хориглох тухай хуулийг дагаж мөрдөх журмын тухай хууль”-ийн 4-р зүйлд нөхөн олговор олголгүйгээр тусгай зөвшөөрлийг цуцлах, тусгай зөвшөөрлийн талбайг хасах боломжгүйгээр хуульчилсан байдаг. Хариуцагч байгууллага анх манай тусгай зөвшөөрлийг цуцлахдаа энэхүү хуулийн заалтыг шууд зөрчсөн гэж үзэж болно.

Иймд “Гол мөрний урсац бүрэлдэх эх, усны сан бүхий хамгаалалтын бүс, ойн сан бүхий газарт ашигт малтмал хайх, ашиглахыг хориглох тухай хуулийг дагаж мөрдөх журмын тухай хууль”-ийн 1-р зүйлд заасны дагуу нэхэмжлэгчийн №****** ашиглалтын тусгай зөвшөөрлийг сэргээж, тусгай зөвшөөрлийг буцаан олгохыг Ашигт малтмал, газрын тосны газрын Кадастрын хэлтэст даалгаж өгнө үү.” гэв.

Хариуцагч нь шүүхэд ирүүлсэн хариу тайлбар болон түүний итгэмжлэгдсэн төлөөлөгч нь шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: 

“1. “Ж” ХХК-д Баянхонгор аймгийн Гурванбулаг сумын нутаг Ихрийн ам нэртэй 77.09 га талбайд 2003 оны 01 дүгээр сарын 23-ны өдөр ашигт малтмалын ашиглалтын №****** дугаартай тусгай зөвшөөрөл анх олгосон байна.

2. Монгол Улсын Их Хурлаас 2009 оны 7 дугаар сарын 16-ны өдөр “Гол мөрний урсац бүрэлдэх эх, усны сан бүхий хамгаалалтын бүс, ойн сан бүхий газарт ашигт малтмал хайх, ашиглахыг хориглох тухай хууль”-ийг баталсан. Уг хуулийн 4 дүгээр зүйлийн 4.1 дэх хэсэгт “Монгол Улсын нутаг дэвсгэр дэх гол, мөрний урсац бүрэлдэх эх, усны сан бүхий газрын хамгаалалтын бүс, ойн сан бүхий газарт ашигт малтмал хайх, ашиглахыг хориглоно” гэж заасан.

Мөн хуулийн 4 дүгээр зүйлийн 4.3 дахь хэсэгт заасны дагуу ашигт малтмал хайх, ашиглахыг хориглосон гол, мөрний урсац бүрэлдэх эх, усны сан бүхий газрын хамгаалалтын бүс, ойн сан бүхий газрын хилийн заагийг Засгийн газрын 2011 оны 174 дүгээр тогтоолоор тогтоосон.

“Ж” ХХК-д Баянхонгор аймгийн Гурванбулаг сумын нутаг Ихрийн ам нэртэй талбайд орших №****** дугаартай ашигт малтмалын ашиглалтын тусгай зөвшөөрлийн талбай нь дээрх Засгийн газрын 174 дүгээр тогтоолоор тогтоосон газрын хилийн заагт хамаарагдсан тул ашигт малтмал ашиглах үйл ажиллагааг хуулиар хориглосон болно.

Ийнхүү хуулиар ашигт малтмал ашиглахыг хориглосон талбайд тухайн талбай хамаарагдсан тул Гол мөрний урсац бүрэлдэх эх, усны сан бүхий газрын хамгаалалтын бүс, ойн сан бүхий газарт ашигт малтмал хайх, ашиглахыг хориглох тухай хуульд зааснаар үйл ажиллагаа явуулах боломжгүй болж, тусгай зөвшөөрлийг цуцлах үндэслэл бүрдсэн.

Гол мөрний урсац бүрэлдэх эх, усны сан бүхий хамгаалалтын бүс, ойн сан бүхий газарт ашигт малтмал хайх, ашиглахыг хориглох тухай хуулийн 4 дүгээр зүйлийн 4.6 дахь хэсэгт заасны дагуу Засгийн газрын 2010 оны 11 дүгээр сарын 17-ны өдрийн 299 дүгээр тогтоолоор “Ашигт малтмалын хайгуулын болон ашиглалтын тусгай зөвшөөрөл эзэмшигчид нөхөх олговор олгох журам”-ыг баталсан. 

Уг журмын 3.4.2-т “тусгай зөвшөөрөл эзэмшигч гол мөрний урсац бүрэлдэх эх, усны сан бүхий газрын хамгаалалтын бүс, ойн сан бүхий газартай давхцалтай тусгай зөвшөөрлийн жагсаалтыг өдөр тутмын хэвлэлд нийтэлснээс хойш 90 хоногийн дотор нөхөх олговор авах хүсэлт гаргаагүй” бол тусгай зөвшөөрөл эзэмшигчид нөхөх олговор олгохгүй” гэж заасан.

Нэхэмжлэгч “Ж” ХХК нь заасан хугацаанд ашигт малтмалын ашиглалтын №****** дугаартай тусгай зөвшөөрөл дээрээ нөхөн олговор авах талаар хууль, журамд заасан хугацаанд албан хүсэлтээ ирүүлээгүй тул Ашигт малтмалын газраас хүсэлт гаргаагүй аж ахуйн нэрсийн хамт Ашигт малтмалын тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1.3-д заасан нөхөх олговрыг тусгай зөвшөөрөл эзэмшигчид “0” төгрөгөөр олгосонд тооцуулах тухай мэдэгдлийг Сангийн яаманд хүргүүлснийг хянан үзээд 2012 оны 03 дугаар сарын 21-ний өдрийн 3-2/1458 тоот албан бичгээр хүсэлтээ хугацаандаа гаргаагүй аж ахуйн нэгжүүдэд нөхөн олговор олгох үндэслэлгүй болохыг Ашигт малтмалын газарт /хуучин нэрээр/ мэдэгдсэн.

Тусгай зөвшөөрөл эзэмшигч нь цуцлагдах үндэслэлийг үгүйсгэсэн нотлох баримтыг дээр заасан хугацаанд төрийн захиргааны байгууллагад ирүүлээгүй тул дээр дурдсан хууль, Засгийн газрын тогтоолын хүрээнд Ашигт малтмалын газрын Геологи, уул уурхайн кадастрын хэлтсийн даргын 2012 оны 05 дугаар сарын 02-ны өдрийн 295 дугаар шийдвэрээр ашигт малтмалын ашиглалтын №****** дугаартай тусгай зөвшөөрлийг цуцалж шийдвэрлэсэн нь хууль ёсны захиргааны акт болно.

Дээрх “Ашигт малтмалын хайгуулын болон ашиглалтын тусгай зөвшөөрөл эзэмшигчид нөхөх олговор олгох журам”-ыг Ашигт малтмалын газар /тухайн үеийн нэрээр/ буюу төрийн захиргааны байгууллага өөрөө батлаагүй бөгөөд Засгийн газрын 2010 оны 299 дүгээр тогтоолоор батлагдсан эрх зүйн акт болно.

Ашигт малтмалын газар /тухайн үеийн нэрээр/ нь хэрэгжүүлэгч агентлаг болохынхоо хувьд УИХ-аас баталсан хууль, уг хуулийн хүрээнд гарсан Засгийн газрын тогтоолыг нэг мөр дагаж биелүүлэх, хэрэгжилтийг хангуулах үүрэгтэй ажиллаж байсан.

Тиймээс нэхэмжлэгчийн Засгийн газрын тогтоолтой маргаагүй хэр нь түүнийг биелүүлсэн төрийн захиргааны байгууллагыг буруутгаж байгааг хууль зүйн үндэслэлгүй гэж үзэж байна.

Дээрх үндэслэлүүдээр нэхэмжлэлийн шаардлага үндэслэлгүй байх тул “Ж” ХХК-ийн нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү.” гэв.

ҮНДЭСЛЭХ нь:

Нэхэмжлэгч “Ж” ХХК-иас Ашигт малтмал, газрын тосны газрын Кадастрын хэлтэст холбогдуулан гаргасан “№****** ашиглалтын тусгай зөвшөөрлийн талбайгаас хасагдсан талбайг буцаан сэргээж, тусгай зөвшөөрөлд тэмдэглэл хийхийг Ашигт малтмал, газрын тосны газрын Кадастрийн хэлтэст даалгах” шаардлага бүхий нэхэмжлэлийн хүрээнд хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа явуулж нэхэмжлэлийг бүхэлд нь хангаж шийдвэрлэлээ.

Анх Ашигт малтмал, газрын тосны хэрэг эрхлэх газрын Геологи, уул уурхайн кадастрын хэлтсийн албаны даргын /хуучин нэрээр/ 2006 оны 09 дүгээр сарын 12-ны өдрийн 924 дүгээр шийдвэрээр  Баянхонгор аймгийн Гурванбулаг сумын нутаг дахь Ихрийн ам нэртэй 77 гектар талбай бүхий ашигт малтмалын 5341А ашиглалтын тусгай зөвшөөрлийг “М” ХХК-иас “Ж” ХХК-д шилжүүлснийг бүртгэсэн байна.

Гол, мөрний урсац бүрэлдэх эх, усны сан бүхий газрын хамгаалалтын бүс, ойн сан бүхий газарт ашигт малтмал хайх, ашиглахыг хориглох тухай хуулийн 4 дүгээр зүйлийн 4.3 дахь хэсэгт Монгол улсын нутаг дэвсгэр дэх гол, мөрний урсац бүрэлдэх эх, усны сан бүхий газрын хамгаалалтын бүс, ойн сан бүхий газрын хил заагийг Засгийн газар тогтоохоор заасны дагуу Засгийн газрын 2011 оны 06 дугаар сарын 08-ны өдрийн 174 дүгээр тогтоолоор баталсан хилийн заагт “Ж” ХХК-ийн эзэмшиж буй ашигт малтмалын №****** ашиглалтын тусгай зөвшөөрлийн талбай бүхэлдээ хамрагдсан байна.

Улмаар Ашигт малтмалын газрын Геологи, уул уурхайн кадастрын хэлтсийн /хуучин нэрээр/ даргын 2012 оны 05 дугаар сарын 02-ны өдрийн 295 дугаар шийдвэрээр “Ж” ХХК-ийн  ашигт малтмалын №****** ашиглалтын тусгай зөвшөөрлийг цуцалсан байна.

Хариуцагч тал “...”Ж” ХХК нь ашигт малтмалын ашиглалтын №****** дугаартай тусгай зөвшөөрөл дээрээ нөхөн олговор авах талаар  хууль, журамд заасан хугацаанд албан хүсэлтээ ирүүлээгүй тул Ашигт малтмалын газрын Геологи, уул уурхайн кадастрын хэлтсийн даргын 2012 оны 295 дугаар шийдвэрээр ашигт малтмалын ашиглалтын №****** дугаартай тусгай зөвшөөрлийг цуцалж шийдвэрлэсэн тул нэхэмжлэлийн шаардлага үндэслэлгүй” гэж мэтгэлцсэн.

Гол мөрний урсац бүрэлдэх эх, усны сан бүхий хамгаалалтын бүс, ойн сан бүхий газарт ашигт малтмал хайх, ашиглахыг хориглох тухай хуулийн 4 дүгээр зүйлийн 4.6 дахь хэсэгт “... Ашигт малтмалын тухай хуулийн 56.1.3-т заасны дагуу тусгай зөвшөөрлийг цуцлахдаа уг тусгай зөвшөөрөл эзэмшигчид нөхөх олговор төлөх бөгөөд холбогдох журмыг Засгийн газар тогтооно” гэж заасны дагуу Засгийн газрын 2010 оны 11 дүгээр сарын 17-ны өдрийн 299 дүгээр тогтоолоор “Ашигт малтмалын хайгуулын болон ашиглалтын тусгай зөвшөөрөл эзэмшигчид нөхөх олговор олгох журам”-ыг баталсан байна. Уг журмын 3.4.2-т “тусгай зөвшөөрөл эзэмшигч гол мөрний урсац бүрэлдэх эх, усны сан бүхий газрын хамгаалалтын бүс, ойн сан бүхий газартай давхцалтай тусгай зөвшөөрлийн жагсаалтыг өдөр тутмын хэвлэлд нийтэлснээс хойш 90 хоногийн дотор нөхөх олговор авах хүсэлт гаргаагүй” бол тусгай зөвшөөрөл эзэмшигчид нөхөх олговор олгохгүй гэжээ.

Ашигт малтмалын тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1.3-т “хайгуулын болон уурхайн талбайг энэ хуулийн 13.1.3-т заасны дагуу нөөц болон тусгай хэрэгцээнд авч, эсхүл тухайн талбайд ашигт малтмал хайх, ашиглахыг хуулиар хориглож нөхөх олговрыг тусгай зөвшөөрөл эзэмшигчид бүрэн төлсөн” гэж заасны дагуу тусгай зөвшөөрөл эзэмшигчид нөхөн олговрыг бүрэн төлсөн тохиолдолд тусгай зөвшөөрлийг цуцлахаар зохицуулсан бөгөөд Гол мөрний урсац бүрэлдэх эх, усны сан бүхий хамгаалалтын бүс, ойн сан бүхий газарт ашигт малтмал хайх, ашиглахыг хориглох тухай хууль хэрэгжиж эхэлсэнтэй холбогдуулан тусгай зөвшөөрлөө цуцлуулсан нэг ч аж ахуйн нэгжид төрөөс нөхөн төлбөр олгоогүй, энэ нь өөрөө нийтэд илэрхий үйл баримт билээ.

Гол, мөрний урсац бүрэлдэх эх, усны сан бүхий газрын хамгаалалтын бүс, ойн сан бүхий газарт ашигт малтмал хайх, ашиглахыг хориглох тухай хуулийг дагаж мөрдөх журмын тухай хуулийн 1 дүгээр зүйлд “Гол, мөрний урсац бүрэлдэх эх, усны сан бүхий газрын хамгаалалтын бүс, ойн сан бүхий газарт ашигт малтмал хайх, ашиглахыг хориглох тухай хуулийг дагаж мөрдөхөөс өмнө мөн хуулийн 4.3-т заасан хилийн заагийн дотор олгогдсон тусгай зөвшөөрөл эзэмшигч нь үйл ажиллагаагаа үргэлжлүүлэхийг хүсвэл 2015 оны 02 дугаар сарын 18-ны өдөр баталсан гол, мөрний урсац бүрэлдэх эх, усны сан бүхий газрын хамгаалалтын бүс, ойн сан бүхий газарт ашигт малтмал хайх, ашиглахыг хориглох тухай хуулийг дагаж мөрдөх журмын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хууль хүчин төгөлдөр болсон өдрөөс хойш гурван сарын дотор геологи, уул уурхайн асуудал эрхэлсэн төрийн захиргааны байгууллагад өргөдөл гаргана” гэж 2015 оны 02 дугаар сарын 18-ны өдрийн хуулиар өөрчлөлт оруулжээ.

Хуульд орсон өөрчлөлтийн дагуу Засгийн газрын 2015 оны 07 дугаар сарын 07-ны өдрийн 289 дүгээр тогтоолоор Монгол улсын нутаг дэвсгэр дэх гол, мөрний урсац бүрэлдэх эхийн болон ойн сан бүхий газрын хилийн заагийг баталж, усны сангийн эргээс 50 метрт онцгой, 200 метрт энгийн хамгаалалтын бүсийг тэмдэгжүүлэх ажлыг зохион байгуулахыг аймаг, нийслэл, сум, дүүргийн Засаг дарга нарт даалган, Засгийн газрын 2011 оны 174, 2012 оны 194 дүгээр тогтоолын 2 дугаар хавсралтыг тус тус хүчингүй болсонд тооцжээ.

Ийнхүү Гол, мөрний урсац бүрэлдэх эх, усны сан бүхий газрын хамгаалалтын бүс, ойн сан бүхий газарт ашигт малтмал хайх, ашиглахыг хориглох тухай хуулиар тусгай зөвшөөрлөө цуцлуулсан аж ахуйн нэгж нь тусгай зөвшөөрлөө сэргээн авах эрх нээлттэй болсон байна. Мөн Ашигт малтмалын тухай хуулийн 13 дугаар зүйлийн 13.5-д “Нөөцөд авсан талбай энэ хуулийн 13.4-т заасан үндэслэлээр чөлөөлөгдсөн тохиолдолд урьд нь уг талбайд хайгуулын болон ашиглалтын тусгай зөвшөөрөл эзэмшиж байсан этгээд тухайн талбайг үргэлжлүүлэн эзэмших давуу эрх эдэлнэ” гэж заасны дагуу хуулинд өөрчлөлт орсноор нэхэмжлэгч компани тусгай зөвшөөрлөө сэргээн эзэмших онцгой бүрэн эрхтэй болно.

 Нэхэмжлэгч “Ж” ХХК нь цуцлагдсан талбайгаа сэргээн авахаар хүсэлт гаргаж байсан болох нь хэрэгт авагдсан бичгийн нотлох баримт болох 2015 оны 03 дугаар сарын 25-ны өдөр 015/024 дугаар албан бичгээр тогтоогдож байна.  

Хариуцагчаас  шүүхэд гаргасан нэхэмжлэгч “Ж” ХХК-ийн ашигт малтмалын №****** ашиглалтын тусгай зөвшөөрлийн талбай бүхий газар нь бүхэлдээ усны сан бүхий газрын хамгаалалтын бүс болох 200 метр газарт хамаарахгүй болох нь газрын тойм зургаар нотлогдож байгаагаас гадна хэргийн оролцогчид тэдгээрийн төлөөлөгч нар ашигт малтмалын №****** ашиглалтын тусгай зөвшөөрлийн талбай бүхий газар нь Гол, мөрний урсац бүрэлдэх эх, усны сан бүхий газрын хамгаалалтын бүс, ойн сан бүхий газарт ашигт малтмал хайх, ашиглахыг хориглох тухай хуулийн усны сан бүхий газрын хамгаалалтын  бүсэд хамаарахгүй болсон эсэх талаар маргаагүй болно.  

Дээрх нөхцөл байдлуудыг нэгтгэн дүгнэхэд хариуцагч нэхэмжлэгч “Ж” ХХК-ийн ашигт малтмалын ашиглалтын тусгай зөвшөөрлийн талбайг сэргээн эзэмших хүсэлтийг хууль бус үндэслэлээр татгалзсаны улмаас нэхэмжлэгчийн эрх, хууль ёсны ашиг сонирхол нь зөрчигдсөн байх тул  ашигт малтмалын №****** ашиглалтын тусгай зөвшөөрлийн талбайг бүхэлд нь буцаан сэргээж, тусгай зөвшөөрөлд тэмдэглэл хийхийг хариуцагч Ашигт малтмал, газрын тосны газрын Кадастрын хэлтэст даалгаж шийдвэрлэх нь зүйтэй гэж шүүх дүгнэлээ. 

 

              Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.1, 106.3.4, 106.3.12 дахь хэсгийг удирдлага болгон ТОГТООХ нь: 

 

1. Ашигт малтмалын тухай хуулийн 13 дугаар зүйлийн 13.5, 56 дугаар зүйлийн 56.1.3, Гол мөрний урсац бүрэлдэх эх, усны сан бүхий хамгаалалтын бүс, ойн сан бүхий газарт ашигт малтмал хайх, ашиглахыг хориглох тухай хуулийн 4 дүгээр зүйлийн 4.3, 4.6 дахь хэсэг, Гол, мөрний урсац бүрэлдэх эх, усны сан бүхий газрын хамгаалалтын бүс, ойн сан бүхий газарт ашигт малтмал хайх, ашиглахыг хориглох тухай хуулийг дагаж мөрдөх журмын тухай хуулийн 1 дүгээр зүйлийг тус тус баримтлан нэхэмжлэгч “Ж” ХХК-ийн нэхэмжлэлийг бүхэлд нь хангаж, ашигт малтмалын №****** ашиглалтын тусгай зөвшөөрлийн талбайг бүхэлд нь буцаан сэргээж, тусгай зөвшөөрөлд тэмдэглэл хийхийг хариуцагч Ашигт малтмал, газрын тосны газрын Кадастрын хэлтэст даалгасугай. 

2. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 47 дугаар зүйлийн 47.2, 51 дүгээр зүйлийн 51.1-д заасныг тус тус баримтлан нэхэмжлэгч нараас улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 70200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагчаас 70200 төгрөг гаргуулан нэхэмжлэгч “Ж” ХХК-д олгосугай.

3. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 114 дүгээр зүйлийн 114.1 дэх хэсэгт заасны дагуу хэргийн оролцогч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч шүүхийн шийдвэрийг эс зөвшөөрвөл гардан авсан өдрөөс хойш арван дөрөв хоногийн дотор Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэйг дурдсугай. 

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ             С.ТӨМӨРБАТ