| Шүүх | Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Дашдоржийн Золзаяа |
| Хэргийн индекс | 101/2016/07521/и |
| Дугаар | 101/ШШ2016/05627 |
| Огноо | 2016-09-02 |
| Маргааны төрөл | Гэм хор учруулснаас гаргуулсан эд хөрөнгийн хохирол, |
Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр
2016 оны 09 сарын 02 өдөр
Дугаар 101/ШШ2016/05627
| 2016 оны 09 сарын 02 өдөр | Дугаар 101/ШШ2016/05627 | Улаанбаатар хот |
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Д.Золзаяа даргалж, шүүгч Л.Энхжаргал, Т.Энхжаргал нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар,
Нэхэмжлэгч: Улаанбаатар хот, Хан-Уул дүүрэг, 0 дугаар хороо, гудамж АШ 1 дүгээр байр 8 тоотод оршин суух Р.Ө-ын нэхэмжлэлтэй,
Хариуцагч: Улаанбаатар хот, Баянзүрх дүүрэг, 0 дугаар хороо, 1 дугаар гудамж 7 тоотод оршин суух Д.Б-д холбогдох
Гэм хорын хохирол 12.500.000 төгрөг гаргуулах тухай иргэний хэргийг хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд нэхэмжлэгч Р.Ө, хариуцагч Д.Б, иргэдийн төлөөлөгч С.Ц, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга С.Тэмүүлэн нар оролцов.
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэхэмжлэгч Р.Ө шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “... Би эхнэр М.Отай 2000 онд танилцаад гэр бүл болж 2005 онд охиноо төрүүлж 2010 онд хүүгээ төрүүлээд эвтэй найртай сайхан гэр бүл болоод амьдарч байтал 2013 оны хавар Д.Б гэгч регистрийн дугаартай залуу бидний гэр бүлийг үймүүлж, миний эхнэр Отай хамт амьдрах болж, миний өмч болох 5 ханатай гэрийг минь хашаанаас нүүлгэн авч Баянхошуунд айлын хашаанд барьж амьдарч байсан. 2014 оны 07-р сард миний өмч болох 5 ханатай гэрийг минь бусдад зарж устгаад нийтийн байранд М.Отай хамт амьдарч байсан. 2014 оны 09-р сард хамтран амьдарч байсан М.Ог нийтийн байранд хаяж яваад Д.Б нь <<Чиний эхнэртэй амьдрах хугацаа дууссан одоо эхнэрээ ав>> гэж хэл амаар доромжилсон.
2014 оны 11-р сарын 04-нд Дүүргийн Иргэний хэргийн анхан шатны 1-р шүүхэд нэхэмжлэл гаргасан боловч удаа дараа хаягандаа байдаггүй гээд шүүхээс нэхэмжлэлийг 2 удаа буцаасан. 2015 оны 3-р сарын 4-ны өдөр тус шүүхэд дахин нэхэмжлэл гаргаж улсын тэмдэгтийн хураамжинд 70.200 төгрөг төлж, эрэн сурвалжлуулсан. 2015 оны 3-р сарын 30-ны 2210 тоот шүүхийн шийдвэр гарч хариуцагч Д.Бг Тахарын ерөнхий газар, эрэн сурвалжлах мөрдөн шалгах газарт шилжүүлсэн. Тахарын албаны ажилтан Рэнцэнбадам шүүхийн шийдвэр нь очиж 1 жил гаруй хүлээсэн боловч сураг алдрахаар нь 2016 оны 04-р сард өөрийн биеэр Тахарын албаны ажилтантай уулзаж, хамтдаа шүүхэд нэхэмжлэл гаргасан хаягын дагуу очсон. Хариуцагч Д.Б нь гэр бүлийн хамт хаягандаа амьдардаг боловч шүүхийн зарлан дуудах хуудсыг буцаадаг байсан тодорхой болж, тахарын албаны ажилтан Рэнчинбадам өөрийгөө танилцуулж хаягандаа байдагт нь тэмдэглэл хөтлөсөн. Одоо шүүхэд нэхэмжлэлээ гаргаж болно шүүхийн зарлан дуудах хуудсыг хаягандаа байхгүй гээд буцааж сурсан нөхөр байна гэсэн. Би эхнэр 2 хүүхдийн хамт аз жаргалтай амьдарч байтал Б гэгч нөхөр гэр бүл үймүүлж, бидний амьдралыг тараагаад одоо өөрөө гэр бүлтэйгээ хамт амьдарч байх юм. Би амьдрал, гэр бүлээрээ хохирч өөр дээрээ 2 өнчин эхгүй хүүхдүүд авч үлдээд амьдарч байна. Бидний амьдрал дундуур орж гэр бүл үймүүлж 2 хүүхдийг өнчин болгож, сэтгэл санааны нөхөж баршгүй хохирол учруулсан тул 10.000.000 төгрөг, 5 ханатай гэртээ 2.500.000 төгрөг нийт 12.500.000 төгрөгийг хариуцагчаас нэхэмжилж байгаа тул гаргуулж өгнө үү. Мөн шүүхэд нэхэмжлэл гаргахад төлсөн улсын тэмдэгтийн хураамж болох 214.950 төгрөгийг хариуцагчаас гаргуулж өгнө үү” гэв.
Хариуцагч Д.Б шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “... Дэжид овогтой Б би нэхэмжлэгч Өын нэхсэн мөнгийг төлж өгч чадахгүй, амьдралын боломж муутай байна” гэв.
Шүүх хуралдаанаар зохигчдын тайлбар, хэрэгт авагдсан нотлох баримтуудыг хэлэлцээд
ҮНДЭСЛЭХ нь:
Нэхэмжлэгч Р.Ө нь хариуцагч Д.Бд холбогдуулан сэтгэл санаа, эд хөрөнгийн гэм хорын хохирол 12.500.000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлага гаргасныг хариуцагч Б.Б хүлээн зөвшөөрөхгүй гэж маргаж байна.
Шүүх нэхэмжлэлийн шаардлагыг хангах үндэслэл тогтоогдсонгүй гэж дүгнэв.
Нэхэмжлэлд хариуцагч Д.Бг 2013 оны хавар гэр бүл үймүүлж, эхнэр Отай хамт амьдрах болж, 5 ханатай гэрийг хашаанаас нүүлгэн авч амьдарч байгаад бусдад зарсан, хоёр хүүхэд өнчрүүлсэн тул сэтгэл санааны хохирол 10.000.000 төгрөг, 5 ханатай гэрийн үнэ 2.500.000 төгрөг, нийт 12.500.000 төгрөг гаргуулахыг шаардаж, 2005 оны 02 дугаар сарын 08-ны өдөр төрсөн охин Ө.Н, 2010 оны 05 дугаар сарын 01-ний өдөр төрсөн хүү Ө.Н нарын төрсний гэрчилгээ болон гэрлэлт цуцлалтын бүртгэлийн лавлагааг тус тус хавсаргажээ /хх-4, 6/.
Хариуцагч Д.Б нь нэхэмжлэгч Р.Өын эхнэр М.Отай 2013-2014 онуудад хамтран амьдарч байсан, энэ хугацаанд М.О 5 ханатай гэрээ авч нүүснийг тус тус шүүхэд үгүйсгэж маргаагүй боловч нэхэмжилсэн хохирлыг хариуцахгүй, 5 ханатай гэрийг М.О өөрөө зарсан гэж тайлбарлаж байна.
Нэхэмжлэлд хавсаргасан гэрлэлт цуцлалтын бүртгэлийн лавлагаанаас үзэхэд Р.Ө, М.О нар 2006 оны 03 дугаар сарын 12-ны өдөр гэрлэж, Сонгинохайрхан дүүргийн шүүхийн 2009 оны 04 дүгээр сарын 21-ний өдрийн 0 дүгээр шийдвэрээр гэрлэлтээ цуцлуулсан байна.
Гэр бүлийн тухай хуулийн 3 дугаар зүйлийн 3.1.1-д "гэрлэлт" гэж хуулиар тогтоосон насанд хүрсэн эрэгтэй, эмэгтэй хоёр, сайн дурын, чөлөөтэй, тэгш эрхийн үндсэн дээр гэр бүл болох зорилгоор хуульд заасны дагуу төрийн эрх бүхий байгууллагад бүртгүүлэхийг, 3.1.2-т "гэр бүл" гэж гэрлэлтийн үр дүнд буй болсон, эд хөрөнгийн бус амины болон эд хөрөнгийн эрх, үүргээр холбогдсон хамтын амьдрал бүхий гэр бүлийн гишүүдийг, 3.1.3-т "гэрлэгчид" гэж гэрлэлтээр холбогдсон харилцан тэгш эрх эдэлж, адил үүрэг хүлээх нөхөр, эхнэрийг тус тус ойлгохоор заасан байна.
Дээрх хуулийн зохицуулалтын дагуу нэхэмжлэгч Р.Ө, эхнэр М.О нарын гэрлэлт 2009 оны 04 дүгээр сарын 21-ний өдөр цуцлагдсанаар уг хугацаанаас эхлэн тэднийг гэр бүл, гэрлэгчид гэж үзэх боломжгүй болжээ. Иймд хариуцагч Д.Б нь нэхэмжлэгчийн эхнэр байсан М.Отай тодорхой хугацаанд хамтран амьдарч байсан үйлдлийг нэхэмжлэгч Р.Өын гэр бүл үймүүлсэн буруутай гэж дүгнэх үндэслэлгүй юм.
Түүнчлэн нэхэмжлэлд дурдсан 5 ханатай гэрийн хохирол 2.500.000 төгрөгтэй холбоотой ямар нэгэн баримтыг нэхэмжлэгч шүүхэд гаргаагүй тул Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.2.2, 38 дугаар зүйлийн 38.1-д зааснаар нэхэмжлэгч нэхэмжлэлийн шаардлага, түүний үндэслэлийн талаарх нотлох баримтаа өөрөө гаргаж өгөх, цуглуулах үүргээ биелүүлээгүй гэж үзнэ.
Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1-д зааснаар бусдын эрх, амь нас, эрүүл мэнд, нэр төр, алдар хүнд, ажил хэргийн нэр хүнд, эд хөрөнгөд хууль бусаар санаатай буюу болгоомжгүй үйлдэл /эс үйлдэхүй/-ээр гэм хор учруулсан этгээд уг гэм хорыг хариуцан арилгах үүрэгтэй гэж заасан байна.
Хэрэгт авагдсан баримтууд, зохигчдын тайлбараар хариуцагч Д.Б нь нэхэмжлэгч Р.Өын сэтгэл санаа, эд хөрөнгө /5 ханатай гэр/-д гэм хор учруулсан гэх байдал тогтоогдоогүй тул шүүхээс нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэв.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.1, 115.2, 115.2.3, 116, 118 дугаар зүйлүүдэд заасныг удирдлага болгон
ТОГТООХ нь:
1. Иргэний хуулийн 510 дугаар зүйлийн 510.1 дэх хэсэгт заасан үндэслэл тогтоогдоогүй тул хариуцагч Д.Бгаас сэтгэл санаа, эд хөрөнгийн гэм хорын хохирол 12.500.000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэгч Р.Өын нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгосугай.
2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-д зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид урьдчилсан 214.950 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.
3. Зохигчид, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч шүүхийн шийдвэрийг гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор Нийслэлийн иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэйг дурдсугай.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Д.ЗОЛЗАЯА
ШҮҮГЧИД Л.ЭНХЖАРГАЛ
Т.ЭНХЖАРГАЛ