Төв аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол

2020 оны 03 сарын 04 өдөр

Дугаар 2020/ШЦТ/77

 

2020 оны 03 сарын 04-ны өдөр                              2020/ШЦТ/77                                          Зуунмод сум

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

Төв аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Т.Батжаргал даргалж,

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Г.Ган-Эрдэнэ,

Улсын яллагчаар Аймгийн Прокурорын газрын хяналтын прокурор П.Даваасүрэн,

Хохирогч Л.Эрхбаяр,

Хохирогчийн өмгөөлөгч Б.Энх-Амгалан,

Шүүгдэгчийн өмгөөлөгч И.Отгонсүрэн,

Шүүгдэгч Б.Д нарыг оролцуулан тус шүүхийн хуралдааны танхимд нээлттэй хийж,

Төв аймгийн Прокурорын газрын хяналтын прокуророос Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн шүүгдэгч Х н Б Д-д холбогдох эрүүгийн 2034000230034 дугаартай, 1 хавтас хэргийг 2020 оны 1 дүгээр сарын 28-ны өдөр хүлээн авч, хянан хэлэлцэв.

Шүүгдэгчийн биеийн байцаалт:

Монгол улсын иргэн, Х Н Б.Д, 1995 оны 11 дүгээр сарын 30-ны өдөр Төв аймгийн Зуунмод сумын төрсөн, 24 настай, эрэгтэй, яс үндэс халх, тусгай дунд боловсролтой, холбооны инженер мэргэжилтэй, Хилийн 0164 дүгээр ангид холбооны инженер ажилтай, ам бүл 3, эхнэр, хүүхдийн хамт Төв аймгийн Батсүмбэр сумын 3 дугаар баг Хонхрын 1-11 тоотод оршин суух, улсаас авсан гавьяа шагнал, урьд ял шийтгэлгүй, хэрэг хариуцах чадвартай, 95113011 регистрийн дугаартай.

Холбогдсон хэргийн талаар:

Шүүгдэгч Б.Д нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогджээ.ТОДОРХОЙЛОХ нь:

 

Шүүхийн хэлэлцүүлгээр яллах, цагаатгах болон бусад бичгийн нотлох баримтуудыг шинжлэн судлав. Үүнд:

Шүүхийн хэлэлцүүлэгт:

Шүүгдэгч Б.Д-гийн өгсөн: Би 2019 оны 12 дугаар сарын 28-ны өдөр Улаанбаатар хотоос гараад Төв аймгийн Батсүмбэр суманд Мөнхтулгын гэрт эхнэр хүүхдийн хамт ирсэн. Тэгээд хоол, унд хийж идээд юм яриад сууж байтал Мөнгөнтулга хадмынд очиж хүүхдээ авна хамт яваад өгөөч гэж гуйхаар нь би машинтайгаа Мөнгөнтулгын хамт хадмынх нь гэр рүү явсан. Замаараа дэлгүүрээс тамхи авна гээд явсан боловч онгорхой дэлгүүр байхгүй байхаар нь танидаг дүү Эрхбаяр руу залгаж тамхи байна уу гэж асуухад Эрхбаяр Дундголын дэлгүүрийн үүдэнд байна гэж хэлсэн. Тэгэхээр нь би Мөнгөнтулгатай очиход хоёр найзтайгаа архи уугаад дууслаа дахиж нэмж ууя гэж байсан. Тэгэхээр нь би архи байгаа юм уу гэж асуугаад байхгүй юм шиг болохоор нь Мөнгөнтулгын хадмынх руу явж байтал араас Эрхбаяр машинтай гүйцэж ирээд та хоёр айгаад байгаа юмуу хамт уучих л даа гээд байхаар нь зөвшөөрөөд уухаар болсон. Тэгээд айлд очоод тавуулаа 0.75 литрийн Хараа архи гаргаж уугаад сууж байхад Эрхбаяр над руу хандаж үг хаяад, элдвээр доромжлоод дайраад байсан. Тэр үед тэнд байсан хүмүүс хориглож зөөлрүүлсэн. Хэсэг хугацааны дараа над руу дахиж дайраад байхаар нь чи тэгээд яах гээд байгаа юм бэ намайг зодох гээд байгаа юм уу гэж асуухад би таныг аль хэдийнээ сэтгэлдээ зодчихсон та надад багтаад байгаа шүү гэж хэлэхээр нь хоёулаа гадаа гарч байгаад ярилцая гээд гэрээс дагуулаад гарсан. Гадаа гараад яагаад над руу дайраад байгаа талаар асуухад "Та их зантай болсон. Надтай таарчхаад ямар ч мэндийн зөрүүгүй байсан." гээд байхаар нь уучлаарай харсангүй гээд учирлаж хэлээд ойлголцоод орсон. Гэрт ороод архи ууж дуусаад буцаад гарахад Эрхбаяр тулж ирээд над руу салаавч гаргаад ам руу чичээд мөрлөөд байхаар нь бид хоёр барилцаж авсан. Би Эрхбаярын толгой хэсэг рүү 3-4 удаа цохисон. Би Эрхбаярын эмчилгээний зардлыг гаргаж байгаа. Эмнэлгийн байгууллагаар үзүүлэх болон шүдний эмчилгээ хийлгэж байгаа төлбөрийг би өөрийн зүгээс өгч байгаа. Цаашид эмчилгээтэй холбоотой зардлыг төлж барагдуулна гэх мэдүүлэг,    

Хохирогч Л.Эрхбаярын өгсөн: Би 2019 оны 12 дугаар сарын 28-ны орой 23 цагийн үед Шаравнямбуугийн хамт найзтайгаа уулзахаар явж байтал над руу Д  гар утсаар залгаад хаана байна, завтай байгаа юм уу гэхээр нь би Сөгнөгөрийн гүүр гараад явж байна, завтай байна гэсэн. Тэгтэл наанаа намайг хүлээж байгаарай би яваад очий гэж Мөнгөнтулга ах хэлсэн. Тэгээд бид хэд уулзаад архи уухаар болсон. Гантөмөр ахынд Шаравнямбуу, Мөнгөнтулга, Д  бид 4 орж 2,5 литрийн 1 сав боргио пиво уусан. Тэгээд согтоод нэг мэдсэн чинь Д  ахтай маргалдаж, салаавч гаргаад байсан. Гадаа гараад Д  ах намайг цохиж зодсон. Тэгээд гэрээс Шаравнямбуу, Мөнгөнтулга  хоёр гарч ирж С  ахыг салгаж болиулсан. Намайг Д  "Чамайг ална шүү би цэргийн дэслэгч цолтой хүн" гэхээр нь би та дэслэгч цолтой байхаараа яадаг юм гээд салаавч гаргасан чинь Д  ах миний нүүрэн тус газар гараараа цохиж би  газар унасан. Намайг эгч Л.Гэрэлт ирж сэргээж эмнэлэг рүү авч явсан. Миний үүдэн 3 ширхэг шүд хугарсан, мөн уруул язарсан тул гоо сайхан талаасаа их гомдолтой байна. Шүдээ хийлгүүлчихвэл гомдол санал нэхэмжлэх зүйл байхгүй. Би согтуу биеэ хянах чадваргүй байсан. Гэхдээ маргааш нь юу болсон талаар мэдэж байсан. Ухаан алдаад сэргэхдээ л эрүүл шахуу болсон. Шүүх эмнэлгийн дүгнэлттэй танилцсан хүлээн зөвшөөрч байгаа. Урьд өмнө бид хоёрын хооронд ямар нэгэн асуудал байгаагүй. Одоогоор яс нөхүүлэх хагалгаа хийлгэсэн байгаа гэх мэдүүлэг,

Талуудын хүсэлтээр хавтаст хэргээс:

Гэрч Т.Мөнгөнтулгийн өгсөн: 2019 оны 12 дугаар сарын 28-ны орой 20 цагийн үед намайг хадмынд байхад манай найз Д гэр бүлийнхээ хамт Тоёота Пробокс маркийн автомашинтай ирсэн. Тэгээд бид нар манай хадмынд очоод манай хүүг аваад ирье гэж хэлээд Д г машинтай нь аваад явсан. Тэгээд хадамынд очоод манай хүү явахгүй энд хононо гэхээр нь үлдээгээд бид хоёр гарсан. Тэгээд бид хоёр манайх руу явж байгаад Д тамхи татмаар байна гэсэн. Тэгээд Эрхбаяр гэдэг залууд тамхи байж магадгүй гээд Эрхбаярын эгчийнд очиж Эрхбаярыг асуухад байхгүй ойр хавьд яваа байх гэж хэлсэн. Тэгээд эгчээс нь утсыг нь авч Д Эрхбаяр луу утсаар залгаж хаана байна гэж асуугаад ...бид хоёр дэлгүүрийн үүдэнд очиход Эрхбаяр гэгч залуу Монтооноо, Шаравнямбуу гэх хоёр залуутай Тоёота Приүс маркийн автомашинтай зогсож байсан. Тэгээд бид хоёр очиж уулзаж тамхи асуусан. Тэгсэн чинь Эрхбаяр нэг шил юм байна ууцгаах уу гээд бид нар Монтооноогийнд очиж 0,75 гр-ын хараа архи хувааж уусан. Тэгээд бид нар сууж байтал Эрхбаяр Д рүү үгээр идээд өдөөд байсан. Архиа ууж дуусаад гэрийн эзэн Монтооноо согтоод ойчоод өгсөн. Тэгээд Шаравнямбуу бид хоёр Монтооноог хэвтүүлчхээд гэрээс гартал Эрхбаяр газар уначихсан Д дээр нь заамдчихсан байж байсан. Тэгээд Шаравнямбуу Эрхбаярыг салгаж аваад би Д-г аваад машиндаа суугаад хөдөлж байсан чинь Эрхбаярын эгч нь машины гэрэлд гэрээсээ ирж яваа харагдсан. Тэгээд бид хоёр шууд манай гэрт очоод байж байсан чинь Эрхбаярын эгч ирээд та нар манай дүүг зодоод аймаар болгосон байна гэж хэлсэн. Гэтэл Д танай дүү өөрөө амнаасаа болоод зодуулсан гэж хэлсэн. Тэгээд би Д-г гэрт үлдээгээд Шаравнямбуутай Эрхбаярын байгаа газарт очсон чинь Эрхбаяр амаа гараараа дарчихаад чи муу Д тэй нийлж намайг зодсон гээд салаавч гаргаад байсан. Тэгэхээр нь би чамайг нийлж зодсон юм байхгүй гэж хэлсэн. Тэгсэн эгч Гэрэлт нь чи наад шүд амаа харуул гэж Эрхбаярт хэлсэн. Тэгээд би Эрхбаярын амыг харсан чинь үүдэн шүд нь байхгүй болсон байсан. Би Д-д очиж хэлсэн чинь харин тиймээ би уурандаа цохичихсон гэж хэлж байсан гэх мэдүүлэг /хх 15-16/,   

Гэрч Л.Гэрэлтийн өгсөн: 2019 оны 12 дугаар сарын 28-ны орой 21 цагийн үед манай дүү Л.Эрхбаяр Төв аймгийн Батсүмбэр сумын Баянгол 3-р багт байрлах манай гэрээс Тоёота Приүс маркийн автомашинтайгаа Улаанбаатар хот явж үсээ засуулна гээд гарсан. Тэгээд удалгүй гадаа хүн орилох шиг сонсогдохоор нь би гэрээсээ гарч гэрийн үүднээс чих тавин сонссон чинь хүн орилсон. Тэгээд арынхаа айл руу харсан чинь гэрийнх нь үүд онгорхой, гэрэлтэй харагдсан. Тэгээд дахиад орилох чимээ гарсан нь яаалт ч үгүй манай дүүгийн дуу байх шиг байхаар нь би гар чийдэнгээ аваад гүйгээд очсон чинь манай дүү газар хэвтчихсэн байдалтай гэрт нь Монтооноо гэгч залуу согтуу хэвтэж байсан. Д гэгч залуу нь машиндаа суугаад миний хажуугаар давхиад яваад өгсөн. Тэгээд би дүүгээ ухаан алдсан юм байх гэж бодоод цас авч нүүрийг нь арчсан чинь яаая эгч боль л доо гэсэн. Тэгээд би машины түлхүүр хаана байна гээд машины түлхүүрийг нь аваад Д-гийн араас очсон. Тэгээд Мөнгөнтулгын гэрт орсон чинь Д  байсан. Д би танай дүүг ганцхан удаа цохисон гэж хэлсэн. Тэгэхээр нь би хэлэх газар нь хэлж явах газраараа явъя гэж хэлээд гэр лүүгээ явсан. Тэгээд Эрхбаярыг аваад сумын эмнэлэг дээр ирж дүүг үзүүлсэн чинь эмч нар нь байхгүй сувилагч нь байсан. Тэгээд Улаанбаатар хот руу Гэмтлийн эмнэлэг рүү авч яв гээд сумын цагдаад би өөрийн биеэр дуудлага өгч Улаанбаатар хот руу явсан. Манай дүүгийн нүд нь хөхөрсөн, үүдэн шүдний унасан амаар нь нил цус болчихсон, дээд доод уруул завьж нь сэтэрсэн байсан. Намайг очиход Мөнгөнтулга, Д нар нь согтуу архи дарсны зүйл үнэртэж байсан гэх мэдүүлэг /хх 17/,

Гэрч М.Гантөмөрийн өгсөн: Манай найз нар хотоос ирээд тэд нартай ганц нэг архи дарс ууж дуусаад тэд нарыг явуулчхаад гэртээ байж байсан чинь Эрхбаяр, Шаравнямбуу хоёр манайд ороод ирсэн. Тэгээд бид гурав манайд нэлээд юм ярьж сууж байгаад дэлгүүр орж архи авч ууцгаая гээд бид гурав дэлгүүр лүү Тоёота Приүс маркийн автомашинтай Эрхбаяр жолоодоод явсан. Тэгээд бид гурав архи авах гээд дэлгүүр лүү орох үед Д, Мөнгөнтулга хоёртой тааралдсан. Тэгээд бид гурав дэлгүүрээс 2.5 литртэй 1 боргио пиво, 0.75 литртэй 1 шил хараа архи аваад машиндаа суугаад хойшоогоо явсан. Тэгээд Эрхбаяр тэр хоёрыг машинтайгаа араас ирнэ гэж байсан чинь өөр тийшээ яваад өгсөн. Тэгээд бид тавуулаа манайд очиж нөгөө авсан архи, пиво хувааж ууцгаасан. Тэгээд би нэлээд ууж сууж байгаад гадаа гарч бие засах гэж байгаад гадаа согтоод унаад өгсөн юм шиг байна лээ намайг Шаравнямбуу, Мөнгөнтулга хоёр өргөж гэрт оруулж унтуулсан гэсэн. Тэгээд би өглөө гэртээ байхад Мөнгөнтулга, Д хоёр орж ирээд Д /Улака/ Эрхбаяртай өчигдөр шөнө зодолдоод үүдэн шүдийг нь мулт цохиод хаячихлаа гэж хэлсэн. Тэгээд тэр хоёр манайд сууж байгаад Шаравнямбуутай очиж уулзана гээд явсан гэх мэдүүлэг /18/,

Гэрч Н.Шаравнямбуугийн өгсөн: ...тэгээд бөөнөөрөө Гантөмөр ахынд очиж 1 шил 0,75 гр-ын хараа архи ууж байхад Д, Эрхбаяр хоёр маргалдаад гарч ороод байсан. Тэгтэл Гантөмөр ах та хоёр айлд маргалдаж байснаас гадаа учраа ол гэсэн. Д, Эрхбаяр хоёр гараад нилээн удсан. Мөнгөнтулга ах бид Гантөмөр ахыг оронд нь оруулж хэвтүүлчхээд гэрээс гартал Д ах Эрхбаярын дээр гараад сууцан байсан. Тэгээд бид хоёр боль боль гээд салгасан. Хоорондоо зодолдож байхыг хараагүй,. Гэрээс сүүлдэж гарч ирсэн. Тухайн үед миний төрсөн өдөр болоод өнгөрсөн. Тэгээд найз нартайгаа тэмдэглэсэн юм гэх мэдүүлэг / хх 22/,

Төв аймаг дахь Шүүхийн шинжилгээний албаны 2020 оны 01 дүгээр сарын 02-ны өдрийн №38 дугаартай шинжээчийн дүгнэлт: "1.Л.Эрхбаярын биед 11, 21-р шүдний булгарал, дээд уруулд зөөлөн эдийн няцрал, шарх, баруун нүдний ухархайн хананы хугарал, баруун нүдний дээд доод зовхи, баруун хацар, хамарт зөөлөн эдийн няцрал, тархи доргилт, баруун нүдний салстад цус хуралт гэмтэл тогтоогдлоо. 2.Шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журам зааврын 4.11.52.2-т зааснаар ерөнхий хөдөлмөрийн чадварт бага хэмжээгээр тогтонги 10%-иар алдагдуулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна." гэжээ /хх 24/,

Шүүгдэгчийн урьд ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудас /хх 42/, компьютерт томографийн шинжилгээ, гэрэл зургийн үзүүлэлт /хх 25-27/  зэрэг хэрэгт авагдсан бусад бичгийн нотлох баримтууд болно.  

Дээр дурдсан нотлох баримтууд нь энэ хэрэгт хамааралтай, хуульд заасан журмаар цугларсан, хохирогч, гэрч, яллагдагч нараас мэдүүлэг авахдаа Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хууль зөрчөөгүй, шинжээчийн дүгнэлт, нотлох баримтууд нь тухайн хэрэгт хамааралтай, агуулгын хувьд зөрүүгүй, үйл баримтыг хангалттай тогтоож чадсан хууль ёсны үнэн зөв баримтууд гэж үнэлэв.

Шүүгдэгчийн гэм буруу болон хохирол, хор уршгийн талаар:   

Шүүгдэгч Б.Д нь иргэн Л.Эрхбаяртай хувийн таарамжгүй харилцааны улмаас маргалдан “танхайн” сэдэлтээр, хохирогчийн эрх чөлөөнд халдан эрүүл мэндэд нь санаатай үйлдлээр, гэмтлийн зэрэг тогтоох журамд заасан хөнгөн зэргийн гэмтэл учруулсан нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан Хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах гэмт хэргийн шинжийг бүрэн хангасан байна.

Өөрөөр хэлбэл шүүгдэгч Б.Д нь согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ 2019 оны 12 дугаар сарын 28-ны өдөр Төв аймгийн Батсүмбэр сумын Эрдэнэ 3 дугаар багийн нутагт иргэн Л.Эрхбаярыг хэрүүл өдлөө гэх шалтгаанаар маргалдан эрх чөлөөнд нь халдаж эрүүл мэндэд нь "11, 21-р шүдний булгарал, дээд уруулд зөөлөн эдийн няцрал, шарх, баруун нүдний ухархайн хананы хугарал, баруун нүдний дээд доод зовхи, баруун хацар, хамарт зөөлөн эдийн няцрал, тархи доргилт, баруун нүдний салстад цус хуралт" бүхий хөнгөн хохирол учруулсан болох нь:

 Шүүгдэгч Б.Д-гийн өгсөн: "Гадаа гараад яагаад над руу дайраад байгаа талаар асуухад "Та их зантай болсон. Надтай таарчхаад ямар ч мэндийн зөрүүгүй байсан." гээд байхаар нь уучлаарай харсангүй гээд учирлаж хэлээд ойлголцоод орсон. Гэрт ороод архи ууж дуусаад буцаад гарахад Эрхбаяр тулж ирээд над руу салаавч гаргаад ам руу чичээд мөрлөөд байхаар нь бид хоёр барилцаж авсан. Би Эрхбаярын толгой хэсэг рүү 3-4 удаа цохисон." гэх мэдүүлэг,   

 

Хохирогч Л.Эрхбаярын өгсөн: "Намайг Д  "Чамайг ална шүү би цэргийн дэслэгч цолтой хүн" гэхээр нь би та дэслэгч цолтой байхаараа яадаг юм гээд салаавч гаргасан чинь Д ах миний нүүрэн тус газар гараараа цохиж би  газар унасан. Намайг эгч Л.Гэрэлт ирж сэргээж эмнэлэг рүү авч явсан. Миний үүдэн 3 ширхэг шүд хугарсан, мөн уруул язарсан тул гоо сайхан талаасаа их гомдолтой байна. Шүдээ хийлгүүлчихвэл гомдол санал нэхэмжлэх зүйл байхгүй. Би согтуу биеэ хянах чадваргүй байсан. Гэхдээ маргааш нь юу болсон талаар мэдэж байсан. Ухаан алдаад сэргэхдээ л эрүүл шахуу болсон. Шүүх эмнэлгийн дүгнэлттэй танилцсан хүлээн зөвшөөрч байгаа. Урьд өмнө бид хоёрын хооронд ямар нэгэн асуудал байгаагүй. Одоогоор яс нөхүүлэх хагалгаа хийлгэсэн байгаа" гэх мэдүүлэг,

Гэрч Т.Мөнгөнтулгийн өгсөн: "2019 оны 12 дугаар сарын 28-ны орой 20 цагийн үед намайг хадмынд байхад манай найз Д  гэр бүлийнхээ хамт Тоёота Пробокс маркийн автомашинтай ирсэн. Тэгээд бид нар манай хадмынд очоод манай хүүг аваад ирье гэж хэлээд Д-г машинтай нь аваад явсан. Тэгээд хадмынд очоод манай хүү явахгүй энд хононо гэхээр нь үлдээгээд бид хоёр гарсан. Тэгээд бид хоёр манайх руу явж байгаад Д  тамхи татмаар байна гэсэн. Тэгээд Эрхбаяр гэдэг залууд тамхи байж магадгүй гээд Эрхбаярын эгчийнд очиж Эрхбаярыг асуухад байхгүй ойр хавьд яваа байх гэж хэлсэн. Тэгээд эгчээс нь утсыг нь авч Д Эрхбаяр луу утсаар залгаж хаана байна гэж асуугаад ...бид хоёр дэлгүүрийн үүдэнд очиход Эрхбаяр гэгч залуу Монхооноо, Шаравнямбуу гэх хоёр залуутай Тоёота Приүс маркийн автомашинтай зогсож байсан. Тэгээд бид хоёр очиж уулзаж тамхи асуусан. Тэгсэн чинь Эрхбаяр нэг шил юм байна ууцгаах уу гээд бид нар Монтооноогийнд очиж 0,75 гр-ын хараа архи хувааж уусан. Тэгээд бид нар сууж байтал Эрхбаяр Д рүү үгээр идээд өдөөд байсан. Архиа ууж дуусаад гэрийн эзэн Монтооноо согтоод ойчоод өгсөн. Тэгээд Шаравнямбуу бид хоёр Монтооноог хэвтүүлчхээд гэрээс гартал Эрхбаяр газар уначихсан Д дээр нь заамдчихсан байж байсан. Тэгээд Шаравнямбуу Эрхбаярыг салгаж аваад би Д г аваад машиндаа суугаад хөдөлж байсан чинь Эрхбаярын эгч нь машины гэрэлд гэрээсээ ирж яваа харагдсан. Тэгээд бид хоёр шууд манай гэрт очоод байж байсан чинь Эрхбаярын эгч ирээд та нар манай дүүг зодоод аймаар болгосон байна гэж хэлсэн. Гэтэл Д танай дүү өөрөө амнаасаа болоод зодуулсан гэж хэлсэн." гэх мэдүүлэг /хх 15-16/,   

Гэрч Л.Гэрэлтийн өгсөн: "2019 оны 12 дугаар сарын 28-ны орой 21 цагийн үед манай дүү Л.Эрхбаяр Төв аймгийн Батсүмбэр сумын Баянгол 3-р багт байрлах манай гэрээс Тоёота Приүс маркийн автомашинтайгаа Улаанбаатар хот явж үсээ засуулна гээд гарсан. Тэгээд удалгүй гадаа хүн орилох шиг сонсогдохоор нь би гэрээсээ гарч гэрийн үүднээс чих тавин сонссон чинь хүн орилсон. Тэгээд арынхаа айл руу харсан чинь гэрийнх нь үүд онгорхой, гэрэлтэй харагдсан. Тэгээд дахиад орилох чимээ гарсан нь яаалт ч үгүй манай дүүгийн дуу байх шиг байхаар нь би гар чийдэнгээ аваад гүйгээд очсон чинь манай дүү газар хэвтчихсэн байдалтай гэрт нь Монтооноо гэгч залуу согтуу хэвтэж байсан. Д гэгч залуу нь машиндаа суугаад миний хажуугаар давхиад яваад өгсөн. Тэгээд би дүүгээ ухаан алдсан юм байх гэж бодоод цас авч нүүрийг нь арчсан чинь яаая эгч боль л доо гэсэн. Тэгээд би машины түлхүүр хаана байна гээд машины түлхүүрийг нь аваад Д-гийн араас очсон. Тэгээд Мөнгөнтулгын гэрт орсон чинь Д  байсан.  Д би танай дүүг ганцхан удаа цохисон гэж хэлсэн." гэх мэдүүлэг /хх 17/,

Гэрч М.Гантөмөрийн өгсөн: "...Тэгээд би өглөө гэртээ байхад Мөнгөнтулга, Д  хоёр орж ирээд Д  /Улака/ Эрхбаяртай өчигдөр шөнө зодолдоод үүдэн шүдийг нь мулт цохиод хаячихлаа гэж хэлсэн. Тэгээд тэр хоёр манайд сууж байгаад Шаравнямбуутай очиж уулзана гээд явсан." гэх мэдүүлэг /18/,

Гэрч Н.Шаравнямбуугийн өгсөн: "...тэгээд бөөнөөрөө Гантөмөр ахынд очиж 1 шил 0,75 гр-ын хараа архи ууж байхад Д, Эрхбаяр хоёр маргалдаад гарч ороод байсан. Тэгтэл Гантөмөр ах та хоёр айлд маргалдаж байснаас гадаа учраа ол гэсэн. Д, Эрхбаяр хоёр гараад нилээн удсан. Мөнгөнтулга ах бид Гантөмөр ахыг оронд нь оруулж хэвтүүлчхээд гэрээс гартал Д ах Эрхбаярын дээр гараад сууцан байсан. Тэгээд бид хоёр боль боль гээд салгасан." гэх мэдүүлэг / хх 22/,

Төв аймаг дахь Шүүхийн шинжилгээний албаны 2020 оны 01 дүгээр сарын 02-ны өдрийн №38 дугаартай шинжээчийн дүгнэлт: "1.Л.Эрхбаярын биед 11, 21-р шүдний булгарал, дээд уруулд зөөлөн эдийн няцрал, шарх, баруун нүдний ухархайн хананы хугарал, баруун нүдний дээд доод зовхи, баруун хацар, хамарт зөөлөн эдийн няцрал, тархи доргилт, баруун нүдний салстад цус хуралт гэмтэл тогтоогдлоо. 2.Шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журам зааврын 4.11.52.2-т зааснаар ерөнхий хөдөлмөрийн чадварт бага хэмжээгээр тогтонги 10%-иар алдагдуулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна." гэжээ /хх 24/,

компьютерт томографийн шинжилгээ, гэрэл зургийн үзүүлэлт /хх 25-27/ зэрэг бичгийн нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдсон гэж үзэв.

Шүүгдэгч Б.Д  болон түүний өмгөөлөгчийн зүгээс Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар гэм буруутайд тооцуулах талаар прокуророос яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн хэргийн зүйлчлэлд маргаагүйгээс гадна шүүгдэгчийн үйлдэл, нийгмийн аюулын шинж чанар, хэргийн нөхцөл байдал, хор уршигт зэрэгт дүгнэлт хийн улсын яллагчийн гэм буруутад тооцуулахаар шүүхэд гаргасан дүгнэлтийг хүлээн авч дээрх зүйл, хэсэгт зааснаар гэм буруутайд тооцох хууль зүйн үндэслэлтэй байна гэж дүгнэв.

Энэ гэмт хэргийн улмаас хохирогч Л.Эрхбаяр нь нотлох баримт шүүхэд ирүүлээгүй байх тул тогтоолоор гаргуулах хохирол төлбөргүйг дурдаж, хохирогч цаашид гарах эмчилгээний зардлаа нотлох баримтаа бүрдүүлэн иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх журмаар нэхэмжлэх эрхийг нээлттэй орхих нь зүйтэй.

Эрүүгийн хариуцлага, бусад асуудлын талаар:

            Улсын яллагчаас шүүгдэгч Б.Д-г Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар Хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэгт 500 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 500 000 төгрөгөөр торгох ял оногдуулах дүгнэлтийг,

шүүгдэгчийн өмгөөлөгчөөс шүүгдэгч тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас анх удаа гэмт хэрэг үйлдсэн, хохирогчийн эрүүл мэндэд учирсан эмчилгээний зардлыг төлж байгаа, цаашид гарах эмчилгээний зардлыг нөхөн төлөхөө илэрхийлсэн зэрэг нөхцөл байдлыг харгалзан хуулийн зүйл хэсэгт заасан торгуулийн ялын доод хэмжээгээр оногдуулж өгнө үү гэх дүгнэлтийг тус тус гаргаж мэтгэлцэв.

            Шүүх шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ гэм буруутайд тооцсон нотлох баримтад үндэслэн түүний гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, гэмт хэрэг үйлдсэн хүний хувийн байдал, эрүүгийн хариуцлагын хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдал зэргийг харгалзан эрүүгийн хариуцлага хүлээлгэх нь зүйтэй байна.

Шүүгдэгч Б.Д нь урьд ял шийтгэгдэж байгаагүй болох нь хавтаст хэргийн 42-р хуудсанд авагдсан ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудсаар тогтоогдож байх бөгөөд шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5, 6.6 дугаар зүйлд заасан хөнгөрүүлэх болон хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй болно.

Шүүгдэгч хохирогчийн нэхэмжилсэн нэхэмжлэлийн шаардлагыг тодорхой хэмжээгээр төлж, үлдэх хохирлыг нөхөн төлөхөө илэрхийлсэн, гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн, анх удаа хөнгөн гэмт хэрэгт холбогдсон зэрэг нөхцөл байдлыг харгалзан түүнд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар торгуулийн ялын доод хэмжээ болох 500 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 500 000 төгрөгөөр торгох ял оногдуулах нь зүйтэй гэж үзэв. 

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт "Шүүх ялтны хөрөнгө, цалин хөлс, бусад орлого олох боломжийг харгалзан торгох ялыг гурван жил хүртэл хугацаанд хэсэгчлэн төлөхөөр тогтоож болно." гэж заасан бөгөөд шүүгдэгчийн орлого олох байдлыг харгалзан 500 000 төгрөгийн торгох ялыг гурван сарын хугацаанд шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болсон өдрөөс эхлэн сар бүр 166 667 төгрөгөөр хэсэгчлэн төлүүлэхээр тогтоов.

Шүүгдэгч нь шүүхээс оногдуулсан торгох ялыг хуульд заасан хугацаанд биелүүлээгүй бол оногдуулсан торгох ялыг хорих ялаар сольж болохыг анхааруулах нь зүйтэй.

Эрүүгийн 1934000230034 дугаар хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн зүйлгүй,  битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, шүүгдэгч нь цагдан хоригдсон хоног, бусдад төлөх төлбөргүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны улмаас тооцон гарах зардалгүй, шүүгдэгчийн иргэний бичиг баримт шүүхэд шилжиж ирээгүй болохыг тус тус дурдав.

Монгол улсын Шүүхийн тухай хуулийн 31 дүгээр зүйлийн 31.1, 31.3 дугаар зүйлийн 31.3.1, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.1, 36.2 дугаар зүйлийн 1, 2, 4, 36.6, 36.7, 36.8, 36.10, 37.1 дүгээр зүйлийн 1, 2-т  тус тус заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1.Шүүгдэгч Х НБ.Д-г Хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

2.Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Б.Д-г 500 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 500 000 /таван зуун мянга/ төгрөгөөр торгох ялаар шийтгэсүгэй.

3.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Б.Д-д оногдуулсан 500 000 төгрөгөөр торгох ялыг гурван сарын хугацаанд шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болсон өдрөөс эхлэн сар бүр 166 667 /нэг зуун жаран зургаан мянга зургаан зуун жаран долоо/ төгрөгөөр хэсэгчлэн төлөхөөр тогтоосугай.

4.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Б.Д нь торгох ялыг шүүхээс тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг анхааруулсугай.

5.Эрүүгийн 2034000230034 дугаартай хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн зүйлгүй, битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, шүүгдэгч цагдан хоригдсон хоног, бусдад төлөх төлбөргүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны улмаас тооцон гарах зардалгүй, шүүгдэгчийн иргэний баримт бичиг шүүхэд ирээгүй болохыг дурдсугай.

6.Хохирогч Л.Эрхбаяр нь цаашид гарах эмчилгээний зардлаа нотлох баримтаа бүрдүүлэн иргэний журмаар нэхэмжлэх эрхтэй болохыг дурдсугай.

7.Шийтгэх тогтоол уншиж сонсгосноор хүчинтэй болох бөгөөд улсын яллагч, дээд шатны прокурор, шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн хууль ёсны төлөөлөгч, өмгөөлөгч тогтоолыг эс зөвшөөрвөл өөрөө гардан авснаас хойш 14 хоногийн дотор Төв аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэйг мэдэгдсүгэй.

8.Шийтгэх тогтоолд давж заалдах гомдол гаргасан, эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Б.Д-д урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                  Т.БАТЖАРГАЛ