| Шүүх | Төв аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Төмөрхүүгийн Батжаргал |
| Хэргийн индекс | 176/2020/0078/Э |
| Дугаар | 2020/ШЦТ/80 |
| Огноо | 2020-03-06 |
| Зүйл хэсэг | 11.1.2.4., |
| Улсын яллагч | М.Гансувд |
Төв аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол
2020 оны 03 сарын 06 өдөр
Дугаар 2020/ШЦТ/80
2020 оны 03 сарын 06-ны өдөр 2020/ШЦТ/80 Зуунмод сум
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Төв аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг Ерөнхий шүүгч Ц.Отгонжаргал даргалж, шүүгч Ю.Энхмаа, Т.Батжаргал нарын бүрэлдэхүүнтэй,
Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Г.Ган-Эрдэнэ,
Улсын яллагчаар Аймгийн Прокурорын газрын хяналтын прокурор М.Гансувд,
Хохирогч А.Эрдэнэбат,
Иргэдийн төлөөлөгч А.Нарангэрэл,
Шүүгдэгчийн өмгөөлөгч Б.Баярмагнай,
Шүүгдэгч Ө.Т нарыг оролцуулан тус шүүхийн хуралдааны танхимд нээлттэй хийж,
Төв аймгийн Прокурорын газрын хяналтын прокуророос Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.4-т зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн шүүгдэгч Б Ө Т-т холбогдох эрүүгийн 1934010330005 дугаартай, 1 хавтас хэргийг 2020 оны 2 дугаар сарын 07-ны өдөр хүлээн авч, хянан хэлэлцэв.
Шүүгдэгчийн биеийн байцаалт:
Монгол улсын иргэн, Б Ө Т, 1984 оны 4 дүгээр сарын 17-ны өдөр Төв аймгийн Эрдэнэсант суманд төрсөн, 36 настай, эрэгтэй, яс үндэс халх, дээд боловсролтой, электроникийн инженер мэргэжилтэй, ам бүл 6, эхнэр, 4 хүүхдийн хамт Улаанбаатар хот Сонгинохайрхан дүүргийн 18-р хороо, Залуус хорооллын 48б-р байрны 383 тоотод түр оршин суух, хувиараа хөдөлмөр эрхэлдэг, улсаас авсан гавьяа шагнал, урьд ял шийтгэлгүй, хэрэг хариуцах чадвартай, 84041710 регистрийн дугаартай.
Холбогдсон хэргийн талаар:
Шүүгдэгч Ө.Т нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.4-т заасан гэмт хэрэгт холбогджээ.
ТОДОРХОЙЛОХ нь:
Шүүхийн хэлэлцүүлгээр яллах, цагаатгах болон бусад бичгийн нотлох баримтуудыг шинжлэн судлав. Үүнд:
Шүүхийн хэлэлцүүлэгт:
Шүүгдэгч Ө.Т-ийн өгсөн: 2019 оны 11 дүгээр сарын 07-ны өглөө манай аавын гэрээс Баргилтын 2 дугаар багт оршин суух хүргэний том ахынх руу явсан. Манай ахынх шинэ байшинд орсон учир найрлаад 4 шил архи уугаад буцаж сумын төв рүү ороод суманд багын 2 найзтайгаа таараад дахин нэмж 2 шил архи уусан. Сүүлийн уусан 2 шил архийг яаж ууснаа санахгүй байна. Дэлгүүрийн худалдагч мөн найзууд маань уусан гэж хэлсэн. Тэгээд аавынх руугаа буцаж явах замдаа хүргэн ахдаа би ийм хутга хийсэн гэж өөрийнхөө хийсэн хутгыг үзүүлээд явж байсан. Тэгээд явж байх замдаа машинаараа юм мөргөв үү гэлтэй машин эрэг рүү ороод зогссон.
Хэсэг хугацааны дараа намайг буухад хүргэн ах машиныхаа гадаа ах нь хутгалуулчихлаа гээд хэвтэж байсан. Тэгээд би өргөж машин руу оруулаад түргэн дуудсан. Сум руу ороод сумынхаа цагдаад ийм юм боллоо гэж хэлсэн гэх мэдүүлэг,
Хохирогч А.Эрдэнэбатын өгсөн: 2019 оны 11 дүгээр сарын 08-ны өдөр Төв аймаг Эрдэнэсант сумын Уртын гол гэдэг газар манай хамгийн том ахынд очсон. Тэгээд манай ахынд 4 шил архи уусан. Орой нар жаргахын үед ахынхаас гараад Төв аймаг Эрдэнэсант суманд Т 10 жилийнхээ ангийн хүүхдүүдтэй уулзаад 2 шил архи уусан. Би Т-ийг явъя гэж хэлсэн. Тэгээд би машинаа унаад Уртын гол гэх газар луу явсан. Явж байх замдаа дүү надад хийсэн хутгаа үзүүлж байсан. Тэгээд явж байгаад машинаараа эрэг мөргөөд хэд хэдэн удаа дайвалзаад унахаа алдсан. Тэгээд машинаас буугаад хартал надаас цус гойжиж байсан. Тэгээд намайг Төв аймаг Эрдэнэсант сумын эмнэлэгт хүргэж ирсэн. Намайг эмнэлэгт хэвтэж байхад 3 сая төгрөг мөн Приус 20 маркийн авто машин өгсөн. Надад нэхэмжлэх зүйл, гомдол санал алга гэх мэдүүлэг,
Талуудын хүсэлтээр хавтаст хэргээс:
Шүүгдэгч Ө.Т-ийн өгсөн: 2019 оны 11 дүгээр сарын 06-ны өдөр хувийн ажлаар Эрдэнэсант суманд очсон. Нэг хоночхоод 07-ны өглөө 10 цагийн үед хүргэн Авирмэдийн Эрдэнэбатын хамт аавынхаас буюу хөдөө гэрээс нь хүргэн Эрдэнэбатын төрсөн ах Батка ахынд 12 цагийн үед очсон. Тэнд хүргэн ах Эрдэнэбат, түүний ах Батка, Сараа, Хандаа, Хуягаа, Жагаа нарын хамт 0.75 литрийн хоёр шил архи, 5 литр айраг ууцгаасан. Тэднийхээс 16 цагийн үед Эрдэнэбатын хамт гарч Эрдэнэсант сумын төвд орж ирээд Эрхэмбаяр гэх залуутай тааралдаж мал худалдаж авахаар тохиролцож, бид хоёр 2.5 литрийн Нийслэл пиво нэгийг хувааж уугаад салцгаасан. Мөн сумын төвийн Батхаан хүнсний дэлгүүр дотор ороход манай сумын Баянсан, Зоригоо гэх хүмүүс байсан бөгөөд тэр хоёр нэг, нэг шил 0.75 литрийн архи авч өгсөн. Тэр архинаас нь уугаад нилээн согтсон. Тэгээд сумын төвөөс яаж гарснаа мэдэхгүй байна. Нэг мэдэхэд Эрдэнэбат ах бид хоёр хөдөө манай аавынх руу яваад байгаа юм шиг л байсан. Тэгтэл бид хоёр маргалдаад байх шиг байсан. Би Эрдэнэбат ахад “Одоо танай хүүхдүүд том боллоо. Эхнээсээ оюутан болох гэж байна. Эгч маань ганцаараа амьдралын төлөө зүтгээд байна. Та ямар ч үүрэг гүйцэтгэхгүй архи уугаад байгаад чинь би үнэхээр уур хүрч байна шүү.” гэж хэлсэнээ бүдэг бадаг санагдаад байна. Би архи их уусан байсан болохоор бараг тухайн үеийн нөхцөл байдлыг сайн санахгүй байгаа нэг мэдэхэд л би машин дотор хутга барьчихсан ганцаараа сууж байгаад сэргэх шиг болсон. Тэгээд гүйгээд гартал Эрдэнэбат ах машины жолооч талд газар хэвтэж байсан. Очтол чи ахыгаа хутгалаад бараг л алах дөхлөө шүү гэж хэлэхээр нь машинд өргөж суулгаад сумын төв рүү эмнэлэг рүү явсан. Тэгтэл замын ховил руу орж машинаа гаргаж чадалгүй тэнхлэгээр нь тулгачихсан. Машин ямар ч хөдлөх боломжгүй болсон болохоор нь би Эрдэнэбатыг тэндээ үлдээгээд байсан газраасаа хойшоогоо “Салхитын хэц” гэдэг газар луу утасны сүлжээ барих байх гэж бодоод 2 орчим км газар гүйж очтол гар утасны цэнэг дуусч унтарсан. Тэгээд утсаар ярьж чадалгүй өөрийнхөө аавынх руу гүйж явтал айл байхаар нь ортол Өвөрхангай аймгийн Зүүнбаян улаан сумаас ирсэн Мягмарчулуун гэдэг айл байсан. Тэгээд хоёр залууд болсон учрыг хэлж тэдний машинд сууж тэр залуутай өөрийнхөө машин дээр очиж Эрдэнэбат ахыг авч сумын төвийн эмнэлэгт хүргэж ирсэн. Тухайн үед бид хоёр хоёулханаа л байсан. Мөн би ухаан мэдрэлгүй болтлоо согтсон байсан. Тэгээд гартаа хутгатай сэрсэн ер нь бол би хаана нь яаж хутгалсан болохоо огт санахгүй байна. Эрдэнэбат надад хутгалуулсан тухайгаа өөрөө надад хэлж байсан. Эрдэнэбат ах намайг цохиж зодсон болохыг би санахгүй байна. Надад учирсан гэмтэл болон ил харагдах шарх, гэмтэл, өвдөж зовиурлах зүйл байхгүй. Бид хоёр хоёулаа нэлээн согтуу байсан. Гэхдээ миний хувьд болсон асуудлыг юу ч санахгүй байна. Эрдэнэбат ах бид хоёр Батка ахынхаас гарахдаа хоёулаа нэлээн согтоцгоосон байсан. ...тэр хутга миний хутга. Би өөрөө хийж байсан юм. Бор хүрэн
өнгийн иштэй ойролцоогоор 20 орчим см урттай хутга байсан. Тэр хутгыг би хөдөө хээр Эрдэнэбат ахыг хутгалсан газраа хаячихсан. Хөдлөхдөө хутгаа мартаад явсан байсан. Манай аавынх Төв аймгийн Эрдэнэсант сумын Буянт 3 дугаар багийн нутаг Уртын гол гэдэг газарт нутаглаж байсан. Бид хоёр харих замдаа л гэр лүүгээ тун дөхөж явсан байсан. Уртын адаг гэх газар байсан болохоор тэнд л хутгалсан байх. Тухайн газар нь Эрдэнэсант сумын төвөөс баруун зүгт 20 орчим км зайд байдаг. Бид хоёр урд өмнө нь хэрэлдэж, маргалдаж, зодолдож, байгаагүй. Бидний хооронд өс хонзонгийн асуудал байхгүй. Би шүүх эмнэлэгт үзүүлэхгүй надад гэмтэл учраагүй. Би согтуудаа өөрийнхөө хийсэн буруутай үйлдлээ хүлээн зөвшөөрч байна. Надад өөрийн гэсэн эд хөрөнгө байхгүй. Эхнэр, 4 хүүхдийн хамт СХД-ийн нутаг дэвсгэрт түрээсийн байранд амьдардаг. Би хувиараа Да хүрээ техникийн захад автомашины дугуйн худалдаа эрхэлдэг. Энэ ажлаа сүүлийн 3 жил эрхэлж байна. Би бусдад учруулсан хохирлоо өөрийнхөө боломжоор барагдуулаад явж байгаа бөгөөд цаашид гарсан хохирлыг барагдуулна. Би гэмт хэрэг хийсэндээ харамсаж гэмшиж байна. Би цаашид хүргэн ахыгаа эрүүл болгох тал дээр өөрийн чадах зүйлээ хийх болно гэх мэдүүлэг /хх 12-13, 47-48/,
Хохирогч А.Эрдэнэбатын өгсөн: Би эхнэр хүүхдийнхээ хамт Улаанбаатар хотод амьдардаг. 2019 оны 10 дугаар сарын 10-ны үеэр Улаанбаатар хотоос Эрдэнэсант суманд тариалангийн талбай хадаж малдаа өвс тэжээл, солоом буюу ногоон тэжээл бэлтгэхээр очсон. Хадам аавындаа бараг нэг сар орчим амьдарсан. Манай хадам дүү буюу эхнэрийн төрсөн дүү Т 2019 оны 11 дүгээр сарын 06-ны өдөр Улаанбаатар хотоос малын тэжээл ачиж манай хадам аавынд буулгаж тэр өдрөө бид хэд хамт хоносон. Маргааш өглөө нь буюу 2019 оны 11 дүгээр сарын 07-ны өглөө 10 цагийн үед Т бид 2 Портер машинтай сумын төв рүү ойр зуурын хувийн ажил амжуулахаар орсон. Сумын төвөөс манай төрсөн ах Батбаярын гэрт очиж Т тэднийхээс малын наймаа хийхээр тохиролцоно гээд хөдөө гэрт нь очиход Батбаяр ахынд Батбаяр ах, Сараа эгч, Хандаа эгч, Жагаа ах, Хуягаа нар нэг шил архи задалчихсан уугаад сууцгааж байсан. Тэгээд тэднийд 0.75 литрийн архи, 5 литр айраг ууцгаасан. Би урьд өмнө хөлөө гэмтээсэн байсан болохоор айрагнаас уугаагүй архинаас бага зэрэг уусан. Т бид хоёр Батбаяр ахынхаас 16 цагийн үед гарч сумын төв орж Эрхэмбаяр гэдэг залуутай тааралдсан. Тэр хоёр тусдаа өөр машинд суугаад 0.5 литрийн нэг шил архи уусан. Би тэр архинаас нь уугаагүй намайг тухайн үед уухгүй юм уу гэж асууж байсан. Тэгээд тэндээсээ хөдлөөд сумын төвийн Батхаан хүнсний дэлгүүрт Т бид хоёр ороход Зоригоо, Баянсан гэх Эрдэнэсант сумын хоёр залуу зогсож байтал Т тэр хоёрт нэг, нэг шил архи авч өгөөд дэлгүүрээс гарч гудамжинд 0.75 литрийн нэг шил архийг Баянсан, Зоригоо, Т бид дөрөв хувааж уусан. Би машиныг нь бариад 19 цаг өнгөрч байхад Т бид хоёр сумын төвөөс хөдөө хадам аавынх руу шууд хөдөлсөн. Нэлээн явж байгаад Уртын адаг гэх газар явж байтал Т “алив би наад машиныг чинь баръя” гэхээр нь би түүнд хандан юу солиороод байгаа юм шал согтуу юм байж чи яаж машин барьдаг юм гэж хэлтэл надад хандан “Би ер нь таныг хутгалчих уу” гээд тоглоод байгаа аятай хэлээд бас надад та өөрөө ажил төрөл хийхгүй байж эгчид ч тус болохгүй байна. Би таныг хутгаллаа шүү гэхээр нь би өөдөөс нь “Ах нь бараг та нарыг амьдралд хүргэсэн байх шүү. Мэдэх хүмүүс нь мэдэх л байх. Одоо ахын дүү жоохон унтчих" гэтэл гэнэт миний урд талаас гэдэс рүү нэг удаа хутгалсан. Тэгэхээр нь машинаа зогсоогоод буух гэтэл нуруу руу дахин нэг удаа хутгалаад бууж амжаагүй байхад баруун гарын булчин хэсэг рүү нэг удаа хутгалсан. Би машинаас буугаад газар унахад Т машин дотроо сууж нэг, хоёр минутын дараа гарч ирээд намайг өргөж жолоочийн эсрэг талын хаалгаар машинд суулгаж хөдлөөд “Одоо сум руу эмнэлэг оръё" гээд явж байгаад замдаа шороон замын хажуу руу ороод машинаа гаргаж чадахгүй байж байгаад гэнэт алга болчихсон. Тэгтэл төд удалгүй отроор явж байсан хоёр залууг машинтай нь авчраад сумын эмнэлэгт авчирсан. Тэгээд би тэр өдрөө Улаанбаатар хотод Цэргийн төв эмнэлэгт эмнэлгийн машинаар хүргэгдэж ирсэн. Бид хоёр өмнө нь маргалдаж, муудалцаж, зодолдож байгаагүй. Би тэр өдөр Т-т огт гар хүрээгүй.
Т-ийг тухайн үед хутагтай байсаныг мөн гартаа хутга барьсан байсныг нь огт мэдээгүй. Намайг хутгаллаа шүү гэхээр нь тоглож байгаа байлгүй л гэж бодож байсан. Бид хоёрын дунд өр авлага, өс хонзонгийн асуудал байхгүй. Т уул нь хүн хутгалахаар хүн биш архиндаа л солиороод хутгалчихсан байх. Би тухайн үед Т намайг ямар хэлбэр хэмжээтэй хутгаар хутгалсан талаар мэдэхгүй байна. Өдөр Батбаяр ахынх руу явж байхад тамхи татах чүдэнз хайгаад Т-ийн цүнхийг онгойлгоход ямар ч байсан нэг хутга байсан. Тухайн үед гадаа харанхуй болчихсон байсан тул би тэр хутгыг ямар хутга байсныг нь хараагүй. Хэрэг явдал хөдөө хээр болсон тэр хутгыг тэнд нь хаясан гэж Т надад хэлсэн. Одоо хаана байгааг нь мэдэхгүй байна. Тэр хутга Т-ийн өөрийнх нь хутга байх. Миний бие одоо зүгээр болсон биед ямар нэг зовиур байхгүй. Хагалгаанд ороход гурван сая төгрөг өгсөн. Миний биед эмчилгээ хийх бүх зардлыг нөхөн төлсөн тул надад энэ гэмт хэргийн улмаас нэхэмжлэх зүйл, гомдол санал байхгүй гэх мэдүүлэг /хх 4-7, 57-58/,
Гэрч Д.Мягмарчулууны өгсөн: Би өөрөө Өвөрхангай аймгийн Зүүнбаян улаан суманд мал маллаж амьдардаг. Сумаасаа 10 дугаар сарын 15-ны үед гарч малтайгаа отроор явж байгаад Төв аймгийн Эрдэнэсант сумын нутагт Уртын адаг гэх газар малтайгаа ганц гэрээрээ ирээд 7 хонож байна. 2019 оны 11 дүгээр сарын 07-ны өдөр 22 цагийн орчим гэртээ эхнэр хүүхдийнхээ хамт унтаж байхад манайд гэнэт нэг дээлтэй хүн орж ирээд би явган явж байна хамт явж байсан хүний маань бие муудаад байна Эрдэнэсант сумын эмнэлэг рүү хүргээд өгөөч гэсэн. Би хадам ах Пүрэвдоржийн хамт өөрийнхөө суудлын жижиг тээврийн хэрэгсэлтэй нөгөө хүний заасан замаар явахад манай гэрээс зүүн зүгт 3 орчим км газар нэг цэнхэр өнгийн Портер машин замын ховилд орчихсон байсан. Очход машин дотор хутгалуулсан байдалтай 40 орчим насны эрүүл согтуу нь мэдэгдэхгүй хүн машины сандал дээр суугаагаараа байсан. Тэгээд тэр хүнийг аваад бид дөрөв Эрдэнэсант сумын эмнэлэгт хүргэж ирсэн. Тэр хоёр хүн хоорондоо нээх юм ярихгүй байсан. Тэгээд тэр хутгалуулсан хүн ёолоод зөөлөн яв гэж надад хэлж байсан. Т гэх хүн архи хэрэглэсэн байсан эсэхийг нь би мэдээгүй. Их л амьсгаадаж сандарсан байдалтай манай гэрт орж ирсэн. Тухайн үед хутгалуулсан хүн байгаа талаар хэлээгүй хүний бие муудсан л гэж хэлж байсан гэх мэдүүлэг /хх 14-15/,
Гэрч Г.Дэлгэрдалайгийн өгсөн: Миний бие 2019 оны 11 дүгээр сарын 07-ны өдөр сумын Эрүүл мэндийн төвийн дуудлагын эмчээр 24 цагийн үүрэг гүйцэтгэж байсан. Дуудлагын эмч нар гэртээ байж байгаад дуудлага гарсан тохиолдолд тухайн газар нь очиж ажилладаг. 2019 оны 11 дүгээр сарын 07-ны өдөр нилээн оройхон бараг 23 цагийн орчим намайг гэртээ байж байхад Эрүүл мэндийн төвийн ээлжийн сувилагч Мөнхжаргал эгч над руу залгаж “Сумын эмнэлэг дээр хүнд хутгалуулж цус алдсан хүн ирлээ хурдан ирээрэй” гэж хэлэхээр нь очтол Авирмэд овогтой Эрдэнэбат гэх 1981 онд төрсөн, эрэгтэй хүн гурван удаа хутгалуулсан шархтай яаралтай тусламжийн өрөөний орон дээр байсан. Тухайн үед би түүний биед үзлэг хийхэд артерийн даралт 80/40, пүлс 104, SPO 92, биеийн халуун 35, баруун хавирганы нуман доогуур 3 орчим см гүн, 4 см орчим зүсэгдсэн шархтай, зүүн талын бөөрний дунд хэсэгт 16-18 см зүсэгдсэн шархтай, гүн нь 4 см, баруун гарын тохойны дээд булчин хэсэгт нэвтэрч зүсэгдсэн шархтай байсан. Ерөнхийдөө Эрдэнэбат нь гурван удаа хутгалуулж цус их хэмжээгээр алдсан болохоор биеийн байдал нь муу байсан. Тэгээд тухайн үед шаардлагатай эмчилгээг хийж яаралтай Улаанбаатар хотын Цэргийн төв эмнэлэгт хүргэж өгсөн. Эрдэнэбатын хадам дүү Т гэх залуу өөрөө сумын эмнэлэгт хүргэж ирсэн байсан. Намайг анх эмнэлэгт очиход Т Эрдэнэбатын хажуу талд нь зогсчихсон бид хоёр хоорондоо маргалдаад би хутгалчихлаа гэж хэлж байсан. Эрдэнэбат, Т нар нь хоёулаа архи үнэртүүлчихсэн байсан. Эрдэнэбат дунд зэрэг согтолттой байсан бөгөөд Т арай илүү нэлээн согтолттой байх шиг байсан гэх мэдүүлэг /хх 16-17/,
Гэрч А.Батбаярын өгсөн: 2019 оны 11 дүгээр сарын 07-ны өдөр намайг Эрдэнэсант сумын Баргилт 2 дугаар багт Эрээн ухаа гэдэг газар өөрийнхөө гэрт саахалтынхаа Жаргалсайхан, Хуягаа, Хандаа, өөрийн эхнэр Сарантуяа нарын хамт 0.75 литрийн нэг шил Экс нэртэй архи задалчихсан талд нь оруулаад уугаад сууцгааж байхад Т, Эрдэнэбат хоёр манайд өдрийн 13 цагийн үед ирсэн. Тэгээд бид хэд хамтдаа бидний ууж байсан архийг ууцгааж дуустал Т нэг шил 0.75 литрийн архи гаргаад тэр архинаасаа тэр хоёр ууж шалихгүй байж байгаад сумын төв рүү явахаар болж 15 цагийн орчимд буцаад явцгаасан.Т нь манай сумаас мал худалдаж авч байгаа тэгээд надтай гар утсаар ярьж надаас адуу авъя очиж үзье гэж хэлж байгаад тэр өдрөө хөдөө гэрт ирж авах адуугаа үзчихээд нийт 10 адуу авахаар тохиролцоод буцаад явсан. Тэр хоёр манай гэрт орж ирэхдээ цоо эрүүл байсан. Манай гэрт ч архи нэг их уугаагүй. Харин Т манайд байсан айрагнаас 3 хул айраг уучихаад явсан. Т нь Эрдэнэбаттай манай гэрт байхдаа огт маргалдаж, муудалцсан зүйл байхгүй. Тэр хоёр урьд өмнө муудаж байсан эсэх талаар огт мэдэхгүй байна. Миний бодлоор тэр хоёр хоорондоо муудаад байхаар хүмүүс биш, их л ойр дотно хүмүүс гэх мэдүүлэг /хх 18-19/,
Гэрч С.Эрдэнэ-Оюуны өгсөн: Ө.Т нь 5 хүүхэдтэй айлын дээрээсээ 2 дахь хүүхэд. Бага насаа Төв аймгийн Эрдэнэсант суманд цэцэрлэг сургуулиар болон хөдөө мал дээр хурдны морь унах, мал маллах зэргээр өсөж хүмүүжсэн. Эцэг, эх нь Төв аймгийн Эрдэнэсант суманд мал малладаг хүмүүс. Улаанбаатар хотод техникийн сургуульд электроникийн инженер мэргэжлээр төгссөн. Сургуулиа төгсөөд Япон улсад 3-4 жил ажилласан. Одоо 4 хүүхэдтэй, эхнэр нь ажилгүй гэрээрээ хүүхдүүдээ өсгөж хүмүүжүүлдэг. Зан байдлын хувьд бага байхаасаа хүнтэй их нээлттэй харилцдаг, хүний арга эвийг олоод явчихдаг, хүүхэд байхын л биеэ даасан байдалтай. Одоо хувиараа мал мах авдаг. Японоос дугуй оруулж ирдэг, Да хүрээ зах дээр дугуйны худалдаа эрхэлдэг. Миний мэдэхийн өмнө нь хамт хэрэг, захиргааны зөрчилд холбогдож байгаагүй. Эрүүл мэндийн хувьд архаг хууч өвчин байхгүй, группт хамрагдаж байгаагүй гэх мэдүүлэг /хх 51-52/,
Гэрч Ө.Алтангоогын өгсөн: Бид нар эцэг, эхээс 5-уулаа бөгөөд би айлын том охин. Харин Ө.Т нь миний дараагийн дүү доороо 3 дүүтэй. Бага насаа Төв аймгийн Эрдэнэсант суманд цэцэрлэг, сургуулиар болон хөдөө мал дээр өсөж хүмүүжсэн. Улмаар сумынхаа 10 жилийн сургуульд сурч төгсөөд Улаанбаатар их сургуульд электроникийн инженер мэргэжлээр төгссөн. Дараа нь Улаанбаатар цахилгаан түгээх сүлжээ ХХК-нд инженерээр ажиллаж байгаад Япон улс руу яваад 3-4 жил болоод ирсэн. Одоо Да хүрээ зах дээр дугуйны худалдаа эрхэлдэг бас хажуугаар нь мал мах авч зардаг. Эхнэр, 4 хүүхдийн хамт Улаанбаатар хотод амьдардаг. Зан байдлын хувьд бусадтай нийтэч, багаасаа биеэ даасан, их сэргэлэн цовоо залуу байгаа юм гэх мэдүүлэг /хх 53-54/,
Гэрч Т.Эрдэнэбатын өгсөн: Ө.Т нь эцэг эхээс 5-уулаа бөгөөд айлын 2 дахь хүүхэд. Бага насаа Төв аймгийн Эрдэнэсант суманд эцэг, эхийн гар дээр өсөж хүмүүжсэн. Ер нь бол 10 дугаар ангиа төгсөх хүртлээ суманд манайхаар амьдардаг байсан. Би Ө.Т-ийг гэмт хэрэг үйлдсэн гэхээр их гайхаад байгаа юм. Би хүмүүсээс сонсчхоод үнэмшихгүй байсан. Өөрөөс нь асууж байгаад итгэж байна. Сургуульд сурч байхдаа сурлага сайтай, урлаг, спортоор хичээллэдэг, их сэргэлэн цовоо хүүхэд байсан. Зан харилцааны хувьд бусадтай нийтэч зантай, хэний ч гэсэн арга эвийг олоод харьцах чадвартай, бусадтай нөхөрсөг, нийтэч, тусархуу зантай хүүхэд байгаа юм. Багадаа манайхаар байсан болохоор би энэ хүүхдийн зан байдал сурлагын талаар сайн мэднэ. Муу хүүхэд бол хэрхэвч биш гэх мэдүүлэг /хх 55-56/,
Төв аймаг дахь Шүүхийн шинжилгээний албаны 2019 оны 11 дүгээр сарын 25-ны өдрийн №30 дугаартай шинжээчийн дүгнэлт: "1.А.Эрдэнэбатын биед нойр булчирхай, элэг, ходоодны хананд шарх, баруун богтосын мэдрэл тасарсан, баруун гарт шарх гэмтэл тогтоогдлоо. 2.Дээрх гэмтэл нь хэрэг учрал болсон гэх цаг хугацаанд үүссэн байх боломжтой. 3.5.Дээрх гэмтэл нь хурц ир бүхий зүйлийн нэг бус удаагийн үйлчлэлээр үүсгэгдсэн шинэ гэмтэл байна. 4.Дээрх гэмтэл бүгд нэг цаг хугацаанд үүссэн байна. 6.Цаашид хөдөлмөрийн чадварт нөлөөлөх эсэх нь эдгэрэлт эмчилгээнээс хамаарна. 7.Шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 3.1.11, 3.1.13-д зааснаар амь насанд аюултай гэмтэл тул гэмтлийн хүнд зэрэгт хамаарна." гэжээ /хх 20-22/,
Гэмт хэргийн талаар гомдол мэдээлэл хүлээн авсан тухай тэмдэглэл /хх 2/, хэргийн газарт үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд /хх 3-6/, бичмэл нотлох хуулбарлан авсан тухай тэмдэглэл /хх 41/, яаралтай тусламжийн хуудас /хх 42/, шүүгдэгчийн урьд ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудас /хх 60/ зэрэг хэрэгт авагдсан бусад бичгийн нотлох баримтууд болно.
Дээр дурдсан нотлох баримтууд нь энэ хэрэгт хамааралтай, хуульд заасан журмаар цугларсан, хохирогч, гэрч, яллагдагч нараас мэдүүлэг авахдаа Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хууль зөрчөөгүй, шинжээчийн дүгнэлт, нотлох баримтууд нь тухайн хэрэгт хамааралтай, агуулгын хувьд зөрүүгүй, үйл баримтыг хангалттай тогтоож чадсан хууль ёсны үнэн зөв баримтууд гэж үнэлэв.
Шүүгдэгчийн гэм буруу болон хохирол, хор уршгийн талаар:
Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч Ө.Т "аавынх руугаа буцаж явах замдаа хүргэн ахдаа би ийм хутга хийсэн гэж өөрийнхөө хийсэн гээд хутгыг үзүүлээд явж байсан. Тэгээд явж байх замдаа машинаараа юм мөргөв үү гэлтэй машин эрэг рүү ороод зогссон. Хэсэг хугацааны дараа намайг буухад хүргэн ах машиныхаа гадаа ах нь хутгалуулчихлаа гээд хэвтэж байсан",
хохирогч А.Эрдэнэбат "би машинаа унаад Уртын гол гэх газар луу явсан. Явж байх замдаа дүү надад хийсэн хутгаа үзүүлж байсан. Тэгээд явж байгаад машинаараа эрэг мөргөөд хэд хэдэн удаа дайвалзаад унахаа алдсан. Тэгээд машинаас буугаад хартал надаас цус гойжиж байсан" гэж тус тус мэдүүлсэн бөгөөд шүүгдэгч, хохирогч нарын дээрх мэдүүлэг нь;
Мөрдөн байцаалтад шүүгдэгч Ө.Т-ийн өгсөн: "...нилээн согтсон. Тэгээд сумын төвөөс яаж гарснаа мэдэхгүй байна. Нэг мэдэхэд Эрдэнэбат ах бид хоёр хөдөө манай аавынх руу яваад байгаа юм шиг л байсан. Тэгтэл бид хоёр маргалдаад байх шиг байсан. Би Эрдэнэбат ахад “Одоо танай хүүхдүүд том боллоо. Эхнээсээ оюутан болох гэж байна. Эгч маань ганцаараа амьдралын төлөө зүтгээд байна. Та ямар ч үүрэг гүйцэтгэхгүй архи уугаад байгаад чинь би үнэхээр уур хүрч байна шүү.” гэж хэлсэнээ бүдэг бадаг санагдаад байна. Би архи их уусан байсан болохоор бараг тухайн үеийн нөхцөл байдлыг сайн санахгүй байгаа нэг мэдэхэд л би машин дотор хутга барьчихсан ганцаараа сууж байгаад сэргэх шиг болсон. Тэгээд гүйгээд гартал Эрдэнэбат ах машины жолооч талд газар хэвтэж байсан. Очтол чи ахыгаа хутгалаад бараг л алах дөхлөө шүү гэж хэлэхээр нь машинд өргөж суулгаад сумын төв рүү эмнэлэг рүү явсан. ...Би гэмт хэрэг хийсэндээ харамсаж гэмшиж байна. Би цаашид хүргэн ахыгаа эрүүл болгох тал дээр өөрийн чадах зүйлээ хийх болно." гэх мэдүүлэг /хх 12-13, 47-48/,
Хохирогч А.Эрдэнэбатын өгсөн: "...нэлээн явж байгаад Уртын адаг гэх газар явж байтал Т “алив би наад машиныг чинь баръя” гэхээр нь би түүнд хандан юу солиороод байгаа юм шал согтуу юм байж чи яаж машин барьдаг юм гэж хэлтэл надад хандан “Би ер нь таныг хутгалчих уу” гээд тоглоод байгаа аятай хэлээд бас надад та өөрөө ажил төрөл хийхгүй байж эгчид ч тус болохгүй байна. Би таныг хутгаллаа шүү гэхээр нь би өөдөөс нь “Ах нь бараг та нарыг амьдралд хүргэсэн байх шүү. Мэдэх хүмүүс нь мэдэх л байх. Одоо ахын дүү жоохон унтчих" гэтэл гэнэт миний урд талаас гэдэс рүү нэг удаа хутгалсан. Тэгэхээр нь машинаа зогсоогоод буух гэтэл нуруу руу дахин нэг удаа хутгалаад бууж амжаагүй байхад баруун гарын булчин хэсэг рүү нэг удаа хутгалсан." гэх мэдүүлэг /хх 4-7, 57-58/,
Гэрч Д.Мягмарчулууны өгсөн: "2019 оны 11 дүгээр сарын 07-ны өдөр 22 цагийн орчим гэртээ эхнэр хүүхдийнхээ хамт унтаж байхад манайд гэнэт нэг дээлтэй хүн орж ирээд би явган явж байна хамт явж байсан хүний маань бие муудаад байна Эрдэнэсант сумын эмнэлэг рүү хүргээд өгөөч гэсэн. Би хадам ах Пүрэвдоржийн хамт өөрийнхөө суудлын жижиг тээврийн хэрэгсэлтэй нөгөө хүний заасан замаар явахад манай гэрээс зүүн зүгт 3 орчим км газар нэг цэнхэр өнгийн Портер машин замын ховилд орчихсон байсан. Очход машин дотор хутгалуулсан байдалтай 40 орчим насны эрүүл согтуу нь мэдэгдэхгүй хүн машины сандал дээр суугаагаараа байсан." гэх мэдүүлэг /хх 14-15/,
Гэрч Г.Дэлгэрдалайгийн өгсөн: "Тухайн үед би түүний биед үзлэг хийхэд артерийн даралт 80/40, пүлс 104, SPO 92, биеийн халуун 35, баруун хавирганы нуман доогуур 3 орчим см гүн, 4 см орчим зүсэгдсэн шархтай, зүүн талын бөөрний дунд хэсэгт 16-18 см зүсэгдсэн шархтай, гүн нь 4 см, баруун гарын тохойны дээд булчин хэсэгт нэвтэрч зүсэгдсэн шархтай байсан. Ерөнхийдөө Эрдэнэбат нь гурван удаа хутгалуулж цус их хэмжээгээр алдсан болохоор биеийн байдал нь муу байсан. Тэгээд тухайн үед шаардлагатай эмчилгээг хийж яаралтай Улаанбаатар хотын Цэргийн төв эмнэлэгт хүргэж өгсөн. Эрдэнэбатын хадам дүү Т гэх залуу өөрөө сумын эмнэлэгт хүргэж ирсэн байсан. Намайг анх эмнэлэг дээр очиход Т Эрдэнэбатын хажуу талд нь зогсчихсон бид хоёр хоорондоо маргалдаад би хутгалчихлаа гэж хэлж байсан." гэх мэдүүлэг /хх 16-17/,
Төв аймаг дахь Шүүхийн шинжилгээний албаны 2019 оны 11 дүгээр сарын 25-ны өдрийн №30 дугаартай шинжээчийн дүгнэлт: "1.А.Эрдэнэбатын биед нойр булчирхай, элэг, ходоодны хананд шарх, баруун богтосын мэдрэл тасарсан, баруун гарт шарх гэмтэл тогтоогдлоо. 2.Дээрх гэмтэл нь хэрэг учрал болсон гэх цаг хугацаанд үүссэн байх боломжтой. 3.5.Дээрх гэмтэл нь хурц ир бүхий зүйлийн нэг бус удаагийн үйлчлэлээр үүсгэгдсэн шинэ гэмтэл байна. 4.Дээрх гэмтэл бүгд нэг цаг хугацаанд үүссэн байна. 6.Цаашид хөдөлмөрийн чадварт нөлөөлөх эсэх нь эдгэрэлт эмчилгээнээс хамаарна. 7.Шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 3.1.11, 3.1.13-д зааснаар амь насанд аюултай гэмтэл тул гэмтлийн хүнд зэрэгт хамаарна." гэжээ /хх 20-22/,
Гэмт хэргийн талаар гомдол мэдээлэл хүлээн авсан тухай тэмдэглэл /хх 2/, хэргийн газарт үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд /хх 3-6/, яаралтай тусламжийн хуудас /хх 42/ зэрэг бичгийн нотлох баримтуудаар няцаагдсан гэж үзэв.
Шүүгдэгч Ө.Т нь хохирогч А.Эрдэнэбатын биед учрах үедээ амь нас хохирч болох, ердийн явцаараа үхэлд хүргэх боломжтой хүнд зэргийн гэмтэл буюу нойр булчирхай, элэг, ходоодны хананд шарх, баруун богтосын мэдрэл тасарсан гэмтлийг санаатай учруулсан. Уг шархны улмаас А.Эрдэнэбатын элэгний зүүн 3-р сегментэд нэвт хатгагдсан 5 см хэмжээтэй шархнуудын улмаас их хэмжээний цус алдсан, нойр булчирхайн их биед бага зэрэг зүсэгдсэн шарх үүсэж хэвлийн хөндий бохирлогдсон байна.
Зэвсэг гэж иж бүрдэл, бүтцийн хувьд амьд болон бусад биетийг устгах, гэмтээх, мөн бие хамгаалах болон дохио өгөх зориулалттай эд зүйл, тоног төхөөрөмж, хэрэгсэлийг ойлгодог.
Шүүгдэгч Ө.Т нь хохирогчийн биед дээрх гэмтлийг хутга буюу хүйтэн зэвсэгээр учруулсан болох нь шүүхийн хэлэлцүүлэг болон мөрдөн байцаалтын шатанд өгсөн хохирогч, шүүгдэгч, гэрч нарын мэдүүлэг, шинжээчийн дүгнэлтээр болон хэрэгт цугларсан болон шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн бичгийн бусад нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдсон.
Шүүгдэгч Ө.Т нь хутгаар хүний биед гэмтэл учруулж болохыг лавтай сайн мэдэж байсан ба хохирогчийн үйлдэлийг таслан зогсоох, хязгаарлах, өөрийн дургүйцэлийг мэдрүүлэх санаа зорилготой байсан нь гэмт хэргийг санаатайгаар үйлдсэн гэж үзэх үндэслэлтэй.
Иймд шүүгдэгч Ө.Т-ийг 2019 оны 11 дүгээр сарын 07-ны өдөр согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ Төв аймгийн Эрдэнэсант сумын “Буянт” 3 дугаар багийн нутаг “Уртын адаг” гэх газар А.Эрдэнэбаттай хувийн таарамжгүй харьцааны улмаас маргалдаж, улмаар зэвсгийн чанартай зүйл болох хутгаар А.Эрдэнэбатын хэвлий, баруун газрын тохой хэсэг, нурууны баруун хэсэгт 3 удаа хутгалж, эрүүл мэндэд нь “нойр булчирхай, элэг, ходоодны хананд шарх, баруун богтосын мэдрэл тасарсан, баруун гарт шарх” бүхий хүнд хохирол санаатай учруулсан болох нь хэрэгт авагдсан бичгийн нотлох баримтуудаар хангалттай нотлогдон тогтоогдсон гэж үзэн Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.4-т заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцох үндэслэлтэй гэж шүүх бүрэлдэхүүн дүгнэв.
Энэ гэмт хэргийн улмаас шүүгдэгч Ө.Т нь гэм хорын хохиролд хохирогч А.Эрдэнэбатад 3 000 000 төгрөг, Приус 20 маркийн тээврийн хэрэгсэл өгсөн мөн цаашид гарах эмчилгээний зардал нэхэмжлэхгүй талаар хохирогч мэдүүлсэн тул шүүгдэгчийг бусдад төлөх төлбөргүй гэж үзэв.
Эрүүгийн хариуцлага, бусад асуудлын талаар:
Улсын яллагчаас шүүгдэгч Ө.Т-ийг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.4-т заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.4-т зааснаар зэвсэг хэрэглэж хүний эрүүл мэндэд хүнд хохирол санаатай учруулсан гэмт хэрэгт 3 жил 4 сар хорих ял оногдуулж, нээлттэй хорих ангид эдлүүлэх дүгнэлтийг,
шүүгдэгчийн өмгөөлөгчөөс улсын яллагчийн дүгнэлтийг дэмжиж мэтгэлцэв.
Хавтаст хэрэгт шүүгдэгчийн хувийн байдлыг тогтоосон:
Гэрч С.Эрдэнэ-Оюуны өгсөн: "Ө.Т нь 5 хүүхэдтэй айлын дээрээсээ 2 дахь хүүхэд. Бага насаа Төв аймгийн Эрдэнэсант суманд цэцэрлэг, сургуулиар болон хөдөө мал дээр хурдны морь унах, мал маллах зэргээр өсөж хүмүүжсэн. Эцэг, эх нь Төв аймгийн Эрдэнэсант суманд мал малладаг хүмүүс. Улаанбаатар хотод техникийн сургуульд электроникийн инженер мэргэжлээр төгссөн. Сургуулиа төгсөөд Япон улсад 3-4 жил ажилласан. Одоо 4 хүүхэдтэй, эхнэр нь ажилгүй гэрээрээ хүүхдүүдээ өсгөж хүмүүжүүлдэг. Зан байдлын хувьд бага байхаасаа хүнтэй их нээлттэй харилцдаг, хүний арга эвийг олоод явчихдаг, хүүхэд байхын л биеэ даасан байдалтай. Одоо хувиараа мал мах авдаг. Японоос дугуй оруулж ирдэг, Да хүрээ зах дээр дугуйны худалдаа эрхэлдэг. Миний мэдэхийн өмнө нь хамт хэрэг, захиргааны зөрчилд холбогдож байгаагүй." гэх /хх 51-52/, гэрч Ө.Алтангоогын өгсөн: "Эхнэр, 4 хүүхдийн хамт Улаанбаатар хотод амьдардаг. Зан байдлын хувьд бусадтай нийтэч, багаасаа биеэ даасан, их сэргэлэн цовоо залуу байгаа юм." гэх /хх 53-54/, гэрч Т.Эрдэнэбатын өгсөн: "Би Ө.Т ийг гэмт хэрэг үйлдсэн гэхээр их гайхаад байгаа юм. Би хүмүүсээс сонсчхоод үнэмшихгүй байсан. Өөрөөс нь асууж байгаад итгэж байна. Сургуульд сурч байхдаа сурлага сайтай, урлаг, спортоор хичээллэдэг, их сэргэлэн цовоо хүүхэд байсан. Зан харилцааны хувьд бусадтай нийтэч зантай, хэний ч гэсэн арга эвийг олоод харьцах чадвартай, бусадтай нөхөрсөг, нийтэч, тусархуу зантай хүүхэд байгаа юм. Багадаа манайхаар байсан болохоор би энэ хүүхдийн зан байдал сурлагын талаар сайн мэднэ. Муу хүүхэд бол хэрхэвч биш." гэх /хх 55-56/ мэдүүлгүүд, хохирогч А.Эрдэнэбатын өгсөн: "Миний биед эмчилгээ хийх бүх зардлыг нөхөн төлсөн тул надад энэ гэмт хэргийн улмаас нэхэмжлэх зүйл, гомдол санал байхгүй." гэх мэдүүлэг, урьд ял шийтгэгдэж байгаагүй талаархи ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудас /хх 60/, 2006.6.12-ны өдөр Г.Нарантунгалагтай гэр бүл болсон талаархи гэрлэлтийн бүртгэлийн лавлагаа /хх 107/, Улаанбаатар хот Сонгинохайрхан дүүргийн 18 дугаар хороо Залуус хорооллын 48Б-ын 383 тоотод ам бүл 6, эхнэр, 3 сартайгаас 11 насны 4 хүүхэдтэйгээ түр оршин суудаг талаархи шүүгдэгчийн мэдүүлэг зэрэг нотлох баримтууд авагджээ.
Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.2 дугаар зүйлийг баримтлан мөн хуулийн 1.4 дүгээр зүйлийн 1-д заасан эрүүгийн хариуцлага хүлээлгэх зарчимд тулгуурлан Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.3 дугаар зүйлийн 1-д "...эрүүгийн хариуцлага нь тухай хүн, ...үйлдсэн гэмт хэрэг, гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ гэм буруугийн хэлбэрт тохирсон байна..." гэсэн зарчмыг баримтлан шүүгдэгчид Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.4-т заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.4-т зааснаар 3 жил 4 сар хорих ял оногдуулж, ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлэхээр шийдвэрлэв.
Эрүүгийн 1934010330005 дугаартай хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн зүйлгүй, битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, шүүгдэгч нь цагдан хоригдсон хоног, бусдад төлөх төлбөргүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны улмаас тооцон гарах зардалгүй, шүүгдэгчийн иргэний бичиг баримт шүүхэд шилжиж ирээгүй болохыг тус тус дурдав.
Монгол Улсын Шүүхийн тухай хуулийн 31 дүгээр зүйлийн 31.1, 31.3 дугаар зүйлийн 31.3.1, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.1, 36.2 дугаар зүйлийн 1, 2, 4, 36.6, 36.7, 36.8, 36.10, 37.1 дүгээр зүйлийн 1, 2-т тус тус заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:
1.Шүүгдэгч Б Ө Т-ийг Зэвсэг хэрэглэж хүний эрүүл мэндэд хүнд хохирол санаатай учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.
2.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.4-т заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.4-т зааснаар шүүгдэгч Ө.Т-ийг 3 /гурав/ жил 4 /дөрөв/ сар хорих ялаар шийтгэсүгэй.
3.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Ө.Т-т Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.4-т зааснаар оногдуулсан 3 жил 4 сарын хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлсүгэй.
4.Эрүүгийн 1934010330005 дугаартай хэрэгт битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, эд мөрийн баримтаар хураагдан ирсэн зүйлгүй, шүүгдэгч нь цагдан хоригдсон хоног, бусдад төлөх төлбөргүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны улмаас тооцон гарах зардалгүй, шүүгдэгчийн иргэний баримт бичиг шүүхэд шилжиж ирээгүй болохыг тус тус дурдсугай.
5.Шийтгэх тогтоол уншиж сонсгосноор хүчинтэй болох бөгөөд улсын яллагч, дээд шатны прокурор, шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн хууль ёсны төлөөлөгч, өмгөөлөгч тогтоолыг эс зөвшөөрвөл өөрөө гардан авснаас хойш 14 хоногийн дотор Төв аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэйг мэдэгдсүгэй.
6.Шийтгэх тогтоолд давж заалдах гомдол гаргасан, эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Ө.Т-т урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг өөрчилж, энэ өдрөөс эхлэн цагдан хорьсугай.
ДАРГАЛАГЧ,
ЕРӨНХИЙ ШҮҮГЧ Ц.ОТГОНЖАРГАЛ
ШҮҮГЧИД Ю.ЭНХМАА
Т.БАТЖАРГАЛ