| Шүүх | Налайх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Дүвчингийн Чинзориг |
| Хэргийн индекс | 108/2020/0001/Э |
| Дугаар | 01 |
| Огноо | 2019-12-25 |
| Зүйл хэсэг | 11.6.1., |
| Улсын яллагч | С.Цэрэндалай |
Налайх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол
2019 оны 12 сарын 25 өдөр
Дугаар 01
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Налайх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Д.Чинзориг даргалж,
шүүх хуралдааны нарийн бичгийн дарга О.Батбилэг,
улсын яллагч С.Цэрэндалай,
хохирогч Д.Н,
шүүгдэгч Ж.Б нарыг оролцуулан тус шүүхийн хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар:
Налайх, Багахангай дүүргийн прокурорын газрын хяналтын прокурор С.Цэрэндалайгийн Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар хялбаршуулсан журмаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн ******* овогт Ж.******* холбогдох эрүүгийн ******* дугаартай хэргийг 2019 оны 11 дүгээр сарын 22-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.
Шүүгдэгчийн биеийн байцаалт:
Монгол Улсын иргэн, *******-ны өдөр Увс аймгийн Давст суманд төрсөн, *******, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, жолооч мэргэжилтэй, хувиараа авто сэлбэгийн худалдаа эрхэлдэг, ам бүл 4, эхнэр 2 хүүхдийн хамт, Улаанбаатар хот Налайх дүүрэг, 7 дугаар хороо, ******* тоотод оршин суух, урьд ял шийтгэлгүй, ******* овогт Ж.Б, регистрийн дугаар **********,
Холбогдсон хэргийн талаар: /яллах дүгнэлтэнд дурдсанаар/
Шүүгдэгч Ж.Б нь 2019 оны 11 дүгээр сарын 08-ны өдөр архи ууж согтуурсан үедээ Налайх дүүргийн 7 дугаар хороо, Бадралын 16-1 тоотод эхнэр Д.Н руу тохиолдлын шинжтэй нэг удаагийн үйлдлээр 22х23.5 см хэмжээтэй 2 см-ийн зузаантай дсп хавтан шидэж түүний нүүрэн тус газар нь буюу эрүүл мэндэд нь хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ.
ТОДОРХОЙЛОХ нь:
Шүүгдэгч Ж.Б нь шүүхийн хэлэлцүүлэгт: “2019 оны 11 дүгээр сарын 08-ны өдөр орой нь би архи уусан. Манай хүүхэд өвдөөд байхаар нь би эхнэр рүүгээ утасдаад утсаа авахгүй болохоор нь би хүүхдээ түргэн дуудаж үзүүлсэн. Өдий олон жил амьдарчихаад хүүхэд нь өвдөхөөр ирэхгүй, утсаа авахгүй байна гээд эхнэртээ гомдоод би архи уусан. Тэгээд эхнэрийг ирэхэд нь маргалдаад уурандаа хавтан шидсэн” гэв.
Хохирогч Д.Н нь шүүхийн хэлэлцүүлэгт: “Манай нөхөр бид хоёр олон жил ханилахад ийм асуудал гарч байгаагүй. Би цайны үйлдвэр босгох гэж ганцаараа зүтгэж байгаа. Түүнийгээ амжилттай болгох гээд банкнаас зээл авснаас болоод жаахан маргалдсан. Тэгээд би өр зээлээ өөрөө төлнө гээд эгчийнх рүүгээ яваад 5 хоноод ирсэн чинь нөхөр уурлаад маргалдсан. Манай нөхөр урьд нь надад гар хүрч байгаагүй” гэв.
Шүүхийн хэлэлцүүлэгт талуудын зүгээс дараах нотлох баримтыг шинжлэн судлав. Үүнд:
Гэрч Б.*******гийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “2019 оны 11 дүгээр сарын 08-ны өдөр гадуур ажилтай явж байхад 15 цагийн орчим шиг санагдаж байна. Манай ээж ийн дүү ******* эгч над руу залгаад эгчийг нь Батсүх зодчихлоо. Юм нүүр рүү чулуудчихсан гэж хэлэхээр нь би цагдаад мэдэгдэе гээд салгасан. Тэгээд ******* дугаар руу залгаж Бадралын 16-1 тоотод хүн зодуулсан гэж мэдэгдсэн” гэсэн мэдүүлэг,
/хх-ийн 22 дугаар хуудас/
Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн шинжээчийн №08 шэ/649 дугаар:
“1. Д. биед дээд урууланд шарх, нүүрэнд цус хуралт, зөөлөн эдийн няцрал гэмтэл тогтоогдлоо.
2. Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн үйлчлэлээр үүсгэгдэнэ.
3. Дээрх гэмтэл нь гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-т зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна.
4. Цаашид хөдөлмөрийн ерөнхий чадварт нөлөөлөхгүй.
5. Дээрх гэмтэл нь тогтоолд дурьдсан хэрэг болсон гэх цаг хугацаанд үүссэн байх боломжтой.” гэх дүгнэлт,
/хх-ийн 29 дүгээр хуудас/
22х23.5 см хэмжээтэй, 2 см-ийн зузаантай, 1 ширхэг дсп хавтан модийг эд мөрийн баримтаар хураан авсан тухай тогтоол,
/хх-ийн 5 дугаар хуудас/
Налайх эрүүл мэндийн төвийн 2019 оны 11 дүгээр сарын 08-ны өдрийн яаралтай тусламж үйлчилгээний хуудас,
/хх-ийн 27-28 дугаар хуудас/
Ж.н Иргэний мэдээлэл, дэлгэрэнгүй лавлагаа,
/хх-ийн 40 дүгээр хуудас/
Ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудас,
/хх-ийн 41 дүгээр хуудас/
Аюулын зэргийн үнэлгээний маягт,
/хх-ийн 46 дугаар хуудас/
Ж.н Иргэний үнэмлэхийн хуулбар,
/хх-ийн 51 дүгээр хуудас/
Налайх дүүргийн 7 дугаар хорооны засаг даргын тодорхойлолт, /хх-ийн 52 дугаар хуудас/ зэрэг бичгийн нотлох баримтуудыг шинжлэн судлав.
Шүүх хуралдаанд гэм буруугийн талаар улсын яллагч гаргасан дүгнэлтдээ
Шүүгдэгч Ж.Б нь “2019 оны 11 дүгээр сарын 08-ны өдөр архи ууж согтуурсан үедээ Налайх дүүргийн 7 дугаар хороо, Бадралын 16-1 тоотод эхнэр Д.Н руу тохиолдлын шинжтэй нэг удаагийн үйлдлээр 22х23.5 см хэмжээтэй 2 см-ийн зузаантай дсп хавтан шидэж түүний нүүрэн тус газар нь буюу эрүүл мэндэд нь хөнгөн хохирол учруулсан болох нь шүүгдэгч Ж.Б, хохирогч Д.Н, гэрч Б.******* нарын мэдүүлэг, шинжээчийн дүгнэлт зэргээр тогтоогдож байна. Иймд Монгол Улсын Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцох саналтай байна” гэсэн,
Өөрөө өөрийгөө өмгөөлж буй шүүгдэгчээс “Хэлэх тайлбар байхгүй” гэх дүгнэлт, тайлбарыг тус тус гаргав.
Шүүхээс тогтоосон хэргийн нөхцөл байдал
Прокуророос шүүхэд шилжүүлсэн эрүүгийн хэргийн хүрээнд, шүүгдэгч Ж.******* холбогдсон хэрэгт гэм буруу, эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ Эрүүгийн хуулийн хууль ёсны, шударга ёсны, гэм буруугийн зарчмыг тус тус баримтлан шүүхийн хэлэлцүүлэгт тогтоогдсон үйл баримт, шинжлэн судалсан болон хэрэгт цугларсан дээрх нотлох баримтуудыг үндэслэн дүгнэхэд:
Гэм буруугийн талаар
Шүүгдэгч Ж.Б нь 2019 оны 11 дүгээр сарын 08-ны өдөр архи ууж согтуурсан үедээ Налайх дүүргийн 7 дугаар хороо, Бадралын 16-1 тоот гэртэй эхнэр Д.Нг “Орон гэрээ хаяж явлаа утас шүрмэсээ авсангүй” гэх шалтгаанаар хоорондоо маргалдан тохиолдлын шинжтэй нэг удаагийн үйлдлээр 22х23.5 см хэмжээтэй 2 см-ийн зузаантай дсп хавтан шидэж түүний биед дээд урууланд шарх, нүүрэнд цус хуралт, зөөлөн эдийн няцрал гэмтэл буюу эрүүл мэндэд нь хөнгөн хохирол учруулсан болох нь:
шүүгдэгч Ж.н шүүхийн хэлэлцүүлэг болон мөрдөн шалгах ажиллагаанд хэргээ хүлээж өгсөн “...Өдий олон жил амьдарчихаад хүүхэд нь өвдөхөөр ирэхгүй, утсаа авахгүй байна гээд эхнэртээ гомдоод би архи уусан. Тэгээд эхнэрийг ирэхэд нь маргалдаад уурандаа хавтан шидсэн...” гэх,
хохирогч Д. “Тэгээд би өр зээлээ өөрөө төлнө гээд эгчийнх рүүгээ яваад 5 хоноод ирсэн чинь нөхөр уурлаад маргалдсан. Манай нөхөр урьд нь надад гар хүрч байгаагүй...” гэх,
гэрч Б.*******гийн “...2019 оны 11 дүгээр сарын 08-ны өдөр гадуур ажилтай явж байхад 15 цагийн орчим шиг санагдаж байна. Манай ээж ийн дүү ******* эгч над руу залгаад эгчийг нь Батсүх зодчихлоо. Юм нүүр рүү чулуудчихсан гэж хэлэхээр нь би цагдаад мэдэгдэе гээд салгасан...” гэх мэдүүлэг болон Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн шинжээчийн 2019 оны 11 дүгээр сарын 12-ны өдрийн №08 шэ/649 дугаартай “...Д. биед дээд урууланд шарх, нүүрэнд цус хуралт, зөөлөн эдийн няцрал гэмтэл тогтоогдлоо...Дээрх гэмтэл нь гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-т зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна.” гэх дүгнэлт зэрэг хавтаст хэрэгт авагдсан нотлох баримтуудаар шүүгдэгч Ж.г Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцох нь зүйтэй гэж шүүх үзэв.
Гэмт хэргийн улмаас учруулсан хохирол, хор уршгийн тухай.
Шүүгдэгч Ж.н үйлдсэн гэмт хэргийн улмаас хохирогч Д. бие махбодид хөнгөн хохирол учирсан боловч хохирогч “гомдол санал нэхэмжлэх зүйлгүй” гэсэн тул шүүгдэгчийг бусдад төлөх төлбөргүй гэж үзэв.
Эрүүгийн хариуцлага хүлээлгэх талаар
Улсын яллагчаас “Ж.******* Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 450 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 450.000 төгрөгөөр торгох ял оногдуулах саналтай байна” гэх,
Өөрөө өөрийгөө өмгөөлж буй шүүгдэгчээс “Надад хэлэх тайлбар байхгүй” гэх дүгнэлт, тайлбарыг тус тус гаргав.
Шүүх шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5, 6.6 дугаар зүйлд тус тус заасан хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй боловч мөн хуулийн хуулийн хууль ёсны, шударга ёсны, гэм буруугийн зарчимыг баримтлан гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол хор уршгийн шинж чанар, гэмт хэрэг үйлдсэн хүний хувийн байдлыг тал бүрээс нь харгалзан түүнд 450 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 450.000 төгрөгөөр торгох ял оногдуулах нь зүйтэй гэж үзэв.
Бусад асуудлаар
Энэ хэрэгт битүүмжлэгдсэн эд хөрөнгө үгүй, шүүгдэгч Ж.Б нь цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй болохыг тус тус дурдах нь зүйтэй.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 32.10 дугаар зүйлийн 6 дахь хэсэгт ”Прокурор яллах дүгнэлтийн хувийг яллагдагчид гардуулна...” гэж хуульд заажээ. Гэтэл Яллах дүгнэлт гардуулсан тэмдэглэлд цаг, минут, хэдэн хуудас яллах дүгнэлт гардуулсан байхгүй, мөн танилцсан яллагдагч Ж.Б гэсэн атлаа түүний гарын үсэг зурагдаагүй зэрэг зөрчил байх тул цаашид анхаарах нь зүйтэй.
Монгол Улсын Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2 дугаар зүйлийн 1, 4, 36.6, 36.7, 36.8, 37.1 дүгээр зүйлүүдэд заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:
1. Шүүгдэгч ******* овогт Ж.******* Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.
2. Эрүүгийн хуулийн Тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Ж.г 450 нэгжтэй тэнцэх буюу 450.000 төгрөгөөр торгох ял шийтгэж, 90 хоногийн хугацаанд хэсэгчлэн төлүүлэхээр тогтоосугай.
3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Ж.******* оногдуулсан торгох ялыг биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын 15 /арван тав/ нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг 1 /нэг/ хоногоор тооцож хорих ялаар солихыг мэдэгдсүгэй.
4. Шүүгдэгч Ж.Б нь цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй, энэ хэрэгт битүүмжлэгдсэн зүйлгүй болохыг тус тус дурдсугай.
5. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 21.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.4-д зааснаар эд мөрийн баримтаар хураагдсан 22х23.5 см хэмжээтэй, 2 см зузаантай 1 ширхэг ДСП хавтанг тогтоол хүчин төгөлдөр болмогц устгуулахаар тус шүүхийн эд мөрийн баримт устгах комисст шилжүүлсүгэй.
6. Шийтгэх тогтоолд давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрх бүхий этгээд шийтгэх тогтоолыг гардуулснаас хойш 14 хоногийн дотор давж заалдах гомдол, эсэргүүцлийг Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд гаргах эрхтэй болохыг дурдсугай.
7. Шийтгэх тогтоол нь танилцуулан сонсгосноор хүчинтэй болох ба давж заалдах гомдол, эсэргүүцэл гаргасан тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Ж.******* урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Д.ЧИНЗОРИГ