| Шүүх | Дундговь аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Батжаргалын Дэлгэрцэцэг |
| Хэргийн индекс | 139/2016/00124/И |
| Дугаар | 244 |
| Огноо | 2016-08-30 |
| Маргааны төрөл | Ажлаас үндэслэлгүй халагдасан /төрийн тусгай албан хаагч/, |
Дундговь аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр
2016 оны 08 сарын 30 өдөр
Дугаар 244
|
|
|
|
|
|
|
|
| |
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Дундговь аймаг дахь Сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Б.Д даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны “А” танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар
Нэхэмжлэгч: Дундговь аймгийн Сайнцагаан суманд 1970 онд төрсөн, 46 настай, дээд боловсролтой, их эмч мэргэжилтэй, Д-ын нэхэмжлэлтэй,
Дундговь аймгийн Сайнцагаан сумын Өлзийт мандал өрхийн эрүүл мэндийн төвд холбогдох,
Өлзийт мандал өрхийн эрүүл мэндийн төвийн даргын 2014 оны 10 сарын 28-ны өдрийн 13 тоот тушаал хүчингүй болгуулж, ажилд эргүүлэн тогтоолгох, ажилгүй байсан хугацааны цалин хөлстэй тэнцэх олговор 10890000 /арван сая найман зуун ерэн мянга/ төгрөг гаргуулах, нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын дэвтэрт бичилт хийлгэх тухай нэхэмжлэлтэй иргэний хэргийг 2016 оны 08 дугаар сарын 15-нд хүлээн авч хянан хэлэлцэв.
Хариуцагчийн төлөөлөгч: Дундговь аймгийн Гурвансайхан суманд 1991 онд төрсөн, 25 настай, дээд боловсролтой, хүний их эмч мэргэжилтэй, Дундговь аймгийн Сайнцагаан сумын “Өлзийт мандал” өрхийн эрүүл мэндийн төвийн даргын үүргийг түр орлон гүйцэтгэгч ажилтай, Дундговь аймгийн Сайнцагаан сумын 7-р баг 14-р байр 44 тоотод оршин суух, .
Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгч Х.Х, хариуцагчийн төлөөлөгч М.С, нарийн бичгийн дарга С.У нар оролцов.
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэхэмжлэгч Х.Х шүүхэд гаргасан нэхэмжлэл, шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Х.Х миний бие нь эмчээр 20 жил ажиллаж байна. Үүнээс Өлзийт мандал өрхийн эрүүл мэндийн төвийн эмчээр 10 жил ажилласан. Тус төвийн ахлагч байсан С.З нь намайг 2014 оны 10 сарын 28-ны өдрийн 13 тоот тушаалаар эмчлэгч эмчийн ажлаас ямар ч үндэслэлгүйгээр 2014 оны 10 сарын 28-ны өдрийн 13.00 цагт чөлөөлсөн. Миний бие уг тушаалыг эс зөвшөөрч 2014 оны 11 сард Сум дундын шүүхэд анх нэхэмжлэлээ гаргасан юм. Шүүх иргэний хэрэг үүсгэн ажиллагаа хийгдэж явсаар жил гаран болсон ба 2016 оны 3 сарын 4-ний өдөр шүүх хурал зарлагдсан боловч миний бие уг шүүх хуралд хожимдож ирсэний улмаас 2016 оны 3 сарын 4-ний өдрийн 139/ШЗ2016/00305 дугаар шүүгчийн захирамжаар нэхэмжлэлийг буцаасан тул дахин нэхэмжлэл гаргасан. Миний бие ажлаас чөлөөлсөн тушаалыг бүхэлд нь хүлээн зөвшөөрөхгүй.
Өлзийт мандал өрхийн эрүүл мэндийн төв нь хүн амд эрүүл мэндийн тусламж үйлчилгээг үзүүлдэг, хувийн хэвшлийн эрүүл мэндийн байгууллага юм. Өрхийн эрүүл мэндийн төв хамт олны хамтарсан хурлаар асуудал шийдвэрлэх ёстой байдаг. Энэ заалтыг тус өрхийн эрүүл мэндийн хамт олон хэрэгжүүлдэггүй өдий хүрч ирсэн. Нэхэмжлэгч Х.Хишигбат би уг тушаалд дурьдсанаар согтууруулах ундааны зүйл хэрэглээгүй, танхайраагүй, бусдыг хэл амаар доромжилж, ажил тасалж, ажлын цагийг баримтлаагүй гэсэн үндэслэлээр хамт олны хурлаар хэлэлцэж захиргааны арга хэмжээ авагдаж байгаагүй. Тухайн өдөр 13.00 цаг хүртэл Эрүүл мэндийн төвд ямар ч зөрчилгүйгээр ажил үүргээ гүйцэтгэж иргэдийн үзлэг оношлогоо, эмчилгээ хийж байхад өрөөнд орж ирээд шууд ажлаас халах тушаал өгсөн. Хэрвээ би дутагдал гаргаж байсан бол надад ямар нэгэн арга хэмжээ авагдах байсан байх. Гэтэл ямар ч хууль зүйн үндэслэлгүй шууд халсан тушаал гаргасан. Тус өрхийн эрүүл мэндийн төвийн хамт олны хурлаар ч хэлэлцүүлэлгүй шууд ажлаас чөлөөлсөнд гомдолтой байна. Намайг ажилдаа эрүүл ирж үүрэгт ажлаа хийж байсныг тус өрхийн эрүүл мэндийн төвийн хамт олон, иргэд гэрчилж нотлоно. Тус төвийн дарга байсан С.Золжаргалд ажил мэргэжлийн чиглэлээр үзэл бодлоо ярилцахад хүлээн авдаггүй, өөрийнхөө бодлоор үйл ажиллагаа явуулдаг байсан. Энэ тал дээр санал бодол зөрчилдөж, үнэнийг нь би хэлснээр буруутан болж өнөөдөр ажилгүй болж хохирч явна.
Иймд Өлзийт мандал өрхийн эрүүл мэндийн төвийн даргын 2014.10.28-ны өдрийн 13 тоот тушаалыг хүчингүй болгуулах, Өлзийт мандал өрхийн эрүүл мэндийн төвийн их эмчийн ажилд эргүүлэн тогтоолгох, ажилгүй байсан хугацааны цалин 10890000 төгрөг гаргуулах, нийгмийн даатгалын болон эрүүл мэндийн даатгалын дэвтэрт нөхөн бичилт хийлгүүлэх нэхэмжлэлийн шаардлагаа дэмжиж байна гэв.
Хариуцагчийн төлөөлөгч М.Сосорбурам шүүхэд гаргасан тайлбартаа: Дундговь аймгийн Сайнцагаан сумын Өлзийт мандал өрхийн эрүүл мэндийн төвийн дарга /С.З/-ын 2014 оны 10 дугаар сарын 28-ны өдрийн 13 дугаартай тушаалаар Монгол улсын Хөдөлмөрийн тухай хуулийн 38 дугаар зүйлийн 38.1.2, 40 дүгээр зүйлийн 40.1.4, 131 дүгээр зүйлийн 131.1.3 дахь хэсэг, мөн ‘’Байгууллагын дотоод журам’’-ын 1 дүгээр зүйлийн 1.9.7 дахь хэсгийн 8, 9 дэх хэсгийг тус тус үндэслэн тус төвийн эмчлэгч эмч Х.Х ‘’ажлын байран дээр бусдыг хэл амаар доромжилсон, удаа дараалан ажлын цагийг таслаж, мөн ажлын цагийг баримталдаггүй’’ тул үүрэгт ажлаас 2014 оны 10 сарын 28-ны өдрөөс чөлөөлсөн. Х.Хишигбатын гаргасан зөрчил нь холбогдох баримт, байгууллагын ажилтнуудын мэдүүлэг зэргээр нотлогдож байгаа бөгөөд үүрэгт ажлаас нь чөлөөлсөн тухайн шийдвэр нь Хөдөлмөрийн тухай хууль, Байгууллагын дотоод журмыг баримтлан гаргасан тул хууль зүйн үндэслэлтэй гэж үзэж байна. Тус эрүүл мэндийн төв нь одоо орон тоо бүрэн, байгууллагын санхүүжилт хүрэлцэхгүй байгаа тул Х.Хишигбатыг эргүүлэн ажилд томилох, нэхэмжлэлд дурьдсан 10,890,000 /арван сая найман зуун ерэн мянга/ төгрөгийг олгох боломжгүй болно гэв.
Хэрэгт цугларсан болон шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримтыг шинжлэн судлаад
ҮНДЭСЛЭХ нь:
Нэхэмжлэгч Х.Хишигбат нь Дундговь аймгийн Сайнцагаан сумын Өлзийт мандал өрхийн эрүүл мэндийн төвийн даргын 2014.10.28-ны өдрийн 13 тоот тушаалыг хүчингүй болгуулах, Дундговь аймгийн Сайнцагаан сумын Өлзийт мандал өрхийн эрүүл мэндийн төвийн их эмчийн ажилд эргүүлэн тогтоолгох, ажилгүй байсан хугацааны цалин хөлстэй тэнцэх олговор 10890000 төгрөг гаргуулах, нийгмийн даатгалын болон эрүүл мэндийн даатгалын дэвтэрт нөхөн бичилт хийлгүүлэх нэхэмжлэлийг шүүхэд гаргажээ.
Хариуцагчийн төлөөлөгч М.С //Өлзийт мандал БГБХ нөхөрлөлийн улсын бүртгэлийн гэрчилгээ /2-р хавтаст хэргийн 55-р тал/, Эрүүл мэндийн газрын даргын 2016 оны 1 сарын 21-ний Б/06 тоот “Албан үүргийг түр орлон гүйцэтгүүлэх тухай” тушаал /2-р хавтаст хэргийн 59-р тал/, Эрүүл мэндийн газрын даргын 2016 оны 5 сарын 2-ны өдрийн Б/13 тоот “Албан үүргийг түр орлон гүйцэтгүүлэх тухай” тушаал /1-р хавтаст хэргийн 13-р тал// нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хүлээн зөвшөөрөхгүй гэж маргаж байна.
Нэхэмжлэгч Х.Х нь анх 2008 оны 10 сарын 1-нд Дундговь аймгийн Сайнцагаан сумын “Өлзийт мандал” өрхийн эмнэлгийн ахлагчийн 09 дугаартай ажилд томилох тухай /1-р хавтаст хэргийн 195-р тал/ тушаалаар өрхийн эмчээр томилогджээ.
Дундговь аймгийн Сайнцагаан сумын Өлзийт мандал өрхийн эрүүл мэндийн төвийн даргын 2014 оны 10 сарын 28-ны өдрийн 13 дугаар “Ажлаас чөлөөлөх тухай” /1-р хавтаст хэргийн 4-р талын ар, 28-р тал/ тушаалаар нэхэмжлэгч Х.Хишигбатыг Хөдөлмөрийн тухай хуулийн 38 дугаар зүйлийн 38.1.2, 40 дүгээр зүйлийн 40.1.4, 131 дүгээр зүйлийн 131.1.3 дэх заалтууд, Байгууллагын дотоод журмын 1 дүгээр зүйлийн 1.9.7 дэх хэсгийн 8, 9 дэх хэсгийг баримтлан “Х.Хишигбат нь ажлын байран дээр дахин давтан согтууруулах ундааны зүйл хэрэглэж ирж танхайрсан, бусдыг хэл амаар доромжилсон, удаа дараалан ажлын цагийг таслаж, мөн ажлын цаг баримтладаггүй” гэсэн үндэслэлүүдээр Өлзийт мандал өрхийн эрүүл мэндийн төвийн өрхийн эмчийн үүрэгт ажлаас нь чөлөөлжээ.
Ажил олгогч ажилтантай 2012 оны 1 сарын 1-нд нэг жилийн хугацаатай хөдөлмөрийн гэрээ байгуулж, талууд гарын үсгээ зурж, тамга тэмдэгээ дарж баталгаажуулсан гэрээ //1-р хавтаст хэргийн 199-р тал/ хэрэгт авагдсан байх тул уг гэрээг нотлох баримтаар үнэлж хэргийг шийдвэрлэв. Хөдөлмөрийн тухай хуулийн 23 дугаар зүйлийн 23.2.1-д байнгын ажлын байранд хөдөлмөрийн гэрээг хугацаагүй байгуулна, 23.3-т хөдөлмөрийн хугацаатай гэрээний хугацаа дуусмагц талууд түүнийг цуцлах санал тавиагүй бөгөөд ажилтан ажлаа гүйцэтгэсээр байгаа бол уг гэрээг анх заасан хугацагаар сунгагдсанд тооцно гэж заасан.
Ажил олгогчийн санаачлагаар ажилтантай байгуулсан хөдөлмөрийн гэрээг цуцлахдаа ажилтан сахилгын ноцтой зөрчил гаргасан үндэслэлээр хөдөлмөрийн харилцааг шууд зогсоохоор заасан Хөдөлмөрийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.4 дэх заалтыг баримталсан боловч хэрэгт авагдсан 2012 оны 1 сарын 1-нд байгуулсан хөдөлмөрийн гэрээндээ /1-р хавтаст хэргийн 199-р тал/ талууд тухайн ажил үүргийн онцлогтой холбогдуулан ямар зөрчлийг ноцтой зөрчил гэж тооцохыг харилцан тохиролцож, уг зөрчлийн тохиолдол бүрийг гэрээнд нэрлэн заагаагүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад энэ талаар нотлох баримтаа ажил олгогч шүүхэд гаргаж өгөөгүй байна. Ажил олгогч ажилтан нарын хооронд байгуулсан гэрээнд сахилгын ноцтой зөрчил гэдгийг тохиролцоогүй бол ажилтан зөрчил гаргасан буруутай байсан ч уг үндэслэлээр гэрээг цуцлах эрх ажил олгогчид үүсэхгүй.
Байгууллагын хөдөлмөрийн дотоод журмын /1-р хавтаст хэргийн 120-144-р тал/ 1 дүгээр зүйлийн 1.9.7 дахь заалт нь “өрхийн эмнэлэг хөдөлмөрийн сахилга ханган биелүүлэх талаар дараах журмыг дагаж мөрдөнө” гэсэн заалт байх бөгөөд энэ нь ажил олгогчийн санаачилгаар хөдөлмөрийн харилцааг шууд цуцлах зохицуулалт биш байна.
Ажил олгогч нь нэхэмжлэгч Х.Х “Ажлаас чөлөөлөх тухай” тушаалаар үүрэгт ажлаас нь чөлөөлөхдөө Байгуулагын дотоод журмын 1.9.7 дэх хэсгийн 8, 9 дэх заалтыг баримталсан боловч уг журмын 1.9.7 дахь заалтын 8 дахь хэсэгт “ажилдаа согтуу ирэх, ажлын байранд болон ажлын цагаар согтууруулах зүйл хэрэглэх, зөвшөөрөөгүй газар тамхи татахыг хориглоно”, 9 дэх хэсэгт “хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр ажлын 1 өдөрт дараалан буюу нийлбэр дүнгээр 4 түүнээс дээш цагаар ажил үүргээ гүйцэтгээгүй бол тухайн ажлын өдрийг тасалсанд тооцно” гэж тус тус заасан болохоос хөдөлмөрийн харилцааг шууд цуцлах талаар заагаагүй байна.
Мөн нэхэмжлэгч Х.Х нь “ажлын байран дээр дахин давтан согтууруулах ундааны зүйл хэрэглэж ирж танхайрсан, бусдыг хэл амаар доромжилсон, удаа дараалан ажлын цагийг таслаж, ажлын цаг баримталдаггүй” гэх зөрчлүүдийг гаргасан эсэх, хэзээ гаргасан болох нь хэрэгт авагдсан баримтуудаар тогтоогдохгүй байх бөгөөд ажил олгогч нь Хөдөлмөрийн тухай хуулийн 131 дүгээр зүйлийн 131.1, 131.1.3-т заасан ажлаас халах сахилгын шийтгэлийг мөн хуулийн 131 дүгээр зүйлийн 131.2-т заасан хугацаанд ногдуулсан эсэх нь мөн баримтаар нотлогдохгүй байна.
Өөрөөр хэлбэл Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.2.2-т зааснаар хэргийн оролцогчид шаардлага ба татгалзлаа өөрсдөө нотлох үүрэгтэй ба хариуцагч тал нэхэмжлэлийн шаардлагыг үгүйсгэх хангалттай баримт нотолгоог шүүхэд гаргаж өгөөгүй байна.
Иймд дээрх үндэслэлүүдээр нэхэмжлэгч Х.Хг Дундговь аймгийн Сайнцагаан сумын Өлзийт мандал өрхийн эрүүл мэндийн төвийн өрхийн их эмчийн ажилд эгүүлэн тогтоож, ажилгүй байсан хугацааны цалин хөлстэй тэнцэх олговрыг хариуцагчаас гаргуулан нэхэмжлэгчид олгох нь зүйтэй байна.
Нэгэнт Дундговь аймгийн Сайнцагаан сумын Өлзийт мандал өрхийн эрүүл мэндийн төвийн даргын тушаалыг хууль зүйн үндэслэлгүй гаргасан гэж дүгнэсэн тул түүний 2014 оны 10 сарын 28-ны өдрийн 13 тоот тушаалыг хүчингүй болгох нь зүйтэй байна.
Нэхэмжлэгч Х.Х нь 2014 оны 10 сарын 28-ны өдрөөс 2016 оны 03 сарын 14-ний өдрийг хүртэлх ажилгүй байсан хугацааны цалин хөлстэй тооцох олговор 10890000 төгрөг гаргуулахаар нэхэмжилжээ.
Нийгмийн хамгаалал хөдөлмөрийн сайдын 2005 оны 5 сарын 5-ны өдрийн 55 дугаартай тушаалаар батлагдсан “Дундаж цалин хөлс тодорхойлсон журам”-ын 7.а-д “ажлаас буруу халсан буюу шилжүүлсэн үеийн дундаж цалин хөлсийг тодорхойлохдоо тухайн ажилтны сүүлийн 3 сарын дундаж цалин хөлсөөр тодорхойлно” гэж заасан бөгөөд нэхэмжлэгч нь 2014 оны 8 сард 588996 төгрөг, 9 сард 456724 төгрөг, 10 сард 1211560 төгрөгийн цалин авч байсан нь түүний №0184232 дугаартай нийгмийн даатгалын дэвтрийн нотариатчаар гэрчлүүлсэн хуулбар, нэхэмжлэгчийн 2014 оны 1-10 сард авч байсан цалингийн жагсаалт зэрэг баримтаар тогтоогдож байх тул сүүлийн 3 сарын цалин 2257280 төгрөг: 3=1сард 752426 төгрөг :21.5 ажлын хоног, нэг өдрийн цалин 34996 төгрөг, ажилгүй байсан 2014 оны 10 сард 4 хоног, 11 сард 20 хоног, 12 сард 23 хоног, 2015 оны 1 сард 21 хоног, 2 сард 20 хоног, 3 сард 22 хоног, 4 сард 22 хоног, 5 сард 21 хоног, 6 сард 22 хоног, 7 сард 22 хоног, 8 сард 21 хоног, 9 сард 22 хоног, 10 сард 22 хоног, 11 сард 21 хоног, 12 сард 23 хоног, 2016 оны 1 сард 20 хоног, 2 сард 21 хоног, 3 сард 9 хоног, нийт 356 хоногийн цалин 12458000 төгрөг болж байх боловч нэхэмжлэлийн шаардлагын хэмжээнд буюу 10890000 төгрөгийг хариуцагчаас гаргуулж нэхэмжлэгчид олгох нь зүйтэй байна.
Ажил олгогчийн санаачилгаар ажлаас буруу халсан тухай ажилтны гомдол нь эд хөрөнгийн бус үнэлэх боломжгүй нэхэмжлэл болон гомдлоор авч хэлэлцэх хэрэгт хамаарах бөгөөд зөвхөн нэхэмжлэгч улсын тэмдэгтийн хураамж төлөхөөс чөлөөлөгддөг ба хариуцагчаас тус гомдолд төлөх улсын тэмдэгтийн хураамж 70200 төгрөг, нэхэмжлэгчийн ажилгүй байсан хугацааны цалин хөлстэй тэнцэх олговор 10890000 төгрөг гаргуулах шаардлагын улсын тэмдэгтийн хураамж 189190 төгрөг, нийт 259390 төгрөгийг гаргуулж улсын орлогод оруулахаар шийдвэрлэв.
Хэрэгт авагдсан бичгийн нотлох баримтуудаас 1-р хавтаст хэргийн 162-181, 184, 186-р талд авагдсан баримтууд нь хуульд заасан бичгийн нотлох баримтын шаардлага хангаагүй, 1-р хавтаст хэргийн 202-205, 206-р талд авагдсан баримтууд нь хэрэгт хамааралгүй, ач холбогдолгүй, 1-р хавтаст хэргийн 208, 209, 215-р талд авагдсан баримтууд нь штриктэж засварласан байх тул шүүх нотлох баримтанд үнэлээгүй болно.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 82 дугаар зүйлийн 82.1, 82.1.2, 115 дугаар зүйлийн 115.1, 115.2.1, 116, 118 дугаар зүйлүүдэд заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:
1.Хөдөлмөрийн тухай хуулийн 128 дугаар зүйлийн 128.1.2-т зааснаар нэхэмжлэгч Дундговь аймгийн Сайнцагаан сумын “Өлзийт мандал” өрхийн эрүүл мэндийн төвийн өрхийн эмчийн ажилд эгүүлэн тогтоосугай.
2. Иргэний хуулийн 9 дүгээр зүйлийн 9.4.7-д зааснаар Дундговь аймгийн Сайнцагаан сумын “Өлзийт мандал” өрхийн эрүүл мэндийн төв даргын 2014 оны 10 сарын 28-ны өдрийн 13 тоот тушаалыг хүчингүй болгосугай.
3. Хөдөлмөрийн тухай хуулийн 69 дүгээр зүйлийн 69.1-д зааснаар Дундговь аймгийн Сайнцагаан сумын Өлзийт мандал өрхийн эрүүл мэндийн төвөөс ажилгүй байсан хугацааны цалин хөлстэй тэнцэх олговор 10890000 /арван сая найман зуун ерэн мянга/ төгрөг гаргуулж нэхэмжлэгч Х.Хишигбатад олгож, нийгмийн даатгалын болон эрүүл мэндийн даатгалын дэвтэрт бичилт хийхийг хариуцагч Дундговь аймгийн Сайнцагаан сумын Өлзийт мандал өрхийн эрүүл мэндийн төв /М.С/-д үүрэг болгосугай.
4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.3, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.5-д зааснаар энэхүү нэхэмжлэл нь улсын тэмдэгтийн хураамжаас чөлөөлөгддөг болохыг дурьдаж, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1, Улсын тэмдэгтийн хураамжийн хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, 7.1.2-т тус тус зааснаар хариуцагч Дундговь аймгийн Сайнцагаан сумын Өлзийт мандал өрхийн эрүүл мэндийн төвөөс улсын тэмдэгтийн хураамж 259390 /хоёр зуун тавин есөн мянга гурван зуун ер/ төгрөгийг гаргуулж улсын орлогод оруулсугай.
5. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2 дахь хэсэгт зааснаар зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч анхан шатны шүүхийн шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор аймгийн шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэйг дурдсугай.
ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Б.Д