Налайх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2020 оны 01 сарын 02 өдөр

Дугаар 06

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Налайх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Д.Чинзориг даргалж,

шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Улаанмуна,

улсын яллагч Э.Ариунболд,

шүүгдэгч А.Б нарыг оролцуулан тус шүүхийн хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар:

 

Налайх, Багахангай дүүргийн прокурорын газрын хяналтын прокурор Э.Ариунболдын Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн ******* овогт А.Бт холбогдох эрүүгийн *******тай хэргийг 2019 оны 12 дугаар сарын 05-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.

 

Шүүгдэгчийн биеийн байцаалт:

Монгол Улсын иргэн, *******-ны өдөр Улаанбаатар хотод төрсөн, *******, эрэгтэй, яс үндэс халх, бүрэн дунд боловсролтой, мэргэжилгүй, хувиараа хөдөлмөр эрхэлдэг, ам бүл 4, эхнэр, 2 хүүхдийн хамт Налайх дүүрэг, 1 дүгээр хороо, Уурхайчдын *******од оршин суух,

Урьд Налайх, Багахангай дүүргийн шүүхийн 2011 оны 04 дүгээр сарын 12-ны өдрийн *******тай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 211 дүгээр зүйлийн 211.1 дэх хэсэгт зааснаар 2 жилийн хугацаагаар хорих ял оногдуулж улмаар хорих ялыг тэнссэн,

мөн Төв аймгийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 06 дугаар сарын 25-ны өдрийн 174 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 24.6 дугаар зүйлийн 2 дах хэсгийн 2.2-т, мөн хуулийн 17.12 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 1 жил 30 хоногийн хорих ялаар тус тус шийтгэгдсэн, ******* овогт А.Б, регистрийн дугаар **********,

 

            Холбогдсон хэргийн талаар: /яллах дүгнэлтэнд дурдсанаар/

Шүүгдэгч А.Б нь архи согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ Налайх дүүргийн 1 дүгээр хороо, Уурхайчдын *******од байрлах гэрт 2019 оны 10 дугаар сарын 22-ны өдрийн 19 цагийн орчимд Ц.Ттай маргалдан улмаар нүүр рүү нь 3 удаа гараараа цохиж, толгой руу нь 2 удаа өшиглөж биед нь толгойн хуйханд шарх, баруун зүүн дээд доод зовхинд цус хуралт, нүүр, цээжинд зөөлөн эдийн няцрал гэмтэл учруулан эрүүл мэндэд нь хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

    Шүүгдэгч А.Б нь шүүхийн хэлэлцүүлэгт: “2019 оны 10 дугаар сарын 22-ны өдөр би гэртэй унтаж байсан. Гаднаас Төмөрбаатар гэх залуу архи барьж орж ирсэн. Хүүхэд унтаж байна гар гэхэд эвгүй үг хэлээд гарахгүй байсан. Тэгэхээр нь би цохиж унагаад 2 удаа дэвссэн” гэв.

 

             Шүүхийн хэлэлцүүлэгт талуудын зүгээс дараах нотлох баримтыг шинжлэн судлав. Үүнд:

 

             Хохирогч Ц.Тын мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “2019 оны 10 дугаар сарын 22-ны өдөр би цуг ажилладаг байсан ******* гэх ахтай12 цагт ******* буудалд уулзаж өрөөнд бид хоёр архи уусан. Тухайн газраас би ганцаараа гараад махны үйлдвэрийн нягтлан бодогч руу залгаад цалингаа авъя гэхэд чи өөрөө ирэх боломжтой байна уу гэхээр нь боломжгүй байна. Ахыгаа аваад очъё гэхэд ирээд авчихаж болно гэсэн. Зүс таних Бадрал гэх ахтай уулзаад ажиллаж байсан үйлдвэр рүүгээ очиж 170.000 төгрөгийн цалингаа нягтлангаас авсан. Тэгээд 0,5 литрийн хараа аваад гэх ахынх руу би ганцаараа 19 цагийн үед очсон. Гэрт нь яваад ортол ах тасраад уначихсан байсан. өөрөө бас эхнэр болон 2 хүүхэд нь байсан. чи гэж мөн үү гэхээр нь би биш ээ би ахтайгаа уулзах гэж ирсэн гэж хэлсэн чинь намайг цохисон. Би газар унасан чинь дээрээс толгой руу дэвсээд байсан. Чи хүн андуураад байгаа юм биш үү яагаад хүн зодоод байгаа юм бэ гэхэд юм хэлэхгүй хүнтэй андуураад зодоод байх шиг байсан. Би гэрээс нь гарах гэтэл гаргахгүй байсан. Хоёр удаа гарах гэж оролдоод бүтээгүй 3 дахь дээр нь гарч зугтаасан. Тэгээд би шууд гэр рүүгээ хариад толинд харахад нүүр хөхөрч хавдсан байсан. Цээж хөндүүрлэж өвдөж байсан” гэсэн мэдүүлэг,

            /хх-ийн 7 дугаар хуудас/

 

            Гэрч Г.гийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “Би тухайн өдөр гадуур архи ууж байгаад 16 цагийн орчим ирэхэд манай гэрт , дүү нар байсан. Тэд нар архи ууж байсан. Би хоёр татаад тасраад унасан. Харанхуй болсон хойно сэрсэн гэрийнхэн бүгд байсан. Шоолоо гэж дууддаг таньдаг дүүг хүргэн зодсон байсан. Манай хүүхдүүд тэгэж ярьж байсан. Өглөө нь босоод т та нар хүн зодсон очиж уулзаач гэж хэлсэн. Би тухайн үед тасарчихсан унтаж байсан учир харсан зүйл байхгүй” гэсэн мэдүүлэг,

            /хх-ийн 16 дугаар хуудас/

 

            Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн шинжээчийн №08 шэ/586 дугаар:

            “1. Ц.Тын биед толгойн хуйханд шарх, баруун зүүн дээд доод зовхинд цус хуралт, нүүр, цээжинд зөөлөн эдийн няцрал гэмтэл тогтоогдлоо.

            2. Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн олон удаагийн үйлчлэлээр үүсгэгдэнэ.

            3. Дээрх гэмтэл нь гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-т зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна.

            4. Цаашид хөдөлмөрийн ерөнхий чадварт нөлөөлөхгүй.

            5. Дээрх гэмтэл нь тогтоолд дурьдсан хэрэг болсон гэх цаг хугацаанд үүссэн байх боломжтой.” гэх дүгнэлт,

            /хх-ийн 20 дугаар хуудас/

 

            Налайх эрүүл мэндийн төвийн 2019 оны 10 дугаар сарын 30-ны өдрийн яаралтай тусламж үйлчилгээний хуудас,

            /хх-ийн 36 дугаар хуудас/

 

            Иргэний мэдээлэл, дэлгэрэнгүй лавлагаа,

            /хх-ийн 27-29 дүгээр хуудас/

 

            Эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас,

            /хх-ийн 35 дугаар хуудас/

 

            А.Бын Иргэний үнэмлэхийн лавлагаа,

            /хх-ийн 53 дугаар хуудас/

 

            Налайх дүүргийн 1 дүгээр хорооны засаг даргын тодорхойлолт,

            /хх-ийн 54 дүгээр хуудас/

 

            Багахангай, Налайх дүүргийн шүүхийн 2011 оны 04 дүгээр сарын 12-ны өдрийн 39 дугаар шийтгэх тогтоол,

            /хх-ийн 62-64 дүгээр хуудас/

 

            Төв аймаг дахь сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 06 дугаар сарын 25-ны өдрийн 174 дугаар шийтгэх тогтоол, /хх-ийн 65-79 дүгээр хуудас/ зэрэг бичгийн нотлох баримтуудыг шинжлэн судлав.

 

Шүүх хуралдаанд гэм буруугийн талаар улсын яллагч гаргасан дүгнэлтдээ

   Шүүгдэгч А.Б нь архи согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ Налайх дүүргийн 1 дүгээр хороо, Уурхайчдын *******од байрлах гэрт 2019 оны 10 дугаар сарын 22-ны өдрийн 19 цагийн орчимд Ц.Ттай маргалдан улмаар нүүр рүү нь 3 удаа гараараа цохиж, толгой руу нь 2 удаа өшиглөж биед нь толгойн хуйханд шарх, баруун зүүн дээд доод зовхинд цус хуралт, нүүр, цээжинд зөөлөн эдийн няцрал гэмтэл учруулан эрүүл мэндэд нь хөнгөн хохирол учруулсан болох нь хохирогч Ц.Тын мэдүүлэг, гэрч Г.гийн мэдүүлэг, шинжээчийн дүгнэлт зэргээр тогтоогдож байна.

Иймд Монгол Улсын Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцох тооцох саналтай байна гэсэн дүгнэлт,

Өөрөө өөрийгөө өмгөөлж буй шүүгдэгчээс “Хэлэх тайлбар байхгүй” гэх дүгнэлт, тайлбарыг тус тус гаргав.

Шүүхээс тогтоосон хэргийн нөхцөл байдал

Прокуророос шүүхэд шилжүүлсэн эрүүгийн хэргийн хүрээнд, шүүгдэгч А.Бт холбогдсон хэрэгт гэм буруу, эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ Эрүүгийн хуулийн хууль ёсны, шударга ёсны, гэм буруугийн зарчмыг тус тус баримтлан шүүхийн хэлэлцүүлэгт тогтоогдсон үйл баримт, шинжлэн судалсан болон хэрэгт цугларсан дээрх нотлох баримтуудыг үндэслэн дүгнэхэд:

 

Гэм буруугийн талаар

Шүүгдэгч А.Б нь архи согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ Налайх дүүргийн 1 дүгээр хороо, Уурхайчдын *******од байрлах гэрт 2019 оны 10 дугаар сарын 22-ны өдрийн 19 цагийн орчимд Ц.Ттай маргалдан улмаар нүүр рүү нь 3 удаа гараараа цохиж, толгой руу нь 2 удаа өшиглөж биед нь толгойн хуйханд шарх, баруун зүүн дээд доод зовхинд цус хуралт, нүүр, цээжинд зөөлөн эдийн няцрал гэмтэл учруулан эрүүл мэндэд нь хөнгөн хохирол учруулсан болох нь:

шүүгдэгч А.Бын шүүхийн хэлэлцүүлэг болон мөрдөн шалгах ажиллагаанд хэргээ хүлээж өгсөн “...Гаднаас Төмөрбаатар гэх залуу архи барьж орж ирсэн. Хүүхэд унтаж байна гар гэхэд эвгүй үг хэлээд гарахгүй байсан. Тэгэхээр нь би цохиж унагаад 2 удаа дэвссэн...” гэх, 

хохирогч Ц.Тын “А.Б чи гэж мөн үү гэхээр нь би биш ээ би ахтайгаа уулзах гэж ирсэн гэж хэлсэн чинь намайг цохисон. Би газар унасан чинь дээрээс толгой руу дэвсээд байсан. Чи хүн андуураад байгаа юм биш үү яагаад хүн зодоод байгаа юм бэ гэхэд юм хэлэхгүй хүнтэй андуураад зодоод байх шиг байсан. Би гэрээс нь гарах гэтэл гаргахгүй байсан. Хоёр удаа гарах гэж оролдоод бүтээгүй 3 дахь дээр нь гарч зугтаасан. Тэгээд би шууд гэр рүүгээ хариад толинд харахад нүүр хөхөрч хавдсан байсан...” гэх,

            гэрч Г.гийн “...Би тухайн өдөр гадуур архи ууж байгаад 16 цагийн орчим ирэхэд манай гэрт , дүү нар байсан. Тэд нар архи ууж байсан. Би хоёр татаад тасраад унасан. Харанхуй болсон хойно сэрсэн гэрийнхэн бүгд байсан. Шоолоо гэж дууддаг таньдаг дүүг хүргэн зодсон байсан. Манай хүүхдүүд тэгэж ярьж байсан...” гэх мэдүүлэг болон Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн шинжээчийн №08 шэ/586 дугаартай “...Ц.Тын биед толгойн хуйханд шарх, баруун зүүн дээд доод зовхинд цус хуралт, нүүр, цээжинд зөөлөн эдийн няцрал гэмтэл тогтоогдлоо...Дээрх гэмтэл нь гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-т зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна.” гэх дүгнэлт зэрэг хавтаст хэрэгт авагдсан нотлох баримтуудаар шүүгдэгч А.Быг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцох нь зүйтэй гэж шүүх үзэв.

 

Гэмт хэргийн улмаас учруулсан хохирол, хор уршгийн тухай.

Шүүгдэгч А.Бын үйлдсэн гэмт хэргийн улмаас хохирогч Ц.Тын бие махбодид хөнгөн хохирол учирсан боловч хохирогч “гомдол санал нэхэмжлэх зүйлгүй” гэсэн тул шүүгдэгчийг бусдад төлөх төлбөргүй гэж үзэв.

 

Эрүүгийн хариуцлага хүлээлгэх талаар

Улсын яллагчаас “А.Бт Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 240 цаг нийтэд тустай ажил хийлгэх ял оногдуулах саналтай байна” гэх,

Өөрөө өөрийгөө өмгөөлж буй шүүгдэгчээс “Би хийсэн хэрэгтээ гэмшиж байна. Дахин ийм үйлдэл гаргахгүй” гэх дүгнэлт, тайлбарыг тус тус гаргав.

 

Шүүх шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5, 6.6 дугаар зүйлд тус тус заасан хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй боловч мөн хуулийн хуулийн хууль ёсны, шударга ёсны, гэм буруугийн зарчимыг баримтлан гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол хор уршгийн шинж чанар, гэмт хэрэг үйлдсэн хүний хувийн байдлыг тал бүрээс нь харгалзан түүнд 400 цагийн хугацаагаар нийтийн ашиг сонирхолд тустай ажлыг цалин хөлс олгохгүйгээр хийлгэх ял оногдуулах нь зүйтэй гэж үзэв.

Харин Улсын яллагчын эрүүгийн хариуцлагын санал нь хууль ёсны, шударга ёсны, гэм буруугийн зарчимд нийцээгүй учир “240 цаг нийтэд тустай ажил хийлгэх ял оногдуулах саналтай байна” гэх тайлбарыг хүлээн авахаас татгалзав.

 

Бусад асуудлаар

          Энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан болон битүүмжлэгдсэн эд хөрөнгө үгүй, шүүгдэгч А.Б нь цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй болохыг тус тус дурдах нь зүйтэй.

 

     Монгол Улсын Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2 дугаар зүйлийн 1, 4, 36.6, 36.7, 36.8, 37.1 дүгээр зүйлүүдэд заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Шүүгдэгч ******* овогт А.Быг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

2. Эрүүгийн хуулийн Тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч А.Быг 400 цаг нийтэд тустай ажил хийлгэх ялаар шийтгэсүгэй.

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.4 дүгээр зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч А.Бт оногдуулсан нийтэд тустай ажил хийлгэх ялыг биелүүлээгүй бол нийтэд тустай ажил хийлгэх ялын найман цагийн ажлыг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг мэдэгдсүгэй.

4. Шүүгдэгч А.Б нь цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй, энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан болон битүүмжлэгдсэн зүйлгүй болохыг тус тус дурдсугай.

5. Шийтгэх тогтоолд давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрх бүхий этгээд шийтгэх тогтоолыг гардуулснаас хойш 14 хоногийн дотор давж заалдах гомдол, эсэргүүцлийг Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд гаргах эрхтэй болохыг дурдсугай.

6. Шийтгэх тогтоол нь танилцуулан сонсгосноор хүчинтэй болох ба давж заалдах гомдол, эсэргүүцэл гаргасан тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгч А.Бт урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                           Д.ЧИНЗОРИГ