Налайх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2020 оны 01 сарын 02 өдөр

Дугаар 07

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Налайх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Д.Чинзориг даргалж,

шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Улаанмуна,

улсын яллагч Э.Ариунболд,

шүүгдэгч Э.Т нарыг оролцуулан тус шүүхийн хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар:

Налайх, Багахангай дүүргийн прокурорын газрын хяналтын прокурор Э.Ариунболдын Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн ******* овогт Э.Тд холбогдох эрүүгийн 1907004470160 дугаартай хэргийг 2019 оны 12 дугаар сарын 11-ний өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.

 

Шүүгдэгчийн биеийн байцаалт:

Монгол Улсын иргэн, -ний өдөр Улаанбаатар хотод төрсөн, настай, эрэгтэй, яс үндэс халх, дээд боловсролтой, бүжигчин мэргэжилтэй, хувиараа хөдөлмөр эрхэлдэг, ам бүл 5, эхнэр, 3 хүүхдийн хамт *******,******* тоотод оршин суух,

Урьд Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 06 дугаар сарын 12-ны өдрийн 476 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 13.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 700.000 төгрөгөөр торгох ялаар шийтгүүлсэн, ******* овогт Э.Т, регистрийн дугаар **********,

 

            Холбогдсон хэргийн талаар: /яллах дүгнэлтэнд дурдсанаар/

Шүүгдэгч Э.Т нь архи согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ 2019 оны 10 дугаар сарын 13-ны өдөр 21 цагийн үед Налайх дүүргийн 2 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах Тайжийн 6-3 тоотод хадам ах болох Х.*******тай маргалдан улмаар толгойг нь хана мөргүүлэн нүүр хэсэг рүү нь гараараа цохиж тархи доргилт, зүүн хөмсөг, зүүн шанаа, дагз, зулайн хуйханд шарх, цус хуралт, хаван, шалбаралт гэмтэл учруулан эрүүл мэндэд нь хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ.

 

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

    Шүүгдэгч Э.Т нь шүүхийн хэлэлцүүлэгт: “Манай эхнэр Солонгос 6 хоногоор явах байсан. Би жоохон хардаад байдаг. Тэр өдөр би хадмындаа  байж байхдаа архи уусан. *******тай маргалдаж, түүнийг зодсон нь миний буруу. Тэгээд би тасраад эрүүлжүүлэхэд сэрсэн” гэв.

 

             Шүүхийн хэлэлцүүлэгт талуудын зүгээс дараах нотлох баримтыг шинжлэн судлав. Үүнд:

 

             Хохирогч Х.*******ы мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “2019 оны 10 дугаар сарын 13-ны өдөр гэртээ байж байхад хүргэн дүү ******* манай өрөө хөлсөлдөг залуутай өдөр архи уусан. Би нэг давхарт гэр орны ажлаа хийсэн. Орой 21 цаг өнгөрч байхад *******гийн байж байсан 5 дугаарын өрөө рүү орсон. Хүүхдийнхээ хувцасыг оёх гэж ороход *******, өрөө хөлсөлдөг залуу хоёр нэг шил архиа хувааж уугаад байж байсан. Өрөө хөлсөлдөг залуу архиа аваад манай өрөөнд ороод ир гэж хэлээд өрөө рүүгээ орсон. Би араас нь ороод суухад хүргэн ******* чи миний юмыг өмнө нь хулгайлж байсан гэж хэлээд хана мөргүүлээд миний нүүр рүү гараараа нилээн хэдэн удаа цохисон. Байр хөлсөлдөг залуу найзынхаа хамт салгасан. Тэр үед духнаас цус гараад тогтохгүй байсан. Тэгээд цагдаа түргэн хоёр дуудсан. Эмнэлэг ирээд би духандаа 4 оёдол тавиулсан...” гэсэн мэдүүлэг,

            /хх-ийн 13-14 дүгээр хуудас/

 

            Гэрч Д.*******ын мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “2019 оны 10 дугаар сарын 13-ны орой 20 цаг өнгөрч байхад Налайх дүүргийн 2 дугаар хороо Тайжийн 6-3 тоотод “*******” хүнсний дэлгүүртээ сууж байтал дээр 2 давхарт юм түжигнээд байхаар нь нээх тоогоогүй байж байтал нилээн ширүүсээд ирэхээр нь дээшээ гартал манай хүү *******ыг хүргэн ******* дээр нь гарчихсан гараараа толгой хэсэг рүү нь цохиод байсан. Тэгэхээр нь болилдоо гэж хэлээд хажуу талд өрөө түрээслэж байсан 2 залууг дуудаж гаргаж ирээд салгуулсан юм. Тэгээд өрөөнөөс гартал хүргэн ******* дахин хүү *******ыг заамдаад чирээд орохоор нь буцаад болиочээ гээд ортол *******ыг цааш нь түлхэж унагаад буланд хана мөргүүлээд мөн толгойгоор нь паар мөргүүлээд, нүүр хэсэг рүү нь цохих шиг болсон чинь цус нь үсрээд дух хэсгээс нь цус алдаад унасан юм. Тэгээд нөгөө хоёр залуу татаж салгаад би шууд цагдаа болон түргэн тусламж дуудсан” гэсэн мэдүүлэг,

            /хх-ийн 15 дугаар хуудас/

 

            Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн шинжээчийн №12476 дугаар:

            “1. Х.*******ы биед тархи доргилт, зүүн хөмсөг, зүүн шанаа, дагз, зулайн хуйханд шарх, цус хуралт, хаван, шалбаралт гэмтэл тогтоогдлоо.

            2. Дээрх гэмтэл нь хатуу мохоо зүйлийн үйлчлэлээр тухайн цаг хугацаанд үүссэн байх боломжтой.

            3. Шүүх эмнэлэгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-т зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна.

            4. Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадварын тогтонги алдалтанд нөлөөлөхгүй” гэх дүгнэлт,

            /хх-ийн 27 дугаар хуудас/

 

            Хэргийн газарт үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд,

            /хх-ийн 3-7 дугаар хуудас/

 

            Налайх Эрүүл мэндийн төвийн 2019 оны 10 дугаар сарын 13-ны өдрийн яаралтай тусламж үйлчилгээний хуудас,

            /хх-ийн 22 дугаар хуудас/

 

            “Натур” эмнэлэгийн толгойн компьютер томографийн шинжилгээ,

            /хх-ийн 24-26 дугаар хуудас/

 

            Иргэний мэдээлэл, дэлгэрэнгүй лавлагаа,

            /хх-ийн 30-32 дугаар хуудас

 

            Э.*******ийн иргэний үнэмлэхийн лавлагаа,

            /хх-ийн 37 дугаар хуудас/

 

            Ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудас,

            /хх-ийн 39 дүгээр хуудас/

 

            Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 06 дугаар сарын 12-ны өдрийн 476 дугаар шийтгэх тогтоол зэрэг бичгийн нотлох баримтуудыг шинжлэн судлав.

 

Шүүх хуралдаанд гэм буруугийн талаар улсын яллагч гаргасан дүгнэлтдээ

   Шүүгдэгч Э.Т нь архи согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ 2019 оны 10 дугаар сарын 13-ны өдөр 21 цагийн үед Налайх дүүргийн 2 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах Тайжийн 6-3 тоотод хадам ах болох Х.*******тай маргалдан улмаар толгойг нь хана мөргүүлэн нүүр хэсэг рүү нь гараараа цохиж тархи доргилт, зүүн хөмсөг, зүүн шанаа, дагз, зулайн хуйханд шарх, цус хуралт, хаван, шалбаралт гэмтэл учруулан эрүүл мэндэд нь хөнгөн хохирол учруулсан учруулсан болох нь хохирогч Х.*******ы мэдүүлэг, гэрч Д.*******ын мэдүүлэг, шинжээчийн дүгнэлт зэргээр тогтоогдож байна.

Иймд Монгол Улсын Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцох тооцох саналтай байна гэсэн дүгнэлт,

Өөрөө өөрийгөө өмгөөлж буй шүүгдэгчээс “Хэлэх тайлбар  байхгүй” гэх дүгнэлт, тайлбарыг тус тус гаргав.

 

Шүүхээс тогтоосон хэргийн нөхцөл байдал

Прокуророос шүүхэд шилжүүлсэн эрүүгийн хэргийн хүрээнд, шүүгдэгч Э.Тд холбогдсон хэрэгт гэм буруу, эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ Эрүүгийн хуулийн хууль ёсны, шударга ёсны, гэм буруугийн зарчмыг тус тус баримтлан шүүхийн хэлэлцүүлэгт тогтоогдсон үйл баримт, шинжлэн судалсан болон хэрэгт цугларсан дээрх нотлох баримтуудыг үндэслэн дүгнэхэд:

 

Гэм буруугийн талаар

Шүүгдэгч Э.Т нь архи согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ 2019 оны 10 дугаар сарын 13-ны өдөр 21 цагийн үед Налайх дүүргийн 2 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах Тайжийн 6-3 тоотод хадам ах болох Х.*******тай маргалдан улмаар толгойг нь хана мөргүүлэн нүүр хэсэг рүү нь гараараа цохиж тархи доргилт, зүүн хөмсөг, зүүн шанаа, дагз, зулайн хуйханд шарх, цус хуралт, хаван, шалбаралт гэмтэл учруулан эрүүл мэндэд нь хөнгөн хохирол учруулсан болох нь:

шүүгдэгч Э.*******ийн шүүхийн хэлэлцүүлэг болон мөрдөн шалгах ажиллагаанд хэргээ хүлээж өгсөн “...Тэр өдөр би хадмындаа  байж байхдаа архи уусан. *******тай маргалдаж, түүнийг зодсон нь миний буруу. Тэгээд би тасраад эрүүлжүүлэхэд сэрсэн...” гэх, 

хохирогч Х.*******ы “Би араас нь ороод суухад хүргэн ******* чи миний юмыг өмнө нь хулгайлж байсан гэж хэлээд хана мөргүүлээд миний нүүр рүү гараараа нилээн хэдэн удаа цохисон. Байр хөлсөлдөг залуу найзынхаа хамт салгасан. Тэр үед духнаас цус гараад тогтохгүй байсан. Тэгээд цагдаа түргэн хоёр дуудсан. Эмнэлэг ирээд би духандаа 4 оёдол тавиулсан...” гэх,

            гэрч Д.*******ын “...манай хүү *******ыг хүргэн ******* дээр нь гарчихсан гараараа толгой хэсэг рүү нь цохиод байсан. Тэгэхээр нь болилдоо гэж хэлээд хажуу талд өрөө түрээслэж байсан 2 залууг дуудаж гаргаж ирээд салгуулсан юм. Тэгээд өрөөнөөс гартал хүргэн ******* дахин хүү *******ыг заамдаад чирээд орохоор нь буцаад болиочээ гээд ортол *******ыг цааш нь түлхэж унагаад буланд хана мөргүүлээд мөн толгойгоор нь паар мөргүүлээд, нүүр хэсэг рүү нь цохих шиг болсон чинь цус нь үсрээд дух хэсгээс нь цус алдаад унасан юм.” гэх мэдүүлэг болон Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн шинжээчийн №12476 дугаартай “...Х.*******ы биед тархи доргилт, зүүн хөмсөг, зүүн шанаа, дагз, зулайн хуйханд шарх, цус хуралт, хаван, шалбаралт гэмтэл тогтоогдлоо... Шүүх эмнэлэгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-т зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна” гэх дүгнэлт зэрэг хавтаст хэрэгт авагдсан нотлох баримтуудаар шүүгдэгч Э.*******ийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцох нь зүйтэй гэж шүүх үзэв.

 

Гэмт хэргийн улмаас учруулсан хохирол, хор уршгийн тухай.

Шүүгдэгч Э.*******ийн үйлдсэн гэмт хэргийн улмаас хохирогч Х.*******ы бие махбодид хөнгөн хохирол учирсан боловч хохирогч “гомдол санал нэхэмжлэх зүйлгүй” гэсэн тул шүүгдэгчийг бусдад төлөх төлбөргүй гэж үзэв.

 

Эрүүгийн хариуцлага хүлээлгэх талаар

Улсын яллагчаас “Э.*******ийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 240 цаг нийтэд тустай ажил хийлгэх ял оногдуулах,

мөн түүнчлэн Эрүүгийн хуулийн Ерөнхий ангийн 6.9 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийг журамлан Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 06 дугаар сарын 12-ны өдрийн 476 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 13.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 700.000 төгрөгний торгох ял оногдуулсан ба тус тусад нь эдлүүлэх саналтай байна” гэх,

Өөрөө өөрийгөө өмгөөлж буй шүүгдэгчээс “Торгох ял оногдуулж өгнө үү” гэх дүгнэлт, тайлбарыг тус тус гаргав.

 

Шүүх шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5, 6.6 дугаар зүйлд тус тус заасан хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй боловч мөн хуулийн хуулийн хууль ёсны, шударга ёсны, гэм буруугийн зарчимыг баримтлан гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол  хор уршгийн шинж чанар, гэмт хэрэг үйлдсэн хүний хувийн байдлыг тал бүрээс нь харгалзан түүнд 240 цагийн хугацаагаар нийтийн ашиг сонирхолд тустай ажлыг цалин хөлс олгохгүйгээр хийлгэх ял оногдуулах,

Мөн Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.9 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт “Шүүх хэд хэдэн шийтгэх тогтоолоор хэд хэдэн төрлийн ял оногдуулсан бол энэ хуулийн 6.8 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан журмаар нэгтгэх, эсхүл тус тусад нь эдлүүлэхээр шийдвэрлэж болно” гэж заасан бөгөөд Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 06 дугаар сарын 12-ны өдрийн 476 дугаартай шийтгэх тогтоолоор 700 нэгж буюу 700.000 төгрөгөөр торгох ял буюу энэ тогтоолоор оногдуулсан 240 цаг нийтэд тустай ажил хийлгэх ялыг тус тусад нь эдлүүлэхээр шийдвэрлэв.

 

Бусад асуудлаар

          Энэ хэрэгт битүүмжлэгдсэн эд хөрөнгө үгүй, шүүгдэгч Э.Т нь цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй болохыг тус тус дурдах нь зүйтэй.         

 

              Монгол Улсын Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2 дугаар зүйлийн 1, 4, 36.6, 36.7, 36.8, 37.1 дүгээр зүйлүүдэд заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

            1. Шүүгдэгч ******* овогт ийн *******ийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

2. Эрүүгийн хуулийн Тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Э.*******ийг 240 цаг нийтэд тустай ажил хийлгэх ялаар шийтгэсүгэй.

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.4 дүгээр зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Э.Тд оногдуулсан нийтэд тустай ажил хийлгэх ялыг биелүүлээгүй бол нийтэд тустай ажил хийлгэх ялын найман цагийн ажлыг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг мэдэгдсүгэй.

4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.9 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 06 дугаар сарын 12-ны өдрийн 476 дугаартай шийтгэх тогтоолоор 700 нэгж буюу 700.000 төгрөгөөр торгох ял, энэ тогтоолоор оногдуулсан 240 цаг нийтэд тустай ажил хийлгэх ялыг тус тусад нь эдлүүлсүгэй.

5. Шүүгдэгч Э.Т нь цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй, энэ хэрэгт битүүмжлэгдсэн зүйлгүй болохыг тус тус дурдсугай.

   6. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 21.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.4-д зааснаар эд мөрийн баримтаар хураагдсан цус мэт зүйлээр бохирлогдсон 1 ширхэг Хараа нэртэй архины шилийг тогтоол хүчин төгөлдөр болмогц устгуулахаар тус шүүхийн эд мөрийн баримт устгах комисст шилжүүлсүгэй.  

7. Шийтгэх тогтоолд давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрх бүхий этгээд шийтгэх тогтоолыг гардуулснаас хойш 14 хоногийн дотор давж заалдах гомдол, эсэргүүцлийг Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд гаргах эрхтэй болохыг дурдсугай.

8. Шийтгэх тогтоол нь танилцуулан сонсгосноор хүчинтэй болох ба давж заалдах гомдол, эсэргүүцэл гаргасан тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Э.Тд урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                           Д.ЧИНЗОРИГ