Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2016 оны 11 сарын 21 өдөр

Дугаар 1900

 

 

 

 

 

 

 

 

 

А.Энхжилийн нэхэмжлэлтэй иргэний

хэргийн тухай

                              

Нийслэлийн иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүх хуралдааныг Ерөнхий шүүгч Ж.Оюунтунгалаг даргалж, шүүгч Ц.Ичинхорлоо, Д.Цогтсайхан нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн давж заалдах шатны иргэний хэргийн шүүх хуралдаанаар

Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2016 оны 09 дүгээр сарын 20-ны өдрийн 183/ШШ2016/00743 дугаар шийдвэртэй,

Нэхэмжлэгч А.Энхжилийн нэхэмжлэлтэй

Хариуцагч Б.Солонгод холбогдох

Эрх зөрчсөн үйлдлийг таслан зогсоолгох, эцэг хүний үүргээ хэрэгжүүлэх журмыг шүүхээр тогтоолгох тухай иргэний хэргийг

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Л.Ононбаярын гомдлыг үндэслэн, шүүгч Д.Цогтсайханы илтгэснээр хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд:

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч: Э.Батбаяр

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч: Л.Ононбаяр

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга: Ө.Ган-Өнөр нар оролцов.

Нэхэмжлэгч А.Энхжил шүүхэд гаргасан нэхэмжлэл болон түүний итгэмжлэгдсэн төлөөлөгч Э.Батбаяр шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “Миний бие Б.Солонготой танилцаж 3 жил хамт амьдраад 2010 оны 03 дугаар сарын 03-ны өдөр гэрлэлтээ батлуулсан. Хамт амьдрах хугацаанд буюу 2010 оны 10 дугаар сарын 10-ны өдөр бидний дундаас охин Э.Энэрэл төрсөн. Гэвч бид хоорондын таарамжгүй харилцаанаас болж 2012 оноос хойш тусдаа амьдарч байгаад Дүүргийн иргэний хэргийн анхан шатны 2 дугаар шүүхийн 2014 оны 01 дүгээр сарын 17-ны өдрийн 139/1729/х дугаартай шийдвэрээр гэрлэлтээ цуцлуулсан. Гэрлэлт цуцлуулахдаа бид хүүхдийн асрамж, тэтгэлэг болон эд хөрөнгийн асуудлыг хоорондоо ярилцаж тохиролцсон учраас охин Э.Энэрэлийг эх Б.Солонгын асрамжинд үлдээхээр шийдвэрлүүлсэн. Би охиноо эх Б.Солонгын асрамжид үлдээсэн хэдий ч Гэр бүлийн тухай хуулийн 26 дугаар зүйлд заасан хүүхдээ хүмүүжүүлэх эрх, үүргээс татгалзаж, зайлсхийгээгүй билээ. Гэрлэлт цуцлуулснаас хойш өөрийн охин Э.Энэрэлтэй уулзья гэсэн боловч эх Б.Солонго нь хүүхдийн сэтгэл санаа тогтворгүй болно. Тийм учраас чамтай уулзуулахгүй гэдэг хариу хэлсэн. Энэ байдал үргэлжилсээр би өнөөдрийг хүртэл өөрийн охинтойгоо уулзаагүй, хүүхдээ хүмүүжүүлэх эцэг хүний эрх, үүргээ хэрэгжүүлж чадахгүй байгаа бөгөөд миний болон охин Э.Энэрэл нарын эрх ашиг сонирхол түүний эх Б.Солонгоос болж хөндөгдсөөр байна. А.Энхжилийг байнга архи ууж, хар энерги дагуулан ирдэг гэж бичсэн байдаг. Гэтэл хэргийн материалд А.Энхжил нь дээрх үйлдлүүдийг гаргасны улмаас эцэг байх эрхийг нь хязгаарласан тухай баримт нотолгоо байдаггүй. Б.Солонгын энэ үйлдэл нь Гэр бүлийн тухай хуулийн 26 дугаар зүйлийн 26.6-д заасан “хүүхдийн эрх ашиг сохирхолд харшлахааргүй бол гэрлэлтээ цуцлуулсан эцэг эхийн хэн нэг нь нөгөөдөө хүлээсэн үүргээ хэрэгжүүлэхэд нь саад учруулахыг хориглоно” гэсэн заалтыг зөрчиж байгаа учраас Иргэний хуулийн 9 дүгээр зүйлийн 9.4.2, Гэр бүлийн тухай хуулийн 26 дугаар зүйлийн 26.5-д заасны дагуу Б.Солонгын эрх зөрчсөн үйлдлийг таслан зогсоож, охин Э.Энэрэлтэй уулзахад саад болохгүй байхыг Б.Солонгод даалгаж эцэг хүний эрх, үүргээ хэрэгжүүлэх журмыг шүүхээр тогтоож өгнө үү”гэжээ.

Хариуцагч Б.Солонго шүүхэд ирүүлсэн хариу тайлбартаа: “Би А.Энхжилтэй Дүүргийн иргэний хэргийн анхан шатны 2 дугаар шүүхийн 2014 оны 1 дүгээр сарын 07-ны өдрийн 139/1729/х дугаартай шийдвэрээр гэрлэлтээ цуцлуусан бөгөөд охин Э.Энэрэл миний асрамжид үлдсэн, тэтгэлэг тогтоолгоогүй, эд хөрөнгө авч үлдээгүй бөгөөд миний зүгээс А.Энхжилтэй ярилцаж тохиролцсон зүйлгүй салсан. Миний зүгээс А.Энхжилийг өөрийн охин болох А.Энэрэлтэй дараах шалтгааны улмаас уулзуулахгүй байсан. Эхний нэг жилийн хугацаанд А.Энхжилтэй охин Э.Энэрэлийг хүссэн хугацаанд нь тогтмол уулзуулдаг байсан бөгөөд тухайн үед эцэг хүний үүргийн хувиар охиндоо анхаарал халамж тавьдаггүй сэтгэл санаанд нь дарамт учруулж дөрвөн настай хүүхэдтэй тогтмол зүй бус яриа ярьж, айлгаж ичээдэг байсан. Мөн А.Энхжил нь гэрлэлт цуцлуулж байх үеэс цагдаагийн байгууллагад эрүүгийн хэргүүд үүсгэн шалгуулж байгаа бөгөөд их хэмжээний мөнгөний залилан хийсэн байж болзошгүй тул надад болон миний охин Э.Энэрэлд мөнгөө залилуулсан хүмүүсээс дарамт шахалт ирж, цаашлаад аюулгүй байдалд минь эрсдэл учирч байсан тул охин Э.Энэрэлийг эцэг А.Энхжилтэй уулзахыг нь түр хориглох болсон. Мөн А.Энхжилтэй амьдарч байх үед тодорхойгүй шалтгаанаар гэртээ байдаггүй бөгөөд гэртээ ирэх бүрдээ согтуу ирж гэр бүлийн аюулгүй байдалд байнга заналхийлдэг байсан. Тэр болгонд Э.Энэрэлд сэтгэл зүйн дарамт үүсэж айдастай байдаг байсан ба хүүхдийн хүмүүжилд сөргөөр нөлөөлдөг учир ихэнх хугацаанд өөрийн ээжийн гэрт очиж хэсэг хугацаанд амьдардаг байсан. Иймд одоогийн байдлаар охин Э.Энэрэлийг А.Энхжилтэй уулзахыг хүсэхгүй байгаа болно. Одоо би нөхөр Г.Дөлгөөнтэй гэр бүлээ батлуулж, охин Э.Энэрэлийн хамтаар тогтвор суурьшилтай ямар нэгэн гадны дарамт шахалтгүй, аюулгүй тайван орчинд амьдарч байгаа болно. Мөн охин Э.Энэрэл маань сэтгэл зүйн дарамтгүй тайван орчинд зөв хүмүүжлээр хүмүүжиж хуулиар олгогдсон эрхээ эдэлж амьдарч байгаа тул дээрх шалтгаанууд болон охин Э.Энэрэлийн хүсэлтийг харгалзан үзэж энэ хэргийг хуулийн дагуу хүүхдийн эрх ашгийг хамгаалж шийдвэрлэж өгнө үү” гэжээ.

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Л.Ононбаяр шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Гэр бүлийн тухай хуулийн 26 дугаар зүйлийн 26.6 дахь хэсэгт зааснаар хүүхдийн эрх ашиг сонирхолд ноцтойгоор харшилж байвал гэрлэлтээ цуцлуулсан эцгийн үүргээ хэрэгжүүлэхэд нь саад учруулж болно гэж заасан байдаг. Шүүх хүлээн зөвшөөрвөл А.Энхжилийг охиныгоо улиралд нэг удаа 30 минутын хугацаанд холоос харахыг зөвшөөрч болно. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 38 дугаар зүйлийн 38.9 дэх хэсэгт заасны дагуу шүүх хуралдааны явцад үндэслэл нь нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн тайлбараас гарч байна. А.Энхжилд холбогдох залилангийн эрүүгийн хэрэг хэд хэдэн удаа үүссэн байна. Нотлох баримт цуглуулах цаг хугацаа надад гарсангүй. Учир нь Б.Солонго дөнгөж итгэмжлэл олгож улмаар би шүүхийг хүндэтгэн хүрэлцэн ирсэн. Иймд Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 38 дугаар зүйлийн 38.9 дэх хэсэгт заасны дагуу шинээр нотлох баримт гаргаж өгөх шаардлагатай байх тул шүүхэд хандан дахин шүүх хуралдааныг хойшлуулах тухай хүсэлтийг гаргаж байна. Мөн А.Энхжил охиноо сард нэг удаа байрны тагт дээрээс харах боломжтой” гэжээ.

Шүүх: Иргэний хуулийн 9 дүгээр зүйлийн 9.4.2, Гэр бүлийн тухай хуулийн 26 дугаар зүйлийн 26.5 дахь хэсэгт заасныг баримтлан хариуцагч Б.Солонгын эрх зөрчсөн үйлдлийг таслан зогсоож, нэхэмжлэгч А.Энхжилийг охин Э.Энэрэлтэй сар бүрийн сүүлийн 7 хоногийн лхагва гарагт уулзуулж байхаар тогтоож, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 70 200 төгрөгийг улсын орлогод үлдээж, хариуцагчаас 70 200 төгрөг гаргуулан нэхэмжлэгчид олгож шийдвэрлэжээ.

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Л.Ононбаяр давж заалдах гомдолдоо: “...Анхан шатны шүүх хэргийг шийдвэрлэхдээ процессын ноцтой алдаа гаргалаа. Энэ нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 38 дугаар зүйлийн 38.9 дэх хэсэгт зааснаар шүүх хуралдааны явцад шинээр нотлох баримт шаардагдвал шүүх хуралдааныг нэг удаа хойшлуулах бөгөөд шүүгч захирамж гаргалгүйгээр, шууд шийдвэр гаргасанд гомдолтой байна. Иймд Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.5-т заасныг үндэслэн анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож, хэргийг дахин шийдвэрлүүлхээр буцааж өгнө үү” гэжээ.

 

ХЯНАВАЛ:

 

Шүүхийн шийдвэрт өөрчлөлт оруулах нь зүйтэй гэж үзлээ.

 

Нэхэмжлэгч А.Энхжил нь хариуцагч Б.Солонгод холбогдуулан эрх зөрчсөн үйлдлийг таслан зогсоолгох, эцэг хүний үүргийг хэрэгжүүлэх журмыг шүүхээр тогтоолгох тухай нэхэмжлэл гаргасныг хариуцагч эс зөвшөөрч маргажээ.

 

Зохигчид 2010 оны 03 дугаар сарын 03-ны өдөр гэрлэлтээ батлуулж, хамтран амьдрах хугацаандаа 20101 оны 10 дугаар сарын 10-ны өдөр охин Э.Энэрэлийг төрүүлсэн байх ба дүүргийн Иргэний хэргийн анхан шатны 2 дугаар шүүхийн 2014 оны 01 дүгээр сарын 07-ны өдрийн 139/1729/х дугаартай шийдвэрээр гэрлэлтээ цуцлуулж, охин Э.Энэрэлийг эх Б.Солонгын асрамжид үлдээж Б.Солонго нь А.Энхжилээс хүүхдийн тэтгэлэг нэхэмжлээгүй, тэдний дунд гэр бүлийн дундын өмчлөлийн эд хөрөнгийн маргаангүй болохыг дурдаж, Гэр бүлийн тухай хуулийн 26 дугаар зүйлийн 26.4, 26.6 дахь хэсэгт зааснаар А.Энхжилд хуульд заасан эцгийн үүргээ биелүүлэхийг, тийнхүү биелүүлэхэд нь саад учруулахгүй байхыг Б.Солонгод тус тус даалгаж шийдвэрлэсэн байна. /хх 11-12/

 

Гэрлэлт цуцлуулснаас хойш хариуцагч Б.Солонго нь охин Э.Энэрэлийг эцэг А.Энхжилтэй нь уулзуулахаас татгалзаж, “...А.Энхжилийг эрүүгийн хэрэгт шалгагдаж байгаа, залилуулсан хүмүүсээс дарамт шахалт ирж, аюулгүй байдал эрсдэл учирсан” /хх 34, 35/ гэж хариуцагчийн төлөөлөгч тайлбарласныг нотлох баримт хэрэгт авагдаагүйгээс гадна нэхэмжлэгч А.Энхжил нь эцэг байх эрхээ хязгаарлуулсан, хасуулсан болон охин Э.Энэрэлтэйгээ уулзсанаар түүний хүмүүжил, бусад эрх, ашиг сонирхолд хохирол учруулж болзошгүй гэх нөхцөл байдал бий болсон талаар нотлох баримт хэрэгт авагдаагүй байна.

 

Гэр бүлийн тухай хуулийн 26 дугаар зүйлийн 26.1, 26.2 дахь хэсэгт зааснаар гэрлэлтээ цуцлуулснаас хойшхи хугацаанд эцэг, эхийн хүүхдээ хүмүүжүүлэхэд эдлэх эрх, хүлээх үүрэг хэвээр үлдэх учиртай.

 

Шүүх Гэр бүлийн тухай хуулийн 26 дугаар зүйлийн 26.5 дахь хэсэгт заасны дагуу нэхэмжлэгч А.Энхжилийг охин Э.Энэрэлтэйгээ сар бүрийн сүүлийн 7 хоногийн Лхагва гаригт уулзуулж байхаар тогтоосныг эцэг хүний хуулиар хүлээсэн хүүхдээ хүмүүжүүлэх үүргээ хэрэгжүүлэхэд нь тодорхой хугацаагаар хязгаарлах, Хүүхдийн эрхийн тухай конвенцийн 7 дугаар зүйлд заасан эцэг, эхийн хайр халамжийг хүртэл эрхэд нөлөөлөх, хариуцагч Б.Солонгыг шүүхийн шийдвэрийг бодитойгоор биелүүлэхэд хүндрэл учруулж болзошгүй байдлаар журамлаж шийдвэрлэсэн гэж үзэх үндэслэлтэй байна.

 

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гаргасан шүүх шинээр нотлох баримт гаргуулахаар шүүх хуралдааныг хойшлуулах тухай хүсэлтийг шүүгчийн захирамж гаргалгүйгээр шийдвэрлэсэн гэх гомдол үндэслэлгүй байна.

 

Шүүх хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг зохих журмын дагуу явуулсан, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 25, 38 дугаар зүйлд заасан нотлох баримтаа бүрдүүлэх, өөрийн гаргаж чадахгүй баримтыг шүүхийн журмаар бүрдүүлэх эрх нь хангагдсан байна. Иймд шүүх хуралдаан болохоор товлогдсон өдөр гаргасан хүсэлтийг шүүх 183/2016/03701 дугаар шүүгчийн захирамжаар хэрэгсэхгүй болгож шийдвэрлэснийг буруутгах боломжгүй юм.

 

Иймд давж заалдах шатны шүүхээс дээрх алдааг засч, шүүхийн шийдвэрийн тогтоох хэсэгт найруулгын өөрчлөлт оруулж, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гаргасан давж заалдах гомдлыг хангахгүй орхих нь зүйтэй гэж дүгнэв.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.2-д заасныг удирдлага болгон ТОГТООХ НЬ:

 

1. Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2016 оны 09 дүгээр сарын 20-ны өдрийн 183/ШШ2016/00743 дугаар шийдвэрийн 1 дэх заалтыг “Иргэний хуулийн 9 дүгээр зүйлийн 9.4.2, Гэр бүлийн тухай хуулийн 26 дугаар зүйлийн 26.5 дахь хэсэгт заасныг баримтлан нэхэмжлэгч А.Энжилийг охин Э.Энэрэлтэй тогтмол уулзахад нь саад болохгүй байхыг хариуцагч Б.Солонгод даалгасугай.” гэж өөрчлөн, шийдвэрийн бусад заалтыг хэвээр үлдээж, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Л.Ононбаярын гаргасан давж заалдах гомдлыг хангахгүй орхисугай.

 

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 162 дугаар зүйлийн 162.4 дэх хэсэгт зааснаар давж заалдах гомдол гаргахдаа хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Л.Ононбаярын төлсөн 70 200 төгрөгийг төсвийн орлогод хэвээр үлдээсүгэй.

 

3.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7 дахь хэсэгт зааснаар магадлалыг танилцуулан сонсгож, 7 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүх хуралдааны оролцогч талууд шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд магадлалыг гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг дурдсугай.

 

 

 

ЕРӨНХИЙ ШҮҮГЧ                                                  Ж.ОЮУНТУНГАЛАГ

 

                                        ШҮҮГЧИД                                                  Ц.ИЧИНХОРЛОО

 

                                                                                                           Д.ЦОГТСАЙХАН