Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2017 оны 09 сарын 19 өдөр

Дугаар 680

 

Э.Ит холбогдох эрүүгийн

хэргийн тухай

Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч С.Соёмбо-Эрдэнэ даргалж, шүүгч Д.Мягмаржав, Д.Оюунчулуун нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанд;

прокурор Т.Оюунжаргал,

хохирогч Н.Н, Н.Н нарын өмгөөлөгч Ц.Б,

ялтан Э.Иын өмгөөлөгч И.Ч,

нарийн бичгийн дарга Ч.Хатанбаатар нарыг оролцуулан,

Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Ц.Мөнх-Эрдэнэ даргалж, шүүгч Л.Оюун, Ц.Дайрийжав нарын бүрэлдэхүүнтэй хийсэн шүүх хуралдааны 2017 оны 7 дугаар сарын 20-ны өдрийн 309 дүгээр шийтгэх тогтоолыг эс зөвшөөрч, ялтан Э.Иын гаргасан давж заалдах гомдлоор Э.Ит холбогдох 201526022302 дугаартай эрүүгийн хэргийг 2017 оны 8 дугаар сарын 28-ны өдөр хүлээн авч, шүүгч Д.Оюунчулууны илтгэснээр хянан хэлэлцэв.

Б овогт Э И, 1985 оны 7 дугаар сарын 31-ний өдөр Улаанбаатар хотод төрсөн, 32 настай, эрэгтэй, дээд боловсролтой, орчуулагч мэргэжилтэй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл 4, эцэг, эх, дүүгийн хамт оршин суух, ял шийтгэлгүй, /РД: ____/,

Э.И нь 2015 оны 10 дугаар сарын 3-ны өдөр Сүхбаатар дүүргийн 3 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах Авто тээврийн Үндэсний төв дээр иргэн С.Г-н заруулах зорилгоор итгэмжлэн өгсөн 88-64 УНТ улсын дугаартай, 8.000.000 төгрөгийн үнэ бүхий, “Toyota Land cruiser 80” загварын автомашиныг “Сайн” ломбарданд барьцаанд тавьж 3.000.000 төгрөгийн,

2015 оны 11 дүгээр сарын 16-ны өдөр Баянгол дүүргийн 2 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах “Сод монгол” шатахуун түгээх газрын орчим иргэн Б.Г-н заруулах зорилгоор итгэмжлэн өгсөн 30-63 УНА улсын дугаартай, 34.000.000 төгрөгийн үнэ бүхий “Toyota Lexus 470” загварын автомашиныг “Сайн” ломбарданд барьцаанд тавьж 15.000.000 төгрөгийг тус тус завшсан гэмт хэргийг,

Мөн иргэн Н.Н-с “хямдхан машин авч зарж борлуулан ашиг олно” хэмээн хуурч мэхлэх, итгэл эвдэх аргаар 2015 оны 6 дугаар сарын 28-ны өдөр 4.000.000 төгрөгийг, 2015 оны 8 дугаар сарын 20-ны өдөр 6.000.000 төгрөгийг, 2015 оны 9 дүгээр сарын 30-ны өдөр 15.000.000 төгрөгийг тус тус авч нийт 25.000.000 төгрөгийг залилан мэхэлж авсан,

Давтан үйлдлээр иргэн Н.Н-с 2015 оны 10 дугаар сарын 6-ны өдөр түүний эзэмшлийн 67-75 УБП улсын дугаартай, “Toyota chaser” загварын автомашиныг “4.500.000 төгрөгөөр зарж борлуулж өгнө” хэмээн итгэл эвдэн, хуурч мэхлэн авч 4.500.000 төгрөгийн хохирол учруулсан, мөн 2015 оны 11 дүгээр сарын 3-наас 5-ны өдрийн хооронд нийт 15.000.000 төгрөгийг “түр хэрэглээд буцааж өгнө” хэмээн зээлсэн боловч 2015 оны 11 дүгээр сарын 8-ны өдөр 11.000.000 төгрөгийг буцаан төлж үлдэгдэл 4.000.000 төгрөгийг итгэл эвдэн залилан мэхэлсэн,

Мөн давтан үйлдлээр 2016 оны 5 дугаар сарын 5-ны өдөр Чингэлтэй дүүргийн 5 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах Мобиком корпарацийн байранд байрлах гар утас худалдаа эрхэлдэг Б.Б-с “төлбөрийг 2015 оны 5 дугаар сарын 17-ны өдөр төлнө” хэмээн хуурч мэхлэн, итгэл эвдэх аргаар “Iphone 6S” загварын 2 ширхэг гар утсыг, дахин 2015 оны 5 дугаар сарын 9-ний өдөр “төлбөрийг одоо өгнө” хэмээн хуурч мэхлэх аргаар “Iphone 6S” загварын 1 ширхэг гар утсыг залилан авч иргэн Б.Б-д 3.600.000 төгрөгийн хохирол учруулж, бусдад нийт 37.100.000 төгрөгийн хохирол учруулсан залилан мэхлэх гэмт хэрэгт холбогджээ.

Баянгол дүүргийн прокурорын газраас: Э.Иын үйлдлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 152 дугаар зүйлийн 152.1, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 148 дугаар зүйлийн 148.3 дахь хэсэгт зааснаар зүйлчлэн яллах дүгнэлт үйлдэж, хэргийг шүүхэд шилжүүлжээ.

Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх: Э.Иыг 2002 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 152 дугаар зүйлийн 152.1 дэх хэсэгт заасан бусдын итгэмжлэн өгсөн эд хөрөнгийг завших гэмт хэргийг, мөн 2015 оны Шинэчлэн найруулсан Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан мөн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан залилах гэмт хэргийг тус тус үйлдсэн гэм буруутайд тооцож, 2002 оны Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 72 дугаар зүйлийн 72.1.1 дэх хэсэгт зааснаар Э.Иыг мөн хуулийн тусгай ангийн 152 дугаар зүйлийн 152.1 дэх хэсэгт заасан гэмт хэргийн эрүүгийн хариуцлагаас чөлөөлж, 2015 оны Шинэчлэн найруулсан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар Э.Иыг 1 жил хорих ял шийтгэж, 2015 оны Шинэчилэн найруулсан Эрүүгийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар Э.Ит оногдуулсан 1 жилийн хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлэх, Энэ хэрэгт битүүмжилсэн эд хөрөнгөгүй, эд мөрийн баримтаар хураагдан ирсэн зүйлгүй, Э.И цагдан хоригдсон хоноггүй болох, хохирогч С.Г , Б.Г , Б.Б  нарт төлөх төлбөргүй болохыг дурдаж, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8  дугаар зүйлийн 1.5 дахь хэсэгт зааснаар Э.Ит урьд авсан бусдын батлан даалтад өгөх таслан сэргийлэх арга хэмжээг өөрчилж, цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээ авч, эдлэх ялыг 2017 оны 7 дугаар сарын 20-ны өдрөөс эхлэн тоолж, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар Э.Иаас 24.500.000 төгрөг гаргуулж, хохирогч Н.Н-д 21.500.000 төгрөг, хохирогч Н.Н-д 3.000.000 төгрөг тус тус олгохоор шийдвэрлэжээ.

Ялтан Э.И гаргасан давж заалдах гомдолдоо: “... Би гэм буруугаа хүлээж, гэмшиж байгаа ба анх удаа гэмт хэрэгт холбогдож, хохирол төлбөрөө барагдуулж байгаа. Үлдэгдэл хохирлыг шүүхээс заасан хугацаанд бүрэн төлж барагдуулна. Миний эх Г.Х нь судасны бөглөрөл гэх өвчтэй ба уг өвчнийг эмчлэх боломжгүй учир хүний асаргаанд байгаа юм. Иймд надад оногдуулсан хорих ялыг хөнгөрүүлж өгнө үү ...” гэжээ.

 

Ялтан Э.Иын өмгөөлөгч И.Ч тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “...Э.Иын гаргасан давж заалдах гомдлыг дэмжиж тус шүүх хуралдаанд оролцож байна. Гэм буруу дээр маргаагүй, Шинэчилэн найруулсан Эрүүгийн хуулийн 6.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1 дэх хэсэг “тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас анх удаа гэмт хэрэг үйлдсэн”, 1.2 дахь хэсэг “гэмт хэрэг үйлдсэний дараа хохирогчид шууд эмнэлгийн, бусад туслалцаа үзүүлсэн, учруулсан хохирлыг төлсөн” гэж зааснаар учруулсан хохирлоо нөхөн төлж байгаа, цаашид хохирлоо төлж барагдуулна. Мөн түүний эхийн биеийн байдал /хөлөө тайруулсан/ нөхцөлийг харгалзан үзэж ял шийтгэлийг хөнгөрүүлж өгнө үү...” гэв.

 

Хохирогч Н.Н , Н.Н нарын өмгөөлөгч Ц.Б тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “...Анхан шатны шүүхийн шийдвэр үндэсэл бүхий болсон учир шийтгэх тогтоолыг хэвээр үлдээж өгнө үү. Н.Н, Н.Н нарыг хуурч итгэлийг нь эвдэж, хохирол учруулсан, хохирлоо төлөөгүй. Э.И нь бусдыг хуурч залилан мэхлэхдээ олон хүнийг нэг аргаар, нэг санаа зорилгоор хохирол учруулсан байдаг. Миний үйлчлүүлэгч нар гомдолтой байгаа. Шинэ хуулиар гэмт хэргийн бүрэлдэхүүний бусдыг хуурч мэхлэх, итгэл эвдэх шинжийг агуулсан гэмт хэрэг тул анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолыг хэвээр үлдээж өгнө үү ...” гэв.

Прокурор Т.Оюунжаргал тус шүүх хуралдаанд гаргасан дүгнэлтдээ: “...Шинэчилэн найруулсан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэргийн бүрэлдэхүүний шинжийг хангаж байгаа. Н.Н- тэй урьдын харилцааны явцад бий болсон итгэлийг урвуулан ашиглаж бусдын эд хөрөнгийн эрхийг шилжүүлэн авсан нөхцөлийг бүрдүүлж байгаа. Ял шийтгэлийн хувьд тохирсон. Уг гэмт хэрэг нь 6 сараас 3 жилийн хугацаагаар хорих ял оногдуулахаар заасан бөгөөд шүүхээс түүнд 1 жилийн хугацаагаар хорих ял оногдуулсан нь үндэслэлтэй байна. Хохирогч нарт учруулсан хохирлоо төлж барагдуулаагүй. 2015 оны гэмт хэрэг үйлдэж, эрүүгийн хэрэг үүсгэсэн байдаг. Үүнээс хойш хохирол төлөх хугацаа, боломж байсан. Энэ хугацаанд хохирлоо төлөөгүй тул оногдуулсан ял шийтгэлийг хөнгөрүүлэх үндэслэлгүй юм...” гэв.

ХЯНАВАЛ:

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.1 дүгээр зүйлийн 1, 3 дахь хэсэгт зааснаар давж заалдах шатны шүүх хэргийг хэлэлцэхдээ давж заалдах гомдолд дурдсан асуудлаар хязгаарлахгүйгээр, эсэргүүцэлд бичигдсэн эсэхийг харгалзахгүйгээр хэргийг бүхэлд нь хянаж үзлээ.

- Э.И нь 2015 оны 10 дугаар сарын 3-ны өдөр Сүхбаатар дүүргийн 3 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах Авто тээврийн Үндэсний төв дээр иргэн С.Г-н заруулах зорилгоор итгэмжлэн өгсөн 88-64 УНТ улсын дугаартай, 8.000.000 төгрөгийн үнэ бүхий, “Toyota Land cruiser 80” загварын автомашиныг “Сайн” ломбарданд барьцаанд тавьж 3.000.000 төгрөгийн,

- 2015 оны 11 дүгээр сарын 16-ны өдөр Баянгол дүүргийн 2 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах “Сод монгол” шатахуун түгээх газрын орчим иргэн Б.Г-н заруулах зорилгоор итгэмжлэн өгсөн 30-63 УНА улсын дугаартай, 34.000.000 төгрөгийн үнэ бүхий “Toyota Lexus 470” загварын автомашиныг “Сайн” ломбарданд барьцаанд тавьж 15.000.000 төгрөгийг тус тус завшсан гэмт хэргийг,

- иргэн Н.Н-с “хямдхан машин авч зарж борлуулан ашиг олно” хэмээн хуурч мэхлэх, итгэл эвдэх аргаар 2015 оны 6 дугаар сарын 28-ны өдөр 4.000.000 төгрөгийг, 2015 оны 8 дугаар сарын 20-ны өдөр 6.000.000 төгрөгийг, 2015 оны 9 дүгээр сарын 30-ны өдөр 15.000.000 төгрөгийг тус тус авч нийт 25.000.000 төгрөгийг залилан мэхэлж авсан,

- давтан үйлдлээр иргэн Н.Н-с 2015 оны 10 дугаар сарын 6-ны өдөр түүний эзэмшлийн 67-75 УБП улсын дугаартай, “Toyota chaser” загварын автомашиныг “4.500.000 төгрөгөөр зарж борлуулж өгнө” хэмээн итгэл эвдэн, хуурч мэхлэн авч 4.500.000 төгрөгийн хохирол учруулсан, мөн 2015 оны 11 дүгээр сарын 3-наас 5-ны өдрийн хооронд нийт 15.000.000 төгрөгийг “түр хэрэглээд буцааж өгнө” хэмээн зээлсэн боловч 2015 оны 11 дүгээр сарын 8-ны өдөр 11.000.000 төгрөгийг буцаан төлж үлдэгдэл 4.000.000 төгрөгийг итгэл эвдэн залилан мэхэлсэн,

- давтан үйлдлээр 2016 оны 5 дугаар сарын 5-ны өдөр Чингэлтэй дүүргийн 5 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах Мобиком корпарацийн байранд байрлах гар утас худалдаа эрхэлдэг Б.Б-с “төлбөрийг 2015 оны 5 дугаар сарын 17-ны өдөр төлнө” хэмээн хуурч мэхлэн, итгэл эвдэх аргаар “Iphone 6S” загварын 2 ширхэг гар утсыг, дахин 2015 оны 5 дугаар сарын 9-ний өдөр “төлбөрийг одоо өгнө” хэмээн хуурч мэхлэх аргаар “Iphone 6S” загварын 1 ширхэг гар утсыг залилан авч иргэн Б.Б-д 3.600.000 төгрөгийн хохирол учруулж, бусдад нийт 37.100.000 төгрөгийн буюу их хэмжээний хохирол учруулсан залилан мэхлэх гэмт хэрэг үйлдсэн болох нь:

Хохирогч Б.Г-н “... 2015 оны 11 дүгээр сарын 16-ны өдөр Э.И нь миний эзэмшлийн “Toyota Lexus 470” загварын автомашиныг зарж 2.000.000-3.000.000 төгрөг өөртөө илүү гаргаж авах зорилготой хүнд үзүүлэх хүсэлт тавиад нэр шилжүүлэх итгэмжлэл хийлгээд явсан. Тухайн өдрөө утсаар холбогдож хүнд машин үзүүлсэн эсэх талаар тодруулахад үзүүлсэн, зарахаар болсон, хэд хоногоос мөнгө өгнө гэж байна гэж хэлсэн. Хариуд нь би машинаа үзүүлсэн бол буцаагаад аваад ир гэж хэлэхэд нөгөө авах гэж байгаа хүн унаад явсан гэж шалтаг хэлээд хоёр хоносон. Гурав хоногоос өөртэй нь уулзахад Гэмтлийн эмнэлгийн замын хойд талд байрлах “Сайн” авто ломбарданд сарын 5 хувийн хүүтэй 15.000.000 төгрөгөөр тавьсан байсан. Энэ үеэс машин авч өгнө гэж хэлсээр өдийг хүрч цагдаагийн байгууллагад хандсан ...” /1хх-17-18/,

Хохирогч С.Д-н “... Манай ах Г  өөрийн эзэмшлийн 88-46 УНТ улсын дугаартай, “Land Cruiser 80” загварын автомашинаа найз И гэх хүнд хүнээр зарж борлуулах зорилгоор өгсөн боловч И нь манай ахын машиныг ломбарданд барьцаанд тавьсан байсан. Тэгээд авч өгнө гэсэн боловч авч өгөхгүй удсан тул цагдаагийн байгууллагад хандсан юм. Одоо хохирол 3.799.400 төгрөг нэхэмжилж байна ...” /1хх-21-22/,

 

     Хохирогч Н.Н-н “... 2012 оны 10 дугаар сард анх И-тай танилцсан. Тэрнээс хойш үерхэж эхэлсэн. Танилцаснаас хойш 6 сарын дараа И надаас 200.000, 300.000 төгрөг зээлээд буцаагаад өгдөг байсан. Тэгж явсаар сүүлдээ 2.000.000-3.000.000 төгрөг зээлээд буцааж өгдөг болсон. И анх надтай танилцахдаа ажил төрөл хийдэггүй байсан ба намайг ажил хий гэж хэлэхээр машин тэрэгний наймаа хийх гэж байгаа ломбарднаас хямд машин аваад мөнгө нэмж зарах гэж байгаа гэж хэлээд сүүлийн хоёр гурван удаа мөнгө авсан. Эхлээд 2015 оны 6 дугаар сарын 28-ны өдөр манай гэрт ирж надаас 4.000.000 төгрөг авсан. Тэр мөнгөө хэд хоногийн дараа өгнө гэж хэлсэн. Тэгээд хэд хоногийн дараа мөнгөө яасан бэ гэхэд 4.000.000 төгрөгөөс илүү үнэтэй машин авахаар болсон, мөнгө нэмээд зээлээч гээд 2015 оны 8 дугаар сарын 20-ны өдөр 6.000.000 төгрөг авсан. Дараа нь дахин 3, 4 машин зарж мөнгө унагаах гээд байна, дахин мөнгө олоод өгөөч гэхээр нь өөрт байсан 5.000.000 төгрөг дээрээ дүү Нарантуулаас 10.000.000 төгрөг авч, 2015 оны 9 дүгээр сарын 30-ны өдөр И-т 15.000.000 төгрөгийг бэлнээр өгсөн. И мөнгө авахдаа дандаа манай гэрт ирж авдаг байсан. Түүнээс хойш сарын дараа И-с мөнгөө нэхэхээр банк бус санхүүгийн байгууллагад 5 машин тавьсан байгаа, тэрний мөнгийг ороод ирэхээр шууд өгнө гэж үнэн худал нь мэдэгдэхгүй яриад алга болсон.  Сүүлдээ 2, 3 сар хүлээгээд мөнгө өгөхгүй болохоор нь И-т хоёулаа 100 айлд байдаг банк бус санхүүгийн байгууллага дээр чинь очъё гэхээр завгүй, ажилтай байна гэсээр байгаад өнөөдрийг хүртэл мөнгө өгөөгүй... /1хх-167-169/,

Хохирогч Н.Н-н “... 2015 оны 10 дугаар сарын 1-ний өдөр И “Toyota Chaser” авто машиныг зарж өгнө гэж хэлээд аваад явсан. Дараа нь 2015 оны 11 дүгээр сарын 5-ны өдөр 5.000.000 төгрөг дансаар шилжүүлсэн. И нь удаа дараа их хэмжээний мөнгө зээлээд буцаагаад өгч байсан учир итгээд өгсөн юм. Гэтэл одоог хүртэл дээрх авсан мөнгөө буцааж өгөөгүй байна. Одоо надад нийт 9.500.000 төгрөг өгөх ёстой...” /1хх-201-202/,

Хохирогч Б.Б-н “... 2016 оны 4 дүгээр сарын 29-ний өдөр И манай ажил дээр ирээд зээлээр “Iphone 6s” загварын гар утас 1.935.000 төгрөгөөр худалдаж аваад мөнгийг нь 3 хоногийн дараа бэлнээр өгсөн. Тэгээд 2016 оны 5 дугаар сарын 5-ны өдөр Iphone 6s загварын гар утас хоёр ширхэгийг зээлж аваад 2016 оны 5 дугаар сарын 17-ны өдрийн 15 цагийн дотор өгнө гэж гараараа бичиж үлдээсэн. Тухайн үед надаас утас авах үедээ хүнээс мөнгө авах авлагатай, нэг утсыг нь тэр хүний машиныг нь аваад зөрүү мөнгөнд нь нэг утсыг өгнө, нөгөө утсыг өөрөө авч байгаа гэж хэлсэн. Удалгүй 4 хоногийн дараа буюу 2016 оны 5 дугаар сарын 9-ний өдөр Э.И над руу залгаад Дарханаас манай эгч семинарт сууна гээд ирчихсэн, тэр эгчдээ утас авч өгөх гэсэн юм, дахин нэг “Iphone 6s” загварын гар утас авмаар байна гэхэд нь чи өмнөх зээлээр авсан утасны мөнгийг өгчихөөд дахиж өөр утас аваарай, өгөхгүй гэхэд тэгвэл хоёулаа тэр хүний байгаа газар очиж уулзаад утсыг нь өгөөд мөнгийг нь өгье гэхэд нь итгээд 10 дугаар хороололд байрлах үйлчилгээний цэгийн үүдэнд очиход чи утсаа өгчих, би орж уулзчихаад мөнгийг нь аваад гараад ирье гээд “Iphone 6s” загварын гар утас авч ороод буцаж гарч ирэхдээ мөнгөгүй гарч ирэхээр нь яасан бэ гэхэд одоо дансаар шилжүүлчье гэж байна гээд хүлээсэн. Гэтэл нэг эмэгтэй Э.И руу залгаад одоо мөнгийг чинь шилжүүллээ түр хүлээж байгаагаарай гээд миний дансны дугаарыг аваад шилжүүлэх гэсэн 1.000.000 дээш гүйлгээ өнөөдөр хийгдэхгүй байна, маргааш өглөө гэхэд орчихоно гэхээр нь итгээд явсан. Гэтэл маргааш нь мөнгөө шилжүүлэхгүй болохоор нь Э.Ит хэлэхэд эгчдээ хэлье гээд хэд хоносон. Тэгэхээр нь би өмнө авсан хоёр утастайгаа нийлээд надад өгөх ёстой мөнгө чинь 5.805.000 төгрөг болсон байна гэхэд нэхүүлж нэхүүлж байгаад 2016 оны 5 дугаар сарын 26-ны үеэр манай ажил дээр 900.000 төгрөгийн бэлнээр авчирч өгсөн. Дараа нь 2016 оны 6 дугаар сарын 10-ны өдөр 500.000 төгрөгийг би өөрөө очиж бэлнээр авсан. Одоо надад 4.500.000 төгрөгийн хохирол учирсан байна.... /2хх-86-88/,

Хохирогч С.Г-н “... 2015 оны 10 дугаар сарын 3-ны өдөр Чингэлтэй дүүргийн 9 дүгээр хороо 1 дүгээр байранд байрлах өөрийн засварын газарт байж байхад найз Э.И ирээд манай гадна байдаг байсан хар саарал өнгийн “Land Cruiser 80” загварын автомашиныг зараад өгөх үү гэж байсан. Би Э.Иаар 9.000.000 төрөгөөр заруулахаар тохиролцож “Хөсөг трейд” орж тээврийн хэрэгслийн гэрчилгээг Чойжилын нэр дээр шилжүүлсэн. Тэгээд би Э.Иыг хүлээгээд бүтэхгүй юм яриад байхаар нь барьцаалан зээлдүүлэх газруудаас асуугаад байсан чинь “Сайн” ломбарданд барьцаанд тавьсан. Машинаа авъя гэхэд авч өгнө гэсээр одоог хүрсэн... /1хх-74-75/,

 

Гэрч О.Ч-н “.. 2015 оны 11 дүгээр сарын 16-ны өдөр Э.И ах утасдаад “Хөсөг трейд” дээр хүрээд ир гэж дуудахаар нь очиход “Toyota Lexus 470” загварын автомашиныг оношилгоонд оруулж байсан. Тэгээд уг машиныг миний нэр дээр шилжүүлнэ гээд хэний машин юм бэ гэтэл би энийг авсан гээд миний нэр дээр шилжүүлж “Сайн” ломбарданд тавина гэхээр нь би өөрийн нэр дээр шилжүүлсэн. Тэгээд гэмтлийн эмнэлгийн хойд талд байрлах “Сайн” авто ломбарданд миний бичиг баримтаар тус машиныг тавьсан... /1хх-33-35/,

 

Гэрч Б.Б-н “... 2015 оны 11 дүгээр сарын 16-ны өдөр О.Ч нь “Toyota Lexus 470” загварын автомашиныг 15.000.000 төгрөгөөр барьцаанд тавьсан. ... /1хх-36-37/ 88-46 УНТ улсын дугаартай, “Land Cruiser 80” загварын автомашиныг О.Ч гэх хүн 2015 оны 10 дугаар сарын 4-ний өдөр 3.000.000 төгрөгийн барьцаанд тавьсан.... /1хх-38/,

 

Гэрч П.Ж-н “... 88-46 УНТ улсын дугаартай “Land Cruiser 80” загварын автомашиныг арван жилийн найз Г нь ломбарданд барьцаанд тавиад алдах гээд байна гэхээр нь би өөрөөсөө мөнгө гаргаад ломбарднаас чөлөөлж авсан. Тэгээд өөр дээрээ байлгаж байсан.... /2хх-141-142/,

 

Э.Иын сэжигтнээр өгсөн “... С.Г-н засварын газар дээр очоод тэдний гадна байдаг хар саарал өнгийн “Land Cruiser 80” маркын автомашиныг яагаад энийг энд байлгаад байгаа юм бэ гэхэд засварлах зүйл байгаа юм аа гээд ярилцаж байгаад би энэ машиныг авъя гэж ярилцсан. Тэгээд 2015 оны 10 дугаар сарын 3-ны өдөр Г-тай яриад машин хаана байгаа юм бэ өнөөдөр очиж авъя гээд 16 дугаар хороололд очиж машиныг нь авсан. Маргааш нь уг машиныг аваад гурвалжингийн гүүрний “Хөсөг трейд” орж танил дүү Ч-н нэр дээр шилжүүлж авсан. Маргааш нь хорооллын эцэст байрлах “Сайн” ломбарданд С.Г-с авсан 88-46 УНТ улсын дугаартай, “Land Cruiser 80” загварын машиныг 30 хоногийн хугацаатай 3.000.000 төгрөгийн барьцаанд тавьсан. Тэгээд уг мөнгөн дээр өөрт байсан 2.000.000 төгрөгийг нэмээд танил У-с “Toyota Mark X” загварын машин худалдаж авсан... /1хх-77/, 2015 оны 11 дүгээр сарын 16-ны өдөр танил Б.Г-н “Toyota Lexus 470” загварын автомашиныг зарж өгнө гэж хэлээд итгэмжлэл хийлгэн хуурай дүү О.Ч-н нэр дээр болгоод гэмтлийн эмнэлгийн хойд талын “Сайн” ломбарданд барьцаанд тавьсан. Би хүнээс мөнгө зээлсэн байсан болохоор тухайн мөнгө нэхэгдээд байсан юм... /1хх-81-82/,

“... Би Н-с бараг 30.000.000 гаруй төгрөг авсан. Үүнээс хүүтэй нь нийлүүлээд 7.000.000 төгрөгийг Н-д төлсөн. Одоо 20.000.000 гаруй төгрөг өгөх ёстой. Н  Хас банкнаас мөнгө аваад надад бэлнээр өгдөг байсан... /1хх-173-174/, “...Би Н-н гэрийн гаднаас “Toyota Chaser” авто машиныг 2015 оны 10 дугаар сарын 6-ны өдөр 4.500.000 төгрөгөөр хүнд зарж өгөхөөр Н-тай ярилцсан. Н-ын машины холбогдох бичиг баримт манай найз охин Н-н нэр дээр байсан учраас 2015 оны 10 дугаар сарын 8-ны өдөр Нарангэрэл надад итгэмжлэл хийж өгсөн. Тэгэхээр нь би өөрийн хуурай дүү Ч-д шилжүүлж тээврийн хэрэгслийн гэрчилгээг шинээр гаргаж машинд жижиг засвар хийгээд 2015 оны 11 дүгээр сард зүс таних залууд 3.500.000 төгрөгөөр зарсан. Тэгээд Н-д мөнгийг нь өгөх гэхээр 1.000.000 төгрөг дутаж байсан болохоор “Сайн” ломбарднаас “Verrosa” загварын автомашиныг 3.500.000 төрөгөөр худалдаж авсан. 2015 оны 10 дугаар сарын 2-ны өдөр Наранзулаас удахгүй өгнө, ажил хийх гэсэн мөнгө хэрэг болоод байна, та мөнгө зээлээч гээд 10.000.000 төгрөг зээлж авсан байсан дээрээ нэмээд 5.000.000 төгрөг зээлээ нийлүүлж 16.000.000 төгрөг болгож, 2015 оны 11 дүгээр сарын 6-ны өдөр өгье гэж хэлж аваад 2015 оны 11 дүгээр сарын 8-ны өдөр 11.000.000 төгрөгийг Н-н данс руу шилжүүлээд 5.000.000 төгрөгийг нь одоо болтол өгөөгүй /1хх-211-212/,

“.... 2015 оны 4 дүгээр сарын сүүлээр ангийн охин Б-н ажил дээр “Мобиком” корпараци дээр очоод “Iphone 6s” загварын гар утас нэг ширхгийг 1.935.000 төгрөгөөр худалдаж аваад 2-3 хоногийн дараа хэлсэн цаг хугацаандаа мөнгийг нь бэлнээр өгсөн. Түүний дараа 2016 оны 5 дугаар сарын 5-ны өдөр түүний ажил дээр очиж дахин хоёр ширхэг “Iphone 6s” загварын гар утас зээлээр авч, мөнгийг нь 2016 оны 5 дугаар сарын 17-ны өдрийн 15 цагаас өмнө гэж хүсэлт бичиж өгөөд хоёр ширхэг утсыг нь авсан. Тэр үед би хүнээс машин авах гэж байсан ба зөрүүд нь утас өгөөд машиныг нь авах гэж байгаа машиныг зараад мөнгийг нь өгнө гэж хэлээд утас авсан. Тэрнээс хойш хэд хоногийн дараа Дархан аймгаас манай хамаатны эгч А  семинарт суух гэж ирсэн ба лизенгээр утас авна гэж байснаа дэмий юм байна, бэлнээр авна гэхээр нь Б-г дагуулж 10 дугаар хороололд А эгчийн байсан газар очоод утас оруулж өгчихөөд ирье, мөнгийг нь дансаар хийнэ гэж хэлээд утсыг нь А эгчид оруулж өгсөн. А эгч дансаар мөнгийг нь хийнэ гэж байгаад орой нь болилоо гэхээр нь очиж утсаа буцааж аваад тухайн орой өөр хүнд 1.850.000 төгрөгөөр зараад мөнгийг нь авсан. Гэтэл маргааш Б нөгөө мөнгөө яасан бэ гэж асуухад нь мөнгөө авчихаад аваагүй гэж худлаа хэлсэн... /2хх-92-93/ гэх мэдүүлгүүд,

 Зээлийн гэрээ /1хх-12/, Итгэмжлэл /1хх-14/, Барьцаат зээлийн гэрээ /1хх-15, 1хх-128-134/, “Вендо” хөрөнгийн үнэлгээний компаний дүгнэлт /1хх-42-43/, Эд зүйлийн үнэлгээ /1хх-44, 72, 2хх-84, /, Автомашин худалдах, худалдан авах гэрээ /1хх-67, 101, 2хх-148/, Хохирлын мөнгө хүлээлгэн өгсөн, хураан авсан тухай тэмдэглэл /1хх-121-127/, Хаан банкны дансны дэлгэрэнгүй хуулга /2хх-4-51, 3хх-15-16, /, Үйлдэл хохирлын тооцоо /2хх-56, 228, 3хх-33/, Хохирол төлсөн баримтууд /2хх-116-118, 231, 3хх-97-104/, “Вендо” хөрөнгийн үнэлгээний компанийн автомашин үнэлгээний тайлан, тодорхойлолт /3хх-3, 7/ зэрэг хавтаст хэрэгт авагдаж, шүүх хуралдаанаар хянан хэлэлцэгдсэн бусад нотлох баримтуудаар Э.Иын бусдад нийт 37.100.000 төгрөгийн буюу үлэмж хэмжээний хохирол учруулсан үйлдэл  нотлогдон тогтоогджээ.

Ялтан Э.Ит холбогдох хэрэгт Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих байдлыг хангалттай шалгаж тодруулсан, анхан шатны шүүхээс хэргийн жинхэнэ байдалд нийцсэн хуулийн үндэслэл бүхий дүгнэлт хийжээ. Мөрдөн байцаалт болон шүүхийн шатанд Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчөөгүй байна.

Анхан шатны шүүхээс 2002 оны Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 72 дугаар зүйлийн 72.1.1 дэх хэсэгт зааснаар Э.Иыг мөн хуулийн тусгай ангийн 152 дугаар зүйлийн 152.1 дэх хэсэгт заасан гэмт хэргийн эрүүгийн хариуцлагаас чөлөөлж, 2015 оны Шинэчилэн найруулсан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар Э.Иыг 1 жил хорих ял шийтгэж шийдвэрлэсэн нь гэмт хэргийн нөхцөл байдал, Э.Иын хувийн байдалд тохирсон байна.

Харин анхан шатны шүүхээс Э.Иыг гэм буруутайд тооцохдоо хуульд заасан тухайн гэмт хэргийн шинжийг нь зөв тодорхойлолгүйгээр гэм буруутайд тооцож Эрүүгийн хуулийг буруу хэрэглэсэн байх тул зөвтгөж, өөрчлөлт оруулах нь зүйтэй гэж давж заалдах шатны шүүхийн шүүх бүрэлдэхүүн үзлээ.

 

Иймд Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 7 дугаар сарын 20-ны өдрийн 309 дүгээр шийтгэх тогтоолд өөрчлөлт оруулж, ялтан Э.Иын гаргасан “оногдуулсан ялыг хөнгөрүүлж өгнө үү” гэсэн агуулга бүхий давж заалдах гомдлыг хэрэгсэхгүй болгов.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.4, 1.5 дахь заалтад заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 7 дугаар сарын 20-ны өдрийн 309 дүгээр шийтгэх тогтоолын тогтоох хэсгийн:

 - 1 дэх заалтад “Э.Иыг 2002 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 152 дугаар зүйлийн 152.1 дэх хэсэгт заасан бусдын итгэмжлэн өгсөн эд хөрөнгийг завших гэмт хэргийг, мөн 2015 оны Шинэчилэн найруулсан Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан мөн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан залилах гэмт хэргийг тус тус үйлдсэн гэм буруутайд тооцсугай” гэснийг “Э.Иыг 2002 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 152 дугаар зүйлийн 152.1 дэх хэсэгт заасан бусдын итгэмжлэн өгсөн эд хөрөнгийг завших гэмт хэргийг, мөн 2015 оны Шинэчилэн найруулсан Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан мөн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан залилах гэмт хэргийг хуурч, урьдын харилцааны явцад бий болсон итгэлийг урвуулан ашиглаж, бусдын эд хөрөнгийг шилжүүлэн авч, залилан мэхлэх гэмт хэргийг үйлдсэн гэмт буруутайд тус тус тооцсугай” гэж,

 - 3 дахь заалтад “2015 оны Шинэчилэн найруулсан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар Э.Иыг 1 жил хорих ял шийтгэсүгэй” гэснийг, “2015 оны Шинэчилэн найруулсан Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар Э.Иыг 1 жил хорих ял шийтгэсүгэй” гэж тус тус өөрчилж, шийтгэх тогтоолын бусад заалтыг хэвээр үлдээсүгэй.

2. Гомдол, эсэргүүцэл гаргах эрх бүхий этгээд нь давж заалдах шатны шүүх хэргийг хянан шийдвэрлэхдээ Эрүүгийн хуулийг буруу хэрэглэсэн, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, эсхүл нөлөөлж болохуйц нөхцөл байдал тогтоогдсон гэж үзвэл давж заалдах шатны шүүхийн шийдвэрийг гардуулсан, эсхүл хүргүүлснээс хойш 30 хоногийн дотор хяналтын журмаар Улсын Дээд шүүхэд гомдол гаргаж, эсэргүүцэл бичиж болохыг мэдэгдсүгэй. 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                     С.СОЁМБО-ЭРДЭНЭ

ШҮҮГЧИД                                                       Д.МЯГМАРЖАВ

                                                                       Д.ОЮУНЧУЛУУН