Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2021 оны 04 сарын 29 өдөр

Дугаар 221/МА2021/0192

 

2021 оны 04 сарын 29 өдөр

Дугаар 221/МА2021/0192

Улаанбаатар хот

 

             “Э.Д.Э” ХХК-ийн нэхэмжлэлтэй

                                      захиргааны хэргийн тухай       

 

Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүх хуралдааныг Ерөнхий шүүгч Д.Батбаатар даргалж, шүүгч Д.Баатархүү, шүүгч Н.Долгорсүрэн нарын бүрэлдэхүүнтэй, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Д.Мөнгөнзул, нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Г.У, нэхэмжлэгчийн өмгөөлөгч Д.Б нарыг оролцуулан, Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2021 оны 01 дүгээр сарын 12-ны өдрийн 26 дугаар шийдвэртэй захиргааны хэргийг нэхэмжлэгчийн төлөөлөгч, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч нарын давж заалдах гомдлоор, “Э.Д.Э” ХХК-ийн нэхэмжлэлтэй, Нийслэлийн Хот байгуулалт, хөгжлийн газарт холбогдох захиргааны хэргийг шүүгч Н.Долгорсүрэнгийн илтгэснээр хянан хэлэлцээд

ТОДОРХОЙЛОХ нь:

 Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2021 оны 01 дүгээр сарын 12-ны өдрийн 26 дугаар шийдвэрээр: “…Захиргааны ерөнхий хуулийн 24 дүгээр зүйлийн 24.2, 25 дугаар зүйлийн 25.1.1, 40 дүгээр зүйлийн 40.2.3, 47 дугаар зүйлийн 47.1.6, Барилгын тухай хуулийн 30 дугаар зүйлийн 30.2, 30.3-т тус тус заасныг баримтлан “Э.Д.Э” ХХК-ийн нэхэмжлэлийн шаардлагын зарим хэсгийг хангаж, 2020 оны 06 дугаар сарын 22-ны өдрийн ГБМЗХ2020/17-004 дүгээр архитектур төлөвлөлтийн даалгаврыг хүчингүй болгож, нэхэмжлэгч “Э.Д.Э” ХХК-ийн 2019 оны 09 дүгээр сарын 02-ны өдрийн 409/2019 дүгээр “Барилгын ажлын зөвшөөрлийн гэрчилгээ” дэх барилгын ажлын зөвшөөрлийн хугацааг сунгахыг хариуцагчид даалгаж, нэхэмжлэгчийн “2018 оны 11 дүгээр сарын 19-ний өдрийн МЗХ2018/26-02 дугаар архитектур төлөвлөлтийн даалгаврын 9 дэх заалтыг илт хууль бус захиргааны акт болохыг тогтоолгох тухай” нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгожшийдвэрлэжээ.

Нэхэмжлэгчийн төлөөлөгч Т.Г давж заалдах гомдолдоо: “Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2021 оны 01 дүгээр сарын 12-ны өдрийн 26 дугаар шийдвэрийн Тогтоох хэсгийн 1 дэх заалтаас “... харин нэхэмжлэгчийн “2018 оны 11 дүгээр сарын 19-ний өдрийн баталсан МЗХ2018/26-02 дугаар архитектур төлөвлөлтийн даалгаврын 9 дэх заалтыг илт хууль бус захиргааны акт болохыг тогтоолгох” тухай нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгосугай” гэсэн заалтыг эс зөвшөөрч Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 114 дүгээр зүйлийн 114.1 дэх хэсгийг үндэслэн давж заалдах гомдол гаргаж байна.

1. Анхан шатны шүүхийн шийдвэрийн Үндэслэх хэсэгт “...гэхдээ дээрх хуулийн 2016 оны 07 дугаар сарын 01-ний өдрөөс дагаж мөрдөхөөр байна. Нийслэлийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурал нь ... журмыг 2014 оны 04 дүгээр сарын 10-ны өдөр баталсан байх тул Захиргааны ерөнхий хуульд заасан захиргааны хэм хэмжээний актыг улсын нэгдсэн бүртгэлд бүртгүүлэх журмыг хэрэглэхээргүй байх тул ...” гэж дүгнэсэн нь хуулийг илтэд буруу тайлбарлаж хийсэн хууль зүйн үндэслэлгүй дүгнэлт болжээ.

Учир нь Захиргааны ерөнхий хуулийн 64-72 дугаар зүйлд зааснаар захиргааны байгууллага нь “Захиргааны хэм хэмжээний актыг баталснаас хойш ажлын 5 өдрийн дотор эрх бүхий байгууллагад хянуулж, бүртгүүлэхээр хүргүүлнэ” гэж заасан бөгөөд маргаан бүхий Архитектур төлөвлөлтийн даалгаврын 9 дэх заалт нь 2018 оны 11 дүгээр сарын 19-ний өдөр батлагдаж, 2016 оны 07 дугаар сарын 01-ний өдрөөс хүчин төгөлдөр үйлчилсэн Захиргааны ерөнхий хуультай нийцсэн байх ёстойг анхан шатны шүүх анхаарч үзсэнгүй.

Түүнчлэн Захиргааны ерөнхий хуулийн 67 дугаар зүйлийн 67.2-т “Захиргааны хэм хэмжээний актыг зөвхөн улсын нэгдсэн бүртгэлд бүртгэж, “Захиргааны хэм хэмжээний актын эмхтгэл”-д нийтэлсний дараа хүчин төгөлдөр дагаж мөрдүүлнэ”,  67.3-т “Энэ хуулийн 67.2-т заасан шаардлагыг зөрчсөн тохиолдолд тухайн захиргааны хэм хэмжээний акт эрх зүйн үйлчлэл үзүүлэхгүй бөгөөд биелүүлээгүй иргэн, хуулийн этгээдэд үүрэг хариуцлага хүлээлгэхгүй” гэж заасан.

Захиргааны ерөнхий хуулийн 5 дугаар зүйлд зааснаар Нийслэлийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурал нь захиргааны байгууллага гэсэн ойлголтод хамаарах бөгөөд өөрийн гаргасан захиргааны актыг 2015 онд батлагдсан Захиргааны ерөнхий хуультай нийцүүлж өөрчлөх, бүртгүүлэх үүрэг нь Захиргааны ерөнхий хуулиар Нийслэлийн иргэдийн Төлөөлөгчдийн Хуралд хамаарах тул Захиргааны ерөнхий хуультай зөрчилдсөн захиргааны актыг хуулиас өмнө гарсан гэх үндэслэлээр бүртгүүлэхгүй байж болно гэж дүгнэсэн анхан шатны шүүхийн дүгнэлт болон Тогтоох хэсгийн заалт Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 34 дүгээр зүйлд заасан “Шүүх хэрэгт авагдсан нотлох баримтыг тал бүрээс нь бодитойгоор харьцуулан үзсэний үндсэн дээр өөрийн дотоод итгэлээр үнэлнэ.”, “Шүүх хэрэгт авагдсан нотлох баримтыг тал бүрээс нь бодитойгоор харьцуулан үзсэний үндсэн дээр өөрийн дотоод итгэлээр үнэлнэ.” гэх заалттай зөрчилдсөн үндэслэлгүй болсон байна.

2. Анхан шатны шүүхийн шийдвэрийн Үндэслэх хэсэгт “Захиргааны ерөнхий хуулийн 47 дугаар зүйл “Захиргааны акт илт хууль бус болох”, 47.1-д “Дараах тохиолдолд захиргааны акт илт хууль бус болно”, 47.1.6-д “Иргэн, хуулийн этгээдийн эрх, хууль ёсны ашиг сонирхолд халдах хуульд заасан үндэслэл байгаагүй” гэж заажээ.

Дээрх хуулийн зүйл, заалтад заасан илт хууль бус захиргааны акт гэдэгт Захиргааны ерөнхий хуулийн 37 дугаар зүйлийн 37.5-д заасан сөрөг нөлөөлөл бүхий захиргааны акт хамаарах бөгөөд маргаан бүхий архитектур төлөвлөлтийн даалгаврын 9 дэх заалт нь сөрөг нөлөөлөл бүхий захиргааны акт гэж үзэх үндэслэлгүй байна.

Иймд дээрх үндэслэлээр “Архитектур төлөвлөлтийн даалгаврын 9 дэх заалтыг илт хууль бус болохыг тогтоолгох тухай” нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэх нь зүйтэй гэж үзэв” гэж дүгнэсэн нь хуулийн заалтыг илт буруу тайлбарласан дүгнэлт болжээ.

Учир нь Захиргааны ерөнхий хуулийн 37 дугаар зүйлийн 37.5-д “Сөрөг нөлөөлөл бүхий захиргааны акт гэж эрх зүйн үйлчлэл чиглэсэн этгээдэд үүрэг бий болгосон, эсхүл түүний эрх, хууль ёсны ашиг сонирхлыг хязгаарласан захиргааны актыг ойлгоно”, 37.6-д “Хууль бус захиргааны акт гэж эрх зүйн зөрчилтэй захиргааны актыг ойлгоно.” гэж заасан байна.

Иймээс Нийслэлийн ерөнхий архитекторын 2018 оны 11 дүгээр сарын 19-ний өдрийн баталсан МЗХ2018/26-02 дугаар архитектур төлөвлөлтийн даалгаврын 9 дэх заалтын “...орчны газар эзэмшигч, оршин суугчидтай зөвшилцөн санал хүсэлтийг тусгах” зөвшилцөөгүй тохиолдолд тус даалгавар болон загвар зургийг хүчингүй болгох үндэслэл болно” гэсэн заалт нь дээр дурдсан сөрөг нөлөөлөл бүхий эрх зүйн зөрчилтэй захиргааны акт болсон байхад анхан шатны шүүх хуулийг буруу тайлбарлаж сөрөг нөлөөлөлгүй акт гэж дүгнэсэн нь хууль зүйн үндэслэлгүй байна.

Энэ захиргааны хэм хэмжээний актын 9 дэх заалт нь манай 9 давхар барилгын өндрийн хэмжээг 5 давхар барилгаас хэтрүүлэхгүй байхаар хязгаарлалт хийх үндэслэл болж бидний хууль ёсны эрх ашгийг хөндөж байгааг анхан шатны шүүх сөрөг нөлөөлөлгүй гэж хуулийг буруу тайлбарлаж хэрэглэж, хууль зүйн үндэслэлгүй дүгнэлт хийжээ.

Түүнчлэн орчны газар эзэмшигч, оршин суугчидтай зөвшилцөн санал хүсэлтийг тусгах гэсэн нь юуны талаар, хэнтэй юуг зөвшилцөх нь тодорхойгүй бөгөөд ийм үндэслэлээр архитектур төлөвлөлтийн даалгаврыг хүчингүй болгох зохицуулалт одоо мөрдөгдөж байгаа ямар ч хуульд байхгүй болно.

Захиргааны байгууллага нь үйл ажиллагаандаа Захиргааны ерөнхий хуулийг дагаж мөрдөх үүрэгтэй ба Захиргааны ерөнхий хуулийн 60 дугаар зүйлийн 60.1.6-д “Хуулиар хориглоогүй асуудлаар хориглосон зохицуулалт тогтоохгүй байх” гэсэн заалтыг 2018 оны Архитектур төлөвлөлтийн даалгаврын 9 дэх заалт ноцтой зөрчсөн байхад анхан шатны шүүх илт хууль бус захиргааны акт гэж үзэх үндэслэлгүй гэж дүгнэсэн нь хууль бус дүгнэлт гэж үзэж байна.

Иймд давж заалдах шатны шүүхээс хүсэхэд анхан шатны шүүхийн шийдвэрийн Тогтоох хэсгийн 1 дэх заалтын “... харин нэхэмжлэгчийн 2018 оны 11 дүгээр сарын 19-ний өдрийн баталсан МЗХ2018/26-02 дугаар архитектур төлөвлөлтийн даалгаврын 9 дэх заалтыг илт хууль бус захиргааны акт болохыг тогтоолгох тухай нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгосугай” гэснийг Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлд зааснаар нэхэмжлэлийн шаардлагыг хангаж, өөрчлөлт оруулж өгөхийг хүсье.” гэжээ.

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Б давж заалдах гомдолдоо: “ “Э.Д.Э” ХХК-ийн нэхэмжлэлтэй, Нийслэлийн Хот байгуулалт, хөгжлийн газарт холбогдох захиргааны хэргийг хянан шийдвэрлэсэн анхан шатны шүүхийн 2020 оны 01 дүгээр сарын 12-ны өдрийн 26 дугаар шийдвэрт давж заалдах гаргах нь:

1. “Э.Д.Э” ХХК нь Баянгол дүүргийн 4 дүгээр хорооны нутаг дэвсгэрт Нийслэлийн Засаг даргын 2018 оны 04 дүгээр сарын 20-ны өдрийн А/344 дүгээр захирамжаар 549 м.кв газрыг эзэмшдэг.

Уг газар дээрээ конторын шинэ барилга барих зорилгоор тус газарт 2018 оны 08 дугаар сарын 29-ний өдөр барилга барих хүсэлтийг ирүүлсэн. Хүсэлтийг судлан үзэж 2018 оны 11 дүгээр сарын 19-ний өдрийн МЗХ2018/26-02 дугаартай 17x12 м.кв 9 давхар конторын зориулалттай барилгын архитектур төлөвлөлтийн даалгаврыг олгосон.

Архитектур төлөвлөлтийн даалгаврын 9 дэх хэсэг буюу онцгой нөхцөлд “Орчны барилга байгууламж, зам талбай зэргийн хийц бүтээцэд сөрөг нөлөөгүй шийдлээр төлөвлөх, хэвийн аюулгүй байдлыг хангах, орчны газар эзэмшигч оршин суугчидтай зөвшилцөн санал хүсэлтийг тусгах, зөвшилцөөгүй тохиолдолд тус даалгавар болон загвар зургийг хүчингүй болгох үндэслэл болно” гэдгийг анхааруулсан.

Улмаар Баянгол дүүргийн 4 дүгээр хорооны 5, 6 дугаар байрны оршин суугч иргэдээс удаа дараа гомдол ирүүлсэн тул 2018 оны 11 дүгээр сарын 19-ний өдрийн МЗХ2018/26-02 дугаартай архитектур төлөвлөлтийн даалгавар, загвар зураг, 2019 оны 09 дүгээр сарын 02-ны өдрийн 409/2019 дугаартай барилгын ажлын  зөвшөөрлийн гэрчилгээг тус тус хүчингүй болгох асуудлаар Захиргааны ерөнхий хуулийн дагуу сонсох ажиллагаа хийсэн.

Сонсох ажиллагаатай холбоотойгоор “Э.Д.Э” ХХК нь 2020 оны 04 дүгээр сарын 23-ны өдөр “Хариу тайлбар хүргүүлэх тухай” албан бичиг ирүүлснийг Газар барилгажилтын мэргэжлийн зөвлөлийн хурлын 17 дугаар хурлаар хэлэлцүүлж батлагдсан архитектур төлөвлөлтийн даалгаврын 9 дэх заалт, иргэд оршин суугчдын удаа дараагийн гомдол зэргийг үндэслэн тухайн барилгын өндрийг 17 метр буюу орон сууцны 6 дугаар байрны нийт өндрөөс хэтрүүлэхгүй төлөвлөх тухай шийдвэр гаргасан.

Тус хурлын шийдвэрийг үндэслэн 2020 оны 06 дугаар сарын 22-ны өдрийн ГБМЗХ2020/17-004 дугаартай архитектур төлөвлөлтийн даалгавар гаргаж “Э.Д.Э” ХХК-д олгосон.

2. Барилгын ажлын зөвшөөрлийн хугацаа сунгахгүй байгаа гэх нэхэмжлэлийн шаардлагын тухайд.

“Э.Д.Э” ХХК нь Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхэд төлөвлөлтийн маргаан буюу архитектур төлөвлөлтийн даалгавартай холбоотой нэхэмжлэл гаргасан тул Нийслэлийн Засаг даргын 2013 оны 12 дугаар сарын 10-ны өдрийн А/1086 дугаар захирамжаар батлагдсан “Нийслэлийн нутгийн захиргааны байгууллага, албан тушаалтанд хандаж иргэдээс гаргасан өргөдөл, гомдлыг шийдвэрлэх журам”-ын 4.9.2.2-т заасны дагуу тус хэрэг маргаан эцэслэн шийдвэрлэгдтэл иргэний хүсэлт, өргөдөл, гомдлыг хүлээн авч шийдвэрлээгүй болно.

3. Маргаан бүхий МЗХ2018/26-02 дугаартай архитектур төлөвлөлтийн даалгаврын 9 дэх заалт “...Орчны газар эзэмшигч, оршин суугчидтай зөвшилцөн санал хүсэлтийг тусгах, зөвшилцөөгүй тохиолдолд тус даалгавар болон загвар зургийг хүчингүй болгох болно” гэж тусгайлан заасан байх бөгөөд үүнийг тус нэхэмжлэгч компани хүлээн зөвшөөрч гардаж авч ажлаа үргэлжлүүлсэн.

Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2021 оны 01 дүгээр сарын 12-ны өдрийн 26 дугаар шийдвэрийн Үндэслэх хэсэгт “...мөн захиргааны шийдвэр гаргах болсон бодит нөхцөл байдал, түүнийхээ хууль зүйн үндэслэлийг зааж, шийдвэр гаргахаар эрх олгогдсон хуулийн заалтыг тодорхой бичихээр хуульчилжээ. ... Улаанбаатар хот, Баянгол дүүрэг, 4 дүгээр хороо, 1а-29 тоотод оршин суух Б.Э-ын гаргасан өргөдөл, гомдлыг үндэслэх маргаан бүхий 2020 оны 06 дугаар сарын 22-ны өдрийн ГБМЗХ2020/17-004 дугаартай Архитектур төлөвлөлтийн даалгаврыг гаргасан нь үндэслэлгүй болжээ”гэжээ.

Маргаан бүхий 2018 оны 11 дүгээр сарын 19-ний өдрийн МЗХ2018/26-02 дугаартай архитектур төлөвлөлтийн даалгаврын 9 дэх заалтыг барин шийдвэрлэсэн болон тухайн байршилд  барилгын норм ба дүрэмд нийцүүлэн барилгажиж болох шийдлээр дахин хурлаар оруулж шинэчилсэн 2020 оны 06 дугаар сарын 22-ны өдрийн ГБМЗХ2020/17-004 дугаартай архитектур төлөвлөлтийн даалгавар олгогдсон болохыг тайлбар, баримтаар нотолсоор байхад зөвхөн Б.Э гэх иргэний гомдлоор шийдвэрлэсэн гэж тайлбарласан нь үндэслэлгүй байна.

Мөн тухайн барилгын ард байрлах гомдол удаа дараа гаргасан гэх 5, 6 дугаар байрны иргэдийн эрх, ашиг сонирхол хөндөгдөж болзошгүй гэж үзэн гуравдагч этгээдээр татах, эсхүл тайлбар мэдээлэл авах ажиллагаа хийгээгүй байж тэдгээр иргэд гомдол гаргаагүй хэмээн тайлбарлаж байгаа нь шүүх үнэн бодитой, тал бүрээс нь дүгнэж, хуульд нийцсэн, биелэгдэх боломжтой шийдвэр гаргах үндсэн зарчмаас хазайсан гэж үзэж байна.

Иймд нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэж өгнө үү” гэжээ.

ХЯНАВАЛ:

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 118 дугаар зүйлийн 118.3-д зааснаар хэргийг бүхэлд нь хянаад, дараах үндэслэлээр шүүхийн шийдвэрт өөрчлөлт оруулж, нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэлээ.

Анхан шатны шүүх хэргийн үйл баримтад холбогдох нотлох баримтыг цуглуулсан боловч хэргийн бодит нөхцөл байдалд үндэслэл бүхий, бүрэн дүүрэн дүгнэлт хийлгүй захиргааны актын үндэслэл болсон хуулийн зүйл, заалтыг маргааны үйл баримтад нийцүүлэн зөв тайлбарлалгүй нэхэмжлэлийн шаардлагын зарим хэсгийг хангаж шийдвэрлэсэн нь үндэслэлгүй байна.

Нэхэмжлэгч “Э.Д.Э” ХХК нь “Нийслэлийн ерөнхий архитектур бөгөөд Хот байгуулалт, хөгжлийн газрын даргын баталсан 2020 оны 06 дугаар сарын 22-ны өдрийн ГБМЗХ2020/17-004 дугаартай архитектур төлөвлөлтийн даалгаврыг хүчингүй болгуулах, 2018 оны 11 дүгээр сарын 19-ний өдрийн МЗХ2018/26-02 дугаар архитектур төлөвлөлтийн даалгаврын 9 дэх заалтыг илт хууль бус болохыг тогтоолгох, “Э.Д.Э” ХХК-ийн 2019 оны 09 дүгээр сарын 02-ны өдрийн 409/2019 дүгээр “Барилгын ажлын зөвшөөрлийн гэрчилгээ” дэх барилгын ажлын зөвшөөрлийн хугацааг сунгахыг хариуцагчид даалгах” гэж нэхэмжлэлийн шаардлагаа эцсийн байдлаар тодорхойлжээ.

Анх 2018 оны 11 дүгээр сарын 19-ний өдөр МЗХ2018/26-02 дугаар архитектур төлөвлөлтийн даалгавраар “Э.Д.Э” ХХК-д конторын зориулалтаар 17х12.0 метр хэмжээтэй, барилгын гадна ханаар тооцон шат довжоо, рампыг эдэлбэр газарт багтаах байдлаар тухайлсан зураг төсөлтэй 9 давхар, зоорьтой барилга барихаар баталжээ.

Нэхэмжлэгчээс уг архитектур төлөвлөлтийн даалгаврын 9 дэх заалтад “Орчны барилга байгууламж, авто болон дугуйн зам, явган зам талбайтай уялдуулах, барилгын гадна нүүр талуудыг тухайн орчиндоо өнгө үзэмж нэмэхүйц шийдэлтэй байх ба орчны барилгуудтай уялдуулан гудамжны дэлгээс зургаар үзүүлэх, галын аюулгүй байдлын нормыг мөрдөх, газар хөдлөлийн бичил мужлалын зураг ашиглах норм ба дүрэм болон бусад холбогдох нормын заалтуудын дагуу төлөвлөх, орчны барилга байгууламж, зам талбай зэргийн хийц бүтээцэд сөрөг нөлөөгүй шийдлээр төлөвлөх, хэвийн аюулгүй байдлыг хангах, орчны газар эзэмшигч, оршин суугчидтай зөвшилцөн санал хүсэлтийг тусгах, зөвшилцөөгүй тохиолдолд тус даалгавар болон загвар зургийг хүчингүй болгох үндэслэл болно. Барилгын түр хашааны тэг тэнхлэгийг стандарт, шаардлагын дагуу төлөвлөн, барилгын талбайн зохион байгуулалтын зургийг мэргэжлийн байгууллагаар хянуулах” гэснээс “орчны газар эзэмшигч, оршин суугчидтай зөвшилцөн санал хүсэлтийг тусгах, зөвшилцөөгүй тохиолдолд тус даалгавар болон загвар зургийг хүчингүй болгох үндэслэл болно” гэх хэсгийг илт хууль бус болохыг тогтоолгохоор маргаж байна.

Барилгын тухай хуулийн 7 дугаар зүйлд барилгын үйл ажиллагаанд нийтийн болон гуравдагч этгээдийн эрх, ашиг сонирхлыг хэрхэн хамгаалах талаар тодорхой зохицуулсан бөгөөд мөн хуулийн 7.2-т “Нийтийн болон гуравдагч этгээдийн эрх, ашиг сонирхол зөрчигдөх тохиолдолд энэ хуульд заасан шаардлага, үндэслэлийн дагуу барилгын үйл ажиллагаатай холбоотой хувийн эрх, ашиг сонирхлыг эрх бүхий байгууллагын шийдвэрээр хязгаарлаж болно”, Хот төлөвлөлтийн тухай хуулийн 17 дугаар зүйлийн 17.1-д “Хот төлөвлөлтийн үйл ажиллагаанд иргэдийн оролцоотой төлөвлөлтийн зарчмыг тусгаж ажиллана” гэж тус тус заасан.

Мөн Нийслэлийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын 2014 оны 04 дүгээр сарын 10-ны өдрийн 5/14 дүгээр тогтоолын 1 дүгээр хавсралтаар баталсан “Нийслэлийн нутаг дэвсгэрт барилга барих, газрын эрх олгох, барилгын эх загвар зураг батлах, барилга угсралтын ажил эхлүүлэх, ашиглалтад оруулах үйл ажиллагааны журам”-ын 4 дүгээр бүлэгт барилга барих үйл ажиллагаанд иргэн, хуулийн этгээдийн оролцоог хангах, саналыг тусгах талаар нарийвчлан зохицуулж, орон сууцны хороолол дундах барилгажаагүй талбайд барилга байгууламж барихад иргэн, хуулийн этгээдийн саналыг 9 давхар барилгад 30 метр зайд байрлах үл хөдлөх хөрөнгийн өмчлөгчөөс санал авахаар заасан боловч нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчөөс шүүх хуралдаанд орчны газар оршин суугчидтай зөвшилцөхөөр санал авсан зүйлгүй тухайгаа мэдүүлсэн, хавтаст хэрэгт энэ талаарх баримт авагдаагүй байна.

Анхан шатны шүүх “... нэхэмжлэгчийн хүчингүй болгуулахыг хүссэн МЗХ2018/26-02 дугаар архитектур төлөвлөлтийн даалгаврын 9 дэх заалт нь мөн хуулийн 37 дугаар зүйлийн 37.5-д заасан сөрөг нөлөөлөл бүхий захиргааны актын шинжийг агуулаагүй” гэж дүгнэсэн нь учир дутагдалтай хэдий ч “... 2014 оны 04 дүгээр сарын 10-ны өдөр 5/14 дүгээр тогтоолоор баталсан “Нийслэлийн нутаг дэвсгэрт барилга барих, газрын эрх олгох, барилгын эх загвар зураг батлах, барилга угсралтын ажил эхлүүлэх, ашиглалтад оруулах үйл ажиллагааны журам” нь 2016 оны 07 дугаар сарын 01-ний өдрөөс хүчин төгөлдөр мөрдөгдөж эхэлсэн Захиргааны ерөнхий хуульд заасан захиргааны хэм хэмжээний актын нэгдсэн бүртгэлд бүртгүүлэх журамд хамаарахгүй” гэж дүгнэн “2018 оны 11 дүгээр сарын 19-ний өдрийн МЗХ2018/26-02 дугаар архитектур төлөвлөлтийн даалгаврын 9 дэх заалтыг илт хууль бус болохыг тогтоолгох” нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн нь холбогдох хууль тогтоомжийг зөрчөөгүй байна.  

Мөн нэхэмжлэгчээс “... сүүлд нь 2010 оны 05 дугаар сарын 19-ний өдрийн 119 дүгээр Засгийн газрын тогтоолоор захиргааны хэм хэмжээ тогтоосон шийдвэр гаргах журмыг хавсралтаар баталж, иргэдийн Төлөөлөгчдийн Хурал гадагшаа, нийтэд чиглэсэн захиргааны хэм хэмжээний акт  гаргах юм бол хэм хэмжээний актын бүртгэлд бүртгүүлэхээр заасан” гэж тайлбарлах боловч Засгийн газрын 2016 оны 09 дүгээр сарын 14-ний өдрийн 86 дугаар тогтоолоор дээрх 119 дүгээр тогтоолыг хүчингүй болсонд тооцжээ. 

Түүнчлэн нэхэмжлэгчээс дээрх МЗХ2018/26-02 дугаар архитектур төлөвлөлтийн даалгаврыг үндэслэн барилгын ажлаа явуулж байснаас үзвэл уг даалгаврын 9 дэх заалтыг хүлээн зөвшөөрсөн гэж үзэхээр байх бөгөөд “...уг актад гомдол гаргах шаардлагагүй гэж үзсэн, илт хууль бус захиргааны акт гарсан цагаасаа эрх зүйн үйлчлэлгүй”  хэмээн тайлбарлаж байгаа нь ойлгомжгүй байна. 

Дээрхээс үзвэл МЗХ2018/26-02 дугаар архитектур төлөвлөлтийн даалгаврын 9 дэх заалт нь Захиргааны ерөнхий хуулийн 47 дугаар зүйлийн 47.1-д заасан илт хууль бус захиргааны актын шинжийг агуулаагүй байх тул нэхэмжлэгчийн “... барилга барихдаа иргэдтэй зөвшилцөх тухай хуулийн ямар ч зохицуулалт байхгүй, 5/14 дүгээр тогтоол нь Захиргааны ерөнхий хуульд заасны дагуу захиргааны хэм хэмжээний актын нэгдсэн бүртгэлд бүртгэгдээгүй тул хүчин төгөлдөр бус, уг тогтоолыг үндэслэн гарсан 9 дэх заалт нь мөн илт хууль бус болно” гэх гомдол үндэслэлгүй.

Орон сууцны барилгын зураг төсөл төлөвлөлт /БнБД 30-01-10/-ийн 4 дүгээр хавсралтын 12 дугаар хүснэгтэд барилгын тууш /урт/ талуудын хооронд 21 метрийн зайд 5 давхар, 32 метрийн зайд 9 давхар, барилгын тууш тал, хөндлөн талын хооронд болон сууцны өрөөний цонхтой хөндлөн талуудын хооронд 12 метрийн зайд 5 давхар барилга, 18 метрийн зайд 9 давхар барилга барихаар тооцож заасан бөгөөд нэхэмжлэгчээс шүүх хуралдаанд “... манай барилга нөгөө байрнаас 11 метр 80 см-ын зайтай” гэж мэдүүлсэн.

Хариуцагчаас нэхэмжлэгч компани нь оршин суугчидтай зөвшилцөөгүй, оршин суугчдаас удаа дараа амаар болон утсаар санал, гомдол гаргасан гэх үндэслэлээр МЗХ2018/26-02 дугаар архитектур төлөвлөлтийн даалгаврыг хүчингүй болгож зөвтгөөд, 2020 оны 06 дугаар сарын 22-ны өдрийн ГБМЗХ2020/17-004 дугаартай архитектур төлөвлөлтийн даалгавраар барилгын өндрийг 17 метрээс хэтрүүлэхгүйгээр буюу 17.7x12.7 метрийн хэмжээтэй, тагт, консоль, довжоо болон рампыг нормоор тооцон эдэлбэр газар багтаан төлөвлөхөөр баталжээ.

Хэдийгээр Баянгол дүүргийн 4 дүгээр хорооны 5, 6 дугаар байрны оршин суугчдаас удаа дараа гомдол, саналыг ирүүлж  байсан нь баримтаар тогтоогдохгүй, зөвхөн 1а байрны оршин суугч Б.Э-ын гаргасан өргөдөл, гомдол ирүүлсэн талаарх баримт авагдсан ч барилгын загвар зураг төсөлд 9 давхар барилгын нийт өндрийн хэмжээ нь 38.35 метрийн өндөртэй байхаар батлагдсан, мөн бодит байдалд МЗХ2018/26-02 дугаар архитектур төлөвлөлтийн даалгаварт заасан нөхцөл буюу конторын зориулалттай 9 давхар, зоорьтой барилгыг 17х12.0 метр хэмжээтэй, барилгын гадна ханаар тооцон шат довжоо, рампыг эдэлбэр газарт багтаах байдлаар барихаар тусгажээ. 

Хариуцагч Нийслэлийн Хот байгуулалт, хөгжлийн газар барилгын үйл ажиллагаанаас шалтгаалан үүсэх иргэн, хуулийн этгээдийн өмчлөл, эзэмшил, ашиглалтад байгаа газар, үл хөдлөх эд хөрөнгөтэй холбоотой эрх, ашиг сонирхол холбогдох хууль тогтоомжид заасан зарчимд нийцэж байгаа эсэхийг нягтлахгүйгээр дээрх байдлаар архитектур төлөвлөлтийн даалгаврыг баталсан буруутай үйлдлээ зөвтгөж, Барилгын тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.3-т “Барилгын үйл ажиллагааны явцад гуравдагч этгээдийн ажиллаж, амьдрах орчинг болон барилга байгууламж ашиглах эрхийг нь дордуулахгүйгээр хууль тогтоомжид заасан хэмжээгээр өөрчилж болно” гэж зааснаар барилгын нийт өндрийг 17 метрээс хэтрүүлэхгүйгээр буюу 5, 6 дугаар байрны нийт өндрөөс хэтрүүлэхгүйгээр төлөвлөхөөр тусгаж, хот төлөвлөлтийн онцгой нөхцөл шаардлагад нийцүүлэн 2020 оны 06 дугаар сарын 22-ны өдрийн ГБМЗХ2020/17-004 дугаартай архитектур төлөвлөлтийн даалгаврыг баталсныг хууль зөрчсөн гэж үзэхээргүй байна.

Маргаан бүхий барилгын талбай нь Баянгол дүүргийн орон сууцны 2, 3 дугаар нэгж хорооллын ерөнхий төлөвлөгөөний дунд давхрын орон сууцны бүсэд хамаарахаар байх бөгөөд анх батлагдсан МЗХ2018/26-02 дугаар архитектур төлөвлөлтийн даалгаврын 9 дэх заалт нь холбогдох хууль тогтоомжийг зөрчөөгүй болох нь дээрх байдлаар тогтоосон, уг заалтаар орчны газар эзэмшигч, оршин суугчидтай зөвшилцөн санал хүсэлтийг тусгах, зөвшилцөөгүй тохиолдолд тус даалгавар болон загвар зургийг хүчингүй болгох талаар тодорхой тусгаж,  анхааруулсаар байхад уг үүргээ биелүүлээгүй нэхэмжлэгчийн буруутай үйл ажиллагааг зөвтгөх боломжгүй.

Анхан шатны шүүх “... хариуцагч ГБМЗХ2020/17-004 дугаартай архитектур төлөвлөлтийн даалгаврыг гаргахдаа Захиргааны ерөнхий хуульд заасан бодит нөхцөл байдлыг тогтоох, шийдвэр гаргах хууль зүйн үндэслэлийг заагаагүй, анх МЗХ2018/26-02 дугаар архитектур төлөвлөлтийн даалгаврын дагуу тухайн барилгыг барих боломжтой гэж үзэж зөвшөөрөл олгосон атлаа эрх, хууль ёсны ашиг сонирхол нь зөрчигдөөгүй 1а байрны оршин суугч Б.Э-ын гомдлыг үндэслэсэн нь буруу” гэж дүгнэж, “Нийслэлийн ерөнхий архитектур бөгөөд Хот байгуулалт, хөгжлийн газрын даргын баталсан 2020 оны 06 дугаар сарын 22-ны өдрийн ГБМЗХ2020/17-004 дугаартай архитектур төлөвлөлтийн даалгаврыг хүчингүй болгуулах” нэхэмжлэлийн шаардлагыг хангаж шийдвэрлэсэн нь үндэслэлгүй байна.

Товчхондоо дээрх байдлаар 2020 оны 06 дугаар сарын 22-ны өдрийн ГБМЗХ2020/17-004 дугаартай архитектур төлөвлөлтийн даалгаврыг хүчингүй болгох хууль зүйн үндэслэл тогтоогдохгүй байх тул нэхэмжлэлийн уг шаардлагыг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэх нь зүйтэй байна.

Түүнчлэн нэхэмжлэгчээс “...яг үнэндээ 17 метрт 9 давхар барилга барих ямар ч боломжгүй, одоогийн байдлаар хэдий нь 7 давхар барилга ойролцоогоор 22 метр болсон” гэж шүүх хуралдаанд мэдүүлсэн.

Хэдийгээр 5, 6 дугаар байрны оршин суугчдаас бичгээр гомдол, санал гаргаагүй гэх боловч өмнө нь байсан 1 давхар барилгыг нурааж оронд нь 9 давхар барилга баригдсанаар тус байрны ойр орчин, 5, 6 дугаар байрны иргэдийн хувьд шинээр баригдаж буй өндөр барилгын улмаас эрх хууль ёсны ашиг сонирхол нь зөрчигдөхгүй гэж шууд дүгнэх боломжгүй бөгөөд нэхэмжлэгч нэгэнт зөвшилцөж аливаа байдлаар санал аваагүй тул цаашид гомдол гаргахгүй гэх баталгаа байхгүй.

Барилгын тухай хуулийн 28 дугаар зүйлийн 28.2.1-д зааснаар барилга байгууламжийн байршил, загвар зураг, техникийн нөхцөлийг баталгаажуулсан шийдвэрийг үндэслэн барилгын ажлын зөвшөөрлийг олгох бөгөөд МЗХ2018/26-02 дугаар архитектур төлөвлөлтийн даалгаврыг үндэслэн нэхэмжлэгч “Э.Д.Э” ХХК-д 2019 оны 09 дүгээр сарын 02-ны өдөр 409/2019 дүгээр “Барилгын ажлын зөвшөөрлийн гэрчилгээ”-г олгосон, уг гэрчилгээнд 17х12 хэмжээтэй, зоорьтой 9 давхар байхаар тусгасан, шүүх хариуцагчаас МЗХ2018/26-02 дугаар архитектур төлөвлөлтийн даалгаврыг үндэслэлгүй гэж үзэн хүчингүй болгож, 2020 оны 06 дугаар сарын 22-ны өдрийн ГБМЗХ2020/17-004 дугаартай архитектур төлөвлөлтийн даалгаврыг баталсныг үндэслэлтэй болохыг дүгнэж, хэвээр үлдээх нь зүйтэй гэж шийдвэрлэсэн, өөрөөр хэлбэл нэхэмжлэгч нь МЗХ2018/26-02 дугаар архитектур төлөвлөлтийн даалгаврыг үндэслэн барилгын үйл ажиллагаа явуулах боломжгүй болсон тул нэхэмжлэгчийн “Э.Д.Э” ХХК-ийн 2019 оны 09 дүгээр сарын 02-ны өдрийн 409/2019 дүгээр “Барилгын ажлын зөвшөөрлийн гэрчилгээ” дэх барилгын ажлын зөвшөөрлийн хугацааг сунгахыг хариуцагчид даалгах” шаардлагыг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэлээ.

Барилгын тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.5-д зааснаар барилгын асуудал эрхэлсэн төрийн болон нутгийн захиргааны байгууллага нь барилгын үйл ажиллагаанд холбогдох норм, нормативын баримт бичгийн хэрэгжилтийг хангах, хяналт тавих замаар хувийн, нийтийн болон гуравдагч этгээдийн ашиг сонирхлыг хамгаалах үүрэг хүлээхээр хуульчилсан тул цаашид хариуцагч нь барилга байгууламж барихтай холбоотой аливаа асуудлыг бүрэн дүүрэн нягталж, бодит нөхцөл байдалд нийцсэн, үндэслэл бүхий шийдвэр гаргаснаар зөвхөн нийтийн болон гуравдагч этгээдийн ашиг сонирхлыг хамгаалахаар хязгаарлагдахгүй тухайн барилгын үйл ажиллагааг явуулж буй этгээдийн цаг хугацаа, хөрөнгө мөнгийг үнэгүйдүүлэх зэрэг аливаа байдлаар эрх, ашиг сонирхлыг хөндөхгүй байхад анхаарах нь зүйтэй.

Хэдийгээр архитектур төлөвлөлтийн даалгавруудыг батлахад уг барилгын нийт өндрийг хэрхэн тооцоолж төлөвлөсөн, 9 давхар барилгын өндрийн хэмжээтэй холбоотойгоор орчны оршин суугчдаас санал авах, саналыг хэрхэн авах талаарх асуудал яригдсан эсэх, энэ тал дээр нэхэмжлэгч болон хариуцагчаас ямар байр суурьтай байсан болон иргэдээс удаа дараа санал, гомдол гаргасантай холбоотой баримт хэрэгт авагдаагүй ч хуульд заавал гомдол, саналыг бичгээр авах зохицуулалтгүй буюу 5, 6 дугаар байрны иргэдээс амаар санал, гомдол гаргасан байх боломжтой, түүнчлэн дулааны улиралд хийгддэг барилгын ажлын онцлогийг  харгалзан цаг хугацааны хувьд нэхэмжлэгчийн эрх зүйн байдлыг дордуулахгүйн үүднээс давж заалдах шатны шүүх хэргийг анхан шатны шүүхэд дахин хэлэлцүүлэхээр буцаах шаардлагагүй гэж дүгнэн хэргийн үйл баримтад холбогдох нотлох баримтын хүрээнд маргааныг нэг мөр эцэслэн шийдвэрлэх боломжтой гэж шүүх бүрэлдэхүүн үзлээ. 

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 120 дугаар зүйлийн 120.3 дахь хэсгийг удирдлага болгон

ТОГТООХ нь:

1. Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2021 оны 01 дүгээр сарын 12-ны өдрийн 26 дугаар шийдвэрийн 1 дэх заалтыг “Барилгын тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.2, 7.3, 28 дугаар зүйлийн 28.2.1 дэх хэсэгт тус тус заасныг баримтлан нэхэмжлэгч “Э.Д.Э” ХХК-ийн Нийслэлийн Хот байгуулалт, хөгжлийн газарт холбогдуулан гаргасан “Нийслэлийн ерөнхий архитектур бөгөөд Хот байгуулалт, хөгжлийн газрын даргын баталсан 2020 оны 06 дугаар сарын 22-ны өдрийн ГБМЗХ2020/17-004 дугаартай архитектур төлөвлөлтийн даалгаврыг хүчингүй болгуулах, 2018 оны 11 дүгээр сарын 19-ний өдрийн МЗХ2018/26-02 дугаар архитектур төлөвлөлтийн даалгаврын 9 дэх заалтыг илт хууль бус болохыг тогтоолгох, “Э.Д.Э” ХХК-ийн 2019 оны 09 дүгээр сарын 02-ны өдрийн 409/2019 дүгээр “Барилгын ажлын зөвшөөрлийн гэрчилгээ” дэх барилгын ажлын зөвшөөрлийн хугацааг сунгахыг хариуцагчид даалгах” шаардлага бүхий нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгосугай” гэж, 2 дахь заалтыг “Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2, Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 48 дугаар зүйлийн 48.1 дэх заалтыг тус тус баримтлан нэхэмжлэгчээс нэхэмжлэл гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 70.200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй” гэж тус тус өөрчилж, шийдвэрийн бусад заалтыг хэвээр үлдээж, хариуцагчийн давж заалдах гомдлыг хангасугай.

2. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.3, 48 дугаар зүйлийн 48.3-д тус тус зааснаар хариуцагчаас давж заалдах гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжаас чөлөөлөгдсөн болохыг дурдаж, нэхэмжлэгчээс давж заалдах гомдол гаргахдаа төлсөн 70.200 /далан мянга хоёр зуун/ төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.5 дахь хэсэгт зааснаар давж заалдах шатны шүүх хуулийг зөрүүтэй хэрэглэсэн, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны ноцтой зөрчил гаргасан, хуулийг Улсын дээд шүүхийн албан ёсны тайлбараас өөрөөр тайлбарлаж хэрэглэсэн гэж хэргийн оролцогчид, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч үзвэл магадлалыг гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Улсын дээд шүүхийн захиргааны хэргийн танхимд гомдол гаргах эрхтэй.

 

 

                    ЕРӨНХИЙ ШҮҮГЧ                                                   Д.БАТБААТАР

 

                     ШҮҮГЧ                                                                     Д.БААТАРХҮҮ

 

                     ШҮҮГЧ                                                                     Н.ДОЛГОРСҮРЭН