Улсын дээд шүүхийн Шүүх хуралдааны тогтоол

2018 оны 05 сарын 01 өдөр

Дугаар 001/ХТ2018/00678

 

Д.У -ийн нэхэмжлэлтэй

иргэний хэргийн тухай

Монгол Улсын Дээд шүүхийн Танхимын тэргүүн Х.Сонинбаяр даргалж, шүүгч Г.Алтанчимэг, П.Золзаяа, Г.Цагаанцоож, Д.Цолмон нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн хяналтын шатны иргэний хэргийн шүүх хуралдаанаар     

Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 10 дугаар сарын 09-ний өдрийн 182/ШШ2017/01885 дугаар шийдвэртэй,  

ийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2017 оны 12 дугаар сарын 25-ны өдрийн 28 дугаар магадлалтай,

Д.У -ийн нэхэмжлэлтэй,

Х Л - ХХК-д холбогдох,

Санхүүгийн түрээсийн гэрээг хүчин төгөлдөр бус болохыг тогтоолгох, гэрээний дагуу төлсөн урьдчилгаа төлбөр 51.300.000 төгрөг, түрээсийн үндсэн төлбөр 8.404.470 төгрөг, хүүгийн төлбөр 23.618.483 төгрөг, нийт 83.322.953 төгрөгийг гаргуулах тухай иргэний хэргийг,

Зохигчийн хяналтын журмаар гаргасан гомдлыг үндэслэн

Шүүгч Г.Алтанчимэгийн илтгэснээр хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгч Д.У -, нэхэмжлэгчийн өмгөөлөгч Р.Б, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Д.Т, нарийн бичгийн дарга Э.Боролдой нар оролцов.

Нэхэмжлэгч Д.У -ийн шүүхэд гаргасан нэхэмжлэлд: Х Л - ХХК-тай 2015 оны 4 дүгээр сарын 13-ны өдөр 40000293 дугаартай санхүүгийн түрээсийн гэрээг байгуулж, 5 жилийн хугацаанд нийт 254.960.310 төгрөгийг төлөхөөр харилцан тохиролцож. Land Cruiser 200 суудлын авто машиныг түрээслэхээр болсон. Гэрээ байгуулагдах өдөр буюу 2015 оны 4 дүгээр сарын 13-ны өдөр Х Л - ХХК-д гэрээний урьдчилгаа төлбөрт 51.300.000 төгрөгийг шилжүүлж түрээслүүлэгчтэй байгуулсан гэрээ, журмыг зөрчихгүйгээр cap бүр тодорхой хэмжээгээр гэрээний үүргээ гүйцэтгэж ирсэн. Өнөөдрийн байдлаар Д.У - Х Л - ХХК-д нийт 84.362.069 төгрөгийг гэрээний дагуу шилжүүлсэн. Гэтэл 2016 оны 3 дугаар сарын 01-ний өдөр Д.У - Х Л - ХХК-д гэрээний дагуу түрээсийн төлбөр төлсөн байхад  тус компанийн хүмүүс 2016 оны 3 дугаар сарын 29-ний өдөр гэрээний зүйл болох 77-87 УБЗ улсын дугаартай авто машиныг гараашаас мэдэгдэлгүй авч явсан. Миний хувьд санхүүгийн түрээсийн зүйлийг хураан авах хэмжээний зөрчил болон талуудын хооронд байгуулсан гэрээ, Санхүүгийн түрээсийн тухай хуулийн 15 дугаар зүйлийн 15.1.4-д заасан түрээсийн төлбөрийг 3 удаа дараалан төлөөгүй зэрэг зөрчлийг гаргаж байгаагүй. Улмаар Иргэний хуулийн 225 дугаар зүйлийн 225.4.1-д зааснаар үүргийг ялимгүй зөрчсөн тохиолдолд гэрээнээс татгалзаж болохгүй талаар зохицуулсан, талуудын хооронд байгуулсан гэрээг цуцлах үндэслэл бүрдээгүй байхад түрээслүүлэгч нь гэрээнээс үндэслэлгүйгээр, хууль бусаар татгалзсан байдаг. Тийм учраас санхүүгийн түрээсийн гэрээний 8 дугаар зүйлийн 8.6 дахь хэсэгт заасны дагуу түрээслүүлэгч болох Х Л - ХХК-д холбогдуулан талуудын хооронд байгуулсан санхүүгийн түрээсийн гэрээг үргэлжлүүлэхийг даалгуулахаар шаардлага гарган шүүхэд нэхэмжлэл гаргасан бөгөөд энэхүү маргаан эцэслэн дуусаагүй байхад түрээслүүлэгч түрээсийн зүйл болох авто машиныг бусдад түргэн шуурхай худалдан борлуулсан байдаг. Энэ нь гэрээг цаашид үргэлжлүүлэх боломжгүй болгосон. Энэхүү маргааны явцад хариуцагч Х Л - ХХК-тай байгуулсан Санхүүгийн түрээсийн гэрээг сайн гэгч нь уншиж үзэхэд талуудын хооронд байгуулсан гэрээг аливаа үндэслэлээр дуусгавар болгосон тохиолдолд түрээсийн төлбөрийг хэрхэх талаар болон маргаангүйгээр дуусгавар болгохоор харилцан тохиролцсон зүйл тусгагдаагүй байсан. Энэ ч утгаараа түрээсийн гэрээтэй холбоотой төлбөрийн маргаан үргэлжилж байна. Иргэний хуулийн 313 дугаар зүйлийн 313.2, 313.3 дахь зохицуулалтаас харахад Санхүүгийн түрээсийн гэрээнд гэрээ хүгацаанаасаа өмнө дуусгавар болох тохиолдолд гэрээний үнийг төлж дуусах журмыг тусгасан байх бөгөөд хэрэв энэхүү журмыг тусгаагүй тохиолдолд гэрээ бүхэлдээ хүчин төгөлдөр бус байхаар зохицуулсан. Мөн талуудын хооронд байгуулсан Санхүүгийн түрээсийн гэрээний нөхцлүүдийг Х Л - ХХК-ийн гүйцэтгэх захирлын 2014 оны 33 дугаар тушаалын 1-р хавсралтаар баталсан стандарт нөхцлүүдтэй байх тул гэрээний нөхцөл нь тухайн саналыг хүлээн авагч талд ашигтайгаар тайлбарлагдах ёстой.

Иймд дээрх үндэслэлээр талуудын хооронд байгуулагдсан 2015 оны 4 дүгээр сарын 13-ны өдөр байгуулсан 40000293 дугаартай санхүүгийн түрээсийн гэрээг хүчин төгөлдөр бусд тооцож гэрээний дагуу шилжүүлсэн нийт 83.322.953 төгрөгийг хариуцагчаас гаргуулж өгнө үү гэжээ.

Хариуцагч Х Л - ХХК-ийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн шүүхэд гаргасан тайлбарт: ...Х Л - ХХК болон Мөнххада ХХК-ийн хооронд байгуулагдсан 40000293 дугаартай худалдах-худалдан авах гэрээний 1.2-т Х Л - нь уг гэрээнд заасан автомашиныг ямар зорилгоор худалдан авч байгааг тодорхой заажээ. Өөрөөр хэлбэл, уг автомашиныг нэхэмжлэгчид санхүүгийн түрээсээр ашиглуулах зорилгоор худалдан авсан байна. Харин зохигчид Иргэний хуулийн 26 дугаар бүлэг болон Санхүүгийн түрээс /лизинг/-ийн тухай хуулийг удирдлага болгон 2015 оны 4 дүгээр сарын 13-ны өдөр Санхүүгийн түрээсийн гэрээ байгуулсан. Үүнээс авч үзвэл зохигчдын хооронд санхүүгийн түрээсийн харилцаа үүссэн болох нь тодорхой юм. Иргэний хуулийн 317 дугаар зүйлийн 317.1 дэх хэсэгт санхүүгийн түрээсийн гэрээнд эд хөрөнгө хөлслөх гэрээний талаарх журам үйлчилнэ гэж заасан байдаг. Зохигчдын хооронд нэгэнт санхүүгийн түрээсийн харилцаа үүссэн тул нэхэмжлэгчээс манай компанид төлсөн мөнгөн хөрөнгө нь түрээсийн төлбөр буюу түрээсийн зүйл болох автомашиныг биет байдлаар эзэмшиж, ашигласны төлбөр бөгөөд үүнийг Иргэний хуулийн 317 дугаар зүйлийн 317.1 дэх хэсэг буюу эд хөрөнгө хөлслөх гэрээний зохицуулалтын үүднээс авч үзвэл хариу төлбөргүй үүрэг юм. Санхүүгийн түрээсийн гэрээ нь хэлбэрийн хувьд заавал бичгээр хийх хуулийн шаардлагатай. Тийм ч учраас талууд Санхүүгийн түрээсийн гэрээг бичгээр хийсэн тул хэлбэрийн хувьд хуулийн шаардлага хангаж байгаа. Нөгөө талаас, нэхэмжлэгч Иргэний хуулийн 313 дугаар зүйлийн 313.2 дахь хэсгийн зохицуулалтыг санхүүгийн гэрээнд тусгаагүй учир мөн хуулийн 313.3 дахь хэсэгт заасан үр дагавар үүснэ гэж нэхэмжлэлийнхээ шаардлагын эрх зүйн үндэслэлийг тайлбарлаж байгаа нь үндэслэлгүй юм. Тодруулбал, гэрээний нийт үнийг гэрээний 1.5-д тодорхой тусгасан, түрээсийн төлбөр, түүнийг төлөх журам, хугацааг санхүүгийн түрээсийн гэрээний 1.2.1 буюу хавсралт 1, түрээсийн болон даатгалын төлбөрийн хэмжээ, төлөх хугацааг тогтоосон хуваариар тодорхой зохицуулсан. Харин санхүүгийн түрээсийн гэрээний 6-д Түрээслэгч үүргээ биелүүлээгүй буюу зохих ёсоор биелүүлээгүйгээс бий болох үр дагавар хэсэг бүхэлдээ, тэр дотроо гэрээний 6.5-д гэрээ хугацаанаас өмнө дуусгавар болох тохиолдолд гэрээний үнийг хэрхэн төлж дуусахтай холбоотой харилцааг зохицуулсан. Тийм учраас нэхэмжлэгчийн Санхүүгийн түрээсийн гэрээг хүчин төгөлдөр бусд тооцуулах шаардлага нь эрх зүйн үндэслэлгүй.

Нэхэмжлэгч санхүүгийн түрээсийн гэрээг хугацаанаас нь өмнө дуусгавар болгох бүрэн боломжтой. Өөрөөр хэлбэл, нэхэмжлэгч нь түрээсийн төлбөрийн үлдэгдлийг бүрэн төлснөөр гэрээг хугацаанаас өмнө дуусгавар болгох эрх нь нээлттэй, нэхэмжлэгчийн энэхүү эрхийг хязгаарласан зохицуулалт гэрээнд байхгүй. Нөгөө талаас, Иргэний хуулийн 232 дугаар зүйлийн 232.7 дахь хэсэгт Үүрэг гүйцэтгэгч үүргээ хугацаанд нь биелүүлээгүй тохиолдолд анз төлөхөөр гэрээнд заагаагүй бол үүрэг гүйцэтгүүлэгч анз шаардах эрхгүй гэж зохицуулсны дагуу нэхэмжлэгч нь түрээсийн төлбөрийг хугацаанаас нь өмнө бүрэн төлснөөр аливаа анз төлөх зохицуулалт санхүүгийн түрээсийн гэрээнд байхгүй тул мөн л үүргээ хугацаанаас нь өмнө бүрэн гүйцэтгэснээр гэрээг хугацаанаас дуусгавар болгох боломжтой. Иргэний хуулийн 201 дүгээр зүйлийн 201.1 дэх хэсгийн энэхүү зохицуулалтыг гэрээний стандарт нөхцөлийг илэрхийлсэн үг хэллэгийн утга санаа ойлгомжгүй тохиолдолд хэрэглэдэг бөгөөд талуудын байгуулсан санхүүгийн түрээсийн гэрээнд ойлгомжгүй, хоёрдмол болоод салаа утгатай үг хэллэг байхгүй, нэхэмжлэлд ч энэ тухайгаа дурдсангүй. Хэрэгт авагдсан баримт болох нэхэмжлэгч манай компанид хандан гаргасан 2016 оны 5 дугаар сарын 31-ний өдрийн хүсэлтээр талууд Санхүүгийн түрээсийн гэрээг түрээслүүлэгч буюу Х Л - ХХК-ийн санаачилгаар цуцалсан болохыг хүлээн зөвшөөрч, энэ талаар маргаагүй. Нэхэмжлэгч нь уг саналыг хүлээн авахдаа гэрээ байгуулах нөхцлийг 2016 оны 6 дугаар сарын 10-ны өдрийн дотор гүйцэтгэхээр хугацаа заасан бөгөөд үүнийг Иргэний хуулийн 195 дугаар зүйлийн 195.5 дахь хэсгийн зохицуулалтын үүднээс авч үзвэл манай компани энэ хугацаанд гэрээ байгуулах саналаасаа татгалзаагүй. Түрээсийн зүйлийг түр буцаан авах өдөр буюу 2016 оны 3 дугаар сарын 28-ны өдрийн байдлаар төлбөрийн үлдэгдэл 113.355.367 төгрөг байсан. Нэгэнт манай компани дээрх байдлаар гэрээ байгуулах саналаасаа татгалзах эрхгүй байх хугацаа дууссан учир талуудын хооронд байгуулсан Санхүүгийн түрээсийн гэрээний 6.5-д заасны дагуу түрээсийн зүйл болох автомашиныг бусдад худалдан борлуулах эрх үүссэн. Энэ талаар ч бидний зүгээс нэхэмжлэгчид хүргүүлсэн 2016 оны 5 дугаар сарын 31-ний өдрийн 460 дугаартай албан бичигт тодорхой дурдсан. Манай компани 2016 оны 6 дугаар сарын 20-ны өдөр буюу гэрээ байгуулах саналаас татгалзах эрхгүй байх хугацаа дууссанаас хойш 10 хоногийн дараа АТЦИНМ ХХК-тай Санхүүгийн түрээсийн гэрээ байгуулж маргааны зүйл болох автомашиныг 112.600.000 төгрөгөөр тооцон уг компанийн ашиглалтад шилжүүлэн АТЦИНМ ХХК нь гэрээгээр хүлээсэн үүргээ гүйцэтгэн 2016 оны 6 дугаар сарын 21-ний өдөр 112.600.067 төгрөгийг төлсөн тул гэрээний 2.4-т заасны дагуу автомашины өмчлөх эрхийг шилжүүлж манай компани 755.300 төгрөгийн алдагдал хүлээсэн. Дээрх байдлаас харвал нэхэмжлэгч гэрээний дагуу төлсөн төлбөрийг буцаан шаардах эрхгүй, санхүүгийн түрээсийн гэрээг хүчин төгөлдөр бусд тооцох эрх зүйн үндэслэлгүй, нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрөх боломжгүй байх тул нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.

Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 10 дугаар сарын 09-ний өдрийн 182/ШШ2017/01885 дугаар шийдвэрээр Иргэний хуулийн 313 дугаар зүйлийн 313.2, 313.3 дахь хэсэгт заасны дагуу талуудын хооронд байгуулсан Санхүүгийн түрээсийн гэрээг хүчин төгөлдөр бус гэж үзэж, мөн хуулийн 56 дугаар зүйлийн 56.5 дахь хэсэгт заасны дагуу хариуцагч Х Л - ХХК-иас 83.322.953 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгч Б.Уранчимэгт олгож, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 60 дугаар зүйлийн 60.1, 56 дугаар зүйлийн 56.1 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгчээ улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 1.432.752 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагчаас 574 565 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгчид олгож, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 118 дугаар зүйлийн 118.5 дахь хэсэгт заасны дагуу шийдвэрийг сайн дураар биелүүлээгүй тохиолдолд Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуульд заасан арга, журмын дагуу шийдвэрийг албадан гүйцэтгэх ажиллагаа явуулахыг Шүүхийн шийдвэр гүйцэтгэх байгууллагад зөвшөөрч шийдвэрлэжээ.

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2017 оны 12 дугаар сарын 25-ны өдрийн 28 дугаар магадлалаар Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 10 дугаар сарын 09-ний өдрийн 182/ШШ2017/01885 дугаар шийдвэрийн тогтоох хэсгийн 1 дэх заалтыг Иргэний хуулийн 56 дугаар зүйлийн 56.5, 492 дугаар зүйлийн 492.1.1, 493 дугаар зүйлийн 493.1, 493.2 дахь хэсэгт зааснаар хариуцагч Х Л - ХХК-иас 45.977.953 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч Д.У -т олгож, үлдэх 37.345.000 төгрөгийн нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгосугай... гэж, шийдвэрийн тогтоох хэсгийн 2-т ...хариуцагчаас 574.565 төгрөгийг гаргуулан... гэснийг ...хариуцагчаас 387.839.77 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгчид олгосугай гэж тус тус өөрчлөн, шийдвэрийн бусад хэсгийг хэвээр үлдээж, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 59 дүгээр зүйлийн 59.3 дахь хэсэгт зааснаар хэсэгт зааснаар давж заалдах шатны шүүхэд гомдол гаргахдаа хариуцагчаас төлсөн улсын тэмдэгтийн хураамж 574.565 төгрөгийг шүүгчийн захирамжаар буцаан олгож шийдвэрлэсэн байна.

Нэхэмжлэгч Д.У - хяналтын журмаар гаргасан гомдолдоо: …Давж заалдах шатны шүүх хуулийг зөвхөн хариуцагчид ашигтайгаар тайлбарлан хэрэглэж шаардлага гаргаагүй асуудлыг өөрийн сонирхлоор шийдвэрлэснээр шүүх хөдлөнгийн байр сууринаас хэргийг хянан шийдвэрлэх болон мэтгэлцэх, тэгш эрхийн зарчмыг зөрчсөн. Давж заалдах шатны шүүх “Нэхэмжлэгч нь хариуцагчид дээрх хүчин төгөлдөр бус гэрээний дагуу 84.362.069 түрээсийн урьдчилгаа төлбөр төлснөө буцаан шаардах эрхтэй боловч хариуцагчийн өмчлөлийн шинэ автомашиныг буцаан өгөх, уг эд зүйлийг 11 сарын хугацаанд эзэмшиж, ашигласантай холбоотойгоор Иргэний хуулийн 493 дугаар зүйлийн 493.1, 493.6 дахь хэсэгт зааснаар уг автомашинд болон уг хөрөнгөөс олох ёстой байсан орлого үр шимийг төлөх үүрэг мөн үүснэ” гэж дүгнэсэн. Иргэний хуулийн 493 дугаар зүйлд заасан хуулийн зохицуулалтыг харахад буцаан шаардах шаардлагыг зохицуулж өгсөн байх бөгөөд хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд оролцогч этгээд нь аливаа шаардлага гаргах замаар буцаан шаардах шаардлагаа хэрэгжүүлэх боломжтой юм. Гэтэл хариуцагчийн зүгээс автомашиныг ашигласан, эзэмшсэн хугацааны төлбөрийг нэхэмжилдэггүй, үүнийг суутгах ёстой, авах ёстой гэсэн шаардлага, тэр тусмаа тайлбар ч гаргаагүй, нэхэмжлэгчээс шилжүүлсэн мөнгийг бүгдийг нь хохиролд тооцсон гэж маргаж байхад давж заалдах шатны шүүх өөрөө дур мэдэн автомашиныг эзэмшсэн, ашигласан хугацааны зардалд 37.345.000 төгрөгийг тооцон хасаж шийдвэрлэсэн нь хуулийг ноцтойгоор зөрчиж байна. Өөрөөр хэлбэл, хариуцагчийн зүгээс шаардлага гаргаагүй тул зохигчид энэ талаарх холбогдох нотлох баримтыг гарган өгөөгүй, энэ талаар мэтгэлцээгүй байхад нэхэмжлэлийн шаардлагад хамааралгүй асуудлыг шийдвэрлэсэн гэж үзэж байна. Анхан шатны шүүх нь автомашин ашигласан, эзэмшсэн хугацааны хариуцагч сөрөг нэхэмжлэл, шаардлага гаргаагүй талаар дүгнэсэн нь үндэслэл бүхий болсныг давж заалдах шатны шүүх анхаарч үзсэнгүйд гомдолтой байна. Мөн магадлалд “Талуудын хоорондын хэлцлээс үзэхэд сар бүр 3.395.000 төгрөгийг 60 сарын хугацаанд тогтмол төлснөөр автомашины үнэ төлөгдөж дуусахаар заасан байгаа нь уг хэмжээгээр нийт 37.345.000 төгрөгийг автомашиныг 11 сарын хугацаанд ашигласны төлбөрийг хариуцагч нь нэхэмжлэгчид буцаан төлөх төлбөрөөс суутгуулан үлдэх хэсгийг шаардах эрхтэй” гэсэн байдаг. Шүүхийн энэхүү дүгнэлт нь автомашиныг ашигласан тооцооллыг гаргахдаа бодит нөхцөл байдал, баримт дээр үндэслээгүй, хийсвэрлэн тооцож гаргасан болохыг харуулж байна. Өөрөөр хэлбэл, автомашин ашиглалтын зардлыг шүүх тогтоохгүй, мэргэжлийн байгууллагууд, холбогдох зах зээллийн үнэлгээнүүд тогтоох ёстой байтал хүчин төгөлдөр бус гэрээнд тусгагдсан үнэлгээг тооцон хийсвэрээр бодит зардлыг тооцсон нь үндэслэлгүй. Иймд Нийслэлийн иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2017 оны 12 дгаар сарын 25-ны өдрийн 28 тоот магадлалаар 37.345.000 төгрөгийн нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгон шийдвэрлэсэн хэсгийг хүлээн зөвшөөрөхгүй байгаа тул магадлалд өөрчлөлт оруулж, анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээж өгнө үү гэжээ.

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Д.Т хяналтын журмаар гаргасан гомдолдоо: ...Давж заалдах шатны шүүхээс талуудын хооронд санхүүгийн түрээсийн харилцаа үүссэн, гэрээний үүргийн зөрчилтэй холбоотойгоор гэрээг цуцалсан үйл баримтын талаар талууд маргаагүй байна гэж анхан шатны шүүхийн алдааг залруулсан хэдий ч талуудын хооронд байгуулсан санхүүгийн түрээсийн гэрээ нь хүчин төгөлдөр бус гэж үзсэнийг хүлээн зөвшөөрөх боломжгүй юм. Учир нь давж заалдах шатны шүүх хэрэгт авагдсан санхүүгийн түрээсийн гэрээг хэрэгт ач холбогдолтой талаас нь авч үзээгүй. Санхүүгийн түрээсийн гэрээг Иргэний хуулийн 313 дугаар зүйлийн 313.2 дахь хэсгийн зохицуулалтын үүднээс авч үзвэл гэрээний 1.5-д гэрээний нийт үнийг, гэрээний хавсралт 1-д /х.х 206/ түрээсийн төлбөр, хугацааг, гэрээний 3-т төлбөр төлөх журам, гэрээний 6.5-д гэрээ хугацаанаас өмнө дуусгавар болох тохиолдолд гэрээний үнийг төлж дуусах журмыг тус тус заасан нь гэрээ хүчин төгөлдөр болох нь тогтоогдоно. Нөгөө талаас, магадлалд “гэрээний үүргийн зөрчилтэй холбоотойгоор гэрээг цуцалсан үйл баримтын талаар талууд маргаагүй байна" гэж дүгнэсэн нь гэрээ хүчин төгөлдөр байсан, түүнийг түрээслүүлэгчийн санаачилгаар цуцалсныг нэхэмжлэгч хүлээн зөвшөөрсөн болох нь тодорхой харагдаж байна. Нэгэнт нэхэмжлэгч гэрээний үүргээ зөрчсөнтэй холбоотойгоор хариуцагчийн санаачилгаар гэрээг цуцалсан тул Иргэний хуулийн 315 дугаар зүйлийн зохицуулалт буюу түрээслүүлэгчийн шаардлагын хэмжээг тодорхойлно. Энэ тохиолдолд талуудын тохиролцоо нь гэрээний 6.5-д заасны дагуу гэрээг түрээслүүлэгчийн санаачилгаар цуцалсан тохиолдолд түрээсийн зүйлийг шүүхийн бус журмаар, үл маргах байдлаар худалдан борлуулж гэрээний үнийг буюу хохирлыг төлөхөөр тохиролцсон. Хэргийн 20 дахь талд авагдсан 2016 оны 4 дүгээр сарын 07-ны өдрийн шаардах хуудсаар нэхэмжлэгчид гэрээний үүргийн зөрчлийг арилгах, арилгаагүй тохиолдолд түрээсийн зүйлийг түр буцаан авах тухай мэдэгдсэн байдаг. Гэсэн хэдий ч нэхэмжлэгч нь гэрээний үүргийн зөрчлөө арилгаагүй тул 2016 оны 4 дүгээр сарын 29-ний өдөр Санхүүгийн түрээсийн тухай хуулийн 16 дугаар сарын 16.1 дэх хэсэгт заасны дагуу Иргэний хуулийн 294 дүгээр зүйл, гэрээний 6.5-д заасны дагуу гэрээг цуцалсан ба үүнтэй зохигчийн хэн аль нь маргаагүй талаар магадлалд зөв дүгнэсэн ч гэрээг хүчин төгөлдөр бус гэж үзэж Иргэний хуулийн 492, 493 дугаар зүйлийн зохицуулаптыг буюу хэрэглэх ёсгүй зохицуулалтыг хэрэглэж анхан шатны шүүхийн шийдвэрт өөрчлөлт оруулсан. Хэдийгээр хэргийг нэхэмжлэлийн шаардлагын хэмжээнд шийдвэрлэх нь зүйн хэрэг боловч хариуцагчийн тайлбар, татгалзал болж буй нөхцөл байдлыг хэрэгт авагдсан баримтын хүрээнд тогтоох шаардлагатай юм. Тодруулж хэлбэл, талууд гэрээг хугацаанаас нь өмнө дуусгавар болгох тохиолдолд үр дагаврыг хэрхэн зохицуулахаар гэрээгээр тохирсон гэдгийг тодорхойлох зайлшгүй шаардлагатай байжээ. Гэрээг цуцлах гэдэг нь нэгэнт үүссэн харилцаа нэг тапын санаачлагаар дуусгавар болохыг ойлгодог бөгөөд энэ тохиолдолд гэрээ цуцалснаас үүссэн хохирлыг үүрэг гүйцэтгүүлэгч шаардах эрхтэй байдаг. Тийм ч учраас энэ тохиолдолд үндэслэлгүйгээр хөрөнгөжих зохицуулапт хэрэглэгдэхгүй. Харин гэрээ цуцалснаас үүрэг гүйцэтгүүлэгчид учирсан хохирлыг тодорхойлох шаардлагатай бөгөөд үүнийг Иргэний хуулийн зохицуулаптын үүднээс авч үзэж маргааныг шийдвэрлэх ёстой гэж үзэж байна. Анхан болон давж заалдах шатны шүүх дээрх байдлаар дүгнэлт хийгээгүйгээс шийдвэр, магадлал нь хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх шаардлагыг хангаагүй тул гомдлыг хангаж, шийдвэр, магадлалыг хүчингүй болгож, хэргийг дахин хянан шийдвэрлүүлэхээр буцааж өгнө үү гэжээ.

                                                                      ХЯНАВАЛ:

Д.У -, Х Л - ХХК-д холбогдуулж санхүүгийн түрээсийн гэрээг хүчин төгөлдөр бус болохыг тогтоолгож, гэрээний дагуу төлсөн урьдчилгаа төлбөр 51.300.000 төгрөг, түрээсийн төлбөр 8.404.470 төгрөг, хүүгийн төлбөр 23.618.483 төгрөг, нийт 83.322.953 төгрөгийг гаргуулах нэхэмжлэл гаргасныг хариуцагч эс зөвшөөрч гэрээ хуульд заасан нөхцлийг бүрэн тусгасан, Д.У - гэрээний үүргээ зөрчснөөс гэрээг цуцалсан, төлсөн төлбөр хохиролд тооцогдсон гэж маргажээ.

Анхан шатны шүүх нэхэмжлэлийг бүхэлд нь хангаж шийдвэрлэсэн, давж заалдах шатны шүүх  нэхэмжлэлийн зарим хэсгийг хангаж, шийдвэрт өөрчлөлт оруулжээ.

Хяналтын шатны шүүхээс нэхэмжлэгчийн гомдлын зарим хэсгийг хангаж, магадлалд өөрчлөлт оруулж, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гаргасан гомдлыг хангахгүй орхих нь зүйтэй гэж үзлээ.

Х Л - ХХК нь Д.У -ийн хүсэлтээр Мөнххада ХХК-с 171.000.000 төгрөгийн үнэтэй 77-87 УБЗ улсын дугаартай Toyoto Land Cruizer 200 маркийн автомашиныг  өөрийн хөрөнгөөр худалдан авч, улмаар 2015 оны 4 дүгээр сарын 13-ны өдөр Д.У -ийн эзэмшил, ашиглалтад шилжүүлж, Д.У - 5 жилийн туршид тогтмол хугацаанд түрээсийн зүйлийн үнэ, хүүд нийт 254.960.310 төгрөг төлөх үүрэг хүлээж талууд тохиролцсон нь Иргэний хуулийн 312 дугаар зүйлийн 312.1-д заасан санхүүгийн түрээсийн гэрээний агуулгатайг хоёр шатны шүүх зөв дүгнэсэн байна.

Иргэний хуулийн 313 дугаар зүйлд санхүүгийн түрээсийн гэрээг бичгээр байгуулах, гэрээнд гэрээний нийт үнэ, түрээсийн төлбөр, түүнийг төлөх журам, хугацаа, гэрээ хугацаанаас өмнө дуусгавар болох тохиолдолд гэрээний үнийг төлж дуусах журмыг заах, хэрэв энэхүү зүйлд заасан журмыг зөрчсөн буюу гэрээнд эдгээр нөхцлийг талууд тохиролцоогүй бол  гэрээ хүчин төгөлдөр бус гэж байхыг журамлажээ.

Талууд бичгийн хэлцэлдээ гэрээг хугацаанаас нь өмнө дуусгавар болох тохиолдолд гэрээний үнийг хэрхэн төлөхөөр тохиролцсон нь тогтоогдоогүй тул гэрээг хүчин төгөлдөр бус гэж үзсэн хоёр шатны шүүхийн дүгнэлт хууль зөрчөөгүй байна.

Хариуцагч талаас гэрээ дуусгавар болсноос үүсэх үр дагаварыг гэрээний 6.4, 6.5 дахь заалтаар зохицуулсан гэж тайлбарласан хэдий ч шүүх эдгээр нь хуульд заавал тусгах нөхцөл буюу гэрээ дуусгавар болоход гэрээний үнийг төлж дуусах журмын эрх зүйн зохицуулалт болж чадахгүйг Иргэний хуулийн 313 дугаар зүйлийн 313.2, 315 дугаар зүйлийн 315.1-д заасан хэм хэмжээний агуулгатай уялдуулан тайлбарласан нь хуулийн үндэслэлтэй болжээ.

Нэгэнт гэрээ хүчин төгөлдөр бус тул нэхэмжлэгч Иргэний хуулийн 492 дугаар зүйлийн 492.1.1-д зааснаар хариуцагчид шилжүүлсэн хөрөнгөө буцаан шаардах эрхтэй байна.

Д.У - автомашиныг Х Л - ХХК-с шилжүүлж авахдаа урьдчилгаанд 51.300.000 төгрөгийг төлсөн, 11 сарын хугацаанд эзэмшиж ашигласан, санхүүгийн түрээсийн төлбөр, хүүд 32.022.953 төгрөг төлсөн, хариуцагч 2016 оны 3 дугаар сарын 29-ний өдөр гэрээний зүйл болох автомашиныг хураан авсан үйл баримтын талаар зохигч маргаагүй байна.

Харин анхан шатны шүүх хүчин төгөлдөр бус хэлцлээс үүссэн үр дагаварыг шийдвэрлэхдээ нэхэмжлэгч Д.У - шинэ автомашиныг 11 сарын туршид ашигласантай холбоотой уг хөрөнгөөс олох байсан орлого, үр шимийг хариуцагчид төлөх үүрэг хүлээхийг, хариуцагч тайлбартаа, төлбөрийг хохиролд суутгана гэснийг анхаараагүй, хэрэглэвэл зохих Иргэний хуулийн 493 дугаар зүйлийн 439.1, 493.6-д заасныг хэрэглээгүй гэж үзсэн давж заалдах шатны шүүхийн дүгнэлт буруу биш байна.

Давж заалдах шатны шүүх дээрх дүгнэлт хийж, хариуцагчаас 37.345.000 төгрөг гаргуулахдаа зохигч сард түрээсийн төлбөрт 3.395.000 төгрөг төлөхөөр тохиролцсон байсныг автомашин нэхэмжлэгчийн эзэмшилд байсан 11 сарын хугацаагаар тооцжээ.

Нэхэмжлэгч Д.У - автомашины урьдчилгаанд 51.300.000 төгрөгийг төлснөөр Х Л - ХХК нь автомашиныг худалдан авахад 112.000.000 төгрөг зарцуулснаас гадна   тус компани автомашиныг нэхэмжлэгчээс хураан авч гуравдагч этгээдэд анхны үнээс хэт бага буюу 112.600.067 төгрөгөөр худалдсан буюу автомашины үнэ 11 сарын дараа 50 гаруй сая төгрөгөөр буурсан шалтгаан тодорхой бус байгааг давж заалдах шатны шүүх харгалзаагүй нь учир дутагдалтай болжээ.

Автомашиныг анх худалдан авсан үнэ 171.000.000 төгрөг, талуудын хооронд байгуулагдсан гэрээний хавсралтад 1 жилийн дараа автомашины үнэ 95 хувийн буюу 162.450.000 төгрөг гэж тодорхойлж байжээ.

Иймд хариуцагчид уг хөрөнгөөс олох байсан орлого, үр шимийг нэхэмжлэгчийн төлсөн түрээсийн төлбөр болон хүүд төлсөн нийт 32.022.953 төгрөгөөр тодорхойлж, нэхэмжлэгчийн урьдчилгаанд төлсөн 51.300.000 төгрөгийг буцаан олгох хууль зүйн үндэслэлтэй гэж шүүх бүрэлдэхүүн үзэж, энэ үндэслэлээр магадлалд өөрчлөлт оруулахаар шийдвэрлэв.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 176 дугаар зүйлийн 176.2.2-т заасныг удирдлага болгон ТОГТООХ НЬ:

1. Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2017 оны 12 дугаар сарын 25-ны өдрийн 28 дугаар магадлалын тогтоох хэсгийн 1 дэх заалтад “... 45.977.953 төгрөг...“ гэснийг “...51.300.000 төгрөг...” гэж, “...37.345.000 төгрөгийн...” гэснийг “...32.022.953 төгрөгийн ...” гэж, “...387.839.77 төгрөгийг...” гэснийг “...414.450 төгрөгийг...” гэж тус тус өөрчлөн, магадлалын бусад заалтыг хэвээр үлдээсүгэй.

2. Хяналтын журмаар гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид нэхэмжлэгчийн төлсөн 345.000 төгрөгийг шүүгчийн захирамж гарган буцаан олгож,  хариуцагч 574.656 төгрөг төлснийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.

 

                             ТАНХИМЫН ТЭРГҮҮН                                 Х.СОНИНБАЯР

                             ШҮҮГЧ                                                            Г.АЛТАНЧИМЭГ