Шүүх | Улсын дээд шүүх |
---|---|
Шүүгч | Пүрэвдоржийн Соёл-Эрдэнэ |
Хэргийн индекс | 128/2015/0670/з |
Дугаар | 201 |
Огноо | 2016-06-13 |
Маргааны төрөл | Ашигт малтмал, |
Улсын дээд шүүхийн Тогтоол
2016 оны 06 сарын 13 өдөр
Дугаар 201
“Аллянсголд титэм” ХХК-ийн
нэхэмжлэлтэй захиргааны хэргийн тухай
Монгол Улсын Дээд шүүхийн захиргааны хэргийн танхимын хяналтын шатны шүүх хуралдааныг Танхимын тэргүүн М.Батсуурь даргалж, шүүгч Л.Атарцэцэг, Х.Батсүрэн, Д.Мөнхтуяа, П.Соёл-Эрдэнэ нарын бүрэлдэхүүнтэй, нарийн бичгийн дарга Т.Өлзийтүвшин, нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч М.Баянзул, нэхэмжлэгчийн өмгөөлөгч Н.Анхбаяр, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч С.Дашдаржаа нарыг оролцуулан хийж, Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн 2016 оны 4 дүгээр сарын 28-ний өдрийн 267 дугаар магадлалыг эс зөвшөөрч хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн хяналтын журмаар гаргасан гомдлоор “Аллянсголд титэм” ХХК-ийн нэхэмжлэлтэй, Ашигт малтмалын газрын Кадастрын хэлтэст холбогдох захиргааны хэргийг шүүгч П.Соёл-Эрдэнийн илтгэснээр хянан хэлэлцэв.
Нэхэмжлэгч “Аллянсголд титэм” ХХК-ийн захирал Чана /Cha Na/ шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: Миний бие 2012 оноос “Аллянсголд” ХХК-ийн 11085Х, 11084Х дугаартай хайгуулын талбайд хөрөнгө оруулалт хийн хамтран ажиллаж эхэлсэн. Энэхүү хамтын ажиллагааны дагуу миний зүгээс шаардлагатай хөрөнгө оруулалтыг хийж байсан бөгөөд компанийн дотоод хайгуулын үйл ажиллагаанд оролцдоггүй байсан.
Гэтэл Л.Өнөрхуяг нь бидний оруулсан хөрөнгө оруулалтыг хэрхэн зарцуулсан нь тодорхойгүй, залилан мэхлэх гэмт хэргийн шинжтэй үйлдлүүдийг удаа дараа гаргаж байсан тул 2014 оны 9 сард Чингэлтэй дүүргийн Цагдаагийн хэлтэст гомдол гаргаж шалгуулсан. Цагдаагийн байгууллагаас шалгах явцад Л.Өнөрхуяг нь бидний хөрөнгө оруулалтын төлбөрт хайгуулын 11084Х, 11085Х дугаартай тусгай зөвшөөрлүүдийг шилжүүлэн өгье гэсэн. Бид нэгэнт хөрөнгө оруулалтаа буцаан авч чадахгүйд хүрсэн тул хөрөнгө оруулалт хийсэн дээрх дугаарт тусгай зөвшөөрлүүдийг шилжүүлэн авахаас өөр аргагүй байдалд хүрсэн. Иймд 2014 оны 10 дугаар сарын 21-ний өдөр “Аллянсголд” ХХК-ийн ерөнхий захирал Л.Өнөрхуяг, хувь эзэмшигч байсан Б.Чинбат нартай 2898 тоот “Эвлэрлийн гэрээ” байгуулан 11084Х, 11085Х дугаартай тусгай зөвшөөрлүүдийг шилжүүлэн авах болсон.
Улмаар 2014 оны 11 дүгээр сарын 28-ны өдрийн Ашигт малтмалын газрын Кадастрын хэлтсийн даргын 6-6473, 6-6474 тоот мэдэгдлийн дагуу бид 2014 оны 12 дугаар сарын 01-ний өдрөөс албан ёсоор 11084Х, 11085Х дугаартай хайгуулын тусгай зөвшөөрлүүдийг хүлээн аваад 2015 оны 1 дүгээр сарын 10-ны өдөр уг тусгай зөвшөөрлүүдийн хүчин төгөлдөр байх хугацаа нь дуусгавар болох гэж байгааг мэдэж энэ талаар Ашигт малтмалын газрын Кадастрын хэлтсээс асуухад тусгай зөвшөөрлийн хугацаа дуусгавар болж байгаа тохиолдолд шилжүүлэг хийдэггүй юм. Одоо нэгэнт шилжүүлэг хийгдсэн тул сунгуулах өргөдлөө Ашигт малтмалын тухай хуульд заасан хугацаанд бэлтгэн гарга гэсэн.
Иймд бидэнд Ашигт малтмалын тухай хуульд заасны дагуу тусгай зөвшөөрлүүдийн хугацаа дуусгавар болохоос нэг сарын өмнө хайгуулын тусгай зөвшөөрлийн хугацааг сунгуулах өргөдлийг гаргахад 2014 оны 12 дугаар сарын 01-ний өдрөөс 2014 оны 12 дугаар сарын 10-ны өдрийг хүртэл ажлын 8 хоногийн хугацаа байсан. Энэ хугацаанд бид өөрсдийн зүгээс боломжит бүхий л материалыг цуглуулан тусгай зөвшөөрөл хүссэн өргөдлөө Ашигт малтмалын газрын Кадастрын хэлтэст гаргасан.
Тухайлбал, Ашигт малтмалын газрын геологийн албаны 746, 747 тоот тодорхойлолтыг 2014 оны 12 дугаар сарын 05-ны өдөр авсан. Мөн Ашигт малтмалын газрын төрийн сангийн 90001803 тоот дансанд тусгай зөвшөөрөл сунгуулах үйлчилгээний хөлс болох 2 000 000 /хоёр сая/ төгрөгийг 2014 оны 12 дугаар сарын 09-ний өдөр тушаасан. Ингээд хуульд заасан хугацаанд тусгай зөвшөөрлүүдийн хугацааг сунгуулахыг хүссэн өргөдлөө Ашигт малтмалын газрын Кадастрын хэлтэст гаргахад байгаль орчныг хамгаалах төлөвлөгөө байхгүй тул хүлээн авахгүй. Харин байгаль орчныг хамгаалах төлөвлөгөөгөө батлуулаад ирвэл өргөдлийг хүлээн авна гэсэн тул Сэлэнгэ аймгийн Орхонтуул сумын Засаг дарга болон байгаль орчны байцаагчтай уулзаж, байгаль орчны төлөвлөгөө батлуулах гэтэл манайд 11084Х, 11085Х дугаартай тусгай зөвшөөрлийг танай компанид шилжүүлсэн тухай мэдээлэл ирээгүй, өмнөх эзэмшигч болох Л.Өнөрхуягийг уулзуул, манай сумын нутагт байрлах ашиглалтын талбайн нөхөн сэргээлтийн ажлыг хийж өгөөгүй ашиглалтын талбайд нөхөн сэргээлт хийсний дараа төлөвлөгөөг чинь баталж өгнө гэсэн шаардлагыг тавьсан.
Улмаар бид байгаль орчныг хамгаалах төлөвлөгөөтэй холбоотой асуудлыг шийдвэрлээд 2015 оны 7 дугаар сарын 06-нд дахин Ашигт малтмалын газрын Кадастрын хэлтэст 11084Х, 11085Х тусгай зөвшөөрлийн хугацааг сунгуулахаар хүсэлтээ илэрхийлсэн.
Манай компани нь Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 3.1-д заасны дагуу төрийн байгууллагаас үзүүлэх үйлчилгээний хөлсийг өргөдөл гаргах хуулийн хугацаанд буюу 2014 оны 12 дугаар сарын 09-ний өдөр төлөн, 11084Х, 11085Х дугаартай хайгуулын тусгай зөвшөөрлүүдийн эрх, үүргийг шинээр хүлээн авч үүргээ хэрэгжүүлэх хангалттай хугацаагүй нөхцөлд өөрсдийн зүгээс боломжит бүхий л материалаа цуглуулан тусгай зөвшөөрлийн хугацаа сунгуулах өргөдлөө гаргасан байтал Ашигт малтмалын газрын Кадастрын хэлтэс нь хүсэлтийг хүлээн авч хянан шийдвэрлэлгүй эрх, хууль ёсны ашиг сонирхлыг хөндсөн гэж үзэж байна. Иймд 11084Х, 11085Х дугаартай тусгай зөвшөөрлүүдийн хугацааг сунгах өргөдлийг хүлээн аваагүй эс үйлдэхүйг хууль бус болохыг тогтоож, хайгуулын тусгай зөвшөөрлүүдийн хугацааг сунгуулах өргөдлүүдийг хүлээн авч бүртгэн хуулийн дагуу шийдвэрлэж өгөхийг Ашигт малтмалын газрын Кадастрын хэлтэст даалгаж өгнө үү” гэжээ.
Хариуцагч Ашигт малтмалын газрын Кадастрын хэлтсийн дарга шүүхэд ирүүлсэн хариу тайлбартаа: “Аллянсголд” ХХК нь 2014 оны 11 дүгээр сарын 11-ний өдөр дээрх 2 тусгай зөвшөөрлийг Ашигт малтмалын тухай хуулийн 49 дүгээр зүйлийн 49.2 дахь хэсэгт заасны дагуу “Аллянсголд титэм” ХХК-д шилжүүлэх өргөдөл гаргасныг хүлээн авч хянан үзээд Кадастрын хэлтсийн даргын 2014 оны 11 дүгээр сарын 28-ны өдрийн 521 дүгээр шийдвэрээр тусгай зөвшөөрлүүдийг уг компанид шилжүүлсэн. Дээрх 521 дүгээр шийдвэрээр хайгуулын 11084Х, 11085Х дугаартай тусгай зөвшөөрлүүдийг “Аллянсголд титэм” ХХК-д шилжүүлсэн болон тусгай зөвшөөрөл эзэмшигч болсныг мөн өдрийн 6-6473 дугаар албан бичгээр мэдэгдсэн.
Дээрх тусгай зөвшөөрлүүдийн хүчин төгөлдөр хугацаа 2015 оны 01 дүгээр сарын 10-ны өдөр дуусгавар болох байсан бөгөөд тусгай зөвшөөрөл эзэмшигч Ашигт малтмалын тухай хуулийн 22 дугаар зүйлийн 22.1 дэх хэсэгт “Хайгуулын тусгай зөвшөөрлийн хугацаа дуусахаас нэг сарын өмнө түүнийг эзэмшигч нь хугацааг сунгуулах тухай өргөдлийг төрийн захиргааны байгууллагад гаргаж түүнд дараах баримт бичгийг хавсаргана.” гэж заасны дагуу тусгай зөвшөөрөл сунгах өргөдлийг гаргах ёстой байсан боловч гаргаагүй байна.
Нэхэмжлэгч нь хайгуулын тусгай зөвшөөрлүүдийн хугацааг сунгуулах өргөдлөө хугацаанд нь ирүүлээгүй шалтгаанаа Орхонтуул сумын Засаг дарга болон байгаль орчны байцаагч байгаль орчны төлөвлөгөөг батлахгүй удааширснаас болж хугацаандаа өргөдлөө өгч чадаагүй гэсэн байна.
Нэхэмжлэгч нь тусгай зөвшөөрлүүдийг шилжүүлэн авсан даруй Ашигт малтмалын тухай хуулийн 38 дугаар зүйлд заасан үүргийг биелүүлж ажиллах ёстой атлаа энэ үүргээ зохих ёсоор биелүүлээгүйгээс тусгай зөвшөөрлийн хугацаанд нь мөн хуулийн 22 дугаар зүйлийн 22.1 дэх хэсэгт заасан өргөдөл, түүнд хавсаргах материалыг бүрэн гүйцэд Кадастрын хэлтэст гаргаж өгөөгүй.
Ашигт малтмалын тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1 дэх хэсэгт зааснаар “Хайгуулын болон ашиглалтын тусгай зөвшөөрлийг Монгол Улсын хууль тогтоомжийн дагуу байгуулагдан үйл ажиллагаа явуулж байгаа, Монгол Улсад татвар төлөгч хуулийн этгээдэд олгоно.” гэж зааснаар тусгай зөвшөөрлийг эзэмшиж байгаа хуулийн этгээд Ашигт малтмалын хуульд заасан үүргийг биелүүлж ажиллах ёстой бөгөөд бусад этгээдийн буруутай ажиллагааны улмаас сунгах өргөдлөө гаргаж чадаагүй гэх шалтгааныг үндэслэн уг тусгай зөвшөөрлийг сунгахыг Кадастрын хэлтэст даалгах нь үндэслэлгүй байна.
Аж ахуйн нэгжийн тусгай зөвшөөрлийн тухай хуулийн 6 дугаар зүйлийн 6.4 дэх хэсэгт “Тусгай зөвшөөрлийн нөхцөл, шаардлагыг зөрчсөн тохиолдолд тусгай зөвшөөрлийн хугацааг сунгахгүй.” гэж заасны дагуу хайгуулын 11084Х, 11085Х дугаартай тусгай зөвшөөрлийн хугацааг сунгах үндэслэлгүй юм. Иймд нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.
Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2016 оны 1 дүгээр сарын 22-ны өдрийн 72 дугаар шийдвэрээр: Ашигт малтмалын тухай хуулийн 22 дугаар зүйлийн 22.1, 22.1.3, 37 дугаар зүйлийн 37.1, 40 дүгээр зүйлийн 40.1, 53 дугаар зүйлийн 53.1.1 дэх заалтад заасныг тус тус баримтлан нэхэмжлэгч “Аллянсголд титэм” ХХК-ийн гаргасан “Сэлэнгэ аймгийн Орхонтуул сумын нутаг дэвсгэрт орших “Өлзий-нуга” нэртэй 65.31 га талбайд XV-011085 дугаартай, “Өлзий нуга-1” нэртэй 314.13 га талбайд XV-011084 дугаартай хайгуулын тусгай зөвшөөрлүүдийн хугацааг сунгуулахаар гаргасан өргөдлийг хүлээж авч бүртгээгүй хариуцагчийн эс үйлдэхүйг хууль бус болохыг тогтоож, хайгуулын тусгай зөвшөөрлүүдийн хугацааг сунгуулах өргөдлүүдийг хүлээн авч бүртгэн хуулийн дагуу шийдвэрлэхийг хариуцагчид даалгах” тухай нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгожээ.
Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүх нэхэмжлэгчийн өмгөөлөгчийн гомдлыг үндэслэн хэргийг хянан хэлэлцээд 2016 оны 4 дүгээр сарын 28-ний өдрийн 267 дугаар магадлалаар: Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2016 оны 1 дүгээр сарын 22-ны өдрийн 72 дугаар шийдвэрийг хүчингүй болгож, Ашигт малтмалын тухай хуулийн 11 дүгээр зүйлийн 11.1.16, 22 дугаар зүйлийн 22.1, 22.2 дахь хэсэгт заасныг баримтлан нэхэмжлэгч “Аллянсголд титэм” ХХК-ийн нэхэмжлэлийн шаардлагыг хангаж, “Сэлэнгэ аймгийн Орхонтуул сумын нутаг дэвсгэрт орших “Өлзий-нуга” нэртэй 65.31 га талбайд ХV-011085 дугаартай, “Өлзий нуга-1” нэртэй 314.13 га талбайд ХV-011084 дугаартай хайгуулын тусгай зөвшөөрлүүдийн хугацааг сунгуулахаар гаргасан өргөдлийг хүлээж авч бүртгээгүй хариуцагчийн эс үйлдэхүйг хууль бус болохыг тогтоож, хайгуулын тусгай зөвшөөрлүүдийн хугацааг сунгуулах өргөдлүүдийг хүлээн авч бүртгэн хуулийн дагуу шийдвэрлэхийг хариуцагч Ашигт малтмалын газрын Кадастрын хэлтэст даалгаж шийдвэрлэжээ.
Хариуцагч Ашигт малтмалын газрын Кадастрын хэлтсийн дарга Н.Чинбаатар, Эрх зүйн хэлтсийн даргын үүргийг түр орлон гүйцэтгэгч С.Дашдаржаа нар хяналтын журмаар гаргасан гомдолдоо: 1. Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүх нэхэмжлэгч талын зөвхөн нэг үйл баримтыг хэт дөвийлгөн бусад үйл баримт, хэрэгт цугларсан нотлох баримтуудыг шинжлэн судалж дүгнэлгүйгээр анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож, нэхэмжлэлийн шаардлагыг хангасан, ашигт малтмалын хуулийг буруу тайлбарлан хэрэглэж, хэт нэг талыг барьсан хууль зүйн үндэслэлгүй магадлал гаргасан.
2. Шүүхийн магадлалд дурдсанчлан нэхэмжлэгч “Аллянсголд титэм” ХХК нь Ашигт малтмалын тухай хуулийн 22 дугаар зүйлийн 22.1.3 дахь заалтад “байгаль орчны менежментийн төлөвлөгөөг энэ хуулийн 40 дүгээр зүйлд заасны дагуу шинэчлэн батлуулсан баримт” гэж заасан шаардлага хангасан байгаль орчны менежментийн төлөвлөгөөг ирүүлээгүй байна. Гэтэл шүүх “Аллянсголд титэм” ХХК нь ашигт малтмалын хайгуулын 11084Х, 11085Х дугаартай тусгай зөвшөөрлүүдийг сунгуулах өргөдлийг 2014 оны 12 дугаар сарын 10-ны өдөр төрийн захиргааны байгууллагад өгөхдөө “байгаль орчныг хамгаалах төлөвлөгөө хавсарган өгсөн мэтээр дүгнэсэн нь хэт нэг талыг барьсан хууль зүйн үндэслэлгүй дүгнэлт болсон.
Ашигт малтмалын тухай хуулийн 22 дугаар зүйлийн 22.1 дэх хэсэгт заасны дагуу хайгуулын тусгай зөвшөөрлийн хугацаа дуусахаас нэг сарын өмнө түүнийг эзэмшигч “Аллянсголд титэм” ХХК нь төрийн захиргааны байгууллагад ашигт малтмалын хайгуулын 11084Х, 11085Х дугаартай тусгай зөвшөөрлүүдийн хугацааг сунгуулах өргөдлийг гаргах ёстой байсан боловч гаргаагүй, түүнд хавсаргах баримт бичиг дутуу, бүрдэл хангаагүй өргөдлийг хүлээн авч бүртгэх үүрэгтэй байсан мэтээр дүгнэсэн нь хууль зүйн үндэслэлгүй болсон.
Ашигт малтмалын тухай хуульд бүрдэл дутуу, хуулийн шаардлага хангаагүй өргөдлийг хүлээн авахыг үүрэг болгосон хуулийн зохицуулалт байхгүй. Ашигт малтмалын тухай хуулийн 22 дугаар зүйлийн 22.2 дахь хэсэгт заасан заалт нь төрийн захиргааны байгууллага тусгай зөвшөөрөл эзэмшигчийн Ашигт малтмалын тухай хуулийн 22 дугаар зүйлийн 22.1 дэх хэсэгт заасан шаардлага, иж бүрдлийг хангасан хайгуулын тусгай зөвшөөрлийн хугацаа сунгуулах өргөдлийг хүлээн авч бүртгэн мөн хуулийн 7.2, 31 дүгээр зүйлд заасан нөхцөл шаардлагыг хангасан эсэхийг хянах эрхийг олгосон.
Нийтийн эрх зүйн хүрээнд “хуулиар зөвшөөрснөөс бусдыг хориглоно” гэсэн нийтээр хүлээн зөвшөөрсөн зарчимд тулгуурласан зохицуулалтын арга хэлбэр үйлчилдэг. Энэ ч үүднээс Үндсэн хуулийн 70 дугаар зүйлийн 70.1 дэх хэсэгт "Үндсэн хуульд ... төрийн байгууллагын бусад шийдвэр ... бүрнээ нийцсэн байвал зохино" гэж заасан. Ашигт малтмалын тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1, 38 дугаар зүйлийн 38.1.3, 38.1.6-д зааснаар нэхэмжлэгч “Аллянсголд титэм” ХХК-ийн Ашигт малтмалын тухай хуульд заасан үүргээ биелүүлээгүй үйлдлийг Ашигт малтмалын газрын сунгалт хариуцсан мэргэжилтэн буруутай мэтээр дүгнэсэн нь хууль зүйн үндэслэлгүй болсон.
3. Ашигт малтмалын тухай хуулийн 11 дүгээр зүйлийн 11.1, 16 дахь заалт нь ашигт малтмалын хайгуулын тусгай зөвшөөрөл сунгах өргөдлийг шийдвэрлэхтэй холбоотой хуулийн зохицуулалт биш юм. Ашигт малтмалын хайгуулын тусгай зөвшөөрөл сунгах өргөдлийг шийдвэрлэхэд хамааралгүй хуулийн зохицуулалтыг хамааруулан хуулийг буруу хэрэглэж тайлбарласан нь хууль зүйн үндэслэлгүй болсон.
Ашигт малтмалын тухай хуульд ашигт малтмалын хайгуулын тусгай зөвшөөрөл сунгах харилцааг нарийвчлан зохицуулсан байхад Иргэдээс төрийн байгууллага, албан тушаалтанд гаргасан өргөдөл, гомдлыг шийдвэрлэх тухай хуулийн зарим зүйл заалтыг хэрэглэж дүгнэлт гаргасан нь хууль зүйн үндэслэлгүй болсон гэж үзэж байна.
Кадастрын хэлтсийн сунгах, барьцаалах, буцаах, нөхөн олгох асуудал хариуцсан мэргэжилтний ажлын байрны тодорхойлолтын Ажлын байрны гол үйл ажиллагааны 1-д "хайгуулын тусгай зөвшөөрлийн хугацаа сунгуулах өргөдлийг хүлээн авч, бүрдлийг шалган, кадастрын системд бүртгэх, холбогдох мэргэжилтнүүдэд хянуулахаар хүлээлгэн өгөх" үүрэгтэй гэж заасан.
Кадастрын хэлтсийн сунгах, барьцаалах, буцаах, нөхөн олгох асуудал хариуцсан мэргэжилтний ажлын байрны тодорхойлолтод тусгай зөвшөөрөл эзэмшигчээс ирүүлсэн өргөдлийн бүрдлийг шалган бүрэн болгуулан хүлээн авах үүрэгтэй болох нь тодорхой байхад хэт нэг талын барьсан дүгнэлт хийж анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгосон нь үндэслэлгүй болсон.
4. Давж заалдах шатны шүүх тусгай зөвшөөрөл эзэмшигчийн хуулийн шаардлага хангаагүй, бүрдэл дутуу сунгах өргөдлийн хүлээн авч бүртгэн бичгээр хариу өгөх ёстой мэтээр Ашигт малтмалын хуулийн 22 дугаар зүйлийн 22.2, 22.4-т заасныг буруу тайлбарлан хууль зүйн үндэслэлгүй дүгнэлт хийсэн.
Захиргааны хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 3 дугаар зүйлийн 3.1.6-т "эс үйлдэхүй" гэж иргэн, хуулийн этгээдээс эрх, хууль ёсны ашиг сонирхлоо хэрэгжүүлэх, хамгаалуулахаар гаргасан гомдлыг хянан шийдвэрлэх үүргээ захиргааны байгууллага, албан тушаалтнаас хуульд заасан хугацаанд биелүүлээгүй буюу шийдвэрлэхгүй орхигдуулсныг" ойлгохоор хуульчилсан.
Төрийн захиргааны байгууллагын Кадастрын хэлтсийн мэргэжилтэн нь Ашигт малтмалын тухай хуулийн 22 дугаар зүйлийн 22.1, 22.1.1, 22.1.2, 22.1.3, 22.1.4-д зааснаар “Аллянсголд титэм” ХХК-иас ирүүлсэн өргөдөлд хавсаргасан баримт бичиг нь дээрх хуулийн шаардлагад нийцээгүй тул сунгах өргөдөлд хавсаргах баримтыг бүрэн болгож ирэхийг зөвлөн буцааж шийдвэрлэсэн.
Ашигт малтмалын Кадастрын хэлтсийн мэргэжилтэн нь “Аллянсголд титэм” ХХК-иас ирүүлсэн өргөдлийг хуульд заасан хугацаанд биелүүлээгүй буюу шийдвэрлэхгүй орхигдуулсан үйлдэл гаргаагүй болох нь гэрчийн мэдүүлэг, хариуцагчийн тайлбараар нотлогдож байхад давж заалдах шатны шүүх "хариуцагчийн хууль бус эс үйлдэхүй" байна гэж дүгнэсэн нь хууль зүйн үндэслэлгүй болсон. Иймд давж заалдах шатны шүүхийн магадлалыг хүчингүй болгож, нэхэмжлэгчийн нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож, анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээж өгнө үү гэжээ.
ХЯНАВАЛ:
Анхан шатны шүүхээс хуулийг зөв тайлбарлан хэрэглэж, нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн байх тул нэхэмжлэлийг хангаж шийдвэрлэсэн давж заалдах шатны шүүхийн магадлалыг хүчингүй болгож, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн хяналтын гомдлыг хангаж шийдвэрлэлээ.
Нэхэмжлэгч “Аллянсголд титэм” ХХК нь Ашигт малтмалын газрын Кадастрын хэлтэст холбогдуулан ХV-011085, ХV-011084 дугаартай хайгуулын тусгай зөвшөөрлүүдийн хугацаа сунгуулах өргөдлийг хүлээн авч бүртгээгүй эс үйлдэхүй хууль бус болохыг тогтоолгох, өргөдлийг хүлээн авч бүртгэн, хуулийн дагуу шийдвэрлэхийг даалгах нэхэмжлэлийг шүүхэд гаргажээ.
Маргаан бүхий хайгуулын ХV-011085, ХV-011084 дугаартай тусгай зөвшөөрлүүдийн хугацаа 2015 оны 1 дүгээр сарын 10-ны өдөр дуусгавар болох байсан бөгөөд Ашигт малтмалын тухай хуулийн 22 дугаар зүйлийн 22.1, 22.1.3-т зааснаар хайгуулын тусгай зөвшөөрлийн хугацаа дуусахаас нэг сарын өмнө эзэмшигч нь хугацаа сунгуулах тухай өргөдлөө төрийн захиргааны байгууллагад гаргаж, түүнд байгаль орчны менежментийн төлөвлөгөөг шинэчлэн батлуулсан баримт зэргийг хавсаргахаар зохицуулжээ.
Нэхэмжлэгч хуулийн этгээд нь 2014 оны 12 дугаар сарын 10-ны өдөр батлагдсан маягтын дагуу тусгай зөвшөөрлийн хугацааг сунгуулах өргөдөл гаргасан байх боловч энэхүү өргөдөлд байгаль орчныг хамгаалах төлөвлөгөөг шинэчлэн батлуулсан баримтыг хавсаргаж өгөөгүй, зөвхөн Геологийн албаны тодорхойлолт, үйлчилгээний хөлс тушаасан баримтыг өргөдөлд хавсаргасан болох нь нэхэмжлэгч, хариуцагчийн тайлбар, өргөдлийн маягт зэрэг нотлох баримтаар тогтоогдож байна.
Эндээс нэхэмжлэгч хуулийн этгээд хуульд заасан шаардлагыг хангаагүй буюу өргөдөлд хавсаргах баримтыг бүрэн хавсаргаагүй, бүрдэл дутуу өргөдөл захиргааны байгууллагад гаргасан байх тул захиргааны байгууллагаас уг өргөдлийг хүлээн авч бүртгээгүй үйлдлийг хууль бус гэж үзэхгүй.
Тодруулбал, нэхэмжлэгчээс Ашигт малтмалын тухай хуулийн 22 дугаар зүйлийн 22.1-д заасан бүрдэл хангасан өргөдлийг гаргасны үндсэн дээр захиргааны байгууллагаар өргөдөл шийдвэрлүүлэх эрх нээгдэх болохоос төрийн захиргааны байгууллагад зөвхөн хугацаа сунгахыг хүссэн өргөдөл дангаар гаргах эрхгүй байна.
Мөн хуулийн 22 дугаар зүйлийн 22.2-т төрийн захиргааны байгууллага энэ хуулийн 22.1-д заасан өргөдлийг хүлээн авснаас хойш ажлын 10 өдөрт багтааж, Монгол Улсын хуулийн этгээд байх нөхцөл шаардлагыг хангаж байгаа эсэх, тусгай зөвшөөрлийн төлбөр, хайгуулын ажлын зардал гаргасан эсэхийг хянаж шалгахаар зохицуулжээ.
Хуулийн энэхүү заалтын агуулгаас үзэхэд захиргааны байгууллага өргөдөл, түүнд хавсаргасан баримтыг хүлээн авснаас хойш “тусгай зөвшөөрлийн төлбөр төлсөн байдал, хайгуулын ажлын зардал гаргасан эсэх, тусгай зөвшөөрөл эзэмшигчийн шаардлагыг хангаж байгаа эсэх” гэсэн нөхцөл байдлыг тодруулах, шалгах үүрэгтэй болохоос хавсаргах баримт бичиг дутуу өргөдлийг хүлээн авч, 10 хоногт багтааж нөхөн авах, баримт бичгийн бүрдлийг шалгах үүрэг хүлээгээгүй, энэ талаар анхан шатны шүүх зөв дүгнэлт хийж, нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгожээ.
Гэтэл давж заалдах шатны шүүхээс “өргөдлийг хүлээн авахгүй байх эрхийг хариуцагчид хуулиар олгоогүй, тухайн өргөдлийг хүлээн авсны дараа түүнд холбогдох баримт нь хуулийн шаардлага хангасан эсэхийг хянаж, сунгах эсэхээ шийдвэрлэх эрхтэй” гэж тайлбарласан нь буруу байна.
Төрийн захиргааны байгууллагад гаргасан өргөдөл болгоныг хүлээн авах зарчим төрийн албанд үйлчлэхгүй бөгөөд тодорхой төрлийн харилцаа, ялангуяа ашигт малтмал эрэх, хайх, байгаль орчныг хамгаалахтай холбогдсон харилцааг тусгайлсан хуулиар зохицуулж, өргөдөлд хавсаргах баримт бичгийг нарийвчлан заасан байгааг давж заалдах шатны шүүхээс анхаараагүй байна.
Нэхэмжлэгчээс хайгуулын тусгай зөвшөөрлийн хугацаа сунгуулах тухай өргөдөлд байгаль орчныг хамгаалах төлөвлөгөөг шинэчлэн батлуулсан тухай баримтыг хавсаргаагүй болохоо хүлээн зөвшөөрч, өөрөөс үл хамаарах шалтгаанаар буюу “тусгай зөвшөөрлийг шилжүүлэн авч, цаг хугацааны хувьд бодит боломжгүй, хүндэтгэх шалтгаантай байсан” гэж маргажээ.
Хайгуулын ХV-011085, ХV-011084 дугаартай тусгай зөвшөөрлүүдийг анх 2006 оны 1 дүгээр сарын 10-ны өдөр “Аллянсголд” ХХК-д олгож байсан бөгөөд Ашигт малтмалын газрын Кадастрын хэлтсийн 2014 оны 11 дүгээр сарын 28-ны өдрийн 520, 521 дүгээр шийдвэрээр нэхэмжлэгч “Аллянсголд титэм” ХХК-д шилжүүлжээ.
Нэхэмжлэгч “Аллянсголд титэм” ХХК нь 2014 оны 5 дугаар сарын 28-ны өдөр байгуулагдсан байх бөгөөд тусгай зөвшөөрлийг шилжүүлэн өгөгч “Аллянсголд” ХХК-ийн толгой компани болох нь улсын бүртгэлийн лавлагаа, компанийн дүрмээр тогтоогдож, нэгдмэл ашиг сонирхолтой хуулийн этгээдүүд байна.
Ашигт малтмалын тухай хуулийн 49 дүгээр зүйлийн 49.4.3-т зааснаар тусгай зөвшөөрлийг шилжүүлэн авч байгаа этгээд нь уг тусгай зөвшөөрлийг шилжүүлэн авснаар үүсэх эрх, үүргийг хүлээх ёстой бөгөөд нэхэмжлэгч хуулийн этгээд нь дээрх байдлаар хайгуулын тусгай зөвшөөрлийг шилжүүлэн авах үедээ өмнөх эзэмшигч байгаль орчныг хамгаалах төлөвлөгөөг шинэчлэн батлуулсан эсэх, тусгай зөвшөөрлийн хугацаа хэзээ дуусах, хугацааг сунгахад хуулиар ямар шаардлага шаардсан байгааг судалж мэдэх ёстой байжээ.
Нэхэмжлэгч нь хуулийн этгээд болохын хувьд үйл ажиллагаанаас бий болох үр дагаврыг өөрөө хариуцах, хууль мэдээгүй нь үүргээс чөлөөлөгдөх, улмаар захиргааны байгууллагыг буруутгах үндэслэл болохгүй.
Мөн “Байгаль орчныг хамгаалах төлөвлөгөөг сумын Засаг дарга баталж өгөөгүй тухай нотлох баримтыг шүүх үнэлж үзээгүй, Засаг дарга төлөвлөгөөг батлах чиг үүргээ хэрэгжүүлээгүй эс үйлдэхүй гаргасан байхад зөвхөн нэхэмжлэгчийг буруутгасан” гэх тайлбарын тухайд:
Ашигт малтмалын тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1-т зааснаар хайгуулын тусгай зөвшөөрлийн хугацааг сунгуулахдаа тусгай зөвшөөрөл эзэмшигч нь байгаль орчны менежментийн төлөвлөгөөг шинэчлэн боловсруулж, хайгуулын тусгай зөвшөөрлийн хугацаа дуусахаас өмнө сум дүүргийн Засаг даргад батлуулахаар хүргүүлэх байна.
Улмаар мөн хуулийн 40 дүгээр зүйлийн 40.3, 38 дугаар зүйлийн 38.1-т заасан ажиллагааг явуулж, байгаль орчныг хамгаалах төлөвлөгөөнд тусгагдсан арга хэмжээ бүрэн биелэгдсэн эсэх, байгаль орчныг нөхөн сэргээх ажлын үр дүн, тайланг хэлэлцсэний эцэст Засаг даргын зүгээс төлөвлөгөөг батлах байжээ.
Гэвч энэхүү маргааны үйл баримт өөр буюу Засаг даргын эс үйлдэхүйтэй холбогдуулан маргаагүй, нэхэмжлэгч хуульд заасан хугацаанаас өмнө байгаль орчны менежментийн төлөвлөгөөг шинэчлэн батлуулах үүргээ хэрэгжүүлээгүй болох нь дээр дурдсанаар тогтоогдсон тул дээрх тайлбар үндэслэлгүй.
Түүнчлэн нэхэмжлэгчээс “байгаль орчныг хамгаалах төлөвлөгөөг хавсаргаж өгсөн” гэж тайлбарласан боловч хэрэгт авагдсан 11084Х хайгуулын тусгай зөвшөөрөлт талбайд 2012-2015 онд хийх байгаль орчныг хамгаалах урьдчилсан төлөвлөгөө гэх баримт нь хэзээ үйлдэгдсэн нь тодорхойгүй, Сэлэнгэ аймгийн Орхонтуул сумын Засаг даргын 2015 оны 12 дугаар сарын 9-ний өдрийн 1/190 дүгээр албан бичгээр няцаагдаж байна.
Мөн “дээрх 2 хайгуулын тусгай зөвшөөрөлд 2012 оноос хөрөнгө оруулалт хийж, хамтран ажиллаж эхэлсэн, өмнөх эзэмшигчийн дотоод үйл ажиллагаанд оролцдоггүй байсан” гэж тайлбарлаж байгааг хүлээн авах үндэслэлгүй, хөрөнгө оруулалт, хохирлын асуудал нь энэхүү тусгай зөвшөөрөл сунгахтай холбоотой маргаанд шууд хамааралгүй, иргэний журмаар нэхэмжлэх эрхтэй, “үйлчилгээний хөлсөнд тушаасан 2 сая төгрөгийн” тухайд нэгэнт захиргааны байгууллагаас үйлчилгээ үзүүлээгүй, Татварын ерөнхий хуулийн 5 дугаар зүйлийн 5.6 дахь хэсэгт заасан төрийн байгууллагаас хувь хүн, хуулийн этгээдэд үйлчилгээ үзүүлсний төлөө тэднээс хураамж авах зарчимд нийцээгүй байх тул хариуцагчаас шаардах эрх нь нээлттэй болохыг дурдав.
Дээрх үндэслэлүүдээр анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээж, давж заалдах шатны шүүхийн магадлалыг хүчингүй болгож, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн хяналтын гомдлыг хангаж шийдвэрлэлээ.
Захиргааны хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 91 дүгээр зүйлийн 91.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 176 дугаар зүйлийн 176.2.3-д заасныг удирдлага болгон
ТОГТООХ нь:
1. Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн 2016 оны 4 дүгээр сарын 28-ний өдрийн 267 дугаар магадлалыг хүчингүй болгож, Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2016 оны 1 дүгээр сарын 22-ны өдрийн 72 дугаар шийдвэрийг хэвээр үлдээсүгэй.
2. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.3-т зааснаар хариуцагч тэмдэгтийн хураамж төлөөгүйг дурдсугай.
ТАНХИМЫН ТЭРГҮҮН М.БАТСУУРЬ
ШҮҮГЧ П.СОЁЛ-ЭРДЭНЭ