Шүүх | Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүх |
---|---|
Шүүгч | Баярсайханы Ундраа |
Хэргийн индекс | 101/2016/09000/И |
Дугаар | 101/ШШ2016/06680 |
Огноо | 2015-10-20 |
Маргааны төрөл | Ажилласан жил тогтоолгох, |
Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр
2015 оны 10 сарын 20 өдөр
Дугаар 101/ШШ2016/06680
2016 оны 11 сарын 17 өдөр | Дугаар 101/ШШ2016/06680 | Улаанбаатар хот |
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн иргэний хэргийн шүүх хуралдааныг шүүгч Б.Ундраа даргалж, тус шүүхийн танхимд хийсэн хуралдаанаар,
Хүсэлт гаргагч: Улаанбаатар хот, Баянзүрх дүүрэг, 5 дугаар хороо, Монел 21 дүгээр гудамж, 486а тоотод оршин суух, Боржгон овогт Сангаагийн Долгорсүрэн /регистрийн дугаар АЗ64072407/-ийн нэхэмжлэлтэй,
Ажиллаж байсан байдал тогтоолгох тухай хэргийг хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд: Хүсэлт гаргагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ц.Эрдэнэтуяа, шүүх хуралдааны нарийн бичгийн даргаар М.Золзаяа нар оролцов.
ТОДОРХОЙЛОХ нь:
Хүсэлт гаргагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ц.Эрдэнэтуяа шүүхэд гаргасан нэхэмжлэл болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: С.Долгорсүрэн нь 1979 оны 7 дугаар сарын 01-нд Архангай аймгийн Тариад сумын Ялалт нэгдлийн Цагааннуур бригадад саальчнаар орж, 1992 оны 6 дугаар сарын 30-нд нэгдэл тарж ажлаас гарсан. Одоо өндөр настны тэтгэвэрт орох гэхэд Архангай аймгийн Архив шүүлгэхэд ажилд орсон, гарсан тушаал олдоогүй. 1998 оны ээлжийн амралтын тушаал олдсон, хөдөлмөрийн дэвтэр бүрэн бичилттэй, 1979-1992 оны цалингийн баримт олдсон.
1979 онд нэгдлийн гишүүнд элссэн үнэмлэх байгаа тул С.Долгорсүрэнг хөдөлмөрийн дэвтэр, архивын баримт, цалингийн баримт, нэгдлийн гишүүний үнэмлэх зэргийг үндэслэн 1979 оны 7 дугаар сарын 01-ний өдрөөс 1992 оны 6 дугаар сарын 30-ны өдөр хүртэл Архангай аймгийн Тариат сумын Ялалт нэгдлийн Цагааннуур бригдад саальчнаар ажиллаж байсныг тогтоож өгнө үү гэв.
Шүүх хуралдаанаар хүсэлт гаргагчийн тайлбар болон хавтаст хэрэгт авагдсан бусад бичгийн нотлох баримтуудыг шинжлэн судлаад
ҮНДЭСЛЭХ нь:
Ажиллаж байсан байдлаа тогтоолгох тухай С.Долгорсүрэнгийн хүсэлтийн зарим хэсгийг хангах үндэслэлтэй гэж шүүх үзлээ.
Хэрэгт авагдаж, шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн С.Долгорсүрэнгийн хөдөлмөрийн дэвтэр, нэгдлийн гишүүний үнэмлэх зэргээс үзэхэд хүсэлт гаргагчийг 1979, 1980, 1991, 1992 онд ажиллаж байсан байдлыг тогтоох боломжгүй байна.
Хэдийгээр, Архангай аймгийн Тариат сумын Засаг даргын Тамгын газрын Архивын 2016 оны 11 дүгээр сарын 1-ний өдрийн 3/171 дугаартай лавлагаагаар Сангаа овогтой Долгорсүрэн 1979, 1980 онд Архангай аймгийн Тариат сумын Цагааннуур бригадад саальчнаар ажиллаж цалин авч байсан гэх тодорхойлолт гаргасан байх боловч уг лавлагаа ямар нотлох баримтад үндэслэсэн эх үүсвэр тодорхойгүйгээс гадна хэрэгт авагдсан С.Долгорсүрэнгийн хөдөлмөрийн дэвтэр, нэгдлийн гишүүний үнэмлэхийг нээсэн он баллагдаж бүдгэрсэн, дэвтэр эзэмшигчийн овог нэр, сум, нэгдлийн нэр зэргийг давхарлаж бичжээ.
Харин хэрэгт авагдсан, С.Долгорсүрэнгийн хөдөлмөрийн дэвтэр, гэрч Д.Отгонбаяр, С.Батчулуун нарын мэдүүлгээс үзэхэд хүсэлт гаргагч С.Долгорсүрэн нь Архангай аймгийн Тариат сумын Ялалт нэгдэлд малчин, саальчнаар 1981 оны 01 дүгээр сарын 01-ний өдрөөс 1990 оны 12 дугаар сарыг дуустал хугацаанд ажиллаж байсан гэж үзэх үндэслэлтэй байна.
Монгол Улсын Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.1, 115.2.2, 116, 118, 133 дугаар зүйлийг 133.1.1-д заасныг тус тус удирдлага болгон
ТОГТООХ нь:
1. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 135 дугаар зүйлийн 135.2.6-д заасныг баримтлан, Боржгон овогт Сангаагийн Долгорсүрэн /регистрийн дугаар АЗ64072407/-г Архангай аймгийн Тариат сумын Ялалт нэгдэлд 1981 оны 01 дүгээр сарын 01-ний өдрөөс 1990 оны 12 дугаар сарыг дуустал хугацаанд малчин, саальчнаар ажиллаж байсан байдлыг тогтоож, хүсэлтээс 1979, 1980, 1991, 1992 онд С.Долгорсүрэн ажиллаж байсныг тогтоолгох хэсгийг хэрэгсэхгүй болгосугай.
2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2-т зааснаар С.Долгорсүрэнгийн улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 70,200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.
3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2-т зааснаар энэ шийдвэр танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд мөн хуулийн 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар зохигч, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч шийдвэрийг эс зөвшөөрвөл гардан авснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэйг дурдсугай.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Б.УНДРАА