Налайх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2020 оны 01 сарын 08 өдөр

Дугаар 09

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

******* дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Д.Чинзориг даргалж,

шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Улаанмуна,

улсын яллагч С.Цэрэндалай,

хохирогч О.Г,

шүүгдэгч А.У нарыг оролцуулан тус шүүхийн хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар:

 

*******, Багахангай дүүргийн прокурорын газрын хяналтын прокурор С.Цэрэндалайгийн Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн ******* овогт А.Ут холбогдох эрүүгийн 1907004420173 дугаартай хэргийг 2019 оны 12 дугаар сарын 12-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.

 

Шүүгдэгчийн биеийн байцаалт:

Монгол Улсын иргэн, *******-ны өдөр Улаанбаатар хот ******* дүүрэгт төрсөн, эрэгтэй, тусгай дунд боловсролтой, механик, жолооч мэргэжилтэй, *******-р ангид жолооч ажилтай, ам бүл 4, эхнэр 2 хүүхдийн хамт *******,******* тоотод оршин суудаг, урьд ял шийтгэлгүй, ******* овогт А.У, регистрийн дугаар **********.

 

            Холбогдсон хэргийн талаар: /яллах дүгнэлтэнд дурдсанаар/

Шүүгдэгч А.У нь архи согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ 2019 оны 10 дугаар сарын 03-ны шөнө 00 цагийн үед *******,******* тоот өөрийн гэртээ гэр бүлийн хүчирхийлэл үйлдэж эхнэр О.Гын нүүрэн тус газарт нь толгойгоороо мөргөж эрүүл мэндэд нь хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

            Шүүгдэгч А.У нь шүүхийн хэлэлцүүлэгт: “2019 оны 10 дугаар сарын 03-ны өдөр О.Г Судан улсад үүрэг гүйцэтгээд ирсэн. Өмнө нь бид хоёрт маргалдах зодолдох асуудал байгаагүй. Энэ үйлдэл нь архи болон хардалтаас гарсан гэж бодож байна. Би эхнэрээ зодсон гэм буруугаа хүлээн зөвшөөрч байна” гэв.

 

            Хохирогч О.Г нь шүүхийн хэлэлцүүлэгт: “2019 оны 10 дугаар сарын 03-ны өдөр нөхрийн найзууд гэрийн гадаа ирсэн байсан. Би дагуулаад гэртээ ороход хардах маягтай байсан. Тэгэхээр нь хоёулаа унтаж амрах уу гэхэд шанаа руу цохисон. Би эгчийг дуудаад ээжийг дуудчих гээд хэлэхэд цагдаа дуудсан байсан” гэв.

 

            Шүүхийн хэлэлцүүлэгт талуудын зүгээс дараах нотлох баримтыг шинжлэн судлав. Үүнд:

 

            Гэрч О.*******ийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...2019 оны 10 дугаар сарын 03-ны шөнө гэртээ унтаж байтал манай хаалгыг нүдээд байхаар нь очоод хаалгаа тайлтал манай ээж байсан. Тэгсэн дүүг чинь А.У зодчихлоо гэж хэлэхээр нь ээжийг дагуулаад хойшоо 1 дүгээр хороо руу явж байтал манай дүү О.Г Уурхайчдын 5 дугаар гудамжны үзүүрийн дэлгүүрийн сараалжин хашаан дотор хүүхдээ тэвэрчихсэн сууж байхаар нь дүүгээсээ яасан юу болсон гэж асуусан чинь “намайг А.У зодоод хамар руу мөргөсөн гэж байсан. Тэгээд дүүгээ аваа цаашаа гэрт нь орчихоод *******ын эмнэлэг орж үзүүлчихээд буцаагаад гэрт нь хүргэж өгсөн” гэсэн мэдүүлэг,

            /хх-ийн 17 дугаар хуудас/

 

            Гэрч Д.*******ийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...Би тэр өдөр гэртээ гал тогооныхоо өрөөнд сууж байтал манай охин О.Г гэнэт нөгөө өрөөнд ээжээ яанаа гээд уйлахаар нь нөгөө өрөөнд яваад ортол намайг А.У цохьчихлоо гэсэн. Тэгээд би охиныхоо нүүрийг хартал хамрынх нь зүүн талд байсан байх бага зэрэг хонхойсон байхаар нь гэрээсээ гарч яваа Буян-*******ын тэндээс такси бариад ******* дүүргийн 2 дугаар хороо 10 шард байх ******* охиныдоо очоод А.У дүүг чинь зодсон байна гэж хэлсэн” гэсэн мэдүүлэг

            /хх-ийн 18 дугаар хуудас/

 

            Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн шинжээчийн №08 шэ/531 дугаар:

            “1. О.Гын биед хамар ясны хугарал, хамрын нуруунд цус хуралт, зөөлөн эдийн няцрал гэмтэл тогтоогдлоо.

            2. Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн үйлчлэлээр үүсгэгдэнэ.

            3. Дээрх гэмтэл нь гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-т зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна.

            4. Цаашид хөдөлмөрийн ерөнхий чадварт нөлөөлөхгүй.

            5. Дээрх гэмтэл нь тогтоолд дурьдсан хэрэг болсон гэх цаг хугацаанд үүссэн байх боломжтой.” гэх дүгнэлт, /хх-ийн 23 дугаар хуудас/

 

            Захиргааны шийтгэл хүлээсэн эсэхийг шалгах хуудас,

            /хх-ийн 43 дугаар хуудас/

 

            Ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудас,

            /хх-ийн 44 дүгээр хуудас/

 

            *******ны засаг даргын тодорхойлолт,

            /хх-ийн 52 дугаар хуудас/

 

            А.Уын иргэний үнэмлэхийн лавлагаа,

            /хх-ийн 54 дүгээр хуудас/

 

            Гэрлэлтийн бүртгэлийн лавлагаа, /хх-ийн 59 дүгээр хуудас/ зэрэг бичгийн нотлох баримтуудыг шинжлэн судлав.

 

Шүүх хуралдаанд гэм буруугийн талаар улсын яллагч гаргасан дүгнэлтдээ

Шүүгдэгч А.У нь архи согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ 2019 оны 10 дугаар сарын 03-ны шөнө 00 цагийн үед *******,******* тоот өөрийн гэртээ гэр бүлийн хүчирхийлэл үйлдэж эхнэр О.Гын нүүрэн тус газарт нь толгойгоороо мөргөж эрүүл мэндэд нь хөнгөн хохирол учруулсан болох нь хавтаст хэрэгт цугларсан нотлох баримтууд болон гэм буруутай эсэхийг тогтоох шүүх хуралдааны хэлэлцүүлгээр нотлогдож байна. Иймд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан гэмт хэрэг үйлдсэн гэмт буруутайд тооцуулах” гэх дүгнэлт,

Өөрөө өөрийгөө өмгөөлж буй шүүгдэгчээс “Хэлэх зүйл байхгүй” гэх дүгнэлт, тайлбарыг тус тус гаргав.

Шүүхээс тогтоосон хэргийн нөхцөл байдал.

Прокуророос шүүхэд шилжүүлсэн эрүүгийн хэргийн хүрээнд, шүүгдэгч А.Ут холбогдсон хэрэгт гэм буруу, эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ Эрүүгийн хуулийн хууль ёсны, шударга ёсны, гэм буруугийн зарчмыг тус тус баримтлан шүүхийн хэлэлцүүлэгт тогтоогдсон үйл баримт, шинжлэн судалсан болон хэрэгт цугларсан дээрх нотлох баримтуудыг үндэслэн дүгнэхэд:

 

Гэм буруугийн талаар

Шүүгдэгч А.У нь архи согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ 2019 оны 10 дугаар сарын 02-ноос 3-ны шилжих шөнө 00 цагийн үед *******,******* тоот гэртээ гэр бүлийн хүчирхийлэл үйлдэж эхнэр О.Гын нүүрэн тус газарт нь толгойгоороо мөргөж эрүүл мэндэд нь хөнгөн хохирол учруулсанболох нь:

шүүгдэгч А.Уын шүүхийн хэлэлцүүлэг болон мөрдөн шалгах ажиллагаанд хэргээ хүлээж өгсөн “...миний гаргасан үйлдэл архи болон хардалтаас болсон гэж бодож байна. Би эхнэрээ зодсон гэм буруугаа хүлээн зөвшөөрч байна...” гэх, 

хохирогч О.Гын “2019 оны 10 дугаар сарын 03-ны өдөр нөхрийн найзууд гэрийн гадаа ирсэн байсан. Би дагуулаад гэртээ ороход хардах маягтай байсан. Тэгэхээр нь хоёулаа унтаж амрах уу гэхэд шанаа руу цохисон....” гэх,

гэрч О.*******ийн “2019 оны 10 дугаар сарын 03-ны шөнө гэртээ унтаж байтал манай хаалгыг нүдээд байхаар нь очоод хаалгаа тайлтал манай ээж байсан. Тэгсэн дүүг чинь А.У зодчихлоо гэж хэлэхээр нь ээжийг дагуулаад хойшоо 1 дүгээр хороо руу явж байтал манай дүү О.Г Уурхайчдын 5 дугаар гудамжны үзүүрийн дэлгүүрийн сараалжин хашаан дотор хүүхдээ тэвэрчихсэн сууж байхаар нь дүүгээсээ яасан юу болсон гэж асуусан чинь “намайг А.У зодоод хамар руу мөргөсөн гэж байсан...” гэх мэдүүлэг болон Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн шинжээчийн №08 шэ/531 дугаартай “...О.Гын биед хамар ясны хугарал, хамрын нуруунд цус хуралт, зөөлөн эдийн няцрал гэмтэл тогтоогдлоо... Дээрх гэмтэл нь гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-т зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна.” гэх дүгнэлт зэрэг хавтаст хэрэгт авагдсан нотлох баримтуудаар шүүгдэгч А.Уыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан гэр бүлийн хүчирхийлэл үйлдэж хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцох нь зүйтэй гэж шүүх үзэв.

 

Гэмт хэргийн улмаас учруулсан хохирол, хор уршгийн тухай.

Шүүгдэгч А.Уын үйлдсэн гэмт хэргийн улмаас хохирогч О.Гын бие махбодид хөнгөн хохирол учирсан боловч хохирогч “гомдол санал нэхэмжлэх зүйлгүй” гэсэн тул шүүгдэгчийг энэ тогтоолоор бусдад төлөх төлбөргүй гэж үзэв.

 

Эрүүгийн хариуцлага хүлээлгэх талаар

Улсын яллагчаас “А.Ут Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар 500 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 500.000 төгрөгөөр торгох ял оногдуулах саналтай байна” гэх,

Өөрөө өөрийгөө өмгөөлж буй шүүгдэгчээс “Надад хэлэх санал байхгүй” гэх дүгнэлт, тайлбарыг тус тус гаргав.

 

Шүүх шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ Эрүүгийн хуулийн хууль ёсны, шударга ёсны, гэм буруугийн зарчимыг баримтлан гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, гэмт хэрэг үйлдсэн хүний хувийн байдлыг тал бүрээс нь харгалзсан ба гэмт хэрэгт хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй болно.

 

Иймд А.Уыг хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, түүнд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар 500 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 500.000 төгрөгөөр торгох ял шийтгэх нь зүйтэй гэж шүүх үзэв. 

 

Бусад асуудлаар

          Энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан болон битүүмжлэгдсэн эд хөрөнгө үгүй, шүүгдэгч А.У нь цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй болохыг тус тус дурдах нь зүйтэй.

 

Монгол Улсын Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2 дугаар зүйлийн 1, 4, 36.6, 36.7, 36.8, 37.1 дүгээр зүйлүүдэд заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

            1. Шүүгдэгч ******* овогт А.Уыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан гэр бүлийн хүчирхийлэл үйлдэж хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч А.Уыг 500 нэгжтэй тэнцэх буюу 500.000 төгрөгөөр торгох ял шийтгэж, 90 хоногийн хугацаанд хэсэгчлэн төлүүлэхээр тогтоосугай.

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч А.Ут оногдуулсан торгох ялыг биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын 15 /арван тав/ нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг 1 /нэг/ хоногоор тооцож хорих ялаар солихыг мэдэгдсүгэй.

4. Шүүгдэгч А.У нь цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй, энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан болон битүүмжлэгдсэн зүйлгүй болохыг тус тус дурдсугай.

5. Шийтгэх тогтоолд давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрх бүхий этгээд шийтгэх тогтоолыг гардуулснаас хойш 14 хоногийн дотор давж заалдах гомдол, эсэргүүцлийг Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд гаргах эрхтэй болохыг дурдсугай.

6. Шийтгэх тогтоол нь танилцуулан сонсгосноор хүчинтэй болох ба давж заалдах гомдол, эсэргүүцэл гаргасан тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгч А.Ут урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                          Д.ЧИНЗОРИГ