| Шүүх | Налайх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Дүвчингийн Чинзориг |
| Хэргийн индекс | 108/2020/0010/Э |
| Дугаар | 10 |
| Огноо | 2020-01-09 |
| Зүйл хэсэг | 11.6.2., |
| Улсын яллагч | С.Цэрэндалай |
Налайх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол
2020 оны 01 сарын 09 өдөр
Дугаар 10
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Налайх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Д.Чинзориг даргалж,
шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Улаанмуна,
улсын яллагч С.Цэрэндалай,
шүүгдэгч Б.З нарыг оролцуулан тус шүүхийн хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар:
Налайх, Багахангай дүүргийн прокурорын газрын хяналтын прокурор С.Цэрэндалайгийн Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн ******* овогт Б.Зд холбогдох эрүүгийн 1907004180159 дугаартай хэргийг 2019 оны 11 дүгээр сарын 13-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.
Шүүгдэгчийн биеийн байцаалт:
Монгол Улсын иргэн, *******-ны өдөр Улаанбаатар хот Налайх дүүрэгт төрсөн, настай, эрэгтэй, яс үндэс халх, бүрэн бус дунд боловсролтой, мэргэжилгүй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл 4, эхнэр, 2 хүүхдийн хамт, *******,******* тоотод оршин суух хаягтай, ******* овогт Б.З, регистрийн дугаар **********
Холбогдсон хэргийн талаар: /яллах дүгнэлтэнд дурдсанаар/
Шүүгдэгч Б.З нь архи ууж согтуурсан үедээ 2019 оны 09 дүгээр сарын 30-наас 2019 оны 10 дугаар сарын 01-нд шилжих шөнө 01 цагийн орчимд *******,******* тоотод байрлах өөрийн гэртээ гэр бүлийн хүчирхийлэл үйлдэж, эхнэр Н.*******гийн нүүрэн тус газар гараараа цохиж эрүүл мэндэд нь хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ.
ТОДОРХОЙЛОХ нь:
Шүүгдэгч Б.З нь шүүхийн хэлэлцүүлэгт: “Би тэр өдөр нилээд орой согтуу орсон. Эхнэр намайг архи уулаа гээд үгэлсэн юм шиг байсан. Тэгээд цохисон. Би гэм буруугаа хүлээн зөвшөөрч байна” гэв.
Шүүхийн хэлэлцүүлэгт талуудын зүгээс дараах нотлох баримтыг шинжлэн судлав. Үүнд:
Хохирогч Н.*******гийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...2019 оны 09 дүгээр сарын 30-ны өдрөөс 2019 оны 10 дугаар сарын 01-нд шилжих шөнө 00 цаг өнгөрч байхад манай нөхөр ******* гэртээ үл таних согтуу 2 залуу дагуулж орж ирээд гэрт байсан хоолыг хувааж идчихээд нөгөө 2 залуу нь гарч явсан. ******* өөр хоол байна уу гэхэд байхгүй одоо унт гэсэн чинь чи яахаараа хоол хийгээгүй юм бэ гээд зүүн нүдний орчим цохиж хөхрүүлсэн. Тэгээд би гарч ээжийнх рүүгээ очсон. Маргааш өглөө нь *******ыг 1 дүгээр хорооны зам дагаад явж байхад нь би ээжтэйгээ цуг явж байгаад таарч цагдаад барьж өгсөн...” гэсэн мэдүүлэг,
/хх-ийн 7 дугаар хуудас/
Гэрч Л.*******ын мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...Миний охин ******* нь 2011 онд ******* гэх залуутай танилцаад улмаар нэг гэрт амьдарч хоёр хүүхэдтэй болсон. Одоо ******* нь миний охиныг байнга зодож, цохиж гэр бүлийн хүчирхийлэлд байлгадаг. Заримдаа шөнө орой гэрээсээ хөөгөөд гаргадаг ба шөнө Нисэхийн хорооноос манай охин явган нүцгэн хүртэл гүйгээд ирж байсан...” гэсэн мэдүүлэг,
/хх-ийн 13 дугаар хуудас/
Гэрч Х.*******гийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...Манайх хүү *******тай нэг хашаанд амьдардаг. Өвгөн бид хоёр урд байшинд, хүүгийнх хойд гэрт байдаг юм. Тэр орой би гэрт нь ороход хүү ******* жаахан халамцуу 2 хүн дагуулаад ирчихсэн гэртээ сууж байхаар нь би тэр хоёр залууг нь хөөгөөд гаргасан. Шөнө орой болсон хойно айл амьтан унтуулахгүй согтуу хөлчүү явлаа гэхэд тэр хоёр залуу гарч явсан. Түүний дараа хүү ******* эхнэртэйгээ маргаж муудсан сураг дуулдсан. Би тэгээд гараад гэртээ орчихсон болохоор мэдээгүй. Маргааш нь *******гийн нүд нь хөхөрчихсөн “*******тай шөнө муудалцсан чинь цохьчихлоо” гэж ярихаар нь мэдсэн” гэсэн мэдүүлэг,
/хх-ийн 18 дугаар хуудас/
Гэрч Ж.*******ын мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “Тэр орой хүү ******* гэртээ халамцуу 2 залуутай ирэхээр нь манай хөгшин ороод хөөж явууллаа гээд орж ирсэн. Түүний дараа би гэрт нь ороход хүү унтах гээд л байж байсан. Бэр ******* хүүг архи ууж ирлээ гээд үглээд ууртай байхаар нь би гарч гэртээ орж амарсан. Тэгтэл маргааш нь ******* орж ирээд ******* шөнө намайг цохьсон гээд нүд нь хөхөрчихсөн харагдсан. Хараагүй болохоор юу болсныг мэдэхгүй байна. Шөнө намайг гарсны дараа муудалцсан юм шиг байна лээ. Намайг ороход 2 хүүхэд нь унтчихсан байсан. Өөр мэдэх зүйлгүй” гэсэн мэдүүлэг,
/хх-ийн 21 дүгээр хуудас/
Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн шинжээчийн №08 шэ/509 дугаар:
“1. Н.*******гийн биед нүүрэнд цус хуралт, зөөлөн эдийн няцрал гэмтэл тогтоогдлоо.
2. Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн үйлчлэлээр үүсгэгдэнэ.
3. Дээрх гэмтэл нь гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-т зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна.
4. Цаашид хөдөлмөрийн ерөнхий чадварт нөлөөлөхгүй.
5. Дээрх гэмтэл нь тогтоолд дурьдсан хэрэг болсон гэх цаг хугацаанд үүссэн байх боломжтой.” гэх дүгнэлт, /хх-ийн 24 дүгээр хуудас/
Иргэний мэдээлэл, дэлгэрэнгүй лавлагаа,
/хх-ийн 38-39 дүгээр хуудас/
Ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудас,
/хх-ийн 40 дүгээр хуудас/
Аюулын зэргийн үнэлгээний маягт,
/хх-ийн 44 дүгээр хуудас/
Гэр бүлийн хүчирхийллийн нөхцөл байдлын үнэлгээний маягт,
/хх-ийн 50-58 дугаар хуудас/
Нийслэлийн *******ны тодорхойлолт,
/хх-ийн 67 дугаар хуудас/
Б.Зын Иргэний үнэмлэхийн лавлагаа /хх-ийн 71 дүгээр хуудас/ зэрэг бичгийн нотлох баримтуудыг шинжлэн судлав.
Шүүх хуралдаанд гэм буруугийн талаар улсын яллагч гаргасан дүгнэлтдээ
Шүүгдэгч Б.З нь “архи ууж согтуурсан үедээ 2019 оны 09 дүгээр сарын 30-наас 2019 оны 10 дугаар сарын 01-нд шилжих шөнө 01 цагийн орчимд *******,******* тоотод байрлах өөрийн гэртээ гэр бүлийн хүчирхийлэл үйлдэж, эхнэр Н.*******гийн нүүрэн тус газар гараараа цохиж эрүүл мэндэд нь хөнгөн хохирол учруулсан болох нь хохирогч Н.*******гийн мэдүүлэг, шүүгдэгч Б.Зын мөрдөн шалгах ажиллагааны явцад болон шүүхийн хэлэлцүүлгийн шатанд өгсөн мэдүүлэг, шинжээчийн дүгнэлт зэргээр тогтоогдож байна. Иймд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар гэм буруутайд тооцох саналтай байна” гэсэн дүгнэлт,
Өөрөө өөрийгөө өмгөөлж буй шүүгдэгчээс “Надад хэлэх зүйл байхгүй” гэх дүгнэлт, тайлбарыг тус тус гаргав.
Шүүхээс тогтоосон хэргийн нөхцөл байдал.
Прокуророос шүүхэд шилжүүлсэн эрүүгийн хэргийн хүрээнд, шүүгдэгч Б.Зд холбогдсон хэрэгт гэм буруу, эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ Эрүүгийн хуулийн хууль ёсны, шударга ёсны, гэм буруугийн зарчмыг тус тус баримтлан шүүхийн хэлэлцүүлэгт тогтоогдсон үйл баримт, шинжлэн судалсан болон хэрэгт цугларсан дээрх нотлох баримтуудыг үндэслэн дүгнэхэд:
Гэм буруугийн талаар
Шүүгдэгч Б.З нь 2019 оны 09 дүгээр сарын 30-наас 10 дугаар сарын 01-ны шилжих шөнө 01 цагийн орчим *******,******* тоот гэртээ гэр бүлийн хүчирхийлэл үйлдэж, эхнэр Н.*******гийн “хоол хийсэнгүй” гэх шалтгаанаар нүүрэн тус газар гараараа цохиж эрүүл мэндэд нь хөнгөн хохирол учруулсан болох нь:
шүүгдэгч Б.Зын шүүхийн хэлэлцүүлэг болон мөрдөн шалгах ажиллагаанд хэргээ хүлээж өгсөн “...Эхнэр намайг архи уулаа гээд үгэлсэн юм шиг байсан. Тэгээд цохисон. Би гэм буруугаа хүлээн зөвшөөрч байна...” гэх,
хохирогч Н.*******гийн “...******* өөр хоол байна уу гэхэд байхгүй одоо унт гэсэн чинь чи яахаараа хоол хийгээгүй юм бэ гээд зүүн нүдний орчим цохиж хөхрүүлсэн. Тэгээд би гарч ээжийнх рүүгээ очсон...” гэх,
гэрч Л.*******ын “...Миний охин ******* нь 2011 онд ******* гэх залуутай танилцаад улмаар нэг гэрт амьдарч хоёр хүүхэдтэй болсон. Одоо ******* нь миний охиныг байнга зодож, цохиж гэр бүлийн хүчирхийлэлд байлгадаг...” гэх,
гэрч Х.*******гийн “....Түүний дараа хүү ******* эхнэртэйгээ маргаж муудсан сураг дуулдсан. Би тэгээд гараад гэртээ орчихсон болохоор мэдээгүй. Маргааш нь *******гийн нүд нь хөхөрчихсөн “*******тай шөнө муудалцсан чинь цохьчихлоо” гэж ярихаар нь мэдсэн...” гэх мэдүүлэг,
Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн шинжээчийн №08 шэ/509 дугаартай “...Н.*******гийн биед нүүрэнд цус хуралт, зөөлөн эдийн няцрал гэмтэл тогтоогдлоо...Дээрх гэмтэл нь гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-т зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна.” гэх дүгнэлт зэрэг хавтаст хэрэгт авагдсан нотлох баримтуудаар шүүгдэгч Б.Зыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан гэр бүлийн хүчирхийлэл үйлдэж хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцох нь зүйтэй гэж шүүх үзэв.
Гэмт хэргийн улмаас учруулсан хохирол, хор уршгийн тухай.
Шүүгдэгч Б.Зын үйлдсэн гэмт хэргийн улмаас хохирогч Н.*******гийн бие махбодид хөнгөн хохирол учруулсан боловч хохирогч “гомдол санал нэхэмжлэх зүйлгүй” гэсэн тул шүүгдэгчийг энэ тогтоолоор бусдад төлөх төлбөргүй гэж үзэв.
Эрүүгийн хариуцлага хүлээлгэх талаар
Улсын яллагчаас “Б.Зд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар 250 цаг нийтэд тустай ажил хийлгэх ял оногдуулах саналтай байна.” гэх,
Өөрөө өөрийгөө өмгөөлж буй шүүгдэгчээс “Надад хэлэх санал байхгүй” гэх дүгнэлт, тайлбарыг тус тус гаргав.
Шүүх хуралдаанаар шинжлэн судлагдаж, шүүхийн шийдвэрийн үндэслэл болгосон баримтуудыг үндэслэн шүүгдэгч Б.Зд эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ Эрүүгийн хуульд заасан шударга ёсны зарчмыг баримтлан, цээрлүүлэх, дахин гэмт хэрэг үйлдэхээс урьдчилан сэргийлэх зорилгоор Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “Энэ хуульд заасан гэмт хэрэг үйлдсэн нь шүүхээр тогтоогдсон гэм буруутай хүнд эрүүгийн хариуцлага хүлээлгэнэ”, мөн хуулийн 6.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “Шүүх гэмт хэрэг үйлдсэн хүнд энэ хуулийн ерөнхий ангид заасан үндэслэл, журмын дагуу тусгай ангид заасан төрөл, хэмжээний дотор эрүүгийн хариуцлага хүлээлгэнэ”, мөн хуулийн 6.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт “Эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, гэмт хэрэг үйлдсэн хүний хувийн байдал, эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдлыг тал бүрээс нь харгалзан үзнэ” гэж заасныг тус тус баримтлан шүүгдэгчийг анх удаа гэмт хэрэг үйлдсэн, шүүгдэгчийн хувийн байдал, үйлдсэн гэмт хэрэгтээ хандах хандлага, гэмт хэрэг үйлдэхэд нөлөөлсөн шалтгаан, нөхцөл зэргийг тус тус харгалзан “гэр бүлийн хүчирхийлэл үйлдэж хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан” үйлдэлд нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар 300 цаг нийтэд тустай ажил хийлгэх ялаар шийдвэрлэв.
Шүүгдэгчийн хувийн байдалд шүүхийн хэлэлцүүлэгт дурдсан нотлох баримтаар тогтоогдсон нөхцөл байдал, гэмт хэрэг үйлдсэнээ хүлээн зөвшөөрч, гэм буруугийн талаар маргахгүй байгаа байдал, учруулсан хохирлоо нөхөн төлсөн, хохирогчоос уучлалт гуйсан, үйлдсэн гэмт хэрэг, хохирол, хор уршигт хандаж буй хандлага, шүүх хуралдаанд мэдүүлэг өгөхдөө гэмшиж байгаа зэргийг харгалзан үзсэн болно.
Бусад асуудлаар
Энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан болон битүүмжлэгдсэн эд хөрөнгө үгүй, шүүгдэгч Б.З нь цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй болохыг тус тус дурдах нь зүйтэй.
Монгол Улсын Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2 дугаар зүйлийн 1, 4, 36.6, 36.7, 36.8, 37.1 дүгээр зүйлүүдэд заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:
1. Шүүгдэгч ******* овогт Б.Зыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан гэр бүлийн хүчирхийлэл үйлдэж хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.
2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Б.Зыг 300 цаг нийтэд тустай ажил хийлгэх ялаар шийтгэсүгэй.
3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.4 дүгээр зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Б.Зд оногдуулсан нийтэд тустай ажил хийлгэх ялыг биелүүлээгүй бол нийтэд тустай ажил хийлгэх ялын найман цагийн ажлыг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг мэдэгдсүгэй.
4. Шүүгдэгч Б.З нь цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй, энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан болон битүүмжлэгдсэн зүйлгүй болохыг тус тус дурдсугай.
5. Шийтгэх тогтоолд давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрх бүхий этгээд шийтгэх тогтоолыг гардуулснаас хойш 14 хоногийн дотор давж заалдах гомдол, эсэргүүцлийг Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд гаргах эрхтэй болохыг дурдсугай.
6. Шийтгэх тогтоол нь танилцуулан сонсгосноор хүчинтэй болох ба давж заалдах гомдол, эсэргүүцэл гаргасан тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Б.Зд урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Д.ЧИНЗОРИГ