Ховд аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол

2020 оны 03 сарын 16 өдөр

Дугаар 42

 

 

 

 

 

 

 

 

 

       

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

              Ховд аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн эрүүгийн хэргийн  шүүх хуралдааныг шүүгч Т.Цэцэгмаа даргалж, шүүх хуралдааны  нарийн бичгийн дарга Б.Гантуяа,  улсын яллагч Д.Дуламжав, шүүгдэгч Д.Э*******, түүний өмгөөлөгч Л.Оюунцэцэг нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй явуулсан  шүүх хуралдаанаар

Ховд аймгийн Прокурорын газрын хяналтын прокурор Э.Ууганзаяагаас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2.1–т зааснаар яллах дүгнэлт үйлдэж шүүхэд шилжүүлэн ирүүлсэн  шүүгдэгч ******* овогт Д*******гийн Э*******од  холбогдох эрүүгийн 1936003520007 дугаартай, 178/2020/0046/Э/ индекстэй хэргийг 2020 оны 02 сарын 13- ны өдөр хүлээн авч, 2020 оны 03 дугаар сарын 16-ны өдөр хянан хэлэлцэв.

                                  Шүүгдэгчийн   биеийн байцаалт:

 Монгол улсын иргэн, 1991 оны 03 сарын 21-ний өдөр Ховд аймгийн ******* суманд төрсөн, 29 настай, эрэгтэй, ард урианхай, бүрэн бус дунд боловсролтой, мэргэжилгүй, эрхэлсэн ажилгүй, ам бүл 2, эхийн хамт амьдрах, Ховд аймгийн Дуут сумын Босго багт оршин суух хаягтай, аминдаа хөрөнгөгүй,урьд 2015 оны 10 дугаар сарын 27-ны өдөр Ховд аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 108 дугаартай шийтгэх тогтоолоор 2002 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.2-т зааснаар 3 сар 1 хоногийн баривчлах ял, 2016 оны 11 сарын 21-ний өдөр Ховд аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 72 дугаартай шийтгэх тогтоолоор 2002 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 153 дугаар зүйлийн  153.1-д зааснаар 1 жил, 1 сарын хорих ялаар тус тус шийтгүүлж байсан гэх, ******* дугаарын регистртэй, ******* овогт Д*******гийн Э*******

              Холбогдсон хэргийн талаар яллах дүгнэлтэд тусгагдсанаар:

Шүүгдэгч Д.Э*******  нь 2019 оны 12 дугаар сарын 28-29-нд шилжих шөнө Ховд аймгийн Жаргалант сумын Алаг толгой багийн нутаг дэвсгэрт байрлан” Ягаан ном ХХК”- ний  үйл ажиллагаа явуулдаг “ Grown night club”-ийн цонхоор орж ipone 5 маркийн гар утас, Титэм 0.75 граммын архи 2 ширхэг, Хар чингис 0.75 граммын архи 1 ширхэг, Тайга 0.75 граммын архи 1 ширхэг, Охь 0.75 граммын архи 1 ширхэг, Mountan dew ундаа 2 ширхэгийг хулгайлж,  262100 төгрөгний хохирол учуруулсан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2.1-д заасан гэмт хэрэгт холбогджээ.   

Шүүхийн хэлэлцүүлэгт оролцогчдоос гаргасан мэдүүлэг, талуудын судалсан эд мөрийн баримтууд болон бичгийн нотлох баримтуудад үндэслэн Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.7 дугаар зүйлд зааснаар

                                          ТОДОРХОЙЛОХ нь:

              Нэг. Гэмт хэрэг үйлдсэн гэм буруутай эсэх талаар:

Шүүх хэргийн бодит байдлыг тогтоох зарчмын дагуу Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 1.7 дугаар зүйлийн 3-т зааснаар талуудын мэтгэлцээний үндсэн дээр  шүүхийн хэлэлцүүлэгээр дараахи нотлох баримтыг шинжлэн судлав.

Хэргийн газарт үзлэг хийсэн...Хэрэг учрал болсон гэх газар нь Ховд аймгийн Жаргалант сумын Алаг толгой багийн нутаг дэвсгэрт байрлах Титэм төвийн  подволд байрлаж үйл ажиллагаа явуулдаг “ Grown night club” караоке бааранд байх ба дотогш орж үзэхэд 110х57 хэмжээтэй цонхны доод талд түшлэгтэй хар сандал байх ба 5 –ийн тоогоор тэмдэглэн үзлэгийг үргэлжлүүлэхэд текний хэсэгт хулгайд алдагдсан архи байсан гэх хэсгийг 1-ийн тоогоор, гар утас байсан гэх доод хэсгийг 2-ын тоогоор, гал тогооны хэсгийг 3-н тоогоор тэмдэглэж, клубын зүүн хэсэгт байрлах 110х57 хэмжээтэй онгойсон байдалтай цонхыг 4-н тоогоор, гарах хаалгыг 6-н тоогоор тэмдэглэж,гэрэл зургаар бэхжүүлэв... гэх тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт / хэргийн 10-12-р хуудас/

Эд зүйл үнэлсэн тухай шинжээчийн... Титэм 0.75 граммын архи 1 ширхэг-20500 төгрөг,Хар Х архи 1 ширхэг-16500 төгрөг, Хар чингис 0.75 граммын архи 1 ширхэг-26500 төгрөг, Тайга 0.75 граммын архи 1 ширхэг-18500 төгрөг, Охь 0.75 граммын архи 1 ширхэг-12500 төгрөг, Mountan dew ундаа 2 ширхэг-3600 төгрөг, бүргэд хаалганы цоож 1 ширхэг-25000 төгрөг, модон хаалганы нууц цоож 1 ширхэг-15000 төгрөг, нийт 138100 төгрөг ... гэх дүгнэлт / хэргийн 22-р хуудас/

Эд мөрийн баримт хураан авч үзлэг хийсэн... Ховд аймгийн Жаргалант сумын Алаг толгой багт үйл ажиллагаа явуулдаг Титэм плаза ХХК-ний “ Grown night club” баарны 3,4,8,9 дугаартай камерийн 2019 оны 11 дүгээр сарын 28-ны өдрийн 23:55 цагаас 29-ний өдрийн 01 цаг 08 минут 28 секунтын  бичлэгийг DVD дискин дээр хуулбарла авав... гэх тэмдэглэл / хэргийн 27-р хуудас/

Гар утсанд үзлэг хийсэн... уг гар утас нь ipone 5 маркийн цагаан шаргал өнгийн гар утас байв. Уг утасны нүүрэн хэсэгт шилэн наалт наасан бөгөөд 4 булан хэсгээрээ хагарч эмтэрсэн баттерей таг хэсэгт  Designed Apple in California Assembled in China Model A1429 FCC ID:BCG-E2599A IC:597C-E2610A IMEI 013552008500501 гэсэн бичиглэл бүхий байв.Тухайн гар утасны асаах товчийг дарж үзэхэд цэнэг нь дууссан тухай дохио өгч байв.Сим карт орох хэсгийг онгойлгож үзэхэд сим картгүй байсныг Д.Э*******оос хураан авч Б.Бадамцэцэгт хүлээлгэж өгөв... гэх тэмдэглэл гэрэл зургийн үзүүлэлт / хэргийн 28-29-р хуудас/

Хохирогч Хорхон овогт Бүрбаяагийн Бадамцэцэгийн / 1988.10.02-нд төрсөн, 31 настай, эмэгтэй, дээд боловсролтой, Ягаан ном ХХК-д  нягтлан бодогч ажилтай, ПЖ88100209 регистрийн дугаартай/ мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн...Манай Титэм плаза төвийн подволд байрлах “ Grown night club” караокед 2019 оны 11 дүгээр сарын 28-29-нд шилжих шөнө хулгай орсныг мэдээд эд зүйлээ бүртгэж камерийн бичлэгтэй тулгаж үзэхэд танихгүй хүн караоке баарны гадна талын цонхоор дотогш ороод гал тогооны цонхоор дамжин баарны лангуу өрөлтөнд байсан 5 шил архи, тэкний дотор талд байсан Ipone -5 маркийн гар утас аваад  цонхоор гадагш гаргаад дотор талаас нь хаалга эвдээд гарсан камерийн бичлэг байсан.Уг утсыг аймгийн Онцгой байдлын газарт ажилладаг Ганзориг гэдэг хүн 129500 төгрөгний барьцаанд тавьсан байсан... гэх мэдүүлэг / хэргийн 32-33-р хуудас/

Гэрч Г.Ганзоригийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн...2 сарын өмнө байх 10 жилийн найзуудтайгаа хамт  Grown баарнаас архи ус зэрэг зүйл аваад сууж байгаад тооцоо хийх гэтэл мөнгө дутахаар нь Ipone -5 маркийн гар утсаа барьцаанд тавиад гарсан.Тэрнээс хойш авч чадаагүй байсан... гэх мэдүүлэг / хэргийн 37-38-р хуудас/

Гар утас үнэлсэн тухай шинжээчийн ... Ipone -5 маркийн гар утас 1 ширхэг-90000 төгрөг.. гэх дүгнэлт / хэргийн 72-р хуудас/

Гэрч П.Ариунсанаагийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн... би 2019 оны 11 сарын 28-ны орой 23:53 цагт баараа хаагаад ажлаа цоожлоод гарсан.Өглөө нь гэртээ байж байтал манай нягтлан бодогч Б.Бадамцэцэг эгч залгаад “бааранд хулгай орсон байна” гэхээр нь яваад очиход баарны цонх эвдээд хаалгыг бас эвдсэн байсан. Тухайн үед баарнаас ipone 5 маркийн гар утас, Титэм 0.75 граммын архи 2 ширхэг, Хар чингис 0.75 граммын архи 1 ширхэг, Тайга 0.75 граммын архи 1 ширхэг, Охь 0.75 граммын архи 1 ширхэг, Mountan dew ундаа 2ширхэг алга болсон байсан. Уг гар утас нь Г.Ганзориг гэх миний танил хүн 69000 төгрөгний барьцаанд тавьсан байсан...гэх мэдүүлэг / хэргийн 75-76р хуудас/

Гэрч Б.Мөнхзаяагийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн... 2019 оны 11 дүгээр сарын 28-ны шөнө Д.Э******* манай хаалгыг цохиод байсан.Би амарч байсан болохоор тайлж өгөөгүй. Маргааш өглөө нь Д.Э******* 0.75 граммын Чингис архи авч орж ирээд манайд, манай 2 найзын хамт бид дөрөв уусан.Нөгөө архиа ууж дуусчихаад Д.Э******* гарч яваад Охь нэртэй архи дахиад Титэм нэртэй архи авчирч ууцгаасан. Тэр үед Д.Э******* ажил хийж байгаад хүнээс 130000 төгрөг авсан, тэр мөнгөөрөө архи авлаа гэж хэлж байсан.Маргааш нь манай гэрт цагдаа нар ирээд асуухад нь Д.Э*******ыг хулгай хийсэн юм байна гэж мэдсэн... гэх мэдүүлэг / хэргийн 77-78-р хуудас/

Гэрч Ц.Гал-Одын мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн... 2019 оны 28-29-нд шилжих шөнө 02 цагийн үед Д.Э******* манайд  0.75 граммын Тайга нэртэй архи барьчихсан орж ирээд, тэр архинаасаа тал болтол нь уугаад унтсан. Би архи уудаггүй болохоор уугаагүй.Надад хаанаас архи авсан талаар яриагүй... гэх мэдүүлэг / хэргийн 79-80-р хуудас/

  Хохирогч Ягаан ном ХХК- ний нягтлан бодогч Ц.Энхтуяа мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн ... Манай байгууллагын нягтлан бодогч Б.Бадамцэцэг нь 2020 оны 01 сарын 02- ны өдөр ажлаасаа гарсан тул миний бие нягтлан бодогчийн ажилд томилогдсон. Манай компаний  үйл ажиллагаа явуулдаг “ Grown night club”-ын цонхоор нэвтэрч архи ундаа, гар утас  зэргийг авсан байсан. Нийт хохирол 250000 төгрөг нэхэмжилж байгаа. Хохирлыг төлбөл санал гомдол байхгүй ... гэх мэдүүлэг / хэргийн 95-96 дугаар хуудас/

Камерийн бичлэгт үзлэг хийсэн...Кроун баарнаас хурааж авсан ний 37 хэсэг бүхий бичлэг байх бөгөөд дээрхи 37 бичлэгнээс хэрэгт ач холбогдол бүхий 591722468 гэх бичиг кодтой дүрсийг харахад 2019 оны 11 сарын 29-ний шөний 00:59 минутанд Д.Э******* нь баарны тек хэсгийг давж тавиур хэсэгт байх архи ундаа зэргийг авч байгаа дүрс бичигдсэн байх ба нийт 40 секундын бичлэг болох 0201d4861 кодтой бичлэгт Д.Э******* гартаа 2 ширхэг шилтэй архи барьсан байдалтай  явж байгаа 28 секундын бичлэг байв...гэх тэмдэглэл / хэргийн 97-р хуудас/

Шүүгдэгч Д.Э*******ын шүүхийн хэлэлцүүлэгт болон мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн...би 2019 оны 11 дүгээр сарын 28-ны өдөр баруун бүсийн төв зах дээр хүмүүстэй биллярд тоглож байгаад архи уучихаад Алтантулга гэх найзтайгаа Итгэл бааранд ороод архи пиво ууж байгаад орой 00 цагийн үед бид хоёр гарч явсан. Би ганцаараа гэр лүүгээ алхаж явж байгаад “ Grown night club”-ын хашааны хаалга нээлттэй байхаар нь хашаа руу орсон чинь баарны нэг цонх онгорхой байхаар нь орсон.Гал тогооны хэсэг байхаар нь тэндээсээ дамжаад баарны текний тавиур дээр байсан Титэм 0.75 граммын архи 2 шил, Хар чингис 0.75 граммын архи 1 шил, Тайга 0.75 граммын архи 1 шил, Охь 0.75 граммын архи 1 шил, 2 ширхэг  ундаа, 1 ширхэг гар утас зэрэг зүйлийг хулгайлж аваад тэдгээрийг цонхны дэргэд тавьчихаад баарны хаалгыг дотроос нь түлхэж эвдэж гараад цонхны тавцан дээр тавьсан зүйлсээ авчихаад Б.Мөнхзаяа гэх айлд ороод архиа уух гэсэн боловч хаалгаа онгойлгохгүй болохоор хашаан дотор нь хураалгатай байсан ачаан дотор эд зүйлсээ хийчихээд 2 архиа аваад Ц.Гал-Од гэдэг айлд орсон. Тэнд 1 шил архиа уугаад унтсан, Маргааш нь Б.Мөнхзаяагийнд орж үлдсэн архи найзуудтай нь хувааж уусан...Хийсэн хэргээ хүлээн зөвшөөрч гэмшиж байна, хохирлыг төлж барагдуулна...гэх мэдүүлэг / хэргийн 46-48-р хуудас/  зэрэг болно.  

Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлагдсан дээрхи нотлох баримтуудыг хуульд заасан үндэслэл журмын дагуу хэрэгт цуглуулж, бэхжүүлсэн, яллагдагч болон гэрч хохирогч нараас мэдүүлэг авахдаа Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам, шаардлага зөрчөөгүй, мөрдөн шалгах ажиллгааны явцад хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны оролцогч нарын хуулиар хамгаалагдсан эрхийг хассан буюу хязгаарласан зөрчил тогтоогдоогүй тул шүүх хэрэгт авагдсан дээрхи  нотлох баримтыг хэрэг хянан шийдвэрлэхэд ач холбогдолтой, хамаарал бүхий талаас нь үнэлж, прокуророос шүүхэд шилжүүлэн ирүүлсэн хэргийн хүрээнд шүүхийн хэлэлцүүлгээр хэлэлцэгдсэн дээрх  нотлох баримтыг үнэлж дүгнэхэд:

Шүүгдэгч Д.Э******* нь 2019 оны 12 сарын 28 - наас 29- нд шилжих шөнө Ховд аймгийн Жаргалат сумын Алагтолгой багийн нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулдаг Ягаан ном ХХК- ний Титэм төвийн  “ Grown night club” – ын  цонхоор нэвтэрч ipone 5 маркийн гар утас, Титэм 0.75 граммын архи 2 ширхэг, Хар чингис 0.75 граммын архи 1 ширхэг, Тайга 0.75 граммын архи 1 ширхэг, Охь 0.75 граммын архи 1 ширхэг, Mountan dew ундаа 2 ширхэг  зэргийг  авч, архи, ундааг нь   өөрийн найз болох Б.Мөнхзаяа, Ц.Гал- Од нартай ууж  хэрэглэсэн,  гар утсыг нь өөртөө хадгалж  байгаад мөрдөн шалгах ажиллагааны явцад   хохирогч байгууллагын нягтлан бодогч Б.Бадамцэцэгт буцаан  өгсөн  хэргийн үйл баримт тогтоогдож байна.

Эрүүгийн хуулийн тусгай  ангийн 17.1 дүгээр зүйлийн 1-д  “хулгайлах гэмт хэргийн” үндсэн шинжийг  ... бусдын эд хөрөнгийг хүч хэрэглэхгүйгээр , нууцаар, хууль бусаар авсан бол... гэж тодорхойлсон ба тухайн гэмт хэргийг  үйл ажиллагаа явуулах   зориулалттай орон байрны  цонхоор орсныг  Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1-д зааснаар ... энэ гэмт хэргийг  үйл ажиллагаа явуулах зориулалттай орон байранд нэвтэрч үйлдсэн бол ...  гэж хүндрүүлэн зүйлчлэхээр заажээ.

Шүүгдэгч Д.Э******* нь Ягаан ном ХХК - ний караокений зориулалтаар үйл ажиллагаа явуулдаг “ Grown night club”-ийн цонхоор нэвтэрч архи, ундаа , гар утас зэргийг  хүч хэрэглэхгүйгээр , нууцаар, хууль бусаар авсан, энэ гэмт хэргийг  үйл ажиллагаа явуулах зориулалттай орон байранд нэвтэрч үйлдсэн ,  Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2.1-д заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцов.

                        Гэмт хэргийн хохирол, хор уршгийн талаар

Шүүгдэгч Д.Э*******ыг  Ягаан ном ХХК- ний Титэм төвийн “ Grown night club” – ийн цонхоор нэвтэрч 262100 төгрөгний эд хөрөнгийг хулгайлсан гэж яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн боловч хулгайлагдсан архи, ундаа, хаалганы цоож зэргийг  шинжээч  ... Титэм 0.75 граммын архи 1 ширхэг-20500 төгрөг,Хар Х архи 1 ширхэг-16500 төгрөг, Хар чингис 0.75 граммын архи 1 ширхэг-26500 төгрөг, Тайга 0.75 граммын архи 1 ширхэг-18500 төгрөг, Охь 0.75 граммын архи 1 ширхэг-12500 төгрөг, Mountan dew ундаа 2 ширхэг-3600 төгрөг, бүргэд хаалганы цоож 1 ширхэг-25000 төгрөг, модон хаалганы нууц цоож 1 ширхэг-15000 төгрөг, нийт 138100 төгрөгөөр үнэлсэн ... гэх дүгнэлт / хэргийн 22-р хуудас/, мөн  шинжээч  ... Ipone -5 маркийн гар утас 1 ширхэгийг 90000 төгрөгөөр үнэлсэн .. гэх / хэргийн 72-р хуудас /  дүгнэлтүүдээр шүүгдэгч Д.Э******* нь хулгайлах гэмт хэрэг үйлдэж, хохирогчид нийт 228100 төгрөгний хохирол учруулсан нь тогтоогдож байгаа ба  ... Ipone эд -5 маркийн 90000 төгрөгний үнэ бүхий гар утсыг хохирогч байгууллагын төлөөлөгч  Б.Бадамцэцэг хүлээлгэн өгсөн нь хэргийн 27-29 дүгээр хуудас дахь эд зүйлийг хураан авч үзлэг хийсэн тэмдэглэл, эд зүйлийг хүлээлгэн өгсөн тэмдэглэлээр тогтоогдож байх тул төлөгдөөгүй үлдсэн 138100 төгрөгний хохирлыг  Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 510 дугаар зүйлийн 510.1-д зааснаар шүүгдэгч Д.Э*******оос 138100 төгрөг гаргуулан хохирогч байгууллага болох Ягаан ном ХХК - д олгох нь  зүйтэй байна.

                     Эрүүгийн хариуцлага хүлээлгэх талаар:

Шүүгдэгч Д.Э******* нь 2015 оны 10 дугаар сарын 27-ны өдөр Ховд аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 108 дугаартай шийтгэх тогтоолоор 2002 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.2-т зааснаар 3 сар 1 хоногийн баривчлах ял, 2016 оны 11 сарын 21-ний өдөр Ховд аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 72 дугаартай шийтгэх тогтоолоор 2002 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 153 дугаар зүйлийн  153.1-д зааснаар 1 жил 1 сарын  хорих ялаар тус тус шийтгүүлж биечлэн эдэлсэн нь  хэргийн 56 дугаар хуудас дахь “ Ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудас”, хэргийн 58 – 60,72 дугаар хуудас дахь 108 дугаартай  шийтгэх тогтоолын хуулбар, гэрч Б.Д*******гийн өгсөн... Хувийн зан байдлын хувьд даруухан, дуу цөөтэй, өөрийгөө хүнд илэрхийлэх чадвар сул, хүнд тусархаг. Өөрийн гэх эд хөрөнгө байхгүй, цахим үнэмлэх аваагүй... гэх мэдүүлэг, гэрч Д.Алтанхуягийн ... Д.Э******* нь Ховд аймгийн Дуут сумын Босго багт оршин суудаг, манай багт бүртгэлтэй. Мал хөрөнгө байхгүй. Эцэг, эх тусдаа амьдарч байгаа. Эцэг , эх нь  тодорхой ажилгүй, дүү нар нь сургуульд суудаг ... гэх мэдүүлэг зэрэг болно.

Шүүх хуралдаанд улсын яллагчийн   дүгнэлт, тайлбартаа: Шүүгдэгч Д.Э******* нь хулгайлах гэмт хэргийг үйл ажиллагаа явуулах зориулалттай орон байранд нэвтэрч үйлдсэн,гэмт хэрэг үйлдсэн гэм буруугийн талаар маргаагүй,  хохирол төлөөгүй тул хохирлыг гаргуулах, Эрүүгийн хуулийн  тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2.1-д заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, 2 жил 1 сарын хорих ял оногдуулсан, хорих ялыг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 4-д зааснаар нээлттэй хорих байгууллагад эдлүүлэхээр тогтоох, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан CD  нэг ширхэгийг хэргийг хадгалах хугацаагаар хэрэгт хадгалах, шүүгдэгчээс гаргуулах хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, цагдан хоригдсон хоноггүй, шүүгдэгчийн эзэмшлийн зурагтыг битүүмжилсэн “ Эд хөрөнгө битүүмжлэх тухай” тогтоолыг  хэвээр хэрэглэж, хувийн баталгаа авах таслан сэргийлэх  арга хэмжээг өөрчилж цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээ авах нь зүйтэй гэж үзнэ гэв.

Шүүх хуралдаан шүүгдэгчийн өмгөөлөгч  дүгнэлт, тайлбартаа: Шүүгдэгч Д.Э*******ын хувьд  хулгайлах гэмт хэргийг үйл ажиллагаа явуулах зориулалттай орон байранд нэвтэрч үйлдсэн гэм буруугийн талаар маргахгүй, хохирлыг төлнө. Эцэг, эх  нь тусдаа амьдардаг, улирлын чанартай  барилгын  ажил хийдэг, нөгөө талаар хохирогч байгууллагын хувьд цонх хаалгаа бэхэлгээгүй байлгасан зэрэг нөхцөл байдал нөлөөлж гэмт хэрэг үйлдэгдсэн. Шүүгдэгчийн хувийн байдал, гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн зэргийг  харгалзан Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1.3 -т заасныг журамлан  Эрүүгийн хуулийн  тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2.1-д заасан хорих ялын доод хэмжээний хоёрны нэгээс багагүй хорих ялыг оногдуулж өгнө үү  гэв.

Шүүгдэгч Д.Э*******од эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд  эрүүгийн хариуцлагыг хүндрүүлэх болон  хөнгөрүүлэх нөхцөл байдал тогтоогдохгүй байна.

Шүүгдэгч Д.Э******* нь дээрхи гэмт хэргийг үйлдэж  хохирогчид учруулсан хохирол 138100 төгрөгийг төлөөгүй, мөн  Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1.3-т ... энэ хуулийн тусгай ангид хорих ялын доод хэмжээг хоёр жилээс дээш дээд хэмжээг найман жил хүртэл хугацаагаар тогтоосон гэмт хэрэг үйлдсэн хүн тухайн гэмт хэргийн улмаас учруулсан хохиролоо нөхөн төлсөн бол тухайн зүйл хэсэг заалтад заасан ялын дээд хэмжээний хоёрны нэгээс хэтрүүлэхгүйгээр, ялын доод хэмжээний хоёрны нэгээс багагүй ял оногдуулах...- аар заасан  байх тул шүүгдэгчийн өмгөөлөгчийн Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1.3-т заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2.1-д заасан хорих ялын дээд хэмжээнээс доогуур ял оногдуулж өгнө үү гэх дүгнэлт, тайлбарыг хүлээн авах боломжгүй байна.  

Иймд шүүхээс шүүгдэгч ******* овогт Д*******гийн Э*******ыг бусдын эд хөрөнгийг  хүч хэрэглэхгүйгээр , нууцаар, хууль бусаар авсан, энэ гэмт хэргийг  үйл ажиллагаа явуулах зориулалттай орон байранд нэвтэрч үйлдсэн ,  Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2.1-д заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, улсын яллагчийн дүгнэлт, тайлбар,  шүүгдэгчийн өмгөөлөгчийн дүгнэлт тайлбар  болон эрүүгийн хариуцлага гарцаагүй байх, эрүүгийн хариуцлага нь гэмт хэргийн шинж чанар, хэр хэмжээ, гэм буруугийн хэлбэрт тохирсон байх, гэмт хэргийн улмаас зөрчигдсөн эрхийг сэргээх, хохирлыг нөхөн төлүүлэх, гэмт хэрэг үйлдсэн хүнийг цээрлүүлэх, нийгэмшүүлэхэд орших эрүүгийн хуулийн шударга  ёсны болон гэм буруугийн зарчимд нийцүүлэн Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2.1-д зааснаар шүүгдэгч Д.Э*******од 2 жилийн хорих ял  шийтгэж, түүнд оногдуулсан 2 жилийн хорих ялыг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 4-т зааснаар нээлттэй хорих  байгуулагад эдлүүлэхээр тогтоов.

            Эрүүгийн 1936003520007  дугаартай хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан CD нэг ширхэгийг хэргийг хадгалах хугацаагаар хэрэгт хадгалж, шүүгдэгчээс гаргуулах хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, цагдан хоригдсон хоноггүй болохыг дурдав.  

Шүүгдэгч Д.Э*******ын эзэмшлийн KOGKZ маркын зурагтыг битүүмжилсэн прокурорын 2020 оны 01 сарын 29- ний өдрийн 5/07 дугаартай “ Эд хөрөнгө битүүмжлэх тухай” тогтоолыг хэвээр үлдээв.

Шүүгдэгч Д.Э*******од шүүхээс хорих ял шийтгэсэн тул Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.12 дугаар зүйлийн 1-д зааснаар шүүгдэгч Д.Э*******од хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг өөрчилж цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээ авах нь зүйтэй байна.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.1 дүгээр зүйл, 36.1 дүгээр зүйл, 36.2 дугаар зүйлийн 1,2,4 дэх хэсэг, 36.5 дугаар зүйлийн 1, 36.6, 36.7, 36.8,36.10,36.13  дугаар зүйлүүдэд заасныг тус тус удирдлага болгон

ТОГТООХ нь:

1.Шүүгдэгч ******* овогт Д*******гийн Э*******ыг бусдын эд хөрөнгийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авсан, энэ гэмт хэргийг  үйл ажиллагаа явуулах зориулалттай орон байранд нэвтэрч үйлдсэн ,  Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2.1-д заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

2.Эрүүгийн хуулийн тусгай ангийн  17.1 дүгээр зүйлийн 2.1-д  зааснаар шүүгдэгч ******* овогт Д*******гийн Э*******од  02 жилийн хорих ял шийтгэсүгэй.

3.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 4-д зааснаар ******* овогт Д*******гийн Э*******од оногдуулсан 02 жилийн хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлэхээр тогтоосугай.

4. Эрүүгийн 1936003520007  дугаартай хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан CD нэг ширхэгийг хэргийг хадгалах хугацаагаар хэрэгт  хадгалж, шүүгдэгчээс гаргуулах хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, цагдан хоригдсон хоноггүй болохыг дурдсугай.

5.Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1,510 дугаар зүйлийн 510.1-д зааснаар шүүгдэгч Д.Э*******оос 138100 төгрөг гаргуулан Ягаан ном ХХК- д олгосугай.

6. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 21.5 дугаар зүйлийн 1-д зааснаар шүүгдэгч  Д.Э*******ын эзэмшлийн KOGKZ маркын зурагтыг битүүмжилсэн прокурорын 2020 оны 01 сарын 29- ний өдрийн 5/07 дугаартай “ Эд хөрөнгө битүүмжлэх тухай” тогтоолыг хэвээр үлдээсүгэй.

7. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.12 дугаар зүйлийн 1-д зааснаар шүүгдэгч Д.Э*******од хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээ авсныг  өөрчилж ,цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээ авсугай. .

8.Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэг, 38.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоолыг гардан авсан буюу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор  шүүгдэгч, хохирогч гомдол, улсын яллагч дээд шатны прокурор эсэргүүцлээ Ховд аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гаргах эрхтэй ба гомдол, эсэргүүцлээ шийдвэр гаргасан анхан шатны шүүхэд бичгээр гаргахыг тайлбарласугай.

 

 

 

 

            ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                                     Т.ЦЭЦЭГМАА