| Шүүх | Дорнод аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Болдбаатарын Батсайхан |
| Хэргийн индекс | 168/2020/0079/Э |
| Дугаар | 2019/ШЦТ/74 |
| Огноо | 2020-03-04 |
| Зүйл хэсэг | 11.6.1., |
| Улсын яллагч | Ц.Лхамсүрэн |
Дорнод аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол
2020 оны 03 сарын 04 өдөр
Дугаар 2019/ШЦТ/74
Дорнод аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Б.Батсайхан даргалж,
Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Н.Хэрлэн
Улсын яллагч Ц.Лхамсүрэн
Шүүгдэгч Х.А нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны А танхимд нээлттэй явуулсан эрүүгийн хэргийн шүүх хуралдаанаар:
Дорнод аймгийн Прокурорын газрын хяналтын прокурор Ц.Лхамсүрэнгээс Монгол Улсын Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Ханхөхий овогт Х.Ад холбогдох эрүүгийн 20210.................. дугаартай хэргийг 2020 оны 03 дугаар сарын 02-ны өдөр хүлээн авч хялбаршуулсан журмаар хянан хэлэлцэв.
Шүүгдэгчийн биеийн байцаалт:
Монгол Улсын иргэн, 19 оны 06 дугаар сарын 30-ны өдөр ..аймгийн ................... суманд төрсөн, ..... настай, эрэгтэй, бүрэн бус дунд боловсролтой, барилгын өргөн мэргэжилтэй, ажилгүй, ам бүл 7, эцэг, эх, эгч, дүү нарын хамт Дорнод аймгийн Хэрлэн сумын .....дугаар баг.......тоотод оршин суух, гавьяа шагналгүй, урьд Дорнод аймаг дахь Сум дундын шүүхийн 2015 оны 10 дугаар сарын 15-ны өдрийн ..... дугаар шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 146 дугаар зүйлийн 146.2-т зааснаар 3 жилийн хорих ялаар шийтгүүлж, 1 жил 6 сарын хугацаагаар тэнсэн хянан харгалзсан, Ханхөхий овогт Х.А. /ЖЮ..................../,
Холбогдсон хэргийн талаар яллах дүгнэлтэд дурдсанаар:
Шүүгдэгч нь согтуурсан үедээ Дорнод аймгийн Хэрлэн сумын дугаар баг ................ тоотод 2020 оны 02 дугаар сарын 04-ний өдөр 16 цагийн орчимд өөрийн ээж М.Ү баруун гарын хурууг хутгаар хатган гэмтээн эрүүл мэндэд нь хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэгт холбогджээ.
ТОДОРХОЙЛОХ нь:
Шүүгдэгч нь согтуурсан үедээ Дорнод аймгийн Хэрлэн сумын .......дугаар баг тоотод 2020 оны 02 дугаар сарын 04-ний өдөр 16 цагийн орчимд өөрийн ээж М.Ү баруун гарын хурууг хутгаар хатган гэмтээн эрүүл мэндэд нь хөнгөн хохирол санаатай учруулах гэмт хэргийг үйлдсэнд холбогдуулан Дорнод аймгийн Прокурорын газрын хяналтын Прокурор Ц.Лхамсүрэнгээс Монгол Улсын Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж, эрүүгийн 20210 дугаартай хэргийг шүүхэд ирүүлжээ.
Шүүхийн хэлэлцүүлгээр яллах, цагаатгах болон бусад нотлох баримтуудыг тал бүрээс нь бүрэн бодитой шинжлэн судлав. Үүнд:
Хохирогч М.Ү мөрдөн шалгах ажиллагааны шатанд өгсөн: “...2020 оны 02 дугаар сарын 04-ний өдрийн 13 цагийн орчимд намайг гэртээ ганцаараа байж байхад гаднаас миний дунд хүү Х.А нэлээд согтуу орж ирсэн бөгөөд ....гэртээ байсан дүү Х.А зүгээр байлгахгүй хэрүүл маргаан үүсгэх гээд байхаар нь ...би тэр хоёрыг салгаад ах Х.А нь гэрлүүгээ оруулсан юм.Тэгээд миний хувьд гэртээ хүү Х.А хамтаар байж байхад ...миний хүү нь шууд намайг заамдаж өмнө нь харж байгаагүй хутга гаргаж ирээд миний өөдөөс “чи зүгээр байгаарай” гээд байсан юм. Тухайн үед би хүүдээ хандан “чи ээжийгээ яах гээд байгаа юм бэ” гэж хэлээд гараараа цааш түлхэхэд миний хүү нь гартаа барьж байсан хутгаараа миний баруун хурууг хатгасан бөгөөд миний хувьд тэр даруй гэрээсээ гараад охиныхоо гэрт очоод цагдаагийн байгууллагад дуудлага өгсөн юм. ...миний хувьд хүү Х.А нэхэмжлэх зүйл байхгүй...” гэх мэдүүлэг /хх-ийн 11-12 дугаар хуудас/,
Шүүгдэгч мөрдөн шалгах ажиллагааны шатанд яллагдагчаар өгсөн мэдүүлэгтээ: “...гэртээ ирэхэд миний төрсөн дүү Х.А мөн гэрт согтуу байсан. ...Ингээд дүү Х.А жоохон маргалдахад миний ээж М.Ү нь дүү Х.А надаас өмөөрч намайг загнаад мөн намайг гэрээс гаргахгүй. Харин дүү Х.А гэрээс гаргахад нь би ээжид уурлаад ...өөрийнхөө халаасанд байсан өмнө нь гаднаас олсон эвхэгддэг хүрэн иштэй богино хутгыг гаргаж ирээд “өөрийнхөө хоолойг зүслээ шүү” гэж хэлэхэд миний ээж “боль боль” гэж болиулсан бөгөөд тэр үед би гартаа барьж байсан хутгаараа ээж М.Ү гарыг хатгаж гэмтээсэн. Тухайн үед миний ээж гэрээс гараад надад хуруугаа хатгуулсан гэж цагдаагийн байгууллагад гомдол гаргасан юм. ...ээж Ү биед гэмтэл учруулсан өөрийн буруугаа сайн ойлгож байна. ...” гэх мэдүүлэг /хх-ийн 28-29 дүгээр хуудас/,
Шүүгдэгч Х.А шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн: “...2020 оны 02 дугаар сарын 04-ний өдөр дүүтэйгээ маргалдсан. Намайг гадагш гарах гэтэл ээж хориглоод байсан юм. Тэгээд би гарыг нь хутгаар зүссэн. ...үйлдсэн хэргээ хүлээн зөвшөөрч байна...” гэх мэдүүлэг,
- Гэмт хэргийн талаархи гомдол, мэдээлэл хүлээн авсан тухай тэмдэглэл /хх-ийн 04 дүгээр хуудас/,
-Эд зүйлд үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт /хх-ийн 06-07 дугаар хуудас/,
- Яаралтай тусламжийн хуудас /хх-ийн 22 дугаар хуудас/,
Шүүхийн шинжилгээний Үндэсний хүрээлэнгийн Дорнод аймгийн Шүүхийн шинжилгээний албаны шинжээч эмч Ж.Ж 2020 оны 02 дугаар сарын 10-ны өдрийн .....дугаартай дүгнэлтийн дүгнэлт хэсэгт:
1. М.Ү биед баруун 4-р хуруунд шарх, 5-р хураанд зулгаралт гэмтэл тогтоогдлоо.
2. Дээрх гэмтэл нь ир үзүүртэй зүйлийн нэг бус удаагийн үйлчлэлээр үүсгэгдэнэ.
3. Дээрх шарх гэмтэл нь эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар гэмтлийн хөнгөн, зулгаралт гэмтэл нь эрүүл мэндийг сарниулахгүй тул 2.6-д зааснаар гэмтлийн зэрэгт хамаарахгүй.
4. Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадвар алдалтанд нөлөөлөхгүй гэх дүгнэлт /хх-ийн 20-21 дүгээр хуудас/,
Шүүгдэгчийн хувийн байдлын талаар: Иргэний үнэмлэхний лавлагааны хуулбар, шүүгдэгчийн эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас, шийтгэх тогтоолын хуулбар /хх-ийн 31-32, 34-38 дугаар хуудас/,
Хохирогч нь шүүгдэгчтэй сайн дураараа эвлэрсэн тухай Дорнод аймаг дахь Цагдаагийн газарт гаргасан хүсэлт /хх-ийн 40 дүгээр хуудас/ зэрэг нотлох баримтуудыг шинжлэн судлав.
Эрүүгийн 20210............... дугаар хэрэгт авагдаж шүүхийн хэлэлцүүлгээр шинжлэн судалсан дээрх нотлох баримтуудыг цуглуулах буюу бэхжүүлэхдээ Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл, журмын дагуу авсан байх тул хэргийг хянан шийдвэрлэхэд хамааралтай, ач холбогдолтой, хууль ёсны, хангалттай байна гэж шүүх үнэллээ.
Мөрдөн шалгах ажиллагааны шатанд нотолбол зохих байдлуудыг бүрэн шалгаж тогтоосон, хэргийн оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрхийг хязгаарлах замаар эсхүл бусад хэлбэрээр шүүхээс хэргийг бүх талаар хэлэлцэхэд саад болж, хууль ёсны ба үндэслэл бүхий тогтоол гаргахад сөргөөр нөлөөлж болохуйцаар Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн шаардлагыг ноцтой зөрчөөгүй, Эрүүгийн хуулийг буруу хэрэглээгүй байна гэж шүүх үзлээ.
Шүүгдэгчийн гэм буруугийн талаар:
Шүүгдэгч нь 2020 оны 02 дугаар сарын 04-ний өдөр 16 цагийн орчимд согтуурсан үедээ Дорнод аймгийн Хэрлэн сумын дугаар баг ...........тоотод өөрийн ээж М.Ү баруун гарын хурууг хутгаар хатган гэмтээн эрүүл мэндэд нь хөнгөн хохирол санаатай учруулах гэмт хэргийг үйлдсэн гэм буруутай болох нь шүүх хуралдаанд шинжлэн судлагдсан шүүгдэгч Х.А мөрдөн шалгах ажиллагаа болон шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн мэдүүлэг, хохирогч М.Ү /хх-ийн 10-12 дугаар хуудас/ мөрдөн шалгах ажиллагааны шатанд өгсөн мэдүүлэг, Шүүхийн шинжилгээний Үндэсний хүрээлэнгийн Дорнод аймгийн Шүүхийн шинжилгээний албаны шинжээч Ж.Ж 2020 оны 02 дугаар сарын ....-ны өдрийн ..........дугаартай дүгнэлтийн дүгнэлт /хх-ийн 20-21 дүгээр хуудас/ зэрэг шүүх хуралдаанаар хэлэлцсэн дээрх нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдож байх тул шүүгдэгч Х.А Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцож, Прокурорын үйлдсэн яллах дүгнэлт нь үндэслэлтэй, хэргийн зүйлчлэл зөв байна гэж шүүх дүгнэв.
Гэмт хэрэг гарахад шүүгдэгч нь архи ууж согтуурсан, хууль зүйн ухамсар дутмаг байдал, нийгэмд тогтсон хүмүүс хоорондын харилцаа, ёс суртахууны хэм хэмжээг үл тоомсорлосон зэрэг нөхцөл байдал нөлөөлсөн гэж үзлээ.
Шүүгдэгч нь хүний эрүүл мэндийн халдашгүй байдлын эсрэг гэмт хэргийг үйлдэхдээ өөрийн үйлдлийн хууль бус шинжийг ухамсарлаж, хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах, хор уршигт зориуд хүргэж үйлдсэн нь гэм буруугийн санаатай хэлбэртэй, төгссөн гэмт хэрэг үйлдсэн гэж үзэх үндэслэлтэй байна.
Гэмт хэргийн улмаас учирсан хохирлын хувьд:
Хохирогч М.Ү нь гомдол саналгүй, нэхэмжлэх зүйлгүй гэж байх тул шүүгдэгч Х.А-н хохирогчид төлөх төлбөргүй гэж үзлээ.
Шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэх талаар:
Шүүх хуралдаанаар шинжлэн судлагдсан, хавтаст хэрэгт авагдсан дээрх нотлох баримтуудыг үндэслэн шүүгдэгч Х.А Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах гэмт хэргийг үйлдсэнд гэм буруутайд тооцсон тул гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, гэмт хэрэг үйлдсэн хүний хувийн байдал, эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдлыг тал бүрээс нь харгалзан үзэж эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй байна гэж шүүх дүгнэлээ.
Шүүгдэгч Х.А нь тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас анх удаа гэмт хэрэг үйлдсэний Эрүүгийн хуулийн Ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1 хэсгийн 1.1-т зааснаар эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх нөхцөл байдалд тооцож, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.6 дугаар зүйлд заасан эрүүгийн хариуцлагыг хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдохгүй байна гэж үзлээ.
Шүүх хуралдаанд улсын яллагч Ц.Лхамсүрэн нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Х.А 240 /хоёр зуун дөч/ цагийн хугацаагаар нийтэд тустай ажил хийх ял оногдуулах санал гаргасан бөгөөд Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 4 дэх хэсэгт заасан хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэх үндэслэл тогтоогдож байх тул Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар Прокурорын саналыг харгалзан шүүгдэгчийн эрх зүйн байдлыг дордуулахгүй шүүхээс шүүгдэгч Х.А д Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 240 /хоёр зуун дөч/ цагийн хугацаагаар нийтэд тустай ажил хийх ял оногдуулах нь зүйтэй гэж шүүх үзлээ.
Энэ хэрэгт эд хөрөнгө битүүмжлэгдэж ирээгүй, шүүгдэгч нь цагдан хоригдсон хоноггүй болохыг тус тус дурдаж, баримт бичгээр ирсэн шүүгдэгч Х.А-н ЖЮтоот регистрийн дугаартай иргэний үнэмлэхнийн лавлагааг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц Дорнод аймаг дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт хүргүүлэхээр шийдвэрлэв.
Хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн 17 см урттай эвхэгддэг хүрэн өнгийн иштэй хутга 1 /нэг/ ширхэгийг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц устгахыг Дорнод аймаг дахь шүүхийн Тамгын газрын эд мөрийн баримт устгах комисст даалгах нь зүйтэй байна.
Шүүгдэгч нь “Шүүх хуралдаанд өмгөөлөгч авахгүй, өөрөө өөрийгөө өмгөөлж оролцоно” гэсэн хүсэлт гаргасан тул Монгол Улсын Үндсэн хууль болон Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд зааснаар түүнийг шүүх хуралдаанд өмгөөлөгчгүй оролцуулсан болно.
Монгол Улсын Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4, 36.2 дугаар зүйлийн 1-4 дэх хэсэг, 36.6, 36.7, 36.8, 36.10 дугаар зүйлүүдийг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:
1. Шүүгдэгч Ханхөхий овогт Х.А-ийг “Хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах” гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.
2. Монгол Улсын Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Х.А-ийг 240 /хоёр зуун дөч/ цагийн хугацаагаар нийтэд тустай ажил хийх ялаар шийтгэсүгэй.
3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.4 дүгээр зүйлийн 2, 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Х.А-д оногдуулсан 240 цагийн хугацаагаар нийтэд тустай ажил хийлгэх ялыг өдөрт 8 /наймаас/ дээшгүй цагаар хийлгэхээр тогтоож, шүүгдэгч нь нийтэд тустай ажил хийлгэх ялыг биелүүлээгүй бол нийтэд тустай ажил хийлгэх ялын 8 цагийн ажлыг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг мэдэгдсүгэй.
4. Шүүгдэгч Х.А оногдуулсан нийтэд тустай ажил хийлгэх ялын биелэлтэд хяналт тавихыг Дорнод аймаг дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт даалгасугай.
5. Хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн 17 см урттай эвхэгддэг хүрэн өнгийн иштэй хутга 1 /нэг/ ширхэгийг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц устгахыг Дорнод аймаг дахь шүүхийн Тамгын газрын эд мөрийн баримт устгах комисст даалгасугай.
6. Хэрэгт эд хөрөнгө битүүмжлэгдэж ирээгүй, шүүгдэгч нь цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй болохыг тус тус дурдаж, баримт бичгээр ирсэн шүүгдэгч Х.А /РД:ЖЮ.................../ тоот регистрийн дугаартай иргэний үнэмлэхийн лавлагааг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц Дорнод аймаг дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт хүргүүлсүгэй.
7. Шийтгэх тогтоол уншиж сонсгосноор хүчинтэй болох бөгөөд шүүгдэгч Х.Алтангэрэлд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол хэвээр үргэлжлүүлсүгэй.
8. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар прокурор, дээд шатны прокурор, оролцогч нар шийтгэх тогтоолыг эс зөвшөөрвөл шийдвэрийг гардан авснаас хойш, эсвэл энэ хуулийн 11.9 дүгээр зүйлд заасны дагуу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Дорнод аймгийн Эрүү, иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд тус шүүхээр дамжуулан давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэй болохыг мэдэгдсүгэй.
9. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 37.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар анхан шатны шүүхийн шийдвэрт гомдол, эсэргүүцэл гаргасан бол шүүхийн шийдвэрийн биелэлт түдгэлзэхийг дурдсугай.
ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Б.БАТСАЙХАН