| Шүүх | Дорнод аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Болдбаатарын Батсайхан |
| Хэргийн индекс | 168/2020/0016/Э |
| Дугаар | 2019/ШЦТ/22 |
| Огноо | 2020-01-13 |
| Зүйл хэсэг | 17.4.1., |
| Улсын яллагч | С.Алтай |
Дорнод аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол
2020 оны 01 сарын 13 өдөр
Дугаар 2019/ШЦТ/22
Дорнод аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Б.Батсайхан даргалж,
Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Саранчимэг
Улсын яллагч С.Алтай
Шүүгдэгчийн өмгөөлөгч А.Мөнхбат
Шүүгдэгч А.Б нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны А танхимд нээлттэй явуулсан эрүүгийн хэргийн шүүх хуралдаанаар:
Дорнод аймгийн Прокурорын газрын хяналтын прокурор С.Алтайгаас Монгол Улсын Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн ******* овогт А.Б-д холбогдох эрүүгийн 19210 дугаартай хэргийг 2019 оны 12 дугаар сарын 25-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.
Шүүгдэгчийн биеийн байцаалт:
Монгол Улсын иргэн, 19....оны 05 дугаар сарын 19-ний өдөр Дорнод аймгийн ******* суманд төрсөн, .... настай, эрэгтэй, боловсролгүй, мэргэжилгүй, ам бүл ганцаараа, Дорнод аймгийн ...... сумын .... дүгээр багт оршин суух, улсаас авсан гавъяа шагналгүй, урьд нь Дорнод аймгийн Хэрлэн сумын шүүхийн 2013 оны 04 дүгээр сарын 25-ны ....... дугаар шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 126.1, 153.1-т зааснаар нийт 5 жилийн хорих ял шийтгүүлж, 2014 оны 11 дүгээр сарын 10-ны өдөр хугацааны өмнө тэнсэн суллагдсан, хэрэг хариуцах чадвартай, ******* овогт А.Б /РД: ЖА................./
Холбогдсон хэргийн талаар яллах дүгнэлтэд дурдсанаар:
Шүүгдэгч А.Б нь Дорнод аймгийн..... сумын ...... дүгээр багийн нутаг “Д” гэх газарт бусдын малыг маллаж байхдаа 2019 оны 01 дүгээр сард иргэн Д.Н өмчлөлийн ухаа халзан зүсмийн 4 настай 1 тооны эр үхэр, иргэн Н.Э өмчлөлийн 1 тооны хүрэн зүсмийн гүү, иргэн Д.Ж 2 тооны адуу зэрэг бусдын итгэмжлэн хариуцсан эд хөрөнгийг завшиж хохирогч нарт нийт 3.800.000 /гурван сая найман зуу мянга/-н төгрөгийн хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ.
ТОДОРХОЙЛОХ нь:
Шүүгдэгч А.Б нь Дорнод аймгийн ******* сумын 4 дүгээр багийн нутаг “Д” гэх газарт бусдын малыг маллаж байхдаа 2019 оны 01 дүгээр сард иргэн Д.Н өмчлөлийн 1.600.000 төгрөгийн үнэ бүхий ухаа халзан зүсмийн 4 настай 1 тооны эр үхэр, иргэн Н.Э өмчлөлийн 1000000 төгрөгийн үнэ бүхий 1 тооны хүрэн зүсмийн гүү, иргэн Д.Ж 1.200.000 төгрөгийн үнэ бүхий 2 тооны адуу буюу бусдын итгэмжлэн хариуцсан эд хөрөнгийг завшиж хохирогч нарт нийт 3.800.000 /гурван сая найман зуу мянга/ төгрөгийн хохирол учруулах гэмт хэргийг үйлдсэнд холбогдуулан Дорнод аймгийн прокурорын газрын хяналтын Прокурор С.Алтайгаас Монгол Улсын Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж, эрүүгийн 19210................. дугаартай хэргийг шүүхэд ирүүлжээ.
Шүүхийн хэлэлцүүлгээр яллах, цагаатгах болон бусад нотлох баримтуудыг тал бүрээс нь бүрэн бодитой шинжлэн судлав. Үүнд:
Гэрч Л.Ж мөрдөн шалгах ажиллагааны шатанд өгсөн: “...2018 оны 12-р сард Улаалзай хүнсний дэлгүүрт байж байхад ******* /А.Б/ гаднаас орж ирээд адуу зарна гэж ярихаар нь би тэгвэл идэшний даага авна гэхэд за гэхээр нь 300.000 төгрөг өгөөд явуулсан. Түүнээс хойш 2019 оны 01 сарын дундуур байсан байхаа би нөхөр А хамт Б очоод адуугаа авъя гэхэд надад мөнгөний хэрэг гараад байна “би адуугаа томруулаад өгье” гэхээр нь за тэгье гэж хэлэхэд адуунаасаа хүрэн гүү барьж ирэхээр нь Б, нөхөр бид 3 тэнд нь ажиллаад сумын төвд ирсэн. Тэгээд дараа нь Б өөрөө ирээд 200.000 төгрөг авсан. ...хүрэн зүсмийн гүү байсан тамга, насыг нь сайн мэдэхгүй байна. Б надад ярихдаа соёолон гүү гэж ярьж байсан. ...би хулгайн адуу гэдгийг нь мэдээгүй гэх мэдүүлэг /хх-ийн 45-46 дугаар хуудас/,
Гэрч Б.М мөрдөн шалгах ажиллагааны шатанд өгсөн: “...******* хочтой А.Б-г 10 гаруй жилийн өмнөөс таньдаг байсан айлын туслах малчин хийдгийг нь сайн мэднэ. ...2018 оны намар байх /яг сайн сарын сайн санахгүй байна/ надад ******* нь 1.000.000 төгрөгийн өртэй байсан тул тухайн өрөндөө /зүс, тамгын сайн санахгүй байна/ 2 тооны адуу өгөөд өр цайрсан юм. ...би *******д 2018 оны 6-7 сард байх 2 хувааж 500.000 төгрөг Хаан банкны ........................дугаарын данснаас *******гийн тухайн үед хэлж байсан данс руу шилүүлсэн санагдаж байна. ...” гэх мэдүүлэг /хх-ийн 55 дугаар хуудас/,
Хохирогч Д.Н мөрдөн шалгах ажиллагааны шатанд өгсөн: “...манай хүү Н.Э Дорнод аймгийн........... сумын......дүгээр баг “Д” гэдэг газарт нутагладаг бөгөөд манай хүүгийн нэр дээр манай үхэрнүүд байдаг байсан. Хүү Э малчнаар Б нь ажилладаг байсан. 2019 оны 05 дугаар сард би үхрээ хүүгийнхээсээ ялгаад гэр рүүгээ авч явахад манай 4 настай ухаа халзан зүсмийн эр үхэр дутсан байсан. Тухайн үед олдох байлгүй гэж бодоод цагдаагийн байгууллагад мэдэгдээгүй. Гэтэл сүүлд хүү Э малыг малладаг Б.Б нь бусдад зарсан талаар мэдсэн. ...ухаа халзан зүсмийн 4 настай эр үхэр алдсан, зүүн чих нь урдаас догол имтэй, баруун чих нь бүтэн үхэр байсан. ...алдсан үхрийнхээ төлбөрийг гаргуулж авмаар байна. ...би алдсан үхрээ 2.000.000 төгрөгөөр үнэлнэ. ...” гэх мэдүүлэг /хх-ийн 29-30 39-40 дүгээр хуудас/,
Хохирогч Н.Э мөрдөн шалгах ажиллагааны шатанд өгсөн: “...би 2011 оноос хойш А.Бг гэртээ байлгаж адуу малаа харуулаад хамт амьдардаг болсон. Би 2019 оны 01 дүгээр сард Улаанбаатар хотод эмнэлэгт хэвтэж байгаад гэртээ 2 сарын 7-ны өдөр эмнэлгээс гараад 2 сарын 13-ны өдөр гэртээ ирээд адуугаа бүртгэхэд хүрэн зүсмийн сувиа бүдүүн гүү алга болсон байхаар нь адуучин залуу ******* асуухад “би мэдэхгүй байна” гэхээр нь би гэрийнхээ гадуур явахад хүрэн шийр байхаар нь Б энэ ямар адууны шийр вэ гэхэд би хүнээс хүрэн адуу авч махалж зарсан юмаа гэхээр нь ойр орчимдоо хайж байгаад олдохгүй болохоор нь тэгээд хайгаагүй орхисон. ...би Б алдсан гүүнийхээ оронд адуу авсан. Надад гомдол санал нэхэмжлэх зүйл байхгүй гэх мэдүүлэг /хх-ийн 33-34 дүгээр хуудас/,
Хохирогч Д.Ж мөрдөн шалгах ажиллагааны шатанд өгсөн: “...би 2014 оноос хойш хүргэн дүү Н.Э адуугаа харуулж байгаа юмаа. 2017 онд Н.Э надтай ярихдаа танай адуу одоо их болсон юм чинь манай адуучин Б-д жилд 2 тооны даагаар харуулж болох уу? гэж асуухаар нь би болно гээд үүнээс хойш 2 жил 2 тооны даага өгдөг байсан. 2019 оны 07 дугаар сард надаас нэг тооныхоо адууг авсан юм. Тэгээд 2019 оны 10 дугаар сарын 15-ны өдөр Б надтай ярихдаа би таны 2 тооны адууг аваад хүнд зарсан гэж хэлж байсан. ...надад гомдол санал байхгүй. Б 2 адууныхаа оронд 2020 онд миний адууг үнэгүй харж өгөхөөр болсон...” гэх мэдүүлэг /хх-ийн 32-33 дугаар хуудас/,
Шүүгдэгч А.Б мөрдөн шалгах ажиллагааны шатанд болон шүүх хуралдаанд өгсөн: “...2019 оны өвөл 1 дүгээр сарын орчим гэж санаж байна. ...би ганцаараа мал дээр байсан. “Улаанбаатар хотоос наймаачид явж байна гээд машинтай хүмүүс мал авна” гэхээр нь би мөнгө олох гээд хариулж байсан үхэрнүүдээс ухаа зүсмийн эр үхэрийг 600.000 төгрөгөнд зарсан. ...би 2018 оны намар наймдугаар сард сумын төв ороод мөнгө хэрэгтэй байхаар нь дэлгүүр ажиллуулдаг Ж эгч буюу Ж “мөнгөний хэрэг болоод байна, тад би идэшний даага өгье, надад 300.000 төгрөг өгчих” гэхэд тэр зөвшөөрч тохироод надад 300.000 төгрөг өгсөн. Ингээд сүүлд 2018 оны 10 сард санаж байна мөн сумын төв дээр явж байгаад мөнгөний хэрэг гараад Ж эгч дээр очоод нөгөө даагаа томруулаад өгье, нэмээд 200.000 төгрөг өгчих гэхэд надад 200.000 төгрөг өгсөн. ...2019 оны 01 дүгээр сард Ж эгч нөхөр А хамт манайд ирээд нөгөө адуугаа авъя гэхэд нь би Э ахын хүрэн зүсмийн бүдүүн гүүг барьж өгөөд гэрийн гадаа ажиллаад явуулсан. ...би 2019 оны 01 дүгээр сард Ж буурал зүсмийн 2 тооны үрээг наймаачин Б эгчид өгөхөд Ж үүнийг мэдээд “яахлаараа манай адууг чи хүнд зардаг юм” гэхэд нь “танай хүү анх надад хэлэхдээ жилд 2 адуу өгнө” гэхээр нь би хөлсөндөө авч байгаа юм гэж хэлэхэд яахаараа Б мэддэг юм гэж байсан. ...би тухайн үедээ Ж 2 тооны адууг аваад бусдад зарах талаар хэлээгүй, ...Ж харин яахаараа манай адууг эзэнд нь хэлэлгүй бусдад зарж байдаг юм гэж уурлаж байсан. ...одоо Ж тохирсон байгаа, 2020 онд 2 адуунх нь оронд үнэгүй адууг нь харах болсон...гэх мэдүүлэг /хх-ийн 70-73 дугаар хуудас/,
- Гэмт хэргийн талаархи гомдол, мэдээлэл хүлээн авсан тухай тэмдэглэл /хх-ийн 25 дугаар хуудас/
- Эрүүгийн хэргийг нэгтгэх тухай Прокурорын тогтоол /хх-ийн 10-11, 13 дугаар хуудас/
- Эд зүйлийн үнэлгээ /хх-ийн 74-76 дугаар хуудас/,
- Хохирогч Д.Ж “Мал тэжээвэр амьтад, хашаа худаг”-ийн 2018 оны тооллогын дүн /хх-ийн 77 дугаар хуудас/,
Эрүүгийн 19210............... дугаар хэрэгт авагдаж шүүхийн хэлэлцүүлгээр шинжлэн судалсан дээрх нотлох баримтуудыг цуглуулах буюу бэхжүүлэхдээ Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл, журмын дагуу авсан байх тул хэргийг хянан шийдвэрлэхэд хамааралтай, ач холбогдолтой, хууль ёсны, хангалттай байна гэж шүүх үнэллээ.
Мөрдөн шалгах ажиллагааны шатанд нотолбол зохих байдлуудыг бүрэн шалгаж тогтоосон, хэргийн оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрхийг хязгаарлах замаар эсхүл бусад хэлбэрээр шүүхээс хэргийг бүх талаар хэлэлцэхэд саад болж, хууль ёсны ба үндэслэл бүхий тогтоол гаргахад сөргөөр нөлөөлж болохуйцаар Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн шаардлагыг ноцтой зөрчөөгүй, Эрүүгийн хуулийг буруу хэрэглээгүй байна гэж шүүх үзлээ.
Шүүгдэгчийн гэм буруугийн талаар:
Шүүгдэгч А.Б нь Дорнод аймгийн сумын .... дүгээр багийн нутаг “Д” гэх газарт бусдын малыг маллаж байхдаа 2019 оны 01 дүгээр сард иргэн Д.Н өмчлөлийн 1.600.000 төгрөгийн үнэ бүхий ухаа халзан зүсмийн 4 настай 1 тооны эр үхэр, иргэн Н.Э өмчлөлийн 1000000 төгрөгийн үнэ бүхий 1 тооны хүрэн зүсмийн гүү, иргэн Д.Ж 1.200.000 төгрөгийн үнэ бүхий 2 тооны адуу буюу бусдын итгэмжлэн хариуцсан эд хөрөнгийг завшиж хохирогч нарт нийт 3.800.000 /гурван сая найман зуу мянга/ төгрөгийн хохирол учруулсан гэмт хэргийг үйлдсэн гэм буруутай болох нь гэрч Л.Ж /хх-ийн 45-46 дугаар хуудас/ гэрч Б.М /хх-ийн 55 дугаар хуудас/, хохирогч Д.Н /хх-ийн 29-30, 39-40 дүгээр хуудас/, хохирогч Н.Э /хх-ийн 33-34 дүгээр хуудас/, хохирогч ******* /хх-ийн 32-33 дугаар хуудас/ нарын мөрдөн шалгах ажиллагааны шатанд өгсөн мэдүүлэг, шүүгдэгч А.Б мөрдөн шалгах ажиллагааны шатанд болон шүүх хуралдааны хэлэлцүүлэгт өгсөн мэдүүлэг, гэмт хэргийн талаархи гомдол, мэдээлэл хүлээн авсан тухай тэмдэглэл /хх-ийн 25/, эрүүгийн хэргийг нэтгэх тухай Прокурорын тогтоол /хх-ийн 10-11, 13 дугаар хуудас/, эд зүйлийн үнэлгээ /хх-ийн 74-76 дугаар хуудас/ зэрэг шүүх хуралдаанаар хэлэлцсэн дээрх нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдож байх тул шүүгдэгч А.Б бусдын итгэмжлэн хариуцуулсан эд хөрөнгийг завшсан гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцох нь зүйтэй байна.
Прокурорын газраас шүүгдэгч А.Б Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн нь үндэслэлтэй, хэргийн зүйлчлэл зөв байна гэж шүүх дүгнэв.
Гэмт хэргийн улмаас учирсан хохирлын хувьд:
Шүүгдэгч А.Б бусдын итгэмжлэн хариуцуулсан эд хөрөнгийг завшиж хохирогч Д.Н 1.600.000 төгрөгийн, хохирогч Д.Ж 1.200.000 төгрөгийн, хохирогч Н.Э 1000000 төгрөгийн хохирол тус тус учруулсан болох нь хавтаст хэрэгт авагдсан эд зүйлийн үнэлгээгээр тогтоогдож байна.
Хохирогч Н.Э нь гомдол санал, нэхэмжлэх зүйлгүй гэж байх тул шүүгдэг А.Б хохирогч Н.Э төлөх төлбөргүй гэж үзлээ.
Харин шүүгдэгч А.Б 1.600.000 төгрөг гаргуулж хохирогч Д.Н, 1.200.000 төгрөгийг гаргуулж хохирогч Д.Ж тус тус олгох нь зүйтэй байна.
Шүүгдэгч нарт эрүүгийн хариуцлага хүлээлгэх талаар:
Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “Энэ хуульд заасан гэмт хэрэг үйлдсэн нь шүүхээр тогтоогдсон гэм буруутай хүнд эрүүгийн хариуцлага хүлээлгэнэ” гэж заасныг баримтлан шүүгдэгч А.Б үйлдсэн гэмт хэрэгт нь эрүүгийн хариуцлага оногдуулах нь зүйтэй гэж үзлээ.
Шүүх хуралдаанаар шинжлэн судлагдсан, хавтаст хэрэгт авагдсан дээрх нотлох баримтуудыг үндэслэн шүүгдэгч А.Б Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэргийг үйлдсэнд гэм буруутайд тооцсон тул гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, гэмт хэрэг үйлдсэн хүний хувийн байдал, эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдлыг тал бүрээс нь харгалзан үзэж эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй байна гэж шүүх дүгнэлээ.
Шүүгдэгч А.Б Эрүүгийн хуулийн Ерөнхий ангийн 6.5, 6.6 дугаар зүйлд заасан эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдохгүй байна.
Шүүгдэгч А.Б нь өөрийн гэм буруугаа хүлээн зөвшөөрч байгаа, гэмт хэрэг үйлдэж учруулсан хохирлоо төлж барагдуулахаа илэрхийлсэн зэрэг нөхцөл байдлыг харгалзан түүнд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 8 сарын хугацаагаар хорих ял оногдуулах нь зүйтэй байна.
Энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн зүйлгүй, эд хөрөнгө битүүмжлэгдээгүй, шүүгдэгч нь цагдан хоригдсон хоноггүй болохыг тус тус дурдах нь зүйтэй байна.
Бичиг баримтаар хураагдан ирсэн шүүгдэгч А.Б-г ЖА....... тоот регистрийн дугаартай иргэний цахим үнэмлэхийн лавлагааг Дорнод аймаг дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газрын Цагдан хорих байранд хүргүүлэх нь зүйтэй байна.
Монгол Улсын Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2 дугаар зүйлийн 1-4, 36.6, 36.7, 36.8, 36.10 дугаар зүйлүүдийг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:
1. Шүүгдэгч ******* овогт А.Б-г бусдын итгэмжлэн хариуцуулсан эд хөрөнгийг завших гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.
2. Шүүгдэгч А.Б-г Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 8 /найм/ сарын хугацаагаар хорих ялаар шийтгэсүгэй.
3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч А.Б-т оногдуулсан 8 /найм/ сарын хугацаагаар хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлсүгэй.
4. Хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн зүйлгүй, битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, шүүгдэгч нь цагдан хоригдсон хоноггүй болохыг тус тус дурдаж, баримт бичгээр хураагдаж ирсэн шүүгдэгч А.Б ЖА.............. тоот регистрийн дугаартай иргэний үнэмлэхийн лавлагааг Дорнод аймаг дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газрын Цагдан хорих байранд нэн даруй хүргүүлсүгэй.
5. Шүүгдэгч А.Б 1.600.000 төгрөг гаргуулж Дорнод аймгийн Баян-Уул сумын 2 дугаар багт оршин суух хохирогч Д.Н /ЖВ/-д, 1.200.000 төгрөгийг гаргуулж Дорнод аймгийн...... сумын .... дүгээр багт оршин суух хохирогч Д.Ж /ЖА/-д тус тус олгосугай.
6. Шийтгэх тогтоол уншиж сонсгосноор хүчинтэй болох ба шүүгдэгчид авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг өөрчилж, цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээ авсугай.
7. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар прокурор, дээд шатны прокурор, оролцогч нар шийтгэх тогтоолыг эс зөвшөөрвөл шийдвэрийг гардан авснаас хойш, эсвэл энэ хуулийн 11.9 дүгээр зүйлд заасны дагуу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Дорнод аймгийн Эрүү, иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд тус шүүхээр дамжуулан давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэй болохыг мэдэгдсүгэй.
8. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 37.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар анхан шатны шүүхийн шийдвэрт гомдол, эсэргүүцэл гаргасан бол шүүхийн шийдвэрийн биелэлт түдгэлзэхийг дурдсугай.
ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Б.БАТСАЙХАН