| Шүүх | Дорнод аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Болдбаатарын Батсайхан |
| Хэргийн индекс | 168/2020/0026/Э |
| Дугаар | 2020/ШЦТ/21 |
| Огноо | 2020-01-13 |
| Зүйл хэсэг | 17.1.2.1., |
| Улсын яллагч | Э.Идэрбат |
Дорнод аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол
2020 оны 01 сарын 13 өдөр
Дугаар 2020/ШЦТ/21
Дорнод аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Б.Батсайхан даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны "А" танхимд нээлттэй явуулсан эрүүгийн хэргийн шүүх хуралдаанаар:
Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Саранчимэг
Улсын яллагч Э.Идэрбат
Шүүгдэгчийн өмгөөлөгч М
Шүүгдэгч Н.Н нарыг оролцуулан Дорнод аймгийн Прокурорын газрын хяналтын прокурор Э.Идэрбатаас Монгол Улсын Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1-д заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Солонго овогт Н.Н холбогдох эрүүгийн 1921...... дугаартай хэргийг 2020 оны 01 дүгээр сарын 09-ний өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.
Шүүгдэгчийн биеийн байцаалт:
Монгол Улсын иргэн, 19... оны 04 дүгээр сарын 28-ны өдөр Дорнод аймгийн Баян-Уул суманд төрсөн, ..... настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, мэргэжилгүй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл 1, Дорнод аймгийн Баян-Уул сумын 6 дугаар багт оршин суух, улсаас авсан гавъяа шагнал, ял шийтгэл үгүй, Солонго овогт Н.Н . /РД: ЖО........../,
Холбогдсон хэргийн талаар яллах дүгнэлтэд дурдсанаар:
Шүүгдэгч Н.Н нь 2019 оны 02 дугаар сарын 27-ны өдөр Дорнод аймгийн .......... сумын ......дугаар багт оршин суух иргэн Б.М гэрт Х.Б Самсунг нөт-4 маркийн гар утас, түрийвчтэй виза карт, иргэний болон жолооны үнэмлэх зэрэг зүйлсийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авч хохирогчид 416.000 төгрөгийн хохирол учруулсан,
2019 оны 09 дүгээр сарын 5-наас 06-нд шилжих шөнө Дорнод аймгийн Хэрлэн сумын ..... дугаар багийн нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулдаг “А” пабад буюу үйл ажиллагаа явуулах зориулалттай орон байранд хууль бусаар нэвтрэн орж 149.400 төгрөгийн эд зүйл, бэлэн 240.000 төгрөгийг хулгайлж, хохирогч Г.А 389.400 төгрөгийн хохирол тус тус учруулсан гэмт хэрэгт холбогджээ.
ТОДОРХОЙЛОХ нь:
Шүүгдэгч Н.Н нь 2019 оны 02 дугаар сарын 27-ны өдөр Дорнод аймгийн Баян-Уул сумын 6 дугаар багт оршин суух иргэн Б.М гэрт Х.Б Самсунг нөт-4 маркийн гар утас, түрийвчтэй виза карт, иргэний болон жолооны үнэмлэх зэрэг зүйлсийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авч хохирогчид 416.000 төгрөгийн хохирол учруулсан,
2019 оны 09 дүгээр сарын 5-наас 6-нд шилжих шөнө Дорнод аймгийн Хэрлэн сумын 6 дугаар багийн нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулдаг “……” пабад буюу үйл ажиллагаа явуулах зориулалттай орон байранд хууль бусаар нэвтрэн орж 149.400 төгрөгийн эд зүйл, бэлэн 240.000 төгрөгийг хулгайлж, хохирогч Г.Амартуяад 389.400 төгрөгийн хохирол учруулсан гэмт хэргийг үйлдсэнд тус тус холбогдуулан Дорнод аймгийн Прокурорын газрын хяналтын Прокурор Э.Идэрбатаас Монгол Улсын Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1-д зааснаар яллах дүгнэлт үйлдэж, эрүүгийн 19210............. дугаартай хэргийг шүүхэд ирүүлжээ.
Шүүхийн хэлэлцүүлгээр яллах, цагаатгах болон бусад нотлох баримтуудыг тал бүрээс нь бүрэн бодитой шинжлэн судлав. Үүнд:
Шүүгдэгчийн гэм буруугийн талаар:
Шүүгдэгч Н.Н нь 2019 оны 02 дугаар сарын 27-ны өдөр Дорнод аймгийн ....... сумын .......дугаар багт оршин суух иргэн Б.М гэрт Х.Б Самсунг нөт-4 маркийн гар утас, түрийвчтэй виза карт, иргэний болон жолооны үнэмлэх зэрэг зүйлсийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авч хохирогчид 416.000 төгрөгийн хохирол учруулсан гэмт хэргийг үйлдсэн гэм буруутай болох нь:
Гэрч Н.О мөрдөн шалгах ажиллагааны шатанд өгсөн: “...2019 оны 02 дугаар сарын 28-ны өдөр гэртээ байж байхад ...14 цагийн орчим Н.Н нь ганцаараа ирээд би ажиллуулж мэдэхгүй ухаалаг утас байна. Чи надад хоёр шил архи авч өгөөд энэ утсыг ав гэж хэлсэн. Тэгэхээр нь би Х гэх хүний хүнсний дэлгүүрээс 1 шил Улаанбаатар нэртэй архи авч өгөөд уг утсыг нь авсан. Би уг утсыг авахаасаа өмнө Н хандаж наад утас чинь хулгайн утас биш биз дээ гээд зөндөө асуусан. Тэгсэн чинь Н нь би наад утсыг чинь олсон юм. Би ажиллуулж мэдэхгүй болохоор зарж байна гэхээр нь би хэлсэн үгэнд нь итгээд архи авж өгөөд утасыг нь авсан...” гэх мэдүүлэг /хх-ийн 52-53 дугаар хуудас/,
Гэрч Б.М мөрдөн шалгах ажиллагааны шатанд өгсөн: “...2019 оны 02 дугаар сарын 27-ны өдөр гэртээ байж байхад 16 цагийн орчим Б, Н, И нар Улаанбаатар гэх нэртэй архи авч ирээд манай гэрт уусан. ...тэгээд И явлаа гээд зүүн зүг рүү яваад өгсөн. Тэгэхээр нь би гэртээ орсон чинь Н газар унтаж байсан. Мөн яг намайг орох үеэр Б.Н дээрээс нь унаад өгсөн. ...Н 30-аас 40 минут хэвтэж байгаад босоод гэрээс гараад явсан. ...тэгсэн чинь шөнө 23 цагийн орчим Б эхнэр ирээд Батхишигийг сэрээгээд аваад явсан. ...1 цаг орчмын дараа Б эхнэр манай эхнэр рүү залгаад Б гар утас болон түрийвчтэй эд зүйлийг харсан уу гэж асуусан...” гэх мэдүүлэг /хх-ийн 56-57 дугаар хуудас/,
Гэрч Л.И мөрдөн шалгах ажиллагааны шатанд өгсөн: “...2019 оны 02 дугаар сарын 27-ны өдөр 14-өөс 15-н цагийн орчим Х гэх хүний дэлгүүрийн гадаад явж байхад Х.Б таарсан. Тэгээд Б дэлгүүрт ороод нэг шил архи авсан. Тэгээд архиа ахмадын байрны урд талд уугаад дуусгасан. Тэгээд эргээд дэлгүүр ороод Б ахиад нэг шил архи аваад шууд М ахын гэрт нь очсон. Тэгээд М ахын гэрт очоод нэг шил архиа задлаад талыг ууж байхад Н, Б нар хоорондоо яриад байхаар нь би ...гараад явсан...” гэх мэдүүлэг /хх-ийн 58-59 дүгээр хуудас/,
Хохирогч Х.Б мөрдөн шалгах ажиллагааны шатанд өгсөн: “...би аав, ээжийн дэлгүүр дээр юм буулгаж байхад Н, И ах нар манай дэлгүүр дээр ирэхээр нь би дэлгүүрээс “Чингис” нэртэй 0.75 грамын архи аваад Н, И ах нартай хамт хуучин сургуулийн шатан дээр очиж нөгөө архиа хувааж уусан. Ингээд би дахин дэлгүүр рүү очоод 0.75 граммын “Улаанбаатар” нэртэй архи аваад И, Н нарын хамтаар М гэх ахын гэрт очоод нөгөө архиа хувааж ууж байгаад ...би унтлаа гээд хэвтсэн үүнээс хойш юу болсныг мэдэхгүй. Ингээд орой 23 цагийн орчимд манай эхнэр Д нь М ахын гэрт ирээд намайг сэрээхэд ...миний гар утас, хэтэвч байхгүй, болсон байсан. Харин надтай хамт ирсэн И, Н ах нар байхгүй байсан. ...7 долоо хоногийн дараа “....” гэх газарт байх Б гэх нагац ахтай нь уулзахад “Н надад чиний гар утсыг аваад хүнд архинд өгсөн гэж хэлсэн” гэж хэлсэн тэгэхээр нь Б цагдаатай уулзаад Н хайж олоод гар утас болон, хэтэвчээ асуухад Н “би гар утас, хэтэвчийг чинь авсан, гар утсыг нь О 1 шил архиар зарсан, хэтэвчийг чинь модон доогуур нуусан” гэж хэлэхээр нь тэр доороо Н аваад “..............”-руу очиж эхлээд О уулзаж гар утсаа авсан, дараа нь хэтэвч нуусан газрыг нь хайлгасан чинь Н ах нуусан газраа олохгүй байсан. ...хэд хоногийн дараа Ө ах “түлээгээ тайрч байхад хэтэвчийг чинь оллоо” гэж хэлээд надад өгсөн. ...Н ахаас бүх зүйлээ бүрэн бүтэн хүлээж авсан болохоор гомдол санал нэхэмжлэх зүйл байхгүй...” гэх мэдүүлэг /хх-ийн 45-46 дугаар хуудас/,
Шүүгдэгч Н.Н мөрдөн шалгах ажиллагаа болон шүүх хуралдаанд өгсөн: “...2019 оны 09 дүгээр сарын 5-ны өдрөөс 6-нд шилжих шөнө цагийг нь санахгүй байна “А” нэртэй пабын хаалгыг татахад хаалга нь онгорхой байхаар нь дотогш орсон чинь гэрэлгүй харанхуй байхаар нь баарны лангуун дээрээс 2 шил архи авсан. Таксины жолоочтой уулзаад нөгөө 2 шил архиа зарахаар болсон. ...буцаж нөгөө газар руу гүйж ороод дахин 3 шил архи нэмж аваад 5 шил архиа нөгөө таксины жолоочид 28.000 төгрөгөөр зарсан. ...би баарнаас нэг эмэгтэй хүний туртик өмсөөд гарсан тэгээд хог түүдэг эгч явж байхаар нь тэр куртикийг өмс гээд өгчихсөн. Би тэр эгчийг болох танихгүй, хаана гэр нь байдаг талаар мэдэхгүй. ...би тэр таксины жолоочийг танихгүй, мөн машины марк, улсын дугаарыг нь мэдэхгүй. Өөрийн хийсэн хэрэгтээ гэмшиж байна. Бусдад учруулсан хохирлоо нөхөн төлөх болно...” гэх мэдүүлэг /хх-ийн 32-33, 106-107 дугаар хуудас/,
Вендо ХХКомпани Хөрөнгийн үнэлгээний тайлан /хх-ийн 66-73 дугаар хуудас/,
Дорнод аймгийн ..............сумын эд зүйлийн үнэлгээ /хх-ийн 47 дугаар хуудас/ зэрэг нотлох баримтаар,
Шүүгдэгч Н.Н нь 2019 оны 09 дүгээр сарын 5-наас 6-нд шилжих шөнө Дорнод аймгийн Хэрлэн сумын .... дугаар багийн нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулдаг “А” пабад буюу үйл ажиллагаа явуулах зориулалттай орон байранд хууль бусаар нэвтрэн хохирогч Г.А 389.400 төгрөгийн хохирол учруулсан гэмт хэргийг үйлдсэн гэм буруутай болох нь
Гэрч Х.У мөрдөн шалгах ажиллагааны шатанд өгсөн: “...өглөө 08 цагийн үед паб дээрээ ирсэн чинь хаалга нь онгорхой байхаар нь ороход ...нийт 7 ширхэг архи, 2 ширхэг ундаа, орлого блох 240.000 төгрөг хулгайд алдагдсан байсан. Архи нь 1 литрийн 1 ширхэг Эдэн архи нь 50.000 төгрөг, 0.75 литрийн 1 ширхэг хар Экс архи нь 35.000 төгрөг, 0.75 литрийн 1 ширхэг цэнхэр Экс архи нь 35.000 төгрөг, 0.75 литрийн 1 ширхэг Улаанбаатар архи нь 35.000 төгрөг, 0.75 литрийн 1 ширхэг Алтантүрүү архи нь 35.000 төгрөг, 0.5 литрийн 1 ширхэг хар экс архи нь 25.000 төгрөг, 0.5 литрийн 1 ширхэг цэнхэр экс архи нь 25.000 төгрөг, 1 литрийн 2 ширхэг хайрцагтай “Фрутта” ундаа тус бүрдээ 5000 төгрөгийн үнэтэй. Ингээд нийт архи, ундаа нь 250.000 мянган төгрөг, бэлэн мөнгөтэйгээ нийлээд 490.000 мянган төгрөгийн хохирол учирсан...” гэх мэдүүлэг /хх-ийн 23, 28-29 дүгээр хуудас/,
Хохирогч Г.А мөрдөн шалгах ажиллагааны шатанд өгсөн: “...2019 оны 09 дүгээр сарын 06-ны өглөө 08 цаг 30 минутын үед манай бармен У нь над руу залгаад “эгчээ манай кафены хаалга онгорхой байна, хулгай орсон юм шиг байна” гэж хэлсэн тэгэхээр нь би У “цагдаа дууд гэж хэлсэн. Манай кафенаас “Эдэн” гэх нэртэй 1 литрийн архи 1 ширхэг /50.000 төг/, “Улаанбаатар” нэртэй 0.75 литрийн архи 1 шил /35.000 төг/ “Экс” нэртэй /хар шилтэй/ 0.75 литрийн архи 1 ширхэг /35.000төг/, “Экс” нэртэй /цэнхэр шилтэй/ 0.75 литрийн архи 1 ширхэг /35.000төг/, “Алтан түрүү” нэртэй 0.75 литрийн арх 1 шил /35.000төг/, “Экс” нэртэй /хар шилтэй/ 0.5 литрийн архи 1 ширхэг /25.000 төг/, “Экс” нэртэй /цэнхэр шилтэй/ 0.5 литрийн архи 1 шил нийт 7 шил архи, алдсан мөн лангуун дээр байсан бэлэн 240.000 төгрөг, “Алпен голд” нэртэй 5 ширхэг шоколад /1 ширхэг 3500 төгрөг/, “Фрутта” нэртэй 1 литрийн савлагаатай 2 ширхэг ундаа / 1ширхэг нь 3500 төгрөг/ гэх зүйлс хулгайд алдсан. ...Үнэлгээний комиссын үнэлсэн үнэлгээ нь миний дэлгүүрээс авсан үнэтэй ижил байна. ...орлого 240.000 төгрөг байсан. ...хяналтын камерын бичлэгт тэр хүн лангуун доороос мөнгө аваад халаасандаа хийж байсан, 7 шил архийг 3 удаагийн үйлдлээр зөөж байсан. ...хулгай хийсэн хүнээс хохирлоо аваагүй байгаа иймд дээрх хохирлоо нэхэмжилж байна...” гэх мэдүүлэг /хх-ийн 19-20 дугаар хуудас/,
Шүүгдэгч Н.Н мөрдөн шалгах ажиллагаа болон шүүх хуралдаанд өгсөн: “...2019 оны 02 дугаар сарын сүүлээр би Б уулзаад дэлгүүр рүү явж байхад нутгийн танил дүү Б дэлгүүрийн гадаа зогсож байсан ...Б дахин дэлгүүр рүү очиж ирэхдээ 1 шил том “Чингис” нэртэй архи авчирсан тэгээд тэр архийг хувааж бид нар уусан. Ингээд оройхон нар шингэх үеэр Б, И бид нар М ахын гэр рүү очиж унтаж амарсан. Ингээд би хэсэг унтаж байгаад сэрэхэд Б миний хажууд унтаж байхаар нь би гар утас /нэрийг нь мэдэхгүй гэв/ хэтэвчийг нь аваад М ахын гэрээс гараад Б.О гэх айлын гэрийн гадаа очиж О дуудаж уулзаад “гар утас зарна авах уу” гэхэд ...О аваад надад “Улаанбаатар” нэртэй 1 шил архи авч өгсөн. ...тэгээд гэр лүүгээ харих замдаа Ө гэх айлын хашаа руу ороод түлээнийх нь хажууд хэтэвчийг нь нууж орхиод шууд гэр лүүгээ орж амарсан...” гэх мэдүүлэг /хх-ийн 78-79 дүгээр хуудас/,
- Эрүүгийн хэргийг нэгтгэх тухай Прокурорын тогтоол /хх-ийн 05 дугаар хуудас/
- Гэмт хэргийн талаархи гомдол, мэдээлэл хүлээн авсан тухай тэмдэглэл /хх-ийн 10 дугаар хуудас/,
- Хяналтын камерт үзлэг хийсэн тэмдэглэл /хх-ийн 6-9 дүгээр хуудас/,
-Хэргийн газрын үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт /хх-ийн 11 -12 дугаар хуудас/,
- Хэрлэн сумын Үнэлгээний комиссын эд зүйлийн үнэлгээ /хх-ийн 21-22 дугаар хуудас/ зэрэг хавтаст хэрэгт авагдсан болон шүүх хуралдаанаар хэлэлцсэн дээрх нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдож байх тул шүүгдэгч Солонго овогт Н.Н бусдын эд хөрөнгийг хүч хэрэглэхгүйгээр нууцаар хууль бусаар авсан, уг гэмт хэргийг үйл ажиллагаа явуулах зориулалттай орон байранд нэвтэрч үйлдсэн гэм буруутайд тус тус тооцох нь зүйтэй байна.
Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 3 хэсэгт “...энэ хуулийн тусгай ангид заасан нэг гэмт хэргийн шинжийг хэд хэдэн удаагийн үйлдэл, эс үйлдэхүйгээр хангасан байвал үргэлжилсэн нэг гэмт хэрэг үйлдсэнд тооцоно...” гэж заасны дагуу шүүгдэгч Н.Н Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1-д зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн нь үндэслэлтэй, хэргийн зүйлчлэл зөв байна гэж шүүх дүгнэв.
Шүүгдэгч Н.Н хувийн байдлын талаар: Шүүгдэгчийн иргэний үнэмлэхний лавлагаа, оршин суугаа газрын тодорхойлолт, эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас, мөрдөгчийн тэмдэглэл /хх-ийн 81-86 дугаар хуудас/ зэрэг нотлох баримтуудыг шинжлэн судлав.
Эрүүгийн 19210........ дугаар хэрэгт авагдаж шүүхийн хэлэлцүүлгээр шинжлэн судалсан дээрх нотлох баримтуудыг цуглуулах буюу бэхжүүлэхдээ Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл, журмын дагуу авсан байх тул хэргийг хянан шийдвэрлэхэд хамааралтай, ач холбогдолтой, хууль ёсны, хангалттай байна гэж шүүх үнэллээ.
Мөрдөн шалгах ажиллагааны шатанд нотолбол зохих байдлуудыг бүрэн шалгаж тогтоосон, хэргийн оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрхийг хязгаарлах замаар эсхүл бусад хэлбэрээр шүүхээс хэргийг бүх талаар хэлэлцэхэд саад болж, хууль ёсны ба үндэслэл бүхий тогтоол гаргахад сөргөөр нөлөөлж болохуйцаар Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн шаардлагыг ноцтой зөрчөөгүй, Эрүүгийн хуулийг буруу хэрэглээгүй байна гэж шүүх үзлээ.
Гэмт хэргийн улмаас учирсан хохирлын хувьд:
Шүүгдэгч Н.Н 389.400 төгрөг гаргуулж хохирогч Т.А олгох нь зүйтэй байна. Харин хохирогч Х.Б нь гомдол санал, нэхэмжлэх зүйлгүй гэсэн болохыг дурдах нь зүйтэй байна.
Шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэх талаар:
Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “Энэ хуульд заасан гэмт хэрэг үйлдсэн нь шүүхээр тогтоогдсон гэм буруутай хүнд эрүүгийн хариуцлага хүлээлгэнэ” гэж заасныг баримтлан шүүгдэгч Н.Н үйлдсэн гэмт хэрэгт нь эрүүгийн хариуцлага оногдуулах нь зүйтэй гэж үзлээ.
Шүүх хуралдаанаар шинжлэн судлагдсан, хавтаст хэрэгт авагдсан дээрх нотлох баримтуудыг үндэслэн шүүгдэгч Н.Н Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1-д заасан гэмт хэргийг үйлдсэнд гэм буруутайд тооцсон тул гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, гэмт хэрэг үйлдсэн хүний хувийн байдал, эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдлыг тал бүрээс нь харгалзан үзэж эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй байна гэж шүүх дүгнэлээ.
Шүүгдэгч Н.Н нь анх удаа гэмт хэрэг үйлдсэн нь Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1-т заасан эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх нөхцөл байдал болох бөгөөд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.6 дугаар зүйлд заасан эрүүгийн хариуцлага хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдохгүй байна.
Шүүгдэгч Н.Н Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1-д зааснаар 2 жилийн хугацаагаар хорих ял оногдуулах нь зүйтэй гэж үзлээ.
Энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн зүйлгүй, эд хөрөнгө битүүмжлэгдээгүй, шүүгдэгч нь цагдан хоригдоогүй болохыг тус тус дурдах нь зүйтэй байна.
Баримт бичгээр хураагдан ирсэн шүүгдэгч Н.Н иргэний үнэмлэхийн лавлагааг Дорнод аймаг дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газрын Цагдан хорих байранд нэн даруй хүргүүлэх нь зүйтэй байна.
Монгол Улсын Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2 дугаар зүйлийн 1-4 дэх хэсэг, 36.6, 36.7, 36.8, 36.10 дугаар зүйлд заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:
1. Шүүгдэгч Солонго овогт Н.Н-г үргэлжилсэн үйлдлээр, бусдын эд хөрөнгийг хүч хэрэглэхгүйгээр нууцаар хууль бусаар авсан, уг гэмт хэргийг үйл ажиллагаа явуулах зориулалттай орон байранд нэвтэрч үйлдсэн гэм буруутайд тус тус тооцсугай.
2. Шүүгдэгч Н.Н Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт заасныг журамлан мөн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1-т зааснаар 2/ хоёр/ жилийн хугацаагаар хорих ялаар шийтгэсүгэй.
3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 3, 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Н.Н оногдуулсан 2 /хоёр/ жилийн хугацаагаар хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлсүгэй.
4. Шүүгдэгч Н.Н 389.400 /гурван зуун наян есөн мянга дөрвөн зуу/ төгрөгийг гаргуулж хохирогч Дорнод аймгийн Хэрлэн сумын 10 дугаар баг ..................тоотод оршин суух Г.А олгосугай.
5. Энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн зүйлгүй, битүүмжлэгдсэн хөрөнгөгүй, хохирогч Х.Б төлөх төлбөргүй болохыг тус тус дурдаж, шүүгдэгч Н.Н ЖО............. регистрийн дугаартай иргэний үнэмлэхийн лавлагааг Дорнод аймаг дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газрын цагдан хорих байранд нэн даруй хүргүүлсүгэй.
6. Шийтгэх тогтоол уншиж сонсгосноор хүчинтэй болох ба шүүгдэгч Н.Н авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол хэвээр үргэлжлүүлсүгэй.
7. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар тогтоолыг эс зөвшөөрвөл оролцогч нар тогтоолыг гардан авсан буюу энэ хуулийн 11.9 дүгээр зүйлд заасны дагуу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Дорнод аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэй болохыг мэдэгдсүгэй.
8. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 37.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар анхан шатны шүүхийн шийдвэрт гомдол, эсэргүүцэл гаргасан бол шүүхийн шийдвэрийн биелэлт түдгэлзэхийг дурдсугай.
ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Б.БАТСАЙХАН