Сэлэнгэ аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2017 оны 10 сарын 11 өдөр

Дугаар 66

 

Сэлэнгэ аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн эрүүгийн хэргийн шүүх хуралдааны бүрэлдэхүүнд:

Даргалагч,

Ерөнхий шүүгч                   Б.Батзориг

Шүүгчид                             Ц.Амаржаргал

                                                                    Д.Буянжаргал

                                  Оролцогчид:

Прокурор                           А.Ариунзаяа  

Шүүгдэгчийн өмгөөлөгч    А.Отгонбаяр

                                Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Болормаа нар оролцож, Сэлэнгэ аймаг дахь сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч С.Нолхоосүрэн даргалж шийдвэрлэн, шүүх хуралдаанаас гаргасан 2017 оны 08 дугаар сарын 24-ний өдрийн  111 дугаартай шийтгэх тогтоолыг эс зөвшөөрч бичсэн шүүгдэгчийн өмгөөлөгч А.Отгонбаярын давж заалдах гомдлоор прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1-д заасан гэмт хэрэгт Бичээч овогт Өлзийсайханы Эрдэнэбатад холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн, эрүүгийн 1731000210013 дугаартай, 148/2017/0106/Э индекстэй, 1 хавтас хэргийг 2017 оны 09 дүгээр сарын 15-ны өдөр хүлээн авч, тус шүүхийн шүүх хуралдааны танхимд шүүгч Д.Буянжаргалын илтгэснээр хянан хэлэлцэв.

Биеийн байцаалт:

Монгол Улсын иргэн, 1999 оны 06 дугаар сарын 20-нд Сэлэнгэ аймгийн Сүхбаатар суманд төрсөн, эрэгтэй, 18 настай, бүрэн дунд боловсролтой, дохиолол холбооны монтёр мэргэжилтэй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл 3, Сэлэнгэ аймаг Сүхбаатар сумын 7 дугаар баг Ганзам 3 дугаар хэсэг 7-3 тоотод оршин суух хаягтай, улсаас авсан гавъяа шагналгүй, ял шийтгэлгүй, бие эрүүл, ухаан мэдрэл бүрэн, үйлдсэн хэргээ хариуцах чадвартай гэх, Бичээч овогт Өлзийсайханы Эрдэнэбат  /РД:МЮ99062011/

Прокурорын яллах дүгнэлтэд бичигдсэнээр

Яллагдагч Ө.Эрдэнбат нь нь 2017 оны 07 дугаар сарын 12-ны өдөр 12 цагийн үед Сэлэнгэ аймгийн Сүхбаатар сумын 7 дугаар баг 7-3 тоотод Я.Алтанхүүгийн нүүр рүү цохиж эрүүл мэндэд нь хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ.

Анхан шатны шүүх Ө.Эрдэнэбатад холбогдох эрүүгийн хэргийг 08 дугаар сарын 24-ний өдөр хянан хэлэлцэж, 111 дугаартай шийтгэх тогтоолоор:

-Шүүгдэгч Бичээч овогт Өлзийсайханы Эрдэнэбатыг Эрүүгийн хуулийн  ерөнхий ангийн 1.4-р зүйлийн 1 дэх  хэсэгт зааснаар “Хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулах” гэмт хэрэгт  гэм буруутайд тооцож,

-Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6-р зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Бичээч овогт Өлзийсайханы Эрдэнэбатыг 450 /дөрвөн зуун тавин/ нэгжээр торгох  ялаар шийтгэж,

-Эрүүгийн хуулийн  ерөнхий ангийн 5.3-р зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар ялтан Ө.Эрдэнэбатын цалин хөлс, бусад орлого олох боломжийг  харгалзан торгох ялыг 2 сарын хугацаатайгаар хэсэгчлэн төлүүлэхээр тогтоож,

-Эрүүгийн хуулийн  ерөнхий ангийн 5.3-р зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар ялтан торгох  ялыг биелүүлээгүй бол  шүүх биелэгдээгүй торгох  ялын 15 нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг  нэг хоногоор тооцож  хорих ялаар солихыг шүүгдэгч Ө.Эрдэнэбатад мэдэгдэж,

-Шүүгдэгч Ө.Эрдэнэбат нь энэ гэмт хэрэгт цагдан хоригдсон хоноггүй,  бусдад төлөх төлбөргүй, битүүмжлэгдсэн хөрөнгөгүй, эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй болохыг тус тус  дурьдан,

-Эрүүгийн  хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.5-р зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар хохирогч нь энэ гэмт хэргийн улмаас учирсан гэмтэлд цаашид эмчилгээ хийлгэвэл нотлох баримтаа бүрдүүлэн Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх журмаар нэхэмжлэлээ хангуулах эрхтэй болохыг дурьдан,

-Шүүгдэгч Ө.Эрдэнэбатад урьд авсан хувийн баталгаа гаргах  таслан сэргийлэх арга хэмжээг, шүүхийн шийдвэр хүчин төгөлдөр болтол хэвээр үлдээж шийдвэрлэжээ.

Шүүгдэгчийн өмгөөлөгч А.Отгонбаяр давж заалдах гомдол болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “...Сэлэнгэ аймаг дахь сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 111 дугаартай шийтгэх тогтоолыг эс зөвшөөрч давж заалдаж байна. Үүнд:

1. Ө.Эрдэнэбат нь Монгол Улсын Эрүүгийн хуулийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “Хүний эрүүл мэндэд хөнгөн гэмтэл учруулах” гэмт хэргийг үйлдсэн нь хавтаст хэрэгт цуглуулсан нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдохгүй байна. Хавтаст хэрэгт хохирогч гэх Я.Алтанхүү нь бусдыг элдэв цээрийг үг хэллэгээр хараан доромжилж цохиулсны улмаас Шүүх шинжилгээний үндэсний хүрээлэнгийн шүүхийн шинжилгээний албаны шинжээчийн 2017 оны 236 дугаар дүгнэлтээр “...эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул эрүүл мэндийн хөнгөн зэрэгт хамаарна.” гэсэн дүгнэлт байх боловч тархи доргилт, баруун нүдний дээд доод зовхи, хацар шанаанд зөөлөн эдийн няцрал бүхий гэмтлүүд нь “хөнгөн” гэмтэл /хохирол/ мөн эсэх нь нотлогдон тогтоогдоогүй байна. Өөрөөр хэлбэл хохирогч гэх Я.Алтанхүү нь ямар нэгэн байдлаар эм тариа хэрэглээгүй, эмнэлгийн тусламж огт аваагүй ажил үүргээ хэвийн үргэлжлүүлэн хийсэн, эрүүл мэндийн хувьд хөнгөн хохироогүй талаараа шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлдэг. Тархи доргисон гэсэн нь эмч эмнэлгийн болон уламжлалт анагаахын ямар ч эмчилгээ хийлгээгүй байгаагаар няцаагдаж байна. Мөн эмнэлгийн чөлөө олгогдсон баримт байхгүй.

2. Гэмт хэргийн улмаас учруулсан хохирол нэхэмжилсэн зүйл байхгүй, энэ талаарх нотлох баримт огт үгүй байгаа нь хохирол учраагүйг давхар нотолж байгаа юм.

3. Ял шийтгэлээс чөлөөлөх бусад боломж нөхцөл бодит боломж нөхцөл байсан эсэх. Эдгээр нөхцөл байдлуудыг харгалзан үзэж түүнд холбогдох хэргийг “гэмт хэргийн шинжгүй” гэсэн үндэслэлээр хэрэгсэхгүй болгож өгнө үү.” гэжээ.

Давж заалдах шатны шүүх хуралдаанд оролцсон прокурор тайлбар, дүгнэлтдээ:

Давж заалдсан гомдлыг хүлээн авах боломжгүй юм. Мөрдөн байцаалтын шатанд хүний биед хийсэн шинжээчийн дүгнэлтийг хэргийн оролцогч нарт танилцуулж гарын үсэг зуруулсан. Ямар нэгэн санал хүсэлтийг гаргаагүй. Шинжээчийн дүгнэлт болон нотлох баримтыг шинжлэн судлах асуудалтай холбоотойгоор яллагдагчийг шүүхэд шилжүүлэх үед шүүхийн урьдчилсан хэлэлцүүлгийг хийж энэ асуудлыг шийдвэрлэх бүрэн боломж байсан. Ингээд гэм буруугийн асуудлыг шийдвэрлүүлсэн. Шүүх ямар нэгэн нотлох баримтгүйгээр хууль зүйн үндэслэлгүйгээр эрүүгийн хариуцлагад татсан, ял шийтгэсэн зүйл байхгүй.  Шинжээчийн дүгнэлт гаргахдаа хохирогч шинжээч эмчид өөрийн биеэр очиж үзүүлсэн, эмчлүүлсэн, Сэлэнгэ аймгийн нэгдсэн эмнэлгийн яаралтай түргэн тусламжийн тасагт очиж эмчлүүлсэн тэмдэглэл болон холбогдох баримтуудыг үндэслэн дүгнэлтээ гаргасан байдаг. …Иймд анхан шатны шүүхийн 111 тоот шийтгэх тогтоолыг хэвээр үлдээх саналтай байна гэв. 

Тодорхойлох нь:

Сэлэнгэ аймгийн Прокурорын газраас Ө.Эрдэнбат нь 2017 оны 07 дугаар сарын 12-ны өдөр 12 цагийн үед Сэлэнгэ аймгийн Сүхбаатар сумын 7 дугаар баг 7-3 тоотод Я.Алтанхүүгийн нүүр рүү цохиж эрүүл мэндэд нь хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэгт Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх зааснаар яллах дүгнэлт үйлдэж, хэргийг шүүхэд шилжүүлжээ.

Анхан шатны шүүх Ө.Эрдэнэбатад холбогдох эрүүгийн хэргийг 08 дугаар сарын 24-ний өдрийн 111 дугаартай шийтгэх тогтоолоор шүүгдэгч Бичээч овогт Өлзийсайханы Эрдэнэбатыг “Хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулах” гэмт хэрэгт  гэм буруутайд тооцож, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6-р зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Бичээч овогт Өлзийсайханы Эрдэнэбатыг 450 /дөрвөн зуун тавин/ нэгжээр торгох  ялаар шийтгэж, түүнд урьд авсан хувийн баталгаа гаргах  таслан сэргийлэх арга хэмжээг шүүхийн шийдвэр хүчин төгөлдөр болтол хэвээр үлдээхээр...тус тус зааж  шийдвэрлэжээ.

Шүүгдэгчийн өмгөөлөгч А.Отгонбаярын гаргасан давж заалдах гомдлын дагуу Ө.Эрдэнэбатад холбогдох хэргийн бүх ажиллагаа, шийдвэрийг бүхэлд нь хянахад Ө.Эрдэнбат нь нь 2017 оны 07 дугаар сарын 12-ны өдөр 12 цагийн үед Сэлэнгэ аймгийн Сүхбаатар сумын 7 дугаар баг 7-3 тоотод Я.Алтанхүүгийн нүүр рүү цохиж эрүүл мэндэд нь хөнгөн хохирол учруулсан гэмт хэргийг үйлдсэн болох нь хохирогч Я.Алтанхүүгийн мөрдөн байцаалт, шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн мэдүүлгүүд /хх-ийн /15-16,75-85-р ху/, гэрч Б.Долгорсүрэн /хх-ийн20-21-р ху/, С.Өлзийсайхан /хх-ийн 22-23-р ху/, Д.Ядмаа /хх-ийн 26-27-р ху/, Ж.Мөнхдэлгэр /хх-ийн 28-29-р ху/, шинжээч Т.Насанжаргал /35-р ху/ нарын мөрдөн байцаалтанд өгсөн мэдүүлгүүд болон Шүүхийн Шинжилгээний Үндэсний Хүрээлэнгийн шинжээчийн 2017 оны 07 дугаар сарын 19-ний ¹236 тоот шинжээчийн дүгнэлт болон хавтаст хэрэгт авагдсан бусад бичгийн нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдсон, мөрдөн байцаалт болон шүүхээс хэрэг хянан шийдвэрлэх явцад оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрхийг хасаж, хязгаарласан, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан шаардлагыг зөрчсөн гэх ноцтой зөрчил тогтоогдоогүй бөгөөд анхан шатны шүүх түүний гэм буруугийн асуудалд үндэслэл бүхий дүгнэлт хийж, хуульд заасан ял шийтгэлийг оногдуулсан байна.

Түүнчлэн хохирогчийн эрүүл мэндэд учирсан хохирлыг тогтоохоор Сэлэнгэ аймгийн Цагдаагийн газрын хэсгийн байцаагчийн 2017 оны 07 дугаар сарын 13-ны өдрийн Шинжээч томилж, шинжилгээ хийлгэх тогтоолын дагуу буюу Шүүхийн шинжилгээний тухай хуулийн 6 дугаар зүйлийн 6.1.2 дугаар зүйлд заасан шүүхийн шинжилгээ хийж дүгнэлт гаргахаар хуульд заасан журмын дагуу томилогдсон, тусгай мэдлэг, мэргэжил эзэмшсэн шинжээч Эрүүгийн хуулийн тусгай ангийн 21.4 дүгээр зүйл, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 27 дугаар зүйл, Шүүхийн Шинжилгээний тухай хууль болон хууль зүй дотоод хэргийн сайд, Эрүүл мэндийн сайдын 2010 оны 189/135 дугаар тушаалын  нэгдүгээр хавсралтаар батлагдсан “Гэмтлийн зэрэг тогтоох журам”-ын дагуу хохирогчийн биед үзлэг хийж, Сэлэнгэ аймгийн Нэгдсэн   эмнэлгийн 2017 оны 07 дугаар сарын 12-ны өдрийн 13 цаг 05 минутад яаралтай тусламж үзүүлсэн байдлын акт /хх-ийн 31-р ху/ зэргийг үндэслэн 2017 оны 07 дугаар сарын 19-ний өдөр ¹236 тоот дүгнэлт гаргасан нь хууль зөрчөөгүй байна.

Шүүгдэгч Ө.Эрдэнэбатад 2017 оны 08 дугаар сарын 03-ны өдөр ¹236 тоот шинжээчийн дүгнэлтийг /хх-ийн 33-р ху/ ,  2017 оны 08 дугаар сарын 16-ны өдөр хавтаст хэргийн материалыг тус тус танилцуулсан бөгөөд тухайн үед уг дүгнэлтийн талаар албан ёсны санал хүсэлт гаргаагүй байх тул шүүгдэгчийн өмгөөлөгч А.Отгонбаярын давж заалдах шатны шүүхэд гаргасан “…Шүүх шинжилгээний үндэсний хүрээлэнгийн шүүхийн шинжилгээний албаны шинжээчийн 2017 оны 236 дугаар дүгнэлтээр “...эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул эрүүл мэндийн хөнгөн зэрэгт хамаарна.” гэсэн дүгнэлт байх боловч тархи доргилт, баруун нүдний дээд доод зовхи, хацар шанаанд зөөлөн эдийн эдийн няцрал бүхий гэмтлүүд нь “хөнгөн” гэмтэл /хохирол/ мөн эсэх нь нотлогдон тогтоогдоогүй байна. Өөрөөр хэлбэл хохирогч гэх Я.Алтанхүү нь ямар нэгэн байдлаар эм тариа хэрэглээгүй, эмнэлгийн тусламж огт аваагүй ажил үүргээ хэвийн үргэлжлүүлэн хийсэн, эрүүл мэндийн хувьд хөнгөн хохироогүй талаараа шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлдэг. Тархи доргисон гэсэн нь эмч, эмнэлгийн болон уламжлалт анагаахын ямар ч эмчилгээ хийлгээгүй байгаагаар няцаагдаж байна. Мөн эмнэлгийн чөлөө олгогдсон баримт байхгүй. 2. Гэмт хэргийн улмаас учруулсан хохирол нэхэмжилсэн зүйл байхгүй, энэ талаарх нотлох баримт огт үгүй байгаа нь хохирол учраагүй давхар нотолж байгаа юм.3. Ял шийтгэлээс чөлөөлөх бусад боломж нөхцөл бодит боломж нөхцөл байсан эсэх. Эдгээр нөхцөл байдлуудыг харгалзан үзэж түүнд холбогдох хэргийг гэмт хэргийн шинжгүй гэсэн үндэслэлээр хэрэгсэхгүй болгож өгнө үү…” гэсэн гомдлын үндэслэлийг хүлээн авах боломжгүй байна.

Иймд Сэлэнгэ аймаг дахь сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны  08 дугаар сарын 24-ний өдрийн  111 дугаартай шийтгэх тогтоолыг хэвээр үлдээж, шүүгдэгчийн өмгөөлөгч А.Отгонбаярын давж заалдах гомдлыг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэх нь зүйтэй гэж давж заалдах шатны шүүх хуралдаанаас дүгнэв.

Эрүүгийн хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.9 дүгээр зүйлийн 1.1-д заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Сэлэнгэ аймаг дахь сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны  08 дугаар сарын 24-ний өдрийн  111 дугаартай шийтгэх тогтоолыг хэвээр үлдээж, шүүгдэгчийн өмгөөлөгч А.Отгонбаярын давж заалдах гомдлыг хэрэгсэхгүй болгосугай.

2. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 40.1 дүгээр зүйлийн 1, 2 дахь хэсэгт зааснаар давж заалдах шатны шүүхийн шийдвэрийг гардуулсан, эсхүл хүргүүлснээс хойш 30 хоногийн дотор Эрүүгийн хуулийг буруу хэрэглсэн, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, эсхүл нөлөөлж болохуйц нөхцөл байдал тогоогдсон үндэслэлээр  оролцогч хяналтын журмаар гомдол, прокурор, дээд шатны прокурор эсэргүүцэл гаргаж болохыг дурдсугай.

 

                                          ДАРГАЛАГЧ                          Б.БАТЗОРИГ

                                       ШҮҮГЧИД                                  Ц.АМАРЖАРГАЛ 

                                                                                         Д.БУЯНЖАРГАЛ