Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2016 оны 11 сарын 21 өдөр

Дугаар 1901

 

 

 

 

 

 

 

 

 

Н.Бямбажавын нэхэмжлэлтэй иргэний

хэргийн тухай

                              

Нийслэлийн иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүх хуралдааныг Ерөнхий шүүгч Ж.Оюунтунгалаг даргалж, шүүгч Ц.Ичинхорлоо, Д.Цогтсайхан нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн давж заалдах шатны иргэний хэргийн шүүх хуралдаанаар

Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2016 оны 09 дүгээр сарын 08-ны өдрийн 101/ШШ2016/05730 дугаар шийдвэртэй,

Нэхэмжлэгч Н.Бямбажавын нэхэмжлэлтэй

Хариуцагч Б.Батболдод холбогдох

Гэм хорын хохиролд 10 485 229 төгрөг гаргуулах тухай иргэний хэргийг

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч С.Нэргүйгийн гомдлыг үндэслэн, шүүгч Д.Цогтсайханы илтгэснээр хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд:

Нэхэмжлэгч: Н.Бямбажав

Нэхэмжлэгчийн өмгөөлөгч: Б.Энх-Эрдэнэ

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч: С.Нэргүй

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга: Ө.Ган-Өнөр нар оролцов.

Нэхэмжлэгч Н.Бямбажав, түүний өмгөөлөгч Б.Энх-Эрдэнэ нар шүүхэд гаргасан нэхэмжлэл болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Миний бие Улаанбаатар төмөр замын Замын 2 дугаар ангийн 7 дугаар хэсгийн харьяа 406 дугаар гармын жижүүрээр ажиллаж байсан бөгөөд 2014 оны 10 дугаар сарын 26-аас 27-нд шилжих шөнө өглөө 06 цаг 32 минутын үед гармын дотор талын автозамыг цэвэрлэж байгаад УБЦ 80-90 дугаарын Хьюндэй Одиссей маркийн автомашинд мөргүүлж гэмтсэн. Уг гэмтлийн улмаас баруун дагз дайрсан шугаман хугарал, баруун дагзны зөөлөн эдэд хаван үүсч, хавдартай, бага зэргийн цус харвалттай гэсэн онош гарсан. Энэ ослоос болж ажлаасаа чөлөөлөгдөж ажилгүй, байнгын өвчин зовиуртай байсаар өнөөдрийг хүрлээ. Анх шүүхэд гаргасан нэхэмжлэлийн шаардлагаа 2016 оны 08 дугаар сарын 16-ны өдөр тодруулж, нэхэмжлэлийн зарим шаардлагаас татгалзаж, зарим шаардлагыг нэмэгдүүлсэн. Нэхэмжлэгч Н.Бямбажавын хувьд хариуцагчаас гэмт хэргийн улмаас учирсан гэм хорын хохиролд 19 291 539 төгрөг гаргуулахаар нэхэмжлэл гаргасан. Үүнээс Хятад улс руу явж эмчлүүлэх эмчилгээний төлбөр 10 000 000 төгрөгөөс татгалзаж, эмчилгээний зардлаа 1 193 690 төгрөгөөр нэмэгдүүлж, одоогийн байдлаар өмгөөллийн хөлс 1 000 000 төгрөг, эмчилгээний зардалд 2 656 290 төгрөг, 13 сарын хугацааны цалин хөлсний зөрүү 6 828 939 төгрөг, нийт 10 485 229 төгрөгийг нэхэмжилж байна. Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад нэхэмжлэгч болон хариуцагч аль аль талаас хүсэлт гаргасны дагуу Улаанбаатар төмөр замын Замын 2 дугаар ангиас нотлох баримт ирсэн. Уг баримтууд дотор ирсэн 2015 оны 03 дугаар сарын 12-ны өдрийн 78 тоот хөдөлмөрийн гэрээг цуцлах тухай тушаалаар Н.Бямбажавтай байгуулсан хөдөлмөрийн гэрээг 2015 оны 03 дугаар сарын 12-ны өдөр цуцалж, Н.Бямбажавт Хөдөлмөрийн тухай хуулийн 97 дугаар зүйлийн 97.1 дэх хэсэгт зааснаар 10 сарын хөдөлмөрийн хөлстэй тэнцэх хэмжээний нөхөн олговрыг олгосон. Уг тушаалаар ажил олгогчоос Хөдөлмөрийн тухай хуулийн 97 дугаар зүйлд заасны дагуу хөдөлмөрийн чадвараа тодорхой хувиар алдсаны нөхөн олговор авсан. Гэтэл энэ олгосон мөнгийг цалин хөлсний зөрүү төлөгдсөн гэж ойлгож байгаа нь үндэслэлгүй байна. Хавтаст хэрэгт Н.Бямбажавын хөдөлмөрийн чадвар алдалт болон нийгмийн даатгалын дэвтрийн хуулбар баримтууд авагдсан байгаа. Эдгээр байдлаас дүгнэхэд тухайн үед нэхэмжлэгч Н.Бямбажавын авах ёстой цалин хөлсний зөрүү олгогдоогүй байна гэж үзэж байна. Нэг сарын үндсэн цалин хөлсийг 986 629 төгрөгөөр бодож, ажлаас халагдсан өдрөөс өмнөх шүүх хуралдаан болсон өдөр хүртэлх хугацаа буюу 13 сард тооцож үзэхээр 6 828 939 төгрөгийн зөрүү гарч байгаа. Иймд нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж өгнө үү гэжээ.

Хариуцагч Б.Батболд, түүний итгэмжлэгдсэн төлөөлөгч С.Нэргүй нар шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Зөвшөөрөхгүй байх үндэслэл нь Н.Бямбажав нь цалин хөлсний зөрүү гэж нэхэмжилж байгаа. Ажил олгогчийн зүгээс Хөдөлмөрийн тухай хуулийн 42 дугаар зүйлийн 42.1 дэх хэсэгт заасан заалтын дагуу олгосон мөнгө нь тэтгэмж биш нөхөн олговор буюу цалин юм. Иймд Н.Бямбажав нь нэхэмжлэгч байгууллагаасаа үйлдвэрийн ослын актыг үндэслээд 100 хувь нөхөн олговор авсан байна. Мөн нийгмийн даатгалаас буюу Ган замаас 685 000 төгрөг авсан байдаг. Нэхэмжлэгч нь өөрийн хохирсон байдлаар далимдуулж давхар мөнгө нэхэмжлэх үндэслэлгүй юм. Дээрх зам тээврийн осол нь хоёр талын хэн хэнийх нь буруутай үйлдлээс гарсан. Явган зоригч мөн замын хөдөлгөөний дүрэм зөрчсөн байдаг. Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх хуралдаан дээр Н.Бямбажавын иргэний нэхэмжлэл яригдсан. Тухайн үед Батболд 3 600 000 төгрөг төлсөн байсан. Дараа нь давж заалдах шатны шүүх хурал болоход хохиролд үлдэгдэл 335 600 төгрөгийг төлөөд мөн 2 000 000 төгрөгийг Н.Бямбажавт ирээдүйд гарах эмчилгээний зардалд хэрэглээрэй гэж төлсөн. Хэрэв одоо эмчилгээний зардал нэхэмжилж байгаа бол энэ мөнгийг хасуулж тооцуулмаар байна гэжээ.

Шүүх: Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 505 дугаар зүйлийн 505.1-д заасныг баримтлан хариуцагч Б.Батболдоос 5 947 606 төгрөг гаргуулж нэхэмжлэгч Н.Бямбажавт олгож, нэхэмжлэлийн шаардлагаас 4 537 623 төгрөгийг хэрэгсэхгүй болгож, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, 41 дүгээр зүйлийн 41.1.7, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгчийн нэхэмжлэл улсын тэмдэгтийн хураамжаас чөлөөлөгдөхийг дурдаж, хариуцагч Б.Батболдоос улсын тэмдэгтийн хураамжид 104 802 төгрөг гаргуулж улсын төсөвт оруулж шийдвэрлэжээ.

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч С.Нэргүй давж заалдах гомдолдоо: “...Анхан шатны шүүх нь нэхэмжлэгчийн гаргасан нэхэмжлэлд үндэслэлтэй дүгнэлт гаргаж шийдвэрлэсэн боловч миний гаргасан тайлбар, саналыг хүлээн аваагүй тул дараах гомдлыг гаргаж байна. Б.Батболд нь хийсэн хэргээ хүлээн зөвшөөрсөн, гэмшиж уучлал гуйсан, хохирол төлбөрүүдийг төлж байсан. Харин тухайн гэмт хэрэг гаргахад хохирогчийн өөрийнх нь хэтэрхий болгоомжгүй үйлдэл нөлөөлсөн гэдгийг техникийн шинжээчийн дүгнэлт, УБТЗ-ийн удирдлагуудын шуурхай хурлын тэмдэглэл, эрүүгийн хэргийн анхан шатны шүүх хурлын шийтгэх тогтоол, эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн магадлалд тус тус дурдсан байгааг үндэслэн Иргэний хуулийн 514 дүгээр зүйлийн 514.1 дэх хэсэгт заасан үндэслэлээр Б.Батболдоос нэхэмжлэгчид гаргуулах 5 947 606 төгрөгийн 50 хувь болох 2 973 803 төгрөгийг хасч шийдвэрлэж өгнө үү” гэжээ.

 

ХЯНАВАЛ:

 

Анхан шатны шүүх хэрэгт авагдсан нотлох баримтыг хуульд заасан журмын дагуу үнэлсэн, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журмыг зөрчөөгүй байх тул шүүхийн шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх шаардлагыг хангасан байна.

 

            Нэхэмжлэгч Н.Бямбажав нь хариуцагч Б.Батболдод холбогдуулан эрүүл мэндэд учирсан гэм хорын хохирол болох эм тариа, рашаан сувиллын зардалд 2 656 290 төгрөг, хууль зүйн туслалцаа авсан зардалд 1 000 000 төгрөг, хөдөлмөрийн чадвар алдсанаас дутуу авсан цалин хөлсний зөрүү 6 828 939 төгрөг, нийт 10 485 229 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэл гаргасныг хариуцагч эс зөвшөөрч гэм хорыг нөхөн төлсөн, гэм хор учрахад хохирогчийн болгоомжгүй үйлдэл нөлөөлсөн гэж маргажээ.

            Б.Батболд нь 2014 оны 10 дугаар сарын 27-ны өдрийн 06 цагийн үед УБЦ 80-90 улсын дугаартай Хьюндэй Одиссей маркийн автомашин жолоодон замын хөдөлгөөнд оролцож байх үедээ Замын хөдөлгөөний дүрмийн 14.2 дахь заалтыг зөрчиж төмөр замын 406 дугаар гарам дээр албан үүргээ гүйцэтгэж байсан явган зорчигч Н.Бямбажавыг мөргөн биед нь хүнд гэмтэл учруулсан гэм буруутай болох нь Дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны 1 дүгээр шүүхийн 2015 оны 03 дугаар сарын 13-ны өдрийн 320 дугаар шийтгэх тогтоол, Эрүүгийн хэргийн давж заалдах шатны 10 дугаар шүүхийн 2015 оны 04 дүгээр сарын 30-ны өдрийн 349 дүгээр магадлал зэргээр тогтоогдож байна /I-хх 40-47/

            Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн дээрх магадлалаар Дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны 1 дүгээр шүүхийн тогтоолд өөрчлөлт оруулахдаа “...хохирогчийн хэтэрхий болгоомжгүй үйлдэл гэмт хэрэг гарахад нөлөөлсөн зэргийг харгалзан...” гэсэн үндэслэлийг ял хөнгөрүүлэх бусад үндэслэлтэй хамт заасан байгааг Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.4 дэх хэсэгт заасны дагуу шүүхийн хүчин төгөлдөр шийдвэрээр нэгэнт тогтоогдсон үйл баримт гэж үзэх боломжгүй.

Учир нь уг эрүүгийн хэргийг хянан шалгах, таслан сэргийлэх ажиллагааны явцад хариуцагч Б.Батболдын гэм буруугийн асуудлыг тогтоосноос хохирогчийн гэм бурууг тогтоогүй байна.

Нэхэмжлэгч нь эмчилгээний зардалд 2 656 290 төгрөг нэхэмжилснээс эм тариа худалдаж авсан зарлагын баримт, эмнэлэгт хэвтэж эмчлүүлсэн болон “Булагтай”, “Хужирт рашаан сувилалын төлбөрийн баримтуудаар 1 331 840 төгрөгийн зардал гарсан болох нь нотлогдсон гэж үзэж шүүх уг мөнгийг хариуцагчаас гаргуулж нэхэмжлэгчид олгож шийдвэрлэсэн нь Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1 дэх хэсэг, 505 дугаар зүйлийн 505.1 дэх хэсэгт заасантай нийцсэн байна. /I-хх 18-22, 214, 217, 222/

 

Мөн нэхэмжлэгч нь хууль зүйн туслалцаа /өмгөөлөгч/-ийн зардалд 1 000 000 төгрөг /I-хх 21/ гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлагыг шүүх Иргэний хуулийн 227 дугаар зүйлийн 227.3 дахь хэсэгт заасныг баримтлан уг нэхэмжлэлийн шаардлагыг хангаж шийдвэрлэснийг буруутгах боломжгүй юм.

Иргэний хуулийн 505 дугаар зүйлийн 505.1 дэх хэсэгт бусдын эрүүл мэндэд гэм хор учруулсан этгээд нь хохирогчийн хөдөлмөрийн чадвараа алдснаас дутуу авсан цалин хөлс, түүнтэй адилтгах орлого, ...зардлыг хохирогчид төлөх үүрэгтэй гэж заажээ.

Нэхэмжлэгч Н.Бямбажав нь 2015 оны 1 дүгээр сараас 2016 оны 2 дугаар сар хүртэл хугацааны 13 сарын хугацаанд авах цалингийн зөрүү 6 828 939 төгрөг нэхэмжилсэн бөгөөд тэрээр осол болох үед Улаанбаатар төмөр замын Замын 2 дугаар ангид замчнаар ажиллаж байсан ба сарын дундаж хөдөлмөрийн хөлсний хэмжээ 986 629 төгрөг байсан гэж тайлбарлаж байх боловч Нийгмийн хамгаалал Хөдөлмөрийн сайдын 2005 оны 5 дугаар сарын 05-ны өдрийн 55 дугаар тушаалаар батлагдсан дундаж цалин хөлс тодорхойлох журмын 7 дахь хэсгийн а-д заасны дагуу цалин хөлсний дунджыг тооцож үзэхэд Н.Бямбажавын сарын дундаж хөдөлмөрийн хөлсний хэмжээ нь 893 308 төгрөг байна.

Иймд Н.Бямбажавын 13 сарын хугацаанд авбал зохих цалин хөлсний хэмжээ 11 613 004 төгрөг, тахир дутуугийн тэтгэвэрт 2015 оны 2 дугаар сараас 98 855 төгрөг, 3 дугаар сараас 461 326 төгрөгийг сар бүр нийгмийн даатгалын сангаас авч байгаа болох нь түүний тайлбар, хэрэгт авагдсан бичгийн нотлох баримт /I-хх 149/-аар тогтоогдож байх тул Иргэний хуулийн 505 дугаар зүйлийн 505.1 дэх хэсэгт зааснаар хариуцагчийн хөдөлмөрийн чадвараа алдсанаас дутуу авсан цалин хөлсний зөрүү 5 615 766 төгрөг /893 308 төгрөг - 461 326 төгрөг = 431 982 төгрөг х 13 сар = 5 615 766 төгрөг/-ийг хариуцагчаас гаргуулж шийдвэрлэсэн нь хуульд нийцсэн, энэ талаар хийсэн шүүхийн дүгнэлт үндэслэлтэй болжээ.

Хариуцагчаас нэхэмжлэгчид ирээдүйд гарах эмчилгээний зардалд нь зориулж өгсөн 2 000 000 төгрөгийг төлөх төлбөрөөс хасуулахаар тайлбар гарган, нэхэмжлэгч уг мөнгийг хүлээн авснаа хүлээн зөвшөөрсөн тайлбар гаргасан байх тул хариуцагчийн төлбөл зохих гэм хорын хохирлын нөхөн төлбөр болох 7 947 606 төгрөг /1 331 840 + 1 000 000 + 5 615 766 /-өөс дээрх үнийн дүнг хасч тооцон 5 947 606 төгрөгийг хариуцагчаас гаргуулан нэхэмжлэгчид олгож, нэхэмжлэлийн шаардлагаас үлдэх хэсгийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн нь зөв байна.

Иймд шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээж, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гаргасан давж заалдах гомдлыг хангахгүй орхих нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн дүгнэв.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.1-д заасныг удирдлага болгон ТОГТООХ НЬ:

 

            1. Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2016 оны 09 дүгээр сарын 08-ны өдрийн 101/ШШ2016/05730 дугаар шийдвэрийг хэвээр үлдээж, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гаргасан давж заалдах гомдлыг хангахгүй орхисугай.

 

            2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 162 дугаар зүйлийн 162.4 дэх хэсэгт зааснаар хариуцагч Б.Батболд давж заалдах гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 62 531 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.

 

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7 дахь хэсэгт зааснаар магадлалыг танилцуулан сонсгож, 7 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж, магадлалыг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд магадлалыг гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг дурдсугай.

 

 

                                               

     ЕРӨНХИЙ ШҮҮГЧ                                          Ж.ОЮУНТУНГАЛАГ

 

                                         ШҮҮГЧИД                                           Ц.ИЧИНХОРЛОО

 

                                                                                                     Д.ЦОГТСАЙХАН