| Шүүх | Дорнод аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Болдбаатарын Батсайхан |
| Хэргийн индекс | 168/2020/0066/Э |
| Дугаар | 2020/ШЦТ/59 |
| Огноо | 2020-02-12 |
| Зүйл хэсэг | 18.5.1., |
| Улсын яллагч | Ц.Лхамсүрэн |
Дорнод аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол
2020 оны 02 сарын 12 өдөр
Дугаар 2020/ШЦТ/59
Дорнод аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Б.Батсайхан даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны "А" танхимд нээлттэй явуулсан эрүүгийн хэргийн шүүх хуралдаанаар:
Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Саранчимэг
Улсын яллагч Ц.Лхамсүрэн
Шүүгдэгчийн өмгөөлөгч М.Э
Шүүгдэгч Д.Н нарыг оролцуулан Дорнод аймгийн Прокурорын газрын хяналтын прокурор Ч.М Монгол Улсын Эрүүгийн хуулийн тусгай ангийн 18.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Тунт овогт Д.Н-д холбогдох 20210......0031 дугаартай хэргийг 2020 оны 01 дүгээр сарын 24-ний өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.
Шүүгдэгчийн биеийн байцаалт:
Монгол Улсын иргэн, 19....оны 05 дугаар сарын 20-ны өдөр..... аймгийн ..... суманд төрсөн, ..... настай, эмэгтэй, дээд боловсролтой, орчуулагч мэргэжилтэй, ам бүл 1, ганцаараа, Улаанбаатар хот Налайх дүүрэг .... дугаар хороо, .......тоотод оршин суух, улсаас авсан гавъяа шагналгүй, урьд ял шийтгэлгүй, хэрэг хариуцах чадвартай, бие эрүүл гэх, Тунт овогт Д. Н /РД: ЧВ......../,
Холбогдсон хэргийн талаар яллах дүгнэлтэд дурдсанаар:
Шүүгдэгч Д.Н нь 2019 оны 12 сарын 05-ны өдөр ......УНА улсын дугаартай Мицибуши Делика маркийн тээврийн хэрэгсэл жолоодон Дорнод аймгийн ******* сумын нутагт байрлах Монгол улсын ******* боомтын хилээр БНХАУ-руу зорчихдоо Монгол Улсын хилээр нэвтрүүлэхийг хязгаарлалт тогтоосон бараа болох 39.2 килограмм үхрийн махыг дээрх тээврийн хэрэгслийн суудлын доод болон ар хэсэгт хэсэгчилэн хийж хууль бусаар нэвтрүүлсэн гэмт хэрэг үйлдсэнд холбогджээ.
ТОДОРХОЙЛОХ нь:
Шүүгдэгч Д.Н нь 2019 оны 12 сарын 05-ны өдөр УНА улсын дугаартай Мицибуши Делика маркийн тээврийн хэрэгсэл жолоодон Дорнод аймгийн ******* сумын нутагт байрлах Монгол улсын ******* боомтын хилээр БНХАУ-руу зорчихдоо Монгол Улсын хилээр нэвтрүүлэхийг хязгаарлалт тогтоосон бараа болох 39.2 кг үхрийн махыг дээрх тээврийн хэрэгслийн суудлын доод болон ар хэсэгт хэсэгчлэн хийж хууль бусаар нэвтрүүлсэн гэмт хэрэг үйлдсэнд холбогдуулан Дорнод аймгийн прокурорын газрын хяналтын прокурор Ч.Мөнхзулаас Монгол Улсын Эрүүгийн хуулийн тусгай ангийн 18.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж, эрүүгийн 1921*******00031 дугаартай хэргийг шүүхэд ирүүлжээ.
Шүүхийн хэлэлцүүлгээр яллах, цагаатгах болон бусад нотлох баримтуудыг тал бүрээс нь бүрэн бодитой шинжлэн судлав. Үүнд:
Иргэний нэхэмжлэгч Ж.Д мөрдөн шалгах ажиллагааны шатанд өгсөн: “...2019 оны 12 дугаар сарын 05-ны өдөр ...******* хилийн боомт дээр хилээр нэвтэрч байгаа автомашинуудад үзлэг шалгалт хийж байхад ******* УНЭ улсын дугаартай Мицибуши делика маркийн тээврийн хэрэгсэлд үзлэг шалгалт хийж байхад тус тээврийн хэрэгслийн ...суудлын доор болон арын хэсэгт 39.2 кг үхрийн махыг улсын хилээр хууль бусаар нэвтрүүлэхийг завдсан. ...Мах нь Монгол улсын хилээр нэвтрүүлэхийг хязгаарласан бараа болно. ...тус байгууллагаас нэхэмжлэх зүйл байхгүй... гомдол саналгүй...” гэх мэдүүлэг /хх-ийн 32-33 дугаар хуудас/,
Шүүгдэгч Д.Н мөрдөн шалгах ажиллагааны шатанд болон шүүх хуралдааны хэлэлцүүлэгт өгсөн: “...би 2019 оны 12 дугаар сарын 05-ны өдөр нагац эгчийнхээ Мицибуши делика маркийн ******* УНА улсын дугаартай тээврийн хэрэгслээр ******* хилийн боомтоор гарч байхад ...гаалийн байцаагч үзлэг хийж ...мах авч явсан гэдэг үндэслэлээр саатуулсан. ...гялгар мөнгөлөг цаасаар ороож машины суудлын доогуурх хөндийд хийсэн. ...гаалийн байцаагч Ч.А хууль бусаар мах авч явсан ...нийт махыг хурааж авсан. ...би махыг хийлээр гаргах хориотой гэдгийг мэдэхгүй байсан. ...мах тээвэрлэж явсан Мицибуши делика маркийн ******* УНА тээврийн хэрэгсэл нь одоогоор Улаанбаатар хотод байдаг .......ХХК-ны ........зээлдүүлэх газрын нэр дээр байдаг. ...өөрийн гэм буруугааа хүлээн зөвшөөрч байна...” гэх мэдүүлэг /хх-ийн 45-46 дугаар хуудас/,
Дорнод аймгийн Мэргэжлийн хяналтын газрын 2020 оны 01 дүгээр сарын 20-ны өдрийн № ..........дугаартай улсын байцаагч Г.Г н шинжээчийн дүгнэлтэд: “...Нийслэлийн мал эмнэлгийн лабораторийн шинжилгээний дүнгээр “Махны төрөл тодорхойлох” ...оншилгооны аргаар төрөл тодохойлоход ...малын мах болохыг тодорхойлж байна. ...үхрийн махны генийн өвөрмөц хэсэг илэрсэн. ...тухайн махны дээжнь Монгол улсын Засгийн газрын 2019 оны 329 дүгээр тогтоолын хавсралт “Стратегийн хүнсийг экспортлох, импортлох зөвшөөрөл олгох журам”-д стратегийн хүнсээр нэрлэгдэж, хязгаарлагдсан бүтээгдэхүүн болох үхрийн мах мөн болно... гэх дүгнэлт /хх-ийн 40-41 дүгээр хуудас/,
Нийслэлийн мал эмнэлгийн лабораторийн шинжилгээний дүнгийн хуудас /хх-ийн 42 дугаар хуудас/,
Шүүгдэгчийн хувийн байдлын талаар:
Шүүгдэгч Д.Н ын иргэний үнэмлэхийн лавлагаа, Эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас, Оршин суугаа хаягийн тодорхойлолт /хх-ийн 47-49 дүгээр хуудас/ зэрэг нотлох баримтуудыг шинжлэн судлав.
Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан эдгээр нотлох баримтыг тухайн хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл, журмын дагуу цуглуулж, бэхжүүлж авагдсан, хэрэг хянан шийдвэрлэхэд хангалттай гэж шүүх үнэлэв.
Мөрдөн шалгах ажиллагаа бүрэн хийгдсэн бөгөөд уг ажиллагааны явцад Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчөөгүй, Эрүүгийн хуулийг буруу хэрэглээгүй байна.
Шүүгдэгчийн гэм буруугийн талаар:
Шүүгдэгч Д.Н нь 2019 оны 12 сарын 05-ны өдөр ******* УНА улсын дугаартай Мицибуши Делика маркийн тээврийн хэрэгсэл жолоодон Дорнод аймгийн ******* сумын нутагт байрлах Монгол улсын ******* боомтын хилээр БНХАУ-руу зорчихдоо Монгол Улсын хилээр нэвтрүүлэхийг хязгаарлалт тогтоосон бараа болох 39.2 кг үхрийн махыг дээрх тээврийн хэрэгслийн суудлын доод болон ар хэсэгт хэсэгчлэн хийж хууль бусаар нэвтрүүлсэн гэмт хэрэг үйлдсэн гэм буруутай болох нь Иргэний нэхэмжлэгч Ж.Д /хх-ийн 32-33 дугаар хуудас/ мөрдөн шалгах ажиллагааны шатанд өгсөн, шүүгдэгч Д.Н мөрдөн шалгах ажиллагааны шатанд болон шүүх хуралдааны хэлэлцүүлэгт “...гэм буруугаа хүлээн зөвшөөрч өгсөн мэдүүлэг...” /хх-ийн 45-46 дугаар хуудас/, үзлэг хийсэн тэмдэглэл, эд зүйл баримт бичиг хураан авсан тухай тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт /хх-ийн 6-10 дугаар хуудас/, эд мөрийн баримт хүлээлгэн өгсөн тухай тэмдэглэл /хх-ийн 15 дугаар хуудас/, тээврийн хэрэгсэлд нөхөн үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт /хх-ийн 16-18 дугаар хуудас/, эд хөрөнгө битүүмжлэх тухай тогтоол, тэмдэглэл /хх-ийн 19-23 дугаар хуудас/, эд мөрийн баримтаар тооцох тухай тогтоол, эд мөрийн баримтад үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт /хх-ийн 24-26 дугаар хуудас/, эд зүйл хүлээлгэн өгсөн тухай тэмдэглэл /хх-ийн 27 дугаар хуудас/, эд зүйлийн үнэлгээ /хх-ийн 28 дугаар хуудас/, Дорнод аймгийн Мэргэжлийн хяналтын газрын 2020 оны 01 дүгээр сарын 20-ны өдрийн №...................дугаартай улсын байцаагч Г.Г шинжээчийн дүгнэлт /хх-ийн 40-41 дүгээр хуудас/, Нийслэлийн мал эмнэлгийн лабораторийн шинжилгээний дүнгийн хуудас /хх-ийн 42 дугаар хуудас/ зэрэг шүүх хуралдаанаар хэлэлцсэн дээрх нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдож байх тул шүүгдэгч Д.Н- ыг Монгол Улсын Эрүүгийн хуулийн тусгай ангийн 18.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар Монгол Улсын хилээр нэвтрүүлэхийг хязгаарлалт тогтоосон барааны жагсаалтад орсон “үхрийн мах”-ыг Монгол Улсын хилээр хууль бусаар нэвтрүүлсэн гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, Прокурорын үйлдсэн яллах дүгнэлт нь үндэслэлтэй, хэргийн зүйлчлэл зөв байна гэж шүүх дүгнэв.
Шүүгдэгч Д.Н-ыг Монгол Улсын хилээр нэвтрүүлэхийг хязгаарласан бараа буюу үхрийн махыг тээврийн хэрэгсэлд нуун нэвтрүүлсэн үйлдэл нь гэм буруугийн санаатай хэлбэртэй байх бөгөөд төгссөн гэмт хэрэг үйлдсэн гэж үзэх үндэслэлтэй байна.
Гэмт хэргийн улмаас учирсан хохирлын хувьд:
Шүүгдэгч Д.Н-аас 2019 оны 10 дугаар сарын 11-ний өдрийн зээлийн гэрээ, фидуцийн гэрээгээр “Mitsubishi Delika” маркийн ******* УНА улсын дугаартай тээврийн хэрэгсэл нь Авто Прайм ХХКомпани өмчлөлд шилжсэн байх тул тээврийн хэрэгсэл битүүмжилсэн 2020 оны 01 дүгээр сарын 08-ны өдрийн тогтоолыг хүчингүй болгож өмчлөгч “.................” ХХК-ны ......................зээлдүүлэх газарт олгох нь зүйтэй байна.
Иргэний нэхэмжлэгч нарт Ж.Д нь гомдол саналгүй, нэхэмжлэх зүйл байхгүй гэж байх тул шүүгдэгч Д.Н-ыг иргэний нэхэмжлэгч нарт төлөх төлбөргүй гэж үзсэн болно.
Шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэх талаар:
Шүүх хуралдаанаар шинжлэн судлагдсан, хавтаст хэрэгт авагдсан дээрх нотлох баримтуудыг үндэслэн шүүгдэгч Д.Н-ыг Монгол Улсын Эрүүгийн хуулийн тусгай ангийн 18.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар Монгол Улсын хилээр нэвтрүүлэхийг хязгаарлалт тогтоосон барааны жагсаалтад орсон “үхрийн мах”-ыг Монгол Улсын хилээр хууль бусаар нэвтрүүлсэн гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсон тул гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, гэмт хэрэг үйлдсэн хүний хувийн байдал, эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдлыг тал бүрээс нь харгалзан үзэж эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй байна гэж шүүх дүгнэлээ.
Шүүгдэгч Д.Н анх удаа гэмт хэрэг үйлдсэн нь Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1-д зааснаар эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх нөхцөл болох бөгөөд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.6 дугаар зүйлд заасан эрүүгийн хариуцлагыг хүндрүүлэх нөхцөл тогтоогдохгүй байна.
Шүүхээс шүүгдэгчийн хувийн байдал болон гэмт хэрэг үйлдсэн нөхцөл, гэм буруугаа хүлээн зөвшөөрч байгаа байдал, анх удаа гэмт хэрэг үйлдсэн зэрэг нөхцөл байдлыг харгалзан Монгол Улсын Эрүүгийн хуулийн тусгай ангийн 18.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Д.Н-д торгох ял оногдуулах нь зүйтэй гэж үзлээ.
Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.5 дугаар зүйлийн 2, 4 хэсэгт зааснаар шүүгдэгч Д.Н-ын гэмт хэрэг үйлдэхдээ ашигласан MITSUBISHI DELIKA маркийн ******* УНА улсын дугаартай тээврийн хэрэгсэл нь иргэний нэхэмжлэгч ............ХХКомпани өмчлөлийн тээврийн хэрэгсэл болох нь Автотээврийн үндэсний төвийн тээврийн хэрэгслийн лавлагаа, зээлийн гэрээ, фидуцийн гэрээ, шүүгдэгчийн мэдүүлэг зэргээр тогтоогдож байна.
Иймд “MITSUBISHI DELIKA” маркийн ******* УНА улсын дугаартай автомашиныг битүүмжилсэн тогтоолыг хүчингүй болгож өмчлөгч, иргэний нэхэмжлэгч ..................ХХКомпанид буцаан олгох нь зүйтэй.
Иргэний нэхэмжлэгч “.........................” ХХК болон шүүгдэгч Д.Н нарын хооронд байгуулсан зээлийн гэрээ, фидуцийн гэрээ нь хуулийн дагуу гэмт хэрэг үйлдэгдэхээс өмнө байгуулагдсан байх тул уг гэрээг хөндөөгүй бөгөөд хэрэгт иргэний нэхэмжлэгч “.......................” ХХКомпанийг тогтоосон шийдвэрийг хүчингүй болгох нь зүйтэй байна.
Дорнод аймгийн Хэрлэн сумын үнэлгээний комисс нь гэмт хэрэг үйлдэхэд ашигласан “MITSUBISHI DELIKA” маркийн тээврийн хэрэгслийг 1.500.000 төгрөгөөр, эд мөрийн баримтаар хураагдсан 39.2 кг үхрийн махны 1 кг 8000 төгрөгөөр тус тус үнэлсэн байх тул тээврийн хэрэгслийн үнэ болох 1.500.000 /нэг сая таван зуун мянга/ төгрөг, махны үнэ болох 313600 төгрөгийг тус тус шүүгдэгч Д.Н-с гаргуулж улсын орлого болох нь зүйтэй байна.
Эд мөрийн баримтаар хураагдсан 39.2 кг үхрийн махыг шүүгдэгч Д.Н-д буцаан олгосон болох нь эд мөрийн баримтыг буцаан өгсөн тухай тэмдэглэлээр тогтоогдож байна.
Энэ хэрэгт шүүгдэгч нь цагдан хоригдоогүй, бусдад төлөх төлбөргүй болохыг тус тус дурдаж, бичиг баримтаар хураагдан ирсэн шүүгдэгч Д.Н-ын иргэний цахим үнэмлэхийн лавлагааг Нийслэлийн Шүүхийн Шийдвэр Гүйцэтгэх газарт хүргүүлэх нь зүйтэй байна.
Монгол Улсын Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2 дугаар зүйлийн 1-4 дэх хэсэг, 36.6, 36.7, 36.8, 36.10 дугаар зүйлд заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:
1. Шүүгдэгч Тунт овогт Д.Н Монгол Улсын хилээр хязгаарлалт тогтоосон барааны жагсаалтад орсон “үхрийн мах”-ыг автомашинд нууж Монгол Улсын хилээр хууль бусаар нэвтрүүлсэн гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.
2. Монгол Улсын Эрүүгийн хуулийн тусгай ангийн 18.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар Д.Н-г 1000 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 1.000.000 /нэг сая / төгрөгөөр торгох ялаар шийтгэсүгэй.
3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4, 5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Д.Н-н хөрөнгө, орлого олох боломжийг харгалзан торгох ялыг 6 /зургаа/ сарын хугацаанд хэсэгчлэн төлөхөөр тогтоож, шүүхээс тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг мэдэгдсүгэй.
4. Энэ хэрэгт битүүмжлэгдсэн ирсэн “MITSUBISHI DELIKA” маркийн ******* УНА улсын дугаартай тээврийн хэрэгслийг битүүмжилсэн 2020 оны 01 дүгээр сарын 08-ны өдрийн тогтоолыг хүчингүй болгож, уг тээврийн хэрэгслийг эзэмшигч “............” ХХК-нд олгосугай.
5. Эрүүгийн хуулийн 7.5 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар гэмт хэрэг үйлдэхдээ ашигласан “MITSUBISHI DELIKA” маркийн ******* УНА улсын дугаартай тээврийн хэрэгслийн үнэ болох 1.500.000 /нэг сая таван зуун мянга/ төгрөг, хураагдсан 39.2 кг үхрийн мах /1 кг 8000 төгрөг/-ны үнэ 313600 төгрөгийг тус тус гаргуулж улсын орлого болгосугай.
6. Энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн зүйлгүй, шүүгдэгч нь цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй болохыг дурдаж, баримт бичгээр ирсэн шүүгдэгч Д.Н-ын иргэний үнэмлэхийн лавлагааг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт хүргүүлсүгэй.
7. Шийтгэх тогтоол уншиж сонсгосноор хүчинтэй болох бөгөөд шүүгдэгч Д.Н-д авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол хэвээр үргэлжлүүлсүгэй.
8. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар прокурор, дээд шатны прокурор, оролцогч нар шийтгэх тогтоолыг эс зөвшөөрвөл шийдвэрийг гардан авснаас хойш, эсвэл энэ хуулийн 11.9 дүгээр зүйлд заасны дагуу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Дорнод аймгийн Эрүү, иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд тус шүүхээр дамжуулан давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэй болохыг мэдэгдсүгэй.
9. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 37.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар анхан шатны шүүхийн шийдвэрт гомдол, эсэргүүцэл гаргасан бол шүүхийн шийдвэрийн биелэлт түдгэлзэхийг дурдсугай.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Б.БАТСАЙХАН