Хэнтий аймгийн Бор-Өндөр сум дахь сум дундын шүүхийн Шийтгэх тогтоол

2019 оны 12 сарын 16 өдөр

Дугаар 75

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Хэнтий аймгийн Бор-Өндөр сум дахь Сум дундын шүүхийн эрүүгийн хэргийн шүүх хуралдааныг шүүгч Р.Батбаяр даргалж тус шүүхийн шүүх хуралдааны “А” танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанд:

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга О.Алтанзул

Улсын яллагч Г.Мөнхболд

Шүүгдэгч Б.Б нарыг оролцуулан

            Хэнтий аймгийн Бор-Өндөр сум дахь Сум дундын прокурорын газрын хяналтын прокуророос Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Эрдэнэ овогт Баянмөнхийн Батгэрэлд холбогдох 1940002180112 дугаартай эрүүгийн хэргийг 2019 оны 12 дугаар сарын 13-ны өдөр хүлээн авч, хялбаршуулсан журмаар хянан хэлэлцэв.

Шүүгдэгчийн биеийн байцаалт:

Монгол Улсын иргэн, 25 настай, эрэгтэй, дээд боловсролтой, эрх зүйч мэргэжилтэй, ам бүл 4, эцэг, эхнэр, хүүхдийн хамт Хэнтий аймгийн Бор-Өндөр сумын 2 дугаар багт оршин суух, урьд нь ял шийтгүүлж байгаагүй, хэрэг хариуцах чадвартай, Б.Б

Холбогдсон хэргийн талаар: /Яллах дүгнэлтэд дурдсанаар/

Б.Б нь 2019 оны 11 дүгээр сарын 25-ны өдөр Хэнтий аймгийн Бор-Өндөр суманд үйл ажиллагаа явуулах Бор-Өндөр уулын баяжуулах үйлдвэрийн дулааны станцын байранд тус сумын харьяат иргэн С.М биед халдан зодож улмаар С.М биед хамрын нурууны дээд хэсэг болон доод уруулын зүүн хэсгүүдийн язарсан шарх, зүүн нүдний дээд зовхины хэсгийн цус хуралт бүхий хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ.

 

                                                                             Т О Д О Р Х О Й Л О Х нь:

Нэг. Гэмт хэрэг үйлдсэн гэм буруугийн талаар:

Шүүх хэргийн бодит байдлыг тогтоох зарчмын дагуу Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 1.7 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар талуудын мэтгэлцээний үндсэн дээр Б.Б нь 2019 оны 11 дүгээр сарын 25-ны өдөр Хэнтий аймгийн Бор-Өндөр сумын нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулах Уулын баяжуулах Бор-Өндөр үйлдвэрийн дулааны станцын байранд иргэн С.М тай маргалдан улмаар түүний эрх чөлөөнд халдан бие махбодид нь хамрын нурууны дээд хэсэг болон доод уруулын зүүн хэсгүүдийн язарсан шарх, зүүн нүдний дээд зовхины хэсгийн цус хуралт бүхий хөнгөн хохирол учруулсан үйл баримт буюу хэргийн нөхцөл байдал тогтоогдлоо. Энэхүү үйл баримт нь шүүх хуралдаанаар шинжлэн судлагдсан дараах нотлох баримтуудаар хангалттай нотлогдон тогтоогдож байна.

  Үүнд:  

Шүүгдэгч Б.Б нь шүүхийн хэлэлцүүлэгт “Болсон асуудлын талаар өмнө нь тодорхой ярьсан дахин ярихгүй” гэв.

           Шүүгдэгч Б.Б мөрдөн шалгах ажиллагаанд яллагдагчаар өгсөн: “Би Бор-Өндөр уулын баяжуулах үйлдвэрийн дулааны станцад зуухны машинист хийдэг. 2019 оны 11 дүгээр сарын 25-ны өглөө 08 цагаас ажлаа хүлээж аваад ажилдаа гарсан. Тухайн өдөр конвейераар нүүрс татах ажлын наряд өгсөн. Намайг өдөр ажлаа хийгээд байж байхад 13 цаг өнгөрч байхад ээлжийн мастер Аптантуяа дуудахаар нь дулааны станцын шуурхай операторын өрөөнд орсон. Намайг дулааны станцын шуурхай операторын өрөөнд ороход ээлжийн мастер А , цахилгаанчин М  2 хамт байж байсан. Ээлжийн мастер надаас "яагаад ажлаа хийхгүй байгаа юм бэ" гэж асуухаар нь "би ажлаа хийж байгаа, нэг өглөө гадаах үнс шалаанкаа ачилцаагүй байхад М  намайг ажлаа хийхгүй байгаа гэж хүмүүст ярьсан байхаар нь миний уур хүрээд сүүлийн 3 гараанд зуухны үнс шалаанкыг ачилцаагүй юм" гэж хэлсэн чинь М  сууж байснаа босож ирээд над руу уурлаад "Чи хэзээ шалаанкаа ачиж байсан юм, худлаа яриад бай" гэж хэлэхээр нь миний уур хүрээд М ын өөдөөс нь хэрэлдэж маргалдсан. Тэгж байтал М  над руу ирээд миний шанаа руу цохихоор нь би зөрүүлээд М ын хамар руу гараараа нэг удаа цохисон. Тэгээд М  бид 2 зууралдаад байж байхад ээлжийн мастер бид хоёрын дундуур орж салгах гээд дийлээгүй холдсон. М ыг над руу дайраад байхаар нь тэвэрч бариад газар унагаад дээр нь гарч суугаад М ын толгойг гараараа ороогоод дээрээс нь дарчихаад байж байтал гаднаас жолооч З  орж ирээд бид хоёрыг салгасан. Тэгэхэд М ын хамрын дээд талаас цус гараад тогтохгүй байсан, мөн амнаас нь цус гарсан байсан...” гэх мэдүүлэг. /хх-ийн 26-27-р хуу/

              Хохирогч С.М мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “Би 2019 оны 11 дүгээр сарын 25-ны өглөө 08 цагт ажил дээрээ очоод ажил үүргээ гүйцэтгэхээр ээлжийн мастераас цахилгаан тоног төхөөрөмжийг шалгах, халаалтын 4 дүгээр зуухны ажиллагаанд хяналт тавих ажлын наряд авсан. Ээлжийн мастерын өгсөн нарядын дагуу өөрийн хариуцсан ажлын байрандаа очиж ажил үүргээ гүйцэтгэж байгаад өдөр 13 цагын үед нэгдүгээр зуухны үнсний бункернээс зуухны үнс гаргаж, ачааны машин дээр ачиж дуусаад дулааны станцын шуурхай операторын өрөөнд ганцаараа орсон. Намайг шуурхай операторын өрөөнд орж ирэхэд ээлжийн мастер А  ганцаараа сууж байхаар нь очиж уулзаад нэгдүгээр үнсний бункерний гар хөлдүү байна, өглөө Б цэвэрлэсэн гэсэн, яагаад орж ирж хэлээгүй юм бэ гэж хэлсэн. Тэгэхэд ээлжийн мастер Б дуудуулахад Б гаднаас ганцаараа орж ирсэн. Тэгэхээр нь би Б рүү хандаж "Нэгдүгээр зуухны үнсний бункерийг цэвэрлээгүй юм биш үү" гэж асуухад миний өөдөөс цэвэрлэсэн гэж хэлэхээр нь би "битгий худлаа яриад бай" гэж хэлсэн чинь Б уурлаад миний өөдөөс маргалдсан. Тэгэхээр нь би ээлжийн мастерт хандаж "Б 4 дүгээр зуухны гадна талыг хамт цэвэрлэхгүй байгаа, сүүлийн 4 гараа цэвэрлээгүй" гэж хэлэхэд Б уурлаад "наад гөлөг чинь худлаа хуцаад байна" гэж хэлсэн. Тэгэхээр нь миний уур хүрээд Б  барьцалдаад авсан. Б бид хоёр барьцалдаж эхлээд бие биенээ ганц нэг удаа цохисон. Тэгтэл миний хамар руу Б хүчтэй цохиход би арагшаа хөл алдаад суутал миний дээр гараад суусан. Намайг газар унагаад дээр суугаад толгой руу хэд хэдэн удаа цохисон. Тэгж байхад гаднаас жолооч З  орж ирээд Б бид хоёрыг салгасан. Б бид хоёр салсны дараа толинд өөрийгөө хартал миний хамрын дээд талаас цус гараад тогтохгүй байсан, уруулны зүүн доод талд язарсан байсан, тэгэхэд ээлжийн мастер намайг Бор-Өндөр сумын нэгдсэн эмнэлэгт очиж үзүүл гэхээр нь ганцаараа яваад эмнэлэг очиж үзүүлэхэд миний шарханд нийт 4 оёдол тавьсан. Б намайг гараараа цохисон...” гэх мэдүүлэг. /хх-ийн 31-32-р хуу/

              Гэрч А.З мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн ”Би Бор-Өндөр уулын баяжуулах үйлдвэрийн автотээврийн цехэд жолооч хийдэг. 2019 оны 11 дүгээр сарын 25-ны өглөө 08 цагт ажилдаа гарч, тухайн өдөр надад дулааны станцын үнс, шалаанкыг зөөж хаях наряд, ажлын даалгавар өгсөн. Үүний дагуу Бор-Өндөр уулын баяжуулах үйлдвэрийн дулааны станц дээр очиж 3-4 удаа үнс, шалаанк зөөгөөд асгасан байсан. Тэгээд өдөр 13 цаг өнгөрч байхад дулааны станцын шуурхай операторын өрөөний гадаа ганцаараа сууж байхад А  гарч ирээд намайг дуудаад манай өрөөнд Б М  хоёр хоорондоо зодолдоод байна, ороод салгаад өгчих гэж хэлсэн. Тэгэхээр нь би шуурхай операторын өрөөнд ороход Б, М  хоёр хоорондоо зодолдоод газар унасан юм шиг байсан. М  доор нь орчихсон, харин Б дээр нь суугаад дээрээс нь цохиж байхаар нь гүйж очоод салгасан. Б М  2-ыг салгахад М ын хамарны дээд талд, хоёр нүдний хооронд яз цохиулсан юм шиг байсан, түүнээс нь цус гараад тогтохгүй байсан. Мөн М ын уруулны зүүн доод хэсэгт язарсан шархтай байсан. Б  биед ил харагдах гэмтэл шарх байгаагүй. Тэгээд М  Бор-Өндөр сумын нэгдсэн эмнэлэг рүү үзүүлэхээр явсан. Намайг дулааны станцын өрөөний шуурхай операторын өрөөнд ороход Б М ын дээр нь гараад суучихсан, дээрээс нь гараараа цохиж байсан, гартаа ямар нэгэн зүйл бариагүй байсан...” гэх мэдүүлэг. /хх-ийн 33-34-р хуу/

              Гэрч Б.А гийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “Би Бор-Өндөр уулын баяжуулах үйлдвэрийн дулааны станцын ээлжийн мастер хийдэг бөгөөд хамт нэг ээлжинд гардаг хүмүүстээ ажлын наряд, үүрэг чиглэл өгдөг. 2019 оны 11 дүгээр сарын 25-ны өглөө 08 цагаас ажилдаа гарсан. Тэгэхэд дулааны станцын цахилгаанчин М , машинист Б нар ч гэсэн ажлаа гүйцэтгэхээр гарсан. Тэгтэл өдөр 13 цагийн үед намайг дулааны станцын шуурхай операторын өрөөнд ганцаараа сууж байтал гаднаас М  орж ирээд "халаалтын нэгдүгээр зуухны үнс, шалаанк нь асгарсан байсныг ганцаараа ачлаа, Б гарч ирсэнгүй" гэж хэлсэн. М  өмнө нь бас надад Б ажлаа хийхгүй байгаа талаар гомдол мэдүүлж байсан болохоор уулзах гээд би Б дуудуулсан. Тэгэхэд удалгүй Б ганцаараа гаднаас орж ирсэн. Б орж ирсэн хойно "би Б  чи яахаараа халаалтын 4 дүгээр зуухны конвейер доор гоожсон үнс шалаанкыг ачилцахгүй байгаа юм бэ" гэж асуусан чинь Б "би ачиж өгдөг, нэг удаа миний өөрийн ажил амжаагүй болохоор ачиж өгөөгүй гэсэн, мөн М  намайг өөр ээлжийн хүмүүст юу ч хийдэггүй гэж ярьж муулсан байсан, тэгэхээр нь миний дургүй хүрээд сүүлийн 1, 2 гараан дээр гарч очиж үнс ачаагүй юм" гэж хэлсэн. Тэгтэл М  Б чи битгий худлаа ярь, чи хэзээ ачиж байсан юм гэж хэлсэн чинь Б өөдөөс нь уурлаад "би үнс ачдаг л биз дээ" гэж хэлээд маргалдсан. Тэгж байгаад М  түрүүлж босож очоод хоорондоо зууралдаад барьцалдаж аваад хоорондоо зодолдсон. Тэгэхээр нь би голоор нь ороод салгасан чинь дахиад хоорондоо зууралдаад зодолдсон. Тэгэхдээ энэ 2 хамт газар унаад бие биенийгээ цохиод байсан. Тэгэхэд гаднаас З  орж ирээд Б М  хоёрыг салгасан. Тэгэхэд М ын хамрын дээд талаас их цус гарсан байсан, уруул нь зүүн талдаа урагдсан шархтай байсан. Батгэрэлд ил харагдах гэмтэл шарх байгаагүй...” гэх мэдүүлэг. /хх-ийн 6-7-р хуу/ 

Хэнтий аймгийн шүүхийн шинжилгээний албаны шинжээчийн 2019 оны 12 дугаар сарын 04-ний өдрийн 69 дугаартай

 1. С.М биед хамрын нурууны дээд хэсэг болон доод уруулын зүүн хэсгүүдийн язарсан шарх, зүүн нүдний дээд зовхины хэсгийн цус хуралт бүхий гэмтэл тогтоогдлоо.

 2 Дээрх гэмтэл нь хатуу мохоо хүчин 1 ба түүнээс дээш удаагийн зүйлийн үйлчлэлээр үүсгэгдэх боломжтой.

 З. Дээрх гзмтлүүд нь шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох 2.4.1-д зааснаар

эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна.

          4. Цаашид дээрх гэмтэл нь энгийн хөдөлмөрийн чадварын тогтонги алдалтанд нөлөөлөхгүй.

5. Дээрх гэмтэл нь тухайн цаг хугацаанд үүссэн байх боломжтой гэх дүгнэлт /хх-н 09-р хуу/ 

        Хохирогч С.М М  миний бие 11 дүгээр сарын 25-ны өдөр Батгэрэлд зодуулж хөнгөн гэмтэл авсан. Одоо хоорондоо эвлэрсэн тул гомдол санал, нэхэмжлэх зүйл байхгүй” гэх хүсэлт /хх-н 62-р хуу/

        Эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас /хх-н 54-р хуу/, зэрэг бичгийн нотлох баримт болно.  

Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан дээрх нотлох баримтууд нь гэмт хэрэг гарах болсон шалтгаан нөхцөл, шүүгдэгч, хохирогч нар нь ямар шалтгаанаас болж маргалдсан, шүүгдэгч нь хохирогчийг зодож гэмтэл учруулсан болохоо өөрөө мэдүүлсэн, хохирогч нь зодуулсны улмаас гэмтсэн, тус гэмтэл нь шинжээчийн дүгнэлтээр эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулсан хөнгөн гэмтэл болохыг тогтоосон зэрэг үйл баримтыг агуулж байх тул энэ хэрэгт хамааралтай, ач холбогдолтой үнэн зөв гэж үзэж шийдвэрийн үндэслэл болголоо.

Шүүгдэгч Б.Б нь гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа сайн дураараа хүлээн зөвшөөрсөн бөгөөд хохирогч С.М  нь гомдол санал, нэхэмжлэх зүйлгүй, яллагдагчтай эвлэрсэн талаарх хүсэлтээ прокурорын хяналтын шатанд бичгээр илэрхийлж, яллагдагч өөрт холбогдох хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлүүлэх хүсэлт гаргасныг прокурорын 2019 оны 12 дугаар сарын 12-ны өдрийн 31 дугаартай тогтоолоор хангаж, түүнд холбогдох хэргийг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.3 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлүүлэх саналтай яллах дүгнэлт үйлдэж шүүхэд ирүүлжээ.

Хэнтий аймгийн шүүхийн шинжилгээний албаны шинжээчийн дүгнэлтээр хохирогч С.М биед хөнгөн зэргийн гэмтэл учирсан болох нь эргэлзээгүй тогтоогдсон ба шинжээчийн дүгнэлтийг нотлох баримтаар үнэлж, хууль зүйн хувьд хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учирсан гэж үзэв.

Шүүгдэгч Б.Б нь өөрийн үйлдлийг хууль бус болохыг мэдсэн хэр нь тэрээр хохирогч С.М биед хөнгөн зэргийн гэмтэл учруулж, хор уршигт зориуд хүргэсэн байх тул түүнийг энэ гэмт хэргийг санаатай үйлдсэн гэм буруутайд тооцох үндэслэл болно.

Хохирогч С.М  нь нэхэмжлэх зүйлгүй, гомдол саналгүй, яллагдагчтай эвлэрсэн талаарх хүсэлтээ мөрдөн шалгах ажиллагаанд бичгээр гаргаж өгсөн байх тул шүүгдэгч Б.Б бусдад төлөх төлбөргүй гэж үзэн тогтоолд энэ талаар дурдах нь зүйтэй.

 

Хоёр. Эрүүгийн хариуцлагын талаар:

Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан нотлох баримтаар шүүгдэгч нь тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас анх удаа гэмт хэрэг үйлдсэн, гэмт хэрэг үйлдсэнийн дараа хохирогчид учруулсан хохирлыг төлсөн зэргийг эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх нөхцөл байдалд тооцлоо.

Прокуророос гаргасан “Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар дөрвөн зуун тавин нэгжтэй тэнцэх хэмжээний буюу дөрвөн зуун тавин мянган төгрөгийн торгох ял оногдуулах” саналыг шүүгдэгч зөвшөөрсөн, хууль зүйн үр дагаврыг ухамсарлан ойлгосон байх бөгөөд уг санал нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг зөрчөөгүй, Эрүүгийн хуулийг буруу хэрэглээгүй буюу хуульд заасан ялын төрөл, хэмжээний хүрээнд байх тул Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар эрүүгийн хариуцлагын талаарх прокурорын саналын хүрээнд хэргийг хянан шийдвэрлэв.

Эрүүгийн хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн зүйлгүй, битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, шүүгдэгч нь цагдан хоригдсон хоноггүй, тэрээр бусдад төлөх төлбөргүй, түүний иргэний бичиг баримт нь шүүхэд шилжиж ирээгүйг тус тус дурдаж, түүнд урьд авсан “хувийн баталгаа гаргах” таслан сэргийлэх арга хэмжээг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол хэвээр үргэлжлүүллээ.

 

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн хуулийн 17.4 дүгээр зүйлийн 5, 36.2 дугаар зүйлийн 4, 36.7, 36.8, 36.10, 36.13 дугаар зүйлүүдийг тус тус удирдлага болгон

          Т О Г Т О О Х нь:

  1. Шүүгдэгч Б.Б Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулах” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.
  2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Б.Б 450 /дөрвөн зуун тавин/ нэгжтэй танцэх хэмжээний буюу 450.000 /таван зуун мянга/ төгрөгөөр торгох ялаар шийтгэсүгэй.
  3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч нь торгох ялыг биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын 15 /арван тав/ нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солих болохыг сануулсугай.
  4. Хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, шүүгдэгч нь цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй, шүүгдэгчийн бичиг баримт шүүхэд шилжиж ирээгүй болохыг тус тус дурдсугай.
  5. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.10 дугаар зүйлийн 4, 38.1 дүгээр зүйлийн 1, 38.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоол уншиж сонсгосноор хүчинтэй болох бөгөөд хэргийн оролцогч шийтгэх тогтоолыг гардаж авснаас хойш, эсхүл энэ хуулийн 11.9 дүгээр зүйлд заасны дагуу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Хэнтий аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд шүүгдэгч, түүний хууль ёсны төлөөлөгч, хохирогч түүний хууль ёсны төлөөлөгч, тэдгээрийн өмгөөлөгч давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэй болохыг дурдсугай.
  6. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 37.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар шүүхийн шийтгэх тогтоолд давж заалдах гомдол гаргах, улсын яллагч эсэргүүцэл бичвэл тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, тогтоолыг биелүүлэх хүртэл Б.Б-д авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.  

 

ДАРГАЛАГЧ                                          Р.БАТБАЯР