Хэнтий аймгийн Бор-Өндөр сум дахь сум дундын шүүхийн Шийтгэх тогтоол

2019 оны 12 сарын 23 өдөр

Дугаар 01

 

 

                                      МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

            Хэнтий аймгийн Бор-Өндөр сум дахь Сум дундын шүүхийн эрүүгийн хэргийн шүүх хуралдааныг Ерөнхий шүүгч М.Энхмандах даргалж, тус шүүхийн эрүүгийн хэргийн шүүх хуралдааны “А” танхимд нээлттэй хийсэн хуралдаанаар

           Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Х.Нямдаваа

            Улсын яллагч Н.Амаржаргал

Шүүгдэгч Э.Э нарыг оролцуулан Хэнтий аймгийн Бор-Өндөр сум дахь Сум дундын Прокурорын газрын хяналтын прокурор, хууль цаазын ахлах зөвлөх Н.Амаржаргалаас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн яллагдагч Э.Э холбогдох 1940001830102 дугаартай эрүүгийн хэргийг 2019 оны 11 сарын 29-ний өдөр хүлээн авч, хянан хэлэлцэв.

Шүүгдэгчийн биеийн байцаалтын талаар:

   Шүүгдэгч: Монгол Улсын иргэн, Хэнтий аймгийн Баянмөнх сум эрэгтэй, яс үндэс халх, бүрэн бус дунд боловсролтой, Хэнтий аймгийн Баянмөнх сумын 2 дугаар багт оршин суух, улсаас авсан гавьяа шагналгүй, урьд нь Сум дундын 29 дүгээр шүүхийн 2014 оны 11 сарын 20-ны өдрийн 25 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 126 дугаар зүйлийн 126.1 дэх хэсэгт зааснаар 01 жил 05 сарын хорих ялаар шийтгэгдэж байсан, Э.Э Шүүгдэгч Э.Э нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар “Даюун маркийн мотоциклийг завших зорилгогүйгээр, өмчлөгчийн зөвшөөрөлгүйгээр авч явсан” гэмт  хэрэгт холбогджээ.

Холбогдсон хэргийн талаар /Яллах дүгнэлтэд дурдсанаар/

              Шүүгдэгч Э.Э нь 2019 оны 10 сарын 10-ны өдөр гэрээсээ морьтой гарч яваад Хэнтий аймгийн Баянмөнх сумын 2 дугаар баг Булаг гэх газар нутагладаг Ю.Б эзгүй байхад нь очиж уяан дээр нь морио уяж үлдээгээд гэрийн гадаа байсан улсын дугааргүй ногоон өнгийн БНХАУ-д үйлдвэрлэсэн Даюун маркийн мотоциклийг завших зорилгогүйгээр, өмчлөгчийн зөвшөөрөлгүйгээр авч явсан /хулгайлах, дээрэмдэх гэмт хэргийн шинжгүй/ гэмт хэрэгт холбогджээ.

Т О Д О Р Х О Й Л О Х нь:

Шүүх хуралдаанаар хавтаст хэрэгт авагдсан дараах бичгийн нотлох баримтуудыг шинжлэн судлав. Үүнд:

-Хохирогч Ю.Б 2019 оны 11-р сарын 08-ны өдөр мөрдөн байцаалтад өгсөн: “Би Хэнтий аймгийн Бор-Өндөр сумын 2 дугаар баг Нимгэн нуур гэх газар эхнэр 2 хүүхдийн хамтаар мал маллаж амьдардаг юм. 2019 оны 10 сарын 10-ны өдөр өглөө 9-10 цагийн үед саахалтын айлын ах болох А  гэдэг ахынхыг тус сумын 2 дугаар багийн нутаг дэвсгэр “Холбоо” гэх газраас “Хаяа” гэх газар руу нүүлгэхээр эхнэр хүүхдээ дагуулаад өөрийн эзэмшлийн суудлын пропокс маркийн автомашинаа унаад явсан юм. Ингээд би тэр өдрөө А  ахынхыг нүүлгэж өгчихөөд гэртээ 17 цагийн орчимд ирэхдээ манай гэрийн ертөнцийн зүгээр зүүн талд байсан миний хонь малаа хариулахдаа унаж хэрэглэдэг Бүгд Найрамдах Хятад Ард улсад үйлдвэрлэсэн ногоон өнгийн “Даюун” маркийн мотоцикль байхгүй байсан. Тэгэхээр нь тухайн үед ямар хүн нь унаад явчихваа, дугуйгаа хулгайд алдчихлаа гэж бодоод сумынхаа хэсгийн төлөөлөгч, цагдаа 2-т утсаар хандсан. Би цагдаад мэдээлэхдээ өөрийн алдсан дугуйны содон шинж тэмдгийг бүгдийг нь хэлж өгсөн. Ингээд тэр өдрөө би мотоциклио хайж яваагүй, учир нь орой болчихсон гадаа гэгээ тасарчихсан байсан учир эрж хайж яваагүй. Тэгсэн маргааш нь буюу 2019 оны 10 сарын 11-ний өдөр манай сумын хэсгийн цагдаа М  нь миний утас руу залгаад “Таны алдсан гэх мотоциклийг оллоо, та ирж уулзаарай” гэхээр нь сумын төв рүү очиж цагдаагийн кабон дээр очиход М цагдаа манай сумын буюу манай гэрээс зүүн хойш нутагладаг Э.Э хамт зогсож байсан. Тэгсэн миний мотоциклийг Э.Э нь манай гэрийн гаднаас унаад аваад явчихсан байсан. Надад ямар нэгэн гомдол санал байхгүй” гэх мэдүүлэг /хх-ийн 18-19/

-Гэрч Д.О 2019 оны 11 сарын 05-ны өдөр мөрдөн байцаалтад өгсөн: Намайг гэрт байх хугацаанд Э  ирээгүй. Надаас манай мотоциклийг гуйгаагүй. Тухайн үед бид хоёрыг гэртээ ирэхэд уяан дээр морь байсан. Гадаа харанхуй байсан. Хэний морь гэдгийг мэдээгүй” гэх  мэдүүлэг /хх-ийн 24/

-Хөрөнгийн үнэлгээний Фэйр Валуэшн ХХК-ний 2019 оны  10  сарын  21-ний өдрийн 309 тоот шинжээчийн дүгнэлт,  /хх-ийн 31/

            -Яллагдагч Э.Э ын 2019 оны 11-р сарын 05-ны өдөр мөрдөн байцаалтад өгсөн: “Би Хэнтий аймгийн Баянмөнх сумын 2 дугаар баг Зүүн булан гэх газарт аав ээж дүүгийн хамтаар мал маллаж амьдардаг юм. Би 2019 оны 10 сарын 10-ны өдөр гэртээ ганцаараа байж байгаад гэрээсээ өглөөний 08 цагийн үед сумын төвийн эмнэлэгт хэвтэж байсан ээж Н  эм тариа дөхүүлж өгөхөөр гарч гэрээс баруун урд талд 2 км орчим зайнд байх нутгийн ах Ю.Б ахынх руу мотоциклийг нь гуйхаар очсон. Намайг Ю.Б ахын гэрт очиход Ю.Б ах гэртээ эхнэр хүүхдийнхээ хамтаар байж байсан. Тэгэхээр нь үнэн учраа хэлж мотоциклийг нь гуйхад би мэдэхгүй, О эгчээсээ асуу гэхээр нь би О эгчээс мотоциклийг нь гуйхад бид хэд айл нүүлгэхээр явах гэж байна, мотоциклио өгөх боломжгүй” гэсэн. Тэгэхээр нь би буцаж гэртээ хариад жаахан байж байгаад дахин Ю.Б ахын гэрт морьтойгоо очиход Ю.Б ах эхнэр хүүхдээ аваад гэрээ цоожлоод айлаа нүүлгэхээр явчихсан байсан. Тэгэхээр нь би өөрийн унаж явсан эмээлтэй морио уяан дээр нь уяж үлдээгээд Б  ахын гэрийн зүүн талд байх улсын дугааргүй, ногоон өнгийн Даюун маркийн мотоциклийг унаад сумын төв рүү явж эмнэлэг дээр очиж ээждээ эм тарианы мөнгө төгрөг өгчихөөд сумын төв дээр байх эмээ Л  очоод хашааных нь гадаа мотоциклийг нь тавиад эмээгийнд ороод байж байхад манай сумын 2 цагдаа ирээд “Бусдын мотоциклийг хулгайлсан байна” гээд аваад явсан. Тухайн үед ийм л зүйл болсон” гэх мэдүүлэг /хх-ийн 39-40/

            -Хэргийн газарт үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургын үзүүлэлт, эд зүйл хураан авсан тэмдэглэл, эд зүйл хүлээлгэн өгсөн тэмдэглэл /хх-ийн 03-16/

            -Шүүгдэгч Э.Э шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн: “Би мотоциклийг зөвшөөрөлгүй унаад явсан нь үнэн. Гэмт хэрэгт холбогдсондоо маш их гэмшиж байна. Гэм буруугаа хүлээн зөвшөөрч байна. Хөнгөн ял оногдуулж өгнө үү” гэх мэдүүлэг зэрэг нотлох баримтуудыг шинжлэн судлав.

Шүүгдэгчийг гэм буруутайд тооцох тухайд:

Шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримтуудыг шинжлэн судалж дүгнэвэл:

Хохирогч Ю.Б , шүүгдэгч Э.Э ын мөрдөн шалгах ажиллагааны явцад болон шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн мэдүүлэг, хавтаст хэрэгт авагдсан нотлох баримтуудаар шүүгдэгч Э.Э нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар “Даюун маркийн мотоциклийг завших зорилгогүйгээр, өмчлөгчийн зөвшөөрөлгүйгээр авч явсан” гэмт хэргийг үйлдсэн гэм буруутай болох нь тогтоогдож байна.   

 Тухайлбал шүүгдэгч Э.Э нь 2019 оны 10 сарын 10-ны өдөр гэрээсээ морьтой гарч яваад Хэнтий аймгийн Баянмөнх сумын 2 дугаар баг Булаг гэх газар нутагладаг Ю.Б эзгүй байхад нь очиж уяан дээр нь морио уяж үлдээгээд гэрийн гадаа байсан улсын дугааргүй ногоон өнгийн БНХАУ-д үйлдвэрлэсэн Даюун маркийн мотоциклийг завших зорилгогүйгээр, өмчлөгчийн зөвшөөрөлгүйгээр авч явсан /хулгайлах, дээрэмдэх гэмт хэргийн шинжгүй/ гэмт хэргийг үйлдсэн гэм буруутай болох нь тогтоогдож байна.    

Хэнтий аймгийн Бор-Өндөр сум дахь Сум дундын Прокурорын газрын хяналтын прокуророос шүүгдэгч Э.Э ад холбогдох эрүүгийн хэргийг зүйлчлэн ирүүлсэн Эрүүгийн хуулийн зүйл, заалт тохирсон байна. 

Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлагдсан дээрх нотлох баримтууд нь энэ хэрэгт хамааралтай, хуульд заасан үндэслэл журмын дагуу хэрэгт цугларч бэхжүүлсэн, шүүгдэгчээс яллагдагчаар болон гэрч нараас мэдүүлэг авахдаа Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам, шаардлага зөрчөөгүй, мөрдөн шалгах ажиллагааны явцад хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрхийг хассан буюу хязгаарласан зөрчил тогтоогдоогүй тул шүүх тэдгээр баримтыг хэрэг хянан шийдвэрлэхэд ач холбогдолтой, хамаарал бүхий талаас нь үнэлж, прокуророос шүүхэд шилжүүлсэн хэргийн хүрээнд шүүгдэгчийн гэм буруугийн талаар дүгнэлт хийж холбогдох хэргийг хянан шийдвэрлэх боломжтой байна гэж үзлээ.

Иймд шүүх шүүгдэгч Э.Э ыг “Даюун маркийн мотоциклийг завших зорилгогүйгээр, өмчлөгчийн зөвшөөрөлгүйгээр авч явсан” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар ял оногдуулж шийтгэх үндэслэлтэй гэж дүгнэлээ.  

 

Гэмт хэргийн улмаас учирсан хохирол, хор уршгийн талаар

Шүүгдэгч Э.Э нь “хохирогчид учруулсан хохирол болох мотоциклийг хохирогчид буцаан өгсөн болох нь хохирогч Ю.Б гийн “гомдол, саналгүй. Өөрийн мотоцилио буцаагаад авсан” гэх хүсэлт, шүүгдэгч Э.Э ын шүүх хуралдаанд өгсөн мэдүүлгээр тогтоогдож байх тул шүүгдэгч Э.Э нь бусдад төлөх төлбөргүй байна.

Шүүгдэгч Э.Э нь “өөрийгөө өмгөөлөх хүсэлтийг шүүхэд бичгээр гаргасан” байх тул Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 5.3 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар түүнд холбогдох хэргийг өмгөөлөгч оролцуулахгүйгээр хянан шийдвэрлэсэн болно.

Шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэх тухайд:

Шүүгдэгч Э.Э нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар “Даюун маркийн мотоциклийг завших зорилгогүйгээр, өмчлөгчийн зөвшөөрөлгүйгээр авч явсан” гэмт  хэрэг  үйлдсэн гэм буруутай болох нь шүүх хуралдаанд шинжлэн судалсан дээрх хохирогч, гэрч, шүүгдэгч нарын мэдүүлэг, хөрөнгийн үнэлгээ гаргасан шинжээчийн дүгнэлт зэрэг нотлох баримтаар тогтоогдож байгаа мөн улсын яллагчийн шүүх хуралдаанд гаргасан дүгнэлттэй нийцэж байна.

Шүүгдэгч Э.Э ад эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, гэмт хэргийн улмаас учирсан хохирол, учруулсан хохирлыг нөхөн төлсөн, хувийн байдал зэргийг харгалзан ял оногдуулах нь зүйтэй байна.

Шүүгдэгч Э.Э нь Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1.2-д зааснаар гэмт хэргийн улмаас учруулсан хохирлыг төлсөн нь “Эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх нөхцөл байдал”-д тооцсон бөгөөд мөн хуулийн 6.6 дугаар зүйлд заасан “Эрүүгийн хариуцлагыг хүндрүүлэх нөхцөл байдал” тогтоогдоогүй болно.

Шүүгдэгч Э.Э нь урьд Сум дундын 29 дүгээр шүүхийн 2014 оны 11 сарын 20-ны өдрийн 25 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 126 дугаар зүйлийн 126.1 дэх хэсэгт зааснаар 01 жил 05 сарын хорих ялаар шийтгүүлж байсан нь шийтгэх тогтоолын хуулбар, эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудсаар тогтоогдож байна. /хх-ийн 49-53/

Дээрх бүх нөхцөл байдлыг харгалзан шүүгдэгч Э.Э ад Эрүүгийн хуулийн 17.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан ялаас 450 нэгж буюу 450000 төгрөгөөр торгох ялыг сонгон хэрэглэж, улсын яллагчийн санал болгосон хэмжээгээр оногдуулахаар шийдвэрлэв.

Шүүгдэгч Э.Э ын эрхэлсэн ажил, сарын орлого, торгох ялын хэмжээ зэргийг харгалзан үзээд шүүхээс түүнд оногдуулсан торгох ялыг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болсноос хойш гурван сарын хугацаанд хэсэгчлэн төлүүлэх нь зүйтэй байна.

Шүүгдэгч Э.Э нь энэ хэрэгт цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй, шүүгдэгчийн бичиг баримт шүүхэд шилжиж ирээгүй, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн зүйлгүй, битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй болохыг дурдах нь зүйтэй байна.

 

 Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.1 дүгээр зүйл,

36.2 дугаар зүйлийн 4, 36.4, 36.7, 36.8, 36.10, 36.13, 38.1, 38.2 дугаар зүйлд тус тус заасныг удирдлага болгон Т О Г Т О О Х нь:

 

                1.Шүүгдэгч Э.Э ыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар “Даюун маркийн мотоциклийг завших зорилгогүйгээр, өмчлөгчийн зөвшөөрөлгүйгээр авч явсан” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.      

              2.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 1, 2, 3 дахь хэсгийг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Доо овогт Энхбатын Э ыг 450 /дөрвөн зуун тавин/ нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 450000 /дөрвөн зуун тавин мянган/ төгрөгөөр торгох ялаар шийтгэсүгэй. 

  3.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Э.Э ад оногдуулсан торгох ялыг 03 /гурван/ сарын хугацаанд хэсэгчлэн төлөхөөр тогтоосугай.

           4.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Э.Э нь торгох ялыг шүүхээс тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын 15 нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг мэдэгдсүгэй.

            5.Шүүгдэгч Э.Э нь цагдан хоригдоогүй, бусдад төлөх төлбөргүй, шүүгдэгчийн бичиг баримт шилжиж ирээгүй, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан болон битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй болохыг тус тус дурдсугай.

              6.Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 1.5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Э.Э ад авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол хэвээр үргэлжлүүлэн авсугай.

              7.Шийтгэх тогтоол уншиж сонсгосноор хүчинтэй болохыг дурдсугай.    

  8.Шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн өмгөөлөгч, хууль ёсны төлөөлөгч шийтгэх тогтоолыг гардуулснаас хойш 14 хоногийн дотор Хэнтий аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэй болохыг дурдсугай.

 

          ДАРГАЛАГЧ, ЕРӨНХИЙ ШҮҮГЧ                                       М.ЭНХМАНДАХ