| Шүүх | Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Дашдоржийн Золзаяа |
| Хэргийн индекс | 101/2016/00361/и |
| Дугаар | 101/ШШ2016/05680 |
| Огноо | 2016-09-06 |
| Маргааны төрөл | Бусад зээл, |
Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр
2016 оны 09 сарын 06 өдөр
Дугаар 101/ШШ2016/05680
| 2016 оны 09 сарын 06 өдөр | Дугаар 101/ШШ2016/05680 | Улаанбаатар хот |
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Д.Золзаяа даргалж, тус шүүхийн танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар,
Нэхэмжлэгч: Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, 18 дугаар хороо, 0, 0 тоотод оршин суух Г.Б-ийн нэхэмжлэлтэй,
Хариуцагч: Улаанбаатар хот, Баянзүрх дүүрэг, 26 дугаар хороо, 2 дугаар байр 1 тоотод түр оршин суух хаягтай О.Н-т холбогдох
Зээлийн төлбөр 5.475.125 төгрөг гаргуулах тухай иргэний хэргийг хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд: нэхэмжлэгч Х.Б, хариуцагч О.Н, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Ундрах нар оролцов.
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэхэмжлэгч Г.Б шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “... Ганхуяг овогтой Б миний бие Очирбат овогтой Нтай 2015 оны 11 сарын 15 ний өдөр зээлийн гэрээ байгуулсан 2.500.000 төгрөгийг 8 хувийн хүүтэй 14 хоногийн хугацаатайгаар 2015 оны 12 сарын 14 ний өдөр хүртэл зээлүүлсэн. Зээлийн гэрээнд бид гарын үсэг зурж нотариатаар батлуулсан. Гэрээний хугацаа дууссан боловч зээлдэгч Очирбат овогтой Н нь зээлийн төлөөгүй өнөөг хүрч байна. Зээлийн гэрээнд заасны дагуу хугацаа хэтрүүлсэн хонон тутамд 0.5 хувийн алданги тооцож 149 хоногийн алданги, үндсэн зээлийн 2.500.000 төгрөг түүний хүү болох 200.000 төгрөгийг хамт нийт 5.475.125 төгрөгийг хариуцагч Очирбат овогтой Наас гаргүүлан өгнө үү” гэв.
Хариуцагч О.Н шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “... Чингэлтэй дүүрэг, 6 дугаар хороо, 44 дүгээр байр 84 тоотод байрлах “М” ломбардаас 2.500.000 төгрөг зээлсэн, iphone 6 гар утсаа, мөн газрын гэрчилгээ, үл хөдлөх эд хөрөнгийн гэрчилгээг барьцаанд өгсөн. Зээл аваад би гадагшаа томилолтоор явсан, ажлын байдлаас болж ирэх хугацааг хойшилж зээлийн 14 хоногийн хугацаанд төлж чадаагүй. Зээлийн төлбөрт 800.000 тушаасан. Зээлийн алдангид 2.775.125 төгрөг тооцож байгааг зөвшөөрөхгүй. Миний төлсөн дүнг зээлээс хасч тооцоогүй байна” гэв.
Шүүх хуралдаанаар зохигчдын тайлбар, хэрэгт авагдсан нотлох баримтуудыг хэлэлцээд
ҮНДЭСЛЭХ нь:
Нэхэмжлэгч Г.Б нь хариуцагч О.Нт холбогдуулан зээлийн төлбөр 5.475.125 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлага гаргажээ.
Хариуцагч О.Н нь зээлийг “М” ломбардаас авсан, 800.000 төгрөг төлсөн, алдангийн тооцооллыг зөвшөөрөхгүй гэж маргажээ.
Шүүх нэхэмжлэлийг хангах үндэслэл тогтоогдсонгүй гэж дүгнэв.
Хэрэгт авагдсан 2015 оны 11 дүгээр сарын 15-ны өдрийн барьцаалан зээлдүүлэх гэрээнд хариуцагч О.Н нь “М” ХХК-ийн барьцаалан зээлдүүлэх үйлчилгээнээс 2.500.000 төгрөг зээлж авсан тухай дурдсан байна /хх-21/.
Шүүх хуралдаанд нэхэмжлэгч Г.Б нь зээл 2.500.000 төгрөг “М” ХХК-ийн барьцаалан зээлдүүлэх газрын хөрөнгө болохыг хүлээн зөвшөөрсөн ба уг ломбардыг хариуцан ажиллуулдаг учир нэхэмжлэл гаргасан гэж, хариуцагч О.Н нь уг зээлийг “М” ломбардаас авсан гэж тус тус тайлбарлаж байна.
Иргэний хуулийн 281 дүгээр зүйлийн 281.1-д зээлийн гэрээгээр зээлдүүлэгч нь зээлдэгчийн өмчлөлд мөнгө буюу төрлийн шинжээр тодорхойлогдох бусад эд хөрөнгө шилжүүлэх, зээлдэгч нь шилжүүлэн авсан эд хөрөнгөтэй ижил төрөл, тоо, чанар, хэмжээний эд хөрөнгө буюу мөнгийг тохирсон хугацаанд буцаан өгөх үүргийг тус тус хүлээнэ гэж заажээ.
Иймд нэхэмжлэгч Г.Б нь нэхэмжлэлд дурдсан 2.500.000 төгрөгийг хариуцагчид зээлдүүлсэн болох нь нотлох баримтаар тогтоогдохгүй байх тул хариуцагчаас зээлийн төлбөрийг шаардах эрхтэй гэж үзэх боломжгүй байна.
Түүнчлэн нэхэмжлэгч г.Б нь ломбардыг хариуцан ажиллуулдаг гэж тайлбарлаж байгаа хэдий ч уг байгууллагатай холбоотой баримтыг шүүхэд гаргаагүй тул түүнийг төлөөлөх эрхтэй этгээд гэж дүгнэх үндэслэлгүй юм.
Иймд шүүх нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэв.
Нэхэмжлэгч зээлийн төлбөрийг хариуцагчаас шаардах эрхтэй нь баримтаар тогтоогдоогүй тул хариуцагчийн зээлийн гэрээний үүргийн биелэлтийн талаар шүүх дүгнэх шаардлагагүй гэж үзсэн болно.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.1, 115.2, 115.2.3, 116, 118 дугаар зүйлд заасныг удирдлага болгон
ТОГТООХ нь:
1. Иргэний хуулийн 281 дүгээр зүйлийн 281.1 дэх хэсэгт заасан үндэслэл тогтоогдохгүй байх тул хариуцагч О.Наас зээлийн төлбөр 5.475.125 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэгч Г.Бат-Эрдэнийн нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгосугай.
2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, 44 дүгээр зүйлийн 44.1.1-д заасныг баримтлан улсын тэмдэгтийн хураамжид нэхэмжлэгч Г.Бэс төлсөн 102.552 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, илүү төлсөн 8 төгрөгийг Хан-Уул дүүргийн Татварын хэлтсийн Улаанбаатар хотын банкин дахь 2603030349 тоот данснаас буцаан гаргуулж олгосугай.
3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2 дахь хэсэгт зааснаар зохигч шийдвэрийг гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор Нийслэлийн иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Д.ЗОЛЗАЯА