Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2020 оны 03 сарын 17 өдөр

Дугаар 205

 

 2020       03          17                                   2020/ШЦТ/205

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Чингэлтэй дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Б.Халиун даргалж,

            шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Мөнхдэлгэр,

            улсын яллагч Г.Анармөнх,

            шүүгдэгч Г.Б , түүний өмгөөлөгч А.Энхбаатар нарыг оролцуулан тус шүүхийн хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар, 

Чингэлтэй дүүргийн прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Жамъян овгийн Г.Б т холбогдох эрүүгийн 1911030490121 дугаар хэргийг 2020 оны 03 дугаар сарын 02-ны өдөр хүлээн авч, хянан хэлэлцэв.

Шүүгдэгчийн биеийн байцаалт:

Жамъян овгийн Г.Б , 1962 оны 02 дугаар сарын 07-ны өдөр Улаанбаатар хотод төрсөн, 58 настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, жолооч мэргэжилтэй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл 5, бэр, 3 ачийн хамт Чингэлтэй дүүргийн 8 дугаар хороо, Зүүн тасган 9 дүгээр гудамжны 143 тоотод оршин суух, ял шийтгэлгүй, регистрийн дугаар

Холбогдсон хэргийн талаар /Яллах дүгнэлтэд бичигдсэнээр/;

Шүүгдэгч Г.Б  нь Чингэлтэй дүүргийн 8 дугаар хороо, Зүүн тасганы 9 дүгээр гудамжны 143 тоот хашаанд иргэн П.Түмэнбаярын өөрт нь итгэмжлэн хариуцуулж үлдээсэн зөөврийн сууцыг 2019 оны 11 дүгээр сарын 08-ны өдөр бусдад 2.050.000 төгрөгөөр худалдаж, завшсаны улмаас П.Түмэнбаярт 3.900.000 төгрөгийн хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ.          

ТОДОРХОЙЛОХ нь:

Шүүгдэгч Г.Б  нь шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ: “…Мөрдөн шалгах ажиллагааны үед бүгдийг үнэн зөв мэдүүлсэн. Нэмж мэдүүлэх зүйлгүй...” гэв.

Мөн шүүх хуралдаанаар хавтаст хэргийн материалаас дараах бичгийн нотлох баримтуудыг шинжлэн судлав. 

Хохирогч П.Түмэнбаяр нь мөрдөн шалгах ажиллагааны үед мэдүүлэхдээ:  “...2019 оны 03 дугаар сарын 27-ны өдөр Боловсролын их сургуулийн орчим байрлалтай үйл ажиллагаа явуулж байсан жимс, ногооны зориулалттай 3x4 метр хэмжээтэй, шаргалдуу өнгийн 2 вакум цонхтой ТҮЦ-ийг Женис гэх хүнээс 3.900.000 төгрөгөөр худалдаж авсан. ...Энэ ТҮЦ-ийг би худалдаж авчхаад огт ашиглаагүй байж байгаад улмаар цахилгааны асуудлыг шийдэж өгөөгүйгээс болж дээрх ТҮЦ-ийг Багшийн дээдэд байсан газраас нь ачаад Чингэлтэй дүүргийн 8 дугаар хороо Зүүн тасган 9 дүгээр гудамжны 143 тоотод байрлах Батбаяр гэх хүний хашаанд аваачиж тавьсан байсан. ...манай эгч П.Баярмаа нь Багшийн дээд хавиар явж байгаад миний худалдаж авсан ТҮЦ байхгүй болсныг хараад Женис эх хүнээс асуутал дээрх Чингэлтэй дүүргийн 8 дугаар хороо хороо Зүүн тасган 9 дүгээр гудамжны 143 тоотод байрлах Батбаяр гэх хүний хашаанд аваачиж тавьсан байгаа гэж хэлсэн. ...Батбаяр гэх хүн манай ТҮЦ-ийг фейсбүүк дээр зар тавьж байгаад 2019 оны 11 дүгээр сарын эхээр 2.500.000 төгрөгөөр зарсан байна лээ. ...Батбаяр гэх хүн дээрх ТҮЦ-ийг миний худалдаж авсан ТҮЦ гэдгийг мэдэж байх ёстой...” гэх мэдүүлэг /хх 43-44/,

Гэрч П.Баярмаа нь мөрдөн шалгах ажиллагааны үед мэдүүлэхдээ: “...Женис рүү залгаад манай ТҮЦ хааччихав аа гэсэн чинь өөдөөс инээгээд газрын төлбөр нь нэхэгдээд, бас ачигдах гээд байхаар нь таньдаг айлдаа аваачаад тавьчихлаа гэж хэлсэн. ...Тэр хашаанд очиход манай ТҮЦ дотор байсан бөгөөд хашааны эзэн Батбаяр настайвтар ах гарч ирсэн юм. Женис тэгээд Батбаяр гэж хүнд энэ одоо энэ хүний ТҮЦ болсон гэж намайг заагаад тэр хүний нүдэн дээр түцний 4 түлхүүрийг надад өгсөн юм. Тэгсэн чинь Батбаяр гэж хүн за ойлголоо, хэзээ ТҮЦ-ээ авах вэ? гэхээр нь удахгүй очиж авна гэж хэлсэн. ...Тэгээд нөгөөдхөө байршуулах газар ч байхгүй, аваачиж тавих ч газар байхгүй болохоор нь зарахаар интернэтэд зар тавьсан байсан бөгөөд Батбаяр гэж хүнийг байхад хүнд зарахаар 1-2 удаа, манай дүү 1-2 удаа очиж үзүүлсэн боловч зарагдаагүй. Тэгтэл гэнэт фейсбүүкээр манай ТҮЦ-тэй адилхан ТҮЦ зарна гэсэн зар байхаар нь шалгаад үзтэл манай ТҮЦ-ийг аль хэдийн зарчихсан байсан. ...Тэгээд Батбаяр гэж хүнтэй энэ мухлагийг яагаад зарсан талаар асуухад Женис манай хашаа байшинг банк бусын барьцаанд тавьсан бөгөөд хашааныхаа мөнгийг надад өгөөгүй учраас хашаа байшин хураалгах гээд байхаар нь танай түцийг зарчихлаа гэж хэлж байсан...” гэх мэдүүлэг/хх 49-50/,

Гэрч А.Женис нь мөрдөн шалгах ажиллагааны үед мэдүүлэхдээ: “...энэ угаасаа миний ТҮЦ биш гэдгийг Г.Б  ах мэдэж байгаа. Яагаад гэхээр би Баярмаа гэж эмэгтэйг дагуулж очоод Г.Б  ахыг дуудаж гаргаж ирээд хажууд нь түцний түлхүүрийг Баярмаад өгсөн юм...Баярмаа Батбаяр ахтай ярихдаа бид нар ТҮЦ-ээ ачиж авах хүртлээ энд байлгаж болох уу? гэж асуусан чинь Г.Б  ах байлгаж болно, ТҮЦ-ээ авахдаа 200.000 төгрөг өгчхөөрэй гэж хэлж байсан...” гэх мэдүүлэг /хх 51-52/,

Гэрч Э.Эрдэнэтуяа нь мөрдөн шалгах ажиллагааны үед мэдүүлэхдээ:  “...Надад ямар нэгэн байдлаар өөр хүнийх гэж хэлээгүй. Өөр хүнийх гэж хэлсэн бол авахгүйшдээ. Би яг лавласан энэ ТҮЦ яг таных мөн үү? Энэ хашаа байшин таных мөн үү? гэхэд мөн гэж өөрөө хэлж байсан. Мөн ТҮЦ-ээ зарахдаа энийг өр зээл тавиад босгосон юм. Багшийн дээдэд нэг байршилд тавиад хөөгдөөд энэ хашаанд тавиад удаж байна. Мөнгөний хэрэг болчхоод зарж байна гэж хэлсэн. Миний ТҮЦ байгаа юм, манай дүү хийсэн юм гэж хэлж байсан...” гэх мэдүүлэг /хх 57-58/,

“Арвижих Эстимейт” ХХК-ны 2020 оны 02 дугаар сарын 01-ний өдрийн №01/13 дугаар эд зүйлийн үнэлгээний тайланд: “...Төмөр карказан рамтай хөөсөн дулаалгатай гадна талдаа сайдинг, дотор талдаа аргилит хавтангаар хийгдсэн 12 м2 хэмжээтэй зөөврийн сууц нь манай зах зээл дээр дунджаар 3.900.000 /гурван сая есөн зуун мянга/-н төгрөгийн үнэтэй байх боломжтой болохыг тодорхойлов...” гэх үнэлгээ /хх 60/,

Шүүгдэгч Г.Б  нь мөрдөн шалгах ажиллагааны үед яллагдагчаар мэдүүлэхдээ: “...Мэдэж байсан. Тэр хүүхдэд Женис миний хажууд өөрөө түлхүүрийг нь хүлээлгэж өгсөн юм...” гэх мэдүүлэг/хх 79/,

Хохирогч П.Түмэнбаярын Хаан банкны дансны хуулга /хх 10/,

Шүүгдэгчийн урьд ял шийтгэгдэж байсан эсэхийг шалгах хуудас /хх 68/, иргэний үнэмлэхийн лавлагаа /хх 67/, оршин суугаа газрын тодорхойлолт /хх 66/, шүүгдэгч Г.Б ын хувийн байдлыг тодорхойлсон баримт /хх 74-76/, хохирол төлбөр төлсөн баримт /хх 89/, хохирогч П.Түмэнбаярын гомдол саналгүй гэх хүсэлт зэргийг шинжлэн судлалаа.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн дагуу цуглуулж, бэхжүүлсэн дээрх нотлох баримтууд нь энэ хэрэгт хамааралтай, хэргийг шийдвэрлэхэд хангалттай, хэргийн бүрдэл хангагдсан, шүүгдэгчийн үйлдэлд прокуророос зүйлчилсэн хуулийн зүйл хэсэг тохирсон байна гэж шүүх дүгнэлээ.

Шүүгдэгч Г.Б  нь Чингэлтэй дүүргийн 8 дугаар хороо, Зүүн тасган 9 дүгээр гудамжны 143 тоот хашаанд иргэн П.Түмэнбаярын өөрт нь итгэмжлэн хариуцуулж үлдээсэн зөөврийн сууцыг 2019 оны 11 дүгээр сарын 08-ны өдөр бусдад 2.050.000 төгрөгөөр худалдаж, завшсаны улмаас П.Түмэнбаярт 3.900.000 төгрөгийн хохирол учруулсан гэмт хэргийг үйлдсэн гэм буруутай болох нь мөрдөн шалгах ажиллагааны явцад хавтаст хэрэгт цуглуулж бэхжүүлэгдсэн хохирогч П.Түмэнбаярын “...Батбаяр гэх хүн манай ТҮЦ-ийг фейсбүүк дээр зар тавьж байгаад 2019 оны 11 дүгээр сарын эхээр 2.500.000 төгрөгөөр зарсан байна лээ. ...Батбаяр гэх хүн дээрх ТҮЦ-ийг миний худалдаж авсан ТҮЦ гэдгийг мэдэж байх ёстой...” гэх мэдүүлэг /хх 43-44/, гэрч П.Баярмаагийн “...энэ мухлагийг яагаад зарсан талаар асуухад Женис манай хашаа байшинг банк бусын барьцаанд тавьсан бөгөөд хашааныхаа мөнгийг надад өгөөгүй учраас хашаа байшин хураалгах гээд байхаар нь танай түцийг зарчихлаа гэж хэлж байсан...” гэх мэдүүлэг/хх 49-50/, гэрч А.Женисийн “...Баярмаа Батбаяр ахтай ярихдаа бид нар ТҮЦ-ээ ачиж авах хүртлээ энд байлгаж болох уу? гэж асуусан чинь Г.Б  ах байлгаж болно, ТҮЦ-ээ авахдаа 200.000 төгрөг өгчхөөрэй гэж хэлж байсан...” гэх мэдүүлэг /хх 51-52/, гэрч Э.Эрдэнэтуяагийн “...Багшийн дээдэд нэг байршилд тавиад хөөгдөөд энэ хашаанд тавиад удаж байна. Мөнгөний хэрэг болчхоод зарж байна гэж хэлсэн. Миний ТҮЦ байгаа юм, манай дүү хийсэн юм гэж хэлж байсан...” гэх мэдүүлэг /хх 57-58/, “Арвижих Эстимейт” ХХК-ны 2020 оны 02 дугаар сарын 01-ний өдрийн №01/13 дугаар эд зүйлийн үнэлгээний тайлан /хх 60/, шүүгдэгч Г.Б ын “...Мэдэж байсан. Тэр хүүхдэд Женис миний хажууд өөрөө түлхүүрийг нь хүлээлгэж өгсөн юм...” гэх мэдүүлэг/хх 79/, хохирогч П.Түмэнбаярын Хаан банкны дансны хуулга /хх 10/ зэрэг шүүхийн хэлэлцүүлгээр хэлэлцэгдсэн дээрх нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдож байна.   

Иймд шүүгдэгч Г.Б ыг итгэмжлэн хариуцуулсан эд хөрөнгийг завшсан  гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, түүнд эрүүгийн хариуцлага хүлээлгэх хууль зүйн үндэслэлтэй байна гэж дүгнэв.

Хохирогч П.Түмэнбаяр нь “...Би иргэн Г.Б аас өөрийн нэхэмжилсэн мөнгө буюу 3.900.000 төгрөгийг 03 дугаар сарын 03-нд хүлээж авсан учир Г.Б т ямар гомдолгүй...” гэх тул гэмт хэргийн улмаас учирсан хохирол, хор уршиг арилсан, шүүгдэгч Г.Б ыг бусдад төлөх төлбөргүй гэж үзлээ.

Шүүх шүүгдэгч Г.Б т эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, гэмт хэрэг үйлдсэн хувь хүний байдал зэрэг нөхцөл байдлуудыг харгалзан түүнийг нийгмээс тусгаарлахгүйгээр хүмүүжүүлэх боломжтой гэж дүгнээд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан хорих ял оногдуулахгүйгээр 1 /нэг/ жилийн хугацаагаар тэнсэж, оршин суух газраа өөрчлөх, зорчин явахдаа хяналт тавьж байгаа эрх бүхий байгууллагад урьдчилан мэдэгдэх үүрэг хүлээлгэж, түүнд хяналт тавихыг шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт даалгаж шийдвэрлэв.

Шүүгдэгч нь тэнссэн хугацаанд энэ хуулийн тусгай ангид заасан санаатай гэмт хэрэг үйлдсэн бол шүүх тэнссэн шийдвэрийг хүчингүй болгож ял оногдуулахыг сануулав.

Шүүгдэгч Г.Б т ял оногдуулахад хөнгөрүүлэх болон хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй болохыг дурдав.

Шүүгдэгч Г.Б  нь энэ хэрэгт цагдан хоригдсон хоноггүй, хэрэгт битүүмжлэгдсэн хөрөнгөгүй, эд мөрийн баримтаар хураагдан ирсэн зүйлгүй болохыг тус тус дурдав.

Монгол Улсын Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2, 36.6, 36.7, 36.8, 36.10, 36.13 дугаар зүйлүүдэд тус тус заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Шүүгдэгч Жамъян овгийн Г.Б ыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан итгэмжлэн хариуцуулсан эд хөрөнгийг завшсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

2. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан шүүгдэгч Г.Б т Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан хорих ял оногдуулахгүйгээр 01 /нэг/ жилийн хугацаагаар тэнсэж, мөн хуулийн ерөнхий ангийн 7.3 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.5-т зааснаар оршин суух газраа өөрчлөх, зорчин явахдаа хяналт тавьж байгаа эрх бүхий байгууллагад урьдчилан мэдэгдэх үүрэг хүлээлгэж, түүнд хяналт тавихыг шүүхийн шийдвэр гүйцэтгэх байгууллагад даалгасугай.

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Г.Б  нь тэнссэн хугацаанд энэ хуулийн тусгай ангид заасан санаатай гэмт хэрэг үйлдсэн бол шүүх тэнссэн шийдвэрийг хүчингүй болгож ял оногдуулахыг сануулсугай.

4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч нь шүүхээс хүлээлгэсэн үүргийг биелүүлээгүй зөрчсөн бол прокурорын дүгнэлтийг үндэслэн шүүх уг шийдвэрийг хүчингүй болгож, ял оногдуулах болохыг тайлбарласугай.

5. Шүүгдэгч Г.Б  нь энэ хэрэгт цагдан хоригдсон хоноггүй, хэрэгт битүүмжлэгдсэн хөрөнгөгүй, эд мөрийн баримтаар хураагдан ирсэн зүйлгүй, шүүгдэгч Г.Б  нь бусдад төлөх төлбөргүй болохыг тус тус дурдсугай.

6. Шийтгэх тогтоол нь уншиж сонсгосноор хүчинтэй болох ба шийтгэх тогтоолыг эс зөвшөөрвөл улсын яллагч, дээд шатны прокурор, шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн өмгөөлөгч, өөрөө гардан авснаас хойш 14 хоногийн дотор давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэй болохыг дурдсугай.

7. Гомдол, эсэргүүцэл гаргасан бол шүүхийн шийдвэрийн биелэлтийг түдгэлзүүлж, шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Г.Б т хувийн баталгаа гаргах тухай таслан сэргийлэх арга хэмжээ авсугай.

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                 Б.ХАЛИУН